Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 181/ШШ2019/01207

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Батчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

            Нэхэмжлэгч: Д.Л-ийн нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: 116-д холбогдох,

 

            Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

        

         Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Саранцацрал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Түвшинбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Түмэнбаяр нар оролцов.

                                                                                                                     ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Л шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Саранцацрал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Д.Л нь 2018 оны 8 дугаар сарын 28-ны өдөр Б/71 тоот тушаалаар Харааны бэрхшээлтэй хүүхдийн 116 дугаар тусгай сургуулийн англи хэлний багшийн орон тоонд нэг жилийн хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилд орсон. Гэтэл 2019 оны 3 дугаар сарын 04-ний өдөр Б/20 тоот тушаалаар Тунгалаг ажилдаа эргэн орсон үндэслэлээр ажлаас чөлөөлсөн тушаал гаргасан. Иймд ажлаас үндэслэлгүй халагдсан болохоо тогтоолгон, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг ажилд орох өргөдөл өгсөн өдрөөс хойш шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаагаар гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажилт хийлгэж өгнө үү гэв.

 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус сургуульд англи хэлний багшаар ажиллаж байсан Х.Тунгалаг нь 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс жирэмсний болон амаржсаны амралт, хүүхэд асрах чөлөө авч, түүний ажлын байранд ажил гүйцэтгүүлэхээр 2018 оны 8 дугаар сарын 28-ны өдөр Д.Лг англи хэлний багшаар түр томилсон. Жирэмсний болон амаржсаны амралт, хүүхэд асрах чөлөө авсан багш Х.Тунгалаг нь 2019 оны 2 дугаар сарын 27-ны өдөр ажилдаа эргэн орох хүсэлт гаргасан тул Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлд заасны дагуу ажил, албан тушаалд нь эгүүлэн авч, түр ажиллаж байсан Д.Лг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Иймд Д.Лгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                        ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Л нь хариуцагч 116д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргасан.

 

Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна. 

Харааны бэрхшээлтэй хүүхдийн 116 дугаар тусгай сургуулийн захирлын 2018 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн Б/71 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1, 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт заасныг үндэслэн Д.Лг тус сургуулийн англи хэлний багшаар томилжээ.  

           

Ажил олгогч 2019 оны 3 дугаар сарын 04-ний өдөр Б/20 тоот тушаал гаргаж, Бага дунд боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь заалтуудыг тус тус үндэслэн багш Х.Тунгалагийн жирэмсний амралтын хугацаа дуусч ажилдаа эргэн орох болсон үндэслэлээр англи хэлний багш Г.Ууганчимэг, Д.Л нарын хөдөлмөрийн гэрээг цуцалж, 2019 оны 3 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн англи хэлний багшийн үүрэгт ажлаас чөлөөлжээ. /хх 8/

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1-т зааснаар байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулна.

 

Д.Лг ажилд авсан англи хэлний багшийн ажлын байр нь байнгын ажлын байр байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2-д зааснаар ажил олгогч ажилтантай тохиролцсон тохиолдолд хөдөлмөрийн хугацаатай гэрээ байгуулах бөгөөд ажил олгогчоос Д.Лтэй 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээг 1 жилийн хугацаатай байгуулсан боловч ажилтан Д.Лтэй тохиролцсон гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

 

Хариуцагчаас нэхэмжлэгч Д.Лг хүүхэд асрах чөлөө авсан англи хэлний багш Х.Тунгалагийг ажилдаа эргэж орох хүртэл хугацаагаар ажиллуулахаар хөдөлмөрийн гэрээ байгуулсан гэж тайлбарлаж байгаа боловч нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн тушаалд багш Х.Тунгалаг жирэмсний амралтын хугацаа дуусч ажилдаа эргэн олох болсон гэх үндэслэлээр англи хэлний багш Г.Ууганчимэг, Д.Л нарын хөдөлмөрийн гэрээг цуцалж, үүрэгт ажлаас чөлөөлсөн байна.

 

Мөн багш Х.Тунгалагт хүүхэд асрах чөлөөг 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс олгосон байхад нэхэмжлэгч Д.Лг 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдөр ажилд авсан нөхцөл байдал тогтоогдож байна.

 

Дээрх баримтуудаас үзэхэд хүүхэд асрах чөлөөтэй байсан нэг ажилтныг ажилдаа эргэн орсон үндэслэлээр хоёр ажилтныг ажлаас чөлөөлж байгаа нь хоёр ажилтны хэн нь ажил, албан тушаал нь хэвээр хадгалагдаж байгаа ажилтныг ажилдаа эргэж орох хүртэл ажиллаж байсан болох нь тодорхойгүй байна.

 

Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3-т зааснаар Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3-т зааснаар ажил, албан тушаал нь хууль болон бусад шийдвэрийн үндсэн дээр хэвээр хадгалагдаж байгаа ажилтны оронд ажиллах ажилтантай эзгүй байгаа ажилтныг ажилдаа эргэж орох хүртэл хугацаагаар хөдөлмөрийн гэрээг байгуулахаар заасан боловч хүүхэд асрах чөлөө нь дууссан Х.Тунгалагийг ажил, албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулахаар Д.Л, Г.Ууганчимэг нарыг ажлаас чөлөөлсөн байх тул ажил олгогчийн 2019 оны 3 дугаар сарын 04-ний өдөр Б/20 тоот тушаалаар Д.Лг ажлаас чөлөөлсөн нь түүнийг ажлаас чөлөөлсөн үндэслэлтэй тохирохгүй байна гэж дүгнэв.

Иймд нэхэмжлэгч Д.Лг Харааны бэрхшээлтэй хүүхдийн 116 дугаар тусгай сургуулийн англи хэлний багшийн ажилд эгүүлэн тогтоох нь зүйтэй.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин, хөлстэй тэнцэх олговор олгохоор заажээ.

            Монгол Улсын Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 55 тоот тушаалын хавсралт “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 7-ийн “а”-д “Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу … олговор олгох … хохирлыг нөхөн төлүүлэхтэй холбогдуулан дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр” тодорхойлно гэж заасны дагуу Д.Лгийн 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдрөөс 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалинг ажлаас чөлөөлөгдөхийн өмнөх 3 сарын цалингийн дундаж цалин 986,086 төгрөгийг 21,5 хоногт хуваахад 1 өдрийн дундаж цалин 46,513 төгрөг байна. Үүнийг 63 хоногоор үржүүлэхэд нийт 2,930,349 төгрөгийг хариуцагч Харааны бэрхшээлтэй хүүхдийн 116 дугаар тусгай сургуулиас гаргуулж, нэхэмжлэгч Д.Лд олгох нь зүйтэй гэж дүгнэлээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар ажил олгогч хөдөлмөрийн гэрээ байгуулсан өдрөөс эхлэн ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж, түүнд зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй гэж заасны дагуу хариуцагч 116д нэхэмжлэгч Д.Лгийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт дурдсан цалин олговроос нөхөн бичилт хийхийг даалгав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

    ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч Д.Лг Харааны бэрхшээлтэй хүүхдийн 116 дугаар тусгай сургуулийн англи хэлний багшийн ажилд эгүүлэн тогтоосугай.

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т заасныг баримтлан хариуцагч Харааны бэрхшээлтэй хүүхдийн 116 дугаар тусгай сургуулиас 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдрөөс 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор 2,930,349 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Лд олгосугай.

3. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т заасныг баримтлан Д.Лгийн 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдрөөс 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговроос нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу тооцон нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг 116д даалгасугай.

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т тус тус зааснаар нэхэмжлэгч Д.Л нь тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Харааны бэрхшээлтэй хүүхдийн 116 дугаар тусгай сургуулиас улсын тэмдэгтийн хураамжид нийт 61.836 төгрөг гаргуулж, Төрийн сангийн орлогод оруулсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Ч.БАТЧИМЭГ