Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 10 сарын 13 өдөр

Дугаар 183/ШШ2023/03193

 

 

 

 

2023 оны 10 сарын 13 өдөр

Дугаар 183/ШШ2023/03193

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

   Нэхэмжлэгч: 

Хариуцагч: 

Мобикомын 9хххххххх дугаарын эзэмших эрхийг буцаан шилжүүлэхтэй холбоотой баримт бичиг гаргуулахыг даалгах тухай иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Б, Б.Н

хариуцагч Г.Т,

хариуцагчийн өмгөөлөгч Б.,

гэрч С.Г

нарийн бичгийн дарга Э.Энхжаргал нар оролцов.

Нэхэмжлэлийг 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авав.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч ОО ХХК хариуцагч Г.Тт холбогдуулан мобикомын 9хххххххх дугаарын эзэмших эрхийг буцаан шилжүүлэхтэй холбоотой баримт бичиг гаргуулахыг даалгахаар шаарджээ.

   1.а. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: ОО ХХК-ны захирал Ц.М нь МУ-ын иргэн Г.Т й тохиролцож, 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдөр гэрээ байгуулан 55 000 000 төгрөгийг бэлнээр авч, Мобикомын 9хххххххх дугаарын эзэмших эрхийг Г.Тт шилжүүлж өгсөн. Анх Г.Ттэй тохиролцохдоо манай компанийн эзэмшиж байсан Мобикомын 9хххххххх дугаарыг шилжүүлж аваад дараа нь нэмж мөнгө өгнө гэсэн боловч одоо болтол төлбөрөө бүрэн хийгээгүй байгаа юм. Г.Т 9хххххххх дугаарыг өндөр үнээр бусдад дамлан борлуулах зорилготой гэж хардаж байгаа бөгөөд одоо болтол уг дугаар холбогдох боломжгүй байгаа юм. Г.Т нь тохиролцсондоо хүрэхгүй, төлбөр төлөөгүй учраас бидний хооронд байгуулсан гэрээг хүчингүй болгож, 9хххххххх дугаарыг ОО ХХК-ийн нэр дээр буцааж шилжүүлэх ёстой юм. Г.Ттэй дугаараа буцааж шилжүүлж өг гэж ярихаар утас нь холбогдохгүй манай компанийг шүүхэд өгч, одоогоор Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхээс манай компанийг 20 сая төгрөг төлөх шүүхийн анхан шатны шийдвэр гараад байгаа юм. Энэ шүүх хуралд Г.Тийг гэрчээр оролцуулах шүүгчийн захирамж гарсан боловч энэ хүн ирээгүй юм. Иймд Г.Т й 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдөр байгуулсан 9хххххххх дугаарыг Худалдах, худалдан авах гэрээнээс ОО ХХК татгалзаж байгааг баталж, тус дугаарын эзэмших эрхийг ОО ХХК-д буцаан шилжүүлэхийг шийдвэрлэж өгнө үү. Бидний зүгээс тухайн үеийн байдлаар 9хххххххх дугаарыг ИЭ ХХК-иар үнэлүүлэхэд 70 сая төгрөгөөр үнэлж байсан болно. Иймд ОО ХХК-ийн зүгээс шүүхэд гаргаж байгаа Мобикомын 9хххххххх дугаарын эзэмших эрхийг ОО ХХК-д буцаан шилжүүлэх баримт бичиг гаргуулахыг МУ-ын иргэн Г.Тт даалгах талаар гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

1.б. Нэхэмжлэгчийн төлөөлөгч Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 9хххххххх дугаарыг анх эзэмшиж эхэлсэн бөгөөд ОО ХХК-нд барьцаанд тавиад алдсан юм. Миний хувьд мөнгө нь чухал биш ба дугаараа л авмаар байна. Тус компанид холбогдуулан 20 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан бөгөөд тус компанитай эвлэрч, тохирсон юм. Миний хувьд хохирсон учраас тус компаниас итгэмжлэл аваад орж ирсэн гэв.

2. Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Г.Т нь 2020 оны 5 дугаар сард 9911-ийн дугаар авахаар сонирхож фэйсбүүкээс дугаар авна, зарна гэсэн групп руу орж 9хххххххх гэсэн дугаарыг 60 000 000 төгрөгөөр зарна гэсэн зарын дагуу холбогдоход Тэди төв дээр ирж уулзаарай гэсэн. Тухайн үед хамаатны ах Г той хамт явж байсан бөгөөд Тэди төвийн замын эсрэг талын цайны газарт М гэж хүнтэй уулзсан бөгөөд 60 000 000 төгрөгөөсөө доошоо ярих уу гэхэд 58 000 000 төгрөгт өгч болно гэж хэлсэн. Тэгээд тэр өдөртөө буюу 2020 оны 5 дугаар сарын 21-ний өдөр ТБД андуудын хажууд байрлах Мобикомын салбар дээр очиход Ц.М гэдэг хүн ирж гэрээ шилжүүлэн баримт бичиг үйлдсэн. Үйлчилгээний гэрээ шилжүүлсний дараа гараад манай эгчийн машин болох **** УНЯ дугаартай Range rover маркийн машинд суугаад **** болон М гэх хүмүүст бэлэн 58 000 000 төгрөг тоолж өгсөн. Тухайн үед 9хххххххх гэх дугаар нь 70 000 000 төгрөг гэсэн үнэлгээ байгаагүй, үзүүлээгүй бөгөөд ямар шалтгаанаар надаас мөнгө нэмж нэхэмжилсэн , цааш дамлан борлуулах зорилготой гэж гүтгэсэн, луйвар хийсэн мэтээр гомдол гаргаж байгаа, хувь хүний нууцтай холбоотой мэдээллийг хэрхэн, яаж, хаанаас олж авч нэхэмжлэлд тусгаж, байгааг тодруулах хүсэлтэй байна. Үйлчилгээний гэрээ шилжүүлэх үед болон бэлэн мөнгө өгөхөд хамаатны ах Г той хамт байсан бөгөөд үйлчилгээний гэрээний ар талд иргэн **** нь өөрөө 58 000 000 төгрөг хүлээн авлаа гэж бичиж гарын үсгээ зурсан болно. 2023 онд иргэн Т миний 9ххххххх гэх дугаар луу үл таних хүн залган наад дугаараа буцааж өг, манай дүүгийн барьж байсан дугаар, би атаман, надтай уулз гэж сүрдүүлсэн. 2020 оны 5 дугаар сард тухайн дугаарыг худалдаж авахад М гэх хүн Ц.М ыг дуудаж гэрээ шилжүүлсэн бөгөөд дээрх хүмүүс ямар хамааралтай болохыг мэдэхгүй байна. ОО ХХК-ийн захирал Ц.М нь өөрийн биеэр мөнгөө тоолж авчихаад дахин мөнгө нэхэмжилж байгаад гайхаж байна. Тухайн компани нь иргэдийг иймэрхүү байдлаар залилдаг байж магадгүй гэж хардаж байна. Дугаар худалдан авах үед худалдах, худалдан авах гэрээ хийгээгүй болно. Тухайн үед **** нь Мобиком дээрээс гэрээ шилжүүлж гарч ирсний дараа надад 9ххххххх гэсэн дугаар байна, 70 000 000 төгрөгт авах уу, гэж асууж байсан. Энэхүү дугаарыг би өөрийн мөнгөөр, тухайн үеийн хэлсэн үнэд нь худалдан авсан байхад иргэн Т намайг залилан хийсэн мэтээр гүтгэж нэр хүндийг минь гутаан доромжилсонд гомдолтой байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

3. Нэхэмжлэгчээс 2020.05.21-ний өдрийн *************** дугаар гэрээ шилжүүлэх гэрээ, Мобиком корпораци ХХК-ийн 2021.04.07-ны өдрийн ****** дугаар албан бичиг, хавсралт, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.06.27-ны өдрийн ***** дугаар захирамж, ИЭ ХХК-ийн 2023.01.10-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайлан, депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.08.01-ний өдрийн ***** дугаар захирамж зэргийг ирүүлсэн./хх-ийн 5-11, 24-33, 35/

 

4. Хариуцагчаас 2020.05.21-ний өдрийн *************** дугаар эрх шилжүүлэх гэрээ, үйлчилгээний гэрээ зэргийг ирүүлсэн.

 

5. Шүүх хариуцагчийн хүсэлтээр гэрч С. Г оос мэдүүлэг авсан болно.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангах үндэслэлгүй гэж шүүх үзлээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдөр гэрээ байгуулан 55 000 000 төгрөгийг бэлнээр авч, Мобикомын 9хххххххх дугаарын эзэмших эрхийг Г.Тт шилжүүлж өгсөн. Анх Г.Ттэй тохиролцохдоо манай компанийн эзэмшиж байсан Мобикомын 9хххххххх дугаарыг шилжүүлж аваад дараа нь нэмж мөнгө өгнө гэсэн боловч одоо болтол төлбөрөө бүрэн хийгээгүй байгаа юм. Г.Т нь тохиролцсондоо хүрэхгүй, төлбөр төлөөгүй учраас бидний хооронд байгуулсан гэрээг хүчингүй болгож, 9хххххххх дугаарыг ОО ХХК-ийн нэр дээр буцааж шилжүүлэх ёстой юм. гэж тайлбарлажээ.

2. Хариуцагч татгалзлын үндэслэлээ ...Миний бие Г.Т нь 2020 оны 5 дугаар сард 9хххххххх гэсэн дугаарыг 60 000 000 төгрөгөөр зарна гэсэн зарын дагуу холбогдож Тэди төвийн замын эсрэг талын цайны газарт М гэж хүнтэй уулзаж, үнийг 58 000 000 төгрөгт өгч болно гэж хэлсэн. Тэгээд тэр өдөртөө буюу 2020 оны 5 дугаар сарын 21-ний өдөр ТБД андуудын хажууд байрлах Мобикомын салбар дээр очиход Ц.М гэдэг хүн ирж гэрээ шилжүүлэн баримт бичиг үйлдсэн. Үйлчилгээний гэрээ шилжүүлсний дараа гараад манай эгчийн машин болох **** УНЯ дугаартай Range rover маркийн машинд суугаад **** болон М гэх хүмүүст бэлэн 58 000 000 төгрөг тоолж өгсөн. гэж маргажээ.

3. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон зохигч талуудын тайлбар, гэрч С. Г ын гэрчийн мэдүүлэг зэргээс дараах үйл баримт тогтоогдож байна.

4. Нэхэмжлэгч ОО ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд буюу гүйцэтгэх захирал нь Ц.М болох нь улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож байх ба Мобиком ХХК-ийн Гэрээ шилжүүлэх баримтыг, Үйлчилгээний гэрээг хариуцагч Г.Тт хэрэгт нотлох баримтаар ирүүлсэн байна.

5. Мобиком корпораци ХХК-ийн 2020 оны 05 сарын 21-ний өдрийн Гэрээ шилжүүлэх баримтад ****** тоот гэрээний дугаартай ОО ХХК-ийн хүсэлтээр *** дугаартай албан бичгийг үндэслэн 2020 оны 05 сарын 21-ний өдөр дараах үйлчилгээг тоот гэрээний дугаартай Гансүхийн Т т шилжүүлэв. Утасны дугаар 9хххххххх ..., шилжүүлж байгаа хэрэглэгчийг төлөөлж ОО ХХК-ийг төлөөлж Ч.М , нягтлан бодогч Д.Б , шилжүүлэн авч байгаа хэрэглэгчийг төлөөлж Г.Т нар гарын үсэг зурсан баримт хэрэгт авагдсан байна.

5.а. Дээрх № *************** дугаар баримтыг үндэслэн 2020 оны 5 дугаар сарын 21-ний өдөр хариуцагч Г.Т, Мобиком корпораци ХХК нарын хооронд Үйлчилгээний гэрээ байгуулагдсан байх ба уг гэрээний ар талд 58 сая төгрөг хүлээн авлаа. **** 9хххххх, 2020.05.21 гэж бичигджээ.

5.б. Эдгээрээс дүгнэхэд хариуцагч Г.Т нь 2020 оны 05 сарын 21-ний өдөр мобикомын 9хххххххх дугаарын өмчлөгч болж, талуудын хооронд байгуулагдсан 2020.05.21-ний өдрийн гэрээ бүрэн хэрэгжиж, биелэгдэж, дуусгавар болсон үйл баримт тогтоогдож байх ба Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзнэ.

6. Харин нэхэмжлэгч ОО ХХК-иас мобикомын 9хххххххх дугаарын Г.Т нь худалдан авсан талаар талууд маргаагүй боловч үлдэгдэл төлбөрийг төлөөгүй үндэслэлээр шаардлагаа гаргаж, тухайн үеийн байдлаар 9хххххххх дугаарыг ИЭ ХХК-иар үнэлүүлэхэд 70 сая төгрөгөөр үнэлж байсан гэж, мөн нэхэмжлэлдээ хариуцагчийг 55 000 000 төгрөг төлсөн гэж дурдсан зэрэг нь дараах үндэслэлгүй байна.

Тодруулбал хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон талуудын тайлбар, гэрч С. Г ын мэдүүлэг зэргээс нэхэмжлэгч ОО ХХК нь маргаан бүхий мобикомын 9хххххххх дугаарыг 58 000 000 төгрөгөөр худалдсан болох нь тогтоогдож байх ба нэхэмжлэгч тал анх 70 000 000 төгрөгөөр тохирсон, үнийг дутуу төлсөн талаараа баримтаар нотлоогүйн дээр, өөр шүүхийн ажиллагаанд гаргуулж байсан Хөрөнгийн үнэлгээний тайланг хэрэгт ирүүлсэн баримт нь уг нэхэмжлэлийн шаардлагад хэрхэн хамааралтай нь ойлгомжгүй, тодорхойгүй байна.

7. Түүнчлэн Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-т Хуульд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүйгээр зааснаас бусад тохиолдолд өөр этгээдээс ямар нэг үйлдэл хийх буюу хийхгүй байхыг шаардах эрх хөөн хэлэлцэх хугацаатай байна, мөн хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил гэж заажээ.

Өөрөөр хэлбэл, мобикомын дугаар худалдах, худалдан авахаар мөнгө шилжүүлсэн 2020 оны 5 дугаар сарын 21-ний өдрөөс хөөн хэлэлцэх хугацааг тооцон үзэхэд шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл 3 жил 5 сар өнгөрсөн байх нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил гэснээр хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж үзэхээр байна.

8. Эдгээрээс дүгнээд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

9. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Г.Төөс мобикомын 9хххххххх дугаарын эзэмших эрхийг буцаан шилжүүлэхтэй холбоотой баримт бичиг гаргуулахыг даалгах нэхэмжлэгч ОО ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ОО ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 507 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Б.МӨНХЖАРГАЛ