Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 181/ШШ2023/02719

 

 

 

 

 

 

 

 

 

 

2023 09 07

 

 

 

 

181/ШШ2023/02719

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Цанжид овогт Ж.Ж /РД:/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: х Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: П.У,

Шинжээч: Г.О,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар А.Ариунзаяа оролцож тэмдэглэл хөтлөв.

 

/Нэхэмжлэгч талд шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2-т зааснаар нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв./

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Ж.Ж хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргажээ. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлжээ. Үүнд:

Миний бие Ж.Ж нь эрхийн улсын бүртгэлийн Ү-22 дугаарт бүртгэгдсэн, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, .............. 33 дугаар байрны зоорийн давхрын 16 тоот авто зогсоолын хууль ёсны өмчлөгч юм.

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь Ү-22 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгийг шинжээч томилон 14,416,116 төгрөгөөр үнэлсэн нь намайг илт, их хэмжээгээр хохироосон үнэлгээ байна гэж үзэж байна. Миний авто зогсоолын зах зээлийн бодит үнэлгээ 27,000,000 төгрөг байгаа нь нийтэд илэрхий бөгөөд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт үнийн саналаа гаргасан байсан. Хэдийгээр төлбөр төлөгч төлбөрөө барагдуулах үүрэгтэй хэдий ч төлбөр төлөгчийн эд хөрөнгийг ингэж үнэгүйдүүлэн, эрх зүйн байдлыг дордуулж болохгүй. Мөн хоёр талын аль алиных нь эрх, үүргийг харгалзсан шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулах ёстой.

Шүүхийн шийдвэр биелүүлэх ажиллагаа явуулахдаа ингэж нэг талыг барьж төлбөр төлөгчийн үл хөдлөх хөрөнгийг зах зээлийн үнэлгээнээс илт багаар үнэлж байгаад маш их гомдолтой байна. Иймд Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, .............. 33 дугаар байрны зоорийн давхрын 16 тоот авто зогсоол, Ү-22 дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 2132 дугаар шийдвэрээр Ж.Жгаас 37,342,950 төгрөгийг гаргуулж Инэл финанс ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2020 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 20280367 дугаар ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолоор үүсгэж, төлбөр төлөгч Ж.Жгийн эзэмшил, өмчлөлийн хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгийн талаар холбогдох бүртгэлийн газраас тодруулахад Ж.Ж, Д.Мөнхцацрал нарын өмчлөлд эрхийн улсын бүртгэлийн Ү-22 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн .............. 33 дугаар байрны зоорийн давхрын 16 тоот авто зогсоол бүртгэлтэй болох нь тогтоогдсон, мөн арилжааны банкнууд дахь харилцах болон хадгаламжийн дансны зарлагын гүйлгээг төлбөрийн үнийн дүнгийн хэмжээнд зогсоож, төлбөрийн үнийн дүнгийн хэмжээгээр хасалт хийх мэдэгдлийг банкнуудад хүргүүлэхэд дансны хасалтаар 5,329,000 төгрөг тус газрын дансанд төвлөрүүлснийг төлбөр авагчид шилжүүлсэн.

Шүүхийн шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар эрхийн улсын бүртгэлийн Ү-22 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн .............. 33 дугаар байрны зоорийн давхрын 16 тоот авто зогсоолыг 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 20280366/11 дугаартай тогтоолоор битүүмжилж, 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 20280366/12 дугаартай тогтоолоор хураан авч, 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 4- 240/23480 дугаартай үнийн санал ирүүлэх мэдэгдлийг талуудад хүргүүлэхэд төлбөр төлөгч Ж.Ж, хамтран өмчлөгч Д.Мөнхцацрал нараас хураагдсан хөрөнгийг 46,500,000 төгрөгт үнэлсэн бөгөөд төлбөр авагч талаас үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй хөндлөнгийн шинжээч томилуулах хүсэлт ирүүлсэн.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-т заасны дагуу 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 12/458 дугаартай тогтоолоор шинжээч томилж, үнэлгээг тогтоолгоход 14,416,116 төгрөгөөр үнэлснийг 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 4-240/25123 дугаар мэдэгдлээр талуудад үнэлгээг танилцуулан, үнэлгээний тайланг гардуулан өгч гарын үсэг зуруулан тэмдэглэлээр баримтжуулсан.

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу үнэлгээчний тогтоосон 14,416,116 төгрөгийн 70 хувь болох 10,091,282 төгрөгөөр 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгийн анхны албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулах тухай талуудад 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 4-240/434 дугаар мэдэгдэл, 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 1/2 дугаартай тогтоолыг гардуулан өгч, гарын үсэг зуруулан тэмдэглэлээр баримтжуулж, нийтэд мэдээллэхэд санал ирүүлээгүй тул Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4-т заасны дагуу 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн үл хөдлөх хөрөнгийн 2 дахь албадан дуудлага худалдааны 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 4-240/3038 дугаартай мэдэгдэл, 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 2/2 дугаартай тогтоолыг гардуулан өгч гарын үсэг зуруулан тэмдэглэлээр баталгаажуулан, нийтэд мэдээлэхэд мөн санал ирүүлээгүй.

Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.

 

3. Шинжээч Г.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 12/458 тоот шинжээч томилох тухай тогтоолоор Ж.Жгийн өмчлөлийн Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, .............. 33 дугаар байрны зоорины давхрын 16 тоот хаягт орших эрхийн улсын бүртгэлийн Ү-22 дугаартай, 12 м.кв талбайтай, автозогсоолыг үнэлж өгнө үү гэсэн. Уг тогтоолын дагуу хөрөнгийн үнэлгээчин Г.О миний бие Хөрөнгийн үнэлгээний тухай хууль, Иргэний хууль, Шүүх шинжилгээний тухай хууль, Хөрөнгийн үнэлгээтэй холбоотой холбогдох сайд нарын тушаал болон үнэлгээний олон улсын стандартын дагуу хөрөнгийн биет үзлэгийг хийж, үнэлгээний тайланг бэлтгэн гаргасан. Хөрөнгийн үнэлгээний тайланг бэлтгэн гаргахдаа Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т зааснаар 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн байдлаар дуудлага худалдаа явуулах зах зээлийн үнийг тогтоосон. 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс 26-ны өдөр хөрөнгийн үзлэгийг хийсэн. Ингээд хөрөнгийн үнэлгээг 14,617,036.06 төгрөгөөр тооцож гаргасан.

Үнэлгээг гаргахдаа тухайн барилга байгууламжийг шинээр барьж байгуулахад ямар зардал гарах талаар тооцож гаргасан. Зах зээлийн хандлагын аргаар хөрөнгийн үнэлгээний тайланг бэлтгэн гаргасан. Тухайн үл хөдлөх хөрөнгөтэй байршил, бүтэц, хийцийн хувьд хамгийн ойр байж болох хөрөнгөтэй жишсэн. Хөрөнгийн үнэлгээний тайлангийн 23-р хуудас хүснэгт 10-т байна. Ингээд харьцуулсан 1, 2, 3 дугаар хөрөнгүүдийг ямар сайтаас хэдний өдөр авсан тухай мэдээллийн эх сурвалжийг 24, 25 дугаар хуудсанд оруулсан. 3 хөрөнгөтэй харьцуулж үзээд Үнэлгээний олон улсын стандартын 105 дугаар зүйлийн 105.36-д заасны дагуу ялгаатай талуудыг итгэлцүүрээр тохируулан хөрөнгийг харьцуулж үзэхэд тухайн үл хөдлөх хөрөнгийн 1 м.кв нь 1,201,343 төгрөг гарсан. Үүнийг нийт 12 м.кв үржүүлэхээр 14,416,116 төгрөг гарсан. Шинжээч томилсон тогтоолд Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т зааснаар зах зээлийн үнэ цэнийг тогтоохоор заасан байсан учраас зах зээлийн хандлагад 100 хувийн ач холбогдол өгч үнэлгээг гаргасан гэв.

 

4. Нэхэмжлэгчээс шүүхэд нотлох баримтаар улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлсөн баримт, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 181/ШЗ2023/01637 дугаар Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай захирамж /нотлох баримтын шаардлага хангаагүй/, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 181/ШШ2019/02132 дугаар шийдвэр, Ж.Жгийн иргэний үнэмлэхийн лавлагаа, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 4-240/25123 тоот Мэдэгдэл, Сэлэнгэ эстимэйт ХХК-ийн үнэлгээний тайлан, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 4-240/434 тоот Мэдэгдэл, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 1/2 тоот Анхны албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай тогтоол, 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 2/2 тоот Хоёр дахь албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай тогтоол, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 4-240/3038 тоот Мэдэгдэл-ийг ирүүлсэн.

 

Хариуцагчаас шүүхэд нотлох баримтаар Б.Саяболд, П.У нарт олгосон итгэмжлэл, хариу тайлбар, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 182/ГХ2020/00132 дугаар Шүүхийн гүйцэтгэх хуудас, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 181/ШШ2019/02132 дугаар шийдвэр, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 20280367 дугаар Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 20280366/11 дүгээр Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын төлбөрийн данснаас мөнгө шилжүүлэх баримт, 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 240/12 тоот Шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 20280366/12 дугаар Эд хөрөнгө хураах тухай тогтоол, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 4-240/23480 тоот Үнийн санал ирүүлэх тухай албан бичиг, Ж.Ж, Д.Мөнхцацрал нарын гаргасан үнийн санал, Баянзүрх дүүргийн .............. 33 дугаар байрны зоорийн давхрын 16 тоот хаягт байрлах, 12 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Инэл финанс ББСБ ХХК-ийн 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн шинжээч томилуулах тухай хүсэлт, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 12/458 дугаар Шинжээч томилох тухай тогтоол, Хөрөнгийн үнэлгээний тайлан хүлээлцэх акт, Сэлэнгэ эстимэйт ХХК-ийн үнэлгээний тайлан, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 4-240/434 тоот Мэдэгдэл, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 1/2 тоот Анхны албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай тогтоол, 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 2/2 тоот Хоёр дахь албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай тогтоол, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 4-240/3038 тоот Мэдэгдэл, албадан дуудлага худалдааны зарыг ирүүлсэн.

 

Шүүхийн журмаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 181/ШЗ2023/01637 дугаар Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай захирамжийг нотлох баримтын шаардлага хангуулан гаргуулсан.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Ж.Ж миний өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Ү-22 дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүрэг, .............. 33 дугаар байрны зоорийн давхрын 16 тоот авто зогсоолыг зах зээлийн үнэлгээнээс хэт доогуур үнэлсэн. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас нэг талыг барьж ажиллагаа явуулсан тул үнэлгээг хүчингүй болгуулахаар шаардах эрхтэй гэж тодорхойлов.

 

3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргав.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

4.1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 181/ШШ2019/02132 дугаар шийдвэрээр Ж.Жгаас 37,000,000 төгрөг гаргуулж Инэл финанс ББСБ ХХК-д олгож шийдвэрлэжээ. /хавтаст хэргийн 6-9 дүгээр хуудас/

 

4.2. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь дээрх шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааг явуулж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр гүйцэтгэлийг баталгаажуулах тодорхой ажиллагааг явуулж, төлбөр төлөгчид шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл хүргүүлсэн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна. /хавтаст хэргийн 71, 75 дугаар хуудас/

 

4.3. Улмаар нэхэмжлэгч Ж.Ж, хамтран өмчлөгч Д.Мөнхцацрал нарын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-22 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн .............. 33 дугаар байрны зоорийн давхрын 16 тоот хаягт байршилтай 12 мкв талбайтай автозогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 20280366/11 дугаартай Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол-оор битүүмжилж, 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 20280366/12 дугаартай Эд хөрөнгө хураах тухай тогтоолоор хураасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49, 54 дүгээр зүйлд заасантай нийцсэн байна. /хавтаст хэргийн 72-80 дугаар хуудас/

 

4.4. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 4-240/23480 тоот албан бичгээр талуудад Иргэний хуулийн 177 дугаар зүйлд заасны дагуу үнийн санал өгөхийг мэдэгдэхэд төлбөр төлөгч Ж.Ж, хамтран өмчлөгч Д.Мөнхцацрал нар нь Баянзүрх дүүргийн .............. 33 дугаар байрны зоорийн давхрын 16 тоот хаягт байршилтай 12 мкв талбайтай автозогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 46,500,000 төгрөгөөр үнэлэн үнийн санал ирүүлжээ. /хавтаст хэргийн 81-84 дүгээр хуудас/

 

4.5. Төлбөр төлөгч, өмчлөгч нарын гаргасан үнийн саналыг төлбөр авагч Инэл финанс ББСБ ХХК зөвшөөрөхгүй, хөндлөнгийн шинжээч томилуулах хүсэлт гаргасан тул шийдвэр гүйцэтгэгч талууд үл хөдлөх эд хөрөнгийн үнийн талаар тохиролцоогүй гэж үзэн 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 12/458 дугаар Шинжээч томилох тухай тогтоол-оор Г.Оыг шинжээчээр томилж, үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ тогтоох ажиллагааг хийсэн нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасантай нийцсэн байна. / хавтаст хэргийн 86-89 дүгээр хуудас/

 

4.6. Шинжээч дээрх үл хөдлөх хөрөнгийг Хөрөнгийн үнэлгээний олон улсын стандартад нийцүүлэн зах зээлийн үнийг 14,416,116 төгрөгөөр тогтоосон болох нь хөрөнгө үнэлгээний тайлангаар тогтоогдож байна. /хавтаст хэргийн 92-123 дугаар хуудас/

 

4.7. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 4-240/25123 тоот албан бичгээр төлбөр төлөгч Ж.Ж, хамтран өмчлөгч Д.Мөнхцацрал нарт үнэлгээний тайланг мэдэгдэж, шийдвэр гүйцэтгэгч тэмдэглэл үйлдсэн байна. /хавтаст хэргийн 124-125 дугаар хуудас/

 

5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7.-д Талууд эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно. гэж заасан.

 

Төлбөр төлөгч Ж.Ж үнэлгээний мэдэгдлийг 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, үнэлгээг эс зөвшөөрсөн гомдлоо 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр тус шүүхэд гаргасан болох нь Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 181/ШЗ2023/01637 дугаар Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай захирамжаар тогтоогдож байна. /хавтаст хэргийн 168-169 дүгээр хуудас/

 

Иймд нэхэмжлэгч Ж.Ж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д Талууд эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно. заасан хугацааг хэтрүүлсэн байна.

 

Түүнчлэн, нэхэмжлэгч Ж.Ж шинжээч дээрх үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн гэх тайлбараа баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг нэг талыг баримтлан явуулсан гэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан байх тул үнэлгээ хүчингүй болгуулах тухай Ж.Жгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

6. Шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасныг баримтлан хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох Баянзүрх дүүргийн .............. 33 дугаар байрны зоорийн давхрын 16 тоот хаягт байрлах, 12 мкв талбайтай автозогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн Сэлэнгэ эстимэйт ХХК-ийн 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай Ж.Жгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т заасныг баримтлан нэхэмжлэгч Ж.Жгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЭНХЦЭЦЭГ