Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2023/01353

 

2023 07 05 210/МА2023/01353

 

 

Х -ны

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр даргалж, шүүгч М.Баясгалан, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 сарын 03-ны өдрийн 183/ШШ2023/01032 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Х ны нэхэмжлэлтэй, хариуцагч М ХХК-д холбогдох, 360,067,791 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, Г.У, хариуцагчийн төлөөлөгч Ч.Э, хариуцагчийн өмгөөлөгч Б.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.   Нэхэмжлэгч нэхэмжлэл, тайлбартаа: 2013 оны 07 сарын 24-ний өдөр 183,000,000 төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг барьцаагүйгээр 2013 оны 07 сарын 24-ний өдрөөс 11 сарын 29-ний өдрийг хүртэлх хугацаатай, жилийн 7 хувийн хүүтэй нөхцөлөөр олгохоор *** тоот зээлийн гэрээг хариуцагчтай байгуулсан. Зээлдэгч өнөөдрийг үндсэн зээл, хүү, алдангийг төлөхгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй улсыг хохироож байна. Төлбөр тооцоо нийлэх, зээлийн эргэн төлөлтөө Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн дансанд төлөхийг удаа дараа шаардаж, мэдэгдсэн. Талууд гэрээний хугацааг сунгаагүй буюу гэрээнд харилцан тохиролцож ямар нэгэн өөрчлөлт оруулаагүй болно. Иймд М ХХК-аас үндсэн зээл 183,000,000 төгрөг, зээлийн хүү 117,922,191 төгрөг, алданги 59,145,600 төгрөг, нийт 360,067,791 төгрөг гаргуулж улсыг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

 

2.   Хариуцагч хариу тайлбартаа: Монгол Улсын засгийн газрын 2013 оны 250 дугаар тогтоолыг үндэслэн Х болон М ХХК-ийн хооронд 2013 оны 07 сарын 24-ний өдөр *** тоот зээлийн гэрээ байгуулж, 183,000,000 төгрөгийн зээл олгосон. Манай компани тус санхүүжилтээр *** тоот гэрээнд заасны дагуу гэрээний 1-р хавсралтаар баталсан нэр бүхий үйлдвэрүүдэд хонины ноосон ээрмэл утсыг үйлдвэрлэн зээлээр нийлүүлэх үүрэг хүлээсэн. Гэрээний 2.1.5-д заасны дагуу зээлийн эргэн төлөлтийг Яамны Хаан банк дахь *** тоот дансанд дүрэмт хувцасны борлуулалтын орлогыг төвлөрүүлж, түүнээс зээл, зээлийн хүүг төлөхөөр тохирсон. Тус дансыг Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамнаас хааж, 2013 оны 08 сарын 28-ны өдөр манай компанийг оролцуулахгүйгээр хуралдаж, үйлдвэрүүд өөр өөрсдийн дансаар борлуулалтаа хийж, утасны төлбөрийг шууд яаманд шилжүүлэн төлөх, М ХХК-ийг зээлээс чөлөөлөх, төлбөрөө шууд яаманд төлөхөөр тохиролцсон. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжилж буй 360,067,791 төгрөгийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Мөн зээлийн хүү 117,922,191 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь, талуудын байгуулсан *** зээлийн гэрээний 1.4-т заасны дагуу тус гэрээний хугацаа 2013 оны 07 сарын 24-ний өдрөөс 2013 оны 11 сарын 29-ний өдөр хүртэл хүчинтэй бөгөөд үүнээс хойш гэрээг сунгаагүй. Иймд гэрээний хугацаанаас хэтэрсэн хүүг төлөх хууль зүйн үндэслэлгүй. М ХХК ээрмэл утсыг үйлдвэрлэн нэр бүхий үйлдвэрүүдэд гэрээнд заасан хугацаанд олгосноор зээл, зээлийн хүүг төлж дуусгавар болсон. Харин яам төвлөрсөн дансаа хүчингүй болгож, нэр бүхий үйлдвэрүүд өдийг хүртэл төлбөрөө төлөөгүй байгаа тул М ХХК-ийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлгүй. Иймд үндсэн нэхэмжлэлийн үнийн дүнгээс гэрээнд зааснаас илүү хугацаагаар тооцож байгаа хүү болон алдангийг хасаж, үлдэгдэл төлбөрийг хангуулж өгнө үү гэжээ.

 

3.   Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 181 дүгээр зүйлийн 181.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч М ХХК-аас 187,545,852 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Х д олгож, үлдэх 172,521,939 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 1,095,679 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

4.   Нэхэмжлэгч тал давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

4.1. 2013 оны 07 сарын 24-ний өдрийн *** дугаар бүхий зээлийн гэрээний 2.2.11-т Зээлийг зориулалтын дагуу ашиглах, буцаан төлөхөд зориулсан даатгалд хамрагдаж, зээлийн эрсдэлийг бүрэн хариуцах, 2.2.12-т Үндсэн зээл, зээлийн хүүг хугацаанд нь төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн өдөр тутамд нийт зээлийн үлдэгдлээс 0.01 хувиар тооцож алданги төлөх" үүрэг хүлээсэн байхад анхан шатны шүүх энэ талаар дүгнэлт хийгээгүй.

4.2. Мөн ...тус *** тоот дансыг нэхэмжлэгчийн зүгээс хаасан нь хариуцагч зээлийг ямар дансанд төлөх, төлсөн төлбөрөөс зээлийн хүү, алдангийг хэрхэн тооцох нь тодорхойгүй болжээ... гэж дүгнэн хүү болон алдангид нэхэмжилсэн 172,521,939 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

5.   Хариуцагч тал давж заалдах гомдолд гаргасан хариу тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийдвэрийн хууль зүйн үндэслэлийг дэмжиж байна. М ХХК ээрмэл утсыг нийлүүлсэн бөгөөд бусад компаниуд төвлөрсөн дансанд борлуулалтын орлогоо төвлөрүүлэх замаар зээл төлөгдөх байсан. Төвлөрсөн дансыг хааснаар энэ зарчим алдагдаж, зээлийг хэрхэн төлөх бусад компаниудаас зээлийг хэрхэн эгүүлэн авах нөхцөл байдал тодорхойгүй болсон. Иймд М ХХК бусад оёдлын компаниудад холбогдуулан төлбөр нэхэмжилсэн ба нэхэмжлэлийн заримыг хангаж шийдвэрлэсэн тул энэ төлбөрүүдээс үндсэн зээл болон хүүгийн төлбөрийг хүлээн зөвшөөрдөг. М ХХК ажлаа хийсэн байхад хүү, алданги нэхэмжилсэн. Х төвлөрсөн дансаа хаасан тул бусад компаниудаас мөнгийг олж өгөхөөр шүүхэд хандсан. Манай компани гэрээний хугацааны хүүг төлөхөөр зөвшөөрдөг. Х бодлогын газар атлаа ажлаа хийсэн компаниас банкны мэт алданги нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1.   Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэхэд нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах үндэслэл тогтоогдсон тул шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2.   Нэхэмжлэгч Х нь хариуцагч М ХХК-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 183,000,000 төгрөг, зээлийн хүү 117,922,191 төгрөг, алданги 59,145,600 төгрөг, нийт 360,067,791 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ. /хх 1-4/

Хариуцагч М ХХК нь хэтэрсэн хугацааны хүү, алдангийг эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ ...зээлийн гэрээг 2013 оны 07 сарын 24-ний өдрөөс 2013 оны 11 сарын 29-ний өдөр хүртэлх хугацаатай байгуулсан, үүнээс хойш хугацааг сунгаагүй, мөн нэхэмжлэгч нь төвлөрсөн дансаа хаасан, нэр бүхий үйлдвэрүүд төлбөрөө төлөөгүй учир хариуцагчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй... гэсэн агуулгаар тайлбарлан маргажээ. /хх 64-65/

 

3.   Талууд 2013 оны 07 сарын 24-ний өдөр *** тоот Зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам нь /тухайн үеийн нэрээр/ 183,000,000 төгрөгийг жилийн 7 хувийн хүүтэйгээр 2013 оны 07 сарын 24-ний өдрөөс 2013 оны 11 сарын 29-ний өдөр хүртэл хугацаатай зээлдүүлэх, М ХХК нь зээлийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөх, ийнхүү төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутам 0,01 хувиар тооцож алданги төлөх нөхцөлийг тус тус харилцан тохиролцсон байна. /хх 8-14/

Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа гэж зөв тодорхойлж, зээлдүүлэгч зээлийн мөнгөн хөрөнгийг олгосон, зээлдэгч зээлийг эргэн төлөөгүй үйл баримтыг зөв тогтоожээ.

 

4.   Иймд хариуцагч М ХХК-аас үндсэн зээл 183,000,000 төгрөг, гэрээний хугацааны хүү 4,492,273 төгрөг, алданги 59,145,600 төгрөг, нийт 246,637,873 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1 /2022 оны 11 сарын 04-ний өдрийн өөрчлөлтөөс өмнөх зохицуулалт/, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсгийн зохицуулалтад тус тус нийцнэ. Тодруулбал:

4.1. Хариуцагч нь зээлийн мөнгөн хөрөнгө 183,000,000 төгрөгийг хүлээн авсан боловч эгүүлэн төлөөгүй байх тул уг дүнг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсгийн зохицуулалтад нийцнэ.

4.2. Талууд зээлийн гэрээгээр хүү тохирсон байх тул зээлийн гэрээний хугацааны хүүг нэхэмжлэгч Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт /2022 оны 11 сарын 04-ний өдрийн өөрчлөлтөөс өмнөх зохицуулалт/ заасны дагуу хариуцагчаас шаардах эрхтэй. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт 2022 оны 11 сарын 04-ний өдөр орсон өөрчлөлтийг тайлбарлан хэрэглэсэн алдаа гаргажээ. Гэрээ байгуулагдах үед уг өөрчлөлт хуульд ороогүй байсан тул өмнөх зохицуулалтыг тайлбарлаж хэрэглэх нь зүйд нийцнэ.

Нэхэмжлэгч нь зээлийн гэрээний хугацааны хүү гэж 4,492,273 төгрөг шаардсан байхад анхан шатны шүүх хариуцагчаас 4,545,852 төгрөг гаргуулсан нь буруу. Иймд нэхэмжлэгчийн шаардсан хэмжээ буюу 4,492,273 төгрөгийн зээлийн хүүгийн төлбөрийг хариуцагчаас гаргуулна.

4.3. Талууд зээлийн гэрээний хугацааг сунгаагүй учир нэхэмжлэгч нь хэтэрсэн хугацааны хүүг шаардах эрхгүй. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсгийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэгчийн гаргасан холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй.

Энэ талаарх нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.

4.4. Талууд зээлийн гэрээгээр тохиролцсон байх тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас алданги шаардах эрхтэй.

Анхан шатны шүүх ...нэхэмжлэгчийн данс хаасан дээрх үйлдлээс шалтгаалан хариуцагчийн төлөх алдангийг тооцох боломжгүй болжээ... гэж дүгнэн нэхэмжлэгчийн шаардсан 59,145,600 төгрөгийн алдангийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл муутай болжээ.

Учир нь, зээлийн эргэн төлөлтийн дансыг хаасан нөхцөл байдал нь хууль, гэрээнд заасан алдангийг тооцохгүй байх үндэслэл болохгүй. Мөн зээлдүүлэгч нь тодорхой байршил, хаяг бүхий төрийн байгууллага байх тул зээлдэгч нь түүнээс лавлах замаар зээлийн эргэн төлөлтийн үүргээ гүйцэтгэх боломжтой байсан гэж үзнэ.

Зээлийн гэрээний дагуу алданги тооцоход 183,000,000 х 0,01% х 3,360 хоног = 61,488,000 төгрөг болж байх боловч нэхэмжлэгч нь 59,145,600 төгрөгийн алданги шаардсан тул уг дүнг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь талуудын зарчимд нийцнэ.

5.   Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа гэж зөв тодорхойлсон атлаа Иргэний хуулийн 181 дүгээр зүйлийн 181.1 дэх хэсэг буюу ипотекийн шаардах эрх бүхий үүрэг гүйцэтгүүлэгчийн өргөдлийг үндэслэн эрх бүхий этгээдийг томилох зохицуулалтыг шийдвэрийнхээ тогтоох хэсэгт баримталсан алдаа гаргасныг дурдах нь зүйтэй.

 

6.   Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулж, нэхэмжлэгч талаас гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 сарын 03-ны өдрийн 183/ШШ2023/01032 дугаар шийдвэрийн

тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч М ХХК-аас 246,637,873 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х -д олгож, үлдэх 113,429,918 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөн найруулж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтад ...1,095,679 төгрөгийг... гэснийг ...1,391,139 төгрөгийг... гэж өөрчилж,

шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.

 

2.   Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч нь давж заалдах гомдолд төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

4.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХБАЯР

ШҮҮГЧИД М.БАЯСГАЛАН

Д.НЯМБАЗАР