Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 183/ШШ2023/01435

 

2023 оны 05 сарын 03 өдөр

 

 

 

Дугаар 183/ШШ2023/01435

 

 

 

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, .......н байранд байрлах, Ф ХХК /РД:....../-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүрэг,............ байранд байрлах, Э  ХХК /РД:../-дхолбогдох,

Гэрээний үүрэгт 270.558.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б , хариуцагчийн өмгөөлөгч Д.Б, нарийн бичгийн дарга Б.Болорчимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Ф  ХХК нь хариуцагч Э  ХХК-д холбогдуулан Гэрээний үүрэгт 270.558.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан ба нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1. Хариуцагч талтай 2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр 000 тоот захиалгаар бетон зуурмаг нийлүүлэх гэрээ байгуулж тус гэрээний 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч талд 2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр 126.896.000 төгрөгийг үйлчилгээ, 2022 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр 63.476.000 төгрөгийг үйлчилгээг тус тус үзүүлсэн. Талууд тухайн сарын бетон зуурмагийн тооцоог дараа сарын 03-ны дотор хийж тухайн сарын 05-ны дотор захиалагч тал нийлүүлэгч талын нэхэмжлэхийг үндэслэн төлбөрийн 70 хувийг бэлэн мөнгөөр төлж, үлдэгдэл 30 хувийг бартерт шилжүүлэн тооцон 2022 оны 12 дугаар сарын 01-ний дотор хүлээлгэн өгөхөөр харилцан тохиролцсон боловч хариуцагч тал бартерын орон сууцыг хугацаандаа хүлээлгэн өгөх боломжгүй нь тогтоогдсон бөгөөд нийт 190.372.000 төгрөгийн өглөгөөс 10.000.000 төгрөгийг төлсөн, үлдэгдэл 180.372.000 төгрөгийн зуурамгийн төлбөрийг төлөөгүй байна. Дээрх гэрээний 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт заасны дагуу төлөгдөөгүй үнийн дүнгийн 1 хоногийн алданги 901.860 төгрөг бөгөөд төлбөл зохих хугацаанаас хойш 132 хоногоор тооцоход нийт алданги нь төлөгдөөгүй үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч байна. Иймд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч талаас үндсэн төлбөр 180.372.000 төгрөг, алданги 90.186.000 төгрөг, нийт 270.558.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагаас үндсэн нэхэмжлэлийн шаардлага буюу 190.372.000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байгаа. Үүнээс 10.000.00 төгрөгийг төлсөн гэдгийг нэхэмжлэгч нэхэмжлэлдээ дурдсан. Гэрээгээр авсан 190.372.000 төгрөгийн 10.000.000 төгрөгийг хасуулсан тооцож, 180.372.000 төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрч байна. Харин нэхэмжлэлийн шаардлагын алдангийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь алдангийг нэхэмжилсэн баримт хэрэгт байхгүй. Иймд 180.372.000 төгрөгийг төлнө алдангийг хасаж өгнө үү гэжээ.

 

3. Нэхэмжлэгчээс М.О-д олгосон итгэмжлэл, Ф  ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, улсын тэмдэгтийн хураамж 1.510.740 төгрөг төлсөн баримтыг ирүүлсэн.

 

4. Хариуцагчаас Д.Б-д олгон итгэмжлэл, хариуцагч Э ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагааны хуулбар, улсын бүртгэлийн гэрчилгээний болон компанийн дүрмийн хуулбар, өмгөөлөгч Д.Б-тай байгуулсан хууль зүйн туслалцаа үзүүлэх тухай гэрээ зэргийг ирүүлсэн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

2. Нэхэмжлэгч Ф  ХХК болон хариуцагч Э ХХК-ийн хооронд 2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр №Г-22/04 тоот захиалгаар бетон зуурмаг нийлүүлэх гэрээ байгуулагдаж, нэхэмжлэгчээс хариуцагчид 2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр 126.896.000 төгрөгийн, 2022 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр 63.476.000 төгрөгийн, нийт 190.372.000 төгрөгийн бетон зуурмагийг тус тус нийлүүлсэн, үүнээс хариуцагч нь 10.000.000 төгрөгийн төлбөр төлсөн талаар талууд маргаагүй.

 

3. Өөрөөр хэлбэл, талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн байх ба нэхэмжлэгч нь гэрээний дагуу нийлүүлсэн бетон зуурмагны үнийг хариуцагчаас гаргуулахаар шаардах эрхтэй байна.

 

4. Харин хэрэгт худалдах-худалдан авах гэрээ бичгийн хэлбэрээр авагдаагүй, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Гэрээ бичгээр байгуулагдаагүй тул алдангийг хүлээн зөвшөөрөхгүй хэмээн маргасан бөгөөд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т Анзын гэрээг бичгээр хийнэ гэж заасан.

 

Тэгэхээр, талууд гэрээг бичгээр байгуулаагүй тул нэхэмжлэгч алданги шаардах эрхээ алдах тул хариуцагчаас алданги 90.186.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь хуульд нийцнэ.

 

5. Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.3, 232.6-д зааснаар хариуцагч Эйч и ХХК-иас худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 180.372.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Финикс конкрит ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх Алданги 90.186.000 төгрөг гаргуулах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгов.

 

6. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Финикс конкрит ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1.510.740 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э ХХК-иас 1.059.810 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ф ХХК-д олгоно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

 

 

 

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.3, 232.6-д зааснаар хариуцагч Эйч и дрийм хаус ХХК-иас худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 180.372.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Финикс конкрит ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх Алданги 90.186.000 төгрөг гаргуулах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Финикс конкрит ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1.510.740 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Эйч и дрийм хаус ХХК-иас 1.059.810 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Финикс конкрит ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.СОЛОНГО