Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 183/ШШ2023/01032

 

 

 

 

 

 

2023 оны 4 сарын 03 өдөр Дугаар 183/ШШ2023/01032 Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гончигсумлаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, *** чөлөө **, Засгийн газрын ** байранд байрлах ****ны нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүргийн *** хороо **** чөлөө-71, *** телевизийн байр, 9 давхарт байрлах *** ХХК /РД:2649373/-д холбогдох,

360,067,791.78 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, Г.У,

Хариуцагчийн төлөөлөгч Ч.Э, хариуцагчийн өмгөөлөгч Б.Ц

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Эрдэнэ-Очир нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч *** нь 360,067,791 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Сурагчийн дүрэмт хувцас үйлдвэрлэгч үндэсний үйлдвэрлэлийг дэмжих тухай засгийн газрын 2013 оны ** дугаар тогтоолыг үндэслэн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дүрэмт хувцсыг батлагдсан жишиг загвар, стандартын дагуу үйлдвэрлэх, нийлүүлэх ажлыг улсын хэмжээнд зохион байгуулахад зориулан хөнгөлөлттэй нөхцөл бүхий зээлийг үйлдвэрлэгчдэд дамжуулан зээлдүүлэх үйл ажиллагааг хэрэгжүүлэх зорилгоор 2013 оны 7 дугаар сарын 16-ны өдөр ***, Хөдөлмөрийн яамны хооронд ***, *** дугаар бүхий Дамжуулан зээлдүүлэх гэрээ-г байгуулсан. Гэрээний 4.1-т заасны дагуу Хөдөлмөрийн яам нь өөрийн харьяа газар болох Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас 17 тэрбум төгрөг, жижиг дунд үйлдвэрийг дэмжих сангаас 6 тэрбум төгрөг нийт 23 тэрбум төгрөгийг Монголын оёдлын нэгдсэн холбооны сурагчийн дүрэмт хувцас үйлдвэрлэл төслийн Хаан банкны *** тоот дансанд шилжүүлэх үүргийг хүлээсэн, гэрээний 3.4-т заасны дагуу *** нь сурагчийн дүрэмт хувцас үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдтэй зээлийн гэрээ байгуулж, хэрэгжилтийг хангах, 3.2-т хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан, жижиг дунд үйлдвэрийн хөгжүүлэх сангийн санхүүжилтээр олгосон зээл, зээлийн хүүг гэрээнд заасан хугацаанд бүрэн төлүүлэхийг үйлдвэрлэл эрхлэгчидтэй байгуулах гэрээнд тусгаж, хэрэгжилтийг хангах, мөн гэрээний 2.7-д зээл, зээлийн эргэн төвлөрүүлэх, эрсдэлийг Засгийн газрын өмнө *** бүрэн хариуцаг гэсэн үүргүүдийг хүлээсэн. Үүний дагуу шаардлага хангасан аж ахуйн нэгжүүдтэй Зээлийн гэрээ байгуулж ажилласны нэг нь *** ХХК юм. Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд тусгагдсан Оёдол, нэхмэл, сүлжмэлийн үйлдвэрийн тоног төхөөрөмжийг шинэчлэх, үйлдвэрийн хэмжээг нэмэгдүүлэхэд зээлийн бодлогоор дэмжих, борлуулалтад нь дэмжлэг үзүүлэх бодлогыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Монголын оёдлын нэгдсэн холбоо, ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбооноос санаачлан сурагчийн дүрэмт хувцсыг кластераар үйлдвэрлэх, Монгол ноосон даавуу үйлдвэрлэх төслүүдийг дэмжихийг хүсэж төслөө үйлдвэр, хөдөө аж ахуйн яаманд ирүүлсэн. Хүсэлтийн дагуу эдгээр төсөл нь хэрэгжих боломжтой, дотоодын захиалагч, зах зээл нь баталгаатай гэж үзэн дэмжих зорилгоор Монгол Улсын Засгийн газар 2013 оны 7 дугаар сарын 6-ны өдөр Сурагчийн дүрэмт хувцасны үндэсний үйлдвэрлэлийг дэмжих тухай ** дугаар тогтоолоор Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас 17 тэрбум төгрөг, жижиг дунд үйлдвэрийг дэмжих сангаас 6 тэрбум төгрөг, нийт 23 тэрбум төгрөгийг сурагчийн дүрэмт хувцас үйлдвэрлэл эрхлэгчдэд 2013 онд багтаан эргэн төлөгдөх нөхцөлтэй хөнгөлөлттэй зээл олгох шийдвэр гаргасан бөгөөд сурагчийн дүрэмт хувцасны захиалга, үйлдвэрлэл, нийлүүлэх, зээлийг ашиглах болон эргэн төлөх зэрэг арга хэмжээг засгийн газрыг төлөөлж зохиог байгуулж хэрэгжүүлэх арга хэмжээ авч ажиллахыг Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд, Хөдөлмөрийн сайд, Боловсрол, соёл шинжлэх ухааны сайд нарт даалгасан. Тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам, Хөдөлмөрийн яамны хооронд байгуулсан 2013 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн ***, *** тоот Дамжуулан зээлдүүлэх гэрээний нөхцөлийн дагуу 2013 оны 7 дугаар сарын 24-ны өдөр Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамнаас *** ХХК-д сурагчийн дүрэмт хувцасны нэмэлт иж бүрдэл болох сүлжмэл майк, кардиган үйлдвэрлэх зориулалттай хонины ноосон ээрмэл утас үйлдвэрлэх санхүүжилтэд зориулж 183,000,000 төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг барьцаагүйгээр 2013 оны 7 дугаар сарын 24-ны өдрөөс 11 дүгээр сарын 29-ны өдөр хүртэл хугацаатай, жилийн 7 хувийн хүүтэй нөхцөлөөр олгохоор * дугаар бүхий зээлийн гэрээг байгуулсан. Зээлдэгч тус зээлийн гэрээний 2.2.2-д зээлийг гэрээний хавсралт 2-т заасан хуваарийн дагуу эргэн төлөх, 2.2.11-д зээлийн эрсдэлийг бүрэн хариуцах, 2.2.12-т үндсэн зээл, зээлийн хүүг хугацаанд нь төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн өдөр тутамд нийт зээлийн үлдэгдлээс 0,01 хувиар тооцож алданги төлөх, 3.3-д зээлдэгч тал өөрийн буруутай үйл ажиллагаанаас шалтгаалан үүссэн аливаа зардлыг бүрэн хариуцах гэсэн үүргийг хүлээсэн боловч өнөөдрийг хүртэл зээлдэгч зээлийн эргэн төлөлт байхгүй, үндсэн зээл, хүү, алдангийг төлөхгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, улсыг хохироож байна. Өмнө ***наас зээлдэгчийг төлбөрөө төлж барагдуулах, үлдэгдэл бүтээгдэхүүн, өр авлага, үйлдвэрлэлт, борлуулалтын талаарх мэдээллийг ирүүлэх талаар удаа дараа шаардаж албан бичгээр хүргүүлж байсан боловч ямар ч хариу ирүүлээгүй бөгөөд төрийн дэмжлэг, итгэлийг үл хүндэтгэн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй зээлийн төлбөрийг өнөөдрийг хүртэл огт төлөөгүй байна. 2013-2016 онуудад Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүн өөрчлөгдөх тухайн салбарын чиг үүрэг өөр яамны чиг үүрэгт шилжихэд зээлийн гэрээгээр байгуулсан үүргээ биелүүлж ажиллахыг удаа дараа шаардаж байсан бөгөөд Засгийн газрын 2015 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн хуралдаанаараа Засгийн газрын 2013 оны ** дугаар тогтоолын хэрэгжилтийн асуудлыг хэлэлцэж 23 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг эргэн төлүүлэх ажлыг шуурхай зохион байгуулахыг Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбатад даалгасны дагуу Аж үйлдвэрийн яамны төрийн нарийн бичгийн даргын 2015 оны 4 дүгээр сарын 6-ны өдрийн * тоот тушаалаар Сурагчийн дүрэмт хувцасны үйлдвэрлэл олгосон зээлийн хэрэгжилт, зарцуулалт, эргэн төлөлтөд үнэлэлт дүгнэлт өгөх яамны ажлын хэсэг байгуулагдсан бөгөөд Ажлын хэсгийн бүрэлдэхүүн 2015 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр тус компанид очиж зээлийн төлбөрөө төлөхийг мэдэгдсэн мөн Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны бүтцээр Хөнгөн үйлдвэрийн бодлогын асуудал тус яаманд харьяалах болсны дараа ч төлбөр тооцоо нийлэх, зээлийн эргэн төлөлтөө Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн дансанд төлөхийг удаа дараа шаардаж, мэдэгдсэн боловч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэлгүй, талбар ч ирүүлээгүй өнөөг хүрсэн байгаа тул Зээлийн гэрээний 3.4-т заасны дагуу шүүхэд хандаж шийдвэрлүүлэхээс өөр аргагүйд хүрч байна. Тус зээлийн гэрээ нь байгуулсан өдрөөс эхлэн хүчин төгөлдөр үйлчилж байгаа бөгөөд талууд гэрээний хугацааг сунгаагүй буюу гэрээнд харилцан тохиролцож ямар нэгэн өөрчлөлт оруулаагүй болно. Иймд 2013 оны 7 дугаар сарын 24-ны өдөр ***, *** ХХК-ийн хооронд байгуулсан * тоот зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй *** ХХК-иас үндсэн зээл 183,000,000 төгрөг, зээлийн хүү 117,922,191 төгрөг, алданги 59,145,600 төгрөг, нийт 360,067,791 төгрөг гаргуулж улсыг хохиролгүй болгож өгөхийг хүсье. гэжээ.

Нэхэмжлэгч ***ны итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тухайн үеийн нэрээр Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам болон *** ХХК-ийн хооронд 2013 оны 07 дугаар сарын 24-нд 1/9 зээлийн гэрээ байгуулсан. Тус гэрээгээр 183,000,000 төгрөгийн зээлийг хүүгүйгээр, барьцаагүйгээр авсан, энэ зээл нь төлөгдөөгүй байгаа тул үндсэн зээл 183,000,000 төгрөг, зээлийн хүүнд 117,000,000 төгрөг, алданги 54,000,000 төгрөг нийтдээ 360,000,000 төгрөг гаргаж өгнө үү гэсэн нэхэмжлэл гаргасан. Сурагчийн дүрэмт хувцас үйлдвэрлэх үйлдвэрлэлээ дэмжих тухай 2013 оны ** дугаар тогтоолыг үндэслэн энэхүү ерөнхий боловсролын дүрэмт хувцсыг баталсан жишиг стандартын дагуу үйлдвэрлэх нийлүүлэх ажил улсын хэмжээнд зохион байгуулахад зориулан хөнгөлөлттэй нөхцөлөөр олгох зээлийг үйлдвэрлэгчдэдээ дамжуулан зээлдүүлэх үйл ажиллагааг хэрэгжүүлэх зорилгоор 2013 оны 07 дугаар сарын 16-ний өдөр дамжуулан зээлдүүлэх гэрээ байгуулсан. Энэ гэрээний дагуу хөдөлмөрийн яамны харьяа Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас 17,000,000,000 төгрөг, жижиг дунд үйлдвэрийг дэмжих сангийн 6,000,000,000 төгрөгийн зээл нийтдээ 23,000,000,000 төгрөгийн зээлүүдийг тодорхой аж ахуйн нэгжүүдэд олгосон. Энэхүү гэрээний 3 дугаар зүйлийн 3,4-д үйлдвэр худалдааны яам сурагчдын дүрэмт хувцас үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүддээ зээлийн гэрээ байгуулж хэрэгжилтийг хангах, 3 дугаар зүйлийн 3,2-д хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан, жижиг дунд үйлдвэрийг дэмжих сангаас олгосон зээлийн хүүг гэрээнд заасан хугацаанд бүрэн дүүрэн төлүүлэхийг үйлдвэр эрхлэгчдэд даалгаж хэрэгжилтийг хангах, 2 дугаар зүйлийн 2.7-д зээлийн эргэн төлөлтийг зээлийн эрсдэлийн сан, үйлдвэр худалдааны яам бүрэн хариуцах гэсэн үүргийг хүлээсэн. Үүний дагуу шаардлага хангасан аж ахуйн нэгжүүдтэй зээлийн гэрээ байгуулсны нэг нь *** компани юм. гэжээ.

Хариуцагч *** ХХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Монгол Улсын засгийн газрын 2013 оны ** дугаар тогтоолыг үндэслэн *** болон *** ХХК-ийн хооронд 2013 оны 7 дугаар сарын 24-ны өдрийн * тоот зээлийн гэрээ байгуулж, манай компанид 183,000,000 төгрөгийн зээл олгосон бөгөөд манай компани нь тус санхүүжилтээр * тоот гэрээний 2.2.1-т заасны дагуу гэрээний нэгдүгээр хавсралтаар баталсан нэр бүхий үйлдвэрүүдэд хонины ноосон ээрмэл утсыг үйлдвэрлэн зээлээр нийлүүлэхээр үүрэг хүлээж, энэхүү * тоот гэрээг байгуулсан. Талуудын байгуулсан гэрээний 2.1.5-д заасны дагуу Зээлийн эргэн төлөлтийг Яамны Хаан банк дахь **** тоот дансанд дээрх нэр бүхий үйлдвэрүүд ээрмэл утсаар сурагчийн дүрэмт хувцас болох ноосон цамц, майк үйлдвэрлэж, сурагчдын эцэг эхчүүдээс дүрэмт хувцасны борлуулалтын орлогыг төвлөрүүлж, түүнээс зээл, зээлийн хүүг төлөхөөр гэрээг байгуулан ажиллаж, дүрэмт хувцас төвлөрсөн дансаар борлогдож байх явцад тус дансыг Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамнаас хааж, 2013 оны 8 дугаар сарын 28-ны өдөр манай компанийг оролцуулахгүйгээр хуралдаж үйлдвэрүүд өөр өөрсдийн дансаар борлуулалтаа хийж, утасны төлбөрийг шууд яаманд шилжүүлэн төлөхөөр тохиролцож, манай *** ХХК-ийг зээлээс чөлөөлж, төлбөрөө шууд яаманд төлөхөөр тохиролцсон билээ. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжилж буй 360,067,791 төгрөгийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа болно. 1. Зээлийн хүү болох 117,922,191 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь талуудын байгуулсан * зээлийн гэрээний 1.4-т касны дагуу тус гэрээний хугацаа 2013 оны 7 дугаар сарын 24-ны өдрөөс 2013 оны 11 дүгээр сарын 29-ны өдөр хүртэл хүчинтэй байх бөгөөд үүнээс хойш гэрээг сунгаагүй, талууд харилцан тохиролцож нэмэлт өөрчлөлт оруулаагүй гэдгийг нэхэмжлэгч ч нэхэмжлэлдээ дурдсан байна. Иргэний хуулийн 282.3-д хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана. гэж заасан бөгөөд Зээлийн гэрээг дөрвөн сарын хугацаагаар байгуулсан уг хугацаанд хүү төлөхөөр харилцан тохиролцсон, гэрээний хугацааг сунгаагүй болно. Иймээс гэрээний хугацаанаас хэтэрсэн хүүг төлөх хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. 2. * тоот зээлийн гэрээний 2.1.11-т Үндсэн зээл, зээлийн хүүг хугацаанд нь төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд нийт зээлийн үлдэгдлээс 0,01 хувиар тооцож алданги төлүүлэх-ээр заасан ба уг зээлийн гэрээний хавсралт 2-т зээлийн эргэн төлөлтийн хуваарь хэсэгт заасны дагуу *** ХХК нь ээрмэл утсыг үйлдвэрлэн нэр бүхий үйлдвэрүүдэд гэрээнд заасан хугацаанд олгосноор зээл, зээлийн хүүг төлж дуусгавар болсон. Харин яам төвлөрсөн дансаа хүчингүй болгож нэр бүхий үйлдвэрүүд нь өдийн хүртэл төлбөрөө төлөөгүй байгаа тул манай *** ХХК нь хугацаа хэтрүүлсэн гэж үзэх үндэслэл байхгүй болно. Иймд манай компаниас нэхэмжилж буй үндсэн зээл болон зээлийн хүү болох 117,922,191 төгрөг, алданги 59,145,600 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй болно. Тус зээлээр манай компани утас хийгээд нийлүүлэгч компаниудад нийлүүлсэн. Харин тэр төлбөрийг нийлүүлэгч компаниуд хийгээгүй байна.

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэний хуульд зааснаар алдангиас чөлөөлж өгөөч гэх хүсэлтэй байна. Алданги төлөх үндэслэлгүй гэдэг нь дараах зүйлээр нотлогдож байна. Зээлдүүлэгч тал ямар үүрэг хүлээсэн бэ гэхээр төслийн нэгж байгуулаад хяналт тавих үүрэгтэй, оёдлын нэгдсэн холбооны дэргэдэх дансанд төвлөрүүлэх гэрээнд зааснаар зээлдүүлэгч талын эрх үүрэгт хамааруулсан. Энэ үүргээ хэрэгжүүлээгүй. Гэрээний дагуу *** ХХК дээр төлбөр төвлөрөх ямар ч боломж байгаагүй байдаг. Тиймээс үндсэн нэхэмжлэлийн үнийн дүнгээс гэрээнд зааснаас илүү хугацаагаар тооцож байгаа хүү болон алдангийг хасаж, үлдэгдэл төлбөрийг хангуулж өгнө үү. гэв.

Нэхэмжлэгчээс *** ХХК-ийн үндсэн зээлийн нарийвчилсан тооцоо, итгэмжлэл, 2013 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн * тоот зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, ээрэх үйлдвэрүүдийн ээрмэл утас нийлүүлэх график, 2013 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн Дамжуулан зээлдүүлэх гэрээ, Монгол Улсын засгийн газрын хуралдааны тэмдэглэл, Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дүрэмт хувцасны үйлдвэрлэлд олгосон зээлийн хэрэгжилтэд хяналт шалгалт хийсэн ажлын тайлан, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын 2017 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн *** дугаартай мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг, Монгол Улсын сангийн яамны Улсын ахлах байцаагчийн 2017 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн *** дугаар албан шаардлага, Оёдлын нэгдсэн холбоо, сурагчдын дүрэмт хувцас төслийн зээл төлөлт, шуудангийн дугтуй, итгэмжлэл,

Хариуцагчаас улсын бүртгэлийн гэрчилгээ, Хан-Уул дүүргийн *** хорооны засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 701 дугаар тодорхойлолт, хариу тайлбар, хурлын тэмдэглэл, Монгол Улсын засгийн газрын 2013 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн ** дугаар тогтоол, Хонины ноосон ээрмэл утас худалдах, худалдан авах гэрээ, зарлагын баримт, орлогын баримт, зарлагын баримт, Мөнгөн пирамид ХХК хүлээн өгсөн утасны тооцоо, зарлагын баримт, 2013 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн НБ,04 дугаартай Хонины ноосон ээрмэл утас худалдах, худалдан авах гэрээ, Аймекс моникс ХХК хүлээлгэн өгсөн утасны тооцоо, зарлагын баримт, 2013 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн *** дугаартай Хонины ноосон ээрмэл утас худалдах, худалдан авах гэрээ, *** дугаартай Хонины ноосон ээрмэл утас худалдах, худалдан авах гэрээ, Хантай хайрхан ХХК хүлээлгэн өгсөн утасны тооцоо, зарлагын баримт, Монголын оёдлын нэгдсэн холбооны **** тоот дансны хуулга, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 102/ШШ20** дугаартай шийдвэрийн хуулбар, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 210/МА20*** дугаартай магадлал, Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 183/ШШ20**** дугаартай шийдвэр, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 31 дугаартай магадлал, Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 001/ХТ20** дугаартай тогтоол, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 183/ШЗ20***дугаартай шүүгчийн захирамж, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 183/ГХ2*** дугаартай шүүхийн гүйцэтгэх хуудас, Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 101/ШЗ20***дугаартай шүүгчийн захирамж, Баянзүрх дүүргийн шүүгчийн 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 101/ГХ20***дугаартай гүйцэтгэх хуудас, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 210/МА20***дугаартай магадлал, Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 101/ШШ20*** дугаартай шүүхийн шийдвэр, *** ХХК-иас **-тай 2013 онд байгуулсан * тоот зээлийн гэрээний дагуу нийлүүлсэн ээрмэл утасны тооцоо, жагсаалт, Нийлүүлсэн утасны төлбөр тооцоог шүүхээр барагдуулахаар нэхэмжилсэн үр дүн, хурлын тэмдэглэл бүхий СD-г нотлох баримтаар нотлох баримтаар шүүхэд ирүүлжээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтууд, зохигчдын тайлбарыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч *** нь хариуцагч *** ХХК-д холбогдуулан 320,067,791 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

1.Шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

2.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: 2013 оны 7 дугаар сарын 16-ны өдөр ***, Хөдөлмөрийн яамны хооронд ***, *** дугаар бүхий Дамжуулан зээлдүүлэх гэрээ-г байгуулсан. Гэрээний 4.1-т заасны дагуу Хөдөлмөрийн яам нь өөрийн харьяа газар болох Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас 17 тэрбум төгрөг, жижиг дунд үйлдвэрийг дэмжих сангаас 6 тэрбум төгрөг нийт 23 тэрбум төгрөгийг Монголын оёдлын нэгдсэн холбооны сурагчийн дүрэмт хувцас үйлдвэрлэл төслийн Хаан банкны *** тоот дансанд шилжүүлэх үүргийг хүлээсэн, гэрээний 3.4-т заасны дагуу *** нь сурагчийн дүрэмт хувцас үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдтэй зээлийн гэрээ байгуулж, хэрэгжилтийг хангах, 3.2-т хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан, жижиг дунд үйлдвэрийн хөгжүүлэх сангийн санхүүжилтээр олгосон зээл, зээлийн хүүг гэрээнд заасан хугацаанд бүрэн төлүүлэхийг үйлдвэрлэл эрхлэгчидтэй байгуулах гэрээнд тусгаж, хэрэгжилтийг хангах, мөн гэрээний 2.7-д зээл, зээлийн эргэн төвлөрүүлэх, эрсдэлийг Засгийн газрын өмнө *** бүрэн хариуцаг гэсэн үүргүүдийг хүлээсэн. *** ХХК-д сурагчийн дүрэмт хувцасны нэмэлт иж бүрдэл болох сүлжмэл майк, кардиган үйлдвэрлэх зориулалттай хонины ноосон ээрмэл утас үйлдвэрлэх санхүүжилтэд зориулж 183,000,000 төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг барьцаагүйгээр 2013 оны 7 дугаар сарын 24-ны өдрөөс 11 дүгээр сарын 29-ны өдөр хүртэл хугацаатай, жилийн 7 хувийн хүүтэй нөхцөлөөр олгохоор * дугаар бүхий зээлийн гэрээг байгуулсан. Зээлдэгч тус зээлийн гэрээний 2.2.2-д зээлийг гэрээний хавсралт 2-т заасан хуваарийн дагуу эргэн төлөх, 2.2.11-д зээлийн эрсдэлийг бүрэн хариуцах, 2.2.12-т үндсэн зээл, зээлийн хүүг хугацаанд нь төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн өдөр тутамд нийт зээлийн үлдэгдлээс 0,01 хувиар тооцож алданги төлөх, 3.3-д зээлдэгч тал өөрийн буруутай үйл ажиллагаанаас шалтгаалан үүссэн аливаа зардлыг бүрэн хариуцах гэсэн үүргийг хүлээсэн боловч өнөөдрийг хүртэл зээлдэгч зээлийн эргэн төлөлт байхгүй, үндсэн зээл, хүү, алдангийг төлөхгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй. Иймд 2013 оны 7 дугаар сарын 24-ны өдөр ***, *** ХХК-ийн хооронд байгуулсан * тоот зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй *** ХХК-иас үндсэн зээл 183,000,000 төгрөг, зээлийн хүү 117,922,191 төгрөг, алданги 59,145,600 төгрөг, нийт 360,067,791 төгрөг гаргуулж улсыг хохиролгүй болгож өгөхийг хүсье. гэжээ.

3.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн: Талуудын байгуулсан гэрээний 2.1.5-д заасан эргэн төлөлтийг хийх Хаан банк дахь **** тоот дансыг хариуцагчаас хааж, 2018 оны 8 дугаар сарын 28-ны өдөр хүртэл манай компанийг оролцуулахгүйгээр үйлдвэрүүд өөр өөрсдийн дансаар төлбөрийг шууд яаманд шилжүүлэн төлөхөөр тохиролцсон. *** ХХК-ийг зээлээс чөлөөлж, төлбөрөө шууд яаманд төлөхөөр тохиролцсон. * тоот зээлийн гэрээний 1.4-т заасны дагуу тус гэрээний хугацаа нь 2013 оны 07 дугаар сарын 24-ны өдрөөс 2013 оны 11 дүгээр сарын 29-ны өдрийг хүртэл хүчинтэй байх тул гэрээний хугацааг төлөх хууль зүйн үндэслэлгүй. Нэхэмжлэгч нь төвлөрсөн дансаа хүчингүй болгож нэр бүхий үйлдвэрүүд нь өдий хүртэл төлбөрөө төлөөгүй байгаа тул манай компанийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэх үндэслэл байхгүй болно. Тус зээлээр манай компани утас хийгээд нийлүүлэгч компаниудад нийлүүлсэн. Харин тэр төлбөрийг нийлүүлэгч компаниуд хийгээгүй байна. гэжээ.

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

Нэхэмжлэгч *** болон *** ХХК нар нь 2013 оны 7 дугаар сарын 24-ны өдөр * тоот зээлийн гэрээг байгуулж, тус гэрээгээр *** ХХК-д сурагчийн дүрэмт хувцасны нэмэлт иж бүрдэл болох сүлжмэл майк, кардиган үйлдвэрлэх зориулалтаар хонины ноосон ээрмэл утас үйлдвэрлэх санхүүжилтэд 183,000,000 төгрөгийг жилийн 7 хувийн хүүтэй олгох, хариуцагч *** ХХК-иас уг зээлийн төлбөрийг 2013 оны 11 дүгээр сарын 29-ны өдрийн дотор буцаан төлөх үүргийг тус тус хүлээжээ.

5.Талуудын хооронд байгуулагдсан гэрээ хүчин төгөлдөр болох, гэрээгээр тохиролцсон зээлийн хэмжээ, тус зээлийг хариуцагчид шилжүүлсэн эсэх, зээлийн төлбөрийг эргэн төлөөгүй болох зэрэг үйл баримтын талаар талууд маргаагүй.

Харин хариуцагчаас зээлийн гэрээний дагуу тооцсон хүү, алданги 177,067,791 төгрөгийг эс зөвшөөрч маргаж байна.

Шүүх дээрх * тоот гэрээг хуульд заасан үндэслэл журмын дагуу, хуулиар тогтоосон шаардлагыг хангасан, эрх зүйн харилцааны хувьд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээ байгуулагдсан гэж дүгнэв.

Талуудын хооронд байгуулагдсан 2013 оны 7 дугаар сарын 24-ны өдрийн * тоот зээлийн гэрээний 1.4-д гэрээний хугацааг 2013 оны 7 дугаар сарын 24-ний өдрөөс 2013 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэлх хугацаатай байгуулахаар заажээ.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 282.1-д Нэг удаагийн шинжтэй, эсхүл ашиг олох зорилгогүй зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно. гэж, 282.3-д Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана. гэж тус тус заасан байх ба зээлдэгч нь гагцхүү зээлийн гэрээнд заасан хугацааны хүүг шаардах эрхтэй.

Иймд нэхэмжлэгч *** нь гэрээнд заасан зээлийн хугацаа болох 2013 оны 7 дугаар сарын 24-ний өдрөөс 2013 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэлх хугацааны зээлийн хүүг хариуцагч *** ХХК-иас шаардах эрхтэй байна.

Гэрээний хугацаанд тооцсон зээлийн хүү 4,545,852 төгрөгийг хариуцагчаас төлөхийг хүлээн зөвшөөрсөн.

Харин зээлийн хугацаа дууссан өдрөөс хойш тооцсон зээлийн хүү болох 113,376,339 төгрөгийг шаардах эрх нэхэмжлэгчид үүсэхгүй.

6.Хариуцагчаас дүрэмт хувцасны орлогыг шилжүүлэхээр талууд тохиролцсон Хаан банкны **** тоот дансанд төвлөрүүлэхээр гэрээний 2.1.5-д заасан боловч нэхэмжлэгчээс тус дансыг хаалгасан нь гэрээний төлбөрийг нэгдсэн байдлаар төлөхөд саад болсон гэж тайлбарлаж байна.

Нэхэмжлэгчээс данс хаалгасан ч гэсэн нэхэмжлэгчид төлбөрийг төлөх замаар үүргээ биелүүлэх боломжтой байсан гэх үндэслэлээр мэтгэлцсэн.

Талуудын байгуулсан зээлийн гэрээний оролцогч нар өөрчлөгдөөгүй, нэхэмжлэгч талаас гэрээний үүргээ биелүүлэхийг шаардаж байсан зэрэг үйл баримтаас дүгнэвэл хариуцагч *** ХХК нь зээлийн төлбөрийг нэхэмжлэгчид төлөх боломжтой байсан байна.

Талуудын байгуулсан 2013 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн * дугаартай гэрээний 2.1.11-д үндсэн зээл, зээлийн хүүг хугацаанд нь төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн өдөр тутамд нийт зээлийн үлдэгдлээс 0,01 хувиар тооцож алданги төлөх үүргийг зээлдэгч хүлээсэн.

Гэвч тус гэрээний 2.1.5-д Дүрэмт хувцасны борлуулалтын орлогыг зөвхөн оёдлын нэгдсэн холбооны дэргэдэх сурагчийн дүрэмт хувцас үйлдвэрлэл төсөл-ийн Хаан банкны **** тоот дансанд төвлөрүүлж, түүнээс үндсэн зээл, зээлийн хүүг холбогдох сангуудын дансанд шилжүүлнэ. гэж заасан бөгөөд тус **** тоот дансыг нэхэмжлэгчийн зүгээс хаасан нь хариуцагч зээлийг ямар дансанд төлөх, төлсөн төлбөрөөс зээлийн хүү, алдангийг хэрхэн тооцох нь тодорхойгүй болжээ.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн данс хаасан дээрх үйлдлээс шалтгаалан хариуцагчийн төлөх алдангийг тооцох боломжгүй болжээ. Иймд нэхэмжлэгчээс гэрээний үүргийн алдангид 59,145,600 төгрөг гаргуулах үндэслэлгүй.

7.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа *** болон Хөдөлмөрийн яамны хооронд 2013 оны 7 дугаар сарын 16-ны өдөр байгуулсан Дамжуулан зээлдүүлэх гэрээний 2.7-д Зээл, зээлийн хүүг эргэн төвлөрүүлэх, зээлийн эрсдэлийг *** бүрэн хариуцна. гэж, 3.2-д *** нь зээл зээлийн хүүг гэрээнд заасан хугацаанд бүрэн төлүүлэхийг үйлдвэрлэл эрхлэгчидтэй байгуулах гэрээнд тусгаж, хэрэгжилтийг хангахаар заасан тул зээлийг эргэн төлөхийг шаардаж байгаа гэж тайлбарлаж байна.

Дээрх Дамжуулан зээлдүүлэх гэрээний 2.7, 3.2 дахь заалтууд нь зээл, зээлийн хүүг эргэн төвлөрүүлэх, хэрэгжилтийг хангах, хяналт тавих ажлыг *** хариуцах, зээлийн эрсдэл гарсан тохиолдолд *** хариуцахаар зохицуулсан байна. Өөрөөр хэлбэл хариуцагч *** ХХК-д тус гэрээгээр үүрэг хүлээлгээгүй.

Нэхэмжлэгч нь дээрх чиг үүргээ хууль тогтоомжид нийцүүлэн хэрэгжүүлэх бөгөөд хариуцагч *** ХХК-тай байгуулаагүй Дамжуулан зээлдүүлэх тухай гэрээг үндэслэн өөр гэрээ болох * тоот зээлийн гэрээний үүргийг хариуцагчаас шаардаж байгаа нь үндэслэлгүй.

Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбар үндэслэл бүхий болоогүй.

Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгч ***ны нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, хариуцагч *** ХХК-иас 187,545,852 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, үлдэх 1*,521,939 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 1,095,679 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулахаар шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 181 дүгээр зүйлийн 181.1-д зааснаар хариуцагч *** ХХК-иас 187,545,852 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ***д олгож, үлдэх 1*,521,939 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 1,095,679 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 1*** зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ Б.ГОНЧИГСУМЛАА