Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2023/01943

 

 

 

 

 

 

 

2023 11 06 210/МА2023/01943

 

 

А.*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 183/ШШ2023/02664 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: А.*******ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б.*******т холбогдох,

 

******* оны 8 дугаар сарын 27-ны өдөр байгуулсан хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, компанийн эрх шилжүүлэх гэрээг тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулж, гэрээгээр шилжүүлсэн хөрөнгийг буцаан шилжүүлэхийг хариуцагчид даалгах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Мандах, хариуцагчийн өмгөөлөгч Б.Түвшинтөгс, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэл, тайлбарын агуулга: 

1.1.Нэхэмжлэгч 2015 оны 06 дугаар сарын 16-ны өдөр ******* ******* ХХК-ийн 70 хувийн хувьцаа эзэмшигч Н.*******ын хамтаар үүсгэн байгуулж, ******* ******* ХХК-ийн 30 хувийн хувьцааг эзэмшиж байсан.

1.2 ******* ******* ХХК нь уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд компанийн эзэмшлийн хайгуулын 2 ширхэг тусгай зөвшөөрлийг ашиглалтын тусгай зөвшөөрөл болгоход болон төрийн байгууллагатай тодорхой хэлбэрээр харилцахад хялбар, бичиг баримтын бүрдэл хангахад та нарын гарын үсэг зуруулахад хугацаа алддаг, дараа нь буцааж авах боломжтой зэрэг шалтгаан нөхцөлийг Б.******* дурдаж гуйсны дагуу нэхэмжлэгчийн хувьд хувьцаа эзэмшигч Н.*******тай ярилцсаны үндсэн дээр ******* оны 08 дугаар сарын 27-ны өдөр хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, мөн өдөр компанийн эрх шилжүүлэх тухай гэрээг хариуцагч Б.*******тай тус тус байгуулж компанийн 30 хувийн хувьцаа эзэмших эрхийг шилжүүлсэн.

Гэвч ******* ******* ХХК-ийн хайгуулын тусгай зөвшөөрлүүд бүхэлдээ ашиглалтын тусгай зөвшөөрөл болж өөрчлөгдөж компанийн үүсгэн байгуулагч надад ямар ч ашиг өгөөж ирээгүй ба маргаан бүхий гэрээний үнийг ч тухайн үед төлөөгүй, зөвхөн хариуцагчийн гуйлт, идэвхтэй үйлдлийн улмаас хийгдсэн.

2017-******* оны үед ******* ******* ХХК-ийн зах зээлийн үнэлгээ нь 500,000,000 төгрөгөөр үнэлэгдэж байхад нэхэмжлэгч миний бие ямар ч мөнгө хариуцагчаас авалгүйгээр тус компанийн 30 хувийн хувьцаа эзэмших эрхийг шилжүүлж өгөх боломжгүй.

Эдгээр хэлцлүүд нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.3-т заасан өөр хэлцлийг халхавчлах зорилгоор дүр үзүүлж хийсэн хэлцэл. ******* оны 08 дугаар сарын 27-ны өдөр байгуулсан хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, компанийн эрх шилжүүлэх гэрээг тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулж, ******* ******* ХХК-ийн 30 хувийн хувьцаа эзэмших эрхийг нэхэмжлэгчид буцаан шилжүүлэхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч талын тайлбарын агуулга: 

2.1.Компанийн тухай хуулиар компанийг гуравдагч этгээдээр төлөөлүүлэх тохиолдолд итгэмжлэл олгох ба итгэмжлэл авсан этгээд олгосон итгэмжлэлийн хүрээнд тухайн асуудлаар төрийн болон төрийн бус бүх шатны байгууллагуудад төлөөлөх бүрэн боломжтой. Итгэмжлэл олгоод эсхүл гэрээ хэлцэл хийгээд тодорхой ажил төрөл гүйцэтгүүлэх бүрэн боломжтой атал ажил хөөцөлдүүлэхийн тулд хувьцаа эзэмшигч болгосон гэж бодит байдлыг гуйвуулж байна.

2.2.Намайг хувьцаа эзэмшигчээр орж ирэхээс өмнө уг компани нийгмийн даатгалын шимтгэл, татвар төлдөггүй үйл ажиллагаа явуулдаггүй хайгуулын хүчингүй болсон лицензтэй компани байсан Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: 

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.3, 56.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч А.*******ын хариуцагч Б.*******т холбогдуулан ******* оны 8 дугаар сарын 27-ны өдөр байгуулсан хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, компанийн эрх шилжүүлэх гэрээг тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулж, ******* ******* ХХК-ийн 30 хувийн хувьцаа эзэмших эрхийг нэхэмжлэгчид буцаан шилжүүлэхийг хариуцагчид даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч А.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 75 000 төгрөгөөс 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 4 800 төгрөгийг улсын орлогоос гаргуулж, нэхэмжлэгч А.*******од олгож шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: 

Анхан шатны шүүх талууд тус компанийн хувьцаа эзэмших эрхийг хэрхэн, ямар зорилгоор шилжүүлсэн эсэхийг эргэлзээгүй тогтоосон байдлаар дүгнэлт хийж хэргийг шийдвэрлээгүй. Нэхэмжлэгч үйл баримтын талаар нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн төдийгүй талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээний гол нөхцөл талууд үнийг тохироогүй гэрээ байгуулах үед 2017-******* оны үед ******* ******* ХХК-ийн үнэлгээ өндөр, 500,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн байхад нэхэмжлэгч ямар ч төлбөр хариуцагчаас авалгүйгээр тус компанийн 30 хувийн хувьцаа эзэмших эрхийг шилжүүлж өгөх боломжгүй.

Тус компанийн 30 хувийн хувьцааг шилжүүлэх гэрээг хариуцагчтай байгуулж компанийн 30 хувийн хувьцаа эзэмших эрхийг шилжүүлсэн үйл байдал нь гэрчийн мэдүүлэг, хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байгаа тул Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 183/ШШ2023/02664 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулах байдлаар нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах журмаар гаргасан гомдолд хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан хариу тайлбарын агуулга: 

******* онд Б.******* нь хувьцаа эзэмшигч болсноос хойш өнөөдрийг хүртэл нийт хайгуулын лицензийг ашиглалтын лиценз болгохтой холбогдуулан 183,000,000 төгрөгийг ******* ******* ХХК-ийн зүгээс гаргасан. Тухайн үнийн дүнгийн 80 хувийг Б.******* гаргаж, компанийн үйл ажиллагааг явуулсан.

Талууд нь өөрсдийн хүсэл зоригоо илэрхийлж, хүчин төгөлдөр гэрээг байгуулсан байна. Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ. 

ХЯНАВАЛ

 

1.Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч талын гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхив.

 

2.Нэхэмжлэгч А.******* нь хариуцагч Б.*******т холбогдуулан ******* оны 8 дугаар сарын 27-ны өдөр байгуулсан хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, компанийн эрх шилжүүлэх гэрээг тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулж, гэрээгээр шилжүүлсэн ******* ******* ХХК-ийн 30 хувийн хувьцаа эзэмших эрхийг нэхэмжлэгчид буцаан шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, ... ажил хөөцөлдүүлэхийн тулд хувьцаа эзэмшигч болгосон гэж бодит байдлыг гуйвуулж байна. ... Намайг хувьцаа эзэмшигчээр орж ирэхээс өмнө уг компани нийгмийн даатгалын шимтгэл, татвар төлдөггүй үйл ажиллагаа явуулдаггүй хайгуулын хүчингүй болсон лицензтэй компани байсан, ******* онд Б.******* нь хувьцаа эзэмшигч болсноос хойш өнөөдрийг хүртэл нийт хайгуулын лицензийг ашиглалтын лиценз болгохтой холбогдуулан 183,000,000 төгрөгийг ... үнийн дүнгийн 80 хувийг Б.******* гаргаж, компанийн үйл ажиллагааг явуулсан ... гэх үндэслэл заан татгалзаж, маргажээ.

 

3.Талуудын байгуулсан ******* оны 08 дугаар сарын 27-ны өдрийн Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ болон Компанийн эрх шилжүүлэх тухай гэрээ-ний дагуу А.******* нь ******* эрдэс ХХК-ийн 30 хувийн хувьцаа болон хувьцааны эрхийг шилжүүлэх Б.*******т шилжүүлж, хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлсэн үйл баримт хэргийн нотлох баримтаар тогтоогдсон байна. /1хх-22, 23/

 

4. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлээ ... компанийн эзэмшлийн хайгуулын 2 ширхэг тусгай зөвшөөрлийг ашиглалтын тусгай зөвшөөрөл болгоход болон төрийн байгууллагатай тодорхой хэлбэрээр харилцахад хялбар, бичиг баримтын бүрдэл хангахад та нарын гарын үсэг зуруулахад хугацаа алддаг гэх шалтгаан нөхцөлөөр хариуцагчийн хүсэлтээр дээрх гэрээг дүр үзүүлж хийсэн, өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж тайлбарлажээ.

4.1.Хэргийн баримтаар Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 560 дугаартай шийдвэрээр ******* эрдэс ХХК-ийн эзэмшиж байсан ашигт малтмалын хайгуулын ХV-012614 дугаартай тусгай зөвшөөрлийг цуцалсан байна. /3 хх-114-118/

4.2.******* эрдэс ХХК нь 2017-******* онд үнэлгээ өндөр, 500,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн байсан гэх нэхэмжлэгчийн тайлбар өөр баримтаар нотлогдоогүйн гадна хариуцагч талаас шүүхэд цуглуулж өгсөн ******* эрдэс ХХК-ийн санхүүгийн үйл ажиллагаанд хийгдсэн аудитын тайлан бичгийн нотлох баримтыг үгүйсгэх, няцаах баримтыг нэхэмжлэгч шүүхэд гаргаж өгөөгүй байна. /2хх-236-3хх-39/

4.3.Гэрч Ж.Уранбилэгийн мэдүүлэг, нэхэмжлэгч А.*******ын гар утсанд үзлэг хийж бэхжүүлсэн тэмдэглэл зэрэг баримтууд нь зохигчийн хооронд байгуулсан гэрээ дүр үзүүлсэн, өөр хэлцлийг халхавчлах зорилгоор байгуулсан гэх үйл баримтыг нотлох ач холбогдол бүхий нотлох баримт болохгүй. /3хх-179, 180, 186-188/

 

5.Анхан шатны шүүх хэргийн нотлох баримтыг үнэлж, талуудын хооронд байгуулагдсан гэрээг хүчин төгөлдөр гэж үзэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмыг зөрчөөгүй байх тул энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.

Иймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 183/ШШ2023/02664 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч тал давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Э.ЭНЭБИШ

 

ШҮҮГЧИД  Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

Ч.ЦЭНД