Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 10 сарын 11 өдөр

Дугаар 102/ШШ2023/03623

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг ... тоотод оршин суух Ш....ын  овогт Б.....ы Ц...

 

Хариуцагч: Баянгол дүүрэг ... тоотод оршин суух О... овогт А....гийн Б...

 

Хариуцагч: Баянгол дүүрэг ... тоотод оршин суух Х... овогт С.....гийн Н...

 

Худалдах, худалдан авах гэрээний үүрэг болон хохиролд 65,680,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай, гэрээний үүрэгт илүү төлсөн 1,130,000 төгрөгийг буцаан гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид: нэхэмжлэгч Б.Ц..., хариуцагч, хариуцагчийн төлөөлөгч А.Б..., хариуцагчийн өмгөөлөгч Б.Д...

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Н.Мөнгөнсаран

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Б.Ц... нь хариуцагч А.Б..., С.Н... нарт холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэг болон уг үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохиролд 65,680,000 төгрөг гаргуулахаар шаардсан. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

 

1.1. Хариуцагч А.Б...тай н.А...гаар дамжуулан танилцсан бөгөөд 2022 оны 7 дугаар сарын 10-ны өдөр н.А...гаар дамжуулан 200 хайрцаг буюу 72,000 ширхэг өндөгийг нэг бүрийн үнийг 310 төгрөгөөр тохирч зээлээр авсан. Энэ гэрээний үнэ болох 22,320,000 төгрөгийг 2 хувааж 2022 оны 7 дугаар сарын 19, 2022 оны 7 дугаар сарын 22-ны өдөр төлж дууссан.

 

1.2. Үүний дараа 2022 оны 7 дугаар сарын 30-ны өдрөөс 174 хайрцаг өндөг, 2022 оны 8 дугаар сарын 03-ны өдрөөс 464 хайрцаг өндөгийг зээлээр авсан ба үүний төлбөр болох 66,644,000 төгрөгийг 2022 оны 8 дугаар сарын 03-ны өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл хугацаанд төлсөн.

1.3. 2022 оны 8 дугаар сарын 20-ны өдрөөс 685 хайрцаг буюу 246,600 ширхэг өндөгийг нэг бүрийн үнийг 290 төгрөгөөр тохирч авч эхэлсэн бөгөөд энэ өндөгний үнэ 71,514,000 төгрөгөөс увуулж цувуулж 11,514,000 төгрөгийг төлсөн, одоо 60,000,000 төгрөгийн үлдэгдэлтэй, энэ мөнгийг гаргуулж өгнө үү.

 

1.4. Миний бие ОХУ-аас өндөг бөөнөөр оруулж ирж худалдан борлуулах үйл ажиллагаа эрхлэх зорилгоор Х... банк ХХК-иас 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн зээлийн гэрээгээр 50,000,000 төгрөг зээлсэн. 2022 оны 8 дугаар сард миний эргэлтийн бүх өндөгийг хариуцагч авч, мөнгийг нь төлөөгүйн улмаас эргэлтийн хөрөнгөгүй болж, намайг бүхэлд нь дампууруулсан. Иймд А.Б... нь гэрээний үүргээ биелүүлээгүйгээс хохирол учруулсан гэж үзэн зээлийн сар бүрийн эргэн төлөлтийн дүн 1,460,000 төгрөгийг 2022 оны 9 дүгээр сараас 2023 оны 4 дүгээр сарыг дуустал 8 сарын хугацааны төлбөр 11,680,000 төгрөгийг хохиролд шаардаж байна гэжээ.

 

2. Хариуцагч нар нэхэмжлэлийг дараах үндэслэлээр зөвшөөрөхгүй байна. Үүнд:

2.1. 2022 оны 7 дугаар сарын 10-ны өдөр н.А...гаар дамжуулан 200 хайрцаг 72,000 ширхэг өндөгийг нэг бүрийг 310 төгрөгөөр тооцож авсан. Үүний үнэ 22,320,000 төгрөгийг зуучлалын хөлс 500,000 төгрөгийн хамт 2022 оны 7 дугаар сарын 19, 2022 оны 7 дугаар сарын 22-ны өдөр төлсөн.

 

2.2. 2022 оны 8 дугаар сарын 03-ны өдрөөс 685 хайрцаг 246,600 ширхэг өндөгийг нэг бүрийн үнийг 290 төгрөгөөр тооцож 71,514,000 төгрөгөөр авсан. Үүний үнийг авсан өдрөөсөө буюу 2022 оны 8 дугаар сарын 03-ны өдөр 5,310,000 төгрөг, 2022 оны 8 дугаар сарын 05-ны өдөр 5,000,000 төгрөг, 2022 оны 8 дугаар сарын 06-ны өдөр 5,500,000 төгрөг, 2022 оны 8 дугаар сарын 07-ны өдөр 1,000,000 төгрөг, 2022 оны 8 дугаар сарын 10-ны өдөр 3,000,000 төгрөг, 2022 оны 8 дугаар сарын 12-ны өдөр 2,000,000 төгрөг, 2022 оны 8 дугаар сарын 14-ний өдөр 3,500,000 төгрөг, 2022 оны 8 дугаар сарын 19-ний өдөр 5,000,000 төгрөг, 2022 оны 8 дугаар сарын 26-ны өдөр 2,500,000 төгрөг, 2022 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр 3,500,000 төгрөг, 2022 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр 5,000,000 төгрөг, 2022 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр 2 удаагийн гүйлгээгээр 6,000,000 төгрөг /5сая+1сая/, 2022 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр 10,334,000 төгрөг, 2022 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр 7,000,000 төгрөг, 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 1,000,000 төгрөг, 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 1,000,000 төгрөг нийт 18 удаагийн гүйлгээ болон А.Б...д Б.Ц...ы төлөх өр 6,000,000 төгрөгийг төлж нийт 72,644,000 төгрөг төлсөн байна. Үүнээс өөр өндөг нэхэмжлэгчээс авч байгаагүй.

 

2.3. Нэхэмжлэгч нь баталгаа гаргах нь гэсэн миний бичсэн баримтыг гаргаж өгсөн байна. Энэ баримтыг Б.Ц...ы янз бүрийн дарамтаас шалтгаалан бичиж өгсөн бөгөөд хожим шүүх, цагдаагийн байгууллагаас шалгахад өндөгний үнийг бүрэн төлсөн байдал нотлогдох тул аргагүйн эрхэнд бичиж өгсөн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэжээ.

 

3. Хариуцагч А.Б... нь нэхэмжлэгч Б.Ц...д холбогдуулан илүү төлсөн 1,130,000 төгрөгийг буцаан гаргуулах сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тайлбарлав. Үүнд:

 

3.1. 2022 оны 8 дугаар сарын 03-ны өдрөөс 2022 оны 8 дугаар сарын 27-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 71,514,000 төгрөгийн үнэ бүхий 246,600 ширхэг буюу 685 хайрцаг 246,600 ширхэг өндөгийг зээлээр худалдан авсан.

3.2. 2022 оны 8 дугаар сарын 03-ны өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 18 удаагийн гүйлгээ болон нэхэмжлэгчийн А.Б...д төлөх өр 6,000,000 төгрөгийг төлж нийт 72,644,000 төгрөгийг төлсөн байна. Иймд 685 хайрцаг өндөгний үнэд 71,514,000 төгрөг төлөхөөс 1,130,000 төгрөгийг илүү төлсөн байх тул уг мөнгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

4. Сөрөг нэхэмжлэлийг нэхэмжлэгч дараах үндэслэлээр эс зөвшөөрсөн. Үүнд:

4.1. Хариуцагч нь хариу тайлбартаа надад шилжүүлсэн 2022 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 3,000,000 төгрөг, 2022 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 4,000,000 төгрөг, 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 5,000,000 төгрөг, 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 1,000,000 төгрөг, 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 1,260,000 төгрөгийн талаар ямар ч тайлбар хэлээгүй байдаг. Одоо болохоор үүнийг хугацаа хэтэрсэн 200 хайрцаг өндөгний мөнгө тусдаа тооцоо хийсэн гэж худлаа ярьж байна. Хариуцагч нь шилжүүлсэн мөнгөний задаргаагаа тайлбарлаж чадахгүй 685 хайрцаг өндөгний мөнгөнд тааруулж тайлбар хэлэх гээд сүүлдээ муудсан өндөг авсан, дарамтлуулсан гэж гүтгэж байна. Хугацаа дууссан өндөг өгч байгаагүй, харин өндөгний хугацаа дуусах гээд байна, яаралтай зарахгүй бол болохгүйг анхааруулж байсан.

 

4.2. Мөн 2022 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр 2 удаагийн гүйлгээгээр 6,000,000 төгрөг шилжүүлсэн гэсэн боловч энэ өдөр 5,000,000 төгрөг шилжүүлсэн нь дансны хуулгаас харагдана.

 

4.3. Гэрч А.Б...гаас 6,000,000 төгрөг зээлсэн нь үнэн, А.Б... мөнгөө өгөхгүй байсны улмаас А.Б...гийн мөнгийг өгч чадахгүй байсан. Одоо А.Б... нь гэрчээр ирээд энэ мөнгийг миний өрөнд тооцно гэж байгаа тул А.Б...ы өндөгний мөнгөнөөс Х...аж тооцно.

 

4.4. Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт дүүд нь хутга тулгасан, энэ асуудлаар Баянгол дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст хандаж байсан гэж худлаа ярьж байгаа нь тодорхой байна. Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт болсон асуудал яахаараа Баянгол дүүргийн цагдаад хамаатай болдог юм. Энэ мэтчлэн худлаа ярьж өөрийн бичиж өгсөн баталгаа гаргах нь бичгийг хүчээр, дарамтын улмаас бичиж өгсөн гэж ичихгүй худлаа ярьж байна. Үнэхээр ийм асуудал болсон бол нотлохыг шаардаж байна. Иймд сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

 

5. Нэхэмжлэгчээс дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн байна. Үүнд: иргэний үнэмлэхийн лавлагаа, Баянгол дүүргийн Прокурорын газрын 2023 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 1210 дугаартай прокурорын тогтоол, 2021 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 1... дугаартай Жижиг бичил бизнесийн зээлийн гэрээ, мөн өдрийн 1...-01 дугаартай ипотекийн гэрээ, барьцаа хөрөнгө хамтран өмчлөгчдийн зөвшөөрөл, 1... дугаартай зээлийн гэрээний нэмэлт нөхцөл, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /ХХ-5, 7, 9-26 дугаар тал/

 

6. Хариуцагчаас дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн байна. Үүнд: Б.Г...ийн төрсний гэрчилгээ, Х... банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /ХХ-ийн 51, 62-74, 97 дугаар тал/

 

7. Хариуцагч талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шүүх бүрдүүлсэн. Үүнд: А.Б...гаас гэрчийн мэдүүлэг авсан тэмдэглэл /ХХ-ийн 105-112 дугаар тал/

8. Шүүхийн санаачилгаар дараах нотлох баримтуудыг цуглуулсан. Үүнд: Баянгол дүүргийн Прокурорын газрын Прокурорын 2023 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн ... дугаар тогтоолтой хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсан хэргийн материалд гэрчээс авсан мэдүүлэг /ХХ-ийн 125, 126, 130-134 дугаар тал/

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгов. Учир нь:

 

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Хариуцагч А.Б...тай 685 хайрцаг өндөгний тооцоо дуусаагүй, энэ өндөгний төлбөрт 64,280,000 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа болохоо 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр бичиж өгч байсан. 2022 оны 8 дугаар сарын 03-ны өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл төлсөн мөнгө нь өмнөх өндөгний тооцоо юм. Иймд өндөгний үлдэгдэл төлбөр 60,000,000 төгрөг, зээлийн төлбөр 11,680,000 төгрөг нийт 71,680,000 төгрөг гаргуулахаар шаардсанаас хариуцагчийн А.Б...д өгсөн 6,000,000 төгрөгийг Х...аж байгаа ба үлдсэн төлбөрийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

3. Хариуцагч нар нэхэмжлэлийг дараах үндэслэлээр эс зөвшөөрсөн. Үүнд: 2022 оны 8 дугаар сарын 03-ны өдрөөс 685 хайрцаг өндөгийг авсан. Үүний үнийг авсан үеэсээ эхлэн төлж 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдөр төлж дуусгасан байна. Нэхэмжлэгчид шилжүүлсэн нийт мөнгөнөөс 14,622,000 төгрөг нь хугацаа хэтэрсэн 200 хайрцаг өндөгний мөнгөний тооцоо, үлдсэн 72,644,000 төгрөг нь 685 хайрцаг өндөгний мөнгө юм. Иймд 685 хайрцаг өндөгний төлбөрт 1,130,000 төгрөг илүү төлсөн байх тул уг мөнгийг гаргуулна гэжээ.

 

4. Хэрэгт авагдсан нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

4.1. Хариуцагч А.Б... нь нэхэмжлэгч Б.Ц...аас зээлээр, бөөний үнээр өндөг худалдан авч байсан болох нь талуудын тайлбараар тогтоогдож байх ба худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан асуудлаар маргаагүй, харин уг гэрээний дагуу хэдий хэмжээний өндөг нийлүүлсэн /тоо, хэмжээ/ асуудлаар маргаж байгаа үйл баримт тогтоогдов.

 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлсон байна. Үүнд: 2022 оны 7 дугаар сарын 10-ны өдөр хариуцагч А.Б... нь н.А...гаар дамжуулан 200 хайрцаг 72000 ширхэг өндөг авч, уг өндөгний үнэ болох 22,320,000 төгрөгийг 2022 оны 7 дугаар сарын 19, 2022 оны 7 дугаар сарын 22-ны өдөр хоёр хувааж төлсөн. Мөн 2022 оны 7 дугаар сарын 30-ны өдрөөс 174 хайрцаг, 2022 оны 8 дугаар сарын 03-ны өдрөөс 464 хайрцаг өндөг авсан ба үүний мөнгө болох 66,644,000 төгрөгийг 2022 оны 8 дугаар сарын 03-ны өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл хугацаанд төлж дуусгасан. Харин 2022 оны 8 дугаар сарын 20-ны өдрөөс авсан 685 хайрцаг өндөгний мөнгө болох 71,514,000 төгрөгөөс 11,514,000 төгрөгийг хэсэгчлэн төлсөн бөгөөд үлдэгдэл 60,000,000 төгрөгийг өгөөгүй байна гэжээ. Дээрх шаардлагыг хариуцагч эс зөвшөөрч н.А...гаар дамжуулж 200 хайрцаг өндөг авсан, үүний мөнгө болох 22,320,000 төгрөг болон зуучлалын хөлс 500,000 төгрөг нийт 22,820,000 төгрөгийг 2022 оны 7 дугаар сарын 19, 2022 оны 7 дугаар сарын 22-ны өдөр төлсөн, 2022 оны 8 дугаар сарын 03-ны өдрөөс 685 хайрцаг өндөгийг нэг бүрийг нь 290 төгрөгөөр авч, үүний мөнгийг авсан өдрөөсөө эхлэн төлж 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл 18 удаагийн гүйлгээр төлж дууссан, 174 болон 464 хайрцаг өндөг авч байгаагүй, 200 хайрцаг хугацаа нь дууссан өндөгийг нэг бүрийг 200 төгрөгөөр тооцон авч 14,622,000 төгрөгийг тусад нь тооцож төлсөн, 685 хайрцаг өндөгний мөнгөнд 1,130,000 төгрөг илүү төлсөн байна гэж маргасан.

 

Талуудын тайлбараар 2022 оны 7 дугаар сарын 10-ны өдөр 200 хайрцаг буюу 72,000 ширхэг өндөгийг нэг бүрийн үнийг 310 төгрөгөөр тохиролцож 22,320,000 төгрөгийн үнэ бүхий өндөг авч мөнгийг төлсөн, 685 хайрцаг буюу 246,600 ширхэг өндөгийг нэг бүрийн үнийг 290 төгрөгөөр тохиролцож 71,514,000 төгрөг төлөх үүрэгтэй байсан нь тогтоогдож байх ба энэ асуудлаар маргаагүй. Маргаж байгаа зүйл нь 174 болон 464 хайрцаг өндөг, хугацаа дууссан гэх 200 хайрцаг өндөг авсан эсэх асуудал болжээ.

 

Хариуцагчийн нотлох баримтаар гаргаж өгсөн дансны хуулгаар 2022 оны 8 дугаар сарын 03-ны өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл хугацаанд 78,644,000 төгрөгийг нэхэмжлэгчид шилжүүлсэн байх ба үүнээс 2022 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 3,000,000 төгрөг, 2022 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 4,000,000 төгрөг, 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 5,000,000 төгрөг, 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 1,000,000 төгрөг нийт 13,000,000 төгрөгийг хугацаа дууссан 200 хайрцаг өндөгний тооцоо, 66,644,000 төгрөг нь 685 хайрцаг өндөгний тооцоо бөгөөд үүн дээр Б.Ц...ы А.Б...д төлөх 6,000,000 төгрөгийг төлж тооцооноос Х...агдсан гэж үзэн 72,644,000 төгрөг төлсөн, 685 хайрцаг өндөгний үнээс 1,130,000 төгрөг илүү төлсөн гэж тайлбарлав. Хариуцагч нь тайлбартайгаа холбогдуулан дээрх дансны хуулга болон А.Б...гаас гэрчийн мэдүүлэг авахуулсанаас өөр баримт гаргаж өгөөгүй бөгөөд 2022 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр 5,000,000 төгрөг, 1,000,000 төгрөгөөр 2 удаагийн гүйлгээгээр 6,000,000 төгрөг шилжүүлсэн гэсэн боловч дансны хуулгаар 2022 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр 5,000,000 төгрөг шилжүүлсэн байна. Мөн хугацаа хэтэрсэн 200 хайрцаг өндөг авсан, үүний тооцоо тусдаа хийгдэж байсан гэж үзэх баримтгүй байх тул энэ талаарх хариуцагчийн тайлбарыг нотлогдоогүй гэж үзэв. Иймд түүний гаргаж өгсөн дансны хуулгаар 78,644,000 төгрөгийг нэхэмжлэгчид шилжүүлсэн үйл баримт тогтоогдсон. Гэрч А.Б... нь А.Б...аас 6,000,000 төгрөгийн бараа авсан, үүнийг 2022 оны 7 дугаар сарын 28-ны өдөр Б.Ц...д өгсөн 6,000,000 төгрөгийн авлагад тооцох хүсэл зориг илэрхийлсэн байх ба уг мөнгийг хариуцагчийн тооцооноос Х...ахыг нэхэмжлэгч зөвшөөрсөн байна. /ХХ-ийн 62-74, 97, 109-110 дугаар тал/

 

Нэхэмжлэгчийн нотлох баримтаар гаргаж өгсөн дансны хуулгаар 2022 оны 9 дүгээр сарын 06-ны өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл хугацаанд 47,094,000 төгрөгийг хариуцагчаас хүлээж авсан, үүнээс өмнөх хугацааны буюу 2022 оны 8 дугаар сарын 03-ны өдрөөс 2022 оны 8 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл хугацаанд шилжүүлсэн 32,810,000 төгрөгийг хариуцагчаас хүлээж авсан үйл баримтад маргаагүй. Иймд талуудын нотлох баримтаар гаргаж өгсөн дансны хуулгаар нэхэмжлэгч нь 79,904,000 төгрөгийг хариуцагчаас хүлээж авсан үйл баримт тогтоогдов. /ХХ-ийн 17-24 дүгээр тал/

 

Мөн 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Баталгаа гаргах нь гэсэн нэр бүхий баримтыг А.Б... үйлдсэн байх ба уг баримтаар А.Б... нь 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн дотор 64,280,000 төгрөгийг төлөх болохоо илэрхийлж, гарын үсэг зурж баталгаажуулсан байна. Тухайн баримтыг хариуцагч үйлдсэн болохоо хүлээн зөвшөөрсөн бөгөөд ийнхүү бичих болсон үндэслэлээ нэхэмжлэгч 2 хүнтэй хамт ирж гэрт чинь очиж байрлана, гэр рүү чинь хүн явуулна, ална, байгаа бүх юмыг чинь авна, дүү нарыг чинь яаж ч чадна гэх мэтээр удаа дараа дарамталсан, төлбөр төлсөн баримт нь байгаа учраас учир нь олдох байх гэж бодоод аргагүй эрхэнд бичиж өгсөн гэж тайлбарлав. Энэхүү тайлбартайгаа холбогдуулан хариуцагч нь ямар нэг нотлох баримт гаргаж өгөөгүй, үүнтэй холбоотой нотлох баримтыг шүүхээр бүрдүүлэх талаар ямар нэг хүсэлт гаргаагүй болно. Иймд хариуцагч нь тайлбараа нотлоогүйгээс нэхэмжлэгчийн гаргаж өгсөн нотлох баримтыг /баталгаа гаргах/ үгүйсгэж чадаагүй байна. Үүнийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбараа нотлох, татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүргээ биелүүлээгүй гэж үзнэ.

 

Иймд дээрх баримтаар хариуцагч нь 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн байдлаар 64,280,000 төгрөг төлөх үүрэгтэй байсан байх ба дансны хуулгаас харвал энэ хүртэл хугацаанд 75,644,000 төгрөг, үүнээс хойш буюу 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 1,000,000 төгрөг, 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 1,000,000 төгрөг, 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдөр 1,000,000 төгрөг, 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдөр 1,260,000 төгрөг төлсөн байна. Өөрөөр хэлбэл хариуцагчийн тайлбарласнаар зөвхөн 685 хайрцаг өндөгний үнэ 71,514,000 төгрөг төлөх үүрэгтэй байсан бол төлбөр төлөх баталгаа гаргах үед даруй 4,130,000 төгрөг илүү төлсөн, үүнээс хойш 4,260,000 төгрөг төлжээ.

 

Хариуцагч нь нэхэмжлэгчтэй 2022 оны 9 дүгээр сарын 19-ний өдрөөс хойш viber аппликейшнээр /дуудлага болон мессеж илгээж харилцах программ/ мессежээр /зурвас/ харилцаж байсан үйл баримтад маргадаггүй тул нотлох баримтаар шинжлэн судалсан байна. Уг мессежээр хариуцагч нь 2022 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн байдлаар улаан дардастай өндөгний тооцоо 11,000,000 төгрөг үлдсэн болохыг нэхэмжлэгчид бичсэн байх ба дансны хуулгаас харахад энэ үед 56,644,000 төгрөг төлсөн үйл баримт тогтоогдов. Үүнээс хойш бичсэн мессежээр хариуцагчийн шилжүүлсэн 3,000,000 төгрөгийг өмнөх тооцооны үлдэгдэл болох, түүний сүүлд авсан өндөгний тоо, хэмжээг 685 хайрцаг болохыг харилцан бичиж, хариуцагчийн шилжүүлсэн 4,000,000 төгрөгийг 685 хайрцаг өндөгний үнэд тооцох талаар бичжээ. Дээрх нотлох баримтыг /мессеж/ дүгнэж үзвэл талуудын хооронд 685 хайрцаг өндөгнөөс гадна үүнээс өмнөх өндөгний тооцоо байсан гэж үзэхээр байна.

 

Дээрх нотлох баримтуудыг нэгтгэн дүгнэвэл хариуцагч нь зөвхөн 685 хайрцаг өндөгний үнэ төлөх үүрэг хүлээгээгүй, үүнээс өмнөх өндөгний тооцоо байсан, 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн байдлаар үүргийн гүйцэтгэлд 64,280,000 төгрөг төлөх үүрэгтэй байсан гэж үзэв. Үүнээс хойш 2022 оны 12 дугаар сард төлсөн 4,260,000 төгрөгийг Х...ахад 60,020,000 төгрөг төлөх үүрэгтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх, хууль зүйн үндэслэлийг тодорхойлох үүргийн хүрээнд дээрх дүгнэлтийг гаргасан болно.

 

Нэхэмжлэгч нь өндөгний худалдаа /бизнес/ эрхлэх зорилгоор банкнаас 50,000,000 төгрөгийн зээл авсан гэх ба хариуцагч нь худалдан авсан өндөгний үнийг хугацаандаа өгөөгүй үндэслэлээр банкинд сар бүр төлөх төлбөр болох 1,460,000 төгрөгийг 2022 оны 9 дүгээр сараас 2023 оны 4 дүгээр сар дуустал буюу 8 сарын хугацаанд төлөх 11,680,000 төгрөгийг хохиролд тооцон шаарджээ.

 

2021 оны 5 дугаар сарын 12-ны өдөр Х... банк ХХК-тай байгуулсан Жижиг, бичил бизнесийн зээлийн гэрээгээр Б.Ц... нь эргэлтийн хөрөнгийн зориулалтаар 36 сарын хугацаатай 50,000,000 төгрөгийг зээлж, уг зээлийн төлбөрт сар бүр 1,460,556 төгрөг төлөх үүрэг хүлээсэн байх ба гэрээний хугацааг 2024 оны 5 дугаар сарын 27-ны өдөр гэж тодорхойлжээ. Энэхүү гэрээгээр сар бүр төлөх төлбөрийг хариуцагч өндөгний үнийг хугацаандаа төлсөн эсэхээс үл хамааран төлөх үүргийг Б.Ц... хүлээсэн байна. Банкны зээл нь тодорхой зориулалт, хүү, хугацаа, эргэж төлөгдөх барьцаатайгаар мөнгөн хөрөнгийг зээлж буй үйл ажиллагаа бөгөөд зээлийн хэмжээ, гэрээний хугацаа болон сар бүр эргэн төлөх төлбөрийн хэмжээг зээлдэгчийн бизнесийн үйл ажиллагаа, санхүүгийн чадварыг харгалзан тогтооно. Үүнийг нэхэмжлэгч зөвшөөрсний үндсэн дээр тухайн зээлийн гэрээ байгуулагддаг. Иймд нэхэмжлэгч зээлийн төлбөрийг сар бүр төлж чадах эсэх нь хариуцагчаас хамааралгүй бөгөөд бизнесийн үйл ажиллагаагаа хэрхэн удирдаж зохион байгуулах нь нэхэмжлэгчид хамааралтай. Иймд нэхэмжлэгчийн банкны зээлийн төлбөрт сар бүр төлөх төлбөрийг хариуцагчийн гэрээний үүргээ гүйцэтгээгүйгээс учирсан хохиролд тооцох үндэслэлгүй тул 11,680,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгов.

 

Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч А.Б...аас 54,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлээс 11,680,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгов. Нэхэмжлэгч нь хариуцагчийн гэрээний үүргийг 60,000,000 төгрөгөөр тодорхойлж, үүнээс А.Б...д хариуцагчийн бараагаар өгсөн 6,000,000 төгрөгийг Х...аж тооцон нэхэмжлэлийн шаардлагыг багасгасан болохыг дурдах нь зүйтэй.

 

Хариуцагч А.Б... нь худалдах, худалдан авах гэрээний үүргийг С.Н...ийн дансаар дамжуулан гүйцэтгэж байсан нь түүнийг тухайн гэрээний нэг тал гэж үзэх үндэслэл болохгүй, нэхэмжлэгчтэй худалдах, худалдан авах гэрээний эрх, үүрэг бүхий харилцаа үүсгээгүй болох нь талуудын тайлбараар тогтоогдож байна. Иймд хариуцагч С.Н...т холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

 

Сөрөг нэхэмжлэлийн тухайд:

 

Талуудын гаргаж өгсөн нотлох баримтуудаар хариуцагч нь худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 1,130,000 төгрөг илүү төлсөн үйл баримт тогтоогдоогүй тул ийм хэмжээний мөнгөн хөрөнгөөр нэхэмжлэгчийг хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэлгүй байна. Энэхүү мөнгөн хөрөнгийг хариуцагч нь сайн дурын үндсэн дээр, өөрийн ухамсартай үйлдлээр гэрээний үүргийг биелүүлэх зорилгоор шилжүүлсэн бөгөөд тухайн хөрөнгийг нэхэмжлэгч үндэслэлгүйгээр олж авсан гэж үзэх нөхцөл тогтоогдоогүй болно. Иймд хариуцагчийн шаардах эрхийн үндэслэл нь үндэслэлгүйгээр хөрөнгөжсөнөөс үүсэх үүргийн харилцаанд хамаарах боловч шаардлагаа нотолж чадаагүй тул 1,130,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.  Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч А...гийн Б...аас 54,000,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б...ы Ц...д олгож, нэхэмжлэлээс 11,680,000 төгрөгийн шаардлага болон хариуцагч С.Н...т холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул Б.Ц...д холбогдох 1,130,000 төгрөг гаргуулах тухай А.Б...ы сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 516,350 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хурамжид төлсөн 31,670 төгрөгийг тус тус улсын орлогод үлдээж, хариуцагч А.Б...аас улсын тэмдэгтийн хураамжид 427,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Ц...д олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ГАНДИЙМАА

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

зз