Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 10 сарын 31 өдөр

Дугаар 181/ШШ2023/03456

 

 

 

 

 

 

 

 

2023 10 31 181/ШШ2023/03456

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Дамдин овогт Х.Т /РД:/-гийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох,

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд:  ХБ ХК /РД:/,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: А.Г,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ц.Г,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ш.Баасанжав оролцож тэмдэглэл хөтлөв.

 

/Хариуцагч талд шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв./

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Х.Т хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргажээ. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлжээ. Үүнд:

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн шүүгчийн захирамжаар КБ ХХК-д 548,318,960 төгрөгийг олгохоор шийдвэрлэжээ. Дээрх шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг Сүхбаатар дүүргийн тойргийн шийдвэр гүйцэтгэгч Ө явуулж байна. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгч Ө нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан миний өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-22 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, ................. дугаар байрны 1 тоотод байрлах, 144 м.кв талбайтай, 4 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг зах зээлийн ханшаас хэт доогуур үнэлсэнд гомдолтой байна.

Тус барьцаа хөрөнгө болох миний өмчлөлийн Ү-22 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, ................. дугаар байрны, 1 тоотод байрлах, 144 м.кв талбайтай, 4 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө нь Улаанбаатар хотын А зэрэглэлд байрлалтай, үйлчилгээ, дэд бүтэц бүх зүйлд ойр дөт бөгөөд нийслэлийн иргэдийн эрэлт хэрэгцээ маш ихтэй хэсэгт байрладаг. Гэвч дээрх мэдэгдэлд дурдсанаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь үнэлгээг хэрхэн тогтоосон нь ойлгомжгүй, орон сууцны байрлах эдийн засгийн үр ашиг болон тав тухтай байдлыг тооцолгүй тогтоосон. Тухайн барьцаа хөрөнгө нь бидний гэр бүлийн өмч. Бидний зүгээс тухайн зээлийн төлбөрийг барагдуулах мөнгөн хөрөнгийг бүрдүүлэх боломж бүрдэж байгаа. Тухайн үл хөдлөх хөрөнгө дуудлага худалдаанд хэрвээ ороход хүрвэл жинхэнэ өмчлөгч болох Х.Т миний эрх ашгийг ноцтой зөрчиж байна гэж миний хувьд үзэж байна.

Иймд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн мэдэгдлээр үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан эрхийн улсын бүртгэлийн Ү-22 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

2. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт хөрөнгийн үнэлгээтэй танилцсанаас хойш 7 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргана гэж заасан. Тухайн хөрөнгийн үнэлгээ 1 төгрөгөөр ч хамаагүй зөрүүтэй үнэлэгдсэн бол нэхэмжлэл гаргах эрх нь байгаа. Энэ эрхийг нь хүндэтгэж байна. Гэвч өнөөдрийн байдлаар нэхэмжлэгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасан хугацаандаа нэхэмжлэл гаргасан гэдгийг нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй. Тухайн нотлох баримтыг гаргаж өгөх боломжтой буюу шийдвэр гүйцэтгэх ажиллагааны оролцогч шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны хувийн хэргээс өөрт хамааралтай баримтыг хуулбарлан авах эрхтэй.

Нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа нотлох эрхээ эдлэх боломж нь байсан. Гэтэл өнөөдрийн шүүх хуралдаанд энэ эрхээ эдлээгүй. Тодорхой бус нэхэмжлэл гаргачхаад, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн нь үндэслэлгүй. Нэхэмжлэлийг үнэлгээг мэдэгдсэнээс хойш 7 хоногийн дотор гаргасан гэдгээ нотлох баримтаар нотолж чадаагүй. Нотлох баримтыг гаргаж өгөх үүрэгтэй байсан боловч гаргаж өгөөгүй байна.

Мөн нэхэмжлэлийн шаардлагад орчин нөхцөлийг тооцолгүй хөрөнгийг үнэлсэн тул хүчингүй болгож өгнө үү гэсэн боловч дээрх үндэслэлийг ямар баримтаар нотолж тайлбарлаж байгаа нь ойлгомжгүй. Нэхэмжлэгч хөрөнгийн үнэлгээний тайланг гаргаж өгөх боломжтой байсан ч гаргаж өгөөгүй. Нөхцөл байдлыг тооцоогүйн улмаас хөрөнгийг бага үнэлээд байна уу, их үнэлээд байна уу, нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй. Нэхэмжлэлийн шаардлагад манай хөрөнгийг бага үнэллээ гэж шүүхэд тайлбарлаж байгаа тохиолдолд тусдаа хөндлөнгийн гуравдагч этгээдийн хөрөнгийн үнэлгээний компаниар хөрөнгөө үнэлүүлэх боломжтой байсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн дагуу 100,000,000 төгрөгөөр үнэлчихлээ, хөрөнгийн үнэлгээний компани 101,000,000 төгрөгөөр үнэлчихлээ. Тэгэхээр энэ хөрөнгийн үнэлгээ буруу байна гэдэг гомдлыг гаргах эрх байсан. Гэвч энэ эрхээ эдлээгүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3. Нэхэмжлэгчээс шүүхэд нотлох баримтаар улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлсөн баримт, А.Год олгосон итгэмжлэл, Хөрөнгө-Эстимэйт ХХК-ийн 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн Хөрөнгийн үнэлгээний тайлан-гийн хуулбар /нотлох баримтын шаардлага хангаагүй/, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 4-239/24209 тоот Мэдэгдэл, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 181/ШЗ2023/00342 дугаар Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай шүүгчийн захирамж, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 181/ШЗ2023/05438 дугаар Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамжийг ирүүлсэн.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд КБ ХК-иас хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбарыг ирүүлсэн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгч шаардах эрхийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар Х.Т миний өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-22 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, ................. дугаар байрны, 1 тоотод байрлах, 144 м.кв талбайтай, 4 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг хэрхэн тогтоосон нь ойлгомжгүй, орон сууцны байршлын эдийн засгийн үр ашиг болон тав тухтай байдлыг тооцолгүй тогтоосон тул үнэлгээг хүчингүй болгуулахаар шаардах эрхтэй гэж тодорхойлов.

 

3. Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын итгэмжлэгдсэн төлөөлөгчид 2023 оны 5 дугаар сарын 31-ний өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулсан боловч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т зааснаар 14 хоногийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй.

 

4. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага тодорхойгүй, нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа баримтаар нотлох үүргээ биелүүлээгүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасан хугацааг хэтрүүлсэн гэж тайлбар гаргав.

 

5. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

5.1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 181/ШШ2020/00779 дүгээр захирамжаар Монгол факторинг ББСБ ХХК-иас 548,318,960 төгрөг гаргуулж, Капитронбанк ХХК-д олгохоор шийдвэрлэж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 4-239/24209 тоот албан бичгээр тогтоогдож байна. /хавтаст хэргийн 15 дугаар хуудас/

 

5.2. Дээрх шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад Монгол факторинг ББСБ ХХК-ийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан иргэн Х.Тгийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-22 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүргийн 9 дүгээр хороо, 3 дугаар хороолол, Ард аюушийн өргөн чөлөө гудамж, 35 дугаар байрны 01 тоот хаягт байрлах 144 м.кв талбайтай, дөрвөн өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжлэн хурааж, шинжээчээр үнэлгээ тогтоолгоход Хөрөнгө эстимэйт ХХК нь 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдөр тус үл хөдлөх эд хөрөнгийг 389,675,020 төгрөгөөр үнэлсэн болох нь КБ ХК-ийн 2023 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 13/391 дүгээр Хүсэлт гаргах албан бичиг, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 4-239/24209 тоот албан бичгээр тогтоогдож байна. /хавтаст хэргийн 15, 33 дугаар хуудас/

 

5.3. Шинжээч нь тогтоолд заасан барьцаа хөрөнгө болох Х.Тгийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-22 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүргийн 9 дүгээр хороо, 3 дугаар хороолол, Ард аюушийн өргөн чөлөө гудамж, 35 дугаар байрны 01 тоот хаягт байрлах 144 м.кв талбайтай, дөрвөн өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 389,675,020 төгрөгөөр үнэлснийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 4-239/24209 тоот албан бичгээр өмчлөгч Х.Тд мэдэгдэж, үнэлгээний тайланг хүргүүлсэн болох нь хэрэгт авагдсан хариуцагч байгууллагын Мэдэгдэл, шуудангийн баримтаар тогтоогдож байна. /хавтаст хэргийн 5, 15 дугаар хуудас/

 

6. Нэхэмжлэгч Х.Т нь барьцаа хөрөнгийн өмчлөгчийн хувьд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.5-д зааснаар үнэлгээг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-т зааснаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй.

Нэхэмжлэгч Х.Т нь шинжээчийн тогтоосон үнэлгээг хэрхэн тогтоосон нь ойлгомжгүй, орон сууцны байрлах эдийн засгийн үр ашиг болон тав тухтай байдлыг тооцолгүй тогтоосон гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-т заасны дагуу баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй тул нэхэмжлэгч Х.Тгийн Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

7. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д зааснаар төлбөр төлөгч, төлбөр авагчийг иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд гэж ойлгох бөгөөд нэхэмжлэгч Х.Тг шийдвэр гүйцэтгэх ажиллагааны тал гэж үзэх боломжгүй тул мөн хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасан Талууд эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж заасан гомдол гаргах эрхийн хугацаа Х.Тгийн гомдолд хамааралгүй байна.

 

8. Дээрх үндэслэлээр Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан үнэлгээ хүчингүй болгуулах тухай Х.Тгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

9. Шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасныг баримтлан хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох Баянгол дүүргийн 9 дүгээр хороо, 3 дугаар хороолол, Ард аюушийн өргөн чөлөө 35 дугаар байр, 01 тоот хаягт байрлах, 144 мкв талбайтай, 4 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн Хөрөнгө эстимэйт ХХК-ийн 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай Х.Тгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т заасныг баримтлан нэхэмжлэгч Х.Тгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогчид шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЭНХЦЭЦЭГ