Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 09 сарын 03 өдөр

Дугаар 2021/ДШМ/37  

 

22.1   А.А-д холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Д.Көбеш, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Туяа нарын бүрэлдэхүүнтэй хийж, тус аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 2021/ШЗ/235 дугаар шүүгчийн захирамжтай, яллагдагч А.А-д холбогдох эрүүгийн 2113000760095 дугаартай хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэн 2021 оны 8 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Көбешийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар  Б.Даулетжан, яллагдагч А.А-н өмгөөлөгч Ж.Энхжаргал /цахим сүлжээгээр/, аймгийн прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч прокурор Б.Б нар оролцов.

 

Монгол Улсын иргэн, 1977 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Баян-Өлгий аймгийн Дсуманд төрсөн, 43 настай, эрэгтэй, яс үндэс казах, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Баян-Өлгий аймгийн Дсумын 9 дүгээр багт оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай гэх, М овогтой А-ын А /РД:000000/ нь нийтийн албан тушаалтан буюу Баян-Өлгий аймгийн Дсумын Засаг даргаар ажиллаж байх хугацаандаа 2018 онд Баян-Өлгий аймгийн Дсуманд Баян-Өлгий аймгийн төсвийн хөрөнгө оруулалтын сангийн санхүүжилтээр 40 сая төгрөгийн үнэ бүхий автомашин авахаар тусгагдсаны дагуу 2018 оны 3 дугаар сарын 15-ны өдөр иргэн Л.Гын эзэмшлийн 86-31 УНС улсын дугаартай, “Toyota land cruiser 100” маркийн тээврийн хэрэгслийг 28 сая төгрөгөөр худалдан авч, тухайн автомашиныг 2018 оны 3 дугаар сарын 15-ны өдөр тус аймгийн Дэлүүн сумын тамгын газарт нийлүүлж, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө давуу байдал бий болгосон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт холбогджээ.

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 2021/ШЗ/235 дугаар шүүгчийн захирамжаар Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.А-д холбогдох эрүүгийн 2113000760095 дугаартай хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр Баян-Өлгий аймгийн прокурорын газарт буцааж шийдвэрлэжээ.

 

Прокурорын эсэргүүцэлд: “Баян-Өлгий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Д би, эрүүгийн 2113000760095 дугаартай А.А-д холбогдох хэрэгт прокурорын яллах дүгнэлт үйлдэн, 2021 оны 07 дугаар сарын 09-ны өдөр хэргийг шүүхэд шилжүүлсэн.

Баян-Өлгий аймгийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2021 оны 07 сарын 26-ны өдөр хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасны дагуу хялбаршуулсан журмаар хянан хэлэлцээд 2021/ШЗ/194 дугаартай шүүгчийн захирамжаар хэргийг дараах үндэслэлүүдээр прокурорт буцааж шийдвэрлэсэн байна. Үүнд:

1.Яллагдагч А.А, түүний өмгөөлөгч Ж.Энхжаргал нар нь прокурорын хяналтын шатанд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргахдаа хүсэлтдээ гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох 12.000.000 төгрөгийг төлсөн баримтыг хавсаргаагүй, яллагдагч А.Аээс гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн эсэх нь тодорхойгүй, түүний яллагдагчаас өгсөн мэдүүлгээс үзэхэд А.А нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй байхад прокуророос яллагдагч болон түүний өмгөөлөгчийн хүсэлтийг хангаж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн прокурорын тогтоол үйлдсэн нь үндэслэлгүй болжээ.

Тодруулбал яллагдагч А.А, түүний өмгөөлөгч Ж.Энхжаргал нар прокурорт гаргасан хүсэлтдээ “ яллагдагч А.А нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлоо сайн дураараа нөхөн төлөхөө илэрхийлсэн, сайн дураараа эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг гаргаж байна” гэж дурдсан байх боловч гэмт хэргийн хохирол, хор уршиг, болох 12.000.000 төгрөгийг хэзээ, хэрхэн яаж төлж барагдуулах талаараа огт дурдаагүйн дээр шүүх хуралдаанаас өмнө хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.М шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ “А.А-н учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх арга хэмжээ авч өгнө үү" гэсэн хүсэлтээс үзэхэд талууд хохирол төлөх асуудлаар тохиролцож эвлэрсэн эсэх нь тодорхойгүй байна. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нөхөн төлүүлэх нь хохирогчийн эрх, хууль ёсны 3-,'- сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтыг хангах гол хүчин зүйлийн нэг бөгөөд гэмт этгээд гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлэн тохиолдолд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээр хуульчилжээ. Өөрөөр хэлбэл яллагдагч хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхийн тулд хохирол нөхөн төлөхөө илэрхийлж болох боловч “би хохирлоо төлнө” гэж хэлэх нь хангалтгүй бөгөөд гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо ухамсарлаж, хэний ч шахалтгүйгээр сайн дураараа төлөхөө илэрхийлж байгаа эсэхэд прокурор анхаарлаа хандуулж, тухайн яллагдагчаас хохирол нөхөн төлөх боломжтой эсэх, хэдийд хэрхэн, яаж төлөх талаар тодруулж, энэ талаар бичгээр баталгаа гаргуулан нотлох баримтын шаардлага хангуулан хэрэгт хавсаргах нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг болон хохирогчийн зөрчигдсөн эрхийг хамгаалах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцэх юм.

2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг бүрэн дүүрэн нотлоогүй. Хавтаст хэрэгт авагдсан яллагдагч А.А, гэрч К.Хайрат гэрч Л.Га нарын мэдүүлгээс үзэхэд гэрч К.Хайрат нь нийтийн албан тушаалтан А.А-тэй үгсэн тохиролцож, үйлдлээрээ нэгдэн, түүнийг улсын төсөвт 12.000.000 төгрөгийн хохирол учруулах гэмт хэргийг үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн эсэхийг нэмэлт ажиллагаагаар тогтоох нь зүйтэй гэж үзэн хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр буцааж шийдвэрлэжээ.

Шүүгчийн захирамжийг 2021 оны 08 сарын 11-ны өдөр хүлээн авч танилцаад шүүхийн шийдвэр үндэслэлгүй, хуулийн шаардлагад нийцээгүй гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

1. Шүүгдэгч А.А нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн болох нь 2021 оны 07 сарын 08-ны өдрийн шүүгдэгч А.А, түүний өмгөөлөгч Ж.Энхжаргал нарын гаргасан “яллагдагч А.А нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлоо сайн дураараа төлөхөө илэрхийлсэн, сайн дураараа эвлэрсэн тул хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж байна. Хүсэлтийг хүлээн авна уу” гэсэн хүсэлт болон мөрдөн байцаалтын шатанд А.А-н яллагдагчаар өгсөн “би яллагдагчаар татсан тогтоолтой танилцсан. Надад сонсгосон ялыг болон эрхээ ойлголоо. Асууж тодруулах зүйл байхгүй. Надад сонсгосон ялыг би хүлээн зөвшөөрч байна. Би энэ хэргийг үйлдсэн тул маш богино хугацаанд шийдвэрлэж өгнө үү” гэсэн мэдүүлэг шүүхийн шатанд өгсөн “би гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг одоо ч гэсэн бүгдийг нь төлж барагдуулж өгнө” гэх мэдүүлгүүд зэргээр тогтоогдож байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн тохиолдолд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээр хуульчилсан байна.

Гэтэл анхан шатны шүүх нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг хэзээ, хэрхэн төлж барагдуулах талаар тодруулаагүй, түүнчлэн хохирогчтой хохирол төлөх асуудлаар тохиолдож эвлэрсэн эсэх нь тодорхойгүй гэх дүгнэлтийг хийсэн нь үндэслэл муутай шийдвэр болсон байна гэж дүгнэхээр байгаагаас гадна одоогийн хүчин төгөлдөр үйлчилж байгаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тохиолдолд хохирогчтой эвлэрсэн байхыг шаардахгүй.

Түүнчлэн анхан шатны шүүх прокурор нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан” Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа”-г зохицуулсан илэрхий хуулийн заалтуудыг зөрчсөн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлгүй гэж үзэж прокурорт буцааж шийдвэрлэв гэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “яллагдагч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг прокурорт гаргаж болно” гэж заасны дагуу яллагдагч болон түүний өмгөөлөгчийн зүгээс дээрх хуулийн заалтын баримтлан хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан прокурор яллагдагч болон түүний өмгөөлөгчийн гаргасан хүсэлтийг хүлээн авч хялбаршуулсан журмаар шүүхэд шилжүүлсэн нь “Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг” зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй.

Мөн яллагдагч нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн холбогдох зүйл заалтыг хүлээн зөвшөөрсөн тохиолдолд гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэж үздэг. Учир нь гэм бурууд ял шийтгэл оногдуулдаггүй, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрсөн тохиолдолд зүйлчлэлд тохирсон ялыг оногдуулдаг. Өөрөөр хэлбэл хэргийн зүйлчлэлээ хүлээн зөвшөөрч байна гэдэг нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байсан гэсэн ойлголт бөгөөд яллагдагч А.А-н нь мөрдөн байцаалтын шатнаас эхлэн хэргийн зүйлчлэлийн талаар ямар нэгэн байдлаар маргаагүй болохыг дурдах нь зүйтэй.

2.Анхан шатны шүүх нь К.Хайрат нь нийтийн албан тушаалтан А.А-тэй үгсэн тохиолдож, үйлдлээрээ нэгдэн, түүнийг улсын төсөвт 12.000.000 төгрөгийн хохирол учруулах гэмт хэргийг үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн үйлдлийг шалгаж тогтоох шаардлагатай гэх шүүгчийн захирамжийн 2 дахь заалт нь мөн үндэслэлгүй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг”гүйцэтгэгч, зохион байгуулагч, хатгагч, хамжигчийг гэмт хэрэгт хамтран оролцогчид тооцно”, мөн хуулийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг "урьдчилан амлаж бусдыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн хүнийг хамжигч гэнэ” гэх хуулийн заалтаас үзэхэд хамжигч нь урьдчилан амлаж бусдыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн байхаар хуульчилсан байна.

Гэтэл хавтаст хэрэгт авагдсан гэрч К.Хайратын “2018 оны 01 дүгээр сарын сүүлээр, 2 дугаар сарын эхээр байхаа Баян-Өлгий аймгийн Дсумын засаг дарга А.А гэх хүн миний утас руу залгасан. Энэ хүнийг би өмнө нь таньж мэддэггүй байсан юм. Ингээд утсаар ярихдаа манай суманд, тамгын газарт машин нийлүүлэх төсөл байна уг төсөлд танай компани оролцох хэрэгтэй байна. Чи бизнес хийдэг хүн энэ төсөлд оролцоод өг гэсэн”,“2018 оны 02 дугаар сарын сүүлээр байхаа Баян-Өлгий аймгийн Дсумын Засаг дарга над руу өөрөө холбогдоод за танай компани шалгарсан удахгүй мөнгө нь орох байхаа тэгэхээр надад хэлээрэй гэсэн. Ингээд 2018 оны 03 сарын 06-ны өдөр намайг Улаанбаатар хотод байхад Баян- Өлгий аймгийн Дэлүүн сумын Засаг дарга А.А залгаад би Улаанбаатар хотод явж байна. Машин авах гэсэн юм. Чи 40 сая төгрөг түр гаргаад өгчих нөгөө тендерийн мөнгийг би Баян-Өлгийд очиж байгаад гаргаад өгнө гэж хэлэхээр нь би зөвшөөрөөд Хүүхдийн 100-д байдаг Хаан банкны салбараас өөрийн 5024553633 дугаарын данснаас бэлэн 40 сая төгрөг аваад А.А-д өгсөн” гэх мэдүүлэг зэргээс үзэхэд К.Хайрат нь А.Аийг гэмт хэрэг үйлдэж байгаа эсэхийг мэдээгүй, А.А-д урьдчилан амлаж түүнийг санаатай гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлээгүй болох нь тогтоогдож байна.

Анхан шатны шүүх нь шүүгдэгч А.А-д холбогдох хэргийг 2021 оны 07 сарын 26-ны өдөр хялбаршуулсан журмаар хянан хэлэлцээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.3, заасныг тус тус удирдлага болгон хэргийг нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчсөн байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйл “яллагдагчийг шүүхэд шилжүүлэх асуудлыг шийдвэрлэх асуудлыг шийдвэрлэх ажиллагаа”,мөн хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг “урьдчилсан хэлэлцүүлгийн үед дараах үндэслэлээр шүүх өөрийн санаачилгаар, эсхүл, хэргийг буцаах тухай прокурорын санал, яллагдагч, хохирогчийн тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийн хүсэлтийг харгалзан хэргийг прокурорт буцааж шийдвэрлэнэ” гэж заасан байхад анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.3 дахь хэсгийг удирдлага болгож хэргийн буцааж шийдвэрлэсэн нь хуулийг ноцтой зөрчсөн зөрчил болсон байна.

Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухайн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт “шүүгдэгч хүсэлтээсээ татгалзсан, эсхүл энэ зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлын аль нэг нь хангагдаагүй гэж үзэх үндэслэл байвал шүүх хэргийг прокурорт буцаах шийдвэр гаргана” гэж заасан бөгөөд шүүх дээрх хуулийн зүйл заалтыг удирдлага болгон хэргийг прокурорт буцаах байтал Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийг 1 дэх хэсгийн 1.2, 1.3, баримтлан буцаажээ.

Дээрх байдлуудаас үзэхэд анхан шатны шүүхийн шийдвэр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 "Шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалд нийцээгүй” байх тул анхан шатны шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулах үндэслэлтэй байна.

Иймд Баян-Өлгий аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 194 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан улсын яллагчийн эсэргүүцэл бичив” гэжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамж хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болсон эсэхийг прокурорын эсэргүүцлийг үндэслэн, эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагааг бүхэлд нь хяналаа.

 

Прокурорын 2021 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 20113000760095 дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай” тогтоолоор  “Баян-Өлгий аймгийн Дсумын Засаг даргаар ажиллаж байсан А.А нь албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, 2018 онд тус суманд Баян-Өлгий аймгийн төсвийн хөрөнгө оруулалтын сангийн санхүүжилтээр 40 сая төгрөгийн үнэ бүхий авто машин тусгагдсан байхад 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдөр иргэн Л.Гын эзэмшлийн 86-31 УНС улсын дугаартай Ланд круйзер-100  маркийн тээврийн хэрэгслийг 28 сая төгрөгөөр худалдан аваад Дэлүүн сумын Засаг даргын тамгын газарт нийлүүлж, 12 сая төгрөгийг завшиж, өөртөө давуу байдал бий болгосон” гэх үйлдэл холбогдлыг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллагдагчаар татаж мөрдөн шалгах ажиллагаа явуулжээ.

Яллагдагч А.А, түүний өмгөөлөгч Ж.Энхжаргал нар нь прокурорын шатанд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокуророос хүсэлтийг хангаж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гаргаж, яллах дүгнэлт үйлдэж,  яллагдагч А.Аийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5400000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг гаргаж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлжээ.

 

Прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллагдагч болон түүний өмгөөлөгчийн хүсэлтийг хангаж шүүхэд шилжүүлсэн боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байхад хүсэлтийг хангаж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлэхдээ хэрэгт хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар харьцуулан шинжлэн судлах, бусад нотлох баримтуудтай харьцуулах замаар шалгаж үнэлэх журмыг зөрчсөн, мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.2, 4.5 дахь заалтын нөхцөл байдал хангагдаагүй байхад хэрэгт тогтоогдоогүй нөхцөл байдлуудыг дурдаж, прокуророос хийсэн дүгнэлтүүд нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ.

 

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон дээрх нөхцөл байдлуудаас үзвэл, А.А нь Л.Гын эзэмшлийн 86-31 УНС улсын дугаартай Toyota land cruiser-100 маркийн тээврийн хэрэгслийг 28 сая төгрөгөөр худалдаж авахдаа гэрээ байгуулаагүй байж К.Хайратаас 40 сая төгрөг авч эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө  давуу байдал бий болгосон гэх  гэмт хэрэгт К.Хайрат нь хамтран оролцсон эсэх, урьдчилан амлаж бусдыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн эсэхийг тогтоох, А.А, К.Хайрат нарын санаа, зорилгын нэгдэл, оролцоог тус бүр нарийвчлан тогтоосны дараа тухайн хэргийг эцэслэн шийдвэрлэхээр байх тул энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй ба прокурорын эсэргүүцэл үндэслэлгүй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад мөрдөн байцаалтын явцад гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг нотлон тогтоохоор хуульчилсан. Гэтэл мөрдөн шалгах ажиллагааны явцад 2018 онд Дэлүүн суманд Баян-Өлгий аймгийн төсвийн хөрөнгө оруулалтын сангийн санхүүжилтээр 40 сая төгрөгийн үнэ бүхий авто машин худалдаж авахаар тусгагдсаныг яллагдагч А.А-ээс албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгон Дэлүүн сумын Засаг даргын тамгын газарт нийлүүлсэн гэх Toyota land cruiser-100 маркийн тээврийн хэрэгслийг худалдаж авсан үнэ 28 сая төгрөгийг хасаж, яллагдагчийн учруулсан гэх нийт хохирлын хэмжээг 12 сая төгрөгөөр тогтоожээ.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг  бүрэн, бодитой тогтоох /Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.5/, уг нотолбол зохих байдлыг нотолсны дараа эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагааны журам хэрэгжих /Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4.2, 4.5/ нь Эрүүгийн хэрэг хянан  шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина.” гэж хуульчилсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хууль ёсны байх зарчимд нийцэх юм.

 

Хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжид дурдсан үндэслэлүүд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад нийцсэн, хэргийн прокурорт буцаасан шүүгчийн захирамжийг хүчингүй болгох, өөрчлөх талаар мөн хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэлүүд тогтоогдоогүй тул дээр дурдсан үндэслэлүүдээр прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгож ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 2021/ШЗ/235 дугаар “Хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай. 

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн энэ шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор “шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон” гэсэн үндэслэлээр оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.

                                

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         С.ӨМИРБЕК

 

                                    ШҮҮГЧИД                                                       Н.ТУЯА 

                                                                                                           

                                                                                                           Д.КӨБЕШ