Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 08 сарын 11 өдөр

Дугаар 210/МА2023/01592

 

 

2023 оны 08 сарын 11 өдөр

Дугаар 210/МА2023/01592

 

 

Н.О-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч Ш.Оюунханд, Д.Бямбасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 183/ШШ2023/01676 дугаар шийдвэртэй,

Н.О-ийн нэхэмжлэлтэй

Б.Б-т холбогдох,

10,283,387 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

хариуцагчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Бямбасүрэн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гүррагчаа нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Миний өөрийн өмчлөлийн Чингэлтэй дүүргийн * дугаар хороо, **/* мянгат Энхтайваны өргөн чөлөө гудамж, ** дүгээр байр, ** тоот хаягт байрлах орон сууцыг Б.Б 2020 оны 9 дүгээр сарын 12-ны өдрөөс 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдөр хүртэл 6 сарын хугацаатай орон сууц хөлслөх гэрээ байгуулсан. Б.Б нь гэрээний хугацаа дуусах үед орон сууцыг худалдаж авах санал тавьсан боловч мөнгө одоохон бүтнэ, байрыг худалдаж авна гэж худал хэлсээр байсан.

1.1. Нэхэмжлэгч нь 2021 оны 08 дугаар сарын 22-ны өдөр гадаадаас Монгол Улсад ирэхээр болсон тул Б.Б-т хандаж та худалдаж авна гэсээр өнөөдрийг хүрлээ одоо орон сууцаа чөлөөлөх үү би очоод очих газаргүй байна гэж хэлэхэд тэрээр би худалдаж авна санаа зоволтгүй та зочид буудалд байрлачих би төлбөрийг нь төлье гэх санал тавьсан. Харин нэхэмжлэгч нь би 14 хоноод буцна та энэ хугацаанд мөнгөө амжуулаад худалдаж аваарай хэрэв энэ хугацаанд амжихгүй бол би танд худалдахгүй гэдгээ илэрхийлсэн. Нэхэмжлэгч нь Монгол Улсад ирээд зочид буудалд 2021 оны 08 дугаар сарын 21-ний өдрөөс 2021 оны 09 дүгээр сарын 8-ны өдрийг хүртэл 18 хоног байрласны төлбөр 5,176,887 төгрөг болсон. Ингээд нэхэмжлэгч нь буцах үед хариуцагч орон сууц худалдаж авах мөнгөө олоогүй, сүүлийн нэг сарын орон сууцны хөлсийг төлөөгүй тул худалдах, худалдан авах гэрээ байгуулахаас татгалзаж, Б.Б- ыг орон сууцнаас гаргасан.

1.2. Хариуцагч нь орон сууцанд байсан ус цэвэршүүлэгч, интернетийн төхөөрөмж, зурагтны удирдлага, шкафны өлгүүр гэх эд хогшлуудыг алга болгож, үлдсэнг тавилгуудыг устгаж гэмтээсэн. Эдгээр хөрөнгүүдийг дахин засварлан сэргээхэд нийт 3,351,300 төгрөгийн зардал гарахаар байна. Хөрөнгийн үнэлгээ хийхэд 185,000 төгрөг зарцуулсан байна.

1.3. Хариуцагчийн хариуцлагагүй байдлаас нэхэмжлэгчид учирсан хохирол болох зочид буудлын түрээс 5,176,887 төгрөг, эд хөрөнгө сэргээн засварлах зардал 3,351,300 төгрөг, хохирлын үнэлгээний тайлангийн зардал 185,000 төгрөг, орон сууцны сүүлийн нэг сарын төлбөр 1,500,000 төгрөг, хариуцагчийг эрэн сурвалжлуулахад төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг, нийт 10,283,387 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Манай 2 хүүхэд 23 дугаар сургуульд суралцдаг учраас ойрхон байр түрээслэсэн.

2.1. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагадаа гэрийн эд хогшил зэргийг авч явсан гэж бичсэн байна. Ус цэвэршүүлэгчийг авч, зуслангийн байрандаа тавиад буцаагаад өгсөн. Интернетийн төхөөрөмж, телевизорын удирдлага, шкафны бариул зэргийг ачилтын компани авсан, гэхдээ маргааш өглөө нь аваачиж өгсөн. Анх байранд ороход эд хөрөнгө хүлээлцсэн акт байхгүй. Мөн эд хогшил тавиур эвдсэн гэх боловч юунд үндэслэж нэхэмжилж байгааг нь ойлгохгүй байна. Сүүлд хоёр хүүхдийнхээ хувцасыг авахдаа очиход тавиур, угаалгын машин анх байсан хэвэндээ байсан, эвдэж сүйтгэсэн зүйл байхгүй. Миний бие нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, хариуцах үндэслэл байхгүй.

2.2.Зочид буудлын төлбөрийн хувьд нэхэмжлэгч өөр ажлаар ирсэн байдаг. Намайг тухайн зочид буудлын өрөөний төлбөрийг төлнө гэсэн бичгийн баримт байхгүй. Төлөхөөр илэрхийлж байна гэдгээр үүрэг үүсгэж болохгүй. Мөн нэхэмжлэгч нь надтай маш бүдүүлэг харьцсан мөн хүүхдүүдийн утасны руу ярьж сэтгэл зүйн дарамт үзүүлсэн байдаг. Би буудлын түрээсийг төлнө гэж албан ёсоор хэлээгүй, тухайн үед ярилцаж байсан.

2.3. Намайг эрэн сурвалжлуулах шаардлага байхгүй. Би утасны дугаараа сольж байгаагүй, надтай холбоо барьж байгаагүй гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1, 227 дугаар зүйлийн 227.1-д зааснаар хариуцагч Б.Б-аас 7.956.500 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Н.О-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2.326.887 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 179,484 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Б-аас 142,254 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Н.О-т олгож шийдвэрлэжээ.

4.Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

4.1. Нэхэмжлэгч Н.О нь гадаадад амьдардаг бөгөөд ажлаар 14 хоногийн хугацаатай Монголд ирж, далимд нь байраа зарах эсэх асуудлаа шийдвэрлэх зорилготой гэж түүний хамаатан болох н.Л-тай утсаар ярилцаж, мессеж бичиж зочид буудлын зардал нь хэд болох талаар ярилцаж байсан болохоос би буудлын мөнгийг төлнө гэж анхнаасаа тохиролцоогүй. Иймд зочид буудлыг төлбөр 5,176,887 төгрөгийг төлөх ёсгүй.

4.2. Тухайн байранд анх ороход байрны эд хогшлыг албан ёсоор хүлээлцсэн акт, бичиг баримт үйлдээгүй атал хүүхдүүдийг хөөн гаргасны дараа үнэлгээний компани дуудаж үндэслэлгүй тайлан бичиж 3,351,300 төгрөг нэхэмжилснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Байрнаас гарахад бүх эд зүйл анх хүлээж хэвээр байсан болно. Мөн миний бие утасны дугаараа сольж байгаагүй, хаяг дээрээ тогтмол амьдардаг байхад шүүгчийн туслах нэг ч удаа залгаагүй байж намайг эрэн сурвалжлуулсан байдаг. Үүнийг би төлөхгүй.

Иймд Н.О-ийн нэхэмжилсэн 7,956,500 төгрөг, зочид буудлын төлбөр 2,850,000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг, эд хогшил засварын үнэ 3,351,300 төгрөг, үнэлгээний тайлангийн үнэ 185,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Харин сүүлийн 1 сарын түрээсийн төлбөр 1,500,000 төгрөгийг төлнө гэжээ.

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

Анхан шатны шүүх хэргийг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэрлэсэн тул давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

ХЯНАВАЛ: 

1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаад гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

2. Нэхэмжлэгч Н.О нь хариуцагч Б.Б-т холбогдуулан орон сууцны хөлс 1,500,000 төгрөг, зочид буудлын хөлс 5,176,887 төгрөг, тавилга, эд хогшилд учирсан хохирол 3,351,300 төгрөг, үнэлгээний тайлан гаргуулсан зардал 185,000 төгрөг, шүүхэд хариуцагчийг эрэн сурвалжлуулах нэхэмжлэл гаргахад төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг, нийт 10,283,387 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч орон сууцны хөлс 1,500,000 төгрөгийг төлнө, үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

3. Хэргийн үйл баримтын талаар:

3.1. Талуудын хооронд 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр байгуулагдсан орон сууц хөлслөх гэрээгээр Б.Б нь Чингэлтэй дүүрэг, * дугаар хороо, **/** мянгат, Энхтайваны өргөн чөлөө гудамж, ** дүгээр байрны ** тоот, 87.2 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг 2020 оны 09 дүгээр сарын 12-ны өдрөөс 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдөр хүртэл 6 сарын хугацаатай хөлслөх, 1 сарын төлбөрийг 1,500,000 төгрөг байхаар тохиролцжээ.

4. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1 дэх хэсэгт заасан орон сууц хөлслөх гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр гэж зөв дүгнэжээ.

4.1. Хариуцагч нь орон сууц хөлслөх гэрээний үүрэгт 1,500,000 төгрөг төлөөгүй гэдгээ хүлээн зөвшөөрч маргаагүй байна. Харин орон сууцыг хугацаандаа чөлөөлж хүлээлгэн өгсөн эсэх, эд хөрөнгөд хохирол учруулсан эсэх нь тэдгээрийн маргааны зүйл болсон байна.

5. Хариуцагч орон сууцыг хүлээлгэж өгөөгүйн улмаас нэхэмжлэгч Монгол Улсад ирээд Новетел зочид буудалд 2021 оны 08 дугаар сарын 21-ний өдрөөс 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр хүртэл 18 хоног байрласан төлбөрт 5,176,887 төгрөг гаргуулахаар шаарджээ.

5.1. Иргэний хуулийн 296 дугаар зүйлийн 296.1 дэх хэсэгт зааснаар эд хөрөнгө хөлслөх гэрээний хугацаа дууссан боловч хөлслөгч эд хөрөнгийг үргэлжлүүлэн ашигласаар байгааг хөлслүүлэгч татгалзаагүй бол уг гэрээг тодорхой бус хугацаагаар тухайн нөхцлөөр сунгасанд тооцно.

Орон сууц хөлслөх гэрээний хугацаа 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдөр дууссан боловч хариуцагч орон сууцыг үргэлжлүүлэн ашигласаар байгааг нэхэмжлэгч татгалзаагүй тул гэрээг тодорхой бус хугацаагаар тухайн нөхцлөөр сунгагдсан гэж үзнэ.

Иргэний хуулийн 294 дүгээр зүйлийн 294.3 дахь хэсэгт зааснаар гэрээнд өөрөөр заагаагүй, тодорхой нөхцөл байдлаас шалтгаалаагүй бол эд хөрөнгө хөлслөх гэрээг цуцлах хугацаа гурван сар байна, 294.4 дэх хэсэгт зааснаар хэрэв эд хөрөнгө хөлслөх гэрээний зүйл нь тавилга бүхий сууцны зориулалттай байр бол хөлслүүлэгч гэрээг цуцлахдаа энэ хуулийн 294.3-т заасан хугацааг баримтлах үүрэгтэй, 294.6 дахь хэсэгт зааснаар орон сууц хөлслөх гэрээг цуцлах шаардлагаа хөлслүүлэгч бичгээр гаргана.

Орон сууц хөлслөх гэрээг цуцлах талаар бичгээр гаргасан шаардлага хэрэгт авагдаагүй бөгөөд 2021 оны 08 дугаар сарын 22-ны өдөр нэхэмжлэгч нь гадаадаас Монгол Улсад ирэхээр болсон тул орон сууцыг хүлээлгэн өгөхийг мэдэгдсэн талаар зохигч тайлбарласан байна. Иймд энэ өдрөөс тоолоход хуульд заасан гурван сарын хугацаа 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр дуусахаар байна. Хэргийн баримтаас үзэхэд хариуцагч нь 2021 оны 08 дугаар сарын 29-ний өдөр орон сууцыг нэхэмжлэгчид хүлээлгэн өгсөн үйл баримт тогтоогдсон тул хариуцагчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй. Иймд зочид буудлын хөлс 5,176,887 төгрөгийг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

5.2. Иргэний хуулийн 288 дугаар зүйлийн 288.2.2-т зааснаар хөлслөгч хөлслөн авсан эд хөрөнгийг ердийн болон гэрээгээр тохиролцсон элэгдлээс илүү муутгахгүй байх үүргээ биелүүлээгүйгээс хөлслүүлэгч нь өөрт учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй.

Хэрэгт авагдсан баримтаар хариуцагч орон сууцыг ердийн элэгдлээс илүү муутгасан гэх байдал тогтоогдоогүй тул тавилга, эд хогшилд учирсан хохирол 3,351,300 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй. Үүнтэй холбоотойгоор тавилга, эд хогшлын үнэлгээний тайлан гаргуулахад нэхэмжлэгчээс төлсөн 185,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах хууль зүйн үндэслэлгүй.

5.3. Хариуцагч Б.Б- ыг эрэн сурвалжилж оршин суугаа хаягийг Цагдаагийн байгууллагаар тогтоосон нь Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 181/ШШ2022/00090 дугаар шийдвэрээр тогтоогдож байх тул шүүх нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Иймд хариуцагчийн энэ талаар гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.

Иймд хариуцагчаас орон сууцны хөлс 1,500,000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг, нийт 1,570,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 8,713,187 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасантай нийцнэ.

6. Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 183/ШШ2023/01676 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтад ...7.956.500... гэснийг ...1,570,200... гэж, ...2.326.887... гэснийг 8,713,187 гэж,

2 дахь заалтад ... 56.1 ... гэснийг 56.2 гэж, ...142,254... гэснийг 40,074 гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 118,254 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЦЭНД

 ШҮҮГЧИД Ш.ОЮУНХАНД

 Д.БЯМБАСҮРЭН