Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 210/МА2023/02179

 

 

 

       2023         12            18                                       210/МА2023/02179

 

Б.Ц- ы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Цогтсайхан даргалж, Ерөнхий шүүгч Г.Даваадорж, шүүгч Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 102/ШШ2023/03623 дугаар шийдвэртэй

Б.Ц-ы нэхэмжлэлтэй, А.Б , С.Н нарт холбогдох

Худалдах, худалдан авах гэрээний үүрэг болон хохиролд 65,680,000 төгрөг гаргуулах тухай үндсэн,

гэрээний үүрэгт илүү төлсөн 1,130,000 төгрөгийг буцаан гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг зохигчийн давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Ц , хариуцагч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Б , хариуцагчийн өмгөөлөгч Б.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нандинцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. Хариуцагч А.Б тай н.А гаар дамжуулан танилцсан бөгөөд 2022 оны 7 дугаар сарын 10-ны өдөр н.А гаар дамжуулан 200 хайрцаг буюу 72,000 ширхэг өндөгийг нэг бүрийн үнийг 310 төгрөгөөр тохирч зээлээр авсан. Энэ гэрээний үнэ болох 22,320,000 төгрөгийг 2 хувааж 2022 оны 7 дугаар сарын 19, 2022 оны 7 дугаар сарын 22-ны өдөр төлсөн. Үүний дараа 2022 оны 7 дугаар сарын 30-ны өдрөөс 174 хайрцаг өндөг, 2022 оны 8 дугаар сарын 03-ны өдрөөс 464 хайрцаг өндөгийг тус тус зээлээр авсан ба уг өндөгний төлбөр болох 66,644,000 төгрөгийг 2022 оны 8 дугаар сарын 03-ны өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл хугацаанд төлсөн. Улмаар 2022 оны 8 дугаар сарын 20-ны өдрөөс 685 хайрцаг буюу 246,600 ширхэг өндөгийг нэг бүрийн үнийг 290 төгрөгөөр тохирч авч эхэлсэн бөгөөд энэ өндөгний төлбөр 71,514,000 төгрөгөөс цувуулж 11,514,000 төгрөг төлсөн. Одоо үлдсэн 60,000,000 төгрөгийг гаргуулна.

1.2. Миний бие ОХУ-аас өндөг бөөнөөр оруулж ирж худалдан борлуулах үйл ажиллагаа эрхлэх зорилгоор “Хас банк” ХХК-аас 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн зээлийн гэрээгээр 50,000,000 төгрөг зээлсэн. 2022 оны 8 дугаар сард миний эргэлтийн бүх өндөгийг хариуцагч авч, мөнгийг нь төлөөгүйн улмаас эргэлтийн хөрөнгөгүй болж, намайг бүхэлд нь дампууруулсан. А.Б нь гэрээний үүргээ биелүүлээгүйгээс хохирол учруулсан гэж үзэн зээлийн сар бүрийн эргэн төлөлтийн дүн 1,460,000 төгрөгийг 2022 оны 9 дүгээр сараас 2023 оны 4 дүгээр сарыг дуустал 8 сарын хугацааны төлбөр 11,680,000 төгрөгийг хохиролд шаардаж байна.

Иймд хариуцагч А.Б , С.Н нараас үлдэгдэл төлбөр 60,000,000 төгрөг, хохиролд 11,680,000 төгрөг, нийт 71,680,000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. 2022 оны 7 дугаар сарын 10-ны өдөр н.А гаар дамжуулан 200 хайрцагтай, 72,000 ширхэг өндөгийг нэг бүрийг 310 төгрөгөөр тооцож авсан. Өндөгний үнэ 22,320,000 төгрөгийг зуучлалын хөлс 500,000 төгрөгийн хамт 2022 оны 7 дугаар сарын 19, 2022 оны 7 дугаар сарын 22-ны өдөр нэхэмжлэгчид төлсөн.

2.2. 2022 оны 8 дугаар сарын 03-ны өдрөөс 685 хайрцаг 246,600 ширхэг өндөгийг нэг бүрийн үнийг 290 төгрөгөөр тооцож 71,514,000 төгрөгөөр авсан. Үүний үнийг авсан өдрөөсөө буюу 2022 оны 8 дугаар сарын 03-ны өдөр 5,310,000 төгрөг, 2022 оны 8 дугаар сарын 05-ны өдөр 5,000,000 төгрөг, 2022 оны 8 дугаар сарын 06-ны өдөр 5,500,000 төгрөг, 2022 оны 8 дугаар сарын 07-ны өдөр 1,000,000 төгрөг, 2022 оны 8 дугаар сарын 10-ны өдөр 3,000,000 төгрөг, 2022 оны 8 дугаар сарын 12-ны өдөр 2,000,000 төгрөг, 2022 оны 8 дугаар сарын 14-ний өдөр 3,500,000 төгрөг, 2022 оны 8 дугаар сарын 19-ний өдөр 5,000,000 төгрөг, 2022 оны 8 дугаар сарын 26-ны өдөр 2,500,000 төгрөг, 2022 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр 3,500,000 төгрөг, 2022 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр 5,000,000 төгрөг, 2022 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр 2 удаагийн гүйлгээгээр 6,000,000 төгрөг, 2022 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр 10,334,000 төгрөг, 2022 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр 7,000,000 төгрөг, 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 1,000,000 төгрөг, 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 1,000,000 төгрөг нийт 18 удаагийн гүйлгээ болон А.Б д Б.Ц ы төлөх өр 6,000,000 төгрөгийг төлж нийт 72,644,000 төгрөг төлсөн байна. Харин би 2022 оны 08 дугаар сарын 27-ны өдрөөс 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн хооронд нэхэмжлэгчээс өндөг авч байгаагүй.

2.3. Нэхэмжлэгч нь баталгаа гаргах нь гэсэн миний бичсэн баримтыг гаргаж өгсөн байна. Энэ баримтыг Б.Ц ы янз бүрийн дарамтаас шалтгаалан бичиж өгсөн бөгөөд хожим шүүх, цагдаагийн байгууллагаас шалгахад өндөгний үнийг бүрэн төлсөн байдал нотлогдох тул аргагүйн эрхэнд бичиж өгсөн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэжээ.

3. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн үндэслэл, түүний тайлбар:

2022 оны 8 дугаар сарын 03-ны өдрөөс 2022 оны 8 дугаар сарын 27-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 71,514,000 төгрөгийн үнэ бүхий 246,600 ширхэг буюу 685 хайрцаг 246,600 ширхэг өндөгийг зээлээр худалдан авсан бөгөөд 2022 оны 8 дугаар сарын 03-ны өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 18 удаагийн гүйлгээ болон нэхэмжлэгчийн А.Б д төлөх өр 6,000,000 төгрөгийн хамт нийт 72,644,000 төгрөгийг төлсөн. Иймд 685 хайрцаг өндөгний үнэд 71,514,000 төгрөг төлөхөөс 1,130,000 төгрөгийг илүү төлсөн байх тул уг мөнгийг гаргуулж өгнө үү гэжээ.

4.Сөрөг нэхэмжлэлд гаргасан нэхэмжлэгчийн тайлбарын агуулга:

4.1. Хариуцагч нь надад шилжүүлсэн 2022 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 3,000,000 төгрөг, 2022 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 4,000,000 төгрөг, 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 5,000,000 төгрөг, 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 1,000,000 төгрөг, 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 1,260,000 төгрөгийн талаар  тайлбар хэлээгүй. Одоо болохоор үүнийг хугацаа хэтэрсэн 200 хайрцаг өндөгний мөнгө тусдаа тооцоо хийсэн гэж худлаа ярьж байна. Хариуцагч нь шилжүүлсэн мөнгөний задаргаагаа тайлбарлаж чадахгүй 685 хайрцаг өндөгний мөнгөнд тааруулж тайлбар хэлэх гээд сүүлдээ муудсан өндөг авсан, дарамтлуулсан гэж гүтгэж байна. Хугацаа дууссан өндөг өгч байгаагүй, харин өндөгний хугацаа дуусах гээд байна, яаралтай зарахгүй бол болохгүйг анхааруулж байсан. Мөн 2022 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр 2 удаагийн гүйлгээгээр 6,000,000 төгрөг шилжүүлсэн гэсэн боловч энэ өдөр 5,000,000 төгрөг шилжүүлсэн нь дансны хуулгаас харагдана.

4.2. Гэрч А.Б гаас 6,000,000 төгрөг зээлсэн нь үнэн, А.Б мөнгөө өгөөгүйн улмаас А.Б гийн мөнгийг өгч чадахгүй байсан. А.Б гэрчээр асуугдаад энэ мөнгийг миний өрөнд тооцно гэсэн тул А.Б ы авсан өндөгний мөнгөнөөс хасаж тооцно. Хариуцагч өөрийн бичиж өгсөн баталгаа гаргах нь бичгийг хүчээр, дарамтын улмаас бичиж өгсөн гэж худлаа ярьж байна. Иймд сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч А.Б аас 54,000,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.Ц д олгож, нэхэмжлэлээс 11,680,000 төгрөгийн шаардлага болон хариуцагч С.Н т холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул Б.Ц д холбогдох 1,130,000 төгрөг гаргуулах тухай А.Б ы сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 516,350 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хурамжид төлсөн 31,670 төгрөгийг тус тус улсын орлогод үлдээж, хариуцагч А.Б аас улсын тэмдэгтийн хураамжид 427,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Ц д олгож шийдвэрлэжээ.

6. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын агуулга:

6.1. Шүүх хамтран хариуцагч С.Н ийг худалдах, худалдан авах гэрээний үүргийн нэг тал биш гэж үзэж түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон нь бодит байдалд болон хуульд нийцэхгүй байна. Учир нь А.Б надаас бараа авч худалдан борлуулж төлбөрийг эхнэр С.Н Хаан банкны 2 өөр дансаар дамжуулан хийдэг байсан. Худалдах, худалдан авах гэрээний нэг талд А.Б барааг хүлээн авч борлуулах зэрэг ажлыг хийсэн ч санхүүгийн бүхий л асуудал тооцоог С.Н хийсэн. Түүний хоёр дансаар нэлээдгүй хэмжээний төлбөр тооцоо хийгдэж байсан. Мөн А.Б дансаар худалдаа эрхэлдэг байсан бол өөрөө хувь хүний зүгээс өөрийн гэсэн данс эзэмшиж ашиглах боломжтой ба гэр бүлийн хамтарсан бизнес тул эхнэр С.Н хянаж тооцоог хийж байсан. Хариуцагч А.Б нь “би эхнэрийнхээ дансыг ашиглаж байсан” гэж тайлбар хэлж хариуцлагаас санаатайгаар чөлөөлөгдөх гэсэн, бусдыг хохироож мөнгөн төлбөрийг өгөхгүй гэсэн үйлдэл болно. Өөрөөр хэлбэл хариуцагч А.Б нь өөрийн гэсэн дансгүй, данс ашигладаггүй гэсэн лавлагаа, мэдээлэл бүхий баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй байхад шүүх буруу дүгнэлт хийсэн.

6.2. Шүүхээс нэхэмжлэгч миний банкны зээлийн төлбөрт cap бүр төлөх төлбөрийг хариуцагчийн гэрээний үүргээ гүйцэтгээгүйгээс учирсан хохиролд тооцох үндэслэлгүй тул 11,680,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй. Миний бие банкнаас авсан зээлийг өөрийн бизнесийн үйл ажиллагаанд хамааруулан удирдаж зохион байгуулах үүрэгтэй хэдий ч хариуцагч А.Б нь миний импортоор оруулж ирсэн бүхий л барааг аваад мөнгийн эргүүлж өгөөгүй худал хэлж зугтсанаас үүдэн ямар ч бараагүй, мөнгөгүй зөвхөн зээлийн өртэй үлдсэн.

Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

7. Хариуцагчийн давж заалдах гомдлын агуулга:

7.1 Шүүхийн шийдвэрт “...хариуцагч А.Б нь нэхэмжлэгч Б.Ц аас зээлээр өндөг худалдаж авсан болох нь талуудын тайлбараар тогтоогдож байх ба худалдах, худалдан авах гэрээний асуудлаар маргаагүй, харин уг гэрээний дагуу хэдий хэмжээний өндөг нийлүүлсэн тоо хэмжээний асуудлаар маргаж байгаа үйл баримт тогтоогдов. Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг дүгнэж үзвэл талуудын хооронд 685 хайрцаг өндөгнөөс гадна өмнөх өндөгний тооцоо байсан гэж үзэхээр байна гэжээ. Шүүх дүгнэхдээ хэдий хэмжээний өндөг нийлүүлсэн тоо хэмжээний талаар шийдвэртээ заагаагүй, үнэлэлт дүгнэлт хийхгүйгээр хэргийг шийдвэрлэсэн тул шийдвэр үндэслэл бүхий гарсан гэж үзэхгүй. Учир нь хариуцагчаас хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...2022 оны 07 дугаар сарын 10-ны өдөр н.А гаар дамжуулан 200 хайрцаг буюу нэг бүрийг 310 төгрөгөөр тооцож 72,000 ширхэг өндөг авсан. Үүний үнэ 22,320,000 төгрөгийг зуучлалын хөлс 500,000 төгрөгийн хамт 2022 оны 07 дугаар сарын 17, 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдөр тус тус А д төлсөн. Дараа нь 2022 оны 08 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн нэхэмжлэгч Б.Ц аас 685 хайрцаг өндөг зээлээр худалдаж авсан. Мөн энэ гэрээний эхэнд би нэхэмжлэгч Б.Ц аас хугацаа дууссан 200 хайрцаг өндөг авсан. Миний хувьд дээрх өндөгний төлбөрийг 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн дотор төлж дуусгасан ба хугацаа дууссан 200 хайрцаг өндөгний үнэд 13,000,000 төгрөг, 685 хайрцаг өндөгний үнэд бэлэн бусаар 66,904,000 төгрөг төлснөөс гадна нэхэмжлэгч Б.Ц ы 6,000,000 төгрөгийн зээлийг н.Болормаад бараа өгч, нэхэмжлэгчийн өмнөөс түүний зээлийг төлж барагдуулсан.

Ийнхүү би өндөгний үнэд нэхэмжлэгчид нийт 85,904,000 төгрөг төлсөн. Миний хувьд нэхэмжлэгч Б.Ц аас нийт 865 хайрцаг өндөг зээлээр худалдаж авснаас өөрөөр түүнээс өндөг авч байгаагүй гэж шүүхэд тайлбар гаргаж, тайлбараа нотлох зорилгоор хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад би дансны хуулгаа шүүхэд гаргаж өгсөн. Мөн н.А г гэрчээр асуулгах тухай хүсэлтээ бичгээр гаргахад нэхэмжлэгч хүлээн зөвшөөрсөн тул хүсэлтээсээ би татгалзсан, мөн миний хүсэлтээр н.Болормаа шүүхэд гэрчээр мэдүүлэг өгсөн. Нэхэмжлэгч Б.Ц нь 865 хайрцаг өндөгний үнэд надаас нийт 85,904,000 төгрөг авсан. Шүүхийн шийдвэрээр нэмж 54,000,000 төгрөг надаас гаргуулахаар болсонд гомдолтой байна. Нэг хайрцагт 360 өндөг байдаг ба өндөгний нэг бүрийн үнийг 290 төгрөгөөр тооцвол 1 хайрцаг өндөг 104,400 төгрөг болно. Нэхэмжлэгч нь надад 865 хайрцаг өндөг өгснөөс гадна нэмж 517 хайрцаг өндөг өгсөн мэт болж байна. Гэтэл би нэхэмжлэгчээс энэ хэмжээний өндөг аваагүй, хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч нийт 1382 /865+517/ хайрцаг өндөг надад өгсөн гэх үйл баримт нотлогдоогүй, энэ талаар ямар нэг нотлох баримт хэрэгт байхгүй, нэхэмжлэгч өөрөө үүнийг нотлоогүй, түүний нэхэмжлэлд болон шүүх хуралдаанд гаргасан аль аль тайлбарт нь 1382 хайрцаг өндөгний талаар дурьдаагүй, 1382 хайрцаг өндөг надад өгсөн гэх ямар нэг тайлбар, мэдүүлэгт гаргаагүй, хэрэгт авагдсан бусад баримтуудад 1382 хайрцаг өндөгний талаар тусгагдсан зүйл байхгүй, шүүхийн шийдвэрт ч энэ талаар дурьдаагүй.

Мөн нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд өмгөөлөгчийн асуултад хариулахдаа “...би хамгийн сүүлд буюу 2022 оны 07 дугаар сарын 26-ны өдөр ОХУ-аас 1 машин өндөг оруулж ирсэн, түүнээс хойш дахиж өндөг оруулж ирээгүй, 1 машинд 800 гаруй хайрцаг өндөг багтдаг, өндгийг хадгалах хугацаа 1 cap байдаг гэж хариулсан. Түүний энэ тайлбараар 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн хооронд надад 685 хайрцаг өндөг өгсөн гэх нэхэмжлэгчийн тайлбар худал болох нь нотлогддог. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн хамгийн сүүлд бүюу 2022 оны 07 сарын сүүлчээр ОХУ-аас оруулж ирсэн 1 машин өндөгнөөс би 685 хайрцаг өндөг авсан. Ингэхдээ би 2022 оны 08 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн 7 орчим хоногийн зайтай нэхэмжлэгчээс өндөг авдаг байсан ба авах бүртээ 200-250 хайрцаг өндөг авч байсан. Тийм болохоор 2022 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар нэхэмжлэгчийн нөөцөд 685 хайрцаг өндөг байх бодит боломжгүй. Түүнчлэн, миний өмгөөлөгч шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн одоо нэхэмжилж байгаа мөнгө дээр хариуцагч А.Б аас авсан мөнгийг яаж тооцвол нэхэмжлэгч Б.Ц нь ОХУ-аас бараг 1400 хайрцаг өндөг буюу 2 машин өндөг оруулж ирсэн гэж үзэхээр байна.

Нэхэмжлэгч нь энэ хэмжээний өндөг оруулж ирсэн талаар гаалийн бүрдүүлбэр, тээврийн зардлын холбогдох баримтууд гэх мэт баримтуудыг шүүхэд гаргаж өгөөгүй. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа нотолж чадаагүй гэсэн өмгөөлөгчийн тайлбар хэлэх үед нэхэмжлэгч Б.Ц “...надад энэ баримтууд бүгд байгаа, шүүхэд гаргаж өгнө” гэсэн боловч тэрээр шүүх хуралдаанд эдгээр баримтуудыг гаргаж өгөөгүй. Өөрөөр хэлбэл 2022 оны 7 дугаар сарын 26-ны өдрөөс хойш нэхэмжлэгч Б.Ц нь ОХУ-аас  нэг машин өндөг оруулж ирснээс өөрөөр дахин өндөг оруулж ирээгүй байхад шүүх зөвхөн нэхэмжлэгчийн тайлбарт үндэслэн хэргийг шийдвэрлэсэн нь гомдолтой байна. Нэхэмжлэгч Б.Ц нь Баянгол дүүрэг дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтэст гомдол гаргахдаа ОХУ-аас оруулж ирсэн өөрийн өндөгний нийт тоо хэмжээг тодорхой дурьдсан байдаг бөгөөд мөрдөгч түүний гомдлыг шалгах ажиллагааны явцад нэхэмжлэгчийн оруулж ирсэн нийт өндөгний тоо хэмжээ нь нэг машиныг бүрэн дүүргэх хэмжээний бус, харьцангуй цөөн тооны хайрцаг өндөг оруулж ирсэн болох нь нотлогддог. Гэтэл шүүх хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж шийдвэрлэсэн хяналтын прокурорын тогтоолд ямар ч үнэлэлт, дүгнэлт хийлгүйгээр түүнийг орхигдуулж, хэргийг шийдвэрлэсэн.

7.2. Хариуцагч А.Б би нэхэмжлэгч Б.Ц аас зээлээр худалдаж авсан өндөгний төлбөр тооцоог 1 сарын хугацаанд төлж дуусгана гэж тохиролцож, түүнээс өндөг авсан боловч иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд надаас авсан өндөгний төлбөр тооцоог хийхгүй удааширч байснаас миний хувьд хугацаа хэтрүүлэх шалтгаан болсон. Хугацаа хэтрүүлсэн энэ байдалд нэхэмжлэгч Б.Ц маш их бухимдалтай байсан ба надтай байнга утсаар, мессеж чатаар харилцаж мөнгө шаардаж байсан. Би түүнд үүссэн дээрх нөхцөл байдлын талаар хэлж байсан боловч тэрээр намайг элдвээр дарамтлах болж, улмаар надаар баталгаа гэх баримт бичүүлж авсан нь шүүхийн шийдвэрийн нэг үндэслэл болсон байна. 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр нэхэмжлэгч Б.Ц нь үл таних 2 залуугийн хамт надтай ирж уулзахдаа “...мөнгө төгрөгөө өгөхгүй намайг яах гээд байгаа юм гэх мэтээр элдвээр хэлж, дарамтлах үедээ мөнгөө бүрэн өгөхөөс нааш одоо танай гэрт энэ 2 хүнийг байлгана. Мөнгөө өгсний чинь дараа хүмүүсээ гэрээс чинь гаргана гэж бодитой заналхийлэх болсон тул би Б.Ц ы хэлсэн ёсоор түүний хэлсэн үг бүрийг орхигдуулалгүй баталгаа гэх баримтанд бичиж өгсөн. Ингэхдээ би уг баримтыг өөрийн хүсэл зоригийн дагуу үйлдээгүй ба уг баримт дотор “хэрэв мөнгөө заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд манай талын 2 хүнийг тус тус гэртээ мөнгөө төлтөл байрлуулна” гэж Б.Ц ы тухайн үед дарамталж хэлж бичүүлсэн үгийг баталгаа гэх баримтанд бичсэн.

Гэвч анхан шатны шүүх баталгаа гэх баримтын зарим хэсэгт үнэлэлт өгч, зарим хэсэгт буюу дээр дурьдсан хэсэгт дүгнэлт хийлгүй орхигдуулсан, мөн уг нөхцөл байдлыг нотлох зорилгоор миний гаргасан хүүгийн төрсний гэрчилгээг шийдвэртээ дурдсанаас уг хүүхдийн төрсний гэрчилгээ нь хэрэгт ямар хамааралтай эсэх талаар ямар нэг дүгнэлт хийгээгүй байна. Миний хувьд баталгаа гэх баримтыг бичиж өгсөн шалтгаан, нөхцөл байдлын талаар шүүхэд тайлбар, нотлох баримтаа гаргаж өгсөн гол шалтгаан нь тухайн үед миний эхнэр нярайлсан, төрөөд удаагүй байсан, гэрт нярай эх, охин 2 байсан. Тэдний дэргэд гаднын үл таних 2 хүнийг гэртээ оруулж хамт байлгах нь ямар ч боломжгүй байсан тул аргагүй эрхэнд би дээрх баримтыг үйлдсэн. Хууль шүүхийн байгууллага уг баталгаа гэх баримтыг үйлдсэн шалтгаан, нөхцөл байдалд хожим бодитой дүгнэлт хийнэ гэдэгт итгэлтэй байсан боловч анхан шатны шүүх цагдаад яагаад гомдол гаргаагүй юм гэх үндэслэлээр дээрх нөхцөл байдалд үнэлэлт өгөөгүй орхигдуулсан. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх зохигчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаад гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д зааснаар шийдвэрийг хэвээр үлдээв.

2. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

3. Нэхэмжлэгч Б.Ц нь хариуцагч А.Б , С.Н нарт холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 60,000,000 төгрөг, хохирол 11,680,000 төгрөг, нийт 71,680,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

3.1. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа 6,000,000 төгрөгөөр багасган хариуцагчаас гэрээний үүрэгт 54,000,000 төгрөг, хохиролд 11,680,000 төгрөг, нийт 65,680,000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч нар эс зөвшөөрч, гэрээний үүрэгт илүү төлсөн 1,130,000 төгрөг буцаан гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан.

3.2. Нэхэмжлэгч Б.Ц аас хариуцагч А.Б нь 2022 оны 07 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн 200 хайрцаг буюу 72,000 ширхэг өндөгийг нэг бүрийн үнийг 310 төгрөгөөр тооцон 22,320,000 төгрөг төлсөн болох нь талуудын тайлбар болон Хаан банк ХХК-ийн депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар нотлогдсон бөгөөд энэ талаар зохигчид маргахгүй байна. Нэхэмжлэгч нь хариуцагч 2022 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 174 хайрцаг өндөг, 2022 оны 08 дугаар сарын 03-ны өдөр 464 хайрцаг өндөг тус тус зээлээр худалдан авч мөнгийг төлсөн, 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн хооронд 685 хайрцаг өндөг зээлээр худалдан авсан боловч 60,000,000 төгрөгийг төлөөгүй гэж,  хариуцагч нь нэхэмжлэгчээс 2022 оны 08 дугаар сарын 03-ны өдрөөс 2022 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн хооронд 685 хайрцаг буюу 246,600 ширхэг өндөгийг нэг бүрийн үнийг 290 төгрөгөөр тооцон 71,514,000 төгрөгний өндөг зээлээр худалдан авч, 2022 оны 08 дугаар сарын 03-ны өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 06-ны хооронд 18 удаагийн гүйлгээгээр нийт 72,644,000 төгрөг төлсөн гэж зөрүүтэй тайлбар гарган маргажээ.

            3.3. Зохигчдын хооронд сүүлийн 685 хайрцаг өндөгийг худалдахаас өмнө эхний 200 хайрцаг өндөг худалдсаны дараа 174 болон 464 хайрцаг буюу нийт 638 хайрцаг өндөгийг худалдсан эсэх, хариуцагч 685 хайрцаг өндөг хүлээн авсан эсэх нь маргааны зүйл болжээ.

3.4. Нэхэмжлэгч Б.Ц нь хариуцагч А.Б д 2022 оны 07 дугаар сард 200 хайрцаг буюу 72,000 ширхэг өндөгийг худалдсан, хариуцагч нь уг өндөгний үнэ 22,320,000 төгрөгийг нэхэмжлэгчид бүрэн төлсөн болох нь талуудын тайлбар болон Хаан банк ХХК-ийн депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар нотлогдсон бөгөөд энэ талаар зохигчид маргаангүй байна.

3.5. Хариуцагч нь нэхэмжлэгчээс 2022 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 174 хайрцаг өндөг, 2022 оны 08 дугаар сарын 03-ны өдөр 464 хайрцаг өндөг аваагүй гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй болно.

3.6. Хэргийн 27-36 дугаар талд зохигчдын хооронд 2022 оны 9 дүгээр сарын 19-ний өдрөөс хойш viber аппликейшнээр талууд харилцсан харилцсан цахим бичмэл нотлох баримт авагдсан байх бөгөөд уг баримтын талаар зохигчид маргахгүй байх тул дээрх бичмэл нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт нийцүүлэн үнэлэх боломжтой.

Дээрх талуудын 2022 оны 9 дүгээр сарын 19-ний өдрөөс хойш viber аппликейшнээр талууд харилцсан мессеж-ээр улаан дардастай өндөгний тооцоо 11,000,000 төгрөг үлдсэн, 400 хайрцагны мөнгө түрүүлж орж ирэх гэж байгаа, үлдсэн өндөгний тоо, хэмжээг 685 хайрцаг болохыг харилцан тооцоо нийлж, хариуцагчийн шилжүүлсэн 4,000,000 төгрөгийг 685 хайрцаг өндөгний үнээс хасч, үлдэх тооцоог 66,281,000 төгрөг болох талаар бичсэн болох нь тогтоогджээ. /хх-ийн 27-36/

3.7. Түүнчлэн, хэргийн 8 дугаар тал дахь 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн “баталгаа гаргах нь” гэх баримтад “2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн дотор 64,280,000 төгрөгийг төлөхөөр илэрхийлж, баримтыг хариуцагч А.Б үйлдэн гарын үсэг зурсан талаар маргахгүй байна. /хх-ийн 8/

Энэ баримтыг хариуцагч нь “нэхэмжлэгч намайг айлган сүрдүүлж, дарамталж гарын үсэг зуруулсан” гэж маргасан боловч хэргийн баримтаар дээрх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

3.8. Хэргийн 17-25, 62-74 дүгээр тал дахь нэхэмжлэгч Б.Ц ы дансны хуулгаар 2022 оны 8 дугаар сарын 03-ны өдрөөс 2022 оны 8 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл хугацаанд нийт 32,810,000 төгрөг, 2022 оны 9 дүгээр сарын 06-ны өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл хугацаанд 47,094,000 төгрөг, нийт 79,904,000 төгрөгийг хариуцагчаас шилжүүлсэн, харин хариуцагчийн дансны хуулгаар 2022 оны 8 дугаар сарын 03-ны өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл хугацаанд нийт 78,644,000 төгрөгийг нэхэмжлэгчид шилжүүлсэн үйл баримт тогтоогджээ. /хх-ийн 17-25, 62-74/

Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан хүчин төгөлдөр худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж анхан шатны шүүхийн хийсэн дүгнэлт зөв байна.

Иймд хариуцагч А.Б нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул нэхэмжлэгч Б.Ц нь үүргийн гүйцэтгэл болох төлбөрийн үлдэгдэл 64,280,000 төгрөгийг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй.

4. Анхан шатны шүүх хариуцагч А.Б ыг 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн байдлаар 64,280,000 төгрөг төлөх үүрэгтэй гэж дүгнэн, дээрх дүнгээс хариуцагчийн 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 1,000,000 төгрөг, 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 1,000,000 төгрөг, 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдөр 1,000,000 төгрөг, 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдөр 1,260,000 төгрөг, нийт 4,4260,000 төгрөг болон нэхэмжлэгч Б.Ц ы бусдад өгөх өр болох 6,000,000 төгрөгийг хариуцагч бараагаар өгч барагдуулсныг хасч, үлдэх 60,020,000 төгрөгийг хариуцагч А.Б аас гаргуулж, нэхэмжлэгч Б.Ц д олгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасантай нийцжээ. Энэ талаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй.

5. Нэхэмжлэгч нь өндөг худалдан борлуулах үйл ажиллагаа эрхлэх зорилгоор 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдөр “Хас банк” ХХК-тай жижиг, бичил бизнесийн зээлийн гэрээ байгуулж, эргэлтийн хөрөнгийн зориулалтаар 50,000,000 төгрөгийг 36 сарын хугацаатай зээл авсан, хариуцагч төлбөрийг хугацаанд нь төлөөгүйгээс зээлийн төлбөрт сар бүр төлөх 1,460,556 төгрөгийг 2022 оны 09 дүгээр сараас 2023 оны 04 дүгээр сарыг дуустал 8 сарын хугацааны хүртэл зээлийн төлбөрт 11,680,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн.

5.1. Нэхэмжлэгч нь дээрх гэрээгээр сар бүр төлөх төлбөрийг хариуцагч өндөгний үнийг хугацаандаа төлсөн эсэхээс үл хамааран төлөх үүргийг хүлээсэн байна. Нөгөөтэйгүүр нэхэмжлэгчийн банкнаас авсан зээлийн үүргийг хариуцагч хариуцах  буруутай гэж үзэх шалтгаант холбоо хэргийн баримтаар тогтоогдсонгүй.

5.2. Анхан шатны шүүх нэхэмжлэгч Б.Ц ы хохиролд хариуцагчаас 11,680,000 төгрөг гаргуулах тухай хэсэгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг зөрчөөгүй гэж үзэх үндэслэлтэй. Иймд энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй.

6. Түүнчлэн, анхан шатны шүүх хариуцагч С.Н т холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Учир нь нэхэмжлэгч Б.Ц болон С.Н нарын хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүсээгүй, харин С.Н нь өөрийн дансаар нөхөр А.Б ы төлбөрийг шилжүүлж байсан үйл баримт тогтоогдсон бөгөөд өндөгний төлбөр тооцоог С.Н хийсэн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний нэг тал болж гэрээнд оролцсон гэж үзэх үндэслэл болохгүй. Иймээс нэхэмжлэгчийн энэ талаар гаргасан заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.

7. Хариуцагч А.Б нь нэхэмжлэгч Б.Ц д холбогдуулан илүү төлсөн 1,130,000 төгрөгийг буцаан гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтууд, зохигчдын тайлбар зэргийг харьцуулан дүгнэж илүү төлбөр төлөгдсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй гэж дүгнэсэн зөв байна.

Иймд шүүх хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй тул энэ талаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй.

Дээрх үндэслэлээр зохигчийн гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 102/ШШ2023/03623 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, зохигчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 201,830 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 427,950 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Д.ЦОГТСАЙХАН

                          ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Г.ДАВААДОРЖ

                                ШҮҮГЧ                                      Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ