Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 2021/ДШМ/32

 

   А.М, Б.Э нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Д.Көбеш, Ерөнхий шүүгч Н.Туяа нарын бүрэлдэхүүнтэй хийж, тус аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 2021/ШЦТ/70 дугаар шийтгэх тогтоолтой, А.М, Б.Э нарт холбогдох эрүүгийн 2013003720030 дугаартай хэргийг шүүгдэгч Б.Э болон түүний өмгөөлөгч А.Серикжан нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2021 оны 6 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Көбешийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Б.Даулетжан, прокурор Х.Өрен, шүүгдэгч А.М /цахим сүлжээгээр/, шүүгдэгч А.Мын өмгөөлөгч Х.Зулхаш, шүүгдэгч Б.Э-ы өмгөөлөгч А.Серикжан нар оролцов.

 

1. Монгол Улсын иргэн, 1984 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Баян-Өлгий аймгийн Б суманд төрсөн, 37 настай, эмэгтэй, яс үндэс Казах, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, Баян-Өлгий аймгийн Мал эмнэлгийн газрын Захиргаа, санхүүгийн албаны дарга ажилтай, ам бүл 6 хүнтэй, хадам ээж, нөхөр хүүхдүүдийн хамт амьдардаг, Баян-Өлгий аймгийн Ө сумын дугаар багт оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай Ж овогт Аийн М /БВ/ нь  Баян-Өлгий аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газарт хүний нөөц, дотоод ажил хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байхдаа 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр иргэн Б.Эыг Баян-Өлгий аймгийн Мал эмнэлгийн газрын шимэгч судлалын шинжээч эмчийн ажилд оруулж өгсний хариуд 1.000.000 төгрөгийн хахууль авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт хамаарах гэмт хэрэгт,

 

2. Монгол Улсын иргэн, 1991 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Ховд аймгийн Дарви суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, яс үндэс Халх, дээд боловсролтой, малын их эмч мэргэжилтэй, Баян-Өлгий аймгийн Мал эмнэлгийн газарт шимэгч судлалын шинжээч эмч ажилтай, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг, Ховд аймгийн Д сумын дугаар багт оршин суух хаягтай, одоо Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 3 дугаар багт түр оршин суудаг, хэрэг хариуцах чадвартай, Хар банди овогт Батчулууны Э /П0000000/ нь өөртөө давуу байдал бий болгох үүднээс, Баян-Өлгий аймгийн Мал эмнэлгийн газарт ажилд орох зорилгоор Баян-Өлгий аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газарт хүний нөөц, дотоод ажил хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан А.Мад 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 1.000.000 төгрөгийн хахууль өгсөн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 2020/ШЦТ/70 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч Ж овогт Аийн М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хахууль авах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг 4 (дөрөв) жилийн хугацаагаар хасаж, 6.000 (зургаан мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6.000.000 (зургаан сая) төгрөгөөр торгох ялаар,

Шүүгдэгч Хар банди овогт Батчулууны Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хахууль өгөх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг 2 (хоёр) жилийн хугацаагаар хасаж, хорих ялыг оногдуулахгүйгээр 1 (нэг) жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Б.Э, түүний өмгөөлөгчийн хамтран гаргасан давж заалдах гомдолд: “Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Э-ыг хахууль өгөх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэнд маргаан байхгүй. Харин шүүхээс шүүгдэгч Б.Э-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Тодруулбал, үйлчлүүлэгч Б.Э-ы зүгээс хахууль өгсөн үйлдлээ хууль хяналтын байгууллагад илчилсэн тохиолдолд эрүүгийн хариуцлагаас чөлөөлөгдөнө гэсэн итгэл үнэмшилтэй байсан. Өөрийгөө илчилж ирсэн гэдэг нь тухайн гэмт хэргийг үйлдсэн этгээд энэ талаарх мэдээллийг эрх бүхий байгууллага, албан тушаалтанд урьд нь ямар нэгэн байдлаар мэдэгдээгүй байхад өгсөн бөгөөд энэ мэдээлэл нь уг гэмт хэргийг мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлэх үндэслэл болсон байхыг ойлгоно.

Энэ гэмт хэргийн талаарх мэдээллийг шүүгдэгч Б.Э нь 2020 оны 9 дүгээр сарын 28-нд Авлигатай тэмцэх газарт бичгээр гаргасныг 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч гомдол мэдээлэл шалгах ажиллагаа явуулж, 2020 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хэрэг бүртгэлтийн 201300372 дугаар хэрэг нээж, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагааг явуулж эхэлсэн байдаг. Өөрөөр хэлбэл шүүгдэгч Б.Э-ыг хясан боогдуулсны улмаас аргагүй байдалд орж хахууль өгсөн, энэ тухайгаа эрх бүхий байгууллагад сайн дураараа илчлэн ирсэн гэж үзнэ. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн Тайлбарт: -Хясан боогдуулсны улмаас аргагүй байдалд орж хахууль өгч, энэ тухайгаа эрх бүхий байгууллагад сайн дураараа илчлэн ирсэн бол түүний авсан төрийн үйлчилгээг хэвээр үлдээж ялаас чөлөөлнө гэж заасан нь тухайн хүнийг ялаас чөлөөлөхийг шүүхэд үүрэг болгосон байх тул шүүгдэгч Б.Эыг үндсэн болон нэмэгдэл ялаас чөлөөлөх хууль зүйн үндэслэлтэй байна. Хэрэв эрх бүхий байгууллагад өөрийгөө сайн дураараа илчилж ирсэн хүмүүсийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөхийн оронд эрүүгийн хариуцлага хүлээлгээд байвал дараа нь энэ төрлийн гэмт хэргийг илрүүлэхэд бэрхшээл үүсэж, болзошгүй юм.

Тийм учраас хууль тогтоох байгууллагаас энэ төрлийн гэмт хэргийг илрүүлэх буюу бусдын үйлдсэн гэмт хэргийг илрүүлэх, гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг олох зорилгоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн Тайлбарыг хуульчилсан гэж үзэж байна. Иймд Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 2021/ШЦТ/70 дугаар шийтгэх тогтоолын 4 дэх заалтын “...шүүгдэгч Б.Э-ы нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, хорих ялыг оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.” гэсэн хэсэгт өөрчлөлт оруулж үйлчлүүлэгч Б.Эыг ялаас чөлөөлж өгнө үү” гэжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолтой холбогдуулан гаргасан шүүгдэгч Б.Э болон түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэхдээ хуульд заасан журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтуудын хүрээнд давж заалдсан гомдолд дурдсан үндэслэлийг хязгаарлахгүйгээр, тухайн хэргийн бүх ажиллагаа, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон эсэхийг бүхэлд нь хянав.

 

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг зөрчсөн, хязгаарласан зүйл тогтоогдоогүй, Эрүүгийн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна.

           

Прокурорын 2021 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 36 дугаартай яллах дүгнэлтээр шүүгдэгч А.М нь Баян-Өлгий аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газарт хүний нөөц, дотоод ажил хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байх үедээ буюу 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр иргэн Б.Э-ыг Баян-Өлгий аймгийн Мал эмнэлгийн газрын шимэгч судлалын шинжээч эмчийн ажилд оруулж өгсний хариуд 1.000.000 төгрөгийн хахууль авсан,

шүүгдэгч Б.Э нь өөртөө давуу байдал бий болгох буюу Баян-Өлгий аймгийн Мал эмнэлгийн газарт ажилд орох зорилгоор Баян-Өлгий аймгийн аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газарт хүний нөөц, дотоод ажил хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан А.Мад 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 1.000.000 төгрөгийн хахууль өгсөн гэмт хэрэгт тус тус холбогдож хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4 дэх заалт, Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2 дахь заалтад тус тус зааснаар шүүгдэгч А.Мын хашиж байгаа албан тушаал буюу Баян-Өлгий аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газарт хүний нөөц, дотоод ажил хариуцсан мэргэжилтэн нь нийтийн албан тушаалтан мөн байна.  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн субъект болох нийтийн албан тушаалтан хууль бус үйлдлээ гүйцэлдүүлж бодит хор уршиг бий болгосон эсэхийг харгалзахгүй, хахууль авснаар энэ гэмт хэрэг төгсдөг бөгөөд хахууль өгөх гэмт хэргийн гол шинж нь хахууль өгөгч, авагч нарын харилцан сонирхол нэгдмэл байж, энэхүү хууль бус үйлдэл нь нийгмийн шударга ёсыг зөрчсөнд оршдог.

Шүүгдэгч А.М, Б.Э нарын хахууль авсан, өгсөн талаарх үйлдэлүүд  тус тус Б.Э-ы Авлигатай тэмцэх газарт гаргасан гомдлыг хүлээн авсан тухай тэмдэглэл /1 дүгээр хавтасны 3 дугаар хуудас/, түүнд хавсаргасан ХААН банкны дансны хуулбар /1 дүгээр хавтасны 5-6 дугаар хуудас/, гэрч Б.Э-ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 10-15 дугаар хуудас/, гэрч А.А /1 дүгээр хавтасны 16-20, 37-39 дүгээр хуудас/, Б.Н /1 дүгээр хавтасны 21-23 дугаар хуудас/,  С.Т /1 дүгээр хавтасны 28-31, 2 дугаар хавтасны 77-78 дугаар хуудас/, М.Е /1 дүгээр хавтасны 32-33 дугаар хуудас/, Х.Бейсенби /1 дүгээр хавтасны 34 дүгээр хуудас/, Е.Г /1 дүгээр хавтасны 35-36 дугаар хуудас/, М.Е /1 дүгээр хавтасны 46-47 дүгээр хуудас/, А.М /1 дүгээр хавтасны 40 дүгээр хуудас/, Х.Д /1 дүгээр хавтасны 48-51 дүгээр хуудас/, Ж.С /1 дүгээр хавтасны 53-55 дугаар хуудас/,  Д.Б /1 дүгээр хавтасны 56-58 дугаар хуудас/ нарын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг, Б.Э-ы ХААН банк дахь 5070172039 тоот данс, А.М-ын 5180397842 тоот дансанд үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хавтасны 60-63 дугаар хуудас/, ХААН банкны Баян-Өлгий салбараас 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр ирүүлсэн 5070172039, 5180397842 тоот данснуудын хуулга, мэдээлэл /1 дүгээр хавтасны 64-67 дугаар хуудас/, А.М-ын Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг /1 дүгээр хавтасны 91-92 дугаар хуудас/, ажлын байрны, албан тушаалын тодорхойлолтууд /1 дүгээр хавтасны 93-103 дугаар хуудас/, Баян-Өлгий аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргын 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн Б/07 дугаартай тушаал /1 дүгээр хавтасны 127, 132-133 дугаар хуудас/, Баян-Өлгий аймгийн Мал эмнэлгийн газрын даргын 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Б/28 дугаартай, А.М-ыг тус газрын Захиргаа, санхүүгийн албаны даргаар томилсон тухай тушаал /1 дүгээр хавтасны 134 дүгээр хуудас/, Баян-Өлгий аймгийн Мал эмнэлгийн газрын даргын 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Б/27 дугаартай, Б.Э-ыг тус газрын Шимэгч судлалын шинжээчийн ажилд томилсон тухай тушаал /1 дүгээр хавтасны 156, 184 дүгээр хуудас/, Б.Э-ы хувийн байдлыг тодорхойлсон бусад нотлох баримтууд /1 дүгээр хавтасны 157-166 дугаар хуудас/, Ховд аймгийн Д сумын Засаг даргын тамгын газрын даргын 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 2/37 дугаартай албан бичиг /1 дүгээр хавтасны 223-224 дүгээр хуудас/, Б.Э-ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 248-250 дугаар хуудас/, яллагдагч А.М-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /2 дугаар хавтасны 28-29 дүгээр хуудас/, яллагдагч Б.Э-ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /2 дугаар хавтасны 38-39, 43-45 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон, энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, үндэслэл бүхий байна.

Шүүхийн шийтгэх тогтоолоор А.М-ыг хахууль авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохдоо, Б.Эыг хахууль өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгож, мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр  зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.М-ад нийтийн албанд томилогдох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж 6.000 (зургаан мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6.000.000 (зургаан сая) төгрөгөөр торгох ял шийтгэж, шүүгдэгч Б.Эыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгож, мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, хорих ялыг оногдуулахгүйгээр 1 (нэг) жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзахдаа шүүх хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн, шүүгдэгч нар хүлээлгэсэн эрүүгийн хариуцлага нь тэдгээрийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон байна гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

Шүүгдэгч Б.Э-ы хувьд “Өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан эд зүйл өгсөн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь үндэслэлтэй ба хэрэгт  цугларсан нотлох баримтуудаар тэрээр хахууль өгөх гэмт хэрэг үйлдсэн тухайгаа эрх бүхий байгууллагад сайн дураараа илчлэн мэдээлсэн нь тогтоогддог боловч “хясан боогдуулсны улмаас аргагүй байдалд орж хахууль өгсөн” гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байгаа тул түүний давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгож ТОГТООХ нь:

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 2020/ШЦТ/70 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Э болон түүний өмгөөлөгч А.Серикжан нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар “анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн”, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” зэрэг үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч, прокурор, дээд шатны прокурор хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.

                    

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         С.ӨМИРБЕК

 

ШҮҮГЧИД                                                       Н.ТУЯА

 

Д.КӨБЕШ