Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 183/ШШ2023/01676

 


2023 оны 05 сарын 19 өдөр

 

 

 

Дугаар 183/ШШ2023/01676

 

 

 

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Н............хаягт оршин суух, О овогт Н-гийн О /РД:000000-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүрэг,00000000000хаягт оршин суух, Эовогт Б-ын Б /РД:00000000/-т холбогдох,

Түрээсийн гэрээний үүрэгт 10.283.387 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Алтангэрэл, хариуцагч Б.Баатар, нарийн бичгийн дарга Б.Болорчимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Н.Ог нь өөрийн өмчлөлийн Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, 40/0 мянгат энхтайваны өргөн чөлөө гудамж, 49 дүгээр байр, 10 тоот хаягт байрлах орон сууцыг Б.рт 2020 оны 9 дүгээр сарын 12-ны өдрөөс 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл 6 сарын хугацаатай хөлслүүлэх гэрээ байгуулсан. Орон сууц хөлслөгч Б.Б нь гэрээний хугацаа дуусах үед тухайн орон сууцыг худалдаж авах санал тавьсан. Ингээд Б.Баатар нь мөнгө одоохон бүтнэ дансныхаа дугаарыг явуулаарай, танай байрыг худалдаж авна гэж худал хэлж явсаар 2021 оны 8 сар хүрсэн. 2021 оны 8 дугаар сарын 22-ны өдөр нэхэмжлэгч нь гадаадаас монгол улсад ирэхээр болсон тул Б.Бт хандаж та худалдаж авна гэж явсаар өнөөдрийг хүрлээ одоо орон сууцаа чөлөөлөх үү би очоод очих газаргүй байна гэж хэлэхэд Б.Б нь би худалдаж авна санаа зоволтгүй та зочид буудалд байрлачих би төлбөрийг нь төлье гэдэг санал тавьсан. Харин нэхэмжлэгч Н.О нь би 14 хоноод буцна та энэ хугацаанд мөнгөө амжуулаад худалдаж аваарай хэрэв энэ хугацаанд амжихгүй бол би танд худалдахгүй гэдгээ илэрхийлсэн. Нэхэмжлэгч нь Монгол улсад ирэхдээ зочид буудалд 2021 оны 8 дугаар сарын 21-ний өдрөөс 2021 оны 9 дүгээр сарын 8-ны өдрийг хүртэл 18 хоног байрласан. Уг зочид буудлын 18 хоногийн төлбөр 5.176.887 төгрөг болсон. Ингээд нэхэмжлэгч нь буцаад гадаад руу явах болоход хариуцагч орон сууц худалдаж авах мөнгөө олоогүй, сүүлийн нэг сарын орон сууцны хөлсийг төлөөгүй байсан тул худалдах, худалдан авах гэрээ байгуулахаас татгалзаж Б.Б-ыг орон сууцнаас гаргасан. Гэтэл хариуцагч нь орон сууцанд байсан ус цэвэршүүлэгч, интернетийн төхөөрөмж, зурагтны удирдлага, шкафны өлгүүр гэх эд хогшлуудыг алга болгож бусад үлдсэнг тавилгуудыг устгаж гэмтээсэн. Эдгээр хөрөнгүүдийг дахин засварлан сэргээхэд нийт 3.351.300 төгрөгийн зардал гарахаар байна. Хөрөнгийн үнэлгээ хийхэд 185.000 төгрөгийг зарцуулсан. Хариуцагчийн хариуцлагагүй байдлын улмаас нэхэмжлэгчид учирсан хохирол болох зочид буудлын түрээс 5.176.887 төгрөг, эд хөрөнгө сэргээн засварлах зардал 3.351.300 төгрөг, хохирлын үнэлгээний тайлан гаргуулсан зардал 185.000 төгрөг орон сууц хөлслүүлсний сүүлийн нэг сарын төлбөр 1.500.000 төгрөг хариуцагчийг эрэн сурвалжлуулахад төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг, нийт 10.283.387 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.

 

2. Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай 2 хүүхэд маань 23 дугаар сургуульд суралцдаг учраас ойрхон байр түрээслэсэн. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа шалтгаан бол нэхэмжлэгч нь надад сэтгэл санааны хохирол учруулсан, шөнө оройн цагаар хөөж гаргасан. Мөн нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага дээр гэрийн эд хогшил зэргийг авч явсан гэж бичсэн байдаг. Миний хувьд хүний юмыг огт авагаүй. Ус цэвэршүүлэгчийг авч зуслангйин байран дээрээ тавьсан буцаагаад өгсөн. Интернетийн төхөөрөмж, телевизорын удирдлага, шкафны бариул зэргийг ачилтын компани авсан гэхдээ маргааш өглөө нь аваачиж өгсөн байдаг. Анх байранд ороход эд хөрөнгө хүлээлцсэн акт байхгүй. Тэгээд би хоёр хүүхдээ уг байранд суулгасан. Би өөрөө ирж очино байдаг. Мөн эд хогшил тавиур эвдсэн гэж байгаа боловч юун дээр үндэслэж нэхэмжлээд байгааг нь ойлгохгүй байна. Сүүлд хоёр хүүхдийнхээ хувцасыг авахдаа очиход тавиур, угаалгын машин нь анх ямар байсан хэвэндээ байсан. Тэрнээс эвдэж сүйтгэсэн зүйл огт байхгүй. Үнэлгээний компани нь юун дээр үндэслэж үнэлгээ гаргаж байгааг нь ойлгохгүй байна. Миний хувьд уг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, хариуцах үндэслэл байхгүй. Хоёрдугаарт түрээсийн төлбөрийн хувьд нэг сарын төлбөр асуудал байгаа. Өөрсдөө болохоор нэг түрээслэнэ гээд дараа нь зарна гээд тэгснээ 30 минутын дараа өөр хүн авахаар боллоо гээд барьцгүй зүйл яриад байдаг. Зочид буудлын төлбөрийн хувьд нэхэмжлэгч өөрөө өөр ажлаар ирсэн байдаг. Миний хувьд хоорондоо харилцаж байсан харилцан яриа нотлох баримтын нотолгоо болохгүй. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарлаж байгаагаар гэмт хэргийн харилцаа үүсээгүй гэж үзэж байна. Намайг тухайн зочид буудлын өрөөний төлбөрийг төлнө гэсэн ямар ч бичгийн баримт байхүй байна. Төлөхөөр илэрхийлж байна гэдгээр үүрэг үүсгэж болохгүй. Мөн нэхэмжлэгч нь надтай маш бүдүүлэг харьцсан мөн хүүхдүүдийн утасны дугаарыг олж авч хүүхдүүд рүү ярьж сэтгэл зүйн дарамт үзүүлсэн байдаг. Би буудлын түрээсийг төлнө гэж албан ёсоор хэлээгүй, тухайн үед ярилцаж байсан. Гуравдугаарт намайг эрэн сурвалжлуулах шаардлага байхгүй. Би огт утасны дугаараа сольж байгаагүй, надтай огт холбоо барьж байгаагүй гэв.

3. Нэхэмжлэгчээс талаас: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Иргэний үнэмлэхний хуулбар, 2022.07.06-ны өдрийн итгэмжлэл,2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 181/ШШ2022/00000 дүгээр Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр, 2022.08.30-ны өдрийн 0000 дугаар өдрийн Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст, 2021.01.25-ны өдрийн орон сууц хөлслөх гэрээ, Новотел зочид буудлын төлбөр төлсөн баримт,2021.09.08-ны өдрийн Виннэр вэй ХХК-ийн үнэлгээний тайлан, зураг, 2021.09.08-ны өдрийн кассын баримт, мессеж, чат, зураг, 2022.10.25-ны өдрийн 183/ШЗ2022/000дүгээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай захирамж, зэрэг баримтуудыг хуулийн дагуу шаардлага хангуулан гаргаж өгсөн байна.

Хариуцагч талаас: Нотлох баримт гаргаж өгөөгүй.

Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр Ж.Л-ваас гэрчийн мэдүүлэг авч, мөн түүний гар утсанд үзлэг хийсэн болно.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Н.О түрээсийн төлбөр 1.500.000 төгрөг, зочид буудалд байрласан төлбөр 5.176.887 төгрөг, эд хөрөнгө сэргээн засварлах зардал 3.351.300 төгрөг, хохирлын үнэлгээний тайлан гаргуулсан зардал 185.000 төгрөг, хариуцагчийг эрэн сурвалжлуулахад төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг, нийт 10.283.387 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.Б холбогдуулан гаргажээ.

 

Хариуцагч Б.Б нэг сарын түрээсийн төлбөрийг төлөөгүй үнэн, миний хүүхдүүдийн сэтгэл санаад хохирол учруулсан, би зочид буудлын төлбөрийг төлнө гэж хэлээгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

 

Талуудын хооронд 2021.01.25-ны өдөр Чингэлтэй дүүрэг, 3-р хороо, 40, 50 мянгат /15172/ Энхтайваны өргөн чөлөө гудамж, 49 байр 10 тоот, 87,2 м.кв 3 өрөө орон сууцыг 220.09.12-ны өдрөөс 2021.03.12-ны өдрийг хүртэл 6 сарын хугацаатай, нэг сарын 1.500.000 төгрөгөөр хөлслөхөөр тохирч, гэрээ байгуулжээ. /хх-ийн 13 дугаар тал/

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаас 1.500.000 төгрөгийн түрээсийн төлбөр төлөөгүй талаараа маргаагүй, харин байр хөлслөж сууж байхад хүүхдүүдийг хөөж гаргасан, сэтгэл санааны хохирол учруулсан тул энэ төлбөрийг төлөхгүй гэж маргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1-д Орон сууц хөлслөх гэрээгээр хөлслүүлэгч нь сууцны зориулалттай байшин, сууц, орон сууцны өрөөг хөлслөгчийн эзэмшилд шилжүүлэх, хөлслөгч нь хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан бөгөөд нэхэмжлэгч нь төлбөрөө шаардах эрхтэй байна.

 

Орон сууц хөлслөх гэрээний дагуу нэхэмжлэгчийн орон сууцыг хариуцагч нь хөлслөж, түүний төлбөр 1.500.000 төгрөг өгөөгүй, энэ талаар маргаагүй, хүүхдүүдэд сэтгэл санааны хохирол учруулсан тул энэ төлбөрийг төлөхгүй гэх боловч хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй болно.

 

Талуудын хооронд байгуулагдсан орон сууц хөлслөх гэрээний 6.1-д талууд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс үүссэн хохирлыг буруутай тал нь бүрэн хариуцна гэж заасан бөгөөд нэхэмжлэгч нь гадаад улсаас Монгол улсад ирээд 2021.08.21-ий өдрөөс 2021.09.08-ны өдрийг хүртэл 18 хоног зочид буудалд байрласан төлбөр 5.176.887 төгрөг гаргуулахаар шаардсан бөгөөд Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д Гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй гэж хуульчилжээ.

 

Үүнээс үзэхэд нэхэмжлэгч нь Монгол Улсад ирээд Новотел зочид буудалд 2021.08.21-2021.09.08-ны өдөр хүртэл 18 хоног байрласан төлбөр 5.176.887 төгрөг шаардсан бөгөөд хариуцагч нь 2021 оны 8 дугаар сарын 29-ний өдөр орон сууцыг чөлөөлж өгсөн байна.

 

Хариуцагч нь орон сууцыг чөлөөлж өгсөн бол нэхэмжлэгчээс ийм хэмжээний зардал гаргахгүй бөгөөд хариуцагч 2021.08.29-ний өдөр орон сууцыг чөлөөлж өгсөн байх тул шүүх 2021.08.21-2021.09.01 өдөр хүртэлх зочид буудлын 2.850.000 төлбөрийг хариуцагчаас гаргуулж, үлдэх 2.326.887 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч орон сууцны эд хөрөнгийг дахин засварлахад гарах зардал 3.351.300 төгрөг, хариуцагчийн эрэн сурвалжилахад гарсан улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг, хохирлын үнэлгээний тайлан гаргуулахад гарсан зардал 185.000 төгрөг гаргуулахаар шаардсан.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчаас гэрээний үүргээ шаардахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж, улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг төлсөн бөгөөд Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022.01.26-ны өдрийн 181/ШШ2022/0000 шийдвэрээр Б.Б-ыг эрэн сурвалжилж, түүний оршин суугаа хаягийг Цагдаагийн байгууллага олж, тодорхойлсон.

 

Мөн орон сууц хөлслөх гэрээний дагуу тухайн орон сууцанд 2021.09.08-ны өдөр В ХХК Чингэлтэй дүүрэг, 3-р хороо, 40, 50 мянгат /15172/ Энхтайваны өргөн чөлөө гудамж 49-р байр 10 тоот хаягт байрлах орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийн тавилга эд хогшилд 3.351.300 төгрөгийн хохирол учирсан тадаар үнэлгээний тайлан гаргасан. Энэ үнэлгээний тайлан гаргахад нэхэмжлэгч нь 185.000 төгрөг төлсөн болох нь баримтаар тогтоогдож байна.

 

Хариуцагч энэ нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэсэн байгаа талаараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй.

 

Эдгээр үндэслэлээр хариуцагя Б.Баатараас орон сууц хөлслөх гэрээний үнэ 1.500.000 төгрөг, зочид буудлын төлбөр 2.850.000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг, тавилга эд хогшил засварлах үнэ 3.351.300 төгрөг, үнэлгээний тайлангийн үнэ 185.000 төгрөг, нийт 7.956.500 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Н.О-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2.326.887 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1, 227 дугаар зүйлийн 227.1-д зааснаар хариуцагч Б.Б-аас 7.956.500 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Н.О-гт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2.326.887 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 179.484 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Б-аас 142.254 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Н.О-т олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Г.СОЛОНГО