Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2023/01941

 

 

 

 

 

2023 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2023/01941

 

 

2023.11.06 210/МА2023/01941

 

Ж.Ж-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 сарын 07-ны өдрийн 181/ШШ2023/02719 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Ж.Ж-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: НШШГГ-т холбогдох,

Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдолд үндэслэн шүүгч Э.Энэбишийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Уранбилэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Ж.Ж- нь Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, Хилчдийн гудамж, А байрны- зоорийн давхрын 00 тоот авто- зогсоолын хууль ёсны өмчлөгч юм. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас тус үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг тогтоохоор шинжээч томилж, шинжээч нь 14,416,116 төгрөгөөр үнэлсэн нь намайг илт, их хэмжээгээр хохироосон үнэлгээ гэж үзэж байна. Авто зогсоолын зах зээлийн бодит үнэлгээ 27,000,000 төгрөг болох нь нийтэд илэрхий юм.

НШШГГ-т нэхэмжлэгч, хамтран өмчлөгч нар нь үнийн саналаа гаргаж өгсөн. Хэдийгээр төлбөр төлөгч төлбөрөө барагдуулах үүрэгтэй ч төлбөр төлөгчийн эд хөрөнгийг ингэж үнэгүйдүүлэн, эрх зүйн байдлыг нь дордуулж болохгүй. Мөн хоёр талын хэн алины нь эрх, үүргийг харгалзсан шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулах ёстой. Иймд дээрх үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 сарын 29-ний өдрийн 0001 дугаар шийдвэрээр Ж.Ж-гаас 37,342,950 төгрөгийг гаргуулж И ф-ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2020 оны 04 сарын 07-ны өдөр үүсгэж, төлбөр төлөгч Ж.Ж-, Д.М- нарын өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-0000000001 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, Хилчдийн гудамж, А байрны- зоорийн давхрын 00 тоот авто- зогсоолыг 2022 оны 11 сарын 02-ны өдөр битүүмжилж, 2022 оны 12 сарын 02-ны өдөр хураан авч, 2022 оны 12 сарын 05-ны өдөр үнийн санал ирүүлэх мэдэгдлийг талуудад хүргүүлсэн ба төлбөр төлөгч нь хураагдсан хөрөнгийг 46,500,000 төгрөгт үнэлснийг төлбөр авагч зөвшөөрөөгүй ба шинжээч томилуулах хүсэлт ирүүлсэн.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-т зааснаар 2022 оны 12 сарын 19-ний өдрийн 12/458 дугаартай тогтоолоор шинжээч томилж, үнэлгээг тогтоолгоход 14,416,116 төгрөгөөр үнэлснийг 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 4-240/25123 дугаар мэдэгдлээр талуудад үнэлгээг танилцуулан, тэмдэглэлээр баримтжуулсан. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу 2023 оны 01 сарын 20-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгийн анхны албадан дуудлага худалдаа болох товыг талуудад 2023 оны 01 сарын 06-ны өдрийн 4-240/434 дугаар мэдэгдэл, 2023 оны 01 сарын 03-ны өдрийн 1/2 дугаартай тогтоолыг гардуулан өгч, тэмдэглэлээр баримтжуулсан. Анхны албадан дуудлага худалдаанд санал ирээгүй тул 2023 оны 02 сарын 17-ны өдөр үл хөдлөх хөрөнгийн 2 дахь албадан дуудлага худалдааг товлож, товыг 2023 оны 02 сарын 10-ны өдрийн 4-240/3038 дугаартай мэдэгдэл, 2023 оны 01 сарын 31-ний өдрийн 2/2 дугаартай тогтоолыг талуудад гардуулан өгч, тэмдэглэлээр баталгаажуулан, нийтэд мэдээлэхэд мөн санал ирүүлээгүй.

Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар хариуцагч НШШГГ-т холбогдох Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, Хилчдийн гудамж, А байрны- зоорийн давхрын 001 тоот хаяг-т байх, 12 м.кв талбайтай автозогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн Сэлэнгэ эстимэйт ХХК-ийн 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай Ж.Ж-гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т заасныг баримтлан нэхэмжлэгч Ж.Ж-гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын агуулга:

4.1. Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй. Миний бие маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг Д.М-ын хамт эзэмшдэг. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааг явуулахдаа шинжээчээр "Сэлэнгэ-Эстимэйт ХХК болон Г.Отгонбаярыг томилсон байдаг. Шинжээч 2022 оны 12 сарын 26-ны өдөр хөрөнгийг үнэлэхдээ авто зогсоолыг 14,416,116 төгрөгөөр үнэлсэн нь зах зээлийн ханш дунджаар 25-27 сая төгрөг байхад хэт доогуур үнэлсэн.

4.2. Анхан шатны шүүх 2023 оны 09 сарын 07-ны өдрийн шүүх хуралдааны товыг надад болон өмгөөлөгчид мэдэгдээгүй, хожим мэдсэн ба өмгөөлөгчөөс асуухад мөн мэдэгдээгүй гэсэн. Шүүхээс хурлын тов мэдэгдсэн баримтад утсаар мэдэгдсэн би "За" гэж хэлсэн гэсэн баримтыг үйлджээ. Шүүх утсаар мэдэгдсэн бол би, өөрийн өмгөөлөгчийн хамт очих байсан. Гэтэл утсаар мэдэгдээгүй байж надад мэдэгдсэн мэтээр баримт үйлдсэнд маш их гомдолтой байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлд зааснаар шүүх хуралдааны товыг албан ёсоор мэдэгдэхээр хуульчилсан байхад шүүх хуулийн заалтыг уландаа гишгэсэн, хэт нэг талыг барьсан ажиллагааг хийж, хэргийг шударга бусаар шийдвэрлэсэн гэж үзэхээр байна.

Монгол Улсын Үндсэн Хуулийн Арванзургадугаар зүйлийн 14 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд тус тус заасан шуух хуралд биечлэн оролцож, мэтгэлцэх эрхтэй байхад үүнийг ноцтойгоор зөрчлөө. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

5. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд гаргасан хариуцагч талын тайлбарын агуулга: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 сарын 29-ний өдрийн 00001 дугаартай шийдвэрээр Ж.Ж-гаас 37,342,950 төгрөгийг гаргуулж И ф-ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2020 оны 04 сарын 07-ны өдрийн 20280367 дугаар ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолоор үүсгэж, төлбөр төлөгч Ж.Ж-д удаа дараа төлбөр төлөх тухай мэдэгдлийг хүргүүлсэн. Ж.Ж-гийн өмчлөлд бүртгэлтэй Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, хилчдийн гудамж, А байрны- зоорийн давхрын 00 тоот авто- зогсоолын анхны албадан дуудлага худалдааг зарлаж, нийтэд мэдээлсэн тул нэхэмжлэгчийн зүгээс шүүхэд нэхэмжлэл гаргасан. Анхан шатны шүүхийн зүгээс нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т зааснаар шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2. Нэхэмжлэгч Ж.Ж- нь хариуцагч НШШГГ-т холбогдуулан түүний өмчлөлийн Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, Хилчдийн гудамж, 33 байрны зоорийн давхрын 001 тоот хаяг-тай авто зогсоолыг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж маргажээ.

 

3. Анхан шатны шүүх хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэн зөв, эргэлзээгүй талаас нь хуульд нийцүүлэн үнэлж, маргааны үйл баримтыг зөв дүгнэсэн байна.

 

4. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 сарын 29-ний өдрийн 0001 дугаар шийдвэрээр Ж.Ж-гаас 37,342,950 төгрөг гаргуулан И ф-ХХК-д олгохоор шийдвэрлэсэн, хариуцагч шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2020 оны 04 сарын 07-ны өдөр үүсгэж, улмаар маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжилж, хураах ажиллагааг явуулсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49, 54 дүгээр зүйлүүдэд заасантай нийцсэн байна.

 

5. Төлбөр төлөгч Ж.Ж-, хамтран өмчлөгч Д.М- нар барьцаа хөрөнгийг 46,500,000 төгрөгөөр үнэлсэн үнийн саналаа НШШГГ-т ирүүлснийг төлбөр авагч И ф-ХХК эс зөвшөөрч, шинжээч томилуулах хүсэлт гаргаснаар шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 12 сарын 19-ний өдрийн 12/458 дугаартай тогтоолоор мэргэшсэн үнэлгээчин Г.Отгонбаярыг шинжээчээр томилсон. /хх 77, 81-87/ Шинжээч 2022 оны 12 сарын 26-ны өдөр хөрөнгийн үнэлгээний тайланг хариуцагчид ирүүлж, барьцаа хөрөнгийг 14,416,116 төгрөгөөр үнэлснийг нэхэмжлэгч эс зөвшөөрч шүүхэд гомдол гаргажээ.

5.1. Шинжээчийн дүгнэлт нь Хөрөнгийн үнэлгээний тухай /2010 оны/ хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2, 9.3 дахь хэсэгт заасан шаардлагад нийцүүлэн хөрөнгийн үнэлгээний тайланг гаргасан, мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт заасан буюу үнэлэгдэж буй хөрөнгийг Баянзүрх дүүргийн 4, 15 дугаар хороонд байх ойролцоо байршил, м.кв бүхий 3 ширхэг автозогсоолтой харьцуулан үнэлж, хөрөнгийн үнэлгээний жишиг үнийн аргаар үнэлсэн нь барьцаа хөрөнгийг зах зээлийн үнээс илт багаар үнэлсэн гэж үзэхгүй, энэ талаархи нэхэмжлэлийн шаардлагаа нэхэмжлэгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлоогүй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй, иймд энэ тухай гомдлыг хангахгүй.

5.2. Хариуцагч нь хөрөнгийн үнэлгээний тайланг төлбөр төлөгч, төлбөр авагч нарт мөн хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт заасан 3 хоногийн хугацаанд мэдэгдсэн нь шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 12 сарын 27-ны өдрийн мэдэгдэл, тэмдэглэлээр тогтоогдсон ба нэхэмжлэгч энэ талаар шүүхэд маргаагүй. /хх.124-125/ Нэхэмжлэгч нь хөрөнгийн үнэлгээний тайланг 2022 оны 12 сарын 27-ны өдөр хүлээн авсан хэдий ч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт зааснаар үнэлгээтэй холбоотой гомдлоо уг мэдэгдлийг хүлээн авснаас хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргах хугацааг 9 хоногоор хэтрүүлжээ. Энэ нь тус шүүхийн шүүгчийн 2023 оны 01 сарын 19-ний өдрийн 01637 дугаартай захирамжид нэхэмжлэгчийг 2023 оны 01 сарын 12-ны өдөр шүүхэд гомдлоо гаргасан гэж дурдсанаар тэрээр хуульд заасан хугацаанд эрхээ хэрэгжүүлээгүй байна.

Нэхэмжлэгч эд хөрөнгийн үнэлгээний талаар гомдол гаргах хуулиар тогтоосон хугацаа хэтрүүлсэн үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт нийцсэн байна.

 

6. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байна. Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр 2023 оны 08 сарын 30-ны өдөр товлогдсон шүүх хуралдааны товыг өөрчилж, 2023 оны 09 сарын 07-ны өдрийн 16:00 цагт шүүх хуралдааныг товложээ. Товыг мөн өдрийн 12:14 цагт нэхэмжлэгчийн 80088009 дугаараар, түүний өмгөөлөгчийн 88880090 дугаараар дамжуулан мэдэгдсэн, мөн нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэл гаргахдаа болон 2023 оны 05 сарын 03-ны өдрийн шүүх хуралдаанд мэдүүлсэн хаягаар баталгаат шуудангаар шүүх хуралдааны товыг хүргэснийг 2023 оны 09 сарын 01-ны өдөр жижүүр н.Нямсүрэн хүлээн авчээ. /хх 175-176/

Иймд шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1, 77.2 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдааны товыг нэхэмжлэгч талд хүргэсэн, нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг зөрчөөгүй байх тул энэ талаархи нэхэмжлэгчийн давж заалдах гомдол хууль зүйн үндэслэлгүй байна.

7. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 сарын 07-ны өдрийн 181/ШШ2023/02719 дугаар дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦОГТСАЙХАН

 

ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

Э.ЭНЭБИШ