Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 07 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2023/01381

 

 

 

 

 

2023 оны 07 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2023/01381

 

 

2023 07 17 210/МА2023/01381

 

Д.Г-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч Н.Батзориг, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 сарын 12-ны өдрийн 183/ШШ2023/01167 дугаар шийдвэртэй

Д.Г-ын нэхэмжлэлтэй,

ХААДСААнд холбогдох,

Ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдолд үндэслэн шүүгч Э.Энэбишийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Би 2016 оны 09 сарын 01-ний өдрөөс ХААДСАА-ыг тухайн үеийн Тариалан эрхлэлтийг дэмжих сан байх үед хуулийн мэргэжилтнээр томилогдон ажиллаж эхэлсэн. Тариалан эрхлэлтийг дэмжих сан нь 2020 онд Засгийн газрын тогтоолоор татан буугдаж ХААДСААнд нэгтгэгдсэн бөгөөд 2021 оны 05 сарын 10-ны өдрөөс тус сангийн Хууль, эрсдэл өрийн удирдлагын газрын хуулийн мэргэжилтнээр, 2021 оны 12 сарын 08-ны өдрөөс Хуулийн ахлах мэргэжилтнээр томилогдон ажилласан. Гэтэл 2022 оны 03 сарын 10-ны өдөр гүйцэтгэх захирлын Б/35 тоот тушаалаар намайг шууд удирдлагын зөвшөөрөлгүйгээр 2022 оны 03 сарын 04-ний өдрөөс ажил тасалсанд тооцож, улмаар давтан зөрчил гаргасан гэх үндэслэлээр 2022 оны 03 сарын 11-ний өдрөөр тасалбар болгон ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан.

Цаг үеийн нөхцөл байдал болон Хөдөө аж ахуйг дэмжих корпораци болон өөрчлөгдөж байгаатай холбоотой батлагдсан төсөвгүй үйл ажиллагаа явуулж буй тул ажилтнуудад урт хугацааны чөлөө авахыг дэмжиж байсан тул миний бие 5 сартай нялх хүүхэдтэй, хүүхэд маань төрөх үедээ Ковид 19 халдварт өвчин туссан байсан учир эхнэр, хүүхдийн хамт байж асрах зорилгоор 2022 оны 02 сарын 07-ны өдөр гүйцэтгэх захиралд хандан 45 хоногийн чөлөө хүсч өргөдлөө гаргасан ба энэ тухайгаа удирдлагад мэдэгдэхэд чөлөө олгох боломжтой, тушаалыг нөхөж гаргана гэсэн. Чөлөө олгох шийдвэр гарсан гэж ойлгож байтал хамт ажилладаг хүнээс таныг ажлаас чөлөөлөх тушаал боловсруулж байна гэж хэлснээр ирж уулзахад ажлаас чөлөөлсөн тухай амаар мэдэгдэж 2022 оны 03 сарын 30-ны өдөр ажлаас халах тушаалыг гардуулсан.

Шууд удирдлагын зүгээс чөлөө олгоно гэж амаар хэлсэнд итгэсэн ч Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3-т зааснаар сахилгын шийтгэл ногдуулах тухай өмнө нь надад мэдэгдэж, тайлбар аваагүй. Мэдэгдсэн бол би ажилдаа очиж ажиллах боломжтой байтал мэдэгдэлгүй халсанд харамсаж байна. Иймд Хөдөө аж ахуйг дэмжих сангийн албаны гүйцэтгэх захирлын 2022 оны 03 сарын 10-ны өдрийн Б/23 тоот тушаал хууль бус болохыг тогтоож, ажилд эгүүлэн тогтоож, шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Д.Г-ыг 2022 оны 03 сарын 10-ны өдөр Б/35 дугаар тушаалаар ажлаас халсан. Д.Г- нь 2022 оны 02 сарын 07-ны өдөр 45 хоногийн чөлөө олгохыг хүссэн өргөдөл ирүүлсэн бөгөөд Хууль эрсдэл өрийн удирдлагын газрын даргаас урамшууллын хэсэгт Д.Г- ажиллаж байхдаа зөрчил гаргасан байж болзошгүй тул асуудал шийдвэрлэгдтэл чөлөө олгохгүй гэх хариуг Д.Г-од мэдэгдсэн ч тэрээр хайхралгүй ажлын байрыг орхин явсан. Чөлөө олгоогүй талаар удирдлагаас мэдэгдэхэд ажилдаа ирээгүй. Д.Г- ажлаас халах тушаал гарснаас хойш 30 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргах хуулийн хугацаанд нэхэмжлэлээ гаргаагүй байна. Гэтэл Д.Г- нь шүүхэд нэхэмжлэлээ 2022 оны 04 сарын 15-ны өдөр гаргасан тул шаардах эрх, гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн. Д.Г- нь тушаалаа гарангуут нь хүлээн авсан бөгөөд дараа нь удаа дараа шаардсаныг эцэст ажлаа хүлээлгэн өгсөн болно. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 158 дугаар зүйлийн 158.2.2-т зааснаар ХААДСААнд холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай Д.Г-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын агуулга: Шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн. Шийдвэргт Д.Г-той байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3-т ажил олгогч хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө ажилтанд мэдэгдэж тайлбар авч, сахилгын зөрчлийн шинж үр дагаврыг харгалзан энэ хуулийн 123.2-т заасан хөдөлмөрийн сахилгын шийтгэлийг сонгож хэрэглэнэ гэж заасныг зөрчсөн байхад ажилтан сахилгын зөрчлийг давтан гаргасан тул сахилгын шийтгэлийг сонгох боломжгүй тул хариуцагчийг энэ хуулийг зөрчсөн гэж үзэхгүй гэжээ. Шүүхээс уг заалт нь зөвхөн сахилгын шийтгэлийг сонгож хэрэглэх агуулгатай мэтээр тайлбарласан нь үндэслэлгүй бөгөөд ажилтанд сахилгын шийтгэл ногдуулахад мэдэгдэж тайлбар авах агуулгатай бөгөөд хариуцагч нь надад сахилгын шийтгэл ногдуулах тухайгаа мэдэгдсэн баримтыг шүүхэд гаргаагүй байхад шүүх хуулийг буруу тайлбарласан.

Нэхэмжлэгчийн урт хугацааны чөлөөний хүсэлтийг шийдвэрлээгүй талаар надад мэдэгдээгүй, няцаагаагүй байхад шүүхээс тодорхой бус, бусад баримтаар нотлогдоогүй бичилтийг үндэслэн Д.Г-од уг шийдвэрийг мэдэгдсэн гэж үзсэн нь үндэслэлгүй. Д.Г-од ногдуулсан ажлаас халах сахилгын шийтгэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3-т нийцээгүй байхад шүүх бодит баримтыг үндэслэхгүй, хариуцагч хууль зөрчөөгүй гэж үндэслэлгүй дүгнэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон.

Түүнчлэн нэхэмжлэгчид өмнө нь ногдуулсан сахилгын зөрчлийн шийдвэрүүд нь хөдөлмөрийн дотоод журамд нийцээгүй, эрх бүхий этгээдээс гаргаагүй байхад тус зөрчлүүдэд гомдол гаргаж байгаагүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Учир нь сахилгын зөрчил гаргасан гэх тушаалууд хууль бус болохыг тайлбарлаж шүүх хуралдаанд оролцсон.

Ажлаас халсан 2022 оны 03 сарын 10-ны өдрийн тушаал нь ёс зүйн хорооны шийдвэр байх ёстой. Тэгэхээр ажилтан сахилгын давтан зөрчил гаргасан гэх үндэслэл нь хууль бус тул ажлаас халсан тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80.1.4, дотоод журмын 3.16.2-т заасан үндэслэл нь үгүйсгэгдэнэ.

Ажилтан чөлөөний хүсэлтээ гаргасан байхад уг чөлөөг Д.Г-той холбоотой асуудал шийдэгдсэний дараа чөлөө олгох гэж шийдсэн талаараа ажилтанд мэдэгдээгүй байж ажлаас халах тушаал гаргасны дараа 2022 оны 03 сарын 25-ны өдөр танилцуулсан. Энэ талаар мэдэгдсэн бол буцаж очих боломжтой байсан, мөн ажил тасалсныг нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүйг шүүх анхаараагүй. Иймд хариуцагч татгалзлаа нотлоогүй байхад шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

5. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд хариуцагч тайлбар гаргаагүй, шүүх хуралдаанд оролцоогүй болно.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн нэхэмжлэгчийн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч Д.Г-, хариуцагч ХААДСААнд холбогдуулан тус сангийн Хууль эрсдэл, өрийн удирдлагын газрын ахлах мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3 Хэрэгт дараах үйл баримт тогтоогджээ. Үүнд:

3.1. Д.Г- нь ХААДСААнд Хууль эрсдэл, өрийн удирдлагын газрын ахлах мэргэжилтнээр хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсан үйл баримтыг шүүх зөв тогтоосон байна.

3.2. ХААДСААны захирлын 2022 оны 03 сарын 10-ны өдрийн Б/35 дугаартай Д.Г-ыг ажлаас халах тухай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1, 80 дугаар зүйлийн 80.1.4, 123 дугаар зүйлийн 123.2.5 дахь заалт, Хөдөлмөрийн дотоод журмын 3.16.1, 3.16.2, 13.7.3 дахь заалтыг тус тус үндэслэн Хууль эрсдэл, өрийн удирдлагын газрын ахлах мэргэжилтэн Д.Г- нь 2022 оны 03 сарын 04-ний өдрөө шууд удирдлагын зөвшөөрөлгүйгээр ажлын байраа орхиж явсан тул ажилд ирээгүй хоногуудыг ажил тасалсанд тооцож, давтан зөрчил гаргасан тул 2022 оны 03 сарын 11-ний өдрөөр тасалбар болгон ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулж, ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгожээ.

3.3. Нэхэмжлэгч нь 2022 оны 02 сарын 07-ны өдөр ажил олгогчид хандан 45 хоногийн чөлөө олгох хүсэлт гаргасныг ажил олгогч шийдвэрлээгүй байхад ажил үүргээ гүйцэтгээгүй, ажлын байрандаа 5 хоног байгаагүй талаар зохигч маргаагүй.

3.4. Нэхэмжлэгч Д.Г-од хариуцагч ХААДСААны захирлын 2021 оны 05 сарын 17-ны өдрийн Б/84 тоот тушаалаар ажил тасалсан зөрчил гаргасан үндэслэлээр үндсэн цалинг гурван сарын хугацаагаар 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл, мөн сангийн ажлын албаны захирлын 2021 оны 09 сарын 22-ны өдрийн Б/152 тоот тушаалаар ажилд алдаа дутагдал гаргаж, хариуцлаггүй хандсан үндэслэлээр сануулах сахилгын шийтгэлийг тус тус ногдуулж байжээ.

 

4. Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар дээрх үйл баримтыг хуульд зааснаар үнэлж, нэхэмжлэгчийг сахилгын зөрчлийг давтан гаргасан гэж дүгнэж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт нийцсэн байна.

4.1. Нэхэмжлэгч ажлын байраа ажил олгогчийн зөвшөөрөлгүйгээр орхин явсан нь хариуцагч ХААДСААны хөдөлмөрийн дотоод журмын 3.16, хөдөлмөрийн гэрээний 8.1-д тус тус заасан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар шууд цуцлах зөрчилд хамаарч байна.

4.2. Хариуцагч тус журмын 3.16.1-д ... хүндэтгэх шалтгаангүйгээр, шууд удирдлагадаа урьдчилан мэдэгдэхгүйгээр ажлын 2 өдөр түүнээс дээш хугацаагаар ажил тасалсан ..., мөн 3.16.2-т ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг нэг жилд 2 ба түүнээс дээш удаа гаргасан гэж заасныг үндэслэн нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т заасан үндэслэлд нийцэж байна.

4.3. Мөн хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ХААДСАА нь мөн хуулийн 123 дугаар зүйлд ажил олгогч сахилгын шийтгэл ногдуулахдаа хөдөлмөрийн хууль тогтоомж, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээг зөрчсөн ажилтны буруутай үйлдэл, эс үйлдэхүйг тогтоосон байна. Иймд нэхэмжлэгчийг хууль бусаар ажлаас чөлөөлсөн гэх нэхэмжлэгч талын давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй.

 

5. Хариуцагч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө сахилгын зөрчил гаргасан ажилтанд зөрчлийн талаар мэдэгдэж, тайлбар авах урьдчилсан журмыг зөрчсөн гэх нэхэмжлэгчийн гомдлыг хүлээн авах боломжгүй.

5.1. Нэхэмжлэгч сахилгын зөрчлийг давтан гаргаснаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар талууд хөдөлмөрийн гэрээндээ тусгайлан заасан ноцтой зөрчилд хамаарах зөрчлийг гаргасан нь хариуцагч хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулах зөрчлийн шинж, үр дагаврыг харгалзан үзэж шийдвэр гаргах үндэслэлд хамаарахгүй тул дээрх журмыг хэрэглээгүй нь хууль зөрчихгүй. Мөн хариуцагч энэ үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцалсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.4 дэх хэсэгт нийцнэ.

5.2. Иймд энэ талаар гаргасан гомдлыг хангахгүй бөгөөд хариуцагч хуульд заасан журмыг баримтлаагүй гэж дүгнэхгүй.

 

6. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн үйл баримтыг зөв тогтоож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байх боловч маргаанд хамааралгүй хуулийн зохицуулалтыг шийдвэрийн тогтоох хэсэгт баримталсан нь оновчгүй болсныг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой.

 

7. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулж, нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 сарын 12-ны өдрийн 183/ШШ2023/01167 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтын ...127 дугаар зүйлийн 127.1... гэснийг хасч өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ш.ОЮУНХАНД

 

ШҮҮГЧИД Н.БАТЗОРИГ

 

Э.ЭНЭБИШ