Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 183/ШШ2023/01788

 

 

 

 

 

 

 

2023 оны 5 сарын 31 өдөр Дугаар 183/ШШ2023/01788 Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гончигсумлаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

НэхэмжлэгчБаянгол дүүргийн ** хороо, * хороолол, ** гудамж ** тоотод оршин суух, Х овогт Д.Ч /РД:*/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүргийн * хороо, ** хороолол, ** гудамж ** байр * тоотод оршин суух Х овогт Б.О /РД:***/-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: 17,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.А,

Хариуцагч Б.О,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сувданчимэг нар оролцов.

Нэхэмжлэлийг 2023 оны 03 дугаар сарын 30ы өдөр хүлээн авав.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Д.Ч нь 17,000,000 төгрөг гаргуулах  гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Иргэн Д.Ч нь 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Б.Отэй "Зээлийн гэрээ" байгуулж түүнд 17,000,000 төгрөгийг 8 сарын хугацаатайгаар, хүүгүй, барьцаагүйгээр зээлсэн. Гэвч Б.О нь "Зээлийн гэрээ"-ний үүргээ зөрчиж гэрээнд заасан хугацааг зөрчин өнөөдрийг хүртэл зээлсэн мөнгөө төлөөгүй байна. "Зээлийн гэрээ"-ний 5.2. дахь хэсэгт талууд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирлыг зөрчсөн тал хариуцна гэсний дагуу зээлийн гэрээний үүргээ зөрсөн Б.Оээс 17,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү. гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах нь хариуцагч Д.Ч нь 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Б.Отэй зээлийн гэрээ байгуулж түүнд 17,000,000 төгрөгийг 8 сарын хугацаатайгаар, хүүгүй, барьцаагүйгээр зээлсэн. Гэвч Б.О нь зээлийн гэрээний үүргээ зөрчиж гэрээнд заасан хугацааг зөрчин өнөөдрийг хүртэл зээлсэн мөнгөө төлөөгүй байна. Зээлийн гэрээний 5.2 дах хэсэгт талууд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирлыг зөрчсөн тал хариуцна гэсний дагуу зээлийн гэрээний үүргээ зөрчсөн Б.Оээс 17,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Өмнө зээлсэн зээлийн төлбөрөөс одоогийн байдлаар нийт 17,000,000 төгрөгийг үлдэгдэл үлдсэн учраас тус төлбөрийг шаардаж байгаа. гэв.

2.Хариуцагч Б.О шүүхэд гаргасан хариу тайлбартаа: 2023 оны 5 дугаар сарын 1-ний өдөр хүлээн авсан нэхэмжлэлд иргэн Д.Чгаас 2021.11.11-өдрөөс 2021.12.22-ны өдөр хүртэл 3 удаагийн давтамжтайгаар 19,500,000 төгрөг ам хэлцлээр 10% хүүтэй аваад 7 удаагийн төлөлтөөр 19,840,000 төгрөг болгон дансанд нь хийсэн нотлох баримт Хаан банкны дансны хуулгыг хамт хүргүүлэв. Өөрийн дансны хуулга бүрэн хавсаргасан ба 2022-04-18-ны өдөр нөхөр Б М данснаас Чгийн *** дансруу 4,800,000 төгрөг шилжүүлснээр миний бие 19,840,000 төгрөг өгсөн байна. 2022.12.22-ны өдөр хуурамчаар хийгдсэн зээлийн гэрээнд хүүгүй барьцаагүй зээлдүүлсэн гэх боловч миний дансруу орж ирээгүй бас бэлнээр ч авч өгөлцөөгүй болно. Энэ гэрээг нотлох баримт гаргаж өгөхийг буюу яг энэ өдөр иргэн миний бие ямар дансаар болон өгснийг тодруулахыг хүсэж байна. гэжээ.

Хариуцагч Б.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2022 оны 12 сард хийсэн нотариатаар батлуулснаас хойш Д.Ч миний дансанд мөнгө хийгээгүй болон 2022 онд би ямар мөнгө аваагүй учир үүнийг нотлох зүйл байна байгаа юу, 2021 оны 11 дүгээр сарын 11, 2021 оны 11 дүгээр сарын 18, 2021оны 12 дугаар сарын 22-нд авсан мөнгөө 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс хойш төлж барагдуулсан. Үүнээс хойш 2022 онд миний дансанд мөнгө ороогүй болон бэлэн өгөөгүй болно. Анх хөршийн найзууд байсан явцын дундаа гэр бүлийн найзууд болсон 2021 онд миний бизнес амжилттай явж байх үед гаалийн татварын мөнгө хэрэг болсон учир Д.Чгаас 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 13,000,000 төгрөг зээлсэн. Түүний дараа 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 4,500,000 төгрөг зээлсэн. 2021 оны 12 дугаар сарын 22-ний өдөр 2,000,000 төгрөгийг 3 удаагийн давтамжтайгаар 19,500,000 төгрөг зээлсэн. Тухайн зээлийн ковид цар тахлын үе таарсан учир 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс эхэлж 7 удаагийн давтамжтайгаар нийт 19,840,000 төгрөгийг 2021 оны 12 дугаар сарын 12-нд 1,500,000 төгрөг, 2022 оны 01 дүгээр сарын 10-нд 1,450,000 төгрөг, 2022 оны 01 дүгээр сарын 13-нд 160,000 төгрөг, 2022 оны 01 дүгээр сарын 21-нд 1,950,000 төгрөг, 2022 оны 02 дугаар сарын 16-нд 6,980,000 төгрөг, 2022 оны 03 дугаар сарын 16-нд 3,000,000 төгрөг, 4 дүгээр сарын 18-нд 4,800,000 төгрөгийг тус тус дансаар шилжүүлсэн. гэв.

3.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, 2022 оны 12 сарын 22-ны өдрийн ** дугаартай Зээлийн гэрээний хуулбар, Б.Оийн Хур системээс авсан иргэний үнэмлэхийн лавлагаа, хүсэлт

Хариуцагчаас гадаад паспортын хуулбар, хариу тайлбар, Хаан банк дахь өөрийн Депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Б.Мийн Депозит дансны дэлгэрэнгүй хуулга зэрэг нотлох баримтыг шүүхэд ирүүлжээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтууд, зохигчдын тайлбарыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Ч нь хариуцагч Б.От холбогдуулан 17,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.

1.Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

2.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Д.Ч нь 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Б.Отэй "Зээлийн гэрээ" байгуулж түүнд 17,000,000 төгрөгийг 8 сарын хугацаатайгаар, хүүгүй, барьцаагүйгээр зээлсэн. Гэвч Б.О нь "Зээлийн гэрээ"-ний үүргээ зөрчиж гэрээнд заасан хугацаанд төлбөрөө барагдуулаагүй. Иймд зээлийн гэрээний үүрэгт 17,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

3.Хариуцагч хариу тайлбартаа Д.Чгаас 2021.11.11-өдрөөс 2021.12.22-ны өдөр хүртэл 3 удаагийн давтамжтайгаар 19,500,000 төгрөг аваад буцаагаад 19,840,000 төгрөг болгон өгсөн. Зээлээ төлсөн. 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн зээлийн гэрээний дагуу надад ямар мөнгө орж ирээгүй. Иймд би нэхэмжлэлийг зөвшөөрөөгүй. гэв.

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

4.1.Нэхэмжлэгч Д.Ч болон Б.О нар нь 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдөр ** дугаартай зээлийн гэрээ байгуулжээ. Тус зээлийн гэрээгээр Д.Ч нь 17,000,000 төгрөгийг 8 сарын хугацаатай Б.От шилжүүлэхээр талууд тохиролцсон.

Гэвч талуудын хооронд хүчин төгөлдөр зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлгүй байна.

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-д Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно. гэж заасан ба тус гэрээний дагуу зээлдэгч Д.Чгаас 17,000,000 төгрөгийг Б.От шилжүүлсэн болох нь баримтаар тогтоогдохгүй байна.

4.2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд Өмнө хэд хэдэн удаа зээл олгосон бөгөөд уг зээлийн төлбөрийн үлдэгдэл 17,000,000 төгрөг болсон. Уг зээлээс үлдсэн төлбөр 17,000,000 төгрөгийг гаргуулна гэж, хариуцагч Б.О өмнө зээлсэн төлбөрийг бүрэн төлсөн. 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн зээлийн гэрээний дагуу ямар ч мөнгө орж ирээгүй гэж талууд мэтгэлцэж байна.

Хэрэгт авагдсан Б.Оийн депозит дансны дэлгэрэнгүй хуулганаас үзвэл нэхэмжлэгч Д.Чимэгээгийн 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 13,000,000 төгрөг, 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 4,500,000 төгрөг, 2021 оны 12 дугаар сарын 22-ний өдөр 2,000,000 төгрөг буюу нийт 17,500,000 төгрөгийг Б.Оийн дансруу шилжүүлжээ.

Харин хариуцагч Б.О зээлийн гэрээний үүрэгт өөрийн Хаан банк дахь ** тоот данснаас 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр 1,950,000 төгрөг, 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдөр 6,980,000 төгрөг, 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдөр 3,000,000 төгрөг, Б.Мийн *** тоот данснаас 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр 4,800,000 төгрөгийг нэхэмжлэгч Д.Чгийн *** тоот дансруу тус тус шилжүүлсэн байна. Мөн Хаан банк дахь 5031697496 тоот данс руу 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 1,500,000 төгрөг, 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 1,450,000 төгрөг, 2022 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр 160,000 төгрөгийг шилжүүлжээ.

Дээр дурдсан 19,840,000 төгрөг нэхэмжлэгчид шилжсэн талаар талууд маргаагүй.

4.3.Дээр дурдсан 4.2-д дурдсан зээлийн гэрээний харилцаа буюу үүрэг нь талуудын байгуулсан 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн ** дугаартай зээлийн гэрээ байгуулагдахаас өмнө буюу тус зээлийн гэрээний 3.4-д заасан 2022 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө дуусгавар болжээ. Өөрөөр хэлбэл талуудын өмнө байгуулсан зээлийн гэрээний үүргийг хожим байгуулсан зээлийн гэрээнд хамааруулан үзэх боломжгүй.

Иймд хариуцагчийн тайлбар үндэслэлтэй байна.

5.Талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдаагүй тул зээлийн гэрээний үүргийн харилцаа үүссэн гэж үзэхгүй. Мөн нэхэмжлэгчээс хариуцагчид мөнгө, эд хөрөнгийг шилжүүлсэн болох нь баримтаар тогтоогдохгүй байх тул хариуцагчийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэхгүй.

Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасан хэмжээгээр тооцож хуваарилах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 281 дугаар зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4-д зааснаар нэхэмжлэгч Д.Чгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 242,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ГОНЧИГСУМЛАА