Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2023/01012

 

2023 05 17 210/МА2023/01012

 

 

Э.Э-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч Г.Даваадорж, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 сарын 06-ны өдрийн 183/ШШ2023/00447 дугаар шийдвэртэй,

нэхэмжлэгч Э.Э-ийн нэхэмжлэлтэй

хариуцагч Э б- ХХК болон П.О- нарт холбогдох

 

Хамтран ажиллах гэрээнээс татгалзаж, гэрээнээс татгалзсан үр дагаварт 87,703,164 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч нарын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Э.Энэбиш илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Дамба, хариуцагч Э б- ХХК-ийн өмгөөлөгч Б.Ганбаатар, хариуцагч П.О-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Мөнхтулга, түүний өмгөөлөгч А.Билгүүн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Бид харилцан тохиролцож хамтран ажиллахаар санамж бичиг үйлдэн уг баримтаа баталгаажуулсан. Би тохирсон ёсоор 2019 оны 01, 02 сард 4ш машин дээр 4ш кран хилээр оруулж ирж хамтран ажиллах гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн. Дээрх 4ш тээврийн хэрэгсэлд улсын дугаар авч, ажилд гарахад бэлэн болсны дараа захирал П.О- Санхүүжилт орж ирээгүй хүлээгдээд байна. Тийм болохоор 4ш автомашинаа барьцаанд тавьж, 100,000,000 төгрөгийн зээл авч, эхний ээлжинд 70,000,000 төгрөгийг Матсумотод өгье. Үлдсэн 30,000,000 төгрөгийг чи өөрөөсөө гарсан зардалд тооцож авч бай, санхүүжилт орж ирэхээр зардлын үлдэгдлийг өгнө, нэмж 40 хувийн ашиг тооцно гэхэд нь зөвшөөрсөн. П.О- нь 2019 оны 03 сард Х х-ББСБ ХХК-ийн барьцаанд хог тээвэрлэх зориулалтын 4ш тээврийн хэрэгслийг 4ш суурилуулсан краны хамт барьцаалж 100,000,000 төгрөгийн зээл авсан ч надад мөнгөө өгөөгүй. Улмаар 2020 оны 04 сард цагдаагийн байгууллагад гомдол гаргаснаар П.О-т хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгасан ба прокуророос 2021 оны 11 сарын 23-ны өдөр 1155 дугаартай тогтоолоор хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан.

Хамтран ажиллах гэрээний үүргээ Э б- ХХК бүхэлд нь биелүүлээгүйгээс гадна уг компанийн захирал П.О- нь хог тээвэрлэх зориулалтын 4ш тээврийн хэрэгсэл, 4ш краныг барьцаанд тавьж зээлээ төлөөгүйгээс тэдгээр хөрөнгө нь шүүхийн журмаар Х х-ББСБ ХХК-д шилжсэн. Би хамтран ажиллах гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийн тулд 2018 оны 12 сарын 18-ны өдөр орон сууцаа барьцаанд тавьж, Хас банк ХХК-аас 2 жилийн хугацаатай, сарын 2.4 хувийн хүүтэй 60,000,000 төгрөг зээл авч дээрх 4ш хог тээвэрлэх зориулалтай тээврийн хэрэгсэл, 4ш краны тээврийн хөлс, гаалийн татвар, кран суурилуулалтын төлбөрт өгсөн.

Иймд дээрх үндэслэлээр хамтран ажиллах гэрээнээс татгалзаж, гэрээнээс татгалзсан үр дагаварт 4 тээврийн хэрэгслийн гаалийн татварт төлсөн 6,703,660 төгрөг, тээврийн зардал 24,388,104 төгрөг, кран суурилуулах зардал 7,000,000 төгрөг, Япон Улсаас ER-FOLC компанитай хамтран ажиллах гэрээний дагуу төлсөн 5,216,000 иен, 2021 оны 10 сарын 27-ны өдөр П.О-ээс 4ш тээврийн хэрэгсэл, 4ш краны үнэд 105,000,000 төгрөг өгсний зөрүү 21,383,600 төгрөг, Хас банк ХХК-аас авсан зээлийн хүү 28,227,800 төгрөг, нийт 87,703,164 төгрөгийг хариуцагч нараас хувь тэнцүүлэн гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч Э б- ХХК-ийн тайлбар, татгалзлын агуулга: Бид нар анх хог ачих 4 автомашиныг Э б- ХХК худалдаж авна гэж тохироогүй. Манай компани 2 ширхэг автомашиныг, Э.Э-э 2 ширхэг автомашиныг нь худалдаж авахаар тохиролцсон. Автомашин ирсний дараа П.О-, Э.Э-э нар Х х-ББСБ ХХК-ийн барьцаанд тавьсан байдаг. Тэр барьцаанд тавьсан мөнгөнөөс Э б- ХХК аваагүй, компанийн дансанд орж ирээгүй. Надад П.О- нь гаалийн татварт өөрөөсөө 12,000,000 төгрөг өгсөн гэж хэлж байсан. Өөр зүйл мэдэхгүй байна гэжээ.

 

3. Хариуцагч П.О-ийн тайлбар, татгалзлын агуулга: Миний бие Э б- ХХК-д 2018 оны 10 сард захирлаар ажиллаж байгаагүй, хувьцааг эзэмшиж байсан. Гүйцэтгэх захирал Т.Т-ын танил гэгч Э.Э-э Япон улсаас автомашин оруулж ирдэг учраас хог хаягдал тээвэрлэх 4ш автомашиныг Э б- ХХК-ийн ажилд ашиглахаар зуучлуулан авч байсан тухай Т.Т- хэлж байсан. Улмаар Э.Э-э Япон улсаас хог тээврийн 4 ширхэг автомашин оруулж ирэхээр болж Япон улсын иргэн Матсумото гэх хүнээс 4 ширхэг автомашиныг 2019 оны эхээр хилээр оруулж ирсэн ба би гаалийн татварт 12,000,000 төгрөгийг Э.Э-эд өгсөн. Улмаар Э б- ХХК төлбөрийн чадваргүй үйл ажиллагаа явуулаагүй санхүүгийн хүндрэлд орсноор Э.Э-э намайг автомашины мөнгийг залилсан гэж цагдаагийн байгууллагад гомдол гаргаж байсан. Цагдаагийн газарт холбогдох баримтуудыг өгч 2021 оны 10 сарын 27-ны өдөр Э.Э-эд автомашины төлбөр 109,000,000 төгрөг төлсөн. Би, Э.Э-этэй хамтран ажиллах ямар нэг гэрээ байгуулаагүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 227 дугаар зүйлийн 227.3-т зааснаар хариуцагч Э б- ХХК, П.О- нараас 52,475,364 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргаж, нэхэмжлэгч Э.Э-эд олгож, нэхэмжлэлээс үлдэх 35,227,800 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 752,615 улсын орлогод үлдээж, хариуцагч нараас 420,327 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Э.Э-эд олгож шийдвэрлэжээ.

 

5. Хариуцагч П.О-ийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй, нотлох баримтыг хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар үнэлж чадаагүй. Шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д заасан хамтран ажиллах гэрээ байгуулагдсан гэж үндэслэлгүй дүгнэлт хийж, П.О-ээс 26 237 682 төгрөг гаргуулж шийдвэрлэсэнд гомдолтой байна. 2018 оны сүүлээр "Э б-" ХХК-ийн хувьцаа эзэмшигч Т.Т нь П.О-тэй уулзаж хог тээвэрлэхтэй холбоотой ажил хийхээр болсон, хог тээвэрлэх машинтай холбоотой гээд Э.Э-этэй уулзсан. Тухайн үед Э.Э-э нь нэхэмжлэлд дурдсан автомашинуудыг нийлүүлэхэд тодорхой хэмжээний зардал гарна, тохиролцож чадвал хог тээвэрлэх автомашиныг Япон улсаас хямдаар оруулж ирж болно гэснээр Э.Э-э автомашиныг оруулж ирэх, автомашиныг бид худалдаж авахаар болсон. Нэхэмжлэгч нь Япон улсаас автомашин оруулж ирэх бүх зардлаа өөрөө хариуцаж бидэнд худалдах ёстой байсан бөгөөд "Э б-" ХХК нь тендерийн санхүүжилт орж ирэх үед автомашиныг худалдаж авах төлбөрийг Э.Э-эд төлөхөөр тохиролцсон.

Дээрх тохиролцооны дагуу нэхэмжлэгч нь автомашиныг оруулж ирсэн ч "Э б-" ХХК-д санхүүжилт орж ирэхгүй удсанаас автомашиныг Э.Э-ээс худалдан авч, төлбөрийг төлж чадаагүй байсан. Улмаар талуудын дунд ул ойлголцол гарч нэхэмжлэгч нь П.О-, Т.Т- нарыг цагдаагийн байгууллагад гомдол гаргаж харилцан тохиролцсоны дагуу П.О- нь нэхэмжлэгчид дээрх маргаантай холбоотойгоор 109,500,000 төгрөг төлж, тус асуудал шийдэгдсэн. Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 477 дугаар зүйлийн 477.1-д зааснаар талууд аман болон бичгээр хамтран ажиллах гэрээ байгуулаагүй буюу бидний хооронд гэрээний үүрэг үүсээгүй.

Гэтэл шүүх талуудын хооронд хамтран ажиллах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь шүүх хэрэгт цугларсан баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлж чадаагүй, хуулийг буруу тайлбарласан гэж үзэхээр байна. Хэрэв талуудын хооронд хамтран ажиллах гэрээ байгуулагдсан бол талууд ямар эрх, үүрэг хүлээсэн талаар шүүх үндэслэл бүхий дүгнэж, шийдвэрт тусгах ёстой ч шүүх хэт явцуу дүгнэлт хийсэн нь ойлгомжгүй.

Шүүх Э.Э-эд нийт 52 475 364 төгрөгийн хохирол учирсан гэж Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т зааснаар дүгнэсэн тохиолдолд талуудын хооронд хүчин төгөлдөр үүргийн харилцаа үүссэн, гэрээний нэг тал үүргээ зорчсон байх урьдчилсан нөхцөл тавигдана. Гэтэл зохигчийн хооронд гэрээний харилцаа үүсээгүй байхад хариуцагч нараас хохирол гаргуулж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

6. Хариуцагч Э б- ХХК-ийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Шүүх талуудын хооронд хамтран ажиллах гэрээ байгуулагдсан гэж үндэслэлгүй дүгнэж, "Э б-" ХХК-аас гэрээний үүрэг зөрчиж хохирол учруулсан 26,237,682 төгрөг гаргуулж Э.Э-эд олгуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Э б- ХХК нь Э.Э-этэй амаар болон бичгээр хамтран ажиллах гэрээ байгуулж, бидний хооронд хамтран ажиллах гэрээний үүрэг үүсээгүй.

"Э б- ХХК нь бодит байдлыг гуйвуулан бусдыг төөрөгдөлд оруулаагүй ба маргаан бухий тээврийн хэрэгслийг ашиглах, худалдан борлуулах, барьцаалах иргэний эрх зүйн харилцаанд оролцоогүй. Нэхэмжлэгчтэй хамтран ажиллахаар тохиролцоогүй тул Э.Э-ийн өмчлөлийн автомашины гаалийн татвар, тээврийн зардал, үнийн зөрүүг хариуцагч "Э б-" ХХК-аар гаргуулах хууль зүйн үндэслэлгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

7. Хариуцагч нарын давж заалдах гомдолд нэхэмжлэгч талаас гаргасан тайлбарын агуулга: Шүүхийн шийдвэр үндэслэлтэй гарсан, шүүх нотлох баримтыг тал бүрээс нь үнэлж Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д заасан хамтран ажиллах гэрээ талуудын хооронд байгуулагдсан гэж дүгнэж хэргийг шийдвэрлэсэн. Шүүх хамтран ажиллах тухай санамж бичигт Япон улсын компани, Э б- ХХК, Э.Э-э нарын хэн аль нь гарын үсэг зурж баталгаажуулсныг үнэлсэн. Энэ санамж бичгийн дагуу Э.Э-э Япон улс руу явж 4 ширхэг тээврийн хэрэгслийг хариуцагч талд хүлээлгэн өгсөн. Хариуцагч тал тухайн тээврийн хэрэгслүүдийг хүлээн авч ББСБ-ын барьцаанд тавьж үрэгдүүлсэн. Ингэж тээврийн хэрэгслүүдийг ББСБ-аас авч чадаагүй тул хамтран ажиллах гэрээ хэрэгжих бодит боломжгүй байдал үүссэн.

Энэ асуудлаар эрүүгийн хэрэг үүсээгүй ба хэрэг бүртгэлтийн хэрэг нээгдэн шалгагдаж байгаад гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр хэрэг хаагдсан тул шүүхэд нэхэмжлэл гаргасан. Хэргийн 35 дахь талд н.Т-н ...бид Э.Э-этэй хамтран ажиллах гэрээ байгуулж ажилласан ба энэ гэрээний дагуу ажил зохих ёсоор цааш үргэлжилнэ гэж бодож байна гэж, П.О-ийн ...хог тээвэрлэх зориулалтын 4 ширхэг тээврийн хэрэгсэл, өргөх краныг Э.Э-ээс аваад банк бус санхүүгийн байгууллагын барьцаанд тавьж мөнгийг нь авч Э б- ХХК-ийн өмнөх өр болон урсгал зардлыг төлж дуусгахад зарцуулсан гэсэн гэрчийн мэдүүлэг бий. Эдгээр баримтуудаар талуудын хамтран ажилласан болох нь тогтоогдсон. Шүүх эдгээр баримтуудыг үндэслэл бүхий дүгнэж хэргийг шийдвэрлэсэн тул шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хариуцагч нарын гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянан үзэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т зааснаар шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2. Нэхэмжлэгч Э.Э-э нь хариуцагч Э б- ХХК, П.О- нарт холбогдуулан хамтран ажиллах гэрээнээс татгалзаж, гэрээнээс татгалзсны үр дагаварт 4 ширхэг тээврийн хэрэгслийн гааль, татварт 6,703,660 төгрөг, тээврийн зардалд 24,388,104 төгрөг, кран суурилуулах зардалд 7,000,000 төгрөг, 4 ширхэг тээврийн хэрэгслийн үнийн зөрүүнд 21,383,600 төгрөг, Хас банк ХХК-аас авсан зээлийн хүүнд 28,227,800 төгрөг, нийт 87,703,164 төгрөг төлснийг хариуцагч нараас хувь тэнцүүлэн гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ. /хх.1-3, 138-139/

 

3. Хариуцагч Э б- ХХК нь Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах дэд хөтөлбөрийн хүрээнд алслагдсан дүүрэг, хороодод зориулсан бага оврын хог шатааж, устгах технологи нэвтрүүлэх, хог хаягдлыг шинэ технологиор богино хугацаанд ачиж цуглуулах, тээвэрлэх ажлыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албатай хамтран хэрэгжүүлэхээр тохиролцсон. Энэ ажлын хүрээнд зохигч Э б- төслийг хэрэгжүүлэн хамтран ажиллахаар 2018 оны 10 сарын 31-ний өдөр Э б- ХХК, Япон Улсын хуулийн этгээд Er-Folg компани нар хамтын ажиллагааны санамж бичиг байгуулж, Э б- ХХК-ийг төлөөлж Т.Т-, П.О- нар, Япон улсын Er-Forg компанийг төлөөлж Казухиро Матсумото, Э.Э-э нар гарын үсэг зуржээ.

 

4. Дээрх тохиролцооны дагуу нэхэмжлэгч Э.Э-э нь Япон улсаас хог тээвэрлэх зориулалт бүхий Исүзү Элф /Isuzu Elf/, Мицибуши кантер 2 ширхэг /Mitsubishi Canter/, Хино Ранжер /Hino Ranger/ маркийн 4 ширхэг тээврийн хэрэгсэл, өргүүрийг 2018 оны 12 сарын 26-ны өдрөөс 2019 оны 01 сарын 10-ны өдрийн хугацаанд улсын хилээр оруулж ирсэн үйл баримт тогтоогдож байна. Зохигч энэ талаар маргаагүй.

 

5. Зохигчийн хооронд Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт заасан хамтран ажиллах гэрээний харилцаа үүссэн талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ. Зохигчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, тайлбар болон цагдаагийн байгууллагад өгсөн гэрчийн мэдүүлгээр талууд дээрх ажлыг хэрэгжүүлж хамтран ажиллахаар тохиролцсон нь тогтоогдож байна. Талууд хамтран ажиллаж тодорхой зорилгод хүрэхээр тохиролцохдоо бичгээр гэрээ байгуулаагүй, амаар хэлэлцэн тохиролцсон нь Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.2 дахь хэсэгт нийцнэ.

Иймд талууд хамтран ажиллах гэрээг байгуулаагүй, хариуцагч нар хамтын үйл ажиллагаатай холбоотой үүргийг нэхэмжлэгчийн өмнө хүлээгээгүй гэх хариуцагч нарын давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.

 

6. Нэхэмжлэгч хамтын ажиллагааны үүргээ биелүүлж дурдсан тээврийн хэрэгслүүдийг импортоор оруулж ирсэн боловч хариуцагч нар Улаанбаатар хотын алслагдсан дүүрэг, хороодод хогны менежментийг хэрэгжүүлэхээр тохиролцсон үүргээ биелүүлээгүй байна. Энэ талаар хариуцагч нарын тендерийн санхүүжилт орж ирээгүй, хотын удирдлага солигдсон гэх шүүхэд гаргасан тайлбар, цагдаагийн байгууллагад өгсөн мэдүүлгээр нотлогдсон байх бөгөөд Иргэний хуулийн 480 дүгээр зүйлийн 480.1.4-т зааснаар зохигчийн хамтын үйл ажиллагаа дуусгавар болжээ.

 

7. Хамтын үйл ажиллагааг бодитой хэрэгжүүлж эхлээгүй байхад хамтран ажиллах гэрээ дуусгавар болсноор гэрээний оролцогч Э.Э-ээс гарсан зардал, учирсан хохирлыг талууд Иргэний хуулийн 480 дүгээр зүйлийн 480.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нарт хувь тэнцүүлэн хариуцуулах үндэслэлтэй байна. Нэхэмжлэгч нь хамтын үйл ажиллагаанд зориулан 4 ширхэг хог тээвэрлэх зориулалттай тээврийн хэрэгсэл, өргүүрийг импортоор оруулж ирсэнтэй холбоотой зардал, хохирлоо Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нараас шаардах эрхтэй.

Нэхэмжлэгч нь Япон улсаас 4 ширхэг тээврийн хэрэгслийг импортоор оруулж ирэхдээ гааль, татвар, тээврийн зардал, үнийн зөрүүг төлсөн тухай 2018-2021 онд гаалийн бүрдүүлэлт хийсэн барааны лавлагаа, Ашли ХХК-ийн 2019 оны 01 сарын 15, 02 сарын 28, 04 сарын 10, 2022 оны 02 сарын 11-ний өдрийн орлогын баримтын тасалбар, мөн оны 08 сарын 21-ний өдрийн хоорондын тооцоог дуусгавар болгосон Er-Forg компанийн албан бичиг зэргээр тус тус тогтоогджээ. /хх.18-21, 124-129, 132/

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримт, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотолсон байдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлж дээрх нэхэмжлэгч С.Эрдэнэ нь тээврийн хэрэгслүүдийн гаалийн татварт 6,703,660 төгрөг, тээврийн зардалд 24,388,104 төгрөг, 4 ширхэг автомашины үнийн зөрүүнд 21,383,600 төгрөг, нийт 52,475,364 төгрөг төлсөн нь тогтоогдсолн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй болжээ

8. Хариуцагч П.О- нь цагдаагийн байгууллагад шалгагдаж байх хугацаанд нэхэмжлэгчид 109,000,000 төгрөг төлснөөр энэ талаархи өр төлбөр дууссан гэх үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан нь дээрх зардал, хохиролд хамаарахгүй байна. Учир нь хариуцагч П.О-, нэхэмжлэгч Э.Э-э нар 2019 оны 02 сарын 27-ны өдөр Х х-ББСБ ХХК-тай зээлийн гэрээ байгуулж, уг 4 ширхэг тээврийн хэрэгслийг барьцаалж 100,000,000 төгрөгийн зээлийг П.О- авсан, зээлдэгч зээлээ төлөөгүйн улмаас ББСБ нь барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулсантай холбоотой 4 ширхэг тээврийн хэрэгсэл, өргүүрийн үнийг хариуцагч П.О-, нэхэмжлэгч Э.Э-эд төлсөн нь Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 сарын 14-ний өдрийн 1301 дугаар шүүгчийн захирамж, Чингэлтэй дүүргийн Прокуроын газрын 2021 оны 11 сарын 23-ны өдрийн 1155 дугаартай прокурорын тогтоолоор нотлогджээ. /хх 30-31/

 

9. Зохигч хамтран ажиллах гэрээг байгуулсан, гэрээний оролцогч Э б- ХХК-аас шалтгаалан хамтын үйл ажиллагаа хэрэгжээгүй байх тул хуульд зааснаар хамтын үйл ажиллагааны явцад бий болсон үүргээс хариуцагч Э б- ХХК чөлөөлөгдөхгүй, өөрт ногдох үүргийг хувь хариуцах үүрэгтэй. Иймд хариуцагч Э б- ХХК нь тээврийн хэрэгслийг ашиглах, барьцаалах, худалдахад оролцоогүй гэх агуулгаар гаргасан гомдлыг хүлээн авахгүй бөгөөд нэхэмжлэгчээс гарсан зардал, хохирлыг хариуцагч П.О-ийн хамт хариуцах үүрэгтэй байна.

 

10. Иймд дээрх үндэслэлээр, талууд хамтран ажиллах гэрээний харилцаа үүссэн үйл баримт тогтоогдоогүй байхад анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж, үндэслэлгүй шийдвэр гаргасан гэж давж заалдах гомдол гаргасан хариуцагч нарын гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 сарын 06-ны өдрийн 183/ШШ2023/00447 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч П.О-ийн төлсөн 290,000 төгрөг, хариуцагч Э б- ХХК-ийн төлсөн 289,139 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦОГТСАЙХАН

 

ШҮҮГЧИД Г.ДАВААДОРЖ

 

Э.ЭНЭБИШ