Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 210/МА2023/02190

 

 

 

 

 

 

2023 оны 12 сарын 18 өдөр Дуга210/МА2023/02190

 

 

Х.*******гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, шүүгч Ш.Оюунханд, шүүгч С.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 181/ШШ2023/03456 дугаар шийдвэртэй,

 

Х.*******гийн нэхэмжлэлтэй,

 

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох,

 

Үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч С.Энхбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн шүүгчийн захирамжаар Капитрон банк ХХК-д 548,318,960 төгрөгийг олгохоор шийдвэрлэжээ. Дээрх шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх ажиллагааг явуулж байгаа Сүхбаатар дүүргийн тойргийн шийдвэр гүйцэтгэгч Н.Өлзийбаяр нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан миний өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2205059672 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг 9 дүгээр хороо, 3 дугаар хороолол, Ард аюушийн өргөн чөлөө, 35 дугаар байрны 1 тоотод байрлах, 144 м.кв талбайтай, 4 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг зах зээлийн ханшаас хэт доогуур үнэлсэнд гомдолтой байна.

Тус барьцаа хөрөнгө болох миний өмчлөлийн Ү-2205059672 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 9 дүгээр хороо, 3 дугаар хороолол, Ард аюушийн өргөн чөлөө, 35 дугаар байрны, 1 тоотод байрлах, 144 м.кв талбайтай, 4 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө нь Улаанбаатар хотын А зэрэглэлд байрлалтай, үйлчилгээ, дэд бүтэц бүх зүйлд ойр байдаг бөгөөд Нийслэлийн иргэдийн эрэлт хэрэгцээ маш ихтэй хэсэгт байрладаг.

1.2. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь үнэлгээг хэрхэн тогтоосон нь ойлгомжгүй, орон сууцны байрлах эдийн засгийн үр ашиг болон тав тухтай байдлыг тооцолгүй тогтоосон. Тухайн барьцаа хөрөнгө нь бидний гэр бүлийн өмч бөгөөд бидний зүгээс тухайн зээлийн төлбөрийг барагдуулах мөнгөн хөрөнгийг бүрдүүлэх боломж бүрдэж байгаа. Тухайн үл хөдлөх хөрөнгө дуудлага худалдаанд хэрвээ ороход хүрвэл жинхэнэ өмчлөгч болох Х.******* миний эрх ашгийг ноцтой зөрчиж байна гэж миний хувьд үзэж байна.

Иймд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн мэдэгдлээр үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан эрхийн улсын бүртгэлийн Ү-2205059672 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

2. Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь хариу тайлбар гаргаагүй болно.

 

3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Капитрон банк ХХК-ийн татгалзал, тайлбарын агуулга:

3.1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт хөрөнгийн үнэлгээтэй танилцсанаас хойш 7 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргана гэж заасан. Тухайн хөрөнгийн үнэлгээ 1 төгрөгөөр ч хамаагүй зөрүүтэй үнэлэгдсэн бол нэхэмжлэл гаргах эрх нь байгаа. Энэ эрхийг нь хүндэтгэж байна. Гэвч өнөөдрийн байдлаар нэхэмжлэгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасан хугацаандаа нэхэмжлэл гаргасан гэдгийг нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй. Тухайн нотлох баримтыг гаргаж өгөх боломжтой буюу шийдвэр гүйцэтгэх ажиллагааны оролцогч шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны хувийн хэргээс өөрт хамааралтай баримтыг хуулбарлан авах эрхтэй.

3.2. Нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа нотлох эрхээ эдлэх боломж нь байсан. Гэтэл өнөөдрийн шүүх хуралдаанд энэ эрхээ эдлээгүй. Тодорхой бус нэхэмжлэл гарган шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн нь үндэслэлгүй. Нэхэмжлэлийг үнэлгээг мэдэгдсэнээс хойш 7 хоногийн дотор гаргасан гэдгээ баримтаар нотолж чадаагүй, нотлох баримтыг гаргаж өгөх үүрэгтэй байсан боловч гаргаж өгөөгүй байна.

3.3. Мөн нэхэмжлэлийн шаардлагад орчин нөхцөлийг тооцолгүй хөрөнгийг үнэлсэн тул хүчингүй болгож өгнө үү гэсэн боловч дээрх үндэслэлийг ямар баримтаар нотолж тайлбарлаж байгаа нь ойлгомжгүй. Нөхцөл байдлыг тооцоогүйн улмаас хөрөнгийг бага үнэлээд байна уу, их үнэлээд байна уу, нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй.

Нэхэмжлэлийн шаардлагад манай хөрөнгийг бага үнэллээ гэж шүүхэд тайлбарлаж байгаа тохиолдолд тусдаа хөндлөнгийн гуравдагч этгээдийн хөрөнгийн үнэлгээний компаниар хөрөнгөө үнэлүүлэх боломжтой байсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн дагуу 100,000,000 төгрөгөөр үнэлчихлээ, хөрөнгийн үнэлгээний компани 101,000,000 төгрөгөөр үнэлчихлээ. Тэгэхээр энэ хөрөнгийн үнэлгээ буруу байна гэдэг гомдлыг гаргах эрх байсан. Гэвч энэ эрхээ эдлээгүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасныг баримтлан хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох Баянгол дүүргийн 9 дүгээр хороо, 3 дугаар хороолол, Ард аюушийн өргөн чөлөө 35 дугаар байр, 01 тоот хаягт байрлах, 144 мкв талбайтай, 4 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн Хөрөнгө эстимэйт ХХК-ийн 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай Х.*******гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т заасныг баримтлан нэхэмжлэгч Х.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

5. Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

5.1. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгч Н.Өлзийбаяр нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан миний өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2205059672 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 9 дүгээр хороо, 3 дугаар хороолол, Ард аюушийн өргөн чөлөө, 35 дугаар байрны 1 тоотод байрлах 144 м.кв талбайтай 4 өрөө орон сууцний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг зах зээлийн ханшаас хэт доогуур үнэлсэнд гомдолтой байна.

Тус барьцаа хөрөнгө болох миний өмчлөлийн Ү-2205059672 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 9 дүгээр хороо, 3 дугаар хороолол, Ард аюушийн өргөн чөлөө, 35 дугаар байрны 1 тоотод байрлах 144 м.кв талбайтай 4 өрөө орон сууцний зориулалттай үл хөдлөх хөрөнгө нь Улаанбаатар хотын А зэрэглэлд байрлалтай, үйлчилгээ, дэд бүтэц зэрэг бүх зүйлд ойр байдаг бөгөөд Нийслэлийн иргэдийн эрэлттэй хэсэгт байрладаг.

5.2. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь үнэлгээг хэрхэн тогтоосон ойлгомжгүй, орон сууцны байрлах эдийн засгийн үр ашиг болон тав тухтай байдлыг тооцолгүй тогтоосон. Тухайн асуудлаар Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй орхиж шийдвэрлэсэн.

Иймд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 12 дугаар сарын 13-ны мэдэгдэлээр үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан эрхийн улсын бүртгэлийн Ү-2205059672 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд хариуцагч болон бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд тайлбар гаргаагүй болно.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан эрхийнхээ хүрээнд зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаав.

 

2. Нэхэмжлэгч Х.******* нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасанд хариуцагч нь хариу тайлбар гаргаагүй байна.

 

3. Гуравдагч этгээд Капитрон банк ХХК шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан үндэслэл, журмын дагуу явагдсан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн байр суурьтай хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцжээ.

 

4. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 03 сарын 30-ны өдрийн 181/ШШ2020/00779 дугаар захирамжаар хариуцагч Монгол факторинг ХХК-аас 548,318,960 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Капитрон банк ХХК-д олгож, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шийдвэрлэсний дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байгаа гэх боловч уг шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны баримтууд хэрэгт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4 дэх хэсэгт заасан нотлох баримтын шаардлага хангасан хэлбэрээр авагдаагүй байна. /хх-15/

 

5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотой гомдлыг хянан шийдвэрлэхдээ шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны баримтыг үндэслэн хуульд заасан журмаар явагдаж байгаа эсэхийг хянах үүрэгтэй.

 

Гэтэл, шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотой баримт хэрэгт авагдаагүй байхад шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд нийцсэн гэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 159 дүгээр зүйлийн 159.4 дэх хэсэгт заасан шүүх аж ахуйн нэгж, байгууллага тэдгээрийн албан тушаалтны шийдвэр, үйл ажиллагаа хуульд нийцэж буй эсэх, шийдвэрийг эрх бүхий этгээд гаргасан, гомдол үндэслэлтэй эсэхийг тогтоох хуулийн зохицуулалтад нийцэхгүй байна.

Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх маргааны үйл баримт тодорхой бус байхад гомдлоор үүсэх маргаанд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 159 дүгээр зүйлийн 159.3 дахь хэсэгт заасан гомдол гаргагч гомдлын хууль зүйн үндэслэл, нотолгоог өөрөө гаргах боломжгүй бол шүүхийн журмаар гаргуулах эрхийг тайлбарлах, чиглүүлэхгүйгээр маргааныг шийдвэрлэсэн нь үндэслэл муутай болжээ.

 

6. Хэргийн үйл баримт тогтоох зорилгоор нотлох баримт цуглуулах, бүрдүүлэх ажиллагааг давж заалдах шатны шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 181/ШШ2023/03456 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ган-Одын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Д.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД  Ш.ОЮУНХАНД

 

ШҮҮГЧ С.ЭНХБАЯР