Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 08 сарын 14 өдөр

Дугаар 210/МА2023/01599

 

 

2023 оны 08 сарын 14 өдөр

Дугаар 210/МА2023/01599

 

Б.Эын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

            Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, шүүгч Д.Нямбазар, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

            Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 12ы өдрийн 183/ШШ2023/01591 дугаар шийдвэртэй,

 

            Б.Эрэдэнбатын нэхэмжлэлтэй,

Г.Нд холбогдох,

 

            Гэрээний үүрэгт 66,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Энхцэцэг, хариуцагч Г.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. Б.Э нь 2020 оны 9 дүгээр сарын эхээр "ногоон тэжээл зарна" гэсэн фэйсбүүк зарын дагуу Г.Нтай холбогдож уулзаж, нийт 15,000 ширхэг боодол өвсийг нэг бүрийг нь 8,000 төгрөгөөр, 2020 оны 10 дугаар сарын эхээр авахаар тохиролцож 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр 120,000,000 төгрөгийг түүний надад өгсөн Хаан банк дахь - тоот данс руу шилжүүлсэн. Тухайн үед бичгээр гэрээ байгуулаагүй ба Г.Н нь өөрийгөө "хуульч, өмгөөлөгч хүн учраас хун хуурч мэхлэх зүйл хийхгүй" гээд үнэмлэхээ үзүүлсэн тул би түүнд итгэсэн.

2020 оны 10 дугаар сарын эхээр тохиролцсон хугацаандаа өвсөө авахаар очиход талбайгаас өвсөө хураагаад, бусад худалдан авагчдад өвсөө дөнгөж нийлүүлж эхэлж байсан ба манай захиалсан “15,000 ширхэг өвсийг талбайгаас хурааж бэлтгэж амжаагүй, хэд хоногоос ирээч” гэсэн. Тиймээс 10 дугаар сарын дунд хүртэл хүлээж байгаад очсон боловч нэг боодол өвсний үнийг 10,000 төгрөг болгож нэмснээс гадна боодол өвсний жин багасаж жижгэрсэн байсан тул 120,000,000 төгрөгөө буцаан авъя гэсэн.

1.2. Г.Нгаас тохирсон хугацаандаа өвсөө ч, мөнгөө ч авч чадаагүй учраас өөр газраас бага хэмжээгээр өвс худалдан авч, тээврийн зардал илүү төлж хохирсон. Гэтэл Г.Н нь надад болон миний эхнэр Н.Эд "өөрт чинь хэрэгтэй байгаа 300 ширхэг өвсийг би үнэгүй өгье", эхнэрт маань "1,000,000 төгрөг өгье", та хоёр "хавар 3 дугаар сар хүртэл хүлээчих" гээд 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдөр 16,000,000 төгрөгийг миний данс руу шилжүүлж “та хоёрт 1 боодол өвснөөс доод тал нь 4,000 төгрөгийн ашиг өгье, бусдыг нь би бүгдийг хариуцъя" гэх зэргээр ятгаж, 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр "Хамтран ажиллах гэрээ" байгуулсан.

1.3. 2021 оны 3 дугаар сар гэхэд увуулж цувуулж төлсөөр 82,500,000 төгрөг үлдсэн ба Г.Нгийн өөрийнх нь хүсэлтээр 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдөр 15,000 ширхэг өвсийг нэг бүрийг нь 5,500 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан.

Г.Н нь дээрх худалдах, худалдан авах гэрээг байгуулахдаа "үлдэгдэл мөнгөө энэ жилийн ургацаас төлье. Нэг боодлыг нь 5,500 төгрөгөөр бодож өгөхөөр та түрүү жилийн алдагдлаа нөхчихнө" гэж надад хэлсэн. Тус гэрээг нотариатаар гэрчлүүлээд гарч ирэхэд өвс нийлүүлэх хугацааг 2021 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр байсныг Г.Н нь "10 дугаар сарын 15-ны хооронд" гэж гараар нэмж бичиж өгсөн.

2021 оны 09 дүгээр сарын сүүл 10 дугаар сарын эхэн үеэр 3 удаа Төв аймгийн Баянцогт сум, Жирмийн цагаан нуур гэх газарт байрлах тариалангийн талбайд очсон. Эхний удаа очиход ногоон тэжээлийг талбайгаас хураагаагүй байсан ба “удахгүй хураана” гэсэн. 2 дахь удаа очиход өвсөө боож эхэлсэн байсан ба өөрөө талбай дээрээ байгаагүй. 2021 оны 10 дугаар сарын эхээр 3 дахь удаагаа очихдоо ачааны машин, өвс худалдан авах хүнтэйгээ дагуулан очсон боловч "өвсний боодол нь жижиг байна" гээд дагуулж очсон хүн маань голоод явсан.

Г.Н нь 2021 оны 10 дугаар сарын 15-ны хооронд өвсөө нийлүүлж чадаагүй ба "ажиллах хүчин байхгүйгээс өвсөө хурааж чадахгүй байна, ажиллах хүн олж өгөөч” гэсний үндсэн дээр 2021 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Өвөрхангай аймгаас 5 хүн талбайд ажиллуулахаар зуучилж өгсөн. Мөн тэр өдөр Г.Н нь талбайд байгаа өвсөө өөрөө борлуулж, 90,000,000 төгрөг гаргаж өгөхөөр тохиролцож 30,000,000 шилжүүлсэн ба үлдэгдэл 60,000,000 төгрөгийг өгөөгүй, залгахаар утсаа авахгүй байгаа болно.

1.4. Нэхэмжлэгч орон гэрээ бусдад барьцаалан бусдаас сарын 2 хувийн хүүтэй мөнгө зээлж, Г.Нд өгсөн боловч тэрээр үүргээ биелүүлээгүйгээс зээлийн хүүд сар бүр 1,200,000 төгрөг, нийт 14,400,000 төгрөг төлж хохироод байна

1.5. Иймд Г.Нгаас 120,000,000 төгрөгөөс түүний шилжүүлсэн 68,400,000 төгрөгийг хасч, үлдэгдэл 51,600,000 төгрөгийг, хохирол 14,400,000 төгрөгийн хамт нийт 66,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

 

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгч нь 2020 оны 9 дүгээр сарын эхээр 120,000,000 төгрөгөөр 15,000 ширхэг боодолтой овъёосны ногоон тэжээлийг 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөс Говь-Алтай аймаг руу ачуулахаар тээвэрлэлтээ хариуцахаар болсон ч тээвэрлэлтээ цаг хугацаандаа ирүүлж чадаагүй тул төлбөрийг буцаахаар болж эхний 36,000,000 төгрөгийг данс руу нь хийсний дараа удалгүй эхнэртэйгээ ирж “үлдэгдэл мөнгөө авахгүй, үлдэгдэл төлбөртөө ногоон тэжээл аваад танай талбай дээр ирэх онд оруулаад, хавар нь үнэд ороход нь заръя” гэж ярихад нь зөвшөөрч хамтран ажиллах гэрээ байгуулсан.

Гэрээгээр алдагдал ашгаа хамт хариуцахаар тохиролцож хамтарч ажиллахаар болсон боловч “цар тахлаас үүдэн тээвэрлэх боломжгүй боллоо” хэмээн тээвэрлэж зөөх байсан 15,000 боодол тэжээлийг тариан талбай дээр 2020 оны 11 дүгээр сараас 2021 оны 5 сар гартал миний зүгээс харж хамгаалах болсон. Үүнээс үүдэн 6 сарын хугацаанд 6-7 хүнийг өдрийн 50,000 төгрөгөөр цалинжуулахаас гадна хоол, орон байрны зардалд би дангаар нийт 60,0-70,0 сая төгрөгийг гаргаж буга, мал амьтан, хулгай, гал түймэр зэргээс хамгаалж хавар 2021 оны 5 дугаар сар хүргэсэн. Энэ хугацаанд Б.Э нэг удаа ч ирээгүй.

Хавар бороо, нойтон цас ээлжилж орсоноос тэжээл илжирч чанар нь муудаж, түүнийг тараан хатааж тухай бүр бичлэг хийн нэхэмжлэгчид чатаар явуулж байсан ч “хөл хориогоор гарч чадахгүй байна” гэх шалтгаанаар тээвэрлэлтээ хийгээгүй. Үүнээс үүдэн ойр хавийн 20 гаран айлын мал, 50-иад тооны буга орж ирснээр боодолтой тэжээлүүдийг задалж нураан, үлдсэн нь илжирч, хулганы үүр болоод дууссан.

Шинэ тариалалт эхлэхдээ үлдэгдэл нь хавагч дискэд тээглэн хүндрэл учруулж байсан тул маш их хүн хүч зардал гарган цэвэрлэсэн.

2.2. Энэ хугацаанд 120,000,000 төгрөгөөс 40,000,000 төгрөгийг шилжүүлсэн байна. 2021 оны 5 дугаар сард 2021 оны намрын захиалга авч эхлэхэд “ах нь мөнгө өг гэж нэхэхгүй ээ, тэр тэгээд дуусаг, авмааргүй байна, харин ахдаа 15,000 ширхэгийг дахиад нийлүүлчих, тэгж байж ах нь ашиг хийх гээд байна” гэж өөрөө гуйсан тул тухайн үед 1 ширхэг тэжээлээс 2000-3000 төгрөгийн алдагдалтай ч зөвшөөрч “за яахав яг авах цагтаа л аваарай, би ч таниас хашраад байна шүү” гэж хэлээд өөрийнх нь хүсэлтээр хугацааг нь сунгаад дахин нотариатаар тамга даруулж 15,000 ширхэгийг нийлүүлэхээр гэрээ байгуулсан ч гэрээний дагуу ямар нэгэн төлбөр мөнгө надад шилжүүлээгүй. Ингэхдээ мөн л нэхэмжлэгч тээвэрлэлтээ хариуцахаар заасан.

Нэхэмжлэгчийн ногоон тэжээл бэлэн болоогүй байсан, боодолтой тэжээл жижиг байсан, дагуулж ирсэн хүн нь голоод явсан гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй.

2.3. Б.Э нь 2021 оны намар манайхыг хангалттай олон ажилчинтай байхад Өвөрхангай аймгаас 6 залууг өөрийнхөө тэжээлийг ачуулах гэж манай ажилчид дээр нэмж авчирсан хэрнээ дахин урьд жил шигээ авч чадахгүй тухай утсаар ярьж, “ах нь тэжээлээ ачихгүйгээр танай талбайд зармаар байна” гэхэд нь “гэрээгээ уншлаа, талбайн инженер ахтайгаа ч ярилцлаа, та ачаагаа эртхэн авсан нь дээр шүү” гэж би маш тодорхой хэлэхэд “за ойлголоо” гэсэн. Тэрээр “15 мянган боодол захиалсан 2021 оны гэрээний төлбөрт ямар ч мөнгө төлөөгүй хэрнээ өнгөрсөн жилийн явдлаас 30,0 сая төгрөг өгчих тэгээд салья, харин миний авчирсан 6 хүнийг ахын дүү ядаж 1 сар ажиллуулаад зардлыг нь даачих тэдэнд тоглоом шоглоом болно” гэснийг нь зөвшөөрч би авчирсан хүмүүсийг орон байр, хоол унд, цалингаар ханган 1 сар ажиллуулаад явуулсан.

2.4. 90,000,000 төгрөг гаргаж яриад байгаа нь огт үндэслэлгүй байна. Харин 2022 онд 30,000,000 төгрөг шилжүүлсэн даруй шүүхэд нэхэмжлэл гаргасан байдаг юм. Нийт 120,000,000 төгрөгөөс 66,000,000 төгрөгийг, мөн 1,000,000 төгрөг, 2022 он гарахад 500,000 төгрөг, хамтран ажиллах гэрээ байгуулсан өдөр 3,000,000 төгрөгийн ногоон тэжээлийг түүнд өгсөн. 15,000 ширхэгээс ердөө 300 ширхэгийг ирж ачуулсан. Хэдийгээр би нэхэмжлэгчээс шалтгаалан хамтдаа алдагдалд орсон ч түүний хэлсэн төлбөрийг цаг хугацаанд нь шилжүүлж дууссан.

2.5. Иймд нэхэмжлэгч нь хамтран ажиллах болон худалдах, худалдан авах гэрээний үүргээ биелүүлээгүй тул түүний гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирлыг хариуцахгүй, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 206 дугаар зүйлийн 206.1, 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Г.Нгаас 51,600,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Эад олгож, хохирол 14,400,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 568,900 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 415,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

4.1. Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүхэд мэдүүлсэн мэдүүлэгт “машин унаатайгаа авах хүнээ дагуулаад очсон, ажиллах хүнгүй байсан тул хариуцагчийн хүссэнээр 5 хүн олж өгсөн, тохирсон хугацаанд очсон ч бараагаа авч чадаагүй” мэтээр илт үндэслэлгүй худал зүйл олон байгааг анхаарч үзэхийг хүсье.

Б.Этай анх 2020 оны 09 дүгээр сард амаар тохиролцон тэрээр 15,000 боодол ногоон тэжээл авахаар захиалга өгч 2020 оны 10 дугаар сарын сүүлээр тээвэрлэлтээ талбайд оруулахаар харилцан тохирч 120,0 сая төгрөгийг миний дансанд биш манай эхнэр С.Жы дансанд шилжүүлсэн. Гэвч нэхэмжлэгч нь 2020 оны 10 дугаар сард нэг ч унаа тээвэр ирүүлээгүйгээс 15,000 боодол буюу багцаагаар 20 шаланз ачааг тухайн намартаа авч чадахгүй болсон. Тухайн үед тариан талбай дээр хэл ам гаргаад яахав гээд 120,0 сая төгрөгөөс 16,0 сая төгрөгийг данс руу нь буцааж шилжүүлэхэд “яаж ийгээд ах нь ачна” гэсэн ч бас тээвэрлэлтээ оруулаагүй. Үүнээс үүдэн бидний дунд маргаан гарсан.

4.2. 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр бид Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүрэгт уулзаад Хамтран ажиллах гэрээ байгуулсан. Энэ гэрээг нэгэнт өвөл болсон учир түүний хүсэл зорилгын дагуу түүний эрх ашгийг бодож байгуулсан.

 “Хамтран ажиллах гэрээ” гэрээ нь хүчин төгөлдөр бөгөөд хариуцагч 15,000 боодол ногоон тэжээлийг 2020 оны 11 дүгээр сараас 2021 оны 05 дугаар сар хүртэл 6 сарын хугацаанд өвөл, хавар дамнуулан өөрийн тариалангийн талбай дээр ажилчид, манаач гарган шууд түүж ачдаг байтал нуруулдан хурааж, харж, манах үүрэг хүлээж энэ үйлчилгээгээрээ гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн нь хэрэгт авагдсан баримт, нэхэмжлэгчийн нэхэмжлэл, мэдүүлэг, гэрэл зургуудаар тогтоогдож байна.

Хамтран ажиллах гэрээний 2.1-д заасан гэрээний зорилгод ногоон тэжээл бэлдэх, борлуулах зорилготой гэж тодорхой заасан.

4.3. Хариуцагчийн асуусан “Та хоёр ковидын үеэр хэдэн сар гэрээс гараагүй вэ” гэсэн асуултад гэрч Н.Э: “2020 оны 11 дүгээр сараас хойш гараагүй байж байгаад хавар очсон” гэсэн нь дээрх Хамтран ажиллах гэрээний үүргээ нэхэмжлэгч гүйцэтгээгүй нь тогтоогдож байна. Хариуцагчийн зүгээс харин үүргээ гүйцэтгэхээс гадна сураг ажиггүй байсан нэхэмжлэгч Б.Э руу удаа дараа утсаар залгаж 2021 оны хавар нэхэмжлэгчийн Улаанбаатар хотын 5 шард хаягтай гэрийг нь олж очиж уулзаж байсан нь мөн гэрч Н.Эрдэнэ- Оюуны мэдүүлгээр давхар нотлогдож байна.

Хариуцагчийн асуусан “2020 он, 2021 онуудад энэ манай машин юм, одоо ингээд ачаад явья гэсэн зүйл байна уу?” гэсэн асуултад гэрч Н.Э: “Яг талбай дээр нь очоогүй” гэж, шүүгчээс асуусан “анх юу болсон бэ?” гэхэд гэрч Н.Э хариулахдаа “анх 300 боодол өвс авах гэж л очсон. Тариалангийн талбайг нь хараад дажгүй байсан тул их хэмжээгээр өвс авья гэж бодсон...” гэж тус тус хариулсан нь гэрээний зүйл биет байдлын доголдолгүй байсан нь тогтоогдож байгаа ба 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн Худалдах, худалдан авах гэрээгээр тохирсон үүргээ нэхэмжлэгч Б.Э биелүүлээгүй нь нотлогдож байна. Мөн хүлээн авах ногоон тэжээл нь биет байдлын доголдолтой, жижиг байсан гэж нэхэмжлэгч худал тайлбарладаг ч анх 2020 оны 09 дүгээр сард ирэхдээ “дээж аваад явж байсан, маш сайхан тэжээл байхаар нь 15,000 боодлыг аваад зарья” гэж хоорондоо ярилцсан гэсэн гэрчийн мэдүүлэг, үүнээс хойш барааны доголдолгүй талаар маргаагүй нь гэрч Н.Эы мэдүүлэг болон хариуцагч Б.Эын дараа нь байгуулсан гэрээнүүд бусад үйлдлээр няцаагдаж байна.

4.4. Мөн бидний тохиролцоонд болон байгуулсан гэрээнүүдэд болон өөр бусадтай хийсэн гэрээнд ч тухайн бараа буюу ногоон тэжээл нь боогч машинаас автоматаар боогдож гардаг тул ийм хэмжээтэй, тийм жинтэй гэж нарийн тодорхойлж заах боломжгүй. Тийм учраас биет байдлын доголдолтой байсан гэдэг нь үндэслэлгүй юм.

Шийдвэрийн үндэслэх хэсгийн 6.2-д “...мөн хамтран ажиллаж байсныг нотлоно гэж гэрчээр Г.Гомбодорж, Ж.Ёндон нарыг дуудаж мэдүүлэг авахуулсан” гэсэн нь шүүх хэргийг тал бүрээс нь үнэ бодитой дүгнээгүй, дээрх хоёр гэрчүүд нь цаг хугацааны хувьд 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн гэрээний үр дүн болон 2021 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс хойших үйл баримтыг мэдэх ба шүүхээс үзлэг хийсэн хариуцагчийн утсанд ирүүлсэн 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Б.Эын “хүний тал дээр би олно гэсэн санаа зоволтгүй” гэсэн мессежны дагуу ирсэн хүмүүс гэдгийг буруу тайлбарлаж шийдвэрлэсэн байна.

Хамтран ажиллах гэрээ байгуулахаас өмнө ч, хойно ч бидний хооронд байгуулсан аль ч гэрээний үүргийн дагуу хэзээ ч нэхэмжлэгч Б.Э нь ачих машинаа аваад манай тариалангийн талбай дээр ирж байгаагүй болон 2021 оны 10 дугаар сард ч ногоон тэжээлээ ачихаар тээвэрлэх машин авч ирээгүй нь эдгээр гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогдсон.

4.5. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн гол агуулга нь 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдөр байгуулсан Ногоон тэжээл худалдах, худалдан авах тухай гэрээний үүрэгт 90,000,000 төгрөг шаардаж байгаа нь үндэслэлгүй. Учир нь ямар үндэслэлээр 90,000,000 төгрөг нэхэмжилж байгаа нь ойлгомжгүй, хэрэв урьд байгуулсан гэрээнүүдийн үлдэгдэл гэж үзвэл ийм дүн бидний дунд яригдаж байгаагүй.

4.5.1. Нэхэмжлэгч Б.Э нь 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн гэрээний дагуу заасан цаг хугацаандаа ирж аваагүйгээс гадна гэрээний нөхцөлөө өөрчилж, 2021 оны 10 дугаар сарын 24-ний өдөр ногоон тэжээл ачуулахаар авч ирсэн хүмүүсийн хамт тухайлбал гэрч Ж.Ёндон, Г.Гомбодорж нартай “...энэ жил байгалийн хадлан, өвс сайн ургасан болохоор ногоон тэжээл зарагдахгүй юм шиг байна, ахдаа түрүү жилийн тооцооноос бодоод 30,0 сая төгрөгийг өгчих, эсвэл 5,000 боодол ногоон тэжээл талбай дээрээс чинь ачья, тэгээд салья, харин эдгээр хүмүүсийг нэгэнт зардал чирэгдэл болоод авчирсан болохоор ахын дүү 1 сар ч гэсэн ажиллуулчих” гэсний дагуу би өөртөө байнгын ажилчидтай байсан ч Б.Эын авчирсан залуучуудыг нь хоол, орон байраар хангаж, цалинжуулаад, 30,000,000 төгрөгийг тохиролцсон ёсоор нэхэмжлэгчид шилжүүлж энэ харилцаа дуусгавар болсон.

Гэрч Ж.Ёндон, Г.Гомбодорж нарын мэдүүлгээр дээрх байдлууд тогтоогддог. 5,000 боодол ногоон тэжээл дундажаар 30,000,000 төгрөг болно.

Мөн нэхэмлэгч нь 5,000,000 төгрөгийг надаас зээлж авч байсан нь хэрэгт авагдсан хариуцагчийн дансны хуулгаас харагддаг ба бидний хооронд урьдах төлбөр тооцоо дууссаныг илтгэдэг.

4.5.2. 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдөр байгуулсан Ногоон тэжээл худалдах, худалдан авах гэрээгээр Д.Э нь 82,500,000 төгрөгийг Г.Нгийн Худалдаа хөгжлийн банк дахь 499207055 дугаар дансанд шилжүүлэх, Г.Н нь түүний хариуд 15,000 боодол ногоон тэжээл нийлүүлэх, 15,000 боодол ногоон тэжээлийг Д.Э нь өөрөө тээвэрлэн авах үүрэг харилцан хүлээсэн, хүчин төгөлдөр гэрээ бөгөөд зохигчийн хэн аль нь гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаагүйгээс гадна хэдийгээр гэрээнд мөнгө хүлээн авсан гэж дурьдсан хэдий ч түүнээс хойш өнөөдрийг хүртэл гэрээгээр тохирсон 82,500,000 төгрөгийг Худалдаа хөгжлийн банк дахь 499207055 дансанд шилжүүлээгүй байгаа нь хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбарг, гэрчийн мэдүүлгээр тогтоогдож байхад хариуцагчид ямар нэгэн бараа бүтээгдэхгүүн нэхэмжлэх эрх үүсэхгүй гэж үзэж байна. Хэрэв 82,500,000 төгрөгийг урьдах гэрээний төлбөрт тооцон байгуулсан ч энэ гэрээний цаг хугацаандаа авах үүргээ мөн адил Б.Э нь биелүүлээгүй.

4.6. Гэрч Ж.Ёндон, Г.Гомбодорж нар нь Хамтран ажиллах гэрээ болон түүний үр дагаврын галаар огт мэдэхгүй бөгөөд зөвхөн 2021 оны 06 дугаар сарын 17-ны Худалдах, худалдан авах тухай гэрээнээс хойших үйл баримтыг л ярьдаг. Мөн шүүх хариуцагчаас гаргасан гар утсанд байгаа үйл баримтад үзлэг хийх хүсэлийг хангасан ч үүнээс хойш нэг сар гарны дараа үзлэгийг дутуу хийсэн.

Шүүх хариуцагчийн шүүхэд ирүүлсэн Худалдаа хөгжлийн банкны харилцах дансны 2020 оны 10 дугаар сарын 20-оос 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн мэдээлэлд авагдсан зарлага нь хамтран ажиллах гэрээний явцад гарсан зардал эсэх нь тодорхойгүй, хариуцагч нь ногоон тэжээл тарьж ургуулах, хадгалах хамгаалах, зарж борлуулах үйл ажиллагаа эрхэлдэг гэж тайлбарласан.

Б.Эын нэхэмжлэлтэй Г.Нд холбогдох иргэний хэрэг дэх нэхэмжлэлийн шаардлага, нэхэмжлэгчийн тайлбар, мэдүүлэг, нотариатаар батлуулсан гэрээнүүд, гэрчүүдийн мэдүүлгээр ямар үйл ажиллагаа явуулдаг, хэрхэн ачиж борлуулдаг, маргааны үндэс нь тодорхой юм.

Шүүх Иргэний хуулийн 477 дугаар зүйлийн 477.2 дахь хэсэгт заасныг дурьдсан атал нэг талын мэдүүлэг тайлбарыг үндэслэн хариуцагчийн дансны хуулга, хариуцагчийн шүүх хуралдаанд мэтгэлцсэн тайлбарыг мушгин гуйвуулж гэрчүүдийн мэдүүлгийн ач холбогдлыг үгүйсгэж, шүүхээс үзлэг хийхэд нэхэмжлэгч Б.Эын мессеж болон бусад баримтуудын талаар цаг хугацааны хувьд, ач холбоглын хувьд ч уялдаа холбоо, үнэн зөв ойлголт авалгүйгээр шийдвэрлэсэн байна.

Шүүхийн энэ дүгнэлт нь 477 дугаар зүйлийн 477.2 дах хэсэгт заасан “...түүнчлэн үйлчилгээ үзүүлэх хэлбэрээр төлж болно” гэсний дагуу хариуцагчийн үүргээ биелүүлсэн байдал, хэрэгт хавсаргаж өгсөн фото зураг, 2020 оны 10 дугаар сараас 2021 оны 5 дугаар сарын хооронд гарсан ажилчдын цалин бусад зардлын нотлох баримтуудаар 15,000 боодол ногоон тэжээлийг 6 сарын турш хэрхэн хурааж, манаж, гал ус, мал амьтнаас хамгаалж хамтран ажиллах гэрээний хамгийн хүнд үүрэг хариуцлагыг биелүүлэн үйлчилгээ хэлбэрээр хамтран ажилласан болох баримтуудыг огт үнэлээгүйг анхаарч үзнэ үү.

4.7. Шийдвэрийн үндэслэх хэсгийн 6.8-д “ шүүх хуралдаанд гэрч Г.Гомбодорж “...14 хоног 5,000 боодол өвс ачсан, 10 хоног ажилласан ажилласан цалингаа Г.Н ахаас бүрэн авсан...” зэрэг гэрч нарын 5,000 боодол ногоон тэжээл ачихаар анх ирсэн гэсэн агуулгыг 14 хоног 5,000 боодол ачдаг гэж ойлгохоор шийдвэртээ мэдүүлгийн утга агуулгыг алдагдуулж тусгажээ. Ийнхүү шүүхээс илт нэг талыг барьсан, нэхэмжлэлийн шаардлага агуулга, зохигчийн тайлбар, гэрчүүдийн мэдүүлэг, нотлох баримтыг үнэн бодитой дүгнээгүй нь цаашид дүгнэсэн шийдвэрийн үндэслэх хэсгүүд, тогтоох хэсэг үнэн зөв шударга байх боломжгүй юм.

4.. Б.Э нь “5,000 төгрөгөөр хямдхан хатаагүй нойтон ногоон тэжээл авчихад яадаг вэ?” гэж надаас асуухад нь “цагаан сараас өмнө малдаа өгөөд дуусвал яах ч үгүй, хөлдчихдөг болохоор мал мэрж л иддэг юм, дулаарвал илжирч галын аюул болно шүү” гэж зөвлөгөө өгч байсны дагуу манай цаад газраас гурван удаа тэжээл ачуулсан юм.

Нэхэмжлэгчийн “эхнэрт маань 1,000,000 төгрөг өгье гэх мэт” ярьсан байгаа нь үнэнд нийцэхгүй. 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Хамтран ажиллах гэрээ байгуулсаны дараа нотариатын өрөөнөөс гарахад араас дуудаад “ах нь металл хайгчаар жаахан алт олчихдог юм, одоо шинэ хайгч худалдаж авах гэсэн юм ахдаа 1,0 сая төгрөг түр өгөөч” гэхэд нь өгсөн.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг тал бүрээс үнэн бодитоор дүгнэж хүчингүй болгож өгнө үү.

 

5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Хуульчийн мэргэжлийн нэр хүндийг гэрээнд ашиглаж, хүний итгэлийг олж, гэрээгээр халхавчилсан залилан хийсэн байна. Өөрийн дансаар мөнгө аваагүй гэх асуудлаар анхан шатны шүүхэд маргаагүй. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан.

Нийт 120,000,000 төгрөгөөр ногоон тэжээл худалдаж авсан атлаа тухайн ногоон тэжээлийг хугацаандаа хүлээн аваагүй гэх асуудал яригдаж байна. Б.Э тогтоосон хугацаанд ногоон тэжээлээ авч чадаагүй учраас өөр газраас өндөр үнээр ногоон тэжээл авч худалдан борлуулсан. Талуудын хооронд хамтран ажиллах зорилгоор хамтран ажиллах гэрээ байгуулагдаагүй. Тухайн үед 120,000,000 төгрөгийг буцааж авъя гэж хэлэхэд буцаан өгч чадаагүй. Нэхэмжлэгчийн зүгээс хамтран ажиллах гэрээг өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл гэж үзэж байна. Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.3-т заасны дагуу үүргийн талаар тохиролцсон учраас хамтран ажиллах гэрээний асуудалд ач холбогдох өгөх шаардлагагүй гэж үзэж байна. Нэхэмжлэгч нь 2022 оны 01 дүгээр сард анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдолд анхан шатны шүүхийн шийдвэр хуулийн ямар зохицуулалтыг зөрчсөн талаар дурдаагүй байна.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан эрхийн хүрээнд хэргийг бүхэлд нь хянаад, шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч Б.Э нь хариуцагч Г.Нд холбогдуулан гэрээний үүрэгт 66,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Нэхэмжлэгч Б.Э нь хариуцагч Г.Нтай 2020 оны 9 сарын эхээр 15,000 боодол ногоон тэжээлийг нэг бүрийн үнийг 8,000 төгрөгөөр худалдан авахаар харилцан тохиролцож, 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр ногоон тэжээлийн үнэд 120,000,000 төгрөгийг хариуцагчид шилжүүлсэн болох нь нэхэмжлэгчийн “Хаан банк” ХХК-ийн харилцах дансны хуулга, зохигчийн тайлбараар тогтоогдсон.

Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр гэж анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

 

3.1. Худалдах, худалдах гэрээний дагуу нэхэмжлэгчээс 120,000,000 төгрөгийг хариуцагчид шилжүүлсэн, хариуцагч нь 15,000 боодол ногоон тэжээлийг нэхэмжлэгчид өгөх үүргээ биелүүлээгүй байх тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 205 дүгээр зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар гэрээнээс татгалзаж төлбөрийг буцаан шаардах эрхтэй.

 

3.2. Хариуцагч Г.Н нь 120,000,000 төгрөгөөс 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд нэхэмжлэгч Б.Эад нийт 68,400,000 төгрөгийг буцааж шилжүүлсэн байх тул үлдлэгдэл 51,600,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй бүхий болжээ.

 

4. Талуудын хооронд байгуулагдсан 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн “Хамтран ажиллах гэрээ”-гээр 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд ногоон тэжээл бэлдэх, борлуулахаар хамтран ажиллах, хөрөнгө оруулалтыг 104,000,000 төгрөг, 1 боодол өвс 8,000 төгрөг, үүнээс ашиг, алдагдлыг 50, 50 хувиар тооцож хувиарлахаар тохиролцсон байна.

 

Улмаар талууд 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Худалдах, худалдан авах гэрээ байгуулсан, уг гэрээгээр 15,000 боодол овъёосыг 5,500 төгрөг нийт 82,500,000 төгрөгөөр худалдахаар тохиролцсон байна.

Дээрх гэрээнүүдийг талууд байгуулсан боловч тус гэрээнүүд хэрэгжээгүй байх тул уг гэрээний үүргийг гүйцэтгэсэн гэх хариуцагчийн тайлбар, татгалзал үндэслэлгүй болжээ.

 

5. Нэхэмжлэгчийн хохирол 14,400,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосонд нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргаагүйг дурдав.

Нэхэмжлэгч нь хариуцагчаас бусдад зээлийн хүү төлсөнтэй холбоотойгоор хохирол гаргуулахдаа хариуцагчийг гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй гэх үндэслэл заасан тул Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн шаардах эрх тодорхойлогдоно.

Анхан шатны шүүх дээрх шаардлагын эрх зүйн үндэслэлийг Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт зааснаар буюу гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулах эрхээр тодорхойлсон нь оновчгүй болжээ.

 

6. Дээрх үндэслэлээр хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 183/ШШ2023/01591 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “206 дугаар зүйлийн 206.1, 227 дугаар зүйлийн 227.3” гэснийг “205 дугаар зүйлийн 205.1, 219 дүгээр зүйлийн 219.1” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 415,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      М.БАЯСГАЛАН

 

                                         ШҮҮГЧИД                                      Д.НЯМБАЗАР

 

                                                                                                Э.ЗОЛЗАЯА