Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 183/ШШ2023/01591

 

 

 

 

 

 

 

 

 

 

 2023 оны 05 сарын 12 өдөр                     Дугаар 183/ШШ2023/01591                         Улаанбаатар хот

 

          

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, тус шүүхийн 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: С дүүрэг, 35 тоотод оршин суух, Г овогт Б.Э  /РД:**********/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Х дүүрэг,  87 тоотод оршин суух, Д овогт Г.Н  /РД:*******/-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: нийт 66 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2022 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э,

Хариуцагч Г.Н,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Жавзандулам нар оролцов.

 

                                            ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Б.Э нь хариуцагч Г.Н-д холбогдуулан нийт 66 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1.Миний бие Б.Э нь 2020 оны 9 дүгээр сарын эхээр "ногоон тэжээл зарна" гэсэн фэйсбүүк зарын дагуу анх 99116012 дугаараар Г.Нтай холбогдож уулзсан ба нийт 15 000 ширхэг боодол өвсийг нэг бүрийг нь 8000 төгрөгөөр, 2020 оны 10 дугаар сарын эхээр авахаар тохиролцож 2020 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр 120 000 000 төгрөгийг түүний надад өгсөн Хаан банк дахь 5021683779 тоот данс руу шилжүүлсэн. Тухайн үед бичгээр гэрээ байгуулаагүй ба Г.Н нь өөрийгөө "хуульч, өмгөөлөгч хүн учраас хун хуурч мэхлэх зүйл хийхгүй" гээд үнэмлэхээ үзүүлсэн тул би түүнд итгэсэн. Ингээд 2020 оны 10 дугаар сарын эхээр тохиролцсон хугацаандаа өвсөө авахаар очиход талбайгаас өвсөө хураагаад, бусад худалдан авагчдад өвсөө дөнгөж нийлүүлж эхэлж байсан ба манай захиалсан 15 000 ширхэг өвсийг талбайгаас хурааж бэлтгэж амжаагүй, хэд хоногоос ирээч ээ гэсэн. Тиймээс 10 дугаар сарын дунд хүртэл хүлээж байгаад очсон боловч нэг боодол өвсний үнийг 10 000 болгож нэмснээс гадна боодол өвсний жин багасаж жижгэрсэн байсан. Тиймээс бид тохиролцоонд хүрч чадалгүй 120 000 000 төгрөгөө буцаан авъя гэсэн ба Г.Нгаас тохирсон хугацаандаа өвсөө ч, мөнгөө ч авч чадаагүй учраас өөр газраас бага хэмжээгээр өвс худалдан авч, тээврийн зардал илүү төлж хохирсон. Гэтэл Г.Н нь надад болон миний эхнэр Н.Э-д "өөрт чинь хэрэгтэй байгаа 300 ш өвсийг би үнэгүй өгье", эхнэрт маань "1 000 000 төгрөг егье", та хоёр "хавар 3 дугаар сар хүртэл хүлээчих" гээд 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдөр 16 000 000 төгрөгийг Хаан банк дахь миний 5011141885 тоот данс руу шилжүүлж та хоёрт 1 боодол өвснөөс доод тал нь 4000 төгрөгийн ашиг өгье бусдыг нь би бүгдийг хариуцъя" гэх зэргээр ятгаж, 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр "Хамтран ажиллах гэрээ"  байгуулсан. Улмаар 2021 оны 3 дугаар сар болоход увуулж цувуулж төлсөөр 82 500 000 төгрөг үлдсэн ба Г.Нгийн өөрийнх нь хүсэлтээр 2021 оны 5 дугаар сарын 17-ны өдөр 15 000 ширхэг өвсийг нэг бүрийг нь 5500 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан болно. Г.Н нь дээрх худалдах худалдан авах гэрээг байгуулахдаа "үлдэгдэл мөнгөө энэ жилийн ургацаас төлье. Нэг боодлыг нь 5500-аар бодож өгөхөөр та түрүү жилийн алдагдлаа нөхчихнө" гэж надад хэлсэн. Тус гэрээг нотариатаар гэрчлүүлээд гарч ирэхэд өвс нийлүүлэх хугацааг 2021 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр байсныг Г.Н нь "10 дугаар сарын 15-ны хооронд" гэж гараар нэмж бичиж өгсөн. Ингээд 2021 оны 9 дүгээр сарын сүүл 10 дугаар сарын эхэн үеэр 3 удаа Төв аймгийн Баянцогт сум, Жирмийн цагаан нуур гэх газарт байрлах тариалангийн талбайд очсон. Эхний удаа очиход ногоон тэжээлийг талбайгаас хураагаагүй байсан ба удахгүй хураана гэсэн. 2 дахь удаа очиход өвсөө боож эхэлсэн байсан ба өөрөө талбай дээрээ байгаагүй. 2021 оны 10 дугаар сарын эхээр 3 дахь удаагаа очихдоо ачааны машин, өвс худалдан авах хүнтэйгээ дагуулан очсон боловч "өвсний боодол нь жижиг байна" гээд дагуулж очсон хүн маань голоод явсан. Ингээд Г.Н нь 2021 оны 10 дугаар сарын 15-ны хооронд өвсөө нийлүүлж чадаагүй ба "ажиллах хүчин байхгүйгээс өвсөө хурааж чадахгүй байна, ажиллах хүн олж өгөөч” гэсний үндсэн дээр 2021 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Өвөрхангай аймгаас 5 хүн талбайд ажиллуулахаар зуучилж өгсөн. Мөн тэр өдөр Г.Н нь талбайд байгаа өвсөө өөрөө борлуулж, 90 000 000 төгрөг гаргаж өгөхөөр тохиролцсон ба нэг удаа 30 000 000 шилжүүлсэн ба үлдэгдэл 60 000 000 төгрөгийг өгөөгүй, залгахаар утсаа авахгүй байгаа болно. Миний бие орон гэрээ бусдад барьцаалан сарын 2 хувийн хүүтэй мөнгө зээлж Г.Нд өгсөн ба Г.Н нь худалдах, худалдан авах гэрээний үүргийг удаа дараа биелүүлэлгүй үүрэг, амлалтаа зөрчиж, улмаар харилцан тохиролцож гэрээг цуцалсан боловч надаас авсан мөнгөө эргүүлэн төлөлгүй элдэв арга саам хэрэглэн хугацаа хожиж байгаад гомдолтой байна. Г.Н нь анх надтай 15 000 ширхэг өвсийг боодол тус бүрийг нь 8000 төгрөгөөр худалдахаар худалдах, худалдан авах гэрээ байгуулсан боловч өвсөө авахаар очиход үнээ нэмж, анх тохиролцсон үнээр бараа бэлтгэн нийлүүлэх үүргээ биелүүлээгүй, улмаар мөнгөө буцаан шаардахад худал үнэн ярьж, "хамтран ажиллах гэрээ”-гээр халхавчлан 104 000 000 төгрөгийг маань хүүгүй ашигласан, явцын дунд мөн л "худалдах худалдан авах гэрээ" байгуулсан боловч мөн л бараа бэлтгэн нийлүүлэх гэрээний үүргээ биелүүлээгүй, гэрээг цуцалсан болно. Иймд Г.Нгаас үндэслэлгүй хөрөнгөжсөн 52 500 000 төгрөг, гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөнөөс надад учирсан хохиролд 7 500 000 төгрөг, нийт 60 000 000 төгрөгийг нэхэмжилж байна.

1.2.Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. Хариуцагч Г.Н нь 2021 оны 6 дугаар сарын 17-ны өдөр байгуулсан 15 000 ширхэг өвсийг нэг бүрийг нь 5500 төгрөгөөр нийлүүлэх худалдах, худалдан авах гэрээний үүргээ биелүүлэх боломжгүй болох нь тодорхой болсон тул худалдах худалдан авах гэрээний үнэд анх төлсөн 12 000 000 төгрөгөөс түүний надад шилжүүлсэн 68 400 000 төгрөгийг хасч, үлдэгдэл 51 600 000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Түүнчлэн Г.Н нь гэрээгээр хүлээсэн үүргээ удаа дараа биелүүлээгүй хугацаа хоцроож түүнд төлсөн мөнгийг буцаан өгөхгүй байсны улмаас миний бие бусдад сар бүр 1 200 000 төгрөгийн хүү төлж одоогийн байдлаар зээлдүүлэгч Д.Одмаад 14 400 000 төгрөг төлж хохироод байна. Иймд Г.Нгаас миний түүнд төлсөн 51 600 000 төгрөгийг надад учруулсан хохирол болох 14 400 000 төгрөгийн хамт нийт 66 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна.  

1.3.Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Анх тухайн нэхэмжлэлийг 2022 оны 1 дүгээр сард шүүхэд гаргасан. Хариуцагчийн оршин суугаа газар тодорхойгүй гэх үндэслэлэээр хэргийг хэрэгсэхгүй болгосон. Дахин шүүхэд нэхэмжлэл гаргаж, 2022 оны 3 дугаар сард хэрэг үүссэн. Б.Э нь 2020 оны 9 дүгээр сарын эхээр ногоон тэжээл зарна гэсэн фэйсбүүк зарын дагуу анх 99116012 гэсэн дугаартай Г.Н руу холбогдож уулзсан ба нийт 15 000 боодол өвсийг нэг бүрийн үнийг 8000 төгрөгөөр, 2020 оны 10 дугаар сарын эхээр авахаар тохиролцож, 2020 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр 120 000 000 төгрөгийг 5021683779 Хаан банкны данс луу шилжүүлсэн. Тухайн үед бичгээр гэрээ байгуулаагүй ба Г.Н нь өөрийгөө хуульч өмгөөлөгч хүн учраас, хүн хуурч мэхлэх зүйл хийхгүй гэж үнэмлэхээ үзүүлсэн тул түүнд итгэсэн байдаг. Ингээд 2020 оны 10 дугаар сарын эхээр тохиролцсон хугацаанд өвсөө авах гээд очиход талбайгаас өвсөө хураагаад бусад захиалагч нарт өвсөө өгч байсан боловч нэхэмжлэгчийн захиалсан 15 000 боодол өвсийг талбайгаас хурааж, бэлдэж амжаагүй байсан. Хэд хоногоос ирнэ үү гэж хэлсэн. Тэгэхлээр нь хэд хоног хүлээж байгаад 10 сарын дундуур очиход, нэг боодол өвсний үнийн дүн 10 000 төгрөг болгон нэмсэн бөгөөд боодол өвсний жин багасаж жижгэрсэн байсан. Тиймээс тохиролцоонд хүрч чадалгүй, 120 000 000 төгрөгөө буцаан авах гэсэн ба Г.Нгаас тохирсон хугацаанд өвс, мөнгө авч чадаагүй учраас, өөр газраас өвс авч тээврийн зардал төлж хохирсон байдаг. Гэтэл Г.Н нэхэмжлэгч, түүний эхнэрт 300 ширхэг боодол өвс үнэгүй өгье, 1 000 000 төгрөг өгье та хоёр хавар 3 сар хүртэл хүлээнэ үү гэсэн. 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хаан банк дахь  50111418885 тоот данс руу 16 000 000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд улмаар 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хамтран ажиллах гэрээ байгуулья гээд байгуулсан байдаг. Улмаар 2021 оны 3 дугаар сар болоход увуулж, цувуулж төлсөөр 82 500 000 төгрөг үлдсэн ба Г.Нн өөрийн хүсэлтээр 2021 оны 6 дугаар сарын 17-ны өдөр 15 000 ширхэг боодол өвсийг нэг бүрийн үнийг 5000 төгрөгөөр худалдах худалдан авах гэрээ байгуулсан. Г.Н нь дээрх худалдах худалдан авах гэрээг байгуулахдаа үлдэгдэл мөнгийг энэ жилдээ төлнө. Нэг боодол өвсийг 5500 төгрөгөөр бодож өгөхөөр та түрүү жилийн алданги мөнгөө нөхөж олчихно гэж хэлсэн байдаг. Түүнээс нэхэмжлэгч энэ олон гэрээ байгуулаад байгаагийн учрыг нь ч олоогүй. Тус гэрээг нотариатаар гэрчлүүлээд гарч ирэхэд өвс нийлүүлэх хугацааг 2021 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр байсныг 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн хооронд гэж гараар нэмж бичсэн. Ингээд 2021 оны 9 дүгээр сарын сүүл 10 дугаар сарын эхэн үеэр гурван удаа Төв аймгийн Баян-Цогт сум Ширмийн цагаан нуур гэх газар очсон. Эхний удаа очиход ногоон тэжээлийг хураагаагүй байна удахгүй хураана гэсэн. Хоёр дахь удаа очиход өвсөө хурааж эхэлсэн байсан ба өөрөө талбай дээр байгаагүй, 2021 оны 10 дугаар сарын эхээр оччиход гурав дахь удаагаа, ачааны машин, ачаа ачих хүнтэйгээ очсон. Ингээд Г.Н нь гэрээнд заасан хугацаанд өвсөө нийлүүлж чадаагүй ба ажиллах хүчин байхгүйгээс өвсөө хурааж чадахгүй байна. Ажиллах хүн олж өгөөч гэж хэлсний үндсэн дээр 2021 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Өвөрхангай аймгаас 5 хүн талбайд ажиллуулахаар зуучилж өгсөн, өвсөө л авахын тулд ажилд нь тусласан болохоос хамтран ажиллаад байгаах агуулга бол биш. Мөн тэр өдөр Г.Н нь талбайд байгаа өвсөө хурааж, 90 000 000 төгрөг гаргаж өгөхөөр тохиролцсон бөгөөд нэг удаа 30 000 000 төгрөг шилжүүлсэн. Үлдэгдэл 60 000 000 төгрөгийг өгөөгүй, залгахаар утсаа авахгүй байсан. Гэтэл нэхэмжлэгч хүнээс хүүтэй мөнгө зээлсэн, мөнгө зээлж Г.Н өгсөн ба Г.Н нь худалдах худалдан авах гэрээний үүргээ удаа дараа зөрчиж, улмаар харилцан тохиролцож гэрээг цуцалсан боловч, авсан мөнгөө эргүүлж төлөөгүй, хугацаа хожиж байна. Г.Н анх 15 000 ширхэг боодол өвсийг нэг бүрийг 8000 төгрөгөөр худалдахаар, худалдах худалдан авах гэрээ байгуулсан боловч, анх тохиролцсон үнээс үнэ нэмж бараа бэлтгэн нийлүүлэх үүргээ зөрчсөн. Улмаар мөнгөө буцаан шаардахад худал үнэн ярьж, хамтран ажиллах  гэрээгээр халхавчлан 104 000 000 төгрөгийг хүүгүй ашигласан. Явцын дунд мөн л бараа бэлтгэн нийлүүлэх үүргээ биелүүлээгүй, Г.Нгийн дээрх үйлдлүүдээс болж нэхэмжлэгч бусдаас зээлсэн мөнгөө өгч чадахгүй, сар бүр 1 200 000 төгрөгийн хүү төлж хохирч байна. Г.Н нь 2021 оны 6 дугаар сарын 17-ны өдөр байгуулсан 15 000 ширхэг боодол өвсийг нэг бүрийг нь 5500 төгрөгөөр нийлүүлэх, худалдах худалдан авах гэрээний үүргээ биелүүлэх боломжгүй болсон тул худалдах худалдан авах гэрээний 120 000 000 төгрөгөөс шилжүүлсэн 68 400 000 төгрөгийг хасаж үлдэгдэл 51 600 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэсэн нэхэмжлэл гаргасан. Түүнчлэн Г.Н нь гэрээний үүргээ удаа дараа зөрчиж, мөнгийг буцаан өгөхгүй байсны улмаас сар бүр хүнд 1 200 000 төгрөгийн хүү төлж, одоогийн байдлаар зээлдэгч н.Одмаад 14 400 000 төгрөгийн хүү төлж хохирч байна. Иймд түүнд төлсөн 51 600 000 төгрөг, учруулсан хохирол болох 14 440 000 төгрөгийг нийт 66 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэсэн нэхэмжлэл гаргасан.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасан. Худалдагч тал бараагаа хугацаанд нь бэлтгэн нийлүүлээгүй, хэргийн материалд байгаа данс хуулгаар мөн нотлогдож байгаа. Г.Н нь гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас нэхэмжлэгч нь 39 000 000 төгрөгөөр, 3 000 000 төгрөгөөр 5540443791 тоот дансны эзэмшигчтэй гэрээ байгуулж, өөр газраас өвч авсан байдаг. Хэрэв Г.Н нь хугацаандаа өвсөө нийлүүлсэн бол нэхэмжлэгч нь өөр хүнээс өвс худалдаж авах шаардлага байхгүй байсан. Энэ үйл баримт нь хавтас хэргийн 13 дугаар талд байгаа нэхэмжлэгчийн өөрийнх нь дансны хуулгаар нотлогдож байгаа. Мөн хавтас хэргийн 13 дугаар талд байгаа тээврийн хөлс гэсэн утгатай, 5016444360 тоот данс руу 3 000 000 төгрөгийг шилжүүлсэн. Тэгэхлээр үүнийг яагаад дурдаж байгаа вэ гэхээр Г.Н нь хариу тайлбартаа тээвэр авчирч, барааг хүлээж аваагүй гэх утга агуулга бүхий тайлбар гаргадаг. Гэтэл тухайн дансны хуулгыг харахаар нэхэмжлэгч нь аль хэдийн тээвэрлэгчээ зохицуулчихсан байдаг. 2021  оны 10 дугаар сарын 29-ний өдөр 16 000 000 төгрөгийг нэхэмжлэгчид Г.Нгаас гэсэн гүйлгээний утгатай, шилжүүлсэн байдаг. Энэ нь хавтас хэргийн 15 дугаар талд байгаа. Худалдах худалдан авах гэрээний үүрэг болох 120 000 000 төгрөгийг шилжүүлэх байсан боловч, 16 000 000 төгрөгийг шилжүүлсэн байдаг. Үлдэгдэл 104 000 000 авч чадаагүй. Үүний дараа хамтран ажиллах гэрээ байгуулсан. 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр байгуулагдсан. Хамтран ажиллах гэрээ байгуулах мөртлөө 104 000 000 төгрөгийн хөрөнгө оруулалттай хамтран ажиллах гэрээ гэж байхгүй, хэрэв хамтран ажиллах гэрээ юм бол талууд 50/50 хувиар хөрөнгө оруулалт хийх байсан. Г.Н нь өөрөө хуульч мэргэжилтэй, шүүхэд ажиллаж байсан. Харин нэхэмжлэгч нь жолооч, өнөөдөр эрх зүйн мэдлэг тааруу, ингээд Г.Н нь нэхэмжлэгчийг худалдах худалдан авах гэрээг өөр гэрээгээр халхавчлаад хамтран ажиллах гэрээ болгочихсон. Үүний дараагаар хамтран ажиллах гэрээний хугацааг харвал 2021 оны 3 дугаар сарын 10-ны өдөр хүртэл байгаа. 2021 оны 3 дугаар сарын 18-ны өдөр Г.Нгаас нийт 8 удаагийн шилжүүлэг, 2 000 000 төгрөгөөр нийт 16 000 000 төгрөгийг шилжүүлсэн байдаг. Гүйлгээний утга нь гэрээний буцаалт утга бичсэн байдаг. Хамтран ажиллах гэрээ нь анхнаасаа худалдах худалдан авах гэрээг халхавчлах зорилгоор хийгдсэн. Хүчин төгөлдөр бус гэрээ юм. Анх худалдах худалдан авах гэрээ нь 15 000 боодол өвсийг нэг бүрийн үнийг 5500 төгрөг байхаар тохиролцсон. Цувуулж өгсөн мөнгөнөөс үлдсэн мөнгө нь 82 500 000 төгрөг байсан. Энэ мөнгөн дүн дээр дахин худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан.  Гэрээний 3 дугаар зүйлийн 3.4-т ачилтыг худалдагч тал бүрэн хариуцна гэж заасан. Өөрөөр хэлбэл хариуцагч талбай дээрээс өвсөө хураачихсан. Ачихад бэлэн болгочихсон байх ёстой байсан. Гэтэл тийм байгаагүй, хугацаа хожиж явсан. Талбай дээр ажиллах хүн байхгүй байсан тул Өвөрхангай аймгаас 5 хүн авчирсан үйл баримт байдаг. Энэ нь гэрчүүдийн мэдүүлгээр нотлогддог, хариуцагч өөрөө ч хүлээн зөвшөөрдөг. 9 сард өвсөө бэлдчихсэн байсан бол 10 сар гарчихсан байхад  Өвөрхангай аймгаас 5 хүн авчрах шаардлага гарахгүй байсан. Мөн сая гар утсанд хийсэн үзлэг байна. Миний ах тайван юм аа аваад зарахыг боддоо. 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдөр мөн санаа зоволтгүй гэсэн мессеж байна. Хариуцагч нь өвсөө хураагаагүй, хариуцлагагүй байсан гэдэг нь хэрэгт авагдсан гэрчийн мэдүүлэг, гар утасны мессежинд үзлэг хийсэн үйл баримт, бусад баримтуудаар нотлогдож байна. н.Одмаа гэдэг хүн нь мөнгөө нэхээд нэхэмжлэгч нь гэр бүлээсээ салах дээр тулсан. 2022 оны 1 дүгээр сарын 04-ний өдөр төлбөр барагдуулах гэрээ гэж хийсэн. Үүний дагуу сар бүр 1 200 000 төгрөг төлөөд явж байна. Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага гаргах хүртэл нийт 14 400 000 төгрөгөөр хохироод явж байна. Иймд хариуцагчаас нийт 66 000 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгуулж өгнө үү гэв.

 

            2.Хариуцагч Г.Н нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:  Г.Н би Монгол нутгийн цаг агаарын онцлогоос шалтгаалан жилийн 5-6 дугаар сард тариалж, 9 дүгээр сараас 11 дүгээр сарын 20-н хүртэл хугацаанд тариалсан малын сайн чанарын тэжээл, буудай зэргийг хураан бүтээгдэхүүний онцлогоос хамаарч бороо орохоос өмнө буюу 4 дүгээр сараас өмнө тухайн жилдээ борлуулж дуусдаг юм. Тариан талбай нь хур тунадас их буудаг, хүйтэн сэрүүн хээр талын бүс ихэвчлэн байдаг, гадаа ил талбайд хурааж хадгалдаг тул өвөл ажиллах боломж маш хүнд байдгийг дурдах нь зүйтэй. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгч нь 2020 оны 9 дүгээр сарын эхээр 120 000 000 төгрөгөөр 15 000 ширхэг боодолтой овъёосны ногоон тэжээлийг 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөс Говь-Алтай аймаг руу ачуулахаар тээвэрлэлтээ хариуцахаар болсон ч тээвэрлэлтээ цаг хугацаандаа ирүүлж чадаагүй тул төлбөрийг буцаахаар болж эхний 36 000 000 төгрөгийг данс руу нь хийсний дараа удалгүй эхнэртэйгээ ирж үлдэгдэл мөнгөө авахгүй, үлдэгдэл төлбөртөө ногоон тэжээл аваад танай талбай дээр ирэх онд оруулаад, хавар нь үнэд ороход нь зарая гэж ярихад нь зөвшөөрч хамтран ажиллах гэрээ байгуулсан. Гэрээгээр алдагдал ашгаа хамт хариуцахаар тохиролцож хамтарч ажиллахаар болсон боловч “цар тахлаас үүдэн тээвэрлэх боломжгүй боллоо” хэмээн тээвэрлэж зөөх байсан 15 000 боодол тэжээлийг тариан талбай дээр 2020 оны 11 дүгээр сараас 2021 оны 5 сар гартал миний зүгээс харж хамгаалах болсон. Үүнээс үүдэн 6 сарын хугацаанд 6-7 хүнийг өдрийн 50 000 төгрөгөөр цалинжуулахаас гадна, хоол, орон байрны зардалд би дангаар нийт 60-70 сая төгрөгийн зардал гаргаж буга, мал амьтан, хулгай, гал түймэр зэргээс хамгаалж хавар 2021 оны 5 дугаар сар хүргэсэн. Энэ хугацаанд Б.Э гэх хүн нэг ч ирээгүй. Хавар бороо, нойтон цас ээлжилж орсоноос илжирч чанар нь муудаж, түүнийг тараан хатааж тухай бүр бичлэг хийн нэхэмжлэгчид чатаар явуулж байсан ч хөл хориогоор гарч чадахгүй байна гэх шалтгаанаар тээвэрлэлтээ хийгээгүй. Үүнээс үүдэн ойр хавийн 20 гаран айлын мал, 50 -иад тооны буга, орж ирснээр боодолтой тэжээлүүдийг задалж нураан, үлдсэн нь илжирч, хулганы үүр болоод дууссан. Шинэ тариалалт эхлэхдээ үлдэгдэл нь хавагч, дискэд тээглэн хүндрэл учруулж байсан тул маш их хүн хүч зардал гарган цэвэрлэсэн. Нэхэмжлэгчийн анхны санаа зорилго нь Говь-Алтай аймаг руу зөөх биш тээврийн зардал гаргалгүйгээр хавар малын тэжээл үнэд орох цагийг хүлээн манай талбай дээрээс өөрөө зарах санаа зорилготой байсан нь хожим ойлгогдсон. Үүнээс хойш “салхинд хийсгэж, илжэрч муудсан нь чиний л асуудал” гэж намайг болон эхнэр, хүүхдийг минь заналхийлж, мөнгө өг гэж дарамтлах болсон. Энэ хугацаанд 120 000 000 төгрөгөөс 40 000 000 төгрөгийг шилжүүлсэн байна. 2021 оны 5 дугаар сард 2021 оны намрын захиалга авч эхлэхэд ТБД андуудын урд нотариат дээр ирж уулзаад 2 гараа нийлүүлж залбираад “ ах нь мөнгө өг гэж нэхэхгүй ээ, тэр тэгээд дуусаг, авмааргүй байна, харин ахдаа 15 000 ширхэгийг дахиад нийлүүлчих, тэгж байж ах нь ашиг хийх гээд байна” гэж өөрөө гуйсан тул тухайн үед 1 ширхэг тэжээлээс 2000-3000 төгрөгийн алдагдалтай ч зөвшөөрч “за яахав яг авах цагтаа л аваарай, би ч танаас хашираад байна шүү” гэж хэлээд өөрийнх нь хүсэлтээр хугацааг нь сунгаад дахин нотариатаар тамга даруулж 15 000 ширхэгийг нийлүүлэхээр гэрээ байгуулсан ч гэрээний дагуу ямар нэгэн төлбөр мөнгө надад шилжүүлээгүй. Ингэхдээ мөн л нэхэмжлэгч тээвэрлэлтээ хариуцахаар заасан. Миний хувьд дээр хэлсэнчлэн улирлын чанартай, цас дарахаас өмнө 10 сард тэртээ тэргүй хураагаад дууссан байдаг юм. Нэхэмжлэгчийн бэлэн болоогүй байсан гэдгийг ямар ч тариалан ч энгийн хүн сонссон ч үнэнд нийцэхгүй зүйл бичжээ. Түүнийг хэлсэндээ хүрдэггүйд нь хаширсан байсан болохоор “хамгийн түрүүнд ачаад өгье, та ачигч олон байвал сайн байна олж ирээрэй гэхэд ачих хүмүүсээ өөрөө даахаар болж асуудалгүй олдоно” гэж надад хэлсэн. Боодолтой тэжээл жижиг байсан гэдэг нь бас үнэнд нийцэхгүй. Нэхэмжлэлд олон зүйлийг худал зохиож бичсэн байна. Малын боосон овьёосны ногоон тэжээл хамгийн багадаа преслэгч техникээс автоматаар 1 боодол нь 20 кг буюу 50 см өргөн, 80 см урттай гардаг. Дагуулж ирсэн хүн нь голоод явсан гэдэг нь худал ярьсан байна. Нэхэмжлэгчийг өөрөө хамгийн жижиг, хөнгөн харагдсанаас нь нэгийг авч явна гэж машиныхаа багаажинд хийж яваад дараа нь 27 кг байна, дажгүй байна “ гэж хэлж л байсан. Мөн би энэ талаар бичлэг хийж явуулахад 1 метр 20 см тэй байгааг харуулсан. Манайх олон худалдан авагчтай тул ер нь хүмүүст үнэнийг нь хэлээд үзүүлдэг юм. Э.Э нь 2021 оны намар манайхыг хангалттай олон ажилчинтай байхад Өвөрхангай аймгаас 6 залууг өөрийнхөө тэжээлийг ачуулах гэж манай ажилчид дээр нэмж авчирсан хэрнээ дахин урьд жил шигээ авч чадахгүй тухай утсаар ярьж, “ах нь тэжээлээ ачихгүйгээр танай талбайд зармаар байна гэсэн. Би түүнийг нь зөвшөөрч чадаагүй. Учир нь би өөрөө өвлөөс өмнө талбай дээрх тэжээлээ зарж дуусахгүй бол дахин түүний аваагүй тэжээлийг харж нэмэлт зардал гарган өвөлжих болоод байсан юм. Тийм болохоор утсаар холбогдон ярьж хэлж, мессежээр хүртэл “гэрээгээ уншлаа, талбай инженер ахтайгаа ч ярилцлаа, та ачаагаа эртхэн авсан нь дээр шүү гэж би маш тодорхой хэлэхэд “за ойлголоо” гэсэн. Би бас талбай дээрээ өөрийнхөө тэжээлийг зармаар байна ч гэж хэлсэн. Гэтэл 2021 оны 10 дугаар сарын өдөр талбай дээр ирээд манай ажилчид, тракторын жолооч, прес боогч нартай хэрэлдэн зодолдох гээд байхад нь би болиулаад гэрт оруулж ярилцсан. Энэ ярилцлагаар 15 мянган боодол захиалсан 2021 оны гэрээний төлбөрт ямар ч мөнгө төлөөгүй хэрнээ өнгөрсөн жилийн явдлаас 30 сая төгрөг өгчих тэгээд салья, харин миний авчирсан 6 хүнийг ахын дүү ядаж 1 сар ажиллуулаад зардлыг нь даачих тэдэнд тоглоом шоглоом болно гэснийг нь зөвшөөрч би авчирсан хүмүүсийг орон байр, хоол унд, цалингаар ханган 1 сар ажиллуулаад явуулсан. Тэр залуус одоо ч холбоотой байдаг. Хаанаас 90 000 000 төгрөг гаргаж яриад байгаа нь огт үндэслэлгүй байна. Харин 2022 онд 30 000 000 төгрөг шилжүүлсэн даруй шүүхэд нэхэмжлэл гаргасан байдаг юм. Нийт 120 000 000 төгрөгөөс 66 000 000 төгрөгийг, мөн 1 000 000  төгрөг, 2022 оны шинэ он гарахад 500 000 төгрөг, хамтран ажиллах гэрээ байгуулсан өдөр, мөн 3 000 000 төгрөгийн ногоон тэжээлийг түүнд өгсөн. 15 000 ширхэгээс ердөө 300 ширхэгийг ирж ачуулсан. Хэдийгээр би нэхэмжлэгчээс шалтгаалан хамтдаа алдагдалд орсон ч түүний хэлсэн төлбөрийг цаг хугацаанд нь шилжүүлж дууссан. Иймд нэхэмжлэгч нь хамтран ажиллах болон худалдах худалдан авах гэрээний үүргээ биелүүлээгүй тул түүний гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирлыг хариуцахгүй тул нэхэмжлэлийг шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

            2.1.Б.Эын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Энэ үйл явдалд гурван гол зүйл байдаг. Түүний эхнийх нь гэвэл нь 2020 оны 9 дүгээр сарын гэрээ болон, 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн үйл баримт. 2020 оны 6 дугаар сарын 17-ны ногоон тэжээл худалдах, худалдан авах гэрээ гэсэн гурван том үйл баримтын тухай юм. 2020 оны гэрээ нь ямар нэгэн бичгээр хийгдээгүй, тухайн үед намайг нэхэмжлэгч нь асууж сурагласаар байгаад Дүнжингарав худалдааны төв дээр байхад ирж уулзсан. Гэрээ хийнэ гэдгээ хэлсэн. Он сарыг нь сайн санахгүй байна 9 сард мөнгө шилжүүлсэн. Хариуцагч би иргэнийхээ хувиар Төв аймгийн Баян-Цогт сум Ширмийн цагаан нуур гэх газарт ногоон тэжээл тарьж боловсруулж, зардаг ийм ажил хийдэг. Үүн дээр нэхэмжлэгч тодруулга хийх нь зүйтэй. Ногоог тэжээл гэж нэг ярьдаг, өвс гэж мөн ярьдаг. Энэ хоёрын ялгаа нь өвс нь байгаль дээр өөрөө ургадаг бол ногоон тэжээл нь хүний гараар боловсруулагдаж, тариалж ургадаг. Овьёосны үр тариагаар усалж, арчилж, дахин дахин ажиллагаа хийсний үндсэн дээр ургадаг, дараа нь хурааж авдаг малын тэжээл юм. Энэ үйл ажиллагаа 3 дугаар сараас эхлэн газар гэсэхээр эхэлж 4 дүгээр сараас газраа хагалж, 6 сарын дундуур гэхэд үр тариагаа тариалж дуусаад үүнийгээ 9 дүгээр сарын дундуур, хурааж авдаг. 45 хоногийн хугацаанд хураадаг өвс биш маш их арчилгаа шаардаж, хөлс хөдөлмөрийн дүнд бий болдог ногоон тэжээл юм. Гэтэл нэхэмжлэгч нь үүнийг анхнаасаа буруу  ойлгоод явсан. Би тайлбарлаж хэлээд, тариан талбайгаараа дагуулж явсан. 120 000 000 төгрөг шилжүүлэхдээ 15 000 боодол ногоон тэжээл, нийлүүлээчээ, би бүх унаа тэргээ бэлдээд, ачилцахад бэлэн гэсэн. Энэ талаар бүгд амаар хэлсэн, бичгийн үйл баримт байхгүй, тэгээд Б.Э ахад хэлсэн. Манайх 5,6 сард захиалга дуусчихдаг. Та нэлээд оройтсон учраас, таны ногоон тэжээл, 10 сарын сүүлээр гарна шүү гэдгийг хэлсэн. Тэгсэн за ойлголоо,танай ногоон тэжээл янзын сайхан ургаж байгаа юм байна гээд явсан. Тэгсэн чинь  2020 оны 10 дугаар сарын 02-ны өдөр анхны цас орсон. Анхны цас ороод хайлчихдаг. Ногоон тэжээлийг боочихсон байдаг учраас, ямар ч аюул бага байдаг. Чийг дотогшоо нэвтрэхгүй гэсэн үг юм. Анхны цас нь 2,3 удаа орно. Энэ өдөр Б.Э ах нь би ийм илжирсэн ногоон тэжээл авахгүй, тэгэхлээр үгүй ээ ахаа ногоон тэжээл чинь ийм байдаг юм. Та хүрч ирж харж болно гэсэн. Тэгээд ирж үзсэн зүйл байхгүй байж би чиний илжирсэн ногоон тэжээлийг авахгүй, мөнгө төгрөгөө авъя гэсэн. Та ингэхгүй ээ энд чинь маш их хөдөлмөр ордог юм шүү гэж хэлсэн тэгээд таг болчихсон. Б.Э ахын эхнэр нь  н.Эрдэнэ-Оюу эгч ирсэн дараа нь ирээд 3,4 гэрээр ороод, манай оффист хоол унд идэж, бид  хэд ярилцсан. Энэ өвсийг Говь-Алтай аймаг руу ачих юм гэсэн. Манайх ачих асуудлыг хариуцдаггүй, яагаад гэхлээр зам тээврийн явцад унаж, норчихсон тохиолдолд манай бол ачилтыг хариуцахгүй гэдгээ хэлсэн. Б.Э ахад зориулж би ногоон ачигч авчирсан байсан. Энэ талаар би ярьдаггүй, 27 000 000 төгрөгөөр автоматаар ажилладаг ямар ч хүний оролцоо шаардлагагүйгээр, Б.Э ах өөрөө маш их баярлалаа гэж хэлж байсан. Б.Э эгч хэлж байсан ах чинь буцаад байдаг юм шүү аягүй хэцүү хүн шүү гэж хэлж байсан. Тэгээд явсан яваад удаагүй нэг цаг гаран хугацааны дараа би авахаа болилоо над руу мөнгө буцаагаад хий гэсэн. Тэгээд би бодсон ер нь энэ хүнтэй ажиллана гэж байхгүй юм байна. Ногоон тэжээлээ зарж чадахгүй, муутгачихвал яах вэ, зүгээр мөнгө төгрөгийг нь өгөх бодолтой байсан. Тэгээд би болъё, гэхдээ 120 000 000 төгрөгийг нэг дор хийх боломжгүй байна гэдгээ хэлсэн. Тэгсэн чинь 10 дугаар сарын аравдаар л байх цэнхэр өнгийн приустэй ирсэн. Манай ажилчдын дургүй нь маш их хүрчихсэн байсан тул та эдгээр хүмүүстэй битгий харьцах хэрэггүй, надтай харьц гээд, тариалангийн талбай руу дагуулж очоод та хамгийн жижиг боодолтой, ногоон тэжээлээс сонгоод кг үзээд ав гэсэн. Тэгсэн кг үзэх хил байхгүй гэсэн би өөрөө ногоон тэжээлийг нь аваачиж машиных нь ард нь хийж өгсөн. Түүнээс хойш 7 хоногийн дараа ирээд хамгийн жижиг нь 27 кг байна. Стандартаар бол 20 кг байдаг юм байна гэж хэлсэн. 11 сар гарлаа таг алга болчихсон. Тэгээд 11 сард хотод уулзъя гэсэн би гэрт нь очсон. Хэд хэдэн удаа очсон. Таван шарын Номингийн ард гэж хэлсэн. Зөндөө залгаж байж, утсаа авч, ярьсан. Тэгсэн авч чадахгүй болчихлоо гэсэн. Өвөл ах нь авъя, тэгэх юм бол хавар Говь-Алтайд зарагдчих юм гэсэн. Тэгэхлээр нь би үгүй ээ ахаа, манай тэнд өвөл маш хүйтэн, дээрээс нь мал хашаа давж, орж идчихээд хэцүү байдаг юм гэсэн. Гэтэл Б.Э ах чи тэгүүл надаас  харсан гэх зардал ав, ахдаа тэгж тус болооч гэсэн. Тэгэхлээр нь тэгвэл ах энэ чинь шал өөр зүйл болчихно хоёулаа хамтран ажиллах гэрээ хийе гэсэн. 90 нуруу байгаа хэрэгт зургийг хавсаргасан. 200-300 ширхэгтэй нэг нуруу нь босож байгаа юм. Үүнийг хийхэд бүтэн нэг сарын хугацаа болж байгаа юм. Текникийн зардал, бензин тос бүх зүйлийг нь би өөрөө гаргасан хамтран ажиллах гэрээний дагуу за яахав гэж бодсон. Тухайн тариа талбайг шөнө өдөргүй харахгүй бол буга ороод, үхэр мал орж идчихдэг, хулгайч хулгайлна, гал гарна том газар болохоор байнгын харуул хамгаалалттай байхгүй бол болохгүй. Б.Э ах өөрөө ах нь хоол хүнс, хүмүүст харуулсан мөнгийг нь төлнө гэж хэлсэн.  11 дүгээр сарын 09-нд  хамтран ажиллах гэрээ хийсэн. Хоол унд, өөр бусад зүйл дээр хамтран ажиллах утга агуулга бүхий гэрээг байгуулсан. Тэгээд нэг ч удаа ирээгүй. Хавар зарагдахгүй бол балрах юм байна, ямар ч байсан хамтран ажиллах гэрээтэй юм чинь гайгүй байх гэж бодож байсан. Хавар боллоо 3,4 сар болоход таг Б.Э ах байдаггүй, ерөөсөө ирээгүй, нэг ч удаа утсаар яриагүй, ковидын нөхцөл байдал байсан л байх гэхдээ огт холбоо бариагүй, 4 сард бороо орж ногоон тэжээл чийг авч илжирчхэж байгаа юм. 4 сард газар гэсэхээр хулгана гарч ирээд боочихсон ногоон тэжээлийн мяндсан утаснуудыг нь идчихэж байгаа юм. Тэгэхлээр тарж явчихдаг, ачих гэхээр утас нь тасраад тарж бутарч унаад байдаг. Тухайн үед бичлэг хийгээд, Б.Э ах руу цахим хаягаас явуулсан. Тэгсэн ээлжилж ковид тусаад гар чадсангүй гэсэн. Дараа нь ирэхээр нь би та энэ илжирсэн ногоон тэжээлийг өөрөө ач би мөнгийг нь өгье гэсэн. Дахин маргаж байгаа юм аягүй хэцүү ааштай, өвөл ажилчдын цалин хөлс, хоол унд, бензин тос гэх мэтчилэн маш их мөнгө орсон. Би хамтран ажиллах гэрээний үүргээ билүүлсэн боловч, Б.Э ах байхгүй. Тэгснээ аягүй сонин маш муухай үгтэй цахим зурвасууд явуулна. Миний хүүхдүүд нэг нь 4-р анги, нөгөө нь ой гарантай, гэрийн үүдэнд гахайны толгой өлгөнө. Тэгээд орой нь харсан юм уу хараал болдог юм ш дээ гэж хэлж байсан. Манай эхнэр уурласан энэ юу болоод байгаа юм бэ гэсэн. Тэгэхлээр нь би шууд болъё гэсэн. Хамтран ажиллах гэрээний өдөр буюу 11 дүгээр сарын 09-ны өдөр, морь ямар ч тэжээлгүй болчхоод байна. 300 ширхэг боодол өвсийг Говь-Алтай аймаг руу ачих гэсэн юм гэж хэлсэн. Би за тэгвэл та 300  ширхэг боодол өвч авчих гэж хэлсэн. Гэрээ байгуулагдсан өдөр ахад нь 1 000 000 төгрөг хэрэг болоод байна гэхлээр 1 000 000 дансанд нь шилжүүлж өгсөн. Гэрээний хураамж бүх зардлыг би төлсөн. Өөрийн тооцоогоор 82 500 000 төгрөг гэж ярьж байгаа юм. Гэхдээ яг энэ мөнгөн дүн нь 82 000 000 төгрөг юм. Хамтран ажиллах гэрээний үүргийн бол нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хуулиа сайн мэдэж байгаа учраас үр дагавар, гэрээний зүйлийг бол мэдэж байгаа байх. Түүнээс хойш шинэ жилээр мөнгө асуусан би шилжүүлсэн. Дахин хавар мөнгө асуусан 4 сар хүртэл мөнгө хийсэн. 4 сарын нэг мессеж байгаа уулзсан чинь хүүхдүүд доромжлоод байхаар нь за ах болъё гэсэн. 4 дүгээр сарын 02-ны өдөр надаас мөнгө зээлсэн. Тухайн үед бол бид хоёрын хооронд мөнгөн төлбөрийн өглөг авлаг байхгүй, болчихсон гэж дүгнэсэн. 2021 оны тариалалт эхэлж байгаа юм. Мөн захиалгаар аваад, гэрээгээр хийх гэж ТБД-андууд дээр хэдэн уяач нартай байж байсан чинь Б.Э ах залгаад ахын дүү хүрээд ир гэхээр нь би энд гэрээ хийх гэж байна гэсэн. Тэгсэн за тэгвэл ах нь яваад очъё гэсэн.  Би гэрээгээ 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдөр байсан. Нотариатаас гарч очиж уулзсан тэгсэн Б.Э ах за одоо ахдаа чи 82 500 000 төгрөг өгчих өмнөх гэрээний үлдэгдэл төлбөр гэсэн. Гэтэл би авсан нь үнэн боловч, нэхэмжлэгчийн данснаас 82 500 000 төгрөгийг гүйлгээ хийсэн ямар ч баримт байхгүй, Б.Э ах нь ногоон тэжээлийг 5500 авъя гэсэн. Ногоон тэжээл нь 30 000 төгрөг хүрдэг. Тариалангийн өртөг нь дангаар 7000-8000 төгрөг болдог. Гэхдээ за яахав гээд тантай би худалдах, худалдан авах гэрээ байгууллаа шүү, би 5500 төгрөгөөр бодож өгье гэсэн. Төлбөрийн 82 500 000 төгрөгийг өгсөнд тооцлоо шүү гэсэн. Ийм харилцаа гэж байхгүй шүү дээ. 120 000 000 төгрөгийн хамтран ажиллах гэрээ нь дуусгавар болчихсон гэрээ юм. Тэгээд 6 дугаар сарын 17-нд 104 000 000 төгрөг яригдаж байгаа мөнгөн дүн нь нийт хийсэн мөнгөн дүнгээс хасахаар өөрийнх нь тооцоолсон дүнгээр 82 500 000 төгрөг болж байгаа юм. Дахин би 82 500 000 төгрөг авсан зүйл байхгүй, хамтран ажиллах гэрээний 104 000 000 төгрөгөөс бэлэн авсан мөнгө болон, данс руу шилжүүлсэн мөнгөн дүнг хасахаар 82 500 000 төгрөг болж байгаа юм. Гэрээний дагуу 10 дугаар сард ачих ёстой байсан. 15 000 боодол ногоон тэжээл нь 30-40 орчим Шаланз ачаа юм. Гэтэл ирж аваагүй, оочроороо захиалгаа өгсөн хүмүүс ирж ачаад явсан. Манайх захиалагч  нараа 9 сарын сүүл гэхэд ирж захиалгыг нь ачуулаад явуулдаг. Тэгсэн Б.Э ах ирээд энэ жил мал их тарган орсон байна. Ногоон тэжээл зарагдахгүй юм байна, мөнгө авъя гэсэн. Тэгэхлээр нь би тийм зүйл байхгүй, тэгвэл та бид хоёрын хоорондох тооцоо дуусчихсан байгаа шүү дээ гэж хэлсэн. Хавар захиалга өгөх, намар захиалга өгөх хоёр чинь өөр өөр зүйл,намар мал тарган байдаг. Харин хавар туранхай эцэнгэ байдаг. 6 сард гэрээгээ хийчхээд 10 сард ачих болсон ах нь авахгүй, болилоо гэдэг зүйл байж болохгүй, би гуйсан ирж ачаарай гэж хэлсэн.Одоо та ирж аваач гэсэн. За ойлголоо гэсэн. Би удаа дараа залгасан, мессеж бичсэн, ирж аваач гэж гуйсан, аргадсан өөрийн зүгээс байж болох бүх арга хэмжээг авсан боловч Б.Э ах өөрөө гэрээнийхээ үүргийн биелүүлээгүй. Хүн ёсны хувиар би  хандсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм. Миний тухайд гэвэл гэрээний үүргээ биелүүлсэн, хамтран ажиллах гэрээ дуусгавар болсон гэв.

 

            3.Нэхэмжлэгчээс Хан-Уул дүүргийн татварын хэлтсийн лавлагаа, итгэмжлэл, 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн Хамтран ажиллах гэрээ, 2021 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн Худалдах, худалдан авах гэрээ, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 183/ШЗ2022/09397 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж, мөнгөн шилжүүлгийн баримтууд, иргэний үнэмлэхний хуулбар, 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн Төлбөр барагдуулах гэрээ, Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсийн албан бичиг, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт, оршин суугаа хаягийн лавлагаа, нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт,  /хэргийн 3-33, 64-65, 88-90-р хуудас/ гэсэн баримтуудыг,

хариуцагчаас хариу тайлбар, зурган баримтууд, мөнгө шилжүүлсэн баримтууд, дансны хуулга /хэргийн 42-44, 50-61, 67-79, 91-112-р хуудас/ гэсэн баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

 

Шүүхээс нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр гэрчээр Н.Э-ыг дуудаж мэдүүлэг авсан тэмдэглэл,  хариуцагчийн хүсэлтээр үзлэг хийсэн тэмдэглэл, хариуцагчийн хүсэлтээр гэрчээр Г.Г, Ж. нарыг дуудаж мэдүүлэг авсан тэмдэглэл, хариуцагчийн хүсэлтээр гар утасны мессежид үзлэг хийсэн тэмдэглэл /хэргийн 86, 119-127, 132-133-р хуудас/ гэсэн баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

            1.Нэхэмжлэгч Б.Э-ын нэхэмжлэлээс 51 600 000 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, 14 400 000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

            2.Нэхэмжлэгч нь хариуцагчтай 2020 оны 9 сарын эхээр уулзаж, 15 000 боодол өвс буюу ногоон тэжээлийг 8000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, 120 000 000 төгрөгийг шилжүүлсэн боловч ногоон тэжээл нийлүүлэх үүргээ биелүүлээгүй тул үлдэгдэл 51 600 000 төгрөгийг, үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирол буюу хүүнд шилжүүлсэн 14 400 000 төгрөгийг гаргуулахаар шаардах эрхээ тодорхойлсон.  

            3.Хариуцагч нь нэхэмжлэгчтэй 15 000 боодол ногоон тэжээлийг 120 000 000 төгрөгөөр худалдахаар тохиролцож,  120 000 000 төгрөгийг шилжүүлэн авсан боловч, нэхэмжлэгч өөрөө тэжээлээ ирж авахгүй байснаас чанар муудсан тул хамтран ажиллахаар харилцан тохиролцоод гэрээ байгуулсан, хамтран ажиллах гэрээний үүргээ бүрэн биелүүлж гэрээ дуусгавар болсон, ногоон тэжээлийг ургуулахад зарж борлуулахад талбай дээрээ хадгалахад их хэмжээний зардал гардаг тул зөвхөн ашиг хувиарлахгүй, алдагдлыг хэн аль нь хариуцана гэж үгүйсгэсэн.     

            4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

            4.1.2020 оны 9 сарын эхээр нэхэмжлэгч Б.Э нь хариуцагч Г.Н-тай 15 000 боодол ногоон тэжээлийг нэг бүрийн үнэ 8000 төгрөгөөр худалдан авахаар харилцан тохиролцож, ногоон тэжээлийн үнэд 120 000 000 төгрөгийг 2020 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр хариуцагчид шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн Хаан банкны депозит дансны хуулга, талуудын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна.

            4.2.Мөн 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр нэхэмжлэгч Г.Н, хариуцагч Б.Э нар Хамтран ажиллах гэрээ байгуулж, ногоон тэжээл бэлдэх, борлуулахаар 2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдрөөс 2021 оны 3 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл хугацаагаар хамтран ажиллахаар, хөрөнгө оруулалт 104 000 000 төгрөг байхаар, 1 боодол өвс 8000 төгрөг, үүнээс ашгаа 50, 50 хувиар тооцохоор ашиг алдагдлыг 50, 50 хувиар тооцож хувиарлахаар тохиролцжээ.

4.3.2021 оны 6 дугаар сарын 17-ны өдөр зохигч талууд дахин Худалдах, худалдан авах гэрээ байгуулж, малын тэжээлийн зориулалттай овьёосны прэсс нийт 15 000 ширхэгийг 1 ширхэгийг 5 500 төгрөгөөр буюу худалдагч тал худалдан авагч талд 82 500 000 төгрөгөөр худалдахаар тохиролцож, 2021 оны 6 дугаар сарын 17-ны өдөр худалдагч талын ХХБ-ны 499207055 тоот дансаар мөнгийг хүлээн авсан, худалдагч хөдлөх эд хөрөнгийг 2021 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр Төв аймгийн Баянцогт сум дахь талбай дээр худалдан авагчид хүлээлгэн өгөхөөр заажээ.

            5.Талуудын маргааны зүйл нь худалдах, худалдан авах гэрээний үүрэг дуусгавар болсон эсэх, хамтран ажиллах гэрээ байгуулагдсан эсэх талаар байна, нэхэмжлэгч ногоон тэжээл авахаар тохирч 2020 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр хариуцагчид 120 000 000 төгрөгийг шилжүүлсэн, уг мөнгийг хариуцагч хүлээн авсан болон талууд 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр, 2021 оны 6 дугаар сарын 17-ны өдөр гэрээ байгуулсан, гэрээнд гарын үсэг зурсан талаараа маргаагүй байна.

            6.Зохигт талууд 2020 оны 9 сарын эхээр 15 000 боодол ногоон тэжээлийг нэг бүрийн үнэ 8000 төгрөгөөр худалдан авахаар харилцан тохиролцож, нэхэмжлэгч нь ногоон тэжээлийн үнэд 120 000 000 төгрөгийг хариуцагчид 2020 оны 9 дүгээр сарын 10-ны шилжүүлэн өгсөн талаараа маргаагүй тул талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна гэж үзэв.

6.1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д “худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан бөгөөд нэхэмжлэгч нь хариуцагчид 15 000 боодол ногоон тэжээлийн үнэд 120 000 000 төгрөгийг шилжүүлсэн боловч хариуцагч нь биет байдлын доголдолгүй эрхийн зөрчилгүй эд хөрөнгийг түүний өмчлөлд шилжүүлэх үүргээ биелүүлээгүй гэж нэхэмжлэгч нь ногоон тэжээлийн үнэд шилжүүлсэн 120 000 000 төгрөгнөөс үлдэх 51 600 000 төгрөгийг буцаан шаардсан нь үндэслэлтэй байна.

            6.2.Хариуцагч нь худалдах, худалдан авах гэрээний үүрэг дуусгавар болсон, нэхэмжлэгчтэй хамтран ажиллах гэрээ байгуулж, гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн тул үүрэг дуусгавар болсон гэж маргаж, хамтран ажиллахаар харилцан тохиролцсон болохыг нотлоно гэж хамтран ажиллах гэрээ болон дансны хуулгыг шүүхэд ирүүлсэн, мөн хамтран ажиллаж байсныг нотлоно гэж гэрчээр Г.Г , Ж.Ё нарыг дуудаж мэдүүлэг авахуулсан.

            6.3.Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д “хамтран ажиллах гэрээгээр хоёр буюу түүнээс дээш этгээд хуулийн этгээд байгуулахгүйгээр, ашиг олох болон бусад тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллах үүрэг хүлээнэ” гэж заасан бөгөөд мөн хуулийн 477 дугаар зүйлийн 477.1-д “хамтран ажиллах гэрээний талууд гэрээнд заасны дагуу хураамж төлөх бөгөөд гэрээнд хураамжийн хэмжээг тодорхойлоогүй бол тэнцүү хэмжээгээр хариуцна”, 477.2-д “хураамжийг мөнгөн, эсхүл хөрөнгийн, түүнчлэн үйлчилгээ үзүүлэх хэлбэрээр төлж болно” гэж заажээ.

            6.5.Талуудын хооронд байгуулагдсан хамтран ажиллах гэрээний 3.2-д “хөрөнгө оруулалт 104 сая төгрөг, 1 боодол өвс 8000 төгрөг, үүнээс ашгаа 50, 50 хувь тооцно” гэсэн боловч уг гэрээний хураамж гэх 104 000 000 төгрөг нь нэхэмжлэгчийн хариуцагчид ногоон тэжээл худалдан авахаар шилжүүлсэн 120 000 000 төгрөгний үлдэгдэл болох талаар хэн аль нь маргаагүй тул гэрээний 3.3-д заасан “талуудын төлсөн хураамж нь тэдгээрийн дундаа өмчлөх хөрөнгө байна” гэсэн нь үндэслэлгүй байна гэж дүгнэв.

6.6.Мөн хариуцагч нь хамтын үйл ажиллагаа байсан, ногоон тэжээлийн хадгалалт хамгаалалтыг хариуцсан бөгөөд энэ нь түүний Худалдаа хөгжлийн банкны дансны хуулгаар нотлогдоно, хамтран ажиллах гэрээний үүргээ биелүүлж гарсан зардлыг нотлоно гэсэн боловч хариуцагчийн шүүхэд ирүүлсэн Худалдаа хөгжлийн банкны харилцах дансны 2020 оны 10 дугаар сарын 20-ноос 2021 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн мэдээлэлд авагдсан зарлага нь хамтран ажиллах гэрээний явцад гарсан зардал эсэх нь тодорхойгүй, хариуцагч нь ногоон тэжээл тарьж ургуулах, хадгалах хамгаалах, зарж борлуулах үйл ажиллагааг эрхэлдэг гэж тайлбарласан болно.

6.7.Нэхэмжлэгч нь хамтран ажиллах гэрээний дагуу ажиллах хүч авчирч ажиллуулсан болох нь гэрч нарын мэдүүлгээр тогтоогдоно гэж хариуцагч мэтгэлцсэн бөгөөд нэхэмжлэгч нь хариуцагчид ажиллах хүн хэрэгтэй гэхээр нь зөвхөн зуучилж өгсөн гэж тайлбарласан.       

6.8.Шүүх хуралдаанд гэрч Г.Г “...14 хоног 5000 боодол өвс ачсан, 10 хоног ажилласан цалингаа Г.Н ахаас бүрэн авсан. Б.Э гэх ах бид хоёрыг тосож аваад гэртээ хонуулаад маргааш нь ажиллах газар хүргэж өгсөн. Та нар өвс ачих ажил хийнэ гэж хэлсэн”, гэрч Ж.Ё “...2021 оны 10 дугаар сарын 24-нд анх Төв аймагт газар тариалангийн ажлаар очиж ажиллах болсон. Өвөрхангай аймаг Нарийнтээл гэх сумаас бид тавуулаа гарсан. н.Э ах, н.Н ах хоёр Г.Н гэх хүн дээр очоод ажиллаад өгөөч гэсэн. Хэдий 14 хоног гэсэн нь цаашаа 20 гаруй хоног ажилласан. Тэгээд очоод өвс ачих ажил хийсэн. Ерөнхийдөө бол Б.Э, н.Н нар өвс ачуулна гэж очсон” гэж мэдүүлсэн боловч хэн аль нь хариуцагчийн талбай дээр ажиллаж түүнээс цалингаа авсан гэж мэдүүлсэн, мөн гэрч Н.Э “...анх 300 боодол өвс авах гэж л очсон. Тариалангийн талбайг нь хараад дажгүй байсан тул их хэмжээний өвс авья гэж бодсон. 15 000 боодол өвс авья гэж амаар тохиролцсон, данс руу нь мөнгөө хийсэн. Хамтарч ажиллах талаар мэдэхгүй” гэсэн мэдүүлгээр үгүйсгэгдэж байна.

6.9.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа нэхэмжлэгч нь хариуцагчийг үүргээ биелүүлээгүйгээс бусдаас тэжээл, өвс худалдан авч зардал гаргаж байсан гэж тайлбарласан нь Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар өвч авч байсан болон тээврийн хөлсийг төлж байсан гэдэг нь тогтоогдож байх тул хамтран ажиллах гэрээний харилцаа үүсээгүй гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлтэй байна гэж үзэв. 

            7.Мөн зохигч талууд дахин 2021 оны 6 дугаар сарын 17-ны өдөр Худалдах, худалдан авах гэрээ байгуулсан байх бөгөөд уг гэрээгээр малын тэжээлийн зориулалттай овьёосны прэсс нийт 15 000 ширхэгийг 1 ширхэгийг 5 500 төгрөгөөр буюу худалдагч тал худалдан авагч талд 82 500 000 төгрөгөөр худалдахаар, гэрээний 3.2-д “Төлбөр төлөх нөхцөл хугацаа:2021 оны 6 дугаар сарын 17-ны өдөр худалдагч талын ХХБ-ны 499*****055 тоот дансаар хүлээн авсан”, 3.4-д “Хөдлөх эд хөрөнгө хүлээлгэн өгөх хугацаа: Худалдагч хөдлөх эд хөрөнгийг 2021 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр Төв аймгийн Баянцогт сум дахь талбай дээр худалдан авагчид хүлээлгэн өгнө” гэж харилцан тохиролцсон боловч уг 82 500 000 төгрөгийг нэхэмжлэгч нь хариуцагчид шилжүүлэн өгөөгүй талаар хэн аль нь маргаагүй болно.

            7.1.Иймд хариуцагч нь өмнөх худалдах, худалдан авах гэрээ, хамтран ажиллах гэрээний үүрэг дуусгавар болсон гэсэн атлаа дахин нэхэмжлэгчтэй худалдах, худалдан авахаар гэрээ байгуулаад байгаа нь ойлгомжгүй, гэрээний үнэ болох 82 500 000 төгрөг нь өмнөх ногоон тэжээл худалдах, худалдан авахаар шилжүүлсэн 120 000 000 төгрөгний үлдэгдэл гэх нэхэмжлэгчийн тайлбар нь үндэслэлтэй байна.

            7.3.Хариуцагчаас нэхэмжлэгчид 2020 оны 10 дугаар сарын 29-нд 16 000 000 төгрөгийг /гүйлгээний утга Н-с/, 2020 оны 11 дүгээр сарын 09-нд 900 000 төгрөгийг /гүйлгээний утга Н-с/, 2021 оны 3 дугаар сарын 18-нд 2 000 000 төгрөгөөр, нийт 8 удаагийн гүйлгээгээр 16 000 000 төгрөгийг /гүйлгээний утга ХОГэрээний буцаалт Хаанаас:Н/, 2021 оны 4 дүгээр сарын 02-нд 2 000 000 төгрөг, 2 000 000 төгрөг, 1 000 000 төгрөг, нийт 5 000 000 төгрөгийг /гүйлгээний утга Зээл, хаанаас: Н/, 2021 оны 12 дугаар сарын 08-нд 30 000 000 төгрөгийг /гүйлгээний утга Н-с/, 2021 оны 12 дугаар сарын 31-нд 500 000 төгрөгийг /гүйлгээний утга шинэ оны мөнгө, Хаанаас:Н / гэж нийт 68 400 000 төгрөгийг шилжүүлсэн болох нь тогтоогдож байна гэж үзэв.

             7.4. Иймд хариуцагч нь нэхэмжлэгчид ногоон тэжээл худалдан авахаар түүний үнэд шилжүүлсэн 120 000 000 төгрөгнөөс 68 400 000 төгрөгийг буцаан төлсөн, үлдэх 51 600 000 төгрөгийг буцаан өгөөгүй байгаа болох нь нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар тогтоогдож байх бөгөөд хариуцагчийн хамтран ажиллах гэрээний үүрэг дуусгавар болсон гэх тайлбар баримтаар тогтоогдоогүй, мөн нэхэмжлэгчид хэлэлцэн тохиролцсон 15 000 боодол ногоон тэжээл хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүй, Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д заасан үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ гэсэн үүргийг зөрчсөн байна гэж дүгнэв.

            7.5.Иймд хариуцагчаас нэхэмжлэгчийн ногоон тэжээлийн үнэд шилжүүлсэн 120 000 000 төгрөгнөөс түүнд шилжүүлсэн 68 400 000 төгрөгийг хасч, үлдэх 51 600 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

            8.Нэхэмжлэгч нь хариуцагчаас ногоон тэжээл худалдан авахаар Д.О-аас мөнгө зээлсэн боловч хариуцагч нь үүргээ биелүүлээгүйгээс сар бүр 1 200 000 төгрөгний хүү төлж хохирч байгаа гэж тайлбарлаад хүүнд төлсөн 14 400 000 төгрөгийг шаардсан.

Хариуцагч нь нэхэмжлэгчийг ногоон тэжээл худалдан авахаар 120 000 000 төгрөгийг шилжүүлсэн боловч өөрөө хугацаандаа аваагүй, хүү төлж байгаад нь буруугүй тул хохирлыг зөвшөөрөхгүй гэж маргасан.

8.1.Хэрэгт авагдсан нэхэмжлэгч Б.Эын Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар 2020 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр 120 000 000 төгрөгийг Д.Одмаагаас шилжүүлэн авч, уг мөнгийг хариуцагчид шилжүүлсэн болох нь тогтоогдож байна.

            8.2.Мөн 2022 оны 1 дүгээр сарын 04-ний өдөр Төлбөр барагдуулах гэрээг Д.О, нэхэмжлэгч Б.Э нар байгуулж, Д.О нь 2020-9-10-ны өдөр иргэн Б.Эад 120 000 000 төгрөгийг сарын нэг хувийн хүүтэй 2021-03-01-ны дотор төлөхөөр тохирсон, дээрхи хугацаанд үндсэн зээлээс 60 000 000 төгрөгийг хүүгийн хамт төлсөн. Үлдэгдэл 60 000 000 төгрөгийг төлж чадалгүй хугацаа хэтэрсэн тул хугацааг 2022-3-07-ныг хүртэл 2 сарын хугацаагаар сунгаж, сарын 2 хувийн хүүтэй төлж барагдуулна, хүүгээ сар бүрийн 25-ны дотор төлөхөөр харилцан тохиролцсон байна.

8.3.Нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн Хаан банкны шилжүүлгийн мэдээллээр сар бүр Д.О-д 1 200 000 төгрөг шилжүүлсэн байх бөгөөд нэхэмжлэгч Б.Эаас Д.О-д нийт 14 400 000 төгрөгийг хүүнд төлжээ.

            8.4.Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д “үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй”, 227 дугаар зүйлийн 227.3-д “үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно” гэж зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчийг ногоон тэжээл бэлтгэн нийлүүлэх гэрээний үүргээ зөрчсөн тохиолдолд, мөн уг үүргээ гүйцэтгээгүйгээс гэрээнээс татгалзсантай холбоотой хохирлыг гаргуулахаар шаардах эрхтэй боловч энэ нь хариуцагчийн буруутай үйлдлээс шалтгаалан нэхэмжлэгчид хохирол учирсан байхыг шаардана.  

Өөрөөр хэлбэл талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан нэхэмжлэгч нь хариуцагчид ногоон тэжээл авахаар мөнгө шилжүүлсэн, уг мөнгийг өөр этгээдээс зээлж авсан түүний хүүг төлж байгаа тул хохирол шаардсан нь үндэслэлгүй, хариуцагчийн үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирол гэж үзэх боломжгүй, нэхэмжлэгч нь Д.О-тай байгуулсан зээлийн гэрээний буюу төлбөр барагдуулах гэрээний үүргээ өөрөө хариуцахаар байна гэж дүгнэв.

Харин хариуцагч Г.Н нь ногоон тэжээл бэлтгэн нийлүүлэх үүргээ хугацаандаа биелүүлээгүйгээс нэхэмжлэгчид зардал гарсан гэж түүний төлөөлөгч нь тайлбарласан бөгөөд өөр газраас өвс, тэжээл худалдан авсан, тээвэрлэсэн нь хариуцагчийн худалдах, худалдан авах гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохиролд тооцогдох ба энэ талаар нэхэмжлэл гаргаагүй болно.

8.5.Иймд нэхэмжлэгчийн Д.О-д хүүнд төлсөн хохирол гэх нийт 14 400 000 төгрөгийг хариуцагч Г.Н-гаас гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

            9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 568 900 төгрөгийг  /457 950+110 950/ төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 415 950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

       ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 206 дугаар зүйлийн 206.1, 227 дугаар зүйлийн 227.3-д зааснаар хариуцагч Г.Н-аас 51 600 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Э-д олгож, хохирол 14 400 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 568 900 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 415 950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба нэхэмжлэгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Д.ХУЛАН