Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 2021/ШЦТ/70 

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Талгат даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А,

орчуулагч, хэлмэрч А,

улсын яллагч Ө,

гэрч А , Т , А , Е ,

шүүгдэгч М ын өмгөөлөгч З , Т ,

шүүгдэгч Э гийн С,

шүүгдэгч М , Э  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,

Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч М ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт, шүүгдэгч Э д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2013003720030 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, 1984 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Баян-Өлгий аймгийн Баяннуур суманд төрсөн, 37 настай, эмэгтэй, яс үндэс казах, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, Баян-Өлгий аймгийн Мал эмнэлгийн газрын Захиргаа, санхүүгийн албаны дарга ажилтай, ам бүл 6, хадам ээж, нөхөр хүүхдүүдийн хамт амьдардаг, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар багт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагнал үгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, М , РД:БВ******.

2. Монгол Улсын иргэн, 1991 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Ховд аймгийн Дарви суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, яс үндэс халх, дээд боловсролтой, малын их эмч мэргэжилтэй, Баян-Өлгий аймгийн Мал эмнэлгийн газарт шимэгч судлалын шинжээч эмч ажилтай, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг, Ховд аймгийн Дарви сумын 2 дугаар багт оршин суух хаягтай, одоо Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 3 дугаар багт түр оршин суудаг, улсаас авсан гавьяа шагнал үгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай. Э , РД ПГ******.

Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар.

1. Шүүгдэгч М  нь Баян-Өлгий аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газарт хүний нөөц, дотоод ажил хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байх үедээ буюу 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр иргэн Э ыг Баян-Өлгий аймгийн Мал эмнэлгийн газрын шимэгч судлалын шинжээч эмчийн ажилд оруулж өгсний хариуд 1.000.000 төгрөгийн хахууль авсан гэмт хэрэгт;

2. Шүүгдэгч Э  нь өөртөө давуу байдал бий болгох буюу Баян-Өлгий аймгийн Мал эмнэлгийн газарт ажилд орох зорилгоор Баян-Өлгий аймгийн аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газарт хүний нөөц, дотоод ажил хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан М ад 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 1.000.000 төгрөгийн хахууль өгсөн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, гэрч нараас гаргасан мэдүүлэг.

1. Шүүгдэгч М  мэдүүлэхдээ: Би эрх зүйч мэргэжилтэй, сэхээтэн гаралтай, аав, ээж маань сурган хүмүүжүүлэгч ардын багш нар намайг хар багаас ёс зүйтэй хүмүүжүүлсэн. Би энэ хугацаанд ямар нэгэн гэмт хэрэг, зөрчилд холбогдож ял эдэлж байгаагүй. Тиймээс, би Э аас хахууль аваагүй ба хилс хэрэгт холбогдож байна. Ер нь хахуулийг хүн өөрийнхөө хувийн дансаар шилжүүлэн авдаг уу. Зөвхөн дансны хуулгыг яллах дүгнэлтэд үндэслэл болгосонд нь гайхаж байна. Бусад гэрчүүдийн мэдүүлэг дотор миний 1.000.000 төгрөг авсан тухай баримт байхгүй байсан. Э  хахууль өгсөн бол яагаад гүйлгээний утга дээр нь “үхэр" гэж бичдэг юм бэ. Банкаар мөнгө шилжүүлэхэд гүйлгээний утга л чухал байдаг биз дээ. Ямар ч банканд мөнгө шилжүүлэхэд гүйлгээний утгыг үндэслэдэг.

Гэрч А  зориуд худал мэдүүлсэн. 2018 оны 10 дугаар сард Мал эмнэлгийн газар шинээр байгуулагдаж тус газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдон ажиллаж байсан. Энэ хугацаанд батлагдсан бүтцээр нийт 44 орон тоонд албан хаагчдыг дарга А  өөрөө дангаараа шийдвэр гарган томилон ажиллуулж байгаа. Үүнийг нийт томилогдсон албан хаагчид гэрчилнэ.

Хавтаст хэрэгт А  нь “Э ыг М  дагуулж ирээд энэ залууг малын их эмчээр авъя, энэ хүнийг заавал авна сул орон тоо байгаа гэж хэлсэн, М  боловсон хүчин хариуцдаг тул санал болгосон хүнийг авсан...” хэмээн илт худал мэдүүлсэн. Мал эмнэлгийн газарт 3-4 монгол хүний материал байсан. Сонгож авах нь А ын эрх мэдлийн асуудал байсан. А  бүх томилгоог дангаараа шийдвэрлэдэг. Манай байгууллагад нэг ч хүнийг ажилд авна гэж манай хамт олонд хэлж, ямар нэг нь сонгон шалгаруулалт явуулж, санал авч байсан удаагүй. Миний болон хамт олны саналыг сонсдог ч хүн биш.

Харин А  дарга өөрөө надад хэлэхдээ “С  сайд нэг монгол хүн ав гэж байна. Би сураглаж байгаа хэд хэдэн монгол хүн байна, гэхдээ бага эмч нар юм байна, чи их эмч хүн олоорой” гэхээр нь би хавтаст хэрэгт авагдсанаар зөвхөн Д  биш Алтай сумын малын эмч И , Баяннуур сумын малын эмч Х.Д , Булган сумын эмч А  нараас асууж О , Б , Э  нарын утасны дугаарыг авч А т өгсөн. А  тухайн үед хар тэмдэглэлийн дэвтэр гаргаж ирээд бичиж авсан. Одоо санахад Э ы дугаар нь Скайтел юм уу, Жи мобайл юм уу ямар ч байсан Мобикомын дугаар биш байсан. Би анх гэрчийн мэдүүлэг өгөхдөө сайд асан С , миний дарга А  болон байгууллагын нэр хүндийг бодоод уг асуудлыг хэлээгүй байсан.

Дараагаар нь А  надад малын их эмч мэргэжилтэй болохоор нь Э ыг авна гээд байсан. Тушаалыг нь дарга өөрөө өгсөн ба би тэр үед байгаагүй. Би А  даргад зөвхөн Э ы утасны дугаар л өгсөн болохоос биш тушаалыг нь би өгөөгүй.

Хавтаст хэрэгт авагдсанаар Э ы эхнэр нь Э ы тушаалыг гэрт нь авчирч өгсөн, Э ыг би өрөөндөө дуудаж 5-6 сая нэхэж өгсөн гэх мэт илт худал мэдүүлсэн ба А  даргаас энэ талаар мөрдөгч асуугаад тодорхой хариулт авч чадаагүй байна. А  тойруулж тодорхой хариулт өгөөгүй. Үүнийг мөрдөгч, прокурор анзааралгүй үлдээсэн байна.

А  нь Э ы материалыг намайг өгсөн гэж худал хэлсэн. Мөн Э , М  нар нэг өдөр томилогдсон гэж худал мэдүүлсэн. Мал эмнэлгийн төсөв нь 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр батлагдаж ирсэн. Тэгэхэд 2019 онд Төрийн албаны шинэ хууль дагаж мөрдөгдөх гэж байсан. Тийм учраас хуулийн цоорхойг  ашиглаж бүх албан хаагчдыг 2018 оны 12 дугаар сарын 30, 31-ний өдрүүдэд 2 хоногийн дотор томилсон. Тэр нь хавтаст хэрэгт авагдсан манай байгууллагын ажилчдын тушаалын жагсаалтаас харагдаж байгаа.

Тэрхүү Е ы томилгоонд би эсрэг байр сууринаас хандсан болохоор Е  нь надад өс хонзон санаж явдаг байсан. Мөн Е  өнөөдрийн болон өнгөрсөн шүүх хуралдаанд тасалсан шиг ажил тасалдаг байсан. Тэгэхээр нь би шаардлага тавьдаг байсан. Манай байгууллагад бичиг хэрэг, хүний нөөц байхгүй байсан гэж худал мэдүүлсэн. Угаасаа бүтэц орон тоогоор бичиг хэргийн орон тоо байсан ба дарга, нягтлан бодогчийн дараа бичиг хэргийн ажилтан С ийг томилсон байсан.

Гэрч Т  илт худал мэдүүлсэн ба намайг гүтгэсэн. Би Э д Мал эмнэлгийн газрын даргаар ажилд оруулна гэж хэлээгүй. Итгэхийн аргагүй үг байгаа. Хувийн мал эмнэлгээ өөр хүнд шилжүүл гэж хэлээгүй. Тэрний хувийн мал эмнэлэгтэй гэдгийг нь би яаж мэдэх юм. Эхнэрийг чинь нийгмийн ажилтнаар оруулна гэж хэлээгүй. Ажилд орохын тулд 5-6 сая хахууль өг гэж хэлээгүй.

Т ын мэдүүлэгт надад 1 сая төгрөг хахуулийг үйлчилгээний мөнгө орж ирсэн байсан тэрийг өгсөн, үхэр зарсан мөнгөө өгсөн гэж янз янзаар мэдэн будилж хэлсэн нь хавтаст хэрэгт авагдсан материал дотор байсан ба худал ярсныхаа ярианы зөрүү гарч байна. Хавтаст хэрэгт авагдсан алийг нь нотлох баримт болгон үнэлэх нь эцсийн байдлаар тогтоогдоогүй.

Т ын мэдүүлэгт 2018 оны 11 сарын 6-нд нүүж ирсэн гэсэн мэдүүлэг нь байсан.  Дараа нь 12 сард би утасдаж ажилд оруулна гэхээр нүүж ирсэн хэмээн янз янзаар илт худал хэлснийг нь мөрдөгч болон прокурор үнэлэлт хийгээгүй үлдээсэн байна.

...Э  нь дараагаар нь манай хамт олны хэд хэдэн хүмүүст нэг нэгээр нь уулзаж “М  буруу хүнээр оролдлоо доо, галт тэрэг хөдөлсөн байгаа, би ажилд орохдоо М ад 1 сая төгрөг хахууль өгсөн, та нар гэрч болно. Би авлигатай тэмцэх газарт хандана. Та нар дансны хуулга хараарай” хэмээн дансны хуулгыг харуулахдаа “үхэр” гэж бичсэн утгыг арилгаж, намайг хахууль авсан хэмээн албан хаагчдад үзүүлж байсан байна.

Би анх Э  руу залгаж, “Д аас дугаарыг чинь авлаа малын эмч мэргэжилтэй хүн үү. Манай дарга А  гэж хүн байгаа. Хүнс, хөдөө аж ахуйн яамны дэд сайд С  гэж хүн тэр хүн манай даргад бодлогоор байгууллагадаа нэг монгол хүн ав гэсэн байна лээ. Надад биш талийгаач Е , А т хэлсэн нь С  сайдын хавтаст хэрэгт авагдсан мэдүүлэг нь байгаа. Чи ажилд орох хүсэлтэй юм уу, чамайг малын зах дээр малын ченж хийдэг, Алтай сумын хүргэн залуу гээд сонслоо. Чиний дугаарыг Д аас авлаа” гэсэн юм. Тэгэхэд Э  шууд “би ажиллахыг хүсэж байна, би одоогоор малын зах дээр малын ченж хийж байгаа ажилгүй хүн, би шууд оръё” гэхээр нь тэгвэл би чиний утасны дугаарыг  манай дарга А  гэж хүнд өгье" гэсэн. Тэрнээс биш би оруулна, 1 сая, 5-6 сая хахууль өг, нүүж ир гэж огт хэлээгүй. Тэрний Ховд аймагт амьдардаг талаар ч мэдэхгүй байсан. Миний бие М  нь Баян-Өлгий аймгийн Хөдөө, аж ахуйн газарт 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл мэргэжилтнээр ажиллаж байсан ба Н  даргад захирагдаж байсан.          

Би Мал эмнэлгийн газрын Захиргаа, санхүүгийн албаны дарга гэсэн албан тушаалтанд томилогдсон бөгөөд Э ыг томилох эрх бүхий субъект биш. Миний албан тушаалын тодорхойлолт хавтаст хэрэгт байгаа, тэнд би ямар нэг хүнийг томилох, томилуулахаар санал болгох, тушаал гаргах гэсэн нэг ч үг, үсэг байхгүй. Мал эмнэлгийн газрын дарга нь төсвийн шууд захирагч бөгөөд ажилд томилох, чөлөөлөх эрх бүхий субъект юм.

А  нь урьдчилан зохион байгуулалттай, зориуд худал гэрчийн мэдүүлэг өгсний бас нэг нотолгоо нь Хүнс, хөдөө аж ахуйн яамны дэд сайд асан С  нь надад хэлэхдээ “Би танай А  болон Е ад монгол хүн аваарай” гэж гэдэг нь хавтаст хэрэгт авагдсан мэдүүлэгт нь байгаа. Мөн А  надад бас өөрөө хэлэхдээ “дээрээс сайд С  сайд ядаргаатай юм, нэг монгол хүн ав гэсэн” гэж  хэлж байсан. Үүнийг гуйвуулж М  санал болгосон хүнийг авсан гэж худал мэдүүлсэн. Гэтэл С  сайд надад тийм хүн ол, томил гэж хэлэх ч үгүй, би томилох эрх бүхий албан тушаалтан ч биш. А т Монгол хүн ав гэж хэлснийг яллах дүгнэлтэд дурдаагүй юм мөрдөгч, прокурор хэт нэг талыг барьж байгаа гэж үзэж байна.

Мөн мөрдөгч А т тушаалыг хэн гардуулж өгсөн талаар асуулт тавьсан боловч тодорхой хариулт авч чадаагүй үлдсэн байна. Тийм учраас энэ хэргийг дахин шалгуулах шаардлагатай байна. Даргын өгсөн үүрэг даалгаврын дагуу даргын гараар бичсэн тушаал бусад албан бичгүүдийг муу цаасанд боловсруулан бичиж, хянуулсны дараа дарга өөрөө тамга дарж гарын үсэг зурж шийдвэр гаргадаг ба түүнээс биш дарга миний санал үгийг авдаг ч хүн биш.

Даргын албан үүргийг 3 дахь жилдээ түр орлон гүйцэтгэж байгаа А  нь намайг анх Мал эмнэлгийн газарт томилох илт дүргүй байсан. Учир нь эрх зүйч мэргэжилтэй Тойту гэж дууддаг Ө гийн төрсөн дүү М , эсхүл тэрний эхнэрийн аль нэгийг нь авах зорилготой байсныг Мэргэжлийн хяналтын газарт ажилладаг С  гэх хүнээс дуулсан. Тиймээс би прокуророос татгалзсан ба А  дарга намайг зайлуулах гэж эртнээс төлөвлөж Э ыг ашиглаж байсныг сүүлд мэдсэн.

Би А д 3 сумаас 3 монгол хүний утасны дугаарыг өгөхөд хар дэвтэр гаргаж ирээд тэмдэглэж авсан ба тэр гурвын хэнийг томилох сонголт нь А д байсан юм. Тухай үед  буюу 2018 онд материал өгсөн монгол хүмүүсийн өргөдөл, анкет үүнийг нотолно. Бүх хүмүүсийн материалыг надад 2019 оны хагас жилд өгсөн ба Э ы материалыг ч тэр үед өгсөн. Үүнийг нотлох Э ы өөрийн гараар бичсэн Төрийн албан хаагчийн анкетын огноо байна.

Аав хаяа цэцэрлэгт нийлүүлэх эсвэл зарах үхэр, бас бидний идшийг өөрсдийн малаас Баяннуур сумаас авч ирдэг юм. Э  малын зах дээр малын ченж хийдэг. Манай амбаарт цэцэрлэг аваагүй аавын нэг үхэр байсан тул үүнийг Э  малын зах дээр ченж хийдэг болохоор түүнд зарж борлуулсан. Дараа нь мөнгөө нэхэж Э тай утсаар ярихад Ховд аймгийн Дарви суманд байна гэхээр, чи тэгвэл миний дансаар шилжүүлчих гэж өөрийн цээжээр мэддэг ХААН банкны дансны дугаараа өгсөн. Э  нь тэр доор нь мөнгөө шилжүүлсэн байсан ба хэсэг хугацааны дараа залгаж М  эгчээ шилжүүлчихлээ шүү гэж утасдсан. Үүнийг миний аав А  гэрчлэх ба өнөөдөр шүүх хуралдаанд гэрчээр оролцуулах гэж хүсэлт гаргасан. Мөн үхрийн мах авсныг нотлохоор 2 дугаар хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчээс тодорхойлолт авч, хавтаст хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн.

Э  манай хамт олонд М ын галт тэрэг хөдөлсөн, надаас хахууль авсан хэмээн хамт олны хүмүүсийг итгүүлэн жүжиглэж, намайг заналхийлж байсныг сонссон тул намайг нэг муу юманд хутгах гээд байна гэж айгаад Авлигатай тэмцэх газрын комиссарын зөвхөн асуултад л “тийм”, “үгүй” гэх байдлаар товч хариулсан ба өөрийгөө өмгөөлж, нээлттэй тайлбар гаргаж чадаагүй байсан юм.

Би аавын үхрийг Э д зарах үед Э  ажилд ороогүй байсан ба манай аймгийн малын зах дээр малын ченж хийдэг утгаар аав ч танина, утсандаа дээрээ Б  гэж хадгалсан. Мөн миний аав Э д ухна зарж байсан удаатай юм байна. Мөн манай нөхөр болох Е  ч Э ыг малын зах дээр хөзөр тоглож байх үеэс таньдаг, хамт хөзөр тоглож байсан удаатай малын ченж гэдэг утгаар нь малын ханш асуудаг байсан байна. Улмаар Э  намайг хахуулийн хэрэгт гүтгэж эхэлснээр манай нөхөрт харьцаж байсан үхрийн тухай яриагаа ансент /unsent/ хийгээд өөрийнхөө яриаг өөрөө устгаж байсан нь энэ хүн зориудаар намайг гүтгэж байсны нэг нотолгоо юм. Э  болон миний нөхөр мессенжер ярьсан яриа нь энэ үйл баримтыг нотолно.

Э  нь намайг Авлигатай тэмцэх газарт өгөхөөс өмнө А тай урьдчилан зохион байгуулалттай манай ажлын газрын хүмүүстэй нэг нэгээр уулзаж, банкны хуулга үзүүлэхдээ гүйлгээний утгын үгийг арилгаж, надад хахууль өгсөн мэт итгүүлэх зорилготой баг бүрдүүлэн ажилласан. Энэ багийн ахлагч нь А  байсан гэж үзэж байна.

... Би Э д зарсан үхрийн тухай хэлбэл аав А  нь өөрийн тооллогод байсан үхрийг цэцэрлэгт маханд тушаах гээд авч ирсэн ба тухайн үед 2 дугаар хүүхдийн цэцэрлэг махны нөөц байгаа хэмээн буцаасан. Энэхүү буцаасан махыг манай амбаарт хадгалж байсан ба уг үхрийг хэн нэгнээс худалдаж аваагүй, аавын өөрийн эзэмшлийн үхэр байсан. Энэ үйл явдлыг нотлох малын тооллогын бичиг, 2 дугаар хүүхдийн цэцэрлэгийн тодорхойлолтыг хавсаргаж өгсөн. Аав маань архаг зүрхний өвчин даралт ихтэй хүн ба тэр шөнө нойр нь муудаж, зүрх нь дэлсэж, хатгаж өвдөөд үүрээр түргэний эмч дуудаж эмнэлэгт хүргэгдсэн ба тухайн үед даралт нь 175-110 болж 7 хоног хэвтэн эмчлүүлсэн. Дөнгөж сарын өмнөхөн цус харваж гэнэт хадам аавыгаа алдсан би одоо Э болон А  нарын зохион байгуулалттай гүтгэлгээр аавыгаа алдах шахсанд гутарч байсан ба Авлигатай тэмцэх газрын комиссарт аав өвчтэй хүн, гэрчийн мэдүүлэг өгүүлэн айлгаж чирэгдүүлэхгүй, аав миний  эсрэг мэдүүлэг өгөхгүй гэж хэлсэн гэв.

2. Шүүгдэгч Э  мэдүүлэхдээ: Миний бие Ховд аймгийн Дарви суманд 2014 оноос эхлэн 2018 оны 10 дугаар сарын 04-05-ны өдрийг хүртэл малын эмчээр ажилласан. Энэ хугацаанд хажуугаар нь “Суутай таван эрдэнэ” гэх нэртэй хувийн малын эмнэлэг ажиллуулдаг байсан. Малын эмнэлгээс жилд 12-14 сая төгрөг олдог байсан ба сардаа 600.000 төгрөгийн цалингийн орлоготой. Эхнэр минь Ховд аймгийн Дарви сум дахь Мөнгөт гэх хоолны газрын ерөнхий менежерээр ажилладаг байсан. 

2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр Баяннуур сумын 80 жилийн ойгоор буурал морио уяж Баян-Өлгий аймагт ирэхдээ Д ын гэрт 3 хоног хоносон. Тэр наадмын дараа 10 дугаар сарын дундуур 99****** гэсэн дугаартай утсаар М  нь надтай холбогдож Мал эмнэлгийн газарт ажилд орох тухай санал хэлсэн. Тэгэхэд нь би болохгүй юм байхгүй, эхнэртэйгээ зөвлөлдөөд хариугаа өгье гэж утсаа салгачихсан. М ын дуудлагаар Баян-Өлгий аймаг руу ажилд орохын тулд түүний шаардсанаар ажлаа хүлээлгээд өгсөн. Баян-Өлгийд ирсний дараа тушаал гарахгүй маш их удсан. Яасан гэхээр хүлээж байгаарай гэсэн хариу өгдөг байсан.

1.000.000 төгрөгийг дансаар шилжүүлсэн маань үнэн. Тус 1.000.000 төгрөгийг өгсний 1-2 хоногийн дараа миний тушаал гарсан. А  даргатай хамт олонд өнөөдрийг хүртэл ажиллаад явж байна. Би өгсөн маань үнэн. Өөрөө үйлдлээ хуулийн байгууллагад илчилсэн. Иймээс шүүхээс хүсэхэд намайг ялаас чөлөөлж, төрийн албанд хэвээр үлдээж өгнө үү гэсэн хүсэлттэй байна.

М  нь албан хаагчдын дунд хов жив зөөгөөд, хүмүүсийг талцуулах гэсэн санаатай байна. Би тус байгууллагад ажилласан 2 жилийн хугацаанд ямар нэгэн хамт олны хурлын тэмдэглэл үйлдэж, гарын үсэг зурдаггүй байсан. Энэ хүний эсрэг үг хэлсэн тул энэ хүн миний эсрэг нотлох баримт цуглуулж байна. Манай байгууллагад ажилладаг албан хаагчдын ихэнх нь залуу хүмүүс. Олон сайн хүн дотор нэг муу хүн оруулж ирэхээр бүгдийг нь ялзруулдаг гэдэг нь үнэн юм байна. Энэ ажилд томилогдохоос өмнө төрийн ийм байна гэж бодоогүй байсан.

Дараагийн шүүх хуралдаанд манай Мал эмнэлгийн газрын хамт олны хэлээгүй зүйлийг хэлсэн мэтээр тайлбарлаж байгааг нь тодруулах шаардлагатай. Цагаан сараар золгож байгаа хүн шөнийн 2 цаг ирэхгүй. Цагаан сараар вино, набортой ирэхдээ өмнөхөөсөө тусдаа ирсэн. Энэхүү тустай ирэхдээ бид нар өглөө унтаж байхдаа аавтайгаа хамт манайд ирсэн. Тэр үед би бичлэг хийж авсан болно. Бичлэг хийж болохгүй гэдгийг мэддэггүй байсан ба бичлэг хийдгийг М  нь өөрөө надад зардаг байсан. Би энэ байгууллагад орж ирснээс хойш миний тархи огт хөгжөөгүй. М  нь байнга хов жив зөөдөг ба өөрт нь эсрэг юм гарч ирэх юм бол дуудаж аваад загнаад дарамталдаг эсвэл нөхрөө явуулдаг юм. Түүний энэ байдал нь манай байгууллагыг тахал маягийн нөмөрсөн. М ын эрээ сэрээгүй байдал хэрээс хэтэрсэн. М ын худал мэдүүлгийг нь таслан зогсоолгомоор байна.

А тай хамаатай, холбоотой гэж байгаа боловч албаны шугамаар л холбоотой. М  нь намайг үзэн яддаг юм байна, гэвч үзэн ядлаа гээд надад ямар нэгэн зүйл хийдэггүй. Хүмүүсийн нүдээр би ажилгүй хүн юм шиг санагдаж магадгүй. Гэвч энэ тэндээс дээж ирэхдээ л шинжилгээгээ хийдэг. Жилдээ хэдхэн л дээж ирдэг. Би төрийн үйлчилгээний албан хаагч учраас төрийн захиргааны албан хаагчид шиг өдөр болгон  ажил дээр байх боломжгүй. Даргын зүгээс ийш тийшээ яваад ир гэсэн даалгавар өгдөг. Ер нь бол байгууллага дотроо явах боломжтой хүнийг л явуулдаг.

...М  нь 2018 оны 10 дугаар сарын сүүл, 11 сарын эхээр уулзъя гээд Өлгий сумын Засаг даргын тамгын газрын хажуу талын ресторанд анх уулзаж байсан. Уулзахдаа ажлынхаа талаар ярилцаж байсан. Чамайг ажилд оруулна гэдэг нь үнэн, чи төрийн захиргааны албанд ажиллахын тулд мал эмнэлгээ бусдад шилжүүлэх ёстой гэхээр нь төрийн үйлчилгээний алба гэдгийг мэдэлгүй сандраад яаруу мал эмнэлгээ шилжүүлэх хүн олж чадаагүй.

Албан тушаал маань төрийн үйлчилгээний албанд хамаарахыг тушаал гарсны дараа л мэдсэн. Төрийн үйлчилгээний албанд ажилладаг хүн хувьдаа аж ахуйн нэгжтэй байж болно. М ын увайгүй үйлдлээс болж би ч хохирсон. Хэрэв төрийн үйлчилгээний алба гэдгийг мэдсэн бол мал эмнэлэгтээ эмч ажиллуулаад жилдээ 7-8 сая төгрөгийн орлоготой байх ёстой байсан. Захиргаа, санхүүгийн албаны даргад мэргэжлийн бус хүн ирсэн. Хорхойн чиглэлээр юм тараая гээд санал гаргасан боловч М  нь санхүүг нь боочихдог. Мал эмнэлгийн газар байгуулагдсанаас хойш ямар нэгэн дэвшил гараагүй гэв.  

3. Гэрч А  мэдүүлэхдээ: Охин М ад цэцэрлэгт зарж, мөнгө болгоорой гээд нэг үхэр нядлаад өгсөн байсан. Энэ үед мэдүүлэг өгөхөөр ирэхэд Э  дуудаад, Цагаан сарын идээ гээд нэг шил “Соёрхол” нэртэй архи задалсан. Ингэхдээ яагаад М ыг ингэж гүтгэж байгаа юм гэж асуусан юм. Тухайн өдөр цусны даралт ихтэй хүн учир даралт ихсээд эмнэлэгт хэд хоног хэвтээд эмчлүүлсэн. Мэдүүлэг авахаар комиссар дуудахдаа охин М  нь таныг зовоомооргүй байна гэхэд нь би мэдүүлэг өгөхөөс татгалзсан. Дараа нь комиссар мэдүүлэг өгөхөөс татгалзсан гарын үсгээ зураад яваарай гээд дуудахдаа эрх үүргийг маань танилцуулж өгч, М ын зан чанарын талаар асуусан.

2018 оны сүүлчээр байх, М  орон сууцны зээлтэй байсан тул үхрийг нядлаад цэцэрлэгт борлуулаад мөнгө болгоод аваарай гэж өгсөн. Үүнээс нэг жилийн өмнө мөн цэцэрлэгт шар үхрийн махыг зарж байсан ба түүний мөнгө нь төсөв мөнгө нь хугацаандаа орж ирээгүйгээс болоод одоо хүртэл авагдаагүй байгаа гэв.

4. Гэрч А  мэдүүлэхдээ: ...Бид нар 2018 онд Хөдөө аж ахуйн газар болон Мал эмнэлгийн газар нэг байгууллага шахуу байсан ба 2019 он гараад Мал эмнэлгийн газар байгуулагдах гэж байсан учраас Хүнс, хөдөө аж ахуйн газраас авах хүмүүсээ хурдан шилжүүлээд аваарай гэж шаардаж байсан. Өмнө М  нь Хүнс, хөдөө аж ахуйн газарт олон жил хүний нөөцийн мэргэжилтнээр ажилласан, туршлагатай, хуульч мэргэжилтэй хүн байсан тул манай байгууллагад Захиргаа, санхүүгийн албаны даргын албан тушаалд томилогдох тухай хүсэлт өгсөн. М ын уг хүсэлтийг нь хүлээж аваад 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Захиргаа, санхүүгийн албаны даргын албан тушаалд томилсон. Тухайн өдөр олон хүнийг ажилд томилох тухай тушаалыг нэгэн зэрэг гаргасан бөгөөд М  нь нэгэнт манай байгууллагад боловсон хүчин хариуцсан албан тушаалтнаар томилогдох гэж байсан учраас түүний өмнөх ажлын туршлага, хууль мэргэжилтэй, тушаалын төсөл боловсруулж чаддаг зэрэг байдлыг нь харгалзан үзээд тушаалаа М аар боловсруулсан.

... 2018 оны 12 дугаар сараас өмнө Э ыг огт таньдаггүй байсан ба манай байгууллагад Захиргаа, санхүүгийн албаны даргаар томилогдох гэж байсан М  нь “шимэгч судлаач эмчийн сул орон тоонд Э ы материал шаардлага хангаж байх тул заавал энэ хүнийг ажиллуулах шаардлагатай” гээд түүний материал болон тушаалыг нь авч оруулж ирсэн. Тиймээс М ын саналыг үндэслээд түүнийг ажилд томилсон гэв.

5. Гэрч Е  мэдүүлэхдээ: Би Баян-Өлгий аймгийн Мал эмнэлгийн газарт 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр томилогдсон. Тушаалаа А аас гардаж авсан.

М  нь Э аас 1.000.000 төгрөг авсныг хараагүй ба харсан гэж мэдүүлээгүй. Э  надад тэгж мөнгө өгсөн гэдгийг өөрөө хэлсэн тул тэгж мэдүүлэг өгсөн. Э аас сонссон зүйлээ л хэлсэн гэв.

6. Гэрч Т  мэдүүлэхдээ: 2018 онд Ховд аймгийн Дарви суманд амьдардаг байсан. Тэр үед нөхөр маань Баян-Өлгий аймагт ажилд орох гэж байна, чи сая хоолонд ороод сууж байхдаа залгасан гэдэг тайлбар өгдөг байсан. 09 дүгээр сарын үед намайг ажилладаг байсан зоогийн газраас гаргаж авч, өөрийнхөө “Сутайн таван эрдэнэ” гэх мал эмнэлгээ бусдад шилжүүлээд өгсөн.

Бид Баян-Өлгий аймагт 2018 оны 11 дүгээр сард нүүж ирсэн. Хувийн нэгжээ заавал шилжүүлээд ир гэж зөвлөсөн.  Манай нөхөр бэлэглэлийн гэрээгээр Ховд аймгийн малын эмч Ц  гэх хүнд “Сутай таван эрдэнэ” гэх аж ахуйн нэгжээ шилжүүлсэн. М  Та  хэлсэн болоод л шилжүүлсэн.  Э ы тушаалыг анх 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн орой М  манай гэрт оруулж ирэхдээ харсан.

Сутайн таван эрдэнэ мал эмнэлгийн мөнгө 12 дугаар сарын сүүлээр орж ирээд, манай нөхрийн дансанд 10 сая төгрөг орж ирсэн байсан. Тухайн үед хахууль өгсөн талаар надад хэлээгүй байсан бөгөөд 2 сар ажилгүй, тушаал гарахгүй байхаар нь аргагүйн эрхэнд мөнгө өгсөн гэж сүүлд хэлсэн. 2018 оны байдлаар манайх адуу, үхэр, хонь малтай байсан. Мал хөдөө байдаг тул яг тоог нь хэлж мэдэхгүй байна.

2018, 2019 оны байдлаар манайх М аас үхрийн мах, үхэр худалдаж авсан тохиолдол байхгүй. Тухайн үед би аж ахуйн нэгж эрхэлж ажиллуулдаг, нөхөр маань морь уяж, адуу зардаг байсан тул өөрсдийнхөө хонь, ямааны махаар л хооллодог байсан.

М аас үхэр худалдаж авч байгаагүй, үхрийн махыг зарна уу гэхээс биш энэ хүнээс мах авахгүй. Манай нөхөр М аас мөнгө төгрөг зээлж авсан зүйл байхгүй. Ажил төрлөө бүтээхийн тулд М ад мөнгө өгсөн болохоос биш түүнээс мөнгө авч байгаагүй гэв.

Хоёр: Эрүүгийн 2013003720030 дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

1. Иргэн Э ы Авлигатай тэмцэх газарт гаргасан гомдлыг хүлээн авсан тухай тэмдэглэл /1 дүгээр хавтасны 3 дугаар хуудас/,

2. Иргэн Э ы Авлигатай тэмцэх газарт гаргасан гомдол, түүнд хавсаргасан ХААН банкны дансны хуулбар /1 дүгээр хавтасны 5-6 дугаар хуудас/,

3. Гэрч Э ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 10-15 дугаар хуудас/,

4. Гэрч А ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 16-20, 37-39 дүгээр хуудас/,

5. Гэрч Н ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 21-23 дугаар хуудас/,

6. Гэрч Т ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 28-31, 2 дугаар хавтасны 77-78 дугаар хуудас/,

7. Гэрч Е ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 32-33 дугаар хуудас/,

8. Гэрч Б ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 34 дүгээр хуудас/,

9. Гэрч Г ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 35-36 дугаар хуудас/,

10. Гэрч М.Е ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 46-47 дүгээр хуудас/,

11. Гэрч М ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 40 дүгээр хуудас/,

12. Гэрч Х.Д ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 48-51 дүгээр хуудас/,

13. Гэрч С гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгээ өөрөө бичсэн тэмдэглэл /1 дүгээр хавтасны 53-55 дугаар хуудас/,

14. Гэрч Б ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгээ өөрөө бичсэн тэмдэглэл /1 дүгээр хавтасны 56-58 дугаар хуудас/,

15. Иргэн Э ын ХААН банкан дахь 50********* тоот данс, иргэн М ын 51********* тоот дансанд үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хавтасны 60-63 дугаар хуудас/,

16. ХААН банкны Баян-Өлгий салбараас 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр ирүүлсэн 50*********, 51********* тоот данснуудын хуулга, мэдээлэл /1 дүгээр хавтасны 64-67 дугаар хуудас/,

17. Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг /М / /1 дүгээр хавтасны 91-92 дугаар хуудас/,

18. Иргэн М ын ажлын байрны, албан тушаалын тодорхойлолтууд /1 дүгээр хавтасны 93-103 дугаар хуудас/,

19. Баян-Өлгий аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргын 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн Б/07 дугаартай тушаалаар М нь тус газарт хүний нөөц, дотоод ажил хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан байдал /1 дүгээр хавтасны 127, 132-133 дугаар хуудас/,

20. Баян-Өлгий аймгийн Мал эмнэлгийн газрын даргын 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Б/28 дугаартай, М ыг тус газрын Захиргаа, санхүүгийн албаны даргаар томилсон тухай тушаал /1 дүгээр хавтасны 134 дүгээр хуудас/,

21. Баян-Өлгий аймгийн Мал эмнэлгийн газрын даргын 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Б/27 дугаартай, Э ыг тус газрын Шимэгч судлалын шинжээчийн ажилд томилсон тухай тушаал /1 дүгээр хавтасны 156, 184 дүгээр хуудас/,

22. Э ы хувийн байдлыг тодорхойлсон бусад нотлох баримтууд /1 дүгээр хавтасны 157-166 дугаар хуудас/,

23. Ховд аймгийн Дарви сумын Засаг даргын тамгын газрын даргын 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 2/37 дугаартай албан бичиг /1 дүгээр хавтасны 223-224 дүгээр хуудас/,

24. Гэрч Э ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 248-250 дугаар хуудас/,

25. Яллагдагч М ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /2 дугаар хавтасны 28-29 дүгээр хуудас/, 

26. Яллагдагч Э ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /2 дугаар хавтасны 38-39, 43-45 дугаар хуудас/,

27. Яллагдагч М ын битүүмжилсэн хөрөнгийн үнэлгээг тогтоосон шинжээчийн дүгнэлт /2 дугаар хавтасны 57-70 дугаар хуудас/ болон хавтаст хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг тус тус шинжлэн судалсан болно.

Гурав. Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгч М , Э  нарын холбогдсон эрүүгийн хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд

1. Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар.

Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул шүүгдэгч М ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд; шүүгдэгч Э ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцуулах тухай дүгнэлтийг,

Шүүгдэгч М аас “энэ хэрэгт би гэм буруугүй, хилс хэрэгт татагдаж байна, зөвхөн дансны хуулгыг яллах дүгнэлтэд үндэслэл болгосонд гайхаж байна. Э  хахууль өгсөн бол яагаад гүйлгээний утга дээр нь “үхэр" гэж бичдэг юм бэ. Банкаар мөнгө шилжүүлэхэд гүйлгээний утга л чухал байдаг.

А  дарга өөрөө надад хэлэхдээ “С  сайд нэг монгол хүн ав гэж байна. Би сураглаж байгаа хэд хэдэн монгол хүн байна, гэхдээ бага эмч нар юм байна, чи их эмч хүн олоорой” гэхээр нь би хавтаст хэрэгт авагдсанаар зөвхөн Д  биш, Алтай сумын малын эмч И , Баяннуур сумын малын эмч Х.Д , Булган сумын эмч А  нараас асууж О , Б  Э  нарын утасны дугаарыг авч А т өгсөн. Гэрч нар зориуд миний эсрэг худал мэдүүлэг өгч байна. Э д ажил орсон тушаалыг нь би гарт нь өгөөгүй.

....Би аавын үхрийг Э д зарах үед Э  ажилд ороогүй байсан ба манай аймгийн малын зах дээр малын ченж хийдэг утгаар аав ч танина, утсанд Б  гэж хадгалсан. Э д зарсан үхрийн тухай хэлбэл аав А  нь өөрийн тооллогод байсан үхрийг цэцэрлэгт маханд тушаах гээд авч ирсэн ба тухайн үед 2 дугаар хүүхдийн цэцэрлэг махны нөөц байгаа хэмээн буцаасан. Энэхүү буцаасан махыг манай амбаарт хадгалж байсан ба уг үхрийг хэн нэгнээс худалдаж аваагүй, аавын өөрийн эзэмшлийн үхэр байсан” хэмээн,

Шүүгдэгч М ын өмгөөлөгч З аас “Шүүгдэгч Э  нь 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр М ад албан тушаалд томилогдохын тулд 1.000.000 төгрөг өгснөө өөрийн болон М ын банкны дансны хуулгаар тухайн 1.000.000 төгрөгийг шилжүүлж байсан талаар нотлох баримтыг гаргаж өгсөн боловч тухайн гүйлгээг худалдсан үхрийн үнэ өртөг гэсэн утгаар шилжүүлж өгсөн гэж тайлбарлаж байна. Шүүгдэгч М  нь Э д 2018 оны 11 дүгээр сард үхрийн мах худалдаж, улмаар үнийг нь дансаар шилжүүлсэн ба үүнийг далимдуулан хооронд үүссэн таарамжгүй харилцаатай холбоотой намайг хахууль авсан гэмт хэрэгт гүтгэж байна гэж тайлбарлаж байна.  Ийм учраас шүүгдэгч М  нь Э д үхрийн мах зарахдаа Э  нь өөрийнхөө амины хөх цэнхэр өнгийн Портер машинаар уг махыг ачиж авч явсныг шууд зааж өгснөөс гадна Э ы үхрийн махны үнэ гээд 1.000.000 төгрөг шилжүүлсэн тухай баримт зэрэг нотолгооны хэрэгслүүдээр батлагдан тогтоогдож байна.

... хахууль өгсөн этгээд гэх Э ыг ажилд томилох эрх нь Баян-Өлгий аймгийн Мал эмнэлгийн газрын дарга А ын эрх хэмжээний хүрээний асуудал бөгөөд албан тушаалд томилсон эрхийн актыг гаргах эрх бүхий субъект нь А  болох нь хавтаст хэрэгт авагдсан Э ыг ажилд томилох тухай тушаалаар батлагдан тогтоогдож байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд, эсхүл хэрэгжүүлэхийн тулд шууд, эсхүл бусдаар дамжуулан хахууль өгөхийг шаардсан, авсан бол” гэж тухайн гэмт хэргийн диспозици, гипотезийг тогтоож өгсөн. М  нийтийн албан тушаалтан байгаа боловч Э ыг ажилд томилох эрх бүхий албан тушаалтан биш учир түүнийг албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд буюу, хэрэгжүүлэхийн тулд хахууль авсан гэж зүйлчилж байгаа нь М ын үйлдэлд тохирохгүй байна” хэмээн,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т ээс “М  нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан чиг үүргийг хэрэгжүүлдэг этгээд буюу ажилд томилох тухай тушаал гаргах эрх бүхий субъект биш юм. Ажилд томилох тухай тушаалыг тухайн байгууллагын дарга нь өөрөө гаргаж Э ыг ажилд томилсон. Дараагийн асуудал бол хахууль өгөхийг шахаж шаардсан гэдэг нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдоогүй. Э  нь ажилд томилох тушаалыг гаргахгүй байхаар нь би өөрөө 1.000.000 төгрөгийг шилжүүлсэн гэсэн агуулгатай мэдүүлэг өгсөн.

Мөн хугацааны талаар асуудалд анхаарах шаардлагатай байна. Э ыг 2018 оны 12 дугаар 28-ны өдөр ажилд томилсны дараа М  түүнд ажилд хийх боломж олгохгүй, үлдсэн мөнгийг шаардаж байсан бол тухайн асуудлын талаар тухайн үед цагдаагийн байгууллага болон Авлигатай тэмцэх газарт гомдол гаргаад шалгуулах бүрэн боломжтой байсан. Байгууллага дотор М , Э  нарын хооронд үүссэн таарамжгүй харилцааны дараа, эсхүл албаны байранд гарсан хулгай, ёс зүйгүй байдлын талаар М  хэлэх үедээ л энэ асуудлыг гаргаж ирж байна” хэмээн,

Шүүгдэгч Э аас “2018 оны 10 дугаар сарын дундуур 99****** гэсэн дугаартай утсаар М  нь надтай холбогдож Мал эмнэлгийн газарт ажилд орох тухай санал хэлсэн. М ын дуудлагаар Баян-Өлгий аймар руу ажилд орохын тулд түүний шаардсанаар ажлаа хүлээлгээд өгсөн. Баян-Өлгийд ирсний дараа тушаал гарахгүй маш их удсан. Яасан гэхээр хүлээж байгаарай гэсэн хариу өгдөг байсан.

1.000.000 төгрөгийг дансаар шилжүүлсэн маань үнэн. Тус 1.000.000 төгрөгийг өгсний 1-2 хоногийн дараа миний тушаал гарсан. Би өгсөн маань үнэн. Өөрөө үйлдлээ хуулийн байгууллагад илчилсэн. Иймээс шүүхээс хүсэхэд намайг ялаас чөлөөлж, төрийн албанд хэвээр үлдээж өгнө үү” хэмээн,

Шүүгдэгч Э ы өмгөөлөгч С аас “Шүүгдэгч Э  өөртөө давуу байдал бий болгож Баян-Өлгий аймгийн Мал эмнэлгийн газарт ажилд орох зорилгоор  аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газарт хүний нөөцийн мэргэжилтнээр ажиллаж байсан М ад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай холбогдуулан 1.000.0000 төгрөгийг дансаар нь шилжүүлж хахууль өгсөн нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзэж байна.

Авлигын эсрэг Нэгдсэн Үндэсний байгууллагын конвенцын 2 дугаар зүйлийн “а”-д “нийтийн албан тушаалтан” гэж оролцогч улсын хууль тогтоох, гүйцэтгэх, захиргааны буюу шүүхийн байгууллагад байнга буюу түр хугацаагаар томилогдсон буюу сонгогдсон, цалинтай буюу цалингүй ажилладаг хүнийг албан тушаалын зэрэглэлээс нь үл хамааран оролцогч улсын дотоодын хууль тогтоомжид тодорхойлсны дагуу төрийн байгууллага буюу улсын үйлдвэрийн газарт төрийн чиг үүрэг гүйцэтгэдэг, эсхүл төрийн үйлчилгээ үзүүлдэг хүнийг, оролцогч улсын дотоодын хууль тогтоомжид “нийтийн албан тушаалтан” гэж тодорхойлсон хүнийг тус тус хэлнэ гэж заасан.

Монгол  Улсын хууль тогтоомжид буюу Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т “нийтийн албан тушаалтан” гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээдийг ойлгоно, мөн хуулийн  4.1-т “энэ хуулийн үйлчлэлд Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлд заасан албан тушаалтан хамаарна” гэж тус тус заасан.” хэмээн тус тус гэм буруугийн талаар мэтгэлцсэн болно. 

Хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дараах нотлох баримтууд болох:

 - Иргэн Э ы Авлигатай тэмцэх газарт гаргасан “...миний бие Баян-Өлгий аймгийн Мал эмнэлгийн газар ажилладаг. Манай ажлын газрын Санхүү, захиргааны албаны дарга М  намайг анх ажилд орохоор өргөдөл өгсөн өдрөөс эхлэн “Мөнгөө өг, өгөхгүй бол тушаалыг чинь гаргахгүй, А  мэдэхгүй, би мэднэ гээд байсан болохоор би 1 сая төгрөгийг данс руу нь хийсэн” гэх гомдол /1 дүгээр хавтасны 5 дугаар хуудас/,

- Гэрч А ын мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Э ыг манай байгууллагад 2019 оны 01 дүгээр сард тушаал гарах өдөр хүртэл түүний талаар огт сонсож байгаагүй, мөн түүнийг харж байгаагүй, энэ залууг манай Мал эмнэлгийн газрын Захиргаа, санхүүгийн албаны дарга М  дагуулж оруулж ирээд надад “энэ залууг манай байгууллагад малын их эмчээр авъя, С  сайд бас санал болгож байна” гэж надад хэлсэн. М  нь энэ хүнийг заавал авна, сул орон тоо байгаа гэж надад хэлсэн. М  нь манай байгууллагын боловсон хүчнийг давхар хариуцдаг тул түүний санал болгосноор Э ыг тухайн өдөр нь малын шимэгч өвчин хариуцсан эмчээр ажилд авсан.

Тухайн үед М  Э ы материалыг үзүүлж байсан. Манай байгууллага Хүнс, хөдөө аж ахуйн газраас 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс салж тусдаа Мал эмнэлгийн газар нэртэй байгууллага болсон ба тухайн үед ажилчдын сул орон тоо байсан тул түүнийг авсан. Э  малын их эмч мэргэжилтэй, тэр чиглэлээр Ховд аймагт ажиллаж байсан, түүний эхнэр нь манай аймгийн гаралтай аймагт ажилладаг тул шилжиж ирж байна гэж хэлж байсан. Э ыг ажилд авсан. Орон тоо нь төрийн үйлчилгээний ажилтан тул түүнийг ямар нэгэн сонгон шалгаруулалтгүй ажилд авсан. М  нь аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газарт ажиллаж байсан ба манай байгууллага тусдаа салахад Захиргаа, санхүүгийн албаны даргын албан тушаалд надад санал гаргаж 2018 оны сүүлийн сард шилжин томилогдож ирж байсан. Би түүний шилжин ирсэн, сар, өдрийн санахгүй байна, тушаал дээр тэр талаар тодорхой байгаа.

Манай байгууллагад миний тушаалаар ажилд орсон М , Э  нар нь ажилд орохдоо надад ямар нэгэн, эд зүйл мөнгө хахууль өгөхөөр амласан зүйл байхгүй. Мөн би тэднээс ямар нэгэн эд зүйл, мөнгө авч байгаагүй. Би М аас болон Э аас ямар нэгэн байдлаар мөнгө, эд зүйл авч байсан удаа байхгүй. Мөн М  нь надад Э ыг ажилд заавал авна гэж санал болгохдоо мөнгө, эд зүйл өгсөн удаа байхгүй.

... 2018 оны 12 дугаар сард Э ыг огт таньдаггүй байсан ба манай байгууллагад Захиргаа, санхүүгийн албаны даргаар томилогдох гэж байсан М  нь шимэгч судлаач эмчийн сул орон тоонд Э ы материал шаардлага хангаж байх тул заавал энэ хүнийг ажиллуулах шаардлагатай гээд түүний материал болон тушаалыг нь авч оруулж ирсэн. Тиймээс М ын саналыг үндэслээд түүнийг ажилд томилсон” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтасны 16-20, 37-39 дүгээр хуудас, шүүх хуралдааны тэмдэглэлд/,

- Гэрч Н ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Мал амьтны эрүүл мэндийн тухай хууль шинэчлэн батлагдсанаар аймгуудад Мал эмнэлгийн газар шинээр байгуулагдахаар шийдвэр гарсан. Манай байгууллагад ажиллаж байсан мал эмнэлгийн ажилтан, мэргэжилтнүүд орон тоогоороо 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр тасалбар болгон Хүнс, хөдөө аж ахуйн газрын албан тушаалаас нь чөлөөлөн шинээр байгуулагдсан Мал эмнэлгийн газрын мэдэлд шилжүүлсэн тушаалыг би гаргаж байсан. М ын хувьд тухайн үед манай байгууллагад хүний нөөц, тайлан мэдээ хариуцсан мэргэжилтнээр үлдэх, эсхүл шинээр байгуулагдсан Мал эмнэлгийн газрын даргын хүний нөөц хариуцсан даргаар явах боломж байсан ба тэр өөрийнхөө сонголт, хүсэлтээр 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Б/60 дугаар тушаалаар Мал эмнэлгийн газарт шилжүүлсэн. Мал эмнэлгийн газар тусдаа салснаар 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс үйл ажиллагаагаа явуулахаар болсон.

Тухайн үед Мал эмнэлгийн газрын даргаар манай Хүнс, хөдөө аж ахуйн газарт халдвартын эмчээр ажиллаж байсан А  2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн Б/43 тушаалаар чөлөөлөгдөж Мал эмнэлгийн газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр томилогдон ажилласан” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтасны 21-23 дугаар хуудас/,

- Гэрч Т ын мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би Э тай гэр бүл болоод 6 жил болж байна. Бид хоёр энэ хугацаанд 2 хүүхэдтэй болсон. Анх гэр бүл болоод Ховд аймгийн Дарви суманд амьдарч байсан. Одоо Баян-Өлгий аймгийн Өлгий суманд амьдарч байна.

Миний нөхөр Э  нь Ховд аймгийн Дарви суманд малын их эмчээр ажиллаж байсан ба өөрийн гэсэн “Сутайн таван эрдэнэ” мал эмнэлэгтэй байсан юм. Нөхөр 2018 онд Баян-Өлгий аймгийн нэг сумын ойд яваад ирсэн. Би тухайн сумыг сайн санахгүй байна. Тухайн сумаас ирээд 1 сар гаруй хугацаа өнгөрсний дараа Баян-Өлгий аймгаас нэг М  гээд хүн яриад байна гэж надад хэлсэн. Тэр хэлэхдээ М  гэх хүн намайг Баян-Өлгий аймгийн Мал эмнэлгийн даргаар ажилд оруулна гэж байна, хоёулаа Баян-Өлгий аймагт шилжиж амьдаръя гэж хэлсэн. Би тухайн үед Дарви суманд зоогийн газар ажиллуулж байсан. Би нөхөр Э д хэрвээ чамайг яг ажилд оруулах юм бол нүүе гэж хэлэхэд Э  надад энэ М  гэх хүн манай яамны дэд сайд С гийн баруун гар юм байна гэж хэлсэн. Тухайн үед М  гэх хүн нөхөр бид хоёрыг хамт байхад хэд хэдэн удаа ярьж байсан. Тэр ярихдаа хэзээ ирэх гэж байна, ажил чин бэлэн байна, хувийн мал эмнэлгээ өөр хүнд шилжүүлээрэй гэж хэлж байсан. Төрийн албанд орох хүн хувийн хэвшлээ шилжүүл гээд байсан тул Дарви сумын иргэн Ц ид шилжүүлсэн. Мөн М  нөхөр Э д “танай эхнэрийг энд нийгмийн ажилтнаар сургуульд оруулж өгнө” гэж хэлж байсан.

Бид 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Дарви сумаас Баян-Өлгий аймгийн Өлгий суманд нүүж ирсэн. Нөхөр ирснийхээ дараа М тай уулзаад байсан. Тэр М тай хоолонд хамт ороод байсан байх. Манайх аймгийн Өлгий сумын 24 айлын орон сууцны 1 давхарт байр түрээсэлсэн манай орцны манай дээд давхарт М ын гэр байсан. Нөхөр маань ажлын өдөр бүр М тай уулзана гээд гараад явдаг байсан. Тэр оройд ирэхдээ “миний тушаал гарах болоогүй гэж хэлээд байна, дараачийн долоо хоногоос гарах юм шиг байна” гэж хэлээд 2-3 долоо хоног явж байгаад сүүлдээ надад “М  намайг ажилд орохын тулд хахуульд 5-6 сая төгрөг өг” гэж хэлж байна гэсэн.

Тухайн үед Ховд аймгаас шилжээд ирсэн хариу буцах гэхээр ажилгүй, тэгээд ч аймагт мал эмнэлгийн дарга болж байгаа гээд нүүгээд ирсэн байсан. Нөхөр Э д мал эмнэлгийнх нь мөнгө орж ирсэн байсан ба “тэр мөнгөнөөс би М ад өгөхөөс, тэгэхгүй бол тушаал гаргаж өгөхгүй юм шиг байна” гэж хэлж байсан.

Нөхөр надад хэлэхдээ 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр М ын гэрт орж түүнд 1.0 сая төгрөг шилжүүлж өглөө гэж хэлж байсан. Тухайн 1.0 сая төгрөгнөөс өөр мөнгө нэмж өгснийг мэдэхгүй байна. М ад мөнгө өгсөн гэж хэлсний дараа 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр аймгийн Мал эмнэлэгт шинжээч эмчээр тушаал нь гарсан.

Нөхөр Э  надад хэлэхдээ төрд ажилласан жил байхгүй тул дарга хийж болохгүй юм байна гэж хэлж байсан. М  нь 2018 оны 12 дугаар сарын 30-ны орой манай гэрт нөхөр Э ы ажилд орсон тушаалыг авч ирж өгч байсан. Тэр хэлэхдээ “маргааш ажлын өдөр тул тушаалыг гаргасан. Өнөөдөр ажил дээр тушаал гаргаж сууж өнжлөө” гэж хэлж байсан.

Тухайн үед надтай холбоотой шийдвэр гарах гэж байсан юм биш, миний хувьд бол дэмжсэн зүйл байхгүй. Миний нөхөр Э  би М ын хэлсэн мөнгийг өгч байгаад тушаалаа гаргуулж авна, нутаг буцах гэхээр нүүргүй болж байна гэж хэлж байсан. Тэр уг 1.0 сая төгрөгийг өөрөө шийдвэр гаргаж өөрийнхөө мал эмнэлгээс болон тухайн үед үхрийн ченж хийж байсан мөнгөнөөс өгч байсан. Түүнээс ямар нэгэн байдлаар М ад мөнгө зээлж, авч байсан удаа байхгүй. Түүнд өгөх өр төлбөр байхгүй. М аас ямар нэгэн байдлаар эд зүйл худалдаж авч байгаагүй. Мөн түүнээс мөнгө зээлж буцааж өгч байсан удаа байхгүй.

... 2018, 2019 оны байдлаар М аас үхрийн мах, үхэр худалдаж авсан тохиолдол байхгүй. Тухайн үед би аж ахуйн нэгж эрхлэн ажиллуулдаг, нөхөр маань морь уяж, адуу зардаг байсан тул өөрсдийнхөө хонь, ямааны махаар л хооллодог байсан.

М аас үхэр худалдаж авч байгаагүй, үхрийн махыг зарна уу гэхээс биш энэ хүнээс мах авахгүй. Манай нөхөр М аас мөнгө төгрөг зээлж авсан зүйл байхгүй. Ажил төрлөө бүтээхийн тулд М ад мөнгө өгсөн болохоос биш түүнээс мөнгө авч байгаагүй” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтасны 28-31, 2 дугаар хавтасны 77-78 дугаар хуудас, шүүх хуралдааны тэмдэглэлд/,

- Гэрч Е ы мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Манай байгууллагад шимэгч өвчний шинжээч эмч ажилтай Э  нь 2020 оны 09 дүгээр сард байх /сар, өдрийн сайн санахгүй байна/ Өлгий сумын төвд байх Арвин цайны газарт оройн цагаар орж хоол идэж байхдаа би энэ ажилд орохын тулд М ад 1.0 сая төгрөгийг өгсөн гэж хэлж байсан. Тухайн үед М , Э  нар хоорондоо муудалцсан юм шиг байлаа. Тухайн үед М ад гомдож байна арай дэндүү юм гэж хэлж байсан. Э  М ад 1.0 сая төгрөг өгсөн талаараа зөвхөн надад хэлсэн.

...М  нь Э аас 1.000.000 төгрөг авсныг хараагүй ба харсан гэж мэдүүлээгүй. Э  надад тэгж мөнгө өгсөн гэдгийг өөрөө хэлсэн тул тэгж мэдүүлэг өгсөн. Э аас сонссон зүйлээ л хэлсэн” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтасны 32-33 дугаар хуудас, шүүх хуралдааны тэмдэглэлд/,

- Гэрч Б ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай байгууллагад шимэгч өвчний шинжээч эмч ажилтай Э  нь 2020 оны 10 дугаар сард байх өдрийг сайн санахгүй байна ажил дээр байхад “М тай муудалцлаа” гэж орж ирээд их сэтгэлээр унасан байсан. Тэр надад “энэ ажилд орохын тулд мөнгө өгч орсон” гэж хэлж байсан ба яг хэдэн төгрөгийг өгснийг хэлээгүй. Би түүнээс хэдэн төгрөгийг ямар хэлбэрээр өгснийг нь асуугаагүй” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтасны 34 дүгээр хуудас/,

- Гэрч Г ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Маргааш нь Э  над руу утсаар яриад уулзах хэрэг байна гэхээр нь би гадуур бичиг хэргийн ажилтан С ийн хамт ажилтай явж байна гэсэн чинь байгаа газар чинь очно гэхээр нь би Өлгий сумын 5 дугаар багийн нутагт байх “Толганай” нэртэй цайны газарт уулзахаар болсон. С  бид хоёр цайны газарт сууж байтал Э  ирээд М ыг шуналтай муу хүн гээд үг хэлж байгаад гарья, нэг баримт үзүүлнэ гэхээр нь С  бид хоёр дагаад гарсан чинь Э  өөрийнхөө портер машин дотроос нэг Хаан банкны дансны хуулга гаргаж ирээд энэ хэний данс байна гэж надаас асуухаар нь би түүнд тоглоод М ын данс байна гэж хэлсэн чинь, хэдэн төгрөг гэж байна гэж дахиж асуухаар нь би 1.0 сая төгрөг байна гэж хэлсэн.

Би М ын дансны дугаарыг мэдэхгүй ба Э  М ыг муулаад шуналтай гээд хэлээд байсан тул уг дансны дугаарыг М ын байна гэж таагаад /тоглоод/ хэлсэн. Тухайн үед би Э ы дансыг үзсэн ба тэр үед С  би үзэхгүй гээд холдоод байсан. С  хэлэхдээ Э  биднийг нэг юманд хутгах гээд байна гээд холдоод байсан.

Түүний дараа Э  намайг өрөөндөө дуудаж уулзаад би М ын талаар Авлигатай тэмцэх газарт мэдэгдэх гэж байна гэж хэлэхээр нь би түүнд нэг байгууллагад ажиллаж байж яах юм бэ гэж хэлсэн чинь тэр М ыг давраад байна, надад алдах юм байхгүй, галт тэрэг аль хэдийн хөдөлсөн гэж хэлсэн” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтасны 35-36 дугаар хуудас/,

- Гэрч Х.Д ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “......Би Э ыг танина. 2010 онд Улаанбаатар хотод байх Хөдөө, аж ахуйн их сургуульд суралцахаар очихдоо танилцсан. Э  Ховд аймгийнх ба манай дээд курст сурч байсан юм. Түүнээс хойш нэгнийгээ тандаг болсон. Одоо Э  манай Мал эмнэлгийн газарт эмчээр ажиллаж байгаа. Би М ыг танина. Бид нэг байгууллагад буюу Мал эмнэлгийн газарт ажилладаг. Мөн М  нь надтай худ ургийн холбоотой хүн гэсэн. Яг ямар холбоотойг мэдэхгүй.

Э  нь 2018 оны намар манай сумын 80 жилийн ойгоор морь уяхаар ирсэн. Тэр манай гэрт 2-3 хоноод явсан. Тэр хэлэхдээ би танай аймгийн Алтай суманд амьдарч байгаа гэж хэлж байсан. Манай аймгийн хүргэн болсон гэсэн. Түүний дараагаар тэр намар /сар, өдрийн санахгүй байна/ аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газарт хүний нөөцийн мэргэжилтэн хийж байсан М  нь надаас чиний таньдаг малын эмч мэргэжилтэй монгол хүн байгаа юу гэж утсаар асуухаар нь би түүнд Э  гэх хүн байгаа гээд түүний юнителийн дугаарыг өгч байсан. Түүнээс хойш юу болсныг мэдэхгүй байна. Э  манай Мал эмнэлгийн газарт эмчээр ажилд орсон байсан” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтасны 48-51 дүгээр хуудас/,

- Гэрч С гийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлгээ өөрөө бичсэн “...Би М ыг танина. 2016 оны Улсын Их Хурлын сонгуулиар Баян-Өлгий аймгийн Монгол Ардын намын хуулийн багийг ахалж ажилласан үед танилцсан. Би Э ыг огт танихгүй. Харин салбарын дэд сайдын хувьд хоёр байгууллагадаа судалж байгаад нэг нэг монгол хүнийг ажилд аваарай гэж Хөдөө аж ахуйн газрын өмнөх дарга Е  болон Мал эмнэлгийн газрын дарга А  нарт хэлсэн. Дандаа казах иргэд байх нь зохимжгүй гэж үзсэн. Би нэг монгол хүнийг судалж ажилд аваарай гэж хэлсэн болохоос ямар ч хүний нэр зааж ажилд ав гэж хэлээгүй” гэх тэмдэглэл /1 дүгээр хавтасны 53-55 дугаар хуудас/,

- Гэрч Б ын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлгээ өөрөө бичсэн “...Баян-Өлгий аймгийн Мал эмнэлгийн газрын Санхүү, захиргааны даргаар ажиллаж байгаа М  гэдэг хүнийг танина. Баян-Өлгий аймгийн Мал эмнэлгийн газрын шимэгч судлалын шинжээч эмч Э ыг танина. М , Э  нартай 2019 оны намар Баян-Өлгий аймагт Мал эмнэлгийн нэгдсэн цахим систем нэвтрүүлэх сургалт хийх үеэр танилцсан.

 Э  2020 оны 08 дугаар сарын үед байх яг өдрөө тодорхой санахгүй байна утсаар холбогдож М  дарга гадуурхаад ажил хийлгэхгүй байгаа тухай ярьж байсан” гэх тэмдэглэл /1 дүгээр хавтасны 56-58 дугаар хуудас/,

- Мөрдөн шалгах ажиллагаанд мөрдөгчөөс иргэн Э ы ХААН банкан дахь 50********* тоот данс, иргэн М ын 51********* тоот дансанд үзлэг хийсэн “...ХААН банкнаас ирүүлсэн мэдээллийн хүрээнд Б ы Э  нь 50********* тоот харилцах данстай байна. Тухайн данснаас М ын 51********* дугаартай дансанд 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 20:52 цагт утга “uher”, орлогын дүн 1.000.000 төгрөг.

...А ийн М  нь 51********* тоот харилцах данстай байна. Тухайн дансанд Э ы 50********* дугаартай данснаас 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 20:52 цагт утга “uher”, орлогын дүн 1.000.000 төгрөг. Үлдэгдэл 1.020.336 төгрөг, 2018 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 12:07 цагаас 2019 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 16:40 цагийн хооронд нийт 20 удаагийн гүйлгээ хийж зарлагаар зарцуулсан” гэх тэмдэглэл /1 дүгээр хавтасны 60-63 дугаар хуудас/,

- ХААН банкны Баян-Өлгий салбараас 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр ирүүлсэн 50*********, 51********* тоот данснуудын хуулга, мэдээлэл /1 дүгээр хавтасны 64-67 дугаар хуудас/,

- Иргэн М ын ажлын байрны, албан тушаалын тодорхойлолтууд /1 дүгээр хавтасны 93-103 дугаар хуудас/,

- Баян-Өлгий аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргын 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн Б/07 дугаартай тушаалаар М  нь тус газарт хүний нөөц дотоод ажил хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан байдал /1 дүгээр хавтасны 127, 132-133 дугаар хуудас/,

- Баян-Өлгий аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргын 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн А/27 дугаартай тушаалаар М  нь тус газарт хүний нөөц дотоод ажил хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан байдал /1 дүгээр хавтасны 132-133 дугаар хуудас/,

- Баян-Өлгий аймгийн Мал эмнэлгийн газрын даргын 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Б/28 дугаартай, М ыг тус газрын Захиргаа, санхүүгийн албаны даргаар томилсон тухай тушаал /1 дүгээр хавтасны 134 дүгээр хуудас/,

- Баян-Өлгий аймгийн Мал эмнэлгийн газрын даргын 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Б/27 дугаартай, Э ыг тус газрын Шимэгч судлалын шинжээчийн ажилд томилсон тухай тушаал /1 дүгээр хавтасны 156, 184 дүгээр хуудас/,

- Ховд аймгийн Дарви сумын Засаг даргын тамгын газрын даргын 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 2/37 дугаартай, “...иргэн Б  овогтой Э  Засаг даргын тамгын газарт мэргэжилтнээр ажиллаж байгаагүй. Хувийн мал эмнэлгийн үржлийн нэгж “Сутай таван эрдэнэ” аж ахуйн нэгжийг байгуулан 2017-2018 онд Дэлгэр багийг хариуцан ажиллаж байсан. 2018 оны намар Баян-Өлгий аймаг руу шилжин явсан болно” гэх албан бичиг /1 дүгээр хавтасны 223-224 дүгээр хуудас/,

- Яллагдагч Э ы мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би уг нь энэхүү хэргийг илчилсэн, шахаанд орж 1 сая төгрөгийг М ад өгсөн, гэтэл М  надаас дахин 5 сая төгрөг өгөхийг шаардсан. Миний энд ирсэн гол шалтгаан бол намайг М  ажилд оруулахаар дуудсан бөгөөд манай хадам аав, ээж Баян-Өлгий аймгийн Алтай суманд өндөр настай хүмүүс байдаг. Мөн эхнэр маань Баян-Өлгий аймгийн хүн болохоор “за болохгүй юу байхав, очоод ажиллая” л гэж ирсэн, Ийм байдалд хүрнэ гэж бодоогүй. Би өөрөө энэ хэргийг илчилсэн, хэрэв би хэлэхгүй бол энэ хэрэг хэзээ ч илчлэгдэхгүй байх байсан. Иймд шүүх үнэн зөвөөр нь шүүж өгөхийг хүсэж байна.

...Би М  болон түүний аав болох А  гэх хүнээс нэг ч үхэр худалдаж аваагүй. Тэр хүнтэй ухнаас өөр наймаа хийсэн зүйл байхгүй” гэх мэдүүлэг /2 дугаар хавтасны 38-39, 43-44 дүгээр хуудас, шүүх хуралдааны тэмдэглэлд/ зэрэг нотлох баримтуудаар 2019 оны 01 дүгээр сараас эхлэн Баян-Өлгий аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын бүрэлдэхүүнээс хууль тогтоомжийн хүрээнд тусдаа байгуулагдсан Баян-Өлгий аймгийн Мал эмнэлгийн газарт “Шимэгч судлалын шинжээч”-ийн сул орон тоо бий болсон байх ба (1) шүүгдэгч М  нь Баян-Өлгий аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газарт хүний нөөц, дотоод ажил хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байх үедээ буюу 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Э ыг Баян-Өлгий аймгийн Мал эмнэлгийн газрын шимэгч судлалын шинжээч эмчийн ажилд оруулж өгсний хариуд 1.000.000 төгрөгийн хахууль авсан;  (2) мөн шүүгдэгч Э  өөртөө давуу байдал бий болгох буюу Баян-Өлгий аймгийн Мал эмнэлгийн газарт ажилд орох зорилгоор Баян-Өлгий аймгийн аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газарт хүний нөөц, дотоод ажил хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан М ад 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 1.000.000 төгрөгийн хахууль өгсөн үйл баримт тус тус тогтоогдсон байна.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан, шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцсон дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай, яллагдагч, гэрч нараас мэдүүлэг авах, мөн мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч нараас шүүгдэгч М  нь тухайн цаг хугацаанд хэн нэгэн этгээдийг ажилд томилох эрхгүй тул албаны чиг үүргийг хэрэгжүүлсний хариуд хахууль авсан гэж үзэх боломжгүй гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй.

Шүүгдэгч М  нь 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн байдлаар Баян-Өлгий аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газарт хүний нөөц, дотоод ажил хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан нь тус газрын даргын 2018 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн Б/14 дугаартай тушаалаар нотлогдож байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Энэ хуулийн нэр томьёо, ухагдахууныг тайлбарлахад Монгол Улсын хууль, Монгол Улсын хуулиар соёрхон баталсан, нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан тодорхойлолт, хэм хэмжээг баримтална.” гэж заасан байх ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хахууль авах” гэмт хэргийн субъектийг “нийтийн албан тушаалтан” гэж тодорхойлсон бөгөөд Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4 дэх заалт, Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1 дэх заалт, Засгийн газрын 2019 оны 275 дугаар тогтоолд заасны дагуу төрийн захиргааны гүйцэтгэх албан тушаалтныг нийтийн албан тушаалтанд; мөн Төрийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь заалтад “төрийн албан хаагч” гэж төрийн албан тушаалыг эрхэлж, эрх, үүргээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс авч, ажиллах нөхцөл, баталгаагаар хангагдан ажиллаж байгаа этгээдийг тус тус ойлгохоор зохицуулжээ. Үүнээс дүгнэж үзэхэд шүүгдэгч М ыг гэмт хэрэг үйлдэх үед нийтийн албан тушаалтан гэж үзэх үндэслэл тогтоогджээ.   

Шүүгдэгч М ын “Аав А  хаяа цэцэрлэгт нийлүүлэх эсвэл зарах үхэр, бас бидний идшийг өөрсдийн малаас Баяннуур сумаас авч ирдэг юм. Э  малын зах дээр малын ченж хийдэг байсан. Манай амбаарт цэцэрлэг аваагүй аавын нэг үхрийн мах байсан тул үүнийг Э  малын зах дээр ченж хийдэг болохоор түүнд зарж борлуулсан. Дараа нь мөнгөө нэхэж Э тай утсаар ярихад Ховд аймгийн Дарви суманд байна гэхээр, чи тэгвэл миний дансаар шилжүүлчих гэж өөрийн цээжээр мэддэг ХААН банкны дансны дугаараа өгсөн.” гэж мэдүүлснийг гэрч Т , А , Е , Б и, Г  нарын мэдүүлэг, шүүгдэгч М ын ХААН банкан дахь 51********* тоот дансны хуулгатай тус тус тал бүрээс нь харьцуулан дүгнэхэд шүүгдэгч Э  нь шүүгдэгч М , гэрч А  нараас “үхэр”, “үхрийн мах” худалдаж авсан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

      Шүүгдэгч М , Э  нарт холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахад гэрчийн мэдүүлэг өгсөн хүмүүсийн хувийн байдал, болсон үйл баримтын талаар мэдүүлсэн байдалд нь тус тус тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь дүгнэлт хийхэд гэрч, шүүгдэгч нар нь гэр бүлийн гишүүн, эсхүл нэг байгууллагад хамт ажиллаж байсан нь тогтоогдож байх ба эдгээр гэрч нараас өөрийн болон гэр бүлийн гишүүний эсрэг мэдүүлэг өгөхгүй байх Монгол Улсын Үндсэн хуульд баталгаажуулсан суурь эрхийг сануулахад хэргийн үйл баримттай холбоотой мэдэх зүйлээ үнэн зөв мэдүүлнэ гэснээр хууль сануулж мэдүүлэг авсныг шүүгдэгч М ын эсрэг санаатай худал мэдүүлж, гэмт хэрэгт гүтгэсэн гэж үзэх боломжгүй.

Шүүгдэгч Э ы гэм буруутай үйлдэлд хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь харьцуулан, хувийн байдал болон гэмт хэрэгт холбогдохоос өмнө эрхэлж байсан ажил байдалд дүгнэж үзэхэд түүнийг Баян-Өлгий аймгийн Мал эмнэлгийн газрын шимэгч судлалын шинжээч эмчийн албан тушаалд томилогдохын тулд нийтийн албан тушаалтан болох шүүгдэгч М ын хясан боогдуулсны улмаас аргагүй байдалд орж хахууль өгсөн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд шүүгдэгч нарын ашиг сонирхол нэгдмэл болж, хахууль авах, өгөхөөр харилцан тохиролцсон гэж дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан “Хахууль авах” гэмт хэргийн субъект нь нийтийн албан тушаалтан байх бөгөөд хууль бус үйлдлээ гүйцэлдүүлж бодит хор уршиг бий болгосон эсэхийг харгалзахгүй, хахууль авснаар төгсдөг бол хахууль өгөх гэмт хэргийн гол шинж нь хахууль өгөгч, авагч нарын харилцан ашиг сонирхол нэгдмэл байж, энэхүү хууль бус үйлдэл нь нийгмийн шударга ёсыг зөрчсөнд оршдог.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно.”, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ.”, 2 дахь хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй.” гэж заасан байна.

Хуулийн дээрх зохицуулалтаас үзэхэд шүүгдэгч М ын үйлдсэн гэмт хэрэг нь цаг хугацааны хувьд 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр байх ба 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Улсын Их Хурлаас баталсан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн үйлчлэлд хамаарахгүй болно.

Шүүгдэгч нарын гэм буруутай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул шүүхээс шүүгдэгч М ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хахууль авах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Э ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хахууль өгөх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох нь хууль зүйн үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.

Энэ гэмт хэрэг гарахад шүүгдэгч М  нь нийтийн албан тушаалтны хувьд амар хялбар аргаар хөрөнгөжих, шүүгдэгч Э  нь өөртөө давуу байдал олж авах буюу нийтийн албан тушаалд шударга бус байдлаар томилогдох гэсэн гэм буруугийн шууд санаа нь энэ гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан нөхцөл нь болсон гэж үзэх үндэслэлтэй.

2. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч М , Э  нар нь бусдад төлөх төлбөргүй болох нь тогтоогдсон тул шүүгдэгч нарыг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

3. Эрүүгийн хариуцлагын тухай.

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М ад нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 9.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэх дүгнэлтийг,

Шүүгдэгч М ын өмгөөлөгч З , Т  нараас шүүгдэгч М ын хувийн байдал, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдлыг тус тус харгалзан 5.400.000 төгрөгөөр торгох ял шийтгэх дүгнэлтийг,

Шүүгдэгч Э ы өмгөөлөгч С аас шүүгдэгч Э ы хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад заасан өөрийгөө илчилсэн, бусдын үйлдсэн гэмт хэргийг илрүүлэх, гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг олоход тусалсан гэдэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлийн тайлбар хэсэгт “хясан боогдуулсны улмаас аргагүй байдалд орж хахууль өгч, нийтийн албан тушаалтны хуулийн дагуу албаны чиг үүргээ гүйцэтгэж үзүүлэх төрийн үйлчилгээг авсан хүн энэ тухайгаа эрх бүхий байгууллагад сайн дураараа илчлэн ирсэн бол түүний авсан төрийн үйлчилгээг хэвээр үлдээж ялаас чөлөөлнө” гэж тайлбарласан. Э  гэмт хэргээ илчлэн ирсэн тул түүний авсан төрийн үйлчилгээг хэвээр үлдээх боломжтой гэсэн саналыг шүүхэд гаргаж байна. Гэмт хэрэг үйлдсэнээ илчилсэн хүнд хуульд зааснаар боломж байгаа тул улсын яллагчийн саналыг дэмжихгүй байна. Иймд Э ыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж эсхүл хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү гэсэн дүгнэлтийг гаргаж тус тус эрүүгийн хариуцлагын талаар мэтгэлцэн болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч М , Э  нарын үйлдсэн гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус удирдлага болгов.

 Шүүгдэгч М ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

Шүүгдэгч Э д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад заасан өөрийгөө илчилсэн, бусдын үйлдсэн гэмт хэргийг илрүүлэх, гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг олоход тусалсныг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалгүй зэргийг тус тус харгалзан үзэв.

Мөн шүүгдэгч М , Э  нар нь урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь шүүгдэгч нарын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч нарын хувийн байдлыг тогтоосон нотлох баримтуудаас үзэхэд М  нь ам бүл олуулаа бөгөөд жирэмсэн, шүүгдэгч Э  нь ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг зэрэг нөхцөл байдал нотлогдож байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн тайлбарт “Хясан боогдуулсны улмаас аргагүй байдалд орж хахууль өгч, нийтийн албан тушаалтны хуулийн дагуу албаны чиг үүргээ гүйцэтгэж үзүүлэх төрийн үйлчилгээг авсан хүн энэ тухайгаа эрх бүхий байгууллагад сайн дураараа илчлэн ирсэн бол түүний авсан төрийн үйлчилгээг хэвээр үлдээж ялаас чөлөөлнө.” гэж хуульчилжээ. Шүүгдэгч Э  нь хясан боогдуулсны улмаас аргагүй байдалд орж хахууль өгсөн гэх нөхцөл байдал нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна хэмээн гэм буруугийн хэсэгт дүгнэсэн тул төрийн үйлчилгээг нь хэвээр үлдээж, ялаас чөлөөлөх хууль зүйн үндэслэлгүй байна.  

Иймд шүүгдэгч М  нь нийтийн албан тушаалтны хувьд шүүгдэгч Э аас хахууль авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон учир, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй ба, шүүгдэгч М ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдалгүй, хувийн байдлыг нь харгалзан нийтийн албанд томилогдох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 6.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6.000.000 төгрөгөөр торгох ял,

Мөн шүүгдэгч Э  нь өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад хахууль өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон учир, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй ба, шүүгдэгч Э ы гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалтай, хувийн байдлыг нь тус тус харгалзан нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэв.

Шүүгдэгч М ад оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 2 жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

Мөн шүүгдэгч Э д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг тэнссэн 1 жилийн хугацаанд авч, түүнд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд шүүгдэгч Э  нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, эсхүл санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг тэнсэх, албадлагын арга хэмжээ авсан шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг анхааруулах нь зүйтэй гэж үзлээ.

4. Бусад асуудлаар.

Энэ хэргийн улмаас шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, тэднээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн 1 ширхэг бүхий СД-ийг эрүүгийн хэргийг хадгалах хугацаанд хэргийн хамт хадгалж, шүүгдэгч М ын Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 12 дугаар багт байрлалтай, Ү-0213******** тоот улсын бүртгэлийн дугаартай, 50 м.кв талбайтай, зуны байрны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжилсэн Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2021 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн 09 дугаартай, “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч нарын хувийн бичиг баримтыг шүүхэд ирүүлээгүй зэргийг тус тус дурдав.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М ын гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого болох 1.000.000 төгрөгийг шүүгдэгч М ын хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулж улсын орлого болгохоор шийдвэрлэв.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч М ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хахууль авах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Э ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хахууль өгөх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М ын нийтийн албанд томилогдох эрхийг 4 (дөрөв) жилийн хугацаагаар хасаж, 6.000 (зургаан мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6.000.000 (зургаан сая) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг  журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э ы нийтийн албанд томилогдох эрхийг 2 (хоёр) жилийн хугацаагаар хасаж, хорих ялыг оногдуулахгүйгээр 1 (нэг) жилийн хугацаагаар тэнссүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М ад оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 2 (хоёр) жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М  нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Э  нь оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг тэнссэн 1 (нэг) жилийн хугацаанд тус тус авч, түүнд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд шүүгдэгч Э  нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, эсхүл санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг тэнсэх, албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

9. Шүүгдэгч М , Э  нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэднээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нарын хувийн бичиг баримтыг шүүхэд ирүүлээгүй зэргийг тус тус дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн 1 ширхэг бүхий СД-ийг эрүүгийн 2013003720030 дугаартай хэргийг хадгалах хугацаанд хэргийн хамт хадгалж, шүүгдэгч М ын Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 12 дугаар багт байрлалтай, Ү-0213******** тоот улсын бүртгэлийн дугаартай, 50 м.кв талбайтай, зуны байрны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжилсэн Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2021 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн 09 дугаартай, “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хэвээр үлдээсүгэй.   

11. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч М аас гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 1.000.000 (нэг сая) төгрөгийг түүний хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулж улсын орлого болгосугай.    

12. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч М , Э  нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

14. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч М , Э  нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Х.ТАЛГАТ