Шүүх | Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Лидагийн Одбаатар |
Хэргийн индекс | 159/2022/0001/З |
Дугаар | 159/ШШ2023/0035 |
Огноо | 2023-05-08 |
Маргааны төрөл | Ашигт малтмал, |
Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 05 сарын 08 өдөр
Дугаар 159/ШШ2023/0035
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 159/2022/0001/3
Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Одбаатар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “Хүннү стийл” ХХК
Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Засаг дарга
Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Засаг дарга
Нэхэмжлэлийн шаардлага: “Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн А/104 дугаартай захирамжийн хавсралтаар “Ундарга капитал” ХХК-нд “Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл”-г олгохдоо “Хүннү стийл” ХХК-ийн эзэмшил газартай 2.4 га газраар давхцуулсан хэсгийг хүчингүй болгох” тухай
Гуравдагч этгээдийн бие даасан шаардлага: “Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Засаг даргын 2011 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 225 дугаартай захирамжийн “Хүннү стийл” ХХК-нд холбогдох хэсгийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1 дэх заалтын дагуу хүчингүй болгох” тухай тус тус шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Амартүвшин, хариуцагчийн итггэмжлэгдсэн төлөөлөгч *******, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, ******* /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Хүннү стийл” ХХК-нд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Засаг даргын 2011 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 225 дугаартай захирамжаар 4.73 га газрыг үр тариа тарих зориулалтаар эзэмшүүлжээ.
Гэтэл Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2017 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн А/104 дугаартай захирамжаар “Ундарга капитал” ХХК-нд “Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл”-ийн талбайг олгохдоо нэхэмжлэгч “Хүннү стийл” ХХК-ийн эзэмшлийн газартай давхцуулан талбай олгожээ.
Иймд нэхэмжлэгчээс “Хүннү стийл” ХХК-иас Сэлэнгэ аймгийн Засаг даргад холбогдуулан “Ундарга капитал” ХХК-нд түгээмэл тархацтай ашигт малтмалын талбай олгохдоо давхцуулан газар олгохдоо манай эзэмшлийн газартай давхцуулсан тул холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар шүүхэд хандаж маргаж байна.
“Хүннү стийл” ХХК-ийн зүгээс Сэлэнгэ аймгийн Засаг дарга болон “Ундарга капитал” ХХК-ийн хоорондын маргаан шүүхээр эцэслэн шийдвэрлэгдэх хүртэл нэхэмжлэл гаргах асуудлыг түр орхисон байсан. 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдөр тус шүүхийн шүүгчийн туслахаас өөрийн өмгөөлөгчөөрөө дамжуулан дээрх маргааныг шийдэрлэсэн шийдвэрт хариуцагчийн зүгээс давж заалдах гомдол гаргаагүй, шийдвэр нь хүчин төгөлдөр болсон гэдгийг мэдсэн учраас нэхэмжлэл гаргаж байгаа болно. Сэлэнгэ аймгийн Засаг даргын зүгээс 2017 онд “Ундарга капитал” ХХК-нд “Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл”-ийг олгохдоо манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн талаар албан ёсоор мэдэгдээгүй, “Ундарга капитал” ХХК-ийн хувьд давхацсан газар дээрээ ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй учраас хэдэн га газар давхцуулж олгосон эсэх асуудлыг мэдээгүй байсан. Манай компанийн зүгээс 2021 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Сэлэнгэ аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт Сэлэнгэ аймгийн Засаг даргын зүгээс 2017 онд “Ундарга капитал” ХХК-нд “Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл”-ийг олгохдоо манай компанийн газартай давхцсан эсэх талаарх лавлагааг албан ёсоор гаргуулахаар хүсэлт гаргасан. Тухайн хүсэлтийг гаргах болсон үндэслэл нь Засаг дарга болон эрх бүхий төрийн байгууллагуудын зүгээс дээрх газрыг “Ундарга капитал” ХХК-нд олгосон нь манай эрх ашиг, сонирхлыг зөрчсөн эсэхийг мэдэх зорилгоор гаргасан болно.
Үүний дагуу 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн газрын албаны хариу албан бичгээр “... Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Засаг даргын 2011 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 225 дугаартай захирамжаар үр тарианы зориулалтаар олгосон “... Хуст уулын зүүн талд байрлалтай 4.73 га газар нь Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2017 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн А/104 дугаартай захирамжаар “Ундарга капитал” ХХК-нд “Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл”-тэй талбайтай 2.4 га газар нь давхцалтай байна.” гэсэн албан ёсны хариуг авсан болно. Иймд манай компанийн газар эзэмших эрхтэй холбоотой ашиг сонирхол дээрх эрх бүхий байгууллагын тодорхойлолтын агуулгаар зөрчигдсөн шинжтэй байх тул тус шүүхэд зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр нэхэмжлэл гаргаж байна. Иймд Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2017 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн А/104 дугаартай захирамжийн хавсралтаар “Ундарга капитал” ХХК-нд “Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл”-г олгохдоо “Хүннү стийл” ХХК-ийн эзэмшил газартай 2.4 га газраар давхцуулсан хэсгийг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.
Гуравдагч этгээд “Ундарга капитал” ХХК-иас шүүхэд ирүүлсэн бие даасан шаардлагадаа: “...“Хүннү стийл” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Сэлэнгэ аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийн гуравдагч этгээд “Ундарга капитал” ХХК-ийн зүгээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэг, 22.3 дахь хэсэгт тус тус заасны дагуу “Хүннү стийл” ХХК-нд газар эзэмших эрх олгосон Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Засаг даргын 2011 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 225 дугаартай захирамжийг хүчингүй болгуулахаар бие даасан шаардлага гаргаж байна. Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Засаг даргаас “Хүннү стийл” ХХК-нд газар эзэмших эрх олгосон Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Засаг даргын 2011 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 225 дугаартай захирамжийг Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт “Захиргааны актыг хаяглагдсан этгээд болон эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд хуульд заасан журмын дагуу мэдэгдэнэ. Захиргааны актыг мэдэгдэх ажиллагааг түүнийг гаргасан захиргааны байгууллага хариуцна” гэж заасны дагуу манай компанид огт мэдэгдэж байгаагүй бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр оролцож хэргийн материалтай танилцах үеэрээ энэхүү хууль бус захирамжийн талаар олж мэдсэн болно.
Улмаар манай компаниас Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Засаг даргын 2011 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 225 дугаартай захирамжийг хүчингүй болгуулахаар дээд шатны албан тушаалтан болох Сэлэнгэ аймгийн Засаг даргад Захиргааны ерөнхий хуулийн 92-94 дүгээр зүйлд заасны дагуу урьдчилан шийдвэрлүүлэх журмаар 2022 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн № 22/11 тоот албан бичгээр гомдол гаргасан хэдий ч Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2022 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн “Хариу хүргүүлэх тухай” №01/908 тоот албан бичгээр захиргааны актад гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан, “Хүннү стийл” ХХК-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэрэгт танай компани гуравдагч этгээдээр оролцож байгаа бөгөөд шүүхээр эцэслэн шийдвэрлэгдээгүй байгаа тул гомдлыг хүлээн авч шийдвэрлэх боломжгүй байна” гэсэн агуулга бүхий үндэслэлгүй хариуг хүргүүлсэн болно.
Захиргааны ерөнхий хуулийн 92 дугаар зүйлийн 92.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол иргэн, хуулийн этгээдээс түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзвэл холбогдох захиргааны актыг хууль болон зорилгодоо нийцэж байгаа эсэх талаар хянуулахаар гомдол гаргах эрхтэй”, 94.1-д “Захиргааны актыг энэ хуульд заасан журмын дагуу мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор гомдлыг хянан шийдвэрлэх захиргааны байгууллагад гаргана” гэж тус тус заасан байна. Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Засаг даргын 2011 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 225 дугаартай захирамжийг мэдэгдэх үүргийг захиргааны актыг гаргасан төрийн захиргааны байгууллага, албан тушаалтан хуулиар хүлээсэн бөгөөд хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр гомдлыг хүлээн авч шийдвэрлээгүй дээд шатны албан тушаалтан Сэлэнгэ аймгийн Засаг даргын үйлдэл хууль бус байна.
Мөн Монгол Улсын Үндсэн хууль, Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хууль, Захиргааны ерөнхий хууль 92 дугаар зүйлийн 92.1-д заасны дагуу хүн, хуулийн этгээдээс өөрийн зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг сэргээлгэхээр дээд шатны байгууллага, албан тушаалтанд гомдол гарган хандах эрхтэй байтал хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр оролцож байгаа гэх үндэслэлийг дурьдаж байгаа нь учир дутагдалтай байна. “Ундарга капитал” ХХК нь Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2017 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн А/104 дугааар захирамжаар Сэлэнгэ аймгийн Ерөө сумын “Их хөндий” нэртэй газарт 215.63 га талбайд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг эзэмшдэг. Улмаар Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2018 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн А/289 дугаартай захирамжаар дээрх захирамжийг Засаг дарга нь өөрөө хүчингүй болгож шийдвэрлэсэн боловч манай компаниас эс зөвшөөрч, шүүхэд нэхэмжлэл гаргасны дагуу Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 17 дугаартай шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь хуулийн хүчин төгөлдөр болсон байна.
Гэтэл “Хүннү стийл” ХХК-ийн зүгээс манай компанийн түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг олгосон Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2017 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн А/104 дугаар захирамжийг хүчингүй болгуулахаар шүүхэд хандсан байх бөгөөд нэхэмжлэлийн үндэслэлээ “... “Ундарга капитал” ХХК-нд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон “Хүннү стийл” ХХК-ийн үр тариа тарих зориулалт бүхий эзэмшил газартай 2.4 га газраар давхацсан тул хүчингүй болгуулж өгнө үү” гэсэн агуулгаар тайлбарласан байна. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга дараахь тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно”, 40.1.1-д “эрхийн гэрчилгээ эзэмшигч Газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн”, 40.1.5-д “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй”, 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэж тус тус заасан.
Манай компанийг “Хүннү стийл” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Сэлэнгэ аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэрэгт гуравдагч этгээдээр татан оролцуулсан бөгөөд “Хүннү стийл” ХХК-нд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Засаг даргын 2011 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 225 дугаартай захирамжаар үр тариа тарих зориулалттай 4.73 га газрыг олгосноос хойш нэг ч удаа газар эзэмших эрх, үүргээ хэрэгжүүлж тухайн газраа зориулалтын дагуу ашиглаагүй байна. Мөн шүүхээс “Хүннү стийл” ХХК-ийн газар эзэмших эрхтэй холбоотой бүхий л баримтыг нотлох баримтаар цуглуулсан боловч газрын төлбөр төлсөн баримт байхгүй байгаа бөгөөд тус компаниас Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргилд хандан өөрийн үр тариа эзэмшиж буй газартайгаа давхцуулан түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай звөшөөрлийг хүссэн өргөдлийг гаргасан байна. “Хүннү стийл” ХХК нь 2011 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Сэлэнгэ аймгийн Ерөө сумын газрын асуудал эрхэлсэн албан тушаалтан Э.Ариунбаттай “Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ”-г байгуулсан ба уг гэрээний 3.1-д “гэрээний нөхцөлийн дагуу газрыг эзэмшиж, ашиглах” гэж заасныг зөрчиж түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн нь гэрээний нөхцөл, болзлыг ноцтой зөрчсөн гэх үндэслэлд хамаарахаар байна. Үүнээс үзэхэд “Хүннү стийл” ХХК-ийн газрын төлбөрөө жил бүр урьдчилан төлөөгүй, газар эзэмших гэрээний болзлыг удаа дараа ноцтой зөрчсөн, тухайн газраа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2 жил дараалан ашиглаагүй зэрэг зөрчил нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.5, 40.1.6-д тус тус заасан газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэлд хамаарахаар байна. Иймд дээр дурьдсан үндэслэлүүдээр Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Засаг даргын 2011 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 225 дугаартай захирамжийн “Хүннү стийл” ХХК-нд холбогдох хэсгийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1 дэх заалтын дагуу хүчингүй болгож, гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “... Нэхэмжлэгч буюу “Хүннү стийл” ХХК-ийн үр тарианы зориулалт бүхий талбайтай давхцалтай гэх “Ундарга капитал” ХХК нь 2017 оны 01 дүгээр сарын 24-ны өдрийн 07/78 тоот албан бичгээр аймгийн Засаг даргад түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргасан.
Уг хүсэлтийг үндэслэн Тугээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.4 дэх заалтад заасан ажиллагааг хийж Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын бүртгэлийн системд хүсэлт бүхий солбилцлыг цахим хэлбэрээр хүргүүлсэн. Ашигт малтмал, газрын тосны газрын 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 7/1474 тоот “Дүгнэлт хүргүүлэх тухай” албан бичгээр “Ундарга капитал” ХХК-нд тусгай зөвшөөрөл олгох боломжтой талаар дүгнэлт ирүүлснийг үндэслэн тусгай зөвшөөрөл олгогдсон. “Ундрага капитал” ХХК-нд тусгай зөвшөөрлийг олгохдоо аймгийн Засаг даргын Тамгын газраас Ерөө сумаас газрын давхцалтай эсэх, мөн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас санал аваагүй олгосон буруутай үйлдлээ залруулж аймгийн Засаг даргын 2018 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн А/289 дугаар захмрамжаар хүчингүй болгосон боловч тус компани нь шүүхэд нэхэмжлэл гаргаж аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 17 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийг шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул “Хүннү стийл” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг эс хүлээн зөвшөөрч байна.
“Хүннү стийл” ХХК-ий аймгийн Засаг даргад хандсан 2021 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 09/06 тоот албан бичгийг үндэслэн аймгийн Засаг даргын 2021 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 02/855 тоот албан бичгээр Ерөө сумын Засаг даргын Тамгын газарт “Мэдээлэл ирүупэг тухай” албэн топтыг хүргүүлсэн болно. Ерөө сумын Засаг даргын Тамгын газрын 2021 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 163 тоот албан бичгээр “Ундрага капитал” ХХК-ийн хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий талбай нь “Хүннү стийл” ХХК-ийн үр тарианы зориулалт бүхий “4301003249 нэгж талбарын дугаартай 4.7 га “Их шинэстэй” ХХК-ийн үр тарианы зориулалт бүхий 4301001006 нэгж талбарын дугаартай 14.4 га, 4301001007 нэгж талбарын дугаартай 118 га, 4301001010 нэгж талбарын дугаартай 28 га талбайнуудтай хэсэгчлэн давхцалтай гэсэн хариуг ирүүлсэн байна.” гэжээ.
Гуравдагч этгээд “Ундарга капитал” ХХК 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдөр шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “... “Хүннү стийл” ХХК-ийн Сэлэнгэ аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан “... Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2017 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн А/10 дугаартай захирамжийн хавсралтаар “Ундарга капитал” ХХК-нд Түгээмэл хацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг олгохдоо “Хүннү стийл” ХХК-ийн эзэмшил газартай 2.4 га газраар давхцуулсан хэсгийг хүчингүй болгуулах ...”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийн гуравдагч этгээд “Ундарга капитал” ХХК-ийн зүгээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, түүний хууль зүйн үндэслэлийг эс зөвшөөрч дараахь үндэслэлээр хариу тайлбар гаргаж байна.
Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2017 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн А/104 дугаар захирамжаар Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийг үндэслэн манай компанид Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг дэвсгэрт байрлах хөндий нэртэй талбайд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөөрлийг олгосон. Уг тусгай зөвшөөрлийн хүрээнд манай компани нь Монгол Улсад хүчин төгөлдөр дөгдөж буй хууль, журамд нийцүүлэн үйл ажиллагаа явуулж ирсэн ба Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2018 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн А/289 дугаар захирамжаар манай компанид түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон А/104 дугаар захирамжийг хууль бусаар хүчингүй болгож шийдвэрлэсэн байдаг.
Улмаар “Ундарга капитал” ХХК-ийн зүгээс “Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2018 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн А/289 дугаар захирамжийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн шүүхэд гаргасан бөгөөд Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж, тус шүүхийн шийдвэрт хэргийн оролцогчдын хэн аль нь гомдол гаргаагүй тул хуулийн хүчин төгөлдөр болсон.
1. Нэхэмжлэгч “Хүннү стийл” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ”... Манай компанийн эзэмшиж буй дээрхи газартай давхцуулж олгосон асуудлын талаар бус байдлаар хүнээс сонсож энэ талаар холбогдох байгууллагад хандахаар бэлтгэж байх зуур 2018 онд Сэлэнгэ аймгийн Засаг дарга нь “Ундарга капитал” ХХК-нд олгосон ... тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон гэдгийг сонссон ... “Хүннү стийл”-ийн зүгээс Сэлэнгэ аймгийн Засаг дарга болон “Ундарга капитал” ХХК-ийн хоорондын маргаан шүүхээр эцэслэн шийдвэрлэгдэх хүртэл нэхэмжлэл гаргах асуудлыг түр орхисон байсан” гэжээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт “Хуульд өөрөөр заагаагүй, захиргааны үйл ажиллагаанд гомдол гаргах ажиллагаа Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу явагдсан бол дараах тохиолдолд шийдвэрийг мэдэгдсэнээс хойш Захиргааны хэргийн шүүхэд 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргана.”, 14.4 дэх хэсэгт “Дээд шатны захиргааны байгууллага, гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллага байхгүй бол шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор нэхэмжлэлийг шууд шүүхэд хандана.”, 54 дүгээр зүйлийн 54.1.8 дах хэсэгт “энэ хуулийн 14.1-14.4-т заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн” гэж тус тус заасан.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ дурьдсан дээрх үндэслэлээс үзэхэд манай компанид түгээмэл тархацтай хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2017 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн А/104 дугаар захирамжийг 2018 онд олж мэдсэн талаар дурьдсан байх ба 4 жилийн дараа шүүхэд хүчингүй болгуулахаар хандаж байгаа нь хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлд хамаарч байна. Өөрөөр хэлбэл, захиргааны эрх зүй нь бусад салбар эрх зүйгээс хөөн хэлэлцэх хугацааг харьцангуй багаар буюу шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг 30 хоногоор тооцож өгснөөрөө онцлогтой бөгөөд хэрэгт авагдсан үйл баримтаас үзэхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг сэргээсэн болон хөөн хэлэлцэх хугацааг сэргээх үндэслэл тогтоогдохгүй гэж гуравдагч этгээдийн зүгээс үзэж байна.
Мөн “Хүннү стийл” ХХК нь “Ундарга капитал” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Сэлэнгэ зймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд 2021 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр гуравдагч этгээдээр оролцуулахыг хүссэн хүсэлтийг гаргасан ба тус хүсэлтийг Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн шүүхийн шүүгчийн 2021 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 134 тоот захирамжаар хангахаас татгалзаж шийдвэрлэсэн. Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн шүүхийн шүүгчийн 2021 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 134 тоот захирамжийн захирамжлах хэсэгт Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1 дэх хэсэгт заасны дагуу 7 хоногийн дотор гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсан хэдий ч уг захирамжид “Хүннү стийл” ХХК нь гомдол гаргаагүй болно. “Хүннү стийл” ХХК-ийн 2021 оны 9 дүгээр сард гаргасан хүсэлтийн агуулга нь шинээр гаргасан нэхэмжлэлтэй нь мөн адил тариалангийн газартай давхацсан гэх үндэслэлийн талаар дурьддаг ба уг хүсэлт гаргасан хугацаанаас тооцоход ч нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн нь тодорхой тул нэхэмжлэлийг хүлээн авахаас заж шийдвэрлэж өгнө үү.
2.Нэхэмжлэгч “Хүннү стийл” ХХК нь Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Засаг даргын 2011 оны захирамжаар үр тариа тарих зориулалтаар газар эзэмших эрхтэй болсон. “Ундарга капитал” ХХК-нд хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайг олгохдоо манай компанийн эзэмшиж байсан газартай давхцуулан олгосон гэж марган шүүхэд нэхэмжлэл гаргадаг. “Хүннү стийл” ХХК-ийн үр тарианы газар болон “Ундарга капитал” ХХК-ийн түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн талбай нь өөр ондоо ямар нэгэн хэмжээгээр давхцал огт байхгүй бөгөөд газар эзэмших эрх олгогдсоноос хойш 10 гаруй жилийн хугацаанд үр тарианы зориулалтаар газраа огтхон ч эзэмшиж, ашиглаж байгаагүй болно. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Аймаг, нийслэл, сум, дүургийн Засаг дарга дараахь тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно”, 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэж зааснаас үзэхэд “Хүннү стийл” ХХК-ийн газар эзэмших, ашиглах эрхээ чөлөөтэй хэрэгжүүлэхгүй байгаа үйлдэл нь түүний газар эзэмших эрхийг хүчингүй болгох хангалттай үндэслэл болж байна.
Түүнчлэн Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Засаг дарга нь “Хүннү стийл” ХХК-нд газар ззэмших эрхийг олгохдоо Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т “энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ. Төсөл шалгаруулах, дуудлага худалдаа явуулах журмыг Засгийн газар тогтооно.” гэж заасныг ноцтой зөрчсөн болохыг шүүх анхаарч үзнэ үү.
“Ундарга капитал” ХХК-ийн зүгээс Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо сэргээлгэхээр хандаж маргаанаа шийдвэрлүүлж байх явцад “Хүннү стийл” ХХК-ийн зүгээс манай компанийн тусгай зөвшөөрлийн талбайтай давхцуулан болон өөрийн үр тарианы газартай давхцуулан түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг хүсч Ашигт малтмал, газрын тосны газарт хандсан зохисгүй үйлдлийг гаргасан бөгөөд уг нөхцөл байдлаас дүгнэн үзэхэд үр тарианы зориулалтаар газар эзэмших эрхээ хэрэгжүүлэх зорилгогүй байгаа нь тодорхой харагдана.
Нэхэмжлэгч “Хүннү стийл” ХХК нь газар эзэмших эрхийг үндэслэлгүйгээр хууль бусаар олж авсан, газрын давхцалгүй асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргасан, үр тарианы зориулалтаар газар эзэмших эрхээ хэрэгжүүлэхгүй байгаа зэрэг нөхцөл байдлаас дүгнэн үзэхэд Сэлэнгэ аймгийн Засаг даргын манай компанид түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон А/104 дугаар захирамж нь түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөж, зөрчөөгүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5-д нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй болон нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан” гэх үндэслэлд хамаарч байна.
3.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаар тодорхойлж буй Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2017 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн А/104 дугаар захирамжийг Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2018 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн А/289 дугаар захирамжаар хүчингүй болгож шийдвэрлэсэн. Харин Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2018 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн А/289 дугаар захирамжийг Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс хүчингүй болгож шийдвэрлэсэн ба хариуцагчийн зүгээс шүүхийн шийдвэрийг өнөөдрийг хүртэлх хугацаанд биелүүлээгүй байна.
Гэтэл нэхэмжлэгч нь хууль зүйн үйлчлэлгүй Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2017 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн А/104 дугаар захирамжийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3 дахь хэсэгт заасан аль үндэслэлд хамаарч байгаа нь ойлгомжгүй байх ба уг захирамжийг хүчингүй болгуулсанаар нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг хниохол хэрхэн сэргэх нь тодорхойгүй байна.
Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4-д “Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон болон нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэж заасан. Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2017 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн А/104 дугаар захирамж нь бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй, хууль зөрчиж гараагүй, захирамжийг Сэлэнгэ аймгийн Засаг дарга өөрөө хүчингүй болгосон нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн ба өмнө нь шийдвэрлэгдсэн асуудлаар дахин нэхэмжлэл гаргаж байгаа нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.6 хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлд хамаарна гэж гуравдагч этгээдийн зүгээс үзэж байна.
4.Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1-д “Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Ашигт малтмалын тухай, Газрын тухай, Газрын хэвлийн тухай, Байгаль орчныг хамгаалах тухай хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ”, Ашигт малтмалын тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1 дэх хэсэгт “Тусгай зөвшөөрөл эзэмшигч болон газар өмчлөгч, эзэмшигч, ашиглагчийн хооронд тухайн газарт нэвтрэн орох, дамжин өнгөрөх, ашиглах талаар гарсан маргааныг шүүх Иргэний хууль, Газрын тухай хуульд заасны дагуу шийдвэрлэнэ” гэж тус тус заасан.
Хуулийн энэхүү зохицуулалтаас үзэхэд тусгай зөвшөөрөл эзэмшигч “Ундарга итал” ХХК болон газар эзэмшигч “Хүннү стийл” ХХК нь газар эзэмших, ашиглах талаар гарсан аливаа маргааныг Иргэний хуульд заасны дагуу буюу иргэний хэргийн шүүхээр асуудлыг шийдвэрлүүлэхээр нарийвчилсан хууль тогтоомжид тодорхой заасан байх ба захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус асуудлаар Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандсан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасан нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлд хамаарна.
Иймд дээр дурьдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэл нь хууль зүйн үндэслэлгүй байх тул “Хүннү стийл” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Сэлэнгэ аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Хүннү стийл” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2017 оны 3 дугаар сарын 7-ны өдрийн А/104 дугаартай захирамжийн хавсралтаар “Ундарга капитал” ХХК-нд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг олгохдоо “Хүннү стийл” ХХК-ийн эзэмшил газартай 2.4 га газраар давхцуулан олгосон тул давхцуулсан хэсгийг хүчингүй болгуулахаар маргажээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдааны явцад гаргасан хариу тайлбартаа нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хүлээн зөвшөөрчээ.
Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд “Ундарга капитал” ХХК шүүхэд “Хүннү стийл” ХХК-нд газар эзэмших эрх олгосон Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Засаг даргын 2011 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 225 дугаартай захирамжийг хүчингүй болгуулахаар бие даасан шаардлага гаргасан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хуульд заасан журмаар цуглуулж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарууд, хэргийн газрын үзлэг, бусад нотлох баримтуудыг үнэлээд нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэг: “Хүннү стийл” ХХК-ийн эзэмшлийн 4.73 га газрын тухайд
Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Засаг даргын 2011 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 225 дугаартай захирамжаар “Хүннү стийл” ХХК-нд Ерөө сумын нутаг дэвсгэр Хулст уулын зүүн талд 4.73 га газрыг үр тарианы зориулалтаар эзэмшүүлэхээр шийдвэрлэж гэрээ байгуулан 0210320 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ олгожээ.
“Хүннү стийл” ХХК нь газар эзэмшүүлэх гэрээнд заасны дагуу 4.73 га үр тарианы зориулалттай газрын төлбөрийг хугацаанд нь төлж байсан болох нь Сэлэнгэ аймгийн Татварын хэлтсийн 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 1267 дугаартай албан бичгээр ирүүлсэн лавлагаа[1], эзэмшлийн 4.73 га газартаа 2011-2021 оны хооронд тариалалт хийж байгаагүй тухай Сэлэнгэ аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 446 тоот албан бичиг[2], “Хүннү стийл” ХХК-ийн эзэмшлийн 4.73 га газарт “Их шинэстэй” ХХК 2011 оноос хойш одоог хүртэл тариалангийн үйл ажиллагаа эрхэлж байгаа тухай Ерөө сумын Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 462 тоот албан бичиг[3], нэхэмжлэгч талаас шүүхэд “Хүннү стийл” ХХК-иас “Их шинэстэй” ХХК-нд 4.73 га газраа газар ашиглуулах гэрээний үндсэн дээр ашиглуулж байсан талаарх баримтууд болох гэрээнүүд[4], “Хүннү стийл” ХХК-ийн эзэмшлийн 4.73 га газарт “Их шинэстэй” ХХК нь тариалалт хийж байгаа талаар Сэлэнгэ аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын 2023 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 01/170 тоот албан бичиг[5] “Хүннү стийл” ХХК-ийн эзэмшлийн 4.73 га газарт 1992 оноос одоог хүртэл “Их шинэстэй” ХХК газар тариалангийн үйл ажиллагаа эрхэлж байгаа тухай Ерөө сумын Засаг даргын 2023 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 263 тоот албан бичиг, “Их шинэстэй” ХХК-ийн 2014-2022 он хүртэлх тариалалт болон ургац хураалтын мэдээ[6] зэрэг үйл баримтууд тогтоогдож байх бөгөөд гуравдагч этгээдийн бие даасан шаардлагад дурдсан “Хүннү стийл” ХХК нь газраа зориулалтын дагуу ашиглаагүй, газрын төлбөрөө төлөөгүй гэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Хоёр: Маргаан бүхий Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2017 оны А/104 дугаар захирамжийн тухайд
Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2017 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн А/104 дугаартай “Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох тухай” захирамжаар “Ундарга капитал” ХХК-нд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг “Их хөндий” нэртэй газарт 215.63 га талбайд түгээмэл тархацтай ашигт малтмал болох хайрга дайрга хайх зориулалтаар улсын бүртгэлийн 9011551009 тоот гэрчилгээтэй тусгай зөвшөөрлийг 3 /гурав/ жилийн хугацаагаар олгожээ.
Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2018 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн А/289 дугаартай захирамжаар “Ундарга капитал” ХХК-нд 2017 оны А/104 дугаартай захирамжаар олгосон түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т заасан үндэслэлээр хүчингүй болгосон байх бөгөөд Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 17 дугаартай шийдвэрээр Сэлэнгэ аймгийн Засаг даргын дээрх 2018 оны А/289 дугаартай захирамжийг Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасан дөрвөн үндэслэл бүрдээгүй байхад хүчингүй болгосон үндэслэлээр хүчингүй болгожээ.
Гуравдагч этгээд “Ундарга капитал” ХХК-иас 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 07/78 тоот албан бичгээр Сэлэнгэ аймгийн Засаг даргад хандан Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг “Их хөндий” нэртэй газарт 215.63 га талбайд дайрга эрж хайх зорилгоор түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч хүсэлт /хүсэлтэд холбогдох баримтыг хавсаргасан/ гаргажээ.
Ашигт малтмал, газрын тосны газрын шүүхэд ирүүлсэн 2021 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 8/3858 тоот албан бичиг, түүнд хавсаргасан баримт[7] болон 2022 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 8/1199 тоот албан бичиг, түүнд хавсаргасан баримтаар[8] тус газар нь “Ундарга капитал” ХХК-ийн СЭ-0047Х дугаартай тусгай зөвшөөрөл олгосон гэх 215.63 га газарт Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.4, 14.2-т заасан ажиллагаанудыг хийж, тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэх мэдэгдлийг Сэлэнгэ аймгийн Засаг даргад хүргүүлсэн байна.
Харин хариуцагч Сэлэнгэ аймгийн Засаг дарга “Ундарга капитал” ХХК-ийн СЭ-0047Х дугаартай тусгай зөвшөөрөл олгохдоо шийдвэр гаргах ажиллагааны журмыг зөрчсөн болох нь тогтоогдож байна. Тухайлбал:
Ашигт малтмал, газрын тосны газраас “Ундарга капитал” ХХК-нд СЭ-0047Х дугаартай тусгай зөвшөөрөл олгосон гэх 215.63 га газарт тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэсэн мэдэгдэл ирсний дагуу Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т “ Аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 14.2-т заасан мэдэгдлийг хүлээн авмагц тухайн талбай байрших сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын саналыг авч ажлын 10 өдрийн дотор түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг олгох эсэх асуудлыг шийдвэрлэнэ” гэж заасныг зөрчиж, “Ундарга капитал” ХХК-ийн түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн талбай байрших Сэлэнгэ аймгийн Ерөө сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын саналыг аваагүй болох нь Ерөө сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 39 тоот албан бичиг, Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2021 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 02/824 тоот албан бичиг, Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 259 тоот шүүхэд ирүүлсэн албан бичгүүдээр нотлогдож байна.
Гурав: “Ундарга капитал” ХХК-ийн хайгуулын тусгай зөвшөөрлөөр олгосон талбай “Хүннү стийл” ХХК-ийн эзэмшлийн 4.73 га газартай давхцсан тухайд
Хариуцагч нь Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т заасны дагуу Ерөө сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын саналыг авалгүйгээр “Ундарга капитал” ХХК-нд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгосноор дараах эрх зүйн үр дагавар үүссэн байна.
1/Сэлэнгэ аймгийн Засаг дарга 2017 онд А/104 дугаартай захирамжаар “Ундарга капитал” ХХК-нд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлөөр Сэлэнгэ аймгийн Ерөө суманд байрлах “Их хөндий” нэртэй газарт 215.63 га газар олгосон нь Ерөө сумын Засаг даргын 2011 оны 225 дугаартай захирамжаар “Их хөндий” нэртэй газарт “Хүннү стийл” ХХК-нд үр тарианы зориулалтаар олгосон 4.73 га эзэмших эрхийн газартай 2.4 га газраар давхцуулж, “Хүннү стийл” ХХК-ийн газар эзэмших, бусдад ашиглуулах эрхийг зөрчсөн болох нь Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Засаг даргын Тамгын газрын даргын үүрэг гүйцэтгэгчийн 2021 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 163 тоот албан бичиг, давхцлыг харуулсан талбайн байршлын зураг, Сэлэнгэ аймгийн Газрын харилцаа, барилга хот, байгуулалтын газрын 2022 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 01/31 тоот албан бичиг, хээрийн хэмжилтээр хийсэн сансрын зураг[9] шүүхээс хэргийн газарт үзлэг хийсэн бусад баримтуудаар нотлогдож байна.
2/Сэлэнгэ аймгийн Засаг дарга “Ундарга капитал” ХХК-нд түгээмэл тархацтай хайгуулын тусгай зөвшөөрлийг олгохдоо тухайн талбай байрших Ерөө сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын саналыг аваагүйн улмаас тусгай зөвшөөрөл хүссэн талбайд “Хүннү стийл” ХХК-ийн эзэмшлийн 4.73 га үр тарианы зориулалттай газар байгааг хариуцагч мэдэх боломжгүй тул давхцуулан олгосон, өөрийнх нь эзэмшлийн газартай давхцуулж олгосныг нэхэмжлэгч мөн адил мэдэх боломжгүй юм. Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д “захиргааны актыг хаяглагдсан этгээд болон эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд хуульд заасан журмын дагуу мэдэгдэнэ. Захиргааны актыг мэдэгдэх ажиллагааг түүнийг гаргасан захиргааны байгууллага хариуцна.” гэж заасан бөгөөд хариуцагч Сэлэнгэ аймгийн Засаг дарга 2017 оны А/104 дугаартай захирамжийг эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй нэхэмжлэгч “Хүннү стийл” ХХК-нд мэдэгдээгүй болох нь Сэлэнгэ аймгийн Засаг даргын орлогч Ц.Рэгзэдмаагийн 2022 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 01/223 тоот албан бичгээр[10] нотлогдож байх тул нэхэмжлэгчийг шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэх боломжгүй юм.
3/Хариуцагч нь дээрх саналыг аваагүйн улмаас “Ундарга капитал” ХХК-нд тусгай зөвшөөрлөөр Ерөө сумын “Их хөндий” нэртэй газарт олгосон 215.63 га газар нь “Хүннү стийл” ХХК-ийн эзэмшлийн 4.73 га газартай давхцахаас гадна “Их шинэстэй” ХХК-ийн үр тарианы зориулалт бүхий нэгж талбарын 4301001006 дугаартай 14.4 га, нэгж талбарын 4301001007 дугаартай 118 га, нэгж талбарын 4301001010 дугаартай 28 га талбайнуудтай тус тус хэсэгчлэн давхацсан талаар Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Засаг даргын Тамгын газрын 2021 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 163 тоот албан бичигт дурджээ.
Дөрөв: Гуравдагч этгээдийн бие даасан шаардлагын тухайд
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д “Үндсэн нэхэмжлэлийн шаардлагаар үүссэн маргааны үйл баримтын талаар бие даасан шаардлага гаргасан, эсхүл эдгээрийн улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа гэж үзсэн гуравдагч этгээдийг тухайн этгээдийн хүсэлтээр, эсхүл шүүгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулна” гэж заасан.
Үндсэн нэхэмжлэлийн шаардлага нь Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2017 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн А/104 дугаартай захирамжийн хавсралтаар “Ундарга капитал” ХХК-нд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг олгохдоо “Хүннү стийл” ХХК-ийн эзэмшил газартай 2.4 га газраар давхцуулан олгосон тул давхцуулсан хэсгийг хүчингүй болгуулах шаардлага гаргасан.
Нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан шүүхээс “Ундарга капитал” ХХК-ийн түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж болзошгүй үндэслэлээр “Ундарга капитал” ХХК-ийг гуравдагч этгээдээр татан оролцуулсан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гуравдагч этгээдийн зүгээс “Хүннү стийл” ХХК-нд газар эзэмших эрх олгосон Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Засаг даргын 2011 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 225 дугаартай захирамжийг хүчингүй болгуулахаар бие даасан шаардлага гаргасан.
Үүнээс дүгнэж үзэхэд бие даасан шаардлага гаргах үндэслэл болсон Ерөө сумын Засаг даргын 2011 оны 225 дугаартай “Хүннү стийл” ХХК-нд 4.73 га газар эзэмших эрх олгосон захирамжийг хүчингүй болгуулах бие даасан шаардлага нь үндсэн нэхэмжлэлийн шаардлага дахь маргаан болох “Ундарга капитал” ХХК-нд хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон 2017 оны А/104 дугаартай захирамжийн давхцсан хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага бүхий үйл баримттай шууд хамааралгүй асуудлыг зохицуулсан агуулгатай байна.
Мөн гуравдагч этгээдийн бие даасан шаардлага нь заавал нэг ажиллагаагаар хамтатган шийдвэрлэж байж тухайн маргаан шийдвэрлэгдэх боломжтойгоос бусад асуудлыг шийдвэрлэсэн гэж үзэхээр байх тул тухайн хэрэгт шийдвэрлэгдвэл зохих бие даасан шаардлага гэж үзэхгүй, тусдаа маргааны үйл баримт болох тул хамтатган шийдвэрлэх боломжгүй, энэ талаар гуравдагч этгээд нь шүүхэд тусдаа нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх боломжтой байна.
Захиргааны хэрг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12, 106.3.14 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэгт заасныг баримтлан гуравдагч этгээд “Ундарга капитал” ХХК-ийн “Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Засаг даргын 2011 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 225 дугаартай захирамжийн “Хүннү стийл” ХХК-нд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай гуравдагч этгээдээс гаргасан бие даасан шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч “Хүннү стийл” ХХК-иас гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2017 оны 3 дугаар сарын 07-ний өдрийн А/104 дугаартай захирамжийн хавсралтаар “Ундарга капитал” ХХК-нд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохдоо “Хүннү стийл” ХХК-ийн эзэмшил газартай 2.4 га газраар давхцуулсан хэсгийг хүчингүй болгосугай.
2.Захиргааны хэрг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгч болон гуравдагч этгээдээс тус тус улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Хүннү стийл” ХХК-нд олгосугай.
Захиргааны хэрг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авсанаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ОДБААТАР
[1] 2 дугаар Хавтаст хэргийн 115-116 дугаар тал
[2] 2 дугаар Хавтаст хэргийн 121 дүгээр тал
[3] 2 дугаар Хавтаст хэргийн 126-127 дугаар тал
[4] 2 дугаар Хавтаст хэргийн 136-140 дүгээр тал
[5] 2 дугаар Хавтаст хэргийн 204-205 дүгээр тал
[6] 2 дугааср Хавтаст хэргийн 208-229 дүгээр тал
[7] 1 дүгээр Хавтаст хэргийн 110-113 дугаар тал
[8] 1 дүгээр Хавтаст хэргийн 174-180 дугаар тал
[9] 1 дүгээр Хавтаст хэргийн 168-170 дугаар тал
[10] 1 дүгээр Хавтаст хэргийн 172 дугаар тал