Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 09 сарын 03 өдөр

Дугаар 2021/ДШМ/36

 

Ялтан А.Т-ий гаргасан гомдлын тухай

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Көбеш даргалж, Ерөнхий шүүгч С.Өмирбек, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Туяа нарын бүрэлдэхүүнтэй хийж, Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 2021/ХМШЗ/52 дугаар “А.Т-ий эдлээгүй үлдсэн хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн солих тухай” шүүгчийн захирамжтай, түүнд холбогдох хувийн хэргийн материалд ялтан А.Т-ий гаргасан гомдлыг үндэслээд 2021 оны 8 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч С.Өмирбекийн илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Б.Даулетжан, прокурор А.Дорждэрэм, ялтан А.Т, ялтны өмгөөлөгч С.Тилеуберди нар оролцов.                                                                                                                                                                

Ялтан Ш овогт А-ийн Т, /РД: 000000/ нь Монгол Улсын иргэн, 1993 оны 7 дугаар сарын 01-ний өдөр Баян-Өлгий аймгийн Бугат суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, яс үндэс Казах, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “К” зоогийн газарт тогоочоор ажилладаг байсан, Баян-Өлгий аймгийн Ө сумын  дугаар багт оршин суух хаягтай, ам бүл 4 хүнтэй, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг, хэрэг хариуцах чадвартай,

- Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 2019/ШЦТ/157 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн,

- мөн шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 2020/ШЦТ/87 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, түүний урьд үйлдсэн гэмт хэрэгт нь мөн зүйлд зааснаар 400 цагийн нийтэд тусгай ажил хийлгэх ялаар шийтгэж, түүний тэнсэн хянан харгалзах хугацаанд шинээр үйлдсэн гэмт хэрэгт нь мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зургаан сарын хорих ял шийтгэж, нэмж нэгтгэн, түүний эдлэх нийт ялыг зургаан сар, тавь хоногийн хугацаагаар тогтоосон,

- тус шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 2021/ХМШЗ/52 дугаар “А.Тий эдлээгүй үлдсэн хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн солих тухай” шүүгчийн захирамжаар Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Их Хурлаас 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.2, 6 дугаар зүйлийн 6.4, 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А.Тд оногдуулсан 6 сар, 50 хоногийн хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 6 сар, 16 хоногийн хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж, түүний нийт эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялыг 6 сар, 16 хоногийн хугацаагаар тогтоосон байна.

Ялтны гаргасан давж заалдах гомдолд: “Эрүүгийн 2013003810049 дугаартай хэргийн оролцогч, шүүгдэгч А.Т нь 2021 оны 06-р сарын 30-ны өдрийн 2021/ШЦТ/87 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар 6 сар 50 хоногийн хорих ялаар шийтгэгдэж 1 сар 4 хоногийг эдэлсэн бөгөөд үлдсэн 6 сар 16 хоногийг 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуульд хамааруулж өгөхийг хүсэж хүсэлт гаргаснаар Шүүхийн гүйцэтгэх байгууллага Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийг үндэслэн надад оногдуулсан хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж өгөх санал гаргаж, Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2021 оны 8 дугаар сарын 03-ны өдөр Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлд заасан албадлагын арга хэмжээ авч болно гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 12 дугаар багийн нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглох хязгаарлалт тогтоон эдлүүлж, мөн хугацаанд эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэх нь зүйтэй байна гэж шийдвэрлэсэн шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч энэхүү гомдлыг гаргаж байна.

Дээрх гарсан шүүгчийн захирамж нь одоогийн дэлхий хэмжээнд сар тахал дэгдэж байгаа үед зөвхөн Өлгий сумын 12 дугаар багаас гаргахгүй гэж хязгаарлалт тогтоож байгаа явдал нь А.Т миний эрх зүйн байдал болон Үндсэн хуульд иргэн бүр амьд явах эрхтэй, хүн бүр эмнэлгийн тусламж авах эрхтэй гэсэн үндсэн эрхийг маань зөрчсөн шийдвэр болсон юм. Миний хүүхэд Өлгий сумын “Зайд” сургуульд сурдаг, эхнэр маань 3-р ахлах сургуульд багш, миний харьяалал Баян-Өлгий аймгийн Бугат сумын 3-р баг гэж явдаг болохоор сумын эмнэлгийн хяналтад байдаг өвчтөн тул нурууны гэмтлийн улмаас тус сумын эмнэлэгт очиж эмнэлгийн тусламж, хяналтад орох боломжгүй болсон юм. Миний хувьд “Көк-Жал” ХХК-ийн ресторанд ахлах тогоочоор ажилладаг бөгөөд ажил хийх бололцоогүй болж, ганц эхнэрийн цалингаар цаашид амьдрах боломжгүй байна. Эрүүгийн 2013003810049 дугаартай хэргийн улмаас учирсан хохирлыг бүрэн барагдуулж өгсөн, хохирогч нарыг хохиролгүй болгосон, гэм буруугийн талаар ямар нэгэн маргаангүй, үйлдсэн хэргээ сайн дураараа хүлээн зөвшөөрсөн.

Иймд давж заалдах шатны шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Баян-Өлгий аймаг, Өлгий сумын 12 дугаар багийн нутаг дэвсгэрээс явахыг хориглосон шийдвэрийг өөрчилж Баян-Өлгий аймгийн Өлгий сум болон болон Бугат сумын 3-р багийн нутаг дэвсгэрээс явахыг хориглох, эсвэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар “гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх энэ хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.1, 1.2-т заасан байдлаар зорчих эрхийг хязгаарлах ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно" гэснээр хөнгөрүүлж, ялаас чөлөөлж өгнө үү” гэжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болсон эсэхийг ялтан А.Т-ий гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, тухайн гомдолд заасан үндэслэлээр хязгаарлахгүйгээр материалыг бүхэлд нь хянаж үзлээ.

           

Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 2021/ХМШЗ/52 дугаар “А.Т-ий эдлээгүй үлдсэн хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн солих тухай” шүүгчийн захирамжаар 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар ялтан А.Т-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сар, 50 хоногийн хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 6 сар, 16 хоногийн хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж, түүний нийт эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялыг 6 сар, 16 хоногийн хугацаагаар тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Т-д оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг эдлүүлэхдээ түүний оршин суудаг Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 12 дугаар багийн нутаг дэвсгэрээс явахыг хориглож, түүнд эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэжээ.

 

Анхан шатны шүүх ялтан А.Т-ий эдлээгүй үлдсэн хорих ялыг түүний хувийн хэргийн материалыг үндэслэн зөв тогтоож, зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн солих шийдвэр гаргахдаа 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасныг зөв хэрэглэсэн байна.

 

Ялтны хувийн хэрэгт авагдсан, хуулийн хүчин төгөлдөр болсон Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 2020/ШЦТ/87 дугаар шийтгэх тогтоолоор тогтоогдсон:

- А.Т нь урьд залилах гэмт хэрэг үйлдэж тус шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 2020/ШЦТ/87 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн,

- тэрээр шүүхээс тэнссэн дээрх хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэргийг санаатай үйлдэж зургаан сар, тавь хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн,  

- А.Т нь шүүхээс хорих ял шийтгүүлэхээс өмнө Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 12 дугаар багт эхнэр, 2 хүүхдийн хамт оршин сууж, амьдардаг байсан бөгөөд одоо тус хаягтаа оршин суудаг буюу ялтан байнга оршин суух хаягтай зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзвэл, анхан шатны шүүх түүнд оногдуулсан зургаан сар, тавь хоногийн хорих ялаас эдлээгүй үлдсэн зургаан сар, арван зургаан хоногийн хугацаагаар хорих ялыг Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар мөн хугацаанд дүйцүүлэн зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж, уг хугацаанд тус ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэлбэрээр буюу ялтны оршин суудаг Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 12 дугаар багийн нутаг дэвсгэрээс явахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрлөөр оршин суугаа газраас өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.14 дэх хэсэгт заасан шаардлагыг хангасан, Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцсэн байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх нь эрүүгийн хариуцлагын зорилго байхаар хуульчилсныг тэмдэглэж, ялтан А.Тий гаргасан шүүхээс тогтоосон бүстэй холбоотой “Баян-Өлгий аймгийн Өлгий сумын нийт нутаг дэвсгэр болон тус аймгийн Бугат сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрээс явахыг хориглох” гэж тогтоох тухай давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Ялтны гомдолд анхан шатны шүүхээс дүйцүүлэн сольсон зорчих эрхийг хязгаарлах ял нь Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 12 дугаар багийн нутаг дэвсгэрт өрхийн эмнэлэг байхгүйн улмаас түүний эмнэлгийн тусламж авах эрхийг хязгаарлаж байгаа талаар тусгажээ.

Зорчих эрхийг хязгаарлах ял нь Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагын нэг төрөл болохын хувьд түүнийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэдэг  ба Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлд уг ялыг оногдуулсан шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх, 168 дугаар зүйлд зорчих эрхийг хязгаарлах ял шийтгүүлсэн ялтны үүрэг, 172 дугаар зүйлд зорчих эрхийг хязгаарлах ял шийтгүүлсэн ялтанд хяналт тавих, 173 дугаар зүйлд уг ялыг эдлүүлэх нөхцөл, журмыг түр өөрчлөх журмыг тус тус хуульчилсан байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 173 дугаар зүйлийн 173.1 дэх хэсэг, 173.1.1-173.17 дахь заалтуудад уг ялыг эдэлж байгаа ялтны гэр бүлийн гишүүн хүндээр өвчилсөн, нас барсан, гамшиг, аюулт үзэгдэл, осол тохиолдсон; эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах зайлшгүй шаардлагатай тохиолдолд шүүхээс тогтоосон бүсэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах боломжгүй; бусдын асрамжид байх шаардлагатай нь эмнэлгийн байгууллагын тодорхойлолт, лавлагаагаар тогтоогдсон ялтнаас өөр асрамжлан хамгаалах хүнгүй гэр бүлийн гишүүнийг асрамжлан хамгаалах шаардлагатай; гамшиг, аюулт үзэгдлийн улмаас шүүхээс тогтоосон газар, байршилд байх боломжгүй болсон; шүүхээс хориглоогүй тохиолдолд ажилд орох, сургуульд элсэн суралцах шалгалтад шүүхээс тогтоосон газар, байршлаас бусад газарт биечлэн оролцох зайлшгүй шаардлагатай; хуулиар тогтоосон төрийн байгууллагаас үзүүлж байгаа үйлчилгээнд хамрагдах /тэтгэвэр, тэтгэмж тогтоолгох/; хүндэтгэн үзэх бусад үндэслэлээр прокурорын зөвшөөрснөөр ахлах шийдвэр гүйцэтгэгч ялтны зорчих эрхэд тогтоосон хориглолт, хязгаарлалтыг 30 хүртэл хоногийн хугацаанд өөрчилж болохоор хуульчилсныг тэмдэглэж, ялтан А.Тий энэ талаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгов.

 

Иймд анхан шатны шүүхийн ялтан А.Т-ий эдлээгүй үлдсэн хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольсон шүүгчийн захирамж хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх тул хэвээр нь үлдээж шийдвэрлэлээ.

 

Харин Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольсон шүүгчийн захирамжид хуульд зааснаар оролцогч давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхийн талаар тухайлан зохицуулаагүй байхад шүүгчийн захирамжид /захирамжлах хэсгийн 5 дахь заалт/ 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.9 дэх хэсэгт “Энэ хуулийн 5.1-д заасны дагуу эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгосон прокурорын тогтоол, шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд прокурор, оролцогч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу гомдол, эсэргүүцэл гаргаж болно.” гэж заасныг буруу хэрэглэжээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.12 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхтэй холбогдож гарсан шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл ялтан, түүний өмгөөлөгч давж заалдах гомдол, прокурор эсэргүүцэл бичиж болно гэж хуульчилсан, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид ялтны давж заалдах гомдол гаргах эрхийг дурдаж, гомдлыг хүлээн авч, хувийн хэргийн хамт давж заалдах шатны шүүхэд шилжүүлсэн тул гомдлыг давж заалдах журмаар хэлэлцэн шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгож ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 2021/ХМШЗ/52 дугаар “А.Т-ий эдлээгүй үлдсэн хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн солих тухай” шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, ялтан А.Т-ий гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Д.КӨБЕШ

 

ШҮҮГЧИД                                                       Н.ТУЯА

 

                                                                                                            С.ӨМИРБЕК