Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 183/ШШ2023/00477

 

2023 оны 02 сарын 06 өдөр Дугаар 183/ШШ2023/00477 Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго даргалж, тус шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг,........... тоотод оршин суух, Ц овогт Э-ын Э /РД:......./-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, .............. тоот хаягт байрлах, Э ХХК /РД:.........../,

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, .........тоотод оршин суух, М овогт П-ын О /РД:......../ нарт холбогдох

 

Хамтран ажиллах гэрээнээс татгалзаж, гэрээнээс татгалзсан үр дагаварт 87.703.164 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Э.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Д, хариуцагч Э бин ХХК-ийн төлөөлөгч Т.Т, хариуцагчийн өмгөөлөгч Б.Г, гэрч Р.Э, нарийн бичгийн дарга А.Мандухай нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Э.Э шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Япон улсаас тээврийн хэрэгсэл оруулж ирж, зарж борлуулдаг, энэ чиглэлээр хувиараа бизнес хэрэглэдэг. 2018 оны 10 сард миний танил Т.Т надтай ирж уулзаад бизнесийн ашигтай санал хэлье. Эко бин ХХК НЗДТГ-аас зохион байгуулсан тендерт шалгарч, хог хаягдал тээвэрлэх болсон. Хэрэв чи Япон Улсаас хог тээвэрлэх зориулалтын 4ш тээврийн хэрэгсэл оруулж ирвэл Э ХХК-тай хамтрах боломжтой. П.Озахиралтай уулзаж, тодорхой ярилц гэсэн. Ингээд би түүний хэлсэн ёсоор Э ХХК-ийн захирал П.О-эй очиж уулзахад Манай компани НЗДТГ-аас зохион байгуулсан 500.000.000 төгрөгийн төсөвтэй тендерт шалгарч, хог тээвэрлэх болсон. Одоо санхүүжилтээ аваагүй байгаа. Хэрэв танай тал өөрийн хөрөнгөөр Япон улсаас хог тээвэрлэх 4ш ачааны тээврийн хэрэгсэл, 4ш суурин кран худалдан авч, тэдгээрийг Монгол Улсад оруулж ирэх бүх зардлыг хариувал хамтарч ажиллая. Санхүүжилт орж ирэхээр гарсан зардлыг чинь тооцож өгөөд дээрээс нь 500.000.000 төгрөгөөс тооцож, 40 хувийн ашиг өгнө гэхээр нь би зөвшөөрсөн. Гэвч миний хувьд уг бизнест дангаараа ороход санхүүгийн боломж хүрэлцэхгүй байсан тул өөрийн хамтрагч, Япон Улсын ER-FOLC компанийн захирал Матсумототой холбогдож, Э  ХХК-ийн саналыг хэлэхэд тэрээр Хүлээж авахад боломжтой санал байна. Гол нь чамд итгэж байна. Тийм болохоор манай компани өөрийн хөрөнгөөр хог тээвэрлэх ачааны 4ш тээврийн хэрэгсэл, 4ш кран худалдан авч, Японд гарах бусад бүх зардлыг хариуцая. Харин чи тээврийн зардал, гаалийн татвар, хураамж зэрэг Монголд гарах бусад зардлыг хариуцвал Э ХХК-ийн саналыг хүлээж авахад бэлэн байна гэхээр нь би зөвшөөрсөн. Ингээд П.О захиралтай дахин уулзаж, Матсумото захирлын санал, нөхцлийг хэлэхэд тэрээр бүрэн зөвшөөрч, улмаар бид хамтран ажиллахаар санамж, бичиг үйлдэн уг баримтаа баталгаажуулсан. Ингэснээр Япон дах хамтрагч, захирал Матсумото өөрийн компанийн хөрөнгөөр буюу 2.240.000 иенээр хог тээвэрлэх зориулалтын 4ш тээврийн хэрэгсэл, 1.520.000 иенээр 7ш краш худалдан авч, Япон дах бусад зардалд 1.456.000 иен, нийт 5.216.000 иен буюу 2018.12-р сарын үеийн Монгол банкны ханшаар 124.871.040 төгрөгөөр бараагаа 40 тоннын 3ш контейнерт ачуулж, 2018 оны 12-р сард Монгол Улс руу тээвэрлэхэд бэлэн болгосон. Би тохирсон ёсоор 2019 оны 01, 02-р сард цуварч ирсэн 40 тоннын 3ш контейнерын тээврийн хөлс болон гаалийн татварт 48.000.000 төгрөг, 4ш машин дээр 4ш кран суурилуулсны хөлсөнд 7.000.000 төгрөг нийт 55.000.000 төгрөг төлж, хамтран ажиллах гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн. Ингээд дээрхи 4ш тээврийн хэрэгсэлд улсын дугаар авч, ажилд гарахад бэлэн болсны дараа захирал П.О Санхүүжилт орж ирээгүй хүлээгдээд байна. Тийм болохоор 4ш автомашинаа барьцаанд тавьж, 100.000.000 төгрөгийн зээл авч, эхний ээлжинд 70.000.000 төгрөгийг Матсумотод өгье. Үлдсэн 30.000.000 төгрөгийг чи өөрөөсөө гарсан зардалд тооцож авч бай. Санхүүжилт орж ирэхээр Матсумото та 2-оос гарсан зардлын үлдэгдэл мөнгийг өгнө. Бас нэмж 40 хувийн ашгийг чинь тооцож өгнө гэхээр нь зөвшөөрсөн. Тэгээд 2019 оны 03-сард П.О иргэний хувиар Хас хаан ББСБ-ын барьцаанд хог тээвэрлэх зориулалтын 4ш тээврийн хэрэгслийг 4ш суурилуулсан краны хамт тавьж, тус ББСБ-аас 100.000.000 төгрөгийн зээл аваад нэг төгрөг ч надад өгөлгүй, ББСБ-ын гадаа хүлээж байсан надаас сэм зугатаж алга болсон. Дараа нь түүнтэй холбогдож, мөнгөө нэхэхэд маргааш хийчэхнэ, хүлээж бай гээд өгөөгүй, сүүлдээ утсаа авахгүй, алга болсон. Тэр үеэс хойш би бараг 1 жил шахам хугацаанд П.О-ийг Э ХХК-ийн захирлын хувьд болон иргэнийх нь хувьд хайсан боловч олдохгүй байсан тул 2020.04.13-ны өдөр Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтэст хандаж, залилуулсан үндэслэлээр гомдол гаргасан. Цагдаагийн байгууллагаас П.О-т холбогдуулан хэрэг бүртгэлтийн хэрэг нээж шалгаад миний хүсэлт хийгээд зарим төлбөр төлсөн байдлыг үндэслэн хяналтын прокурорын 2021.11.23-ны өдрийн 1155 дугаартай тогтоолоор хэрэг бүртгэлтийн хэргийг хааж шийдвэрлэсэн. Ийнхүү хамтран ажиллах гэрээний явцад хариуцагч Э ХХК нь уг гэрээгээр хүлээсэн үүргээ бүхэлд нь биелүүлээгүй, зөрчсөнөөс гадна уг компанийн захирал, иргэн П.Онь Япон Улсаас оруулж ирсэн хог тээвэрлэх зориулалтын 4ш тээврийн хэрэгсэл, 4ш краныг барьцаанд тавьж, 100.000.000 төгрөгийн зээл аваад уг зээлээ төлөөгүйгээс одоо тэдгээр хөрөнгө нь шүүхийн журмаар ББСБ-ын өмчлөлд шилжсэн, өөрөөр хэлбэл хамтран ажиллах гэрээний татгалзах үндэслэл ирээдүйд бий болохгүй нь миний хувьд гарцаагүй болсон юм. Миний бие хамтран ажиллах гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийн тулд 2018.12.18-ны өдөр өөрийн өмчлөлийн 3 өрөө орон сууцаа барьцаанд тавьж, Хас банкнаас 2 жилийн хугацаатай сарын 2.4 хувийн хүүтэй 60.000.000 төгрөг зээлж, дээр дурьдсан зардалд буюу 40 тоннын 3ш контейнерийн тээврийн хөлс болон гаалийн татвар, кран суурилуулалтын төлбөрт өгсөн юм. Мөн би өөрийн бизнесийн тогтвортой байдлыг хадгалах, бизнесийн хамтрагчаа алдахгүйн тулд Япон Улсаас ER-FOLC компанийн зүгээс хамтран ажиллах гэрээний дагуу гаргасан 5.216.000 иен буюу 2021.10.27-ны өдөр П.О нь 4ш тээврийн хэрэгсэл, 4ш краны үнэд тооцож, 105.000.000 төгрөг надад өгсөн. Иймд нэхэмжлэгч Э.Э би дээрхи үндэслэлээр хамтран ажиллах гэрээнээс татгалзаж, гэрээнээс татгалзсан үр дагаварт 4 тээврийн хэрэгслийг оруулж ирсэн гааль татварт төлсөн 6.703.660 төгрөг, тээврийн зардал 24.388.104 төгрөг, кран суурилуулах зардал 7.000.000 төгрөг, 4 машины зөрүү үнэ 21.383.600 төгрөг, Хас банкнаас 2018.12.18-2021.10.27 хүртэл авсан зээлтийн хүү 28.227.800 төгрөг, нийт 87.703.164 төгрөгийг хариуцагч нараас хувь тэнцүүлэн гаргуулах хүсэлтэй байна гэв.

2. Хариуцагч Т.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид нар анх хог ачих 4 машиныг Э ХХК худалдаж авна гэж тохироогүй. Манай компаний 2 ширхэг машиныг, Э.Э 2 ширхэг машиныг нь худалдаж авахаар тохиролцсон. Тэгээд машин ирсний дараа П.О, Э.Энар ББСБ-ын барьцаанд тавьсан байдаг. Тэр барьцаанд тавьсан мөнгөнөөс нэг ч төгрөг Эко Бин ХХК-ийн дансаар орж ирээгүй. Надад П.О нь гаалийн татварт өөрөөсөө 12.000.000 төгрөг өгсөн гэж л хэлж байсан. Энэ хоёр хүн ямар тохиролцоо хийснийг би огт мэдэхгүй байна. Би энэнээс өөр зүйл мэдэхгүй байна гэв.

3. Хариуцагч П.О шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: 2018 оны 10 дугаар сард миний бие Эко бин ХХК-д захирлаар ажиллаж байгаагүй бөгөөд гүйцэтгэх захирал Т.Т-ын танил гэгч Э.Э Япон улсаас машин оруулж ирдэг учраас хог хаягдал тээвэрлэх 4ш автомашиныг Эко бин ХХК-ийн ажилд ашиглахаар зуучлуулан авч байсан тухай Т.Төмөрбат надад хэлсэн. Миний бие тухай үед Э ХХК-ийн хувьцааг эзэмшиж байснаас захирлаар ажиллаж байгаагүй. Улмаар Э.Э Япон улсаас хог тээврийн 4 ширхэг машин оруулж ирэхээр болж бид Япон улсын иргэн Матсумото гэж өөрийгөө хэлсэн. Хүнээс 4 ширхэг машин авахаар болж уг машинууд 2019 оны эхээр хил гаалиар орж ирж миний бие уг машины гаалийн татвар болох 12.000.000 төгрөгийг хуваан Э.Э-д өгсөн. Улмаар Э ХХК төлбөрийн чадваргүй үйл ажиллагаа явуулж чадаагүй байдлаас болж санхүүгийн хүндрэлд орж Э.Э надаас машины мөнгийг залилсан гэж цагдаад өргөдөл өгсөн байсан. Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газарт холбогдох нотлох баримтуудыг гарган өгч 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Э.Э-д бид хувааж машин худалдан авсан төлбөрт 109.000.000 төгрөг төлсөн. Миний бие Э.Э-тэй хамтран ажиллах ямар нэг гэрээ байгуулаагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

4. Нэхэмжлэгчээс: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Э.Э-ийн иргэний үнэмлэхний хуулбар, 2020.4.13-ны өдрийн Э.Э-нийн Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтэст гаргасан өргөдөл, 2020.4.13-ны өдрийн гэрчээс мэдүүлэг авсан тэмдэглэл, 2020.09.29-ний өдрийн хохирогчоос мэдүүлэг авсан тэмдэглэл, 2021.11.04-ний өдрийн хохирогчоос дахин мэдүүлэг авсан тэмдэглэл, 2020.05.13-ны өдрийн гэрчээс мэдүүлэг авсан тэмдэглэл, 2021.02.09-ний өдрийн гэрчээс мэдүүлэг авсан тэмдэглэл, 2020.04.22-ны өдрийн бичмэл нотлох баримтыг хуулбарлан авсан тухай тэмдэглэл, 2019.4.16-ны өдрийн Эко бин ХХК-иас нэхэмжлэх, 2018.11.20-ноос 2020.4.20-ны Э.Эр-ийн гаалийн мэдүүлгээр бүрдүүлэлт хийсэн барааны мэдээлэл, гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг, Э.Э-ийн 2018-2021 онд гаалийн мэдүүлгээр бүрдүүлэлт хийсэн барааны лавлагаа, 2020.4.13-ны өдрийн Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, 2020.4.27-ны өдрийн Мөрдөгчийн тогтоол, 2020.4.21-ний өдрийн итгэмжлэх, 2018.10.31-ний өдрийн санамжийн бичиг, 2021.10.27-ны өдрийн Тээврийн хэрэгслийн үнэ тооцсон баримт, 2021.10.04-ний Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн 1 хэлтэст хандсан Э.Э-ийн хүсэлт, 2021.11.23-ны өдрийн 1155 дугаар прокурорын тогтоол, 2022.03.21-ний өдрийн хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, 2021.06.14-ний өдрийн Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021.06.14-ний өдрийн 183/ШШ2021/0000 шүүгчийн захирамж, АХХК-ийн орлогын баримтууд, 2022.08.21-ний өдрийн тооцоог дуусгавар болгох тухай, гаалийн мэдүүлгийн бүрдүүлэлт хийсэн лавлагаа, 2022.09.15-ны өдрийн лавлагаа, тодорхойлолтын нэгдсэн маягт, 2022.08.09-ний өдрийн ханшийн лавлагаа, Э.Э-ийн гадаад паспортын хуулбар, Р.Энхбатын гадаад паспортын хуулбар, нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлсэн, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2018.12.18-ны өдрийн Хан банкны зээлийн шугамын гэрээ, 2020.12.17-ны өдрийн зээлийн шугамын гэрээний нэмэлт өөрчлөлт, 2018.12.18-ны өдрийн барьцааны гэрээ, 2020.12.17-ны өдрийн барьцааны гэрээний нэмэлт, өөрчлөлт, 2020.12.21-ний өдрийн барьцааны гэрээний нэмэлт өөрчлөлт бүртгүүлэн Хас банкны хүсэлт, Э.Э-нийн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээний хуулбар, иргэний оршин суугаа хаягийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, Э.Э-ийн Хас банкны дансны хуулга зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.

Хариуцагч Д.О-ээс: 2022.02.28-ны өдрийн хариу тайлбар, 2022.03.02-ны өдрийн итгэмжлэл гаргаж өгсөн.

Хариуцагч ЭХХК-иас 2022.08.10-ны өдрийн хариу тайлбар, 2022.08.08-ны өдрийн өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлан, орлогын дэлгэрэнгүй тайлан, өмчийн өөрлөлтийн тайлан, мөнгөн гүйлгээний тайлан гаргаж өгсөн.

Шүүхээс: нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр Чингэлтэй дүүргийн прокурорын газраас 39 хуудас баримт, Улсын бүртгэлийн ерөнхий газраас Эко бин ХХК-ийн дэлгэрэнгүй лавлагаа гаргуулсан байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Э.Э хамтран ажиллах гэрээнээс татгалзаж, гэрээнээс татгалзсны үр дагаварт 74.871.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг ЭХХК, П.О нарт холбогдуулан шүүхэд гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, 4 тээврийн хэрэгслийг оруулж ирсэн гааль татварт төлсөн 6.703.660 төгрөг, тээврийн зардал 24.388.104 төгрөг, кран суурилуулах зардал 7.000.000 төгрөг, 4 машины зөрүү үнэ 21.383.600 төгрөг, Хас банкнаас 2018.12.18-2021.10.27 хүртэл авсан зээлтийн хүү 28.227.800 төгрөг, нийт 87.703.164 төгрөгийг хариуцагч нараас хувь тэнцүүлэн гаргуулахаар шаардсан байна.

 

2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Эко бин ХХК, Япон Улсын хуулийн этгээд Er-Folg компани нар Улаанбаатар хотын хог хаягдлын менежмент болон ойр орчмын хотуудыг хамарч, урт хугацааны хамтын ажиллагааг хөгжүүлэх зориготой, Эко бин хогийн менежментийн технологи, хог тээвэрлэлт ба түүний логистик, машины засвар үйлчилгээ ба үйлчилгээ, Монгол улс руу машины импорт хийх санамж бичиг байгуулжээ.

 

Энэ санамж бичгийг ЭХХК-ийг төлөөлж Т.Т П.О, Япон улсын Er-Forg компанийг төлөөлж, Казухиро Матсумото, Э.Э нар гарын үсэг зурж, баталгаажуулсан, үүний дагуу Япон улсаас Хог тээвэрлэх Isuzu Elf, Mitsubishi Anter 2 ширхэг, Hino Ranger маркын 4 тээврийн хэрэгсэл, өргөгч зэргийг нэхэмжлэгч Э.Э  оруулж ирсэн байна.

 

Талуудын хооронд байгуулсан санамж бичгийн дагуу 4 тээврийн хэрэгслийг Э.Э-ийн нэрээр Монгол Улсын гаалиар бүрдүүлэлт хийж оруулж ирсэн, хариуцагч П.О, нэхэмжлэгч Э.Энар Хас хаан ББСБ-д тухайн 4 тээврийн хэрэгслийг банк бус санхүүгийн байгууллагад барьцаанд тавьсан, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021.06.14-ний өдрийн 183/ШШ2021/0000шүүгчийн захирамжаар Хас Хаан ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, П.О, Э.Э нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 129.701.793,1 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийн зохигчид харилцан тохиролцож, нэхэмжлэгч нь хариуцагч Э.Э-ээс зээлийн гэрээний үүрэгт 64.850.896,5 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, хариуцагч Э.Эрдэнэ нь нэхэмжлэгчид Hino Ranger маркийн 9436 УНҮ улсын дугаартай хог тээвэрлэх зориулалттай автомашин, Mitsubishi Canter маркийн 4963 УБВ улсын дугаартай хог тээвэрлэх зориулалттай автомашин, Isuzu ELF маркийн 9436 УБК улсын дугаартай хог тээвэрлэх зориулалттай автомашинуудын тээврийн хэрэгслийн гэрчилгээ, түлхүүр болон Mitsubishi Canter маркийн 4963 УБВ улсын дугаартай автомашиныг тус тус хүлээлгэн өгөхөөр, мөн хариуцагч П.О-ээс зээлийн гэрээний үүрэгт 129.701.793,1 гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа 7.392.000 төгрөгөөр багасгаж, 122.309.793,1 төгрөгийг гаргуулах, ийнхүү гаргуулахдаа дээр дурдсан тээврийн хэрэгслүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулж, үлдэх төлбөрийг хариуцагч П.О-ээс гаргуулахаар эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

Шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д Хамтран ажиллах гэрээгээр хоёр буюу түүнээс дээш этгээд хуулийн этгээд байгуулахгүйгээр, ашиг олох болон бусад тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллах үүрэг хүлээнэ гэж заасны дагуу хамтран ажиллах гэрээ байгуулагдсан байна гэж үзэв.

 

Талуудын хооронд байгуулагдсан гэрээ нэгэнт хэрэгжих боломжгүй болсон, хариуцагч нар гэрээний үүргээ зөрчсөн тул Э.Э Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 227 дугаар зүйлд зааснаар шаардах эрхтэй байна.

 

Хамтран ажиллах гэрээ хэрэгжээгүйн улмаас нэхэмжлэгч Э.Э-д 4 тээврийн хэрэгслийг оруулж ирсэн гааль татварт төлсөн 6.703.660 төгрөг, тээврийн зардал 24.388.104 төгрөг, кран суурилуулах зардал 7.000.000 төгрөг, 4 машины зөрүү үнэ 21.383.600 төгрөг, Хас банкнаас 2018.12.18-2021.10.27 хүртэл авсан зээлтийн хүү 28.227.800 төгрөг, нийт 87.703.164 төгрөгийн хохирол учирсан гэжээ.

 

Хариуцагч нар санамж бичиг байгуулсан, Э.Э-эд төлбөр төлөх үндэслэлгүй гэх тайлбар гаргасан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж байгаа үндэслэлээ баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байна.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас заримыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв. Талуудын хооронд хамтран ажиллах гэрээ байгуулагдсны улмаас Э.Э гэрээний үүргээ биелүүлж, 4 тээврийн хэрэгслийг, өргөгч краны хамт оруулж ирсэн, үүнийг хариуцагч П.О ББСБ-д барьцаанд тавьж, төлбөрийг авсан болох нь мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгээр тогтоогдож байх бөгөөд нэхэмжлэгч тухайн тээврийн хэрэгслийг Монгол Улсад оруулж ирэхэд гааль татварт төлсөн 6.703.660 төгрөг, тээврийн зардал 24.388.104 төгрөг, 4 машины зөрүү үнэ 21.383.600 төгрөг, нийт 52.475.364 төгрөгийг хохирол учирсан гэж үзэв.

 

Нэхэмжлэгч нь Япон улсаас 4 автомашиныг оруулж ирэхдээ гааль, татвар, тээврийн зардал, 4 машины зөрүү үнийг төлсөн болох нь 2018-2021 онд гаалийн бүрдүүлэлт хийсэн барааны лавлагаа, А ХХК-ийн 2019.01.15, 2019.02.28, 2019.04.10, 2022.02.11-ний өдрийн орлогын баримтын тасалбар, 2022.08.21-ний өдрийн хоорондын тооцоог дуусгавар болгосон Er-Forg компанийн албан бичгээр тогтоогдож байна.

 

Иймд хариуцагч Э ХХК-иас 26.237.682, П.О-ээс 26.237.682 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Э.Э-д олгож шийдвэрлэв.

 

Харин кран суурилуулах зардал 7.000.000 төгрөгийн талаарх баримт хэрэгт авагдаагүй, нэхэмжлэгч нь Хас банкнаас 2018.12.18-ны өдөр авсан зээлийн шугамын гэрээг хамтран ажиллах гэрээний дагуу тээврийн хэрэгслийн зардлыг төлөхийн тулд авсан гэх боловч энэ нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсонгүй.

Өөрөөр хэлбэл хог тээвэрлэх 4 тээврийн хэрэгслийн зардалд төлсөн гэх үйл баримт тогтоогдоогүй тул Э.Э-ийн нэхэмжлэлийн шаардлагаас 35.227.800 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д заасны дагуу нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас нотлох баримт шаардан авсан боловч тус Прокурорын газар баримтыг байгууллагын хуулбар үнэн дарж ирүүлээгүй хэдий ч 2022.05.06-ны өдрийн 0000 албан тоотоор баталжуулсан болохыг дурдав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон, ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 227 дугаар зүйлийн 227.3-т зааснаар хариуцагч Эко бин ХХК, П.Очирпүрэв нараас 52.475.364 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргаж, нэхэмжлэгч Э.Эрдэнэд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 35.227.800 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 752.615 улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 420.327 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Э.Э-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.СОЛОНГО