Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 08 сарын 18 өдөр

Дугаар 210/МА2023/01625

 

 

 

 

 2023 08 18 210/МА2023/01625

 

 

Финикс конкрит ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч Д.Нямбазар, С.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 183/ШШ2023/01435 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Финикс конкрит ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Эйч И дрийм хаус ХХК-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүрэгт 270,558,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч С.Энхбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Одгэрэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Содномдорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Г-22/04 тоот захиалгаар бетон зуурмаг нийлүүлэх гэрээ байгуулж, тус гэрээний 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч талд 2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр 126,896,000 төгрөгийн, 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр 63,476,000 төгрөгийн үнэ бүхий зуурмаг нийлүүлжээ.

1.2. Талууд тухайн сарын бетон зуурмагийн тооцоог дараа сарын 03-ны дотор хийж тухайн сарын 05-ны дотор захиалагч тал нийлүүлэгч талын нэхэмжлэхийг үндэслэн төлбөрийн 70 хувийг бэлэн мөнгөөр төлж, үлдэгдэл 30 хувийг бартерт шилжүүлэн тооцон 2022 оны 12 дугаар сарын 01-ний дотор хүлээлгэн өгөхөөр харилцан тохиролцсон боловч хариуцагч тал бартерын орон сууцыг хугацаандаа хүлээлгэн өгөх боломжгүй нь тогтоогдсон бөгөөд нийт 190,372,000 төгрөгөөс 10,000,000 төгрөгийг төлсөн.

1.3. Гэрээний 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт заасны дагуу төлөгдөөгүй үнийн дүнгийн 1 хоногийн алданги 901,860 төгрөг бөгөөд төлбөл зохих хугацаанаас хойш 132 хоногоор тооцоход нийт алданги нь төлөгдөөгүй үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч байна.

Иймд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч талаас үндсэн төлбөр 180,372,000 төгрөг, алданги 90,186,000 төгрөг, нийт 270,558,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын агуулга: Нэхэмжлэлийн шаардлагаас 180,372,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Харин алдангийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь алдангийг нэхэмжилсэн баримт хэрэгт байхгүй гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэг, 232 дугаар зүйлийн 232.3 дахь хэсэг, 232.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч Эйч И дрийм хаус ХХК-иас худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 180,372,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Финикс конкрит ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх алданги 90,186,000 төгрөг гаргуулах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Финикс конкрит ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,510,740 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Эйч И дрийм хаус ХХК-иас 1,059,810 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Финикс конкрит ХХК-д олгож, шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт заасны дагуу Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 183/ШШ2023/01435 дугаар шийдвэрийн дараах хэсэгт давж заалдах гомдол гаргаж байна.

4.1. Хариуцагч тал гэрээний үүрэг дээр ямар нэгэн маргаан байхгүй гэрээ байгуулсан гэдгээ шүүх хуралдааны явцад хүлээн зөвшөөрсөн. Гэрээний үүргээ биелүүлэхгүй бол гэрээгээр тохиролцсоны дагуу алдангитай дүнгээр нэхэмжлэх болохыг албан бичгээр удаа дараа мэдэгдсэн боловч Хариуцагч тал ямар нэгэн байдлаар хариу тайлбар хүргүүлээгүй нь бидний тавьсан шаардлагыг хүлээн зөвшөөрсөн гэж үзэж байна.

4.2. Хариуцагч тал "Захиалгаар бетон зуурмаг нийлүүлэх гэрээ"-г хавтаст хэрэгт авагдаагүй тал дээр ямар нэгэн маргаан гаргаагүй алдангийг багасган эвлэрэх талаар ярилцаж байхад шүүгчийн зүгээс хавтас хэрэгт гэрээ авагдаагүй нотлох баримт дутуу байна гэснээр хариуцагч талаас эвлэрэх саналаа цуцласан нь манай байгууллагын алданги авах эрхийг алдагдуулсан гэж үзэж байна.

4.3. "Захиалгаар бетон зуурмаг нийлүүлэх гэрээ-ний 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцоход гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч байгаа тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагчаас 90,186,000 төгрөгийн алданги нэхэмжилсэн ба нэхэмжилсэн нийт алдангийг хэрэгсэхгүй болгосон нь нэхэмжлэгч талын алданги шаардах эрхийг хязгаарласан гэж үзэж байгаа тул Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 183/ШШ2023/01435 дугаар шийдвэрийн холбогдох хэсгийг хүчингүй болгож хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд хариуцагч тайлбар гаргаагүй болно.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэхэд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаж байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т зааснаар шийдвэрийг хэвээр үлдээв.

2. Нэхэмжлэгч Финикс конкрит ХХК нь хариуцагч Эйч И дрийм хаус ХХК-д холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 270,558,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч 180,372,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, харин алданги 90,186,000 төгрөгийг эс зөвшөөрч маргажээ.

 

3. Анхан шатны шүүх хэргийн баримт, зохигчдын тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасны дагуу үнэлж, дараах үйл баримтыг зөв тогтоожээ. Үүнд:

3.1. Талууд 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр бетон зуурмаг нийлүүлэхээр тохиролцож, нэхэмжлэгч Финикс конкрит ХХК нь 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр 126,896,000 төгрөгийн, 2021 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр 63,476,000 төгрөгийн үнэ бүхий бетон зуурмаг нийлүүлжээ. /хх. 1-2, 54-55 дугаар тал/

3.2. Хариуцагч Эйч И дрийм хаус ХХК нь 10,000,000 төгрөг төлсөн, гэрээний үлдэгдэл төлбөр 180,372,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч маргаагүй. /хх. 54-55 дугаар тал/

 

4. Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа гэж зөв тодорхойлж, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар үндэслэл бүхий дүгнэлтийг хийжээ.

5. Талуудын маргааны зүйл нь хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон алданги 90,186,000 төгрөг нь маргааны зүйл болжээ.

5.1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 183/ТМ2023/02450 дугаар тэмдэглэлд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ...Гэрээг бичгээр байгуулаад гарын үсэг, тамгаар баталгаажсан. Харин хавтаст хэрэгт өгсөн гэж бодсон боловч өгөөгүй байна гэж, хариуцагч нь ...гэрээ байгуулсан эсэхэд маргахгүй. Хүлээн зөвшөөрч байна гэх агуулгатай тайлбарыг тус тус гаргажээ. /1хх. 55/

Шүүх хуралдааны явцад талууд гэрээ байгуулсан талаар маргаагүй үйл баримт нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасан анзын гэрээг бичгээр байгуулах хуулийн шаардлага хангасан эсэхийг, мөн хуулийн 232.6 дахь хэсэгт зааснаар анзыг хэдэн хувиар тохирсон эсэх зэрэг үйл баримтыг нотлохгүй. Энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй.

5.2. Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтыг харьцуулан дүгнэж гаргах хуулийн зохицуулалттай бөгөөд нэхэмжлэгч нь 2023 оны 03 дугаар сарын 16-ны өдөр, 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдөр, 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдөр 2023 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр тус тус шүүх хуралдаан хойшилж байх хугацаанд хэргийн материалтай танилцаж, хавтаст хэрэгт авагдаагүй нотлох баримтыг гаргах боломжит хугацаа байсан.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг тодорхойлох гол баримт болох талуудын хооронд байгуулсан гэрээг шүүхэд гаргаагүй тул нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй гэж үзнэ.

5.3. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.7 дахь хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгэгч үүргээ хугацаанд нь биелүүлээгүй тохиолдолд анз төлөхөөр гэрээнд заагаагүй бол үүрэг гүйцэтгүүлэгч анз шаардах эрхгүй тул нэхэмжлэгч нь алданги шаардах эрхгүй талаар анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй. Энэ талаар гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй.

5.4. Хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3 дахь хэсэгт Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ. гэж заажээ.

Хариуцагч нь хуульд заасан хугацаанд хариу тайлбар гаргаагүй боловч шүүх хуралдаанд биечлэн ирж, ...алдангийг зөвшөөрөхгүй талаар илэрхийлсэн байхад шүүх зөвшөөрсөн гэж үзэж, нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж шийдвэрлэх үндэслэлгүй. Энэ талаар гаргасан гомдол үндэслэлгүй.

5.5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдааны тэмдэглэл нь нотолгооны хэрэгсэл болно.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 183/ТМ2023/02450 дугаар тэмдэглэлд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь ...Эвлэрэлд хүрээгүй учраас шүүх хуралдааныг үргэлжлүүлье гэж тайлбар гаргасан атлаа шүүгчээс гэрээ авагдаагүй, нотлох баримт дутуу байна гэснээр хариуцагч эвлэрэх саналаас татгалзсан гэх агуулгатай давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

6. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 183/ШШ2023/01435 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгч талаас төлсөн 608,880 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.  

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Ш.ОЮУНХАНД

  ШҮҮГЧИД  Д.НЯМБАЗАР

 

С.ЭНХБАЯР