Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 2021/ДШМ/24 

 

    А.Х, А.С нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Д.Көбеш, Ерөнхий шүүгч Н.Туяа нарын бүрэлдэхүүнтэй хийж, тус аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 2021/ШЦТ/64 дүгээр шийтгэх тогтоолтой, А.Х нарт холбогдох эрүүгийн 1913001760216 дугаартай хэргийг шүүгдэгч А.Х, түүний өмгөөлөгч А.Серикжан нарын хамтран гаргасан болон  шүүгдэгч А.С-ын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2020 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч С.Өмирбекийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Б.Арманбек, прокурор Я.Дина, шүүгдэгч Х.Хн өмгөөлөгч А.Серикжан, шүүгдэгч А.С-ын өмгөөлөгч Т.Бахыт нар оролцов.

 

1. Монгол Улсын иргэн, 1959 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Баян-Өлгий аймгийн Дэлүүн суманд төрсөн, 60 настай, эрэгтэй, яс үндэс Казах, дээд боловсролтой, хүний их эмч мэргэжилтэй, Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын 9 дүгээр багт оршин суух хаягтай, ам бүл 5 хүнтэй, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, хэрэг хариуцах чадвартай Х овогт А-ын Х /БЕ0000/ нь Дэлүүн сумын Сум дундын эмнэлгийн ерөнхий эмчээр ажиллаж байхдаа, 2015 оны 3 дугаар сарын 20-ны өдөр иргэн А.С-оос 1.300.000 төгрөг, 1 эр хонийг хахуульд авч 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр А.С-ыг тус сумын 3 дугаар багийн бага эмчээр сонгон шалгаруулалтгүйгээр түр томилсон тушаал гаргаж 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1 дэх хэсэгт хамаарах хээл хахууль авах гэмт хэрэгт,

2. Монгол Улсын иргэн, 1968 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр Баян-Өлгий аймгийн Дэлүүн суманд төрсөн, 51 настай, эрэгтэй, яс үндэс Казах, тусгай дунд боловсролтой, эх баригч бага эмч мэргэжилтэй, Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын 1 дүгээр багт оршин суух хаягтай, ам бүл 5 хүнтэй, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, хэрэг хариуцах чадвартай М овогт А-гийн С /ДЮ0000/ нь Сум дундын эмнэлгийн ерөнхий эмч А.Х-д 2015 оны 3 дугаар сарын 20-ны өдөр 1.300.000 төгрөг, 1 эр хонийг хахуульд өгч 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах хахууль өгөх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 2020/ШЦТ/64 дүгээр шийтгэх тогтоолоор шүүгдэгч Х овогт А-ын Х-г 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1-т заасан “хээл хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албан үүргийн хувьд гүйцэтгэх үүргээ хэрэгжүүлээгүй, гүйцэтгэх ёсгүй үйлдэл хийж өөрөө хээл хахууль авсан" гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, А.Х-г 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1-т зааснаар тэрийн албан тушаал эрхлэх эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээ буюу 9792000 /есөн сая долоон зуун ерэн хоёр мянга/ төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч М овогт А-гийн С-ыг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Өөртөө, бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг \үрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахуул өгсөн” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан 2015 оны Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, хорих ялыг оногдуулахгүйгээр 2 /хоёр жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч А.Х, түүний өмгөөлөгчийн хамтран гаргасан давж заалдах гомдолд: “... 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолно...” гэж заасан байна. Хэрэгт цугларсан нотлох баримтууд болон Прокурорын яллах дүгнэлтээр А.Х-г Дэлүүн сумын сум дундын эмнэлгийн ерөнхий эмчийн хувьд 2015 оны 3 дугаар сарын 20-ны өдөр А.С-ээс хахууль авсан гэжээ. Үйлчлүүлэгч А.Х нь хахууль авах гэмт хэргийг үйлдсэн 2015 оны 3 дугаар сарын 20-ны өдрөөс хуульд заасан 5 /тав/ жилийн хөөн хэлэлцэх хугацааг тоолоход 2020 оны 3 дугаар сарын 20-ны өдөр түүний үйлдсэн гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна.

Нөгөөтээгүүр, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заасан. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2,-т зааснаар гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан тохиолдолд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй тул мөн хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2.-т зааснаар Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 2020/ШЦТ/64 дугаар шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож  А.Х-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

 

Шүүгдэгч А.С-ын гаргасан давж заалдах гомдолд: “... “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй” гэсэн үндэслэлээр уг шийтгэх тогтоолын зарим хэсгийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. Тус аймгийн Дэлүүн сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгч А.Х нь А.С надаас 2015 оны 3 дугаар сард хахууль авсан үйлдлийг 2019 оны 4 дүгээр сард тус аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль зүйн хэлтсийн даргад 7042-4042 дугаарын утсаар буюу эрх бүхий байгууллагад сайн дураараа мэдэгдсэн. Харин А.Х нь хахууль авснаа хүлээн зөвшөөрөхгүй маргаж, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг хийлгэж, мөн энэ үед хэргийн гэрч Ж-ийг авч ирж мэдүүлгийг нь өөрчлүүлэхийг завдаж бүтэхгүй болохоор нь хэрэг хэлэлцэх шүүх хурлыг нэмж өмгөөлөгч авна гэсэн хүсэлт гаргаж, хугацаа хожих зорилгоор сунжруулан шүүх хуралдааныг 15 хоногийн хугацаагаар хойшлуулж байсан боловч дараагийн шүүх хуралд өөрийн урьд авсан өмгөөлөгчтэйгөө оролцож шүүх хурлыг хийлгэсэн ба тус шүүх хурал дээр А.Х нь үйлдсэн хэргээ бүрэн хүлээн зөвшөөрснөөр энэ хэрэг шийдвэрлэгдсэн.

Тэгэхдээ анхан шатны шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ зөвхөн яллах талыг баримтлан шийдвэрлэж, хахууль өгсөн талаар эрх бүхий байгууллагад сайн дураараа мэдэгдсэн надад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ эрүүгийн хариуцлагыг ялгамжтай оногдуулаагүй, мөн хэрэглэвэл зохих боломжтой 2015 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн зүйл заалтыг хэрэглэхгүйгээр миний эрх зүйн байдлыг дордуулан эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн явдалд гомдолтой байна. Шүүгдэгч А.Х-н үйлдлийг шүүгдэгчид ашигтай болох 2002 оны эрүүгийн хуулийн 268.1 дэх зүйл заалтаар зүйлчилсэн. Энэ нь хуучин хуулийн хүндэвтэр ангилалд багтах ба хэрэв харин 2015 оны эрүүгийн хуулиар 22.4 дүгээр зүйлээр зүйлчлэгдсэн байсан бол хүнд ангилалд багтаж байгаа юм А.Хн зүйлчлэл дээр би маргаагүй ба харин намайг хэт нэг талыг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн явдалд гомдож байна. Гэтэл шүүхээс хөнгөн гэмт хэрэгт яллагдсан А.С надыг нийтийн албанд томилогдох эрхийг А.Х-н нэгэн адил 3 жилээр хасаж, мөн 2 жилийн хугацаагаар тэнссэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд нийцээгүй, хуулийн зарчмын дагуу ялыг ялгамжтай оногдуулаагүй гэж үзэж байна. Иймд А.С миний үйлдсэн гэмт хэрэг нь цаг хугацааны хувьд Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д заасан хугацаанд хамаарч байх тул мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т зааснаар хэрэгсэхгүй болгох боломжтой байгаа тул Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 2020/ШЦТ/64 дугаартай шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож А.С надад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Давж заалдах шатны шүүх шүүгдэгч А.Х, түүний өмгөөлөгч А.Серикжан нарын хамтран гаргасан болон шүүгдэгч А.С-ын гаргасан давж заалдах гомдлыг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр, тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзлээ.

            1. Шүүгдэгч А.Х нь 2015 оны 3 дугаар сарын 20-ны өдөр, Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын сум дундын эмнэлгийн ерөнхий эмчээр ажиллаж байхдаа иргэн А.С-ээс түүний ашиг сонирхлын үүднээс 2015 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр сумын 3 дугаар багийн бага эмчийн ажилд томилсны хариуд 1.300.000 төгрөг, 1 эр хонийг хээл хахуульд авсан нь хэрэгт хуульд заасан үндэслэл, журмаар цугларсан нотлох баримтуудаар бүрэн тогтоогдсон бөгөөд шүүгдэгч А.Х нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, маргаагүй байна.

            А.Х-н дээрх үйлдлийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно.” гэж заасны дагуу тухайн гэмт хэрэг үйлдэгдсэн 2015 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн үед дагаж мөрдөгдөж байсан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, түүнийг гэм буруутайд тооцон, эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь хууль ёсны зарчимд нийцжээ. Энэ тохиолдолд шүүх 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг баримтлах шаардлагагүй тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтаас уг агуулгыг хасаж өөрчлөлт оруулав.

            Шүүгдэгч А.Х-д 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1 дэх хэсэгт зааснаар төрийн албан тушаал эрхлэх эрхийг гурван жилийн хугацаагаар хасаж, тухайн үед мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэг дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 9.792.000 төгрөгөөр торгох ял шийтгэсэн нь түүний үйлдсэн гэмт хэрэг, хээл хахууль авах гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, санаатай гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдалд нь тохирсон, шударга ёсны зарчимд нийцсэн байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Шүүгдэгч А.Х болон түүний өмгөөлөгч А.Серикжан нар хамтран “2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолно...” гэж заасан тул шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн уг хуулийг буцаан хэрэглэж, хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр А.Х-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэж давж заалдах гомдол гаргаж, шүүгдэгчийн өмгөөлөгч гомдлынхоо үндэслэлээ давж заалдах шатны шүүх хуралдаанд тайлбарласан байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт /2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/ “Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолно...” гэж хуульчилж байсан боловч хуулийн уг хэсгийг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар “Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн яллагдагчаар татах хүртэл тоолно.” гэж өөрчилсөн нь одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байна.

Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг тоолох, гэмт хэрэг үйлдсэнээс хойш хуульд заасан хугацаа өнгөрсөн нь тогтоогдвол яллагдагчаар татахгүй, мөрдөн шалгах ажиллагаа явуулахгүй байх хуулийн зохицуулалтууд нь шүүгдэгчийн хувьд түүний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны эрх, үүргийн нэгдмэл байдлыг дээрдүүлсэн буюу “процессын эрх зүйн байдалд”[1] нь хамаарах асуудал мөн боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх ... эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина.” гэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх зарчмын агуулгыг хуульчилсан бөгөөд шүүх  эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулахдаа хүчин төгөлдөр үйлчилж байгаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг баримтална.

2015 оны Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 30.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 32.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалт, 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтаас үзвэл, эдгээр нь гэмт хэрэг үйлдсэнээс хойш тодорхой хугацаа өнгөрсөн нь тогтоогдвол яллагдагчаар татаж, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй тухай буюу эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тодорхой журам /хязгаарлалт/ тогтоосон зохицуулалтууд бөгөөд процессын журам тогтоосон хуулийн уг заалтыг буцаан хэрэглэх талаар хуульчлагдаагүй байна.

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлд заасан хууль буцаан хэрэглэх үндэслэл болсон “үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, эсхүл шинээр тооцсон”, “оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, эсхүл хүндрүүлсэн”, “гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн, эсхүл дордуулсан” гэсэн зохицуулалтууд бүгд материаллаг эрх зүйн хэм хэмжээг буцаан хэрэглэх урьдчилсан нөхцөлүүд байхаар хуульчлагджээ.

Тиймээс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хууль ёсны зарчмыг баримтлан, одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар А.Х-н үйлдсэн гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдэгдсэн 2015 оны 3 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн түүнийг яллагдагчаар татах хүртэл буюу 2019 он 10 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл тоолоход таван жил өнгөрөөгүй байх тул “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт /2017 он 5 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/ заасныг буцаан хэрэглэж, шүүгдэгч А.Х-д холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох” тухай шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

2. Шүүгдэгч А.С нь 2015 оны 3 дугаар сарын 20-ны өдөр Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын сум дундын эмнэлгийн бага эмчийн ажилд томилогдохын тулд тус эмнэлгийн  ерөнхий эмч А.Х-д буюу албан тушаалтанд өөрөө 1.300.000 төгрөг, 1 эр хонийг хээл хахууль болгон өгсөн нь хэрэгт хуульд заасан үндэслэл, журмаар цугларсан нотлох баримтуудаар бүрэн тогтоогдсон бөгөөд А.С нь хээл хахууль өгөх гэмт хэрэг үйлдсэн талаар сайн дураараа илчлэн мэдээлж, мөрдөн шалгах ажиллагаанаас шүүх хуралдааны үед гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн байна.

Прокуророос А.С-ын дээрх үйлдэл холбогдлыг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж хэргийг шүүхэд шилжүүлэхдээ, анхан шатны шүүх мөн зүйл, хэсгээр гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ мөн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг буруу тайлбарлаж хэрэглэснээс гадна хэрэглэвэл зохих Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэглээгүй буюу хууль хэрэглээний зөрчил гаргажээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно.” гэж заасны дагуу А.С-ын үйлдэл нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 269 дүгээр зүйлийн 269.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэгдэх учиртай. Гэтэл прокуророос яллах дүгнэлт үйлдэхдээ, анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “оногдуулах ялыг хөнгөрүүлсэн” гэсэн үндэслэлээр 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг буцаан хэрэглэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болжээ. Учир нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 269 дүгээр зүйлийн 269.1 дэх хэсэгт хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр заасан бол 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээс гадна нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасах ялыг заавал хэрэглэхээр хуульчилсан тул   оногдуулах ялыг хөнгөрүүлсэн гэж үзэхээргүй байна.

 

Нөгөөтээгүүр, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт “Энэ хуульд ялаас өршөөн хасах болон өршөөлд хамааруулахгүйгээр зааснаас бусад гэмт хэрэг үйлдсэн хүний хэрэг бүртгэх, мөрдөн байцаах болон шүүхээр хянан хэлэлцэх шатанд байгаа эрүүгийн хэргийг тус тус хэрэгсэхгүй болгоно.” гэж хуульчилж, мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3 дахь заалтад 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 269 дүгээр зүйлийн 269.1 дэх хэсэгт заасан хээл хахууль өгөх гэмт хэрэг үйлдсэн хүнийг өршөөлд хамааруулахгүй байх нөхцөл байдалд оруулан хуульчлаагүй тул шүүгдэгч А.С-ын холбогдсон гэмт хэргийг түүний эрх зүйн байдлыг дээрдүүлэх үүднээс 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 269 дүгээр зүйлийн 269.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй гэж заасан тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан прокуророос А.С-эд холбогдуулан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн эрүүгийн хэргийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 269 дүгээр зүйлийн 269.1 дэх хэсэгт зааснаар /шүүгдэгчийн эрх зүйн байдлыг/ хөнгөрүүлэн өөрчилж нэмэлт оруулан, давж заалдах шатны шүүхээс Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэг, 10 дугаар зүйлийн 10.7 дахь хэсгийг баримтлан А.С-эд холбогдох 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 269 дүгээр зүйлийн 269.1 дэх хэсэгт заасан эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, түүний давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэв.

Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.6, 10.7, 10.9 дэх хэсгийг удирдлага болгож, шүүгдэгч А.С нь хээл хахууль өгөх гэмт хэрэг үйлдсэн талаар сайн дураараа илчлэн мэдээлж, мөрдөн шалгах ажиллагаанаас шүүх хуралдааны үед гэм буруугаа хүлээн зөвшөөрч, энэ асуудлаар маргаагүй байх тул шийтгэх тогтоолын 1 дэх заалтын түүнд холбогдох хоёр дахь өгүүлбэрийг хасаж өөрчиллөө.

Түүнчлэн А.С-эд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3, 7, 8 дахь заалтыг бүхэлд нь, 6, 11 дэх заалтын шүүгдэгч А.Сэд холбогдох хэсгийг тус тус, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан А.С-эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож шийдвэрлэв. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн эхний заалтад шүүгдэгч А.Хн нэрийг “А.Хобдабай” гэж ташаа бичсэнийг өөрчлөв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4 дэх заалтыг удирдлага болгож ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 2020/ШЦТ/64 дүгээр шийтгэх тогтоолын Тогтоох хэсэгт:

 

“11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Баян-Өлгий аймгийн прокурорын газраас яллагдагч А.Сэд холбогдуулан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн эрүүгийн хэргийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 269 дүгээр зүйлийн 269.1 дэх хэсэгт зааснаар /шүүгдэгчийн эрх зүйн байдлыг/ хөнгөрүүлэн өөрчилсүгэй.” гэсэн нэмэлт оруулж,

1 дэх заалтын шүүгдэгч А.С-ийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон хоёр дахь өгүүлбэрийг хасаж, уг заалтыг “1. Шүүгдэгч Харахас овогт Архарын Хг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1 дэх хэсэгт заасан албан тушаалтан хээл хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албан үүргийн хувьд гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхээр өөрөө хээл хахууль авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.” гэж өөрчлөн найруулж,

2 дахь заалтаас “2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан” гэснийг хасаж өөрчлөн,

Тогтоох хэсгийн 3, 7, 8 дахь заалтыг бүхэлд нь, 6, 11 дэх заалтын шүүгдэгч А.С-эд холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож, шийтгэх тогтоолын бусад хэсэг, заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч А.Х болон түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэг, 10 дугаар зүйлийн 10.7 дахь хэсгийг баримтлан М овогт А-гийн С-эд холбогдох 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 269 дүгээр зүйлийн 269.1 дэх хэсэгт заасан эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, А.С-ын гаргасан давж заалдах гомдлыг хангасугай.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан А.С-эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар “анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн”, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” зэрэг үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.

                                

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         С.ӨМИРБЕК

 

ШҮҮГЧИД                                                       Н.ТУЯА

 

                                                                                                Д.КӨБЕШ

 


[1] Шүүгдэгч “материаллаг эрх зүйн асуудлаар” буюу гэм буруугийн талаар маргавал хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ердийн журмаар явуулж, гэмт хэрэгт холбогдсон хүний гэм буруутай эсэхийг хянан шийдвэрлэхээр журамласан байдаг. /Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт/