Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 183/ШШ2023/02664

 

 

 

 

 

2022 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 183/ШШ2023/02664

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,  

Нэхэмжлэгч: 

Хариуцагч: 

2018 оны 8 дугаар сарын 27-ны өдөр байгуулсан хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, компанийн эрх шилжүүлэх гэрээг тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулж, БЭ ХХК-ийн 30 хувийн хувьцаа эзэмших эрхийг нэхэмжлэгчид буцаан шилжүүлэхийг хариуцагчид даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид: 

нэхэмжлэгч А.А

нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Н Н.М,

хариуцагчийн өмгөөлөгч Б.Т,

гэрч Ж.У,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энхжаргал нар оролцов.

Нэхэмжлэлийг 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авав.

ТОДОРХОЙЛОХ нь: 

 

1. НэхэмжлэгчА.А хариуцагч Б.А т холбогдуулан 2018 оны 8 дугаар сарын 27-ны өдөр байгуулсан хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, компанийн эрх шилжүүлэх гэрээг тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулж, БЭ ХХК-ийн 30 хувийн хувьцаа эзэмших эрхийг нэхэмжлэгчид буцаан шилжүүлэхийг хариуцагч ид даалгахаар шаарджээ.

 

2. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: Нэхэмжлэгчийн хувьд БЭ ХХК-ийг 2015 оны 6 дугаар сарын 16-ны өдөр тус компанийн 70 хувийн хувьцаа эзэмшигч Н.Эын хамтаар үүсгэн байгуулж, БЭ ХХК-ийн 30 хувийн хувьцааг эзэмшиж байсан юм. БЭ ХХК-ийн хувьцаа эзэмшигч Н.Э нь өөрийн эзэмшлийн компанийн 20 хувийн хувьцааг 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдөр Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, Компанийн эрх шилжүүлэх тухай гэрээг хариуцагч Б.А тай байгуулж шилжүүлсэн. НэхэмжлэгчА.Аын миний хувьд мөн өөрийн эзэмшлийн 20 хувийн хувьцааг Б.А тай мөн 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдөр Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, Компанийн эрх шилжүүлэх тухай гэрээг байгуулж хариуцагчид шилжүүлсэн. Б.А т шилжүүлсэн БЭ ХХК-ийн 40 хувийн хувьцааг 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, компанийн эрх шилжүүлэх тухай гэрээг байгуулж 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдөр шилжүүлсэнА.А миний компанийн 20 хувийн хувьцаа болон Н.Эын БЭ ХХК-ийн 20 хувийн хувьцаа, нийт 40 хувийн хувьцааг хариуцагчаас Н.Э буцаан шилжүүлж авсан. Эдгээр үйл байдлын дараа миний хувьд тус компанийн 30 хувийн хувьцааг эзэмших болсон. БЭ ХХК-ийн 20 хувийн хувьцаа эзэмших эрхийг авсан тухайн үед Б.А т шилжүүлж өгч буцаан авч байсан ба шалтгаан нь Б.А ын зүгээс уул уурхайн мэргэжилтэн хүний хувьд компанийн ажил хөөцөлдөхөд хэрэгтэй байна гэж хэлсний дагуу уг компанийн хувьцаа эзэмших эрхийг тухайн үед шилжүүлж өгсөн, буцаан авч байсан. БЭ ХХК нь уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд нэхэмжлэгчийн хувьд БЭ ХХК-ийн 30 хувийн хувьцааг хариуцагч Б.А ын хэлж гуйсны дагуу БЭ ХХК-ийн эзэмшлийн хайгуулын 2 ширхэг тусгай зөвшөөрлийг ашиглалтын тусгай зөвшөөрөл болгоход болон уг компанийн хувьцаа эзэмшигч төрийн байгууллагатай тодорхой хэлбэрээр харилцахад амар байдаг, нааш цааш явахад хүндрэлтэй байдаг, бичиг баримтын бүрдэл хангахад та нараар гарын үсэг зуруулахад хугацаа алддаг зэрэг шалтгаан нөхцөлийг дурдаж байсан тул 70 хувийн хувьцаа эзэмшигч Н.Этай ярьсны үндсэн дээр дараа нь буцааж авах боломжтой гэж хэлсний дагуу 2018 оны 8 дугаар сарын 27-ны өдөр хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, мөн өдөр компанийн эрх шилжүүлэх тухай гэрээг тус тус байгуулж тус компанийн 30 хувийн хувьцааг шилжүүлэх гэрээг хариуцагчтай хийж уг компанийн 30 хувийн хувьцаа эзэмших эрхийг шилжүүлсэн юм. Гэтэл Б.А нь БЭ ХХК-ийн хайгуулын тусгай зөвшөөрлүүдтэй холбоотойгоор анх тохирсон компанийн үйл ажиллагааг бүрэн хийж гүйцэтгээгүй, хайгуулын тусгай зөвшөөрлүүд бүхэлдээ ашиглалтын тусгай зөвшөөрөл болж өөрчлөгдөж компанийн үүсгэн байгуулагч надад ямар ч ашиг өгөөж ирээгүй байгаа нь надаас 30 хувийн хувьцаа эзэмших эрхийг шилжүүлж авсан, тус компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.А тай салшгүй холбоотой бөгөөд маргаан бүхий гэрээний үнийг ч тухайн үед төлөөгүй, зөвхөн хариуцагчийн гуйлт, идэвхтэй үйлдлийн улмаас хийгдсэн, 2017-2018 оны үед БЭ ХХК-ийн зах зээлийн үнэлгээ нь 500 000 000 төгрөгөөр үнэлэгдэж байхад нэхэмжлэгч миний бие ямар ч мөнгө хариуцагчаас авалгүйгээр тус компанийн 30 хувийн хувьцаа эзэмших эрхийг шилжүүлж өгөх боломжгүй ба дээр дурдсан нөхцөл байдлын үүднээс талийгаач Н.Э нь энэ гэрээг хийчих, би буцаагаад аваад өгнө, санаа зоволтгүй, Б.А ажлаа хийж дуусгаад шилжүүлж өгнө гэсний дагуу дүр үзүүлж хийсэн хэлцэл бөгөөд тухайн үйл байдлыг талийгаач Н.Эын эхнэр Ж.У нь бүхэлд нь мэдэж байсан ба нэхэмжлэгчийн хувьд хариуцагчид хувьцаа эзэмших эрхийг шилжүүлснээс хойш бодит байдлаар компаниас гарч буй зардлуудыг өөрийн эзэмшиж байсан 30 хувийн хувьцаа эзэмших эрхийн дагуу төлж байсан. Иймд 2018 оны 8 дугаар сарын 27-ны өдөр байгуулсан хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, компанийн эрх шилжүүлэх гэрээг тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулж, БЭ ХХК-ийн 30 хувийн хувьцаа эзэмших эрхийг нэхэмжлэгчид буцаан шилжүүлэхийг хариуцагчид даалгаж өгнө үү. Эдгээр хэлцлүүд нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.3-т заасан өөр хэлцлийг халхавчлах зорилгоор дүр үзүүлж хийсэн хэлцэл болох нь тогтоогдож байгаа тул энэ үндэслэлээр шаардлагаа тодорхойлж байна. Мөн хуулийн 56.5-д зааснаар 30 хувийн хувьцаагаа буцаан шилжүүлэхийг шаардаж байна гэв.

 

3. Хариуцагч шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбарыг дэмжиж хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.А ыг ажил хөөцөлдөхөд нь амар хялбар байх шалтгааны улмаас хувьцаа эзэмшигч болгосон гэж. ХэрэвА.Аын тус шүүхэд хандан гаргасан уг нэхэмжлэл үнэн бол би БЭ ХХК-д гэрээний үндсэн дээр ажил гүйцэтгэхээр тохирсон болж байна. Тийм бол бидний дунд хөдөлмөрийн эсхүл ажил гүйцэтгэх, хөлсөөр ажиллах гэрээний эрх зүйн харилцаа үүссэн байж би ажиллах юм. Мэдээж ажил гүйцэтгэсэн бол хөлс мөнгө тохирч уг тохиролцооны дагуу надад ажлын хөлс, цалин мөнгө төлсөн байх ёстой юм. ГэвчА.А гэгч этгээд хууль хяналтын байгууллагад худал нэхэмжлэл гаргаж хүний хуулиар хамгаалагдсан өмч хөрөнгөд шунаж худал нэхэмжлэл гаргасан байна. Би Ариунболд болоод Энхтамир нараас ажлын хөлс, цалин мөнгө гэж нэг ч төгрөг авч байгаагүй ба гэрээ хэлцлийн үндсэн дээр ажил гүйцэтгээгүй болохоо илэрхийлж байна. Ажил гүйцэтгэхэд хувьцаа эзэмшигч болсноор ажил бүтдэг тийм учраас хувьцаа эзэмшигч болгосон гэж. Компанийн тухай хуулиар компанийг гуравдагч этгээдээр төлөөлүүлэх тохиолдолд итгэмжлэл олгох ба итгэмжлэл авсан этгээд олгосон итгэмжлэлийн хүрээнд тухайн асуудлаар төрийн болон төрийн бус бүх шатны байгууллагуудад төлөөлөх бүрэн боломжтой. Итгэмжлэл олгоод эсхүл гэрээ хэлцэл хийгээд тодорхой ажил төрөл гүйцэтгүүлэх бүрэн боломжтой атал ажил хөөцөлдүүлэхийн тулд хувьцаа эзэмшигч болгосон гэж бодит байдлыг гуйвуулж байгаад гайхаж байна. 500 000 000 төгрөгийн үнэлгээтэй компани байсан гэж дурдаж намайг хувьцаа эзэмшигч болох үед тус компанийн нэр дээр байсан Ноён уулын лиценз нь хүчингүй болсон тус компанийн нэр дээр эд хөрөнгө юу ч байхгүй хоосон компани байсан юм. Өөрөөр хэлбэл намайг хувьцаа эзэмшигчээр орж ирэхээс өмнө уг компани НДШ, татвар, төлдөггүй үйл ажиллагаа явуулдаггүй хайгуулын ганц лицензтэй компани байсан боловч намайг орж ирэхээс өмнө тус лиценз нь хүчингүй болсон байсан. Тус нэхэмжлэлд дурдсан үг, өгүүлбэрээс үнэн нэг ч зүйл байхгүй байх ба зарим үйл явдлыг худал зохиож, зарим үйлдлийг худал гуйвуулж бичсэн байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

4. Нэхэмжлэгчээс итгэмжлэл, 2017.03.13-ны өдрийн Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, 2017.03.13-ны өдрийн компанийн эрх шилжүүлэх гэрээ, БЭ ХХК-ийн дүрэм, 2017.11.16-ны өдрийн хувьцаа худалдах, худалдах авах гэрээ, 2017.11.16-ны өдрийн компанийн эрх шилжүүлэх тухай гэрээ, 2017.11.16-ны өдрийн 01 тоот тогтоолын 1 дүгээр хавсралт БЭ ХХК-ийн дүрэм, 2018.08.27-ны өдрийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, 2018.08.27-ны өдрийн компанийн эрх шилжүүлэх тухай гэрээ, гэрээний хавсралт БЭ ХХК-ийн дүрэм, мөнгөн шилжүүлгийн баримт, 2017.06.12-ны өдрийн А-*****дугаар Аудитын үйлчилгээний гэрээ, Хараат бус аудиторын нягтлах гэрээт ажлын тайлан, БЭ ХХК-ийн 2018.12.31-ний өдрийн баталгаажуулсан санхүүгийн байдлын тайлан, БЭ ХХК-ийн 2018.12.31-ний өдрийн баталгаажуулсан орлогын дэлгэрэнгүй тайлан, БЭ ХХК-ийн 2018.12.31-ний өдрийн баталгаажуулсан мөнгөн гүйлгээний тайлан, БЭ ХХК-ийн 2018.12.31-ний өдрийн санхүүгийн тайлангийн тодруулга, Лидер экаунт аудит ХХК-ийн 2020.03.25-ны өдрийн хараат бус аудиторын тайлан, өмчийн өөрчлөлтийн тайлан, мөнгөн гүйлгээний тайлан, санхүүгийн тайлангийн аудитын тухай, Хурц тооцоолол аудит ХХК-ийн 2021.02.08-ны өдрийн хараат бус аудиторын тайлан, Хурц тооцоолол аудит ХХК-ийн 2022.02.12-ны өдрийн БЭ ХХК-ийн хараат бус аудиторын тайлан, Булган Лхам Бат аудит ХХК-ийн 2023.02.11-ний өдрийн БЭ ХХК-ийн хараат бус аудиторын тайлан, Голден пэйж аудит ХХК-ийн 2022.10.21-ний өдрийн б/*** дугаар БЭ ХХК-ийн хувьцаа эзэмшигчдэд хүсэлт хүргүүлэх тухай албан бичиг, депозит дансны дэлгэрэнгүй хуулга, 2017.08.29-ний өдрийн 2 дугаар хэлцэл, ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн тойм зураг, хээрийн хяналтын ажлын дүгнэлт, БЭ ХХК-ийн 2017.08.28-ны өдрийн **** дугаар Уул уурхай хүнд үйлдвэрийн яамны геологийн бодлогын газарт хүсэлт гаргах тухай албан бичиг, БЭ ХХК-ийн санхүүгийн тайлангийн тодруулга, БЭ ХХК-ийн 2017.08.28-ны өдрийн **** дүгээр Хүсэлт гаргах тухай албан бичиг, хээрийн хяналтын ажлын дүгнэлт, 2017.08.29-ний өдрийн 2 дугаар хэлцэл зэргийг ирүүлсэн. /1-р хх-ийн 6-30, 2-хх-ийн 235-250, 3-хх-ийн 1-50, 100-106/

5. Хариуцагчаас БЭ ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.А ын 2018-2022 оны орлогын товчоо, Б.А ын ********* тоот дансны 2018 оны орлогын задаргаа, Хаан банкны дансны хуулга, 2018.05.22-ны өдөр Б.А ын Д.Энхцэцэгээс мөнгө зээлсэн баримт, Б.А ын Хаан банкны ********* тоот дансны 2018 оны тэтгэврийн зээлийн орлогын задаргаа, Б.А ын Төрийн банкны харилцах дансны хуулга, Б.А ын 2018 оноос 2022 хүртэлх хугацаанд авсан зээлийн задаргаа, Хаан банкны дансны хуулгууд, Б.А ын 2022 оны зөвлөх үйлчилгээний тодорхойлолт, Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, депозит дансны дэлгэрэнгүй хуулга, БЭ ХХК-ийн 2018 оны мөнгөн гүйлгээний тайлан, БЭ ХХК-ийн 2018, 2019, 2020, 2021, 2022 онуудын орлого болон зардлын товчоо, Хаан банкны дансны хуулга, бэлэн мөнгөний орлогын баримт, төлбөрийн баримтууд, 2018.04.05-ны өдрийн *** дугаар ажил гүйцэтгэх гэрээ, 2018.04.25-ны өдрийн ******** дугаар хайгуулын ажлын гэрээ, кассын орлогын баримт, 2018.10.02-ны өдрийн 18 дугаар ажил гүйцэтгэх гэрээ, 2019.06.14-ний өдрийн ***** дүгээр ажил гүйцэтгэх гэрээ, БЭ ХХК-ны Сэл-2 нэртэй ******* тоот хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайд хийх палеонтологийн хайгуул судалгааны ажлын зардлын төсөв, 2019.06.19-ний өдрийн АГ-****** дугаар ажил гүйцэтгэх гэрээ, мөнгөн шилжүүлгийн баримт, 2021.03.24-ний өдрийн ******** дүгээр хамтран ажиллах гэрээ, **** дугаар ажил гүйцэтгэх гэрээ, 2021.03.25-ны өдрийн Техник эдийн засгийн үндэслэл боловсруулах ажил гүйцэтгэх гэрээ, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023.01.04-ний өдрийн ********** дүгээр захирамж, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.02.01-ний өдөр үзлэг хийсэн тэмдэглэл зэргийг ирүүлсэн. /1-р хх-ийн 44-250, 2-р хх-ийн 1-227, 3-хх-ийн 51-64/

 

6. Шүүх талуудын хүсэлтээр СМ ХХК-ийн улсын бүртгэлийн лавлагаа, хавсралтын хамт, Ашигт малтмал, газрын тосны газрын 2023.05.04-ний өдрийн ****** дугаар албан бичиг, БЭ ХХК-ийн тусгай зөвшөөрлийн дэлгэрэнгүй мэдээлэл, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017.09.22-ны өдрийн **** дугаар тусгай зөвшөөрлийг цуцлах тухай шийдвэр, Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2017.09.20-ны өдрийн а*** дугаар Тогтоол хэрэгжүүлэх тухай тушаал, Монгол улсын Уул уурхай хүнд үйлдвэрийн яамны 2017.09.19-ний өдрийн****** дугаар Тогтоол хүргүүлэх тухай албан бичиг, 2017.09.13-ны өдрийн *** дугаар тогтоол, тогтоолын хавсралт, 2017.09.13-ны өдрийн **** дугаар тогтоол, хавсралт, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны 2023.05.05-ны өдрийн 0****дугаар албан бичиг, БЭ ХХК-ийн 2017.08.28-ны өдрийн **** дугаар Хүсэлт гаргах тухай албан бичиг, 2017.08.29-ний өдрийн 2 дугаар хэлцэл, хээрийн хяналтын ажлын дүгнэлт, гэрч Ж.У ийн гэрчийн мэдүүлэг, нэхэмжлэгчА.Аын гар утсанд хийсэн үзлэгийн тэмдэглэл зэргийг хэрэгт хавсаргав. /3-хх-ийн 75-88, 114-131, 134-139/

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ Тухайн үед Б.А т хувьцаа шилжүүлж өгч, буцаан авч байсан ба шалтгаан нь Б.А ын зүгээс уул уурхайн мэргэжилтэн хүний хувьд компанийн ажил хөөцөлдөхөд хэрэгтэй байна гэж хэлсний дагуу уг компанийн хувьцаа эзэмших эрхийг тухайн үед шилжүүлж өгсөн, буцаан авч байсан. БЭ ХХК нь уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд нэхэмжлэгчийн хувьд БЭ ХХК-ийн 30 хувийн хувьцааг хариуцагч Б.А ын хэлж гуйсны дагуу БЭ ХХК-ийн эзэмшлийн хайгуулын 2 ширхэг тусгай зөвшөөрлийг ашиглалтын тусгай зөвшөөрөл болгоход болон уг компанийн хувьцаа эзэмшигч төрийн байгууллагатай тодорхой хэлбэрээр харилцахад амар байдаг, нааш цааш явахад хүндрэлтэй байдаг, бичиг баримтын бүрдэл хангахад та нараар гарын үсэг зуруулахад хугацаа алддаг зэрэг шалтгаан нөхцөлийг дурдаж байсан тул 70 хувийн хувьцаа эзэмшигч Н.Этай ярьсны үндсэн дээр дараа нь буцааж авах боломжтой гэж хэлсний дагуу компанийн 30 хувийн хувьцаа эзэмших эрхийг шилжүүлсэн юм. Гэтэл Б.А нь БЭ ХХК-ийн хайгуулын тусгай зөвшөөрлүүдтэй холбоотойгоор анх тохирсон компанийн үйл ажиллагааг бүрэн хийж гүйцэтгээгүй, хайгуулын тусгай зөвшөөрлүүд бүхэлдээ ашиглалтын тусгай зөвшөөрөл болж өөрчлөгдөж компанийн үүсгэн байгуулагч надад ямар ч ашиг өгөөж ирээгүй. 2017-2018 оны үед БЭ ХХК-ийн зах зээлийн үнэлгээ нь 500 000 000 төгрөгөөр үнэлэгдэж байхад нэхэмжлэгч миний бие ямар ч мөнгө хариуцагчаас авалгүйгээр тус компанийн 30 хувийн хувьцаа эзэмших эрхийг шилжүүлж өгөх боломжгүй. Тиймээс дүр үзүүлж хийсэн хэлцэл юм. Иймд 2018 оны 8 дугаар сарын 27-ны өдөр байгуулсан хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, компанийн эрх шилжүүлэх гэрээг тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулж, БЭ ХХК-ийн 30 хувийн хувьцаа эзэмших эрхийг нэхэмжлэгчид буцаан шилжүүлэхийг хариуцагчид даалгаж өгнө үү. гэж тайлбарласан.

 

3. Хариуцагч татгалзлын үндэслэлээ ХэрэвА.Аын тус шүүхэд хандан гаргасан уг нэхэмжлэл үнэн бол би БЭ ХХК-д гэрээний үндсэн дээр ажил гүйцэтгэхээр тохирсон болж байна. Тийм бол бидний дунд хөдөлмөрийн эсхүл ажил гүйцэтгэх, хөлсөөр ажиллах гэрээний эрх зүйн харилцаа үүссэн байж би ажиллах юм. Мэдээж ажил гүйцэтгэсэн бол хөлс мөнгө тохирч уг тохиролцооны дагуу надад ажлын хөлс, цалин мөнгө төлсөн байх ёстой юм. Компанийн тухай хуулиар компанийг гуравдагч этгээдээр төлөөлүүлэх тохиолдолд итгэмжлэл олгох ба итгэмжлэл авсан этгээд олгосон итгэмжлэлийн хүрээнд тухайн асуудлаар төрийн болон төрийн бус бүх шатны байгууллагуудад төлөөлөх бүрэн боломжтой. Итгэмжлэл олгоод эсхүл гэрээ хэлцэл хийгээд тодорхой ажил төрөл гүйцэтгүүлэх бүрэн боломжтой атал ажил хөөцөлдүүлэхийн тулд хувьцаа эзэмшигч болгосон гэж бодит байдлыг гуйвуулж байгаад гайхаж байна. Намайг хувьцаа эзэмшигчээр орж ирэхээс өмнө уг компани нийгмийн даатгалын шимтгэл, татвар төлдөггүй үйл ажиллагаа явуулдаггүй хайгуулын ганц лицензтэй компани байсан ба тус лиценз нь хүчингүй болсон байсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэж тайлбарласан.

 

4. Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон зохигч талуудын тайлбар зэргээс дараах үйл баримт тогтоогдож байна.

 

5. Талуудын хооронд 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Хувьцаа худалдах, худалдан авах гэрээг байгуулж, уг гэрээгээр БЭ ХХК-ийн 20 хувийн хувьцааг нэг бүрийн үнэ 100 төгрөг буюу нийт 2 000 төгрөгөөр худалдаж, худалдагч нь 2017 оны 03 дугаар сарын 13-наас хэтрүүлэхгүйгээр хувьцааг худалдан авагчид шилжүүлэхээр харилцан тохиролцжээ.

Уг гэрээний дагуу 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдөр компанийн эрх шилжүүлэх тухай гэрээг байгуулж, БЭ ХХК-ийн компанийн дүрмийг шинэчлэн баталж, тус компани нь нийт 3 хувьцаа эзэмшигчтэй байх ба Н.Э нь 30 хувийн,А.А нь 30 хувийн, Б.А нь 40 хувийн хувьцааг тус тус эзэмшихээр болсон байна. /хх-ийн 7-15/

6. Мөн 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Б.А , Н.Э нарын хооронд Хувьцаа худалдах, худалдан авах гэрээг байгуулж, уг гэрээгээр Б.А нь өөрийн эзэмшлийн 40 ширхэг хувьцааг нэг бүрийн үнэ 100 төгрөг буюу нийт 4 000 төгрөг байхаар харилцан тохиролцож, худалдагч нь 2017 оны 11 дүгээр сарын 16-наас хэтрүүлэхгүйгээр хувьцааг худалдан авагчид шилжүүлэхээр болж, БЭ ХХК-ийн компанийн эрх шилжүүлэх тухай гэрээг байгуулж, компанийн дүрмийг шинэчлэн баталсан байна. /хх-ийн 16-21/

7. Үүний дараа буюу 2018 оны 8 дугаар сарын 27-ны өдөрА.А, Б.А нарын хооронд Хувьцаа худалдах, худалдан авах гэрээг байгуулж, уг гэрээгээрА.А өөрийн эзэмшлийн 30 хувийн хувьцааг нэг бүрийн үнэ 100 төгрөг, нийт үнэ 3 000 төгрөг байхаар харилцан тохиролцож, худалдагч нь 2018 оны 8 дугаар сарын 27-ноос хэтрүүлэхгүйгээр хувьцааг худалдан авагчид шилжүүлэхээр харилцан тохиролцжээ.

Уг гэрээний дагуу талуудын хооронд Компанийн эрх шилжүүлэх тухай гэрээг байгуулж, компанийн дүрмийг шинэчлэн баталж, компанийг үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчээр Н.Э, Б.А нарыг бүртгэсэн байна. /хх-ийн 22-27/

8. Дээрх Хувьцаа худалдах, худалдан авах гэрээг талууд байгуулсан асуудлаар маргаагүй боловч нэхэмжлэгч нь уг хувьцааг Б.А т шилжүүлэх болсон үндэслэлийн талаар маргаж, холбогдох баримтыг шүүхэд ирүүлсэн байна.

9. Иргэний хуулийн 40 дугаар зүйлийн 40.1-т Хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно, мөн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-т Хүсэл зоригийн агуулгыг тайлбарлахдаа үгийн шууд утгыг анхаарна гэжээ.

10. Зохигчдын хооронд ямар нэг хэлцэл хийгдсэн, гэрээ байгуулагдсан эсэхийг тогтооход нэг талын хүсэл зоригийг нөгөө тал хүлээн авч тэдний хүсэл зориг харилцан нийцсэн эсэхийг тогтоох шаардлагатай байдаг ба нэхэмжлэгчА.А нь хариуцагч Б.А т БЭ ХХК-ийн 30 хувийн хувьцааг худалдах зорилготой байсан уу эсвэл эсвэл Б.А аар ажлаа хийлгэж дууссаны дараа шилжүүлж авах зорилготой байсан уу гэдэг нь чухал юм.

11. Хүсэл зориг гэж тодорхой этгээдийн иргэний эрх, үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох буюу хэлцэл хийх эрмэлзлийг хэлэх бөгөөд уг эрмэлзлийн гадаад илрэлийг хүсэл зоригийн илэрхийлэл гэж ойлгодог. Нэг этгээдийн хүсэл зоригийн илэрхийллээр хийгдсэн хэлцэл зөвхөн хуульд зааснаар эсхүл харилцан тохиролцсоноор нөгөө этгээдэд эрх, үүрэг үүсгэдэг. Хэлцэл хийх хүсэлтэй этгээдийн уг эрмэлзлээ илэрхийлсэн байдлыг нөгөө тал ойлгож, утга санааг нь ухамсарласан тохиолдолд хүсэл зоригийн илэрхийллийг хүлээн авсан гэж үздэг.

12. Өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл гэдгийг тухайн хэлцлийг хийх хүсэл зориг, эрмэлзэлгүйгээр, уг хэлцлийн зөвхөн гадаад илэрхийллийг бий болгох зорилгыг агуулсан, халхавчилж болон халхавчлуулж буй хоёр хэлцэл хийгдсэнээр бий болдог дүр үзүүлсэн хэлцлийн нэг төрөл гэж ойлгодог.

13. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн хариу тайлбараас дүгнэвэл талуудын хооронд ажил гүйцэтгүүлэхээр хийгдсэн тохиролцоог халхавчилж болон дүр үзүүлсэн байдлаар дээрх гэрээ хийгдсэн гэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

Тодруулбал, 2018 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн Хувьцаа худалдах, худалдан авах гэрээг дүр үзүүлж хийсэн гэрээ гэж тайлбарлаж байх боловч нэхэмжлэгч нь энэ талаараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу баримтаар нотолж чадаагүй ба хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбар, Ж.У ийн гэрчийн мэдүүлэг, гар утсанд хийсэн үзлэг зэргээр талуудын хооронд байгуулсан 2018 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн Хувьцаа худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэх үндэслэлгүй.

14. Хариуцагч Б.А нь биеийн эрүүл мэндийн байдлаас шүүх хуралдааныг өөрийн эзгүйд хийлгэх хүсэлт гаргасан байх тул түүний эзгүйд хэргийг шийдвэрлэснийг дурдаж, улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.3, 56.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчА.Аын хариуцагч Б.А т холбогдуулан 2018 оны 8 дугаар сарын 27-ны өдөр байгуулсан хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, компанийн эрх шилжүүлэх гэрээг тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулж, БЭ ХХК-ийн 30 хувийн хувьцаа эзэмших эрхийг нэхэмжлэгчид буцаан шилжүүлэхийг хариуцагчид даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчА.Аын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 75 000 төгрөгөөс 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 4 800 төгрөгийг улсын орлогоос гаргуулж, нэхэмжлэгчА.Аод олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХЖАРГАЛ