Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 08 сарын 02 өдөр

Дугаар 210/МА2023/01515

 

 

2023 08 02 210/МА2023/01515

Д.Ч-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч Э.Золзаяа, Д.Бямбасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 183/ШШ2023/01788 дугаар шийдвэртэй,

Д.Ч-ийн нэхэмжлэлтэй

Б.О-т холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 17,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Бямбасүрэн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гүррагчаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь: 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга:

1.1. Д.Ч нь 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Б.О-тэй зээлийн гэрээ байгуулж, 17,000,000 төгрөгийг, 8 сарын хугацаатай, хүүгүй, барьцаагүй зээлсэн. Б.О нь зээлийн гэрээний үүргээ зөрчиж гэрээнд заасан хугацааг зөрчин өнөөдрийг хүртэл зээлсэн мөнгөө төлөөгүй. Иймд зээлийн гэрээний дагуу Б.О-ээс 17,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. Иргэн Д.Ч-гаас 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хүртэл 3 удаагийн давтамжтай 19,500,000 төгрөгийг аман хэлцлээр 10 хувийн хүүтэй аваад 7 удаагийн төлөлтөөр 19,840,000 төгрөг болгон дансанд нь хийсэн. Мөн 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр нөхөр Б.М-ийн данснаас Д.Ч-ийн 5063109883 тоот дансанд 4,800,000 төгрөг шилжүүлснээр би 19,840,000 төгрөг өгсөн байна.

2.2. 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хуурамчаар хийгдсэн зээлийн гэрээнд хүүгүй барьцаагүй зээлдүүлсэн боловч мөнгө авч өгөлцөөгүй. 2022 оны 12 дугаар сард нотариатаар батлуулснаас хойш Д.Ч миний дансанд мөнгө хийгээгүй. 2021 оны 11 дүгээр сарын 11, 2021 оны 11 дүгээр сарын 18, 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдөр авсан мөнгөө 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс хойш төлж барагдуулсан.

2.3. 2021 онд миний бизнес амжилттай явж байх үед гаалийн татварын мөнгө хэрэг болсон учир Д.Ч-гаас 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 13,000,000 төгрөг зээлсэн. Түүний дараа 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 4,500,000 төгрөг зээлсэн. 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 2,000,000 төгрөгийг 3 удаагийн давтамжтайгаар 19,500,000 төгрөг зээлсэн. Тухайн зээл Ковид цар тахлын үе таарсан учир 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс эхэлж 7 удаагийн давтамжтай 19,840,000 төгрөгийг 2021 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 1,500,000 төгрөг, 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 1,450,000 төгрөг, 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр 160,000 төгрөг, 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр 1,950,000 төгрөг, 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдөр 6,980,000 төгрөг, 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдөр 3,000,000 төгрөг, 04 дүгээр сарын 18-ны өдөр 4,800,000 төгрөгийг тус тус дансаар шилжүүлсэн болно гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 281 дугаар зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4-д зааснаар нэхэмжлэгч Д.Ч-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 242,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

4.1. 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдөр байгуулсан 0969 дугаартай зээлийн гэрээ нь хүчин төгөлдөр бөгөөд нотариатч гэрчилсэн, талууд сайн дураар гарын үсэг зурж баталгаажуулсан, гэрээний 3.4-д төлбөрийг бэлнээр хийсэн гэж бичсэн байхад анхан шатны шүүх зээлийн гэрээг байгуулаагүй гэж үзсэн нь учир дутагдалтай.

4.2. Мөн шүүх хуралдаанд хариуцагч хүү, алданги төлөхөд татгалзах зүйлгүй гэж харин өндөр хүү төлөхгүй гэж маргасан байхад зээл төлөгдсөн мэтээр шүүх дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй. Ямар үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь тодорхойгүй.

4.2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3 дахь хэсэгт Шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг энэ хуулийн 118 дугаар зүйлд заасны дагуу бүрэн эхээр нь бичгээр үйлдэж, шүүгч, шүүх бүрэлдэхүүн гарын үсэг зурна гэж заасан байхад шүүхээс гардуулж өгсөн шүүхийн шийдвэр нь хэргийг хянан шийдвэрлэсэн шүүгчийн гарын үсэг байхгүй, тухайн шүүхийн тамга, тэмдэг дарагдаагүй нь иргэний хэрэг эцэслэн шийдвэрлэгдсэн гэж үзэх үндэслэлгүй.

Иймд шийдвэрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасан үндэслэлээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 5. Давж заалдах шатны шүүхэд хариуцагч тал тайлбар гаргаагүй болно.

 ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянаад анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээв.

 2. Нэхэмжлэгч Д.Ч нь хариуцагч Б.О-т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 17,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ. /хх-1/

 3. Хэргийн үйл баримтын талаар:

3.а. Талуудын хооронд 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээгээр нэхэмжлэгч Д.Ч нь 17,000,000 төгрөгийг 8 сарын хугацаатай хариуцагч Б.О-т зээлдүүлэхээр тохиролцжээ.

3.б. Нэхэмжлэгч нь 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн хооронд 17,500,000 төгрөгийг хариуцагчид, хариуцагч нь 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн хооронд 19,840,000 төгрөгийг нэхэмжлэгчид шилжүүлсэн үйл баримт нь зээлийн гэрээ байгуулагдахаас өмнөх цаг хугацаанд хамаарч байна./хх-4/

 4. Талууд зээлийн гэрээг бичгээр байгуулж, нотариатаар гэрчлүүлэн гэрээний 3.4-т бэлнээр 2022-06-01-ний өдөр зээлдэгчид хүлээлгэн өгсөн гэж заасан байх боловч зээлдүүлэгч нь 17,000,000 төгрөгийг зээлдэгчид шилжүүлэн өгсөн гэх баримтаа хэрэгт гаргаагүй байна.

4.а. Иймд анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээний харилцаа үүсээгүй талаар хийсэн дүгнэлт үндэслэлтэй.

4.б. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй тул шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй.

4.в. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан шийдвэр хэрэгт авагдсан байх тул анхан шатны шүүхээс гардуулж өгсөн шийдвэр нь хэргийг хянан шийдвэрлэсэн шүүгчийн гарын үсэггүй, шүүхийн тамга дарагдаагүй нь хэргийг эцэслэн шийдвэрлэгдсэн гэж үзэхгүй гэх агуулгаар гаргасан давж заалдах гомдлыг хангах боломжгүй.

 5. Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 183/ШШ2023/01788 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 242,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

  

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ш.ОЮУНХАНД

ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА

 Д.БЯМБАСҮРЭН