Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 08 сарын 09 өдөр

Дугаар 01489

 

Д.Л-ийн  нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч М.Наранцэцэг, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 181/ШШ2019/01207 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Д.Л-ийн хариуцагч ХБ 116 ТС-д холбогдуулан гаргасан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Д.Л  нь 2018 оны 8 дугаар сарын 28-ны өдөр Б/71 тоот тушаалаар 116 дугаар тусгай сургуулийн англи хэлний багшийн орон тоонд 1 жилийн хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилд орсон. Гэтэл 2019 оны 3 дугаар сарын 04-ний өдөр Б/20 тоот тушаалаар Х.Тунгалаг ажилдаа эргэн орсон үндэслэлээр ажлаас чөлөөлсөн. Иймд ажлаас үндэслэлгүй халагдсан болохоо тогтоолгон, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг ажилд орох өргөдөл өгсөн өдрөөс хойш шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаагаар гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажилт хийлгэж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус сургуульд англи хэлний багшаар ажиллаж байсан Х.Тунгалаг нь 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс жирэмсний болон амаржсаны амралт, хүүхэд асрах чөлөө авч, түүний ажлын байранд ажил гүйцэтгүүлэхээр 2018 оны 8 дугаар сарын 28-ны өдөр Д.Л г англи хэлний багшаар түр томилсон. Жирэмсний болон амаржсаны амралт, хүүхэд асрах чөлөө авсан багш Х.Тунгалаг нь 2019 оны 2 дугаар сарын 27-ны өдөр ажилдаа эргэн орох хүсэлт гаргасан тул Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлд заасны дагуу ажил, албан тушаалд нь эгүүлэн авч, түр ажиллаж байсан Д.Л-г үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Иймд Д.Л-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч Д.Л-г ХБХ-ийн 116 ТС-ийн англи хэлний багшийн ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ХБХ-ийн 116 ТС-иас 2019 оны 3 дугаар сарын 04-ний өдрөөс 2019 оны 5 дугаар сарын 22-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 2 930 349 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Л-д олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт заасныг баримтлан Д.Л-ийн 2019 оны 3 дугаар сарын 04-ний өдрөөс 2019 оны 5 дугаар сарын 22-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговроос нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу тооцон нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг ХБ 116 ТС-д даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгч тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид нийт 61 836 төгрөг гаргуулж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн төлөөлөгчийн өмгөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт Д.Л-г ажилд авсан англи хэлний багшийн  ажлын байр нь байнгын ажлын байр байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2-д зааснаар ажил олгогч ажилтантай тохиролцсон тохиолдолд хөдөлмөрийн хугацаатай гэрээ байгуулах бөгөөд ажил олгогчоос Д.Л- тэй 2018 оны 8 дугаар сарын 28-ны өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээг 1 жилийн хугацаатай байгуулсан боловч ажилтан Д.Л-тэй тохиролцсон гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна. Хүүхэд асрах чөлөөтэй байсан нэг ажилтныг ажилдаа эргэн орсон үндэслэлээр 2 ажилтныг ажлаас чөлөөлж байгаа нь 2 ажилтны хэн нь ажил, албан тушаал нь хэвээр хадгалагдаж байгаа ажилтныг ажилдаа эргэж орох хүртэл ажиллаж байсан болох нь тодорхойгүй байна. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3-т зааснаар Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3-т зааснаар ажил, албан тушаал нь хууль болон бусад шийдвэрийн үндсэн дээр хэвээр хадгалагдаж байгаа ажилтны оронд ажиллах ажилтантай эзгүй байгаа ажилтныг ажилдаа эргэж орох хүртэл хугацаагаар хөдөлмөрийн гэрээг байгуулахаар заасан боловч хуүхэд асрах чөлөө дууссан X.Тунгалагийг ажил, албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулахаар Д.Л, Г.Ууганчимэг нарыг ажлаас чөлөөлсөн байх тул ажил олгогчийн 2019 оны 3 дугаар сарын 04-ний өдөр Б/20 тоот тушаалаар Д.Л-г ажлаас чөлөөлсөн нь түүнийг ажлаас чөлөөлсөн үндэслэлтэй тохирохгүй байна гэж дүгнэжээ. Уг дүгнэлтийг хэргийн бодит байдалд нийцээгүй нотлох баримтыг үнэлээгүй гэж үзэж байна. Учир нь Д.Л-тэй анх байгуулсан хөдөлмөрийн гэрээнд хөдөлмөрийн хугацааг тохирч жирэмсний амралттай байгаа ажилтныг ажилдаа эргэн орох хугацаа буюу 1 жилийн хугацаатай байгуулсан бөгөөд энэхүү нөхцлийг хүлээн зөвшөөрсний үндсэн дээр Д.Л нь хөдөлмөрийн гэрээнд гарын үсэг зурсан тул нэхэмжлэгчтэй тохиролцоогүй гэх дүгнэлт үндэслэлгүй. Мөн Д.Л-г X.Тунгалагийг ажил албан тушаалдаа эргэж орох хүртэл хугацаагаар буюу Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3-т зааснаар 1 жилийн хугацаатайгаар байгуулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан Д.Л-тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээгээр нотлогдож байна. Г.Ууганчимэгийг ажлаас чөлөөлсөн үндэслэл нь англи хэлний багшийн орон тоог 1 байхаар баталсан тул байгууллагын 2018, 2019 оны орон тоо цалингийн сан батлах тухай тушаалын дагуу ажлаас чөлөөлсөн байхад X.Тунгалагийг ажил албан тушаалдаа эргэж оруулахын тулд 2 хүнийг зэрэг ажлаас чөлөөлсөн гэж хэрэгт хамааралгүй үйл баримтыг дурдаж шийдвэрлэсэн байна гэж үзэж байна. Иймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

            Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

        Нэхэмжлэгч Д.Л нь ХБХ-ийн 116 ТС-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч тал эс зөвшөөрч марган, үндэслэлээ англи хэлний багшаар өмнө нь ажиллаж байсан Х.Тунгалаг жирэмсний болон хүүхэд асрах чөлөө авч түүний ажлын байранд Д.Л-г түр томилсон, 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Х.Тунгалаг ажилдаа эргэн орох болсон тул Д.Л-г ажлаас чөлөөлсөн гэж тайлбарлажээ.

        Д.Л-г 2018 оны 8 дугаар сарын 28-ны өдөр англи хэлний багшийн ажилд томилон, /хх7/ түүнтэй 1 жилийн хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулжээ.

           Хүүхэд асрах чөлөөтэй байсан багш Х.Тунгалагийг ажилдаа эргэн орох хүртэлх хугацаагаар Д.Л-тэй хөдөлмөрийн гэрээ байгуулсан гэх ажил олгогчийн тайлбарыг үндэслэлтэй гэж үзэхээргүй байна.

Х.Тунгалаг нь 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүүхэд асрах чөлөө авахаар хүсэлт гаргасан /хх40/, Д.Л-г 2018 оны 8 дугаар сарын 28-ны өдөр англи хэлний багшийн ажилд авсан баримт хэрэгт авагдсан байх бөгөөд ажилд томилсон тушаал чөлөөтэй хүний оронд түр хугацаагаар ажиллуулах агуулгагүй байна. Мөн байгууллагын бүтэц орон тоог тогтоохдоо англи хэлний багш 1 гэж заасан боловч англи хэлний багш Х.Тунгалагийг ажилдаа эргэн орох болсон үндэслэлээр Д.Л, Г.Ууганчимэг нарыг ажлаас чөлөөлжээ.

Хэргийн энэ нөхцөл байдлаас үзвэл англи хэлний багшийн орон тоонд хөдөлмөрийн хугацаатай гэрээгээр ажиллаж байсан Д.Л, Г.Ууганчимэг нарын хэн нь Х.Тунгалагийн оронд ажиллаж байсан нь тодорхойгүй байна.

Иймд Д.Л-г түр хугацаагаар хүний оронд ажиллуулсан гэх тайлбараа хариуцагч баримтаар нотлоогүй, хөдөлмөрийн гэрээг хугацаанаас өмнө цуцалсан нь үндэслэлгүй байх тул нэхэмжлэгчийг англи хэлний багшийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 2 930 349 төгрөгийг хариуцагчаас гаргуулан шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.2-т нийцнэ.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 181/ШШ2019/01207 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             А.МӨНХЗУЛ

                                                                 ШҮҮГЧИД                            М.НАРАНЦЭЦЭГ

                                                                                                              А.ОТГОНЦЭЦЭГ