Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 2020/ШЦТ/87 

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг шүүгч Б.Б даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.А,

Улсын яллагч: Баян-Өлгий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор  Х.Өрен,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн өмгөөлөгч С.Т,

Шүүгдэгч А.Т нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Баян-Өлгий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.Т-д холбогдох 2013003810049 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, ердийн журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1.Монгол Улсын иргэн, 1993 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Баян-Өлгий аймгийн Бугат суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, яс үндэс казак, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “К” зоогийн газарт тогооч ажилтай, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын *** дугаар багт оршин суух хаягтай, ам бүл-4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг, улсаас авсан гавъяа шагналгүй, уХ мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 2019/ШЦТ/157 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн, Ш төлек овогт Аийн Т, регистрийн дугаар ******

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

               Шүүгдэгч А.Т нь өөрийн ашиглаж байсан “Уламжилт эмчилгээ” гэсэн нэртэй facebook хаягийн нэрийг “Уламжлалт эмчилгээ” болгон өөрчилж, уг хаягнаас 2020 оны 10 дугаар сарын эхээр Улаанбаатар хотын зарын группүүд болон эмийн ургамал сонирхогчид, Бөөгийн эдлэл хэрэгсэл нэртэй зарын группүүдэд “Янз бүрийн амьтан шувууны эд эрхтэн зарна, хэрэгтэй зүйл байвал чаатаар асуугаарай” гэх зарыг нийтэлж, улмаар зарын дагуу холбогдсон нэр бүхий иргэдийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хохирогч П.Жаас 35.000 төгрөг, 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хохирогч Б.Дгээс 100000 төгрөг, 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс 10 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл 4 удаагийн үйлдлээр хохирогч А.Ноос 900.000 төгрөг, 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хохирогч Ж.Доос 75.000 төгрөг, 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хохирогч П.Доос 100.000 төгрөгийг залилан мэхэлж, өөртөө шилжүүлэн авсан,

2020 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хохирогч Б.Аыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, түүнтэй урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглан, Б.Ааас  300000 төгрөгийг залилан мэхэлж,  өөртөө  шилжүүлэн авсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч А.Тийг залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:

Хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, А.Тд холбогдох хэргийг шийдвэрлэхэд хангалттай байх тул прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

               Шүүгдэгч А.Т нь өөрийн ашиглаж байсан “Уламжилт эмчилгээ” гэсэн нэртэй facebook хаягийн нэрийг “Уламжлалт эмчилгээ” болгон өөрчилж, уг хаягнаас 2020 оны 10 дугаар сарын эхээр Улаанбаатар хотын зарын группүүд болон эмийн ургамал сонирхогчид, Бөөгийн эдлэл хэрэгсэл нэртэй зарын группүүдэд “Янз бүрийн амьтан шувууны эд эрхтэн зарна, хэрэгтэй зүйл байвал чаатаар асуугаарай” гэх зарыг нийтэлж, улмаар зарын дагуу холбогдсон нэр бүхий иргэдийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хохирогч П.Жаас 35.000 төгрөг, 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хохирогч Б.Дгээс 100000 төгрөг, 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс 10 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл 4 удаагийн үйлдлээр хохирогч А.Ноос 900.000 төгрөг, 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хохирогч Ж.Доос 75.000 төгрөг, 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хохирогч П.Доос 100.000 төгрөгийг залилан мэхэлж, өөртөө шилжүүлэн авсан,

2020 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хохирогч Б.Аыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, түүнтэй урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглан, Б.Ааас  300000 төгрөгийг залилан мэхэлж,  өөртөө  шилжүүлэн авсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

Хохирогч П.Жын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...би 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдөр “Уламжлалт эмчилгээ” гэсэн хаягт холбогдож чонын гуя авахаар ярьж тохироод тухайн өдрөө А.Тий Х банкин дахь ******** дугаартай дансанд өөрийн эхнэр Бын *****тоот данснаас 35.000 төгрөг шилжүүлсэн. Би А.Ттэй өөрийнхөө “Жүүгэ Жалайр” нэртэй цахим хаягаараа харилцсан. Тэр хүнтэй анх удаа л холбогдож юм захиад авч чадаагүй. А.Т нь надаас мөнгө аваад таг болсон бөгөөд би түүнрүү чаат бичээд хариу өгөхгүй байж байтал, Баян-Өлгий аймгийн Цагдаагийн газраас надруу утасдаж хэлэхэд нь би залилуулсан гэдгээ мэдсэн. А.Т нь надаас авсан 35.000 төгрөгийг буцааж төлсөн тул санал гомдолгүй, шүүх хуралд оролцохгүй” гэх мэдүүлэг[1],

Иргэн Ж.Бын Х банкин дахь *****дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга[2],         

Хохирогч Б.Дгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би “Дууяа" гэх фейсбүүк хаяг ашигладаг. Би 2020 оны 10 дугаар сард “Уламжпалт анагаах уХ” гэх фейсбүүк хаягтай холбогдож үзсэн юм. Уг фейсбүүк хаягаар А.Т гэх Баян-Өлгий аймагт байдаг залуутай холбогдсон. Манай том хүү хэл ярианы хөгжлийн бэрхшээлтэй бөгөөд хүмүүс баавгайн савар, чонын савраар домнодог гэж хэлсэн бөгөөд уг Т гэх залуу надад хандан Баавгайн савар, чонын савар, бугын туурай зэрэг эд зүйлийг олж өгнө, миний данс руу 100.000 төгрөг шилжүүл гэхээр нь би интернет банкаар гүйлгээний утга дээр 3-ын тоо тавиад А.Тд 100.000 төгрөг шилжүүлсэн. Гэтэл уг хүн тэрнээс хойш утсаа авахаа болиод миний фейсбүүк хаягийг блоклочихсон юм. А.Т нь надаас авсан 100.000 төгрөгийг буцаан төлж өгсөн тул ямар нэгэн санал, гомдолгүй. Шүүх хуралдаанд оролцохгүй” гэх мэдүүлэг[3],

Хохирогч  Б.Дгийн Х банк дахь ****** дугаартай дансны хуулгад үзлэг хийсэн тэмдэглэл[4],

Хохирогч Б.Дгийн Х банкин дахь ****** дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга[5],

Хохирогч А.Нийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...би А.Т гэх хүнийг огт танихгүй. Би “Уламжлалт эмчилгээ” гэсэн нэртэй цахим хуудсаар А.Т гэх хүнтэй, зарын дагуу холбогдож “Хойлог шувуу, шувууны толгой, шувууны чихмэл байгаа юу” гэж асуусан. А.Т нь миний асуусан зүйлийн үнэ тус бүрийг миний чатруу бичсэн байсан. Тэгээд би өөрийн Худалдаа хөгжлийн ****** гэх дансаар А.Тий ******** тоот данс руу мөнгө 130.000, 70.000, 500.000, 200.000  төгрөгөөр тус тус 4 удаа нийт 900.000 төгрөг шилжүүлсэн. А.Т нь миний үеийн, залуу хүн байсан болохоор надаас авсан 900.000 төгрөгийг төлж өгөх байх гэж бодож байна. Мөн миний хариуцлагагүй байдлаас болж, надад хохирол учирсан тул надад санал гомдол байхгүй. Би гадаад улс руу явах гээд байгаа болохоор цаашид Цагдаагийн байгууллагаар шалгуулах хүсэлгүй байна” гэх мэдүүлэг[6],

 Шүүгдэгч А.Тий Х банкин дахь ******** дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга[7],

Хохирогч Ж.Дийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...би 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдөр фейсбүүк үзээд байж байсан чинь “Уламжлалт эмчилгээ” гэх нэртэй хаягаас мануул зарна гэж зар тавьсан байсан, тэгэхээр нь би тэр зарын дагуу тухайн хэрэглэгч рүү чат бичсэн чинь мануул 75.000 төгрөгийн үнэтэй, эндээс бүтэн сайн өдөр унаанд тавиад явуулна, хоёр дахь өдөр очно гэж хэл хэлээд надад мануулын зураг үзүүлэхээр нь би итгээд А.Т гэх хүний Х банкны ******** тоот данс руу 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 75.000 төгрөгийг шилжүүлж, А.Тий ******* дугаар луу залгаж баталгаажуулсан. Гэтэл А.Т нь надад мануулаа өгөхгүй алга болсон ба удалгүй Баян-Өлгий аймгийн Цагдаагийн газраас надруу залгахаар нь би залилуулсан гэдгээ мэдсэн. А.Т нь надаас авсан 75.000 төгрөгийг буцааж өгсөн тул гомдол саналгүй, шүүх хуралд оролцохгүй” гэх мэдүүлэг[8],

Хохирогч Ж.Дийн Х банкин дахь ******* дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга[9],

Хохирогч П.Дийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2020 оны 10 дугаар сард яг өдрийг нь санахгүй байна Сэлэнгэ аймагт гэртээ байж байгаад фейсбүүкээр “Уламжлалт эмчилгээ” гэсэн цахим хаягт “Янз бүрийн амьтан шувууны эд эрхтэн, тарвага чанахаар зарна, чатаар хэрэгтэйгээ асуугаарай” гэсэн утга бүхий мэдээлэл тавьсан байхаар нь би ээждээ баавгайн зүрх хайж байсан тул зар тавьсан хүнд баавгайн зүрх байж магадгүй гэж бодоод өөрийн ашигладаг “Purevdorj Davaadorj” гэсэн хаягнаас тэр хаяг руу баавгайн зүрх /Маахайн зүрх/ байна уу гэж асуусан чинь хүнээс асууя гэсэн хариу ирсэн. Тэгээд түүнээс хойш 10 гаруй хоногийн дараа нөгөө хаягнаас баавгайн зүрх олдсон, бүтнээрээ олдсон гэж хэлэхээр нь тийм айхтар их хэрэггүй, жаахан байхад болно гэсэн. Тэгсэн тэр хүн 300.000 төгрөгөөр зарна гэсэн, тэгснээ сүүлдээ 250.000 төгрөгөөр зарахаар болсон юм. Намайг эхлээд бүх мөнгөө шилжүүл гэхээр нь би юмаа аваагүй байж бүх мөнгөө шилжүүлэхгүй гэж хэлээд 10 дугаар сарын 16-ны өдөр би өөрийн ******дугаарын данснаас ******** дугаар бүхий Т гэх хүний данс руу 100.000 төгрөг шилжүүлсэн. Түүний дараа зар тавьсан хүн миний утасны дугаарыг аваад ******* гэсэн дугаараас над руу залгаж холбогдож байсан ба дараа нь залгахад холбогдох боломжгүй байгаад байсан, Би өөрийгөө залилуулсан байна гэж мэдээгүй байтал Баян-Өлгий аймгийн цагдаагаас холбогдсон. А.Т нь надаас авсан 100.000 төгрөгийг буцааж төлж өгсөн тул надад гомдол санал байхгүй, шүүх хуралд оролцохгүй” гэх мэдүүлэг[10],

Хохирогч П.Дийн Х банкин дахь ******дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга[11],

Хохирогч Б.Аын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “А.Т нь одоогоос жил гаруйн өмнө надтай холбогдоод шувууны эд хэрэгсэл болох малгай, бээлий, хөлийн тушаа, урхи зэрэг эд зүйл авч байсан тул би түүнийг мэддэг. Харин А.Т надад амьтны эд эрхтэн зарж байгаагүй. 2020 оны 10 дугаар сарын 10-ны үед тэр надтай холбогдоод 5 хоногийн хугацаатай 300.000 төгрөг зээлээч, би 350.000 төгрөг болгож өгье гэхээр нь би хамт ажилладаг Мөнхзул гэх багшаас 300.000 төгрөг зээлж, А.Тий Х банк дахь ******** дугаартай данс руу 2020 оны 10 дугаар сарын 19, 20-ны аль нэг өдөр 300.000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд 5 хоногийн хугацаа болоход А.Тий *******, 95111416 дугаарын утас руу залгахад эхлээд дуудаж байсан боловч утсаа авахгүй байсан. Тэгж байгаад сүүлдээ миний утсыг блоколчихсон юм. Би Мөнхзул багшаас авч А.Тд өгсөн 300.000 төгрөгийг өөрөө буцааж төлсөн. А.Т надаас авсан 300.000 төгрөгөөс 100.000 төгрөгийг төлж өгсөн, харин 200.000 төгрөг буцааж төлөөгүй байгаа. Надаас авсан 300.000 төгрөгийг бүрэн гүйцэд төлчихвөл би А.Тд санал гомдолгүй” гэх мэдүүлэг[12],

Гэрч Б.Мөнхзулын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:”2020 оны 6 дугаар сард /өдрийг нь санахгүй байна/ Б.А надруу залгаад “Энэ данс руу 300.000 төгрөг шилжүүлчихээч, сарын дараа өгье гэхээр нь би Х банкны ******** тоот дансанд 300.000 төгрөг шилжүүлсэн. Б.А нь  сарын дараа надаас авсан 300.000 төгрөгийг буцааж төлсөн. Би А.Т гэх хүнийг танихгүй” гэх мэдүүлэг[13],

Гэрч Б.Мөнхзулын Х банк дахь ***** дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга[14],

Шүүгдэгч А.Тий гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт[15]

Шүүгдэгч А.Тий Х банкин дахь ******** дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга[16],

Шүүгдэгч А.Тий эд хөрөнгөд нэгжлэг хийсэн тухай тэмдэглэл[17] ,

Байгаль Орчин, аялал жуулчлалын газрын мэргэжилтэн, шинжээч Б.Шөгений 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 01 дугаартай шинжээчийн дүгнэлт[18],

Шүүгдэгч А.Тий мөрдөн байцаалтын болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үед өгсөн:  “...Уламжлалт эмчилгээ” гэх миний хаяг нь 2020 оны 09 дүгээр сарын сүүлчээр ашиглаж эхэлсэн хаяг байгаа юм. Тухайн үед би их ашигладаггүй байж байгаад өнгөрсөн оны 10 дугаар сарын эхээр Улаанбаатар хотын зарын группүүд болон эмийн ургамал сонирхогчид, Бөөгийн эдлэл хэрэгсэл нэртэй зарын группт өөрийн “Уламжпалт эмчилгээ” гэх нэртэй хаягнаас 2020 оны 10 дугаар сард амьтан шувууны эд эрхтэн, тарваганы мах зэргийг зарна, хэрэгтэй зүйл байвал чатаар асуугаарай гэсэн утгатай пост оруулж байсан юм. Тэгээд хүмүүс надтай зарын дагуу холбогдож эд эрхтэн асууж байсан. Би Атай утсаар холбогдож би шонхор шувуу барих гэж байна, надад түлш шатахууны мөнгө хэрэгтэй байна, яаралтай 300.000 төгрөг зээлээч гэж хэлээд авсан, харин П.Д гэх хүн миний тавьсан зарын дагуу холбогдож надаас баавгайн зүрх авна гэхээр нь би өгье гээд урьдчилгаа 100.000 төгрөгийг авсан юм. Харин П.Жаас чонын гуя зарна гэж хэлээд 35.000 төгрөг авсан. А.Ноос хойлог шувууны мах, чихмэл зарна гэж хэлээд 900.000 төгрөгийг авсан. Харин Б.Дгээс баавгайн савруу, чонын савруу, бугын туурай зэрэг эд зүйл олж өгнө гэж хэлээд 100.000 төгрөг авсан, Ж.Доос “мануул” зарна гэж хэлээд 75.000 төгрөг авсан юм. Тухайн үеийн өдрийг сайн санахгүй байна, ямар ч байсан 2020 оны 10 дугаар сарын эхээр дээрх хүмүүсээс мөнгө авсан юм. Мөнгийг нь би өөрийнхөө ******** гэх дансаар авч байсан. Надад ямар ч амьтны мах, эрхтэн, чихмэл зэрэг зүйл байхгүй, би тухайн үед мөнгө олох гэж энэ аргыг бодож олсон юм. Тухайн үед хүмүүсээс анх ийм аргаар мөнгө аваад өөрийн хэрэгцээндээ хэрэглэж байгаад боломжтой болсон үедээ эд эрхтэн, амьтан, мах олдохгүй байна гэж хэлээд мөнгийг нь буцааж өгье гэж бодож боловч чадаагүй. Би амьтны эд эрхтэн, чихмэл, шувууны эд эрхтэн зэргийг олж чадахгүйгээ мэдэж байсан, би зориудаар худал хэлж хүмүүсээс мөнгө авч, ойр зуурын хэрэгцээндээ хэрэглээд дуусгасан. Би энэ хэрэгт холбогдон шалгагдаж эхэлсний дараа П.Д, Б.Д, Ж.Д, П.Ж нарын мөнгийг дансаар нь буцааж өгсөн. Шүүх хуралдаанаас өмнө Б.Аын 300.000 төгрөгийг бүрэн төлсөн. Хохирогч А.Ноос авсан 900.000 төгрөгийг 6, 7, 8 дугаар сард хувааж өгөхөөр А.Нтой утсаар ярьж тохиролцсон байгаа. А.Н надаас 900.000 төгрөгөө авна гэсэн. Би хийсэн хэргээ бүрэн хүлээн зөвшөөрч байгаа тул гэм буруугийн талаар маргахгүй. Маш их гэмшиж байна. Дахин ийм хэрэгт холбогдохгүй тул надад хуулийн хөнгөлөлт үзүүлж өгнө үү” гэх мэдүүлэг[19] /хх-ийн 203-204 дүгээр хуудас болон шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг баримтууд болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хохирогч, гэрч, шүүгдэгч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, хэргийн оролцогчийн эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолвол зохих байдлуудыг шалгаж тодруулсан байна.

Шүүгдэгч А.Т нь амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор 2020 оны 9 дүгээр сард нээн ашиглаж байсан фэйсвүүк хаягийнхаа нэрийг 2020 оны 10 дугаар сард зориудаар “Уламжлалт эмчилгээ” болгон өөрчилж, цахим сүлжээ ашиглан, эмчилгээний журмаар амьтны эд эрхтэн худалдан авах хүсэл, сонирхолтой иргэдийн зарын шинжтэй группүүдэд “Уламжлалт эмчилгээ” нэртэй хаягнаасаа Монгол Улсын “Улаан ном”-д орсон, ховор амьтны жагсаалтад багтсан хүрэн баавгай, хойлог шувуу, Мануул, Саарал чоно зэрэг амьтад болон тэдгээрийн эд эрхтэнг зарна гэсэн агуулга бүхий зар (пост)-ыг нийтэлж, өөрийгөө ардын уламжлалт эмчилгээнд өргөн хэрэглэгддэг ховор амьтны жагсаалтад орсон амьтдын эд эрхтэнг худалдан борлуулдаг хүн гэж хохирогч П.Д, Б.Д, Ж.Д, П.Ж, А.Н нарт итгүүлсэн нь зохиомол байдлыг зориудаар бий болгож байгаа үйлдэл юм.

Түүнчлэн шүүгдэгч А.Т нь хохирогч Б.Атай 2019 оны үед фэйсвүүкээр  танилцан, мөн өөрийгөө амьтны эд эрхтэн худалдан борлуулдаг хүн гэж итгүүлэн, түүний итгэлийг олж авсны дараа урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг нь урвуулан ашиглаж, 2020 оны 10 дугаар сард “Би шонхор шувуу барих гэж байна, түлш шатахууны мөнгө хэрэгтэй байна” гэж итгүүлсэн нь мөн зохиомол байдлыг зориудаар бий болгож байгаа үйлдэл болно.

Шүүгдэгч  А.Т нь уламжлалт эмчилгээний чиглэлээр ховор амьтан, тэдгээрийн эд эрхтэнг худалдан борлуулдаггүй, хохирогч нарт худалдан борлуулахаар санал болгосон хүрэн баавгайн зүрх, хойлог шувуу, баавгай, чонын савар, чонын гуя, бугын туурай, мануул зэрэг амьтдын эд эрхтэн анхнаасаа А.Тд байгаагүй болох нь мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгчийн гэрт прокурорын зөвшөөрлөөр нэгжлэг хийсэн тэмдэглэл болон шүүгдэгч А.Тий мэдүүлгээр тус тус нотлогдож байх бөгөөд энэ нь түүний бусдыг хуурч, залилан мэхэлж, эд хөрөнгийг нь эрхийг өөртөө шилжүүлэн авахын тулд бий болгосон зохиомол байдал болох нь эргэлзээгүй нотлогдон тогтоогдсон байна.

Зохиомол байдал зориудаар бий болгож бусдыг төөрөгдөлд оруулж, тэдний зөвшөөрлийн дагуу эд хөрөнгийг нь өөрийн өмчлөлд авч байгаа, шунахай сэдэлттэй, шууд санаатай үйлдлийг залилах гэмт хэрэг гэж ойлгох бөгөөд хохирогч П.Д, Б.Д, Ж.Д, П.Ж, А.Н, Б.А нар нь А.Тийг ардын уламжлалт эмчилгээнд хэрэглэгддэг ховор амьтны эд эрхтэнг худалдан борлуулдаг хүн гэж итгэн төөрөгдөж, сайн дураараа нийт 1.510.000 төгрөгийн түүнд шилжүүлэн өгсөн байна.

Шүүгдэгч А.Т нь нэр бүхий хохирогч нарыг хуурч, мөнгийг нь шилжүүлж авсны дараа тэдгээртэй дахин харилцахгүй, мөнгийг нь буцааж өгөхгүй байх зорилгоор залгасан дуудлагыг нь авахгүй байх, утсаа салгах, зарим хохирогч нарын фэйсвүүк хаяг, утасны дугаарыг өөрийн “Уламжлалт эмчилгээ” гэх хаяг, болон утаснаасаа “Block” хийсэн үйлдэл  нь залилах гэмт хэргийн үндсэн шинжийг хангаж байна.

Шүүгдэгч нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарлаж байсан ч түүнийг хүсэж үйлдэн идэвхтэй үйлдээр нэр бүхий 6 хохирогчийг залилж, 1.510.000 төгрөгийг өөртөө шилжүүлэн авч, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Иймд прокуророос шүүгдэгч А.Тд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д заасан “Хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглах аргаар бусдын эд хөрөнгийг өөртөө шилжүүлэн авч залилах” гэмт үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

Гэмт хэрэг үйлдэгдэхэд шүүгдэгч А.Тий амар хялбар аргаар мөнгө олох гэсэн шунахайн сэдэлт, бие хүний хувьд хүмүүжил ёс суртахууны төлөвшил дутмаг нөхцөл байдал нөлөөлсөн байна гэж үзлээ.

Шүүгдэгч А.Т нь  гэм буруугаа хүлээн зөвшөөрч, энэ талаар маргаагүй болно.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай

             Гэмт хэргийн нийгмийн хор аюулын хэр хэмжээг тодорхойлох гол шинж нь гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг юм. Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1-д зааснаар гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцдог.

             Шүүгдэгч А.Тий гэмт үйлдлийн улмаас нэр бүхий 6 хохирогчид нийт 1.510.000 төгрөгийн хохирол учирсан байх ба А.Т нь залилах гэмт хэрэг үйлдэж учруулсан хохиролд хохирогч П.Дид 100.000 төгрөг, хохирогч Б.Аад 300.000 төгрөг, хохирогч Б.Дд 100.000 төгрөг, хохирогч Ж.Дид 75.000 төгрөг, хохирогч П.Жд 35.000 төгрөг, нийт 610.000 төгрөгийг тус тус төлж барагдуулсан болох нь хохирогч нарын мэдүүлэг болон хэргийн 211-213-р талд авагдсан дансны хуулгууд, 234-р талд авагдсан мөрдөгчийн 2021 оны 4 сарын 15-ны өдрийн тэмдэглэл, шүүгдэгчээс шүүхийн шатанд гаргаж өгсөн 2021 оны 6 сарын 21-ний өдөр хохирогч Б.Аын Х банк дахь 5041157640 дансруу А.Тээс  200.000 төгрөг шилжүүлсэн тухай мөнгөн шилжүүлгийн баримт, шүүгдэгч А.Тий мэдүүлэг зэрэг баримтуудаар нотлогдож байна.

             Мөрдөн байцаалтын шатанд хохирогч А.Н нь өөрт учирсан хохирол болох 900.000 төгрөгийг шүүгдэгч А.Тээс нэхэмжлэхгүй гэж мэдүүлсэн байх боловч шүүгдэгч А.Т нь шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч А.Нтой утсаар ярьж, түүнд учирсан хохирол болох 900.000 төгрөгийг хувааж төлөхөөр тохиролцсон гэж тайлбарласан тул гэмт хэргийн хор уршигт шүүгдэгч А.Тээс 900.000 төгрөг гаргуулж, хохирогч А.Нид олгохоор шийдвэрлэв.

             Шүүгдэгч А.Тд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д”Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 5.1 дүгээр зүйлийн 1-д”Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж тус тус заажээ.

Шүүгдэгч А.Т нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д заасан залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлд зааснаар түүний холбогдсон хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээлгэх хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул А.Тд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар ял шийтгэх үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.

Шүүгдэгчийн хувийн байдлын талаар хэргийн 223-228-р талд авагдсан баримтуудаас үзэхэд шүүгдэгч А.Т нь хувийн байдлын хувьд 1993 онд төрсөн, 28 настай, ам бүл 4, эхнэр, бага насны 2 хүүхдийн хамт Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 6 дугаар багт оршин суух хаягтай, тэрээр Монгол Улсын Их Сургуульд шашин судлалын чиглэлээр сурч байсан, одоо “К” ХХК-д тогооч ажилтай, түүний нэр дээр ямар нэгэн эд хөрөнгө бүртгэгдээгүй  болох нь нотлогдож байна.

Шүүгдэгч А.Тд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан “Энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн” гэх хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон ба А.Т нь гэмт хэргийн улмаас учруулсан нийт хохирол болох 1.510.000 төгрөгөөс 610.000 төгрөгийг төлж барагдуулсан, үлдэх 900.000 төгрөгийг төлж барагдуулахаа илэрхийлсэн тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд мөн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан “учруулсан хохирлыг нөхөн төлсөн” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдсон гэж үзлээ.

Шүүгдэгч А.Т нь урьд Баян-Өлгий аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 157 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д заасан “Залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдож байсан байх бөгөөд шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг баримтлан А.Тд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзсан болох нь хэргийн 215-219-р талд авагдсан шийтгэх тогтоолын хуулбар, 229-р талд авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тус тус нотлогдож байна.

А.Тд хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн шүүхийн шийтгэх тогтоол 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хүчин төгөлдөр болсон байх бөгөөд тухайн өдрөөс тооцож үзэхэд шүүгдэгч А.Тий тэнсэнгийн хугацаа 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр дуусгавар болохоор байсан байна.

Гэтэл А.Т нь шүүхийн шийтгэх тогтоолоор түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнссэн хугацаа дуусаагүй байхад 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдөр дахин санаатай гэмт хэрэг үйлдсэн болох нь хэргийн 221-р талд авагдсан Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 4 сарын 12-ны өдрийн 01/435 тоот албан бичиг, 222-р талд авагдсан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон тухай 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 343 дугаартай тогтоолоор тус тус нотлогдож байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5-д “Тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулна” гэж заасан байх тул шүүгдэгч А.Тд урьд Баян-Өлгий аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 157 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг баримтлан А.Тд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн шийдвэрийг хүчингүй болгох нь зүйтэй байна.  

Иймд шүүгдэгч А.Тд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан түүний үйлдсэн гэмт хэргийн шинж, нийгмийн хор аюулын хэр хэмжээ, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгтээ хандаж буй хандлага, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүхээс хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн хугацаанд урьд залилангийн гэмт хэрэг үйлдсэн аргаараа дахин залилах гэмт хэргийг санаатай үйлдэж бусдад хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр удаа үйлдсэн хүндрүүлэх нөхцөл байдал,  түүний хувийн байдлын талаар хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь  харгалзан үзэж, Баян-Өлгий аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 157 дугаартай шийтгэх тогтоолоор А.Тд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, шүүгдэгч А.Тий 2018 оны 12 дугаар сараас 2019 оны 1 дүгээр сарын хооронд “чонын арьс зарна” гэж хохирогч Д.Шижирмаагаас 50.000 төгрөг, элээний элэг зарна гэж Г.Хайсандайгаас 120.000 төгрөг, хойлог шувууны мах зарна гэж Т.Карылгашаас 120.000 төгрөг, хойлог шувууны мах зарна гэж М.Баярбатаас 130.000 төгрөг, суусарын арьс зарна гэж Э.Болортуяагаас 400.000 төгрөг, чонын чөмөгний яс зарна гэж  Т.Эрдэнэчимэгээс 100.000 төгрөг, хойлог шувууны мах зарна гэж М.Бум-Эрдэнээс 60.000 төгрөг, бухын арьс зарна гэж Д.Цолмон, О.Цолмон нараас тус бүр 150.000 төгрөг, нийт 1.280.000 төгрөгийг цахим хэрэгсэл ашиглан өөртөө шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар А.Тд 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял,

2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 16-ны хооронд хохирогч П.Д, Б.Д, Ж.Д, П.Ж, А.Н, Б.А нарт ховор амьтны эд эрхтэн зарна гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, залилан мэхэлж, нийт 1.510.000 төгрөгийг өөртөө шилжүүлэн авсан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар 6 сарын хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасныг баримтлан шүүгдэгч А.Тд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ял дээр урьд үйлдсэн гэмт хэрэгт нь оногдуулсан 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцон 50 хоногийн хорих ялаар сольж, А.Тий нийт эдлэх ялыг 6 сар, 50 хоногоор тогтоож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан 6 сар, 50 хоногийн хорих ялыг эрэгтэйчүүдийн нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Бусад асуудлын талаар:

Шүүгдэгч А.Т нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүнээс энэ шийтгэх тогтоолоор гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй, иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт А.Тий ашиглаж байгаа, Хятад улсад үйлдвэрлэсэн, Realme 5i загварын, 300.000 төгрөгийн албан ёсны үнэлгээ бүхий гар утсыг битүүмжилсэн Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2021 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 21 дугаартай тогтоолыг хохирогч А.Нямдаваад учирсан 900.000 төгрөгийн хохирол төлөгдөх хүртэл хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна.  

Шүүгдэгч А.Тд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, түүнийг энэ өдрөөс эхлэн цагдан хорьж шийдвэрлэв.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1,  36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12 дугаар зүйлийн 1, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Ш т овогт А-ийн Тийг “Хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглах аргаар бусдын эд хөрөнгийг өөртөө шилжүүлэн авч залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5-д заасныг журамлан шүүгдэгч А.Тд урьд Баян-Өлгий аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 сарын 25-ны өдрийн 157 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, А.Тий урьд үйлдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар 400 /дөрвөн зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар 6 /зургаа/ сарын хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1,  2 дахь хэсгийн 2.2, 6.9 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч А.Тд оногдуулсан 6 сарын хорих ял дээр урьд хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, шинээр оногдуулсан 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцон, 50 хоногийн хорих ялаар сольж, нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 6 /зургаа/ сар, 50 /тавь/ хоногийн хугацаагаар  тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгчид оногдуулсан 6 сар, 50 хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч А.Т нь гэмт хэргийн хор уршигт  хохирогч П.Дид 100.000 төгрөг, Б.Аад 300.000 төгрөг,Б.Дд 100.000 төгрөг, Ж.Дид 75.000 төгрөг, П.Жд 35.000 төгрөг, нийт 610.000 (зургаан зуун арван мянга)-н төгрөг тус тус төлснийг дурдаж, шүүгдэгч А.Тээс гэмт хэргийн хохирол, хор уршигт  900.000 (есөн зуун мянга)-н төгрөг гаргуулан Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, Холбоо толгой 36 гудамжны 928 тоотод оршин суух хаягтай, УХ95052879 регистртэй, (утасны дугаар 99098799, 9511899) Боржигон овогтой Ариунтөмөрийн Нямдоржид олгосугай.

6. Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцон ирүүлсэн зүйлгүй, иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдаж, А.Тий ашиглаж байгаа, Хятад улсад үйлдвэрлэсэн, Realme 5i загварын, 300.000 төгрөгийн албан ёсны үнэлгээ бүхий гар утсыг битүүмжилсэн Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2021 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 21 дугаартай тогтоолыг энэ шийтгэх тогтоолын 5 дахь заалт биелэх хүртэл хэвээр үлдээсүгэй.

7. Шүүгдэгч А.Тд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Б.Б     

 

 

[1] 1-р хх-ийн 162-р тал

[2] 1-р хх-ийн 83-р тал

[3] 1-р хх-ийн 142-147-р тал

[4] 1-р хх-ийн 148-р тал

[5] 1-р хх-ийн 68-71-р тал

[6] 1-р хх-ийн 124-126-р тал

[7] 1-р хх-ийн 31-32-р тал

[8] 1-р хх-ийн 152, 156-157-р тал

[9] 1-р хх-ийн 80-р тал

[10] 1-р хх-ийн 100-103-р тал

[11] 1-р хх-ийн 41-44-р тал

[12] 1-р хх-ийн 108-109,111,115,119-120-р тал

[13] 1-р хх-ийн 172-173-р тал

[14] 1-р хх-ийн 61-р тал

[15] 1-р хх-ийн 20-27-р тал

[16] 1-р хх-ийн 31-39-р тал

[17] 1-р хх-ийн 18-19-р тал

[18] 1-р хх-ийн 178-179-р тал

[19] 1-р хх-ийн 202-203-р тал, шүүх хуралдааны тэмдэглэл