Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 183/ШШ2023/01167

 

2023 оны 04 сарын 12 өдөр Дугаар 183/ШШ2023/01167 Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго даргалж, тус шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, ...... тоотод оршин суух, Д.Г /РД:0000000-ын нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, ..............д байрлах, Х  ажлын албанд холбогдох

 

Ажил эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.О, нарийн бичгийн дарга Б.Болорчимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Д.Г шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хөдөө аж ахуйг дэмжих сангийн Хууль эрсдэл, өрийн удирдлагын газрын ахлах мэргэжилтэн Д овогтой Г миний бие 2016 оны 9 сарын 01-ний өдрөөс Хөдөө аж ахуйг дэмжих сангийн ажлын албыг тухайн үед Тариалан эрхлэлтийг дэмжих сан байх үед хуулийн мэргэжилтнээр анх томилогдон ажиллаж эхэлсэн. Тариалан эрхлэлтийг дэмжих сан нь 2020 онд Засгийн газрын тогтоолоор татан буугдаж Хөдөө аж ахуйг дэмжих сангийн ажлын албанд нэгтгэгдсэн бөгөөд 2021 оны 3 сард О.С нь тус сангийн ажлын албаны гүйцэтгэх захирлаар шинээр томилогдож ирээд 2021 оны 5 сарын 10-ны өдөр 0000 дугаартай хөдөлмөрийн гэрээг тус сангийн Хууль, эрсдэл өрийн удирдлагын газрын хуулийн мэргэжилтний ажлын байран дээр Д.Гнадтай байгуулсан. Улмаар тус сангийн ажлын албаны гүйцэтгэх захирлын 2021 оны 12 сарын 08-ны өдрийн Б/230 тоот дугаартай Д.Г намайг хуулийн мэргэжилтний үүрэгт ажлаас чөлөөлж, мөн өдрөөс эхлэн хуулийн ахлах мэргэжилтнээр томилсон. Гэтэл 2022 оны 03 сарын 10-ны өдрийн тус сангийн ажлын албаны Гүйцэтгэх захирлын 000 тоот тушаалаар Д.Г намайг шууд удирдлагын зөвшөөрөлгүйгээр 2022 оны 03 сарын 04-ний өдрөөс ажлын байраа орхин явсан тул ажилдаа ирээгүй хоногуудыг ажил тасалсанд тооцож, улмаар давтан зөрчил гаргасан гэх үндэслэлээр 2022 оны 3 сарын 11-ний өдрөөр тасалбар болгон ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан. Энэхүү тушаал нь дараах байдлаар Хөдөлмөрийн хуулийг зөрчиж байгаа гэж миний бие үзэж байна. Манай сан цаг үеийн нөхцөл байдал болон Хөдөө аж ахуйг дэмжих корпораци болон өөрчлөн байгуулагдаж буйтай холбогдуулан батлагдсан төсөвгүйгээр үйл ажиллагаа явуулж буй тул ажилтнуудыг урт хугацааны чөлөө авахыг дэмжиж байгаа тухай ажилтнуудад удирдлагаас мэдэгдсэн тул миний бие 5 сартай нялх хүүхэдтэй бөгөөд хүүхэд маань төрөх үедээ Ковид 19 халдварт өвчин тусч, хүндэрч сэхээнд хэвтэн эмчлүүлж байсан бөгөөд төрсний дараах хүндрэл болон Ковид 19 өвчний хүндрэлийн дараах урт хугацааны сэргээх эмчилгээ хийлгэх үед эхнэр хүүхдийн хамт байж асрах зорилгоор 2022 оны 02 сарын 07-ны өдөр Хөдөө аж ахуйн дэмжих сангийн ажлын албаны Гүйцэтгэх захирлын О.С-нд хандан 45 хоногийн чөлөө олгохыг хүссэн өргөдөл гаргасан. Уг өргөдлийг сангийн бичиг хэргийн ажилтнаар дамжуулан хүлээн авсан бөгөөд миний бие ийм өргөдөл гаргасан тухайгаа шууд удирдлагад мэдэгдэхэд чөлөө олгох боломжтой бөгөөд чөлөөний тушаалыг чинь араас нь гаргаж өгнө гэж амаар хэлсэн. Ингээд чөлөө олгох тухай шийдвэр гарсан гэж миний бие ойлгоод эхнэр хүүхдээ асарч байхад 2022 оны 3 сарын 25-ны өдөр хамт ажилладаг хүнээс таныг ажлаас чөлөөлөх тушаалын төсөл боловсруулж байна гэж хэлсний дагуу ирж уулзахад ажлаас чөлөөлөгдсөн тухай амаар мэдэгдсэн бөгөөд 2022 оны 3 сарын 30-ны өдөр ажлаас халах тушаалыг албан ёсоор надад гардуулсан. Миний бие шууд удирдлагын аман тайлбарт итгэн өөрийгөө урт хугацааны чөлөө авсан гэж бодон ажилдаа очихоо больсон буруутай үйлдэл гаргаснаа ухамсарлаж байгаа боловч Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт Ажил олгогч хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө ажилтанд мэдэгдэж, тайлбар авч, сахилгын зөрчлийн шинж, үр дагаврыг харгалзан энэ хуулийн 123.2-т заасан хөдөлмөрийн сахилгын шийтгэлийг сонгож хэрэглэнэ. Хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулсан шийдвэрийг бичгээр мэдэгдэж ажилдаа ирэхгүй байгаа шалтгааныг тодруулж асуун, сахилгын шийтгэл ноогдуулах гэж байгаа тухайгаа мэдэгдсэн бол миний бие ажилдаа очиж үргэлжлүүлэн хийж болох байсан атал энэ тухай огт мэдэгдээгүй байж гэнэт тушаал гарган ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсанд харамсаж байна. Иймд Хөдөө аж ахуйг дэмжих сангийн албаны Гүйцэтгэх захирал О.Сумъяасүрэнгийн 2022 оны 3 сарын 10-ны өдрийн Б/23 тоот тушаалаар Хууль, эрсдэл, өрийн удирдлагын нь хууль бус болохыг тогтоож, ажилд эргүүлэн тогтоож анхан шатны шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж өгнө үү гэв.

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд хариу тайлбартаа: Д.Г-ыг 2022.03.10-ны өдөр 000 дугаар тушаалаар ажлаас халсан. Д.Гнь 2022.02.07-ны өдөр 45 хоногийн чөлөө олгохыг хүссэн өргөдөл ирүүлсэн. Шууд удирдлага буюу хууль эрсдэл өрийн удирдлагын газрын даргын зүгээс урамшууллын хэсэгт Д.Гүнболд ажиллаж байхдаа зөрчил гаргасан байж болзошгүй тул асуудал шийдвэрлэгдтэл чөлөө олгохгүй гэдэг хариуг Д.Г-од мэдэгдсэн. Гэтэл Д.Г нь хариуг хайхралгүй ажлын байрыг орхиж явсан. Чөлөө олгоогүй талаар удирдлагаас мэдэгдэхэд ажилдаа ирээгүй. Д.Г ажлаас халах тушаал гарснаас хойш 30 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргах хуулийн хугацаанд нэхэмжлэлээ шүүхэд гаргаагүй байна. Гэтэл Д.Г нь шүүхэд нэхэмжлэлээ 2022.04.15-ны өдөр гаргасан тул шаардах эрх, гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн. Д.Г нь тушаалаа гарангуут нь хүлээн авсан бөгөөд дараа нь удаа дараа шаардсныг эцэст ажлаа хүлээлгэн өгсөн болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Нэхэмжлэгчээс: 2022.04.13-ны өдрийн итгэмжлэл, 2022.02.07-ны өдрийн Хөдөө аж ахуй дэмжих сангийн ажлын албаны захиралд хандсан хүсэлт, 2022.03.10-ны өдрийн 000 ажлаас халах тушаал, 2021.05.10-ны өдрийн0000тоот хөдөлмөрийн гэрээ, 2022.4.06-ны өдрийн ажил хүлээлцэх хуудас, өр төлбөр барагдуулах нотариатын гэрээ, хугацаа дуусахаар шүүхийн гүйцэтгэх хуудас гаргах, шийдвэр гүйцэтгэлд өгөх бичиг, 2022.04.07-ны өдрийн маягт, 2022.05.17-ны өдрийн Нийслэлийн Хан-Уул дүүргийн хөдөлмөр, халамжйн үйлчилгээний хэлтсийн албан бичиг, 2022.4.22-ны өдрийн 6849 дүгээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай захирамж, 2021.09.22-ны 000 дугаар сахилгын шийтгэл ногдуулах тухай, 2021.05.17-ны өдрийн Б/84 тоот сахилгын шийтгэл ногдуулах тушаал, Д.Г-дын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт зэргийг гаргаж өгсөн.

Хариуцагчаас: 2022.06.08-ны өдрийн итгэмжлэл, улсын бүртгэлийн гэрчилгээ, 2020.01.08-ны өдрийн МУ-ын ЗГ-ын тогтоол, 2022.02.07-ны өдрийн Д.Г-дын хүсэлт, 2022.03.10-ны өдрийн 000 ажлаас халах тушаал, Хөдөө аж ахуйг дэмжих сан өргөдөл гомдлын бүртгэл, 2021.09.22-ны өдрийн 000 албан тоот сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаал, 2021.05.17-ны өдрийн 000 сахилгын шийтгэл ногдуулах тушаал, төсөлд санал авах хуудас, Д.Г-дын гаргасан өргөдөл, цагийн бүртгэлийн дэлгэрэнгүй тайлан, саналын хуудас, Д.Г-ын үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай төсөл, 2021.09.21-ний өдрийн төсөлд санал авах хуудас, Д.Г-од сахилгын шийтгэл ногдуулах тухай захирлын тушаалын төсөл, 2021.09.08-ны өдрийн Захирлын зөвлөлийн хурал шийдвэрийн хуудас, 2021.08.05-ны өдрийн дотоод бичиг, Буудайн урамшуулад материалын хяналт, шалгалт, тооцооллын алдааа гаргасан тайлбар, 2021.04.23-ны өдрийн 0000 тоот хөдөлмөрийн дотоод журам шинэчлэн батлах тухай захирлын тушаал, хөдөлмөрийн дотоод журам, 2023.04.07-ны өдрийн итгэмжлэл, 2020.01.30-ны өдрийн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 000 тушаал, Хөдөө аж ахуйг дэмжих сангийн дүрэм, 2022.03.01-2022.03.31 хүртэл цагийн бүртгэлийн тайлан, 2021.05.01-2021.05.31 хүртэл цагийн бүртгэлийн тайлан, Хөдөө аж ахуйг дэмжих сангийн захирлын зөвлөлийн хуралдааны хэлэлцэх асуудлын төлөвлөгөө, 2021.09.30-ны өдрийн сангийн захирлын зөвлөлийн хуралдааны тэмдэглэл, 2021.12.08-ны өдрийн сангийн ажлын албаны захирлын 000 тушаал, 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 000 тоот Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн гүйцэтгэх захирлын тушаал, 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн дугаар 000 тоот Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн гүйцэтгэх захирлын тушаал зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Д.Г ажил эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг Хөдөө аж ахуйг дэмжих сангийн ажлын албанд холбогдуулан гаргажээ.

 

Хариуцагч Хөдөө аж ахуйг дэмжих сангийн ажлын алба Д.Г шууд удирдлага буюу хууль эрсдэл өрийн удирдлагын газрын даргын зүгээс урамшууллын хэсэгт ажиллаж байхдаа зөрчил гаргасан байж болзошгүй тул энэ асуудал шийдвэрлэгдтэл чөлөө олгохгүй гэдэг хариуг түүнд мэдэгдсэн. Гэтэл Д.Гд нь хариуг хайхралгүй ажлын байрыг орхиж явсан. Чөлөө олгоогүй талаар удирдлагаас мэдэгдэхэд ажилдаа ирээгүй тул түүний ажлаас чөлөөлсөн нь үндэслэлтэй болсон тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхүй гэж маргаж байна.

 

Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн гүйцэтгэх захирлын 2016.09.05-ны өдрийн 000 тоот тушаалаар Д.Г-ыг сангийн санхүү бүртгэл төлөвлөл, хууль эрх зүйн албаны өр барагдуулалт хариуцсан мэргэжилтнээр 2016.09.05-ны өдрөөс эхлэн 3 сарын хугацаагаар түр томилж, хөдөлмөрийн түр гэрээ байгуулсан, тус сангийн 2016.11.24-ний өдрийн 000 тоот захирлын тушаалаар Д.Г-ыг санхүү, бүртгэл төлөвлөлт, хууль эрх зүйн албаны өр барагдуулалт хариуцсан мэргэжилтний үүрэгт ажилд 2016.11.25-ны өдрөөс эхлэн томилжээ.

 

Монгол Улсын Засгийн газрын 2020.01.08-ны өдрийн 16 дугаар тогтоолоор Тариалан эрхлэлтийг дэмжих санг Хөдөө аж ахуйг дэмжих санд нэгтгэж, Хөдөө аж ахуйг дэмжих сангийн ажлын албаны 2021.12.08-ны өдрийн000 захирлын тушаалаар Хууль эрсдэл, өрийн удирдлагын газар, хуулийн мэргэжилтэн Д.Г-ыг 2021.12.08-ны өдрөөс тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлж, мөн өдрөөс эхлэн Хууль, эрсдэл, өрийн удирдлагын газрын хуулийн ахлах мэргэжилтнээр томилсон байна.

 

Хөдөө аж ахуйг дэмжих сангийн ажлын албаны 2022.03.10-ны өдрийн Б/35 захирлын тушаалаар Хууль эрсдэл, өрийн удирдлагын газрын ахлах мэргэжилтэн Д.Г нь шууд удирдлагын зөвшөөрөлгүйгээр 2022 оны 3 сарын 04-ний өдрөөс ажлын байраа орхин явсан тул ажилд ирээгүй хоногуудыг тасалсанд тооцож, давтан зөрчил гаргасан тул 2022.03.11-ний өдрөөр тасалбар болгон ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулжээ.

 

Нэхэмжлэгч Д.Г 2022 оны 2 дугаар сарын 07-ны өдөр Хөдөө аж ахуйг дэмжих сангийн ажлын албанд хандан 45 хоногийн чөлөө олгох хүсэлт гаргасан уг хүсэлтийг шийдвэрлээгүй байхад ажлын байраа орхин явсан үйл баримт тогтоогдож байна.

 

Хөдөө аж ахуйг дэмжих сангийн ажлын албаны 2021.05.17-ны өдрийн Б/84 тоот захирлын тушаалаар Хууль эрсдэл, өрийн удирдлагын газрын мэргэжилтэн Д.Г нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2021.05.10-ны өдрийн ажил тасалсан тул үндсэн цалинг гурван сарын хугацаагаар 20 хувиар бууруулах, 2021.09.22-ны өдрийн тус сангийн ажлын албаны захирлын Б/152 тоот тушаалаар Хууль эрсдэл, өрийн удирдлагын газрын мэргэжилтэн Д.Г нь тариаланч иргэн, аж ахуй нэгж байгууллагуудын анхан шатны материалыг хүлээн авч, бүрдүүлбэрийг хянах, тооцооллыг тодорхойлох ажилд алдаа дутагдал гаргаж, гүйцэтгэж байгаа ажилдаа хариуцлагагүй хандсан тул сануулах сахилгын шийтгэл тус тус ногдуулжээ.

 

Ажилтан, ажил олгогч нарын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээний 8.1.1-д хөдөлмөрийн сахилгын зөрчлийг нэг жилд 2 ба түүнээс дээш удаа гаргасан, эсхүл нэг сахилгын зөрчил давсан гаргасан бол хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар шууд цуцлахаар заасан бөгөөд ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1-д ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн өөрчлөх, цуцлах, дуусгавар болгох, 80.1.4 ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан /хоёр ба түүнээс дээш/ гаргасан, эсхүл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан, 123.2.5 ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах, Хөдөлмөрийн дотоод журмын 3.16.1 хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр, шууд удирдлагадаа урьдчилан мэдэгдэлгүйгээр ажлын 2 өдөр /ажлын 16 цаг/ буюу түүнээс дээш хугацаагаар ажил тасалсан, ажлын цагаас удаа дараа хоцорсон хугацаа нь нийлбэр дүнгээр нэг сар 16 болон түүнээс дээш цаг болсон, 3.16.2 ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг нэг жилд 2 ба түүнээс дээш удаа гаргасан, 13.7.3 ажлаас халах заалтуудыг баримталж, хөдөлмөрийн гэрээг цуцалсныг буруутгах үндэслэл тогтоогдсонгүй.

 

Өөрөөр хэлбэл ажилтанд 2021.05.17-ны өдөр, 2021.09.22-ны өдөр ажил олгогч сахилгын шийтгэл ногдуулсан ба Хөдөлмөрийн тухай хуулийн /шинэчилсэн найруулга/ 123 дугаар зүйлийн 123.8-д хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулснаас хойш нэг жил өнгөрвөл ажилтныг хөдөлмөрийн сахилгын шийтгэлгүйд тооцно, 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.4-т сахилгын шийтгэл ногдуулснаас хойш нэг жил өнгөрвөл сахилгын шийтгэлгүйд тооцно гэх заалтыг Д.Г зөрчиж, сахилгын шийтгэлтэй байх хугацаандаа дахин зөрчил гаргасан гэж үзэв.

 

Ажилтан ажил олгогчийн 2021 оны 00000тушаалуудад гомдол гаргаагүй, энэ тушаалууд хүчинтэй байх бөгөөд ажил олгогч ажилтантай байгуулсан хөдөлмөрийн харилцааг цуцлахдаа хууль зөрчөөгүй байна.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Хөдөө аж ахуйг дэмжих сангийн ажлын алба Д.Г-той байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3 ажил олгогч хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө ажилтанд мэдэгдэж, тайлбар авч, сахилгын зөрчлийн шинж, үр дагаврыг харгалзан энэ хуулийн 123.2-т заасан хөдөлмөрийн сахилгын шийтгэлийг сонгож хэрэглэнэ гэх заалтыг зөрчсөн гэж маргаж байх бөгөөд ажилтан сахилгын давтан зөрчил гаргасан тул сахилгын шийтгэл сонгох боломжгүй тул хариуцагчийг хуулийн энэ заалтыг зөрчсөн гэж үзэхгүй юм.

 

Д.Г гомдол гаргах хугацаа хэтрүүлсэн гэх боловч тэрээр 2022 оны 3 дугаар сарын 30-ны өдөр тушаалыг гардан авч, 2022 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр шүүхэд гомдол гаргасан тул түүнийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлгүй байна.

 

Эдгээр үндэслэлээр Хөдөө аж ахуйг дэмжих сангийн ажлын албанд холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай Д.Г-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон, ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 158 дугаар зүйлийн 158.2.2-т зааснаар Х холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай Д.Г-дын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.СОЛОНГО