Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 05 өдөр

Дугаар 2021/ШЦТ/42  

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Б даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.А,

Улсын яллагч: Баян-Өлгий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Х.Ө,

Орчуулагч, хэлмэрч Б.А,

Хохирогч А.С,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Монголын Хуульчдын холбооны гишүүн, өмгөөлөгч С.Н,

Шүүгдэгч Б.Н нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Нт холбогдох эрүүгийн 2113000030023 дугаартай хэргийг 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, ердийн журмаар  хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Ш овгийн М овогтой Н, 1987 оны 06 сарын 09-ний өдөр Баян-Өлгий аймгийн Ө суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, яс үндэс казах, тусгай дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, Хилийн цэргийн ******-р ангид жолоочоор ажилладаг гэх, Баян-Өлгий аймгийн Ө сумын *** дугаар баг, Ц, ** гудамж, **тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, регистрийн дугаар ******.

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч М.Н нь 2020 оны 12 дугаар сарын 06-ны өдөр тус аймгийн Ө сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт Бугат сум руу явах 3 замын уулзварт **** ХОҮ дугаартай “Хонда Сивик” маркийн тээврийн хэрэгсэл жолоодож яваад замын хөдөлгөөний дүрмийг зөрчиж, иргэн Д.Еы унаж явсан Иж-Планета-5 маркийн мотоциклийг мөргөж, зам тээврийн осол гаргасны улмаас уг мотоциклийн ард сууж явсан зорчигч болох хохирогч А.Сын биед хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс гаргасан мэдүүлэг.

Шүүгдэгч Б.Н мэдүүлэхдээ: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байна гэв.

Хоёр: Эрүүгийн 2113000030023 дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

-2020 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн Хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 7-9/,

-Зам тээврийн ослын газар үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 10/,

-Мөрдөгчийн 2021 оны 1 дүгээр сарын 05-ны өдрийн магадалгаа /хх-ийн 21-22/

-2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр мотоциклд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 23-25/,

-2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 26-28/,

- Цагдаагийн газрын хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл болон цагдаагийн газрын К10 хяналтын камерын бичлэгийг СD нимгэн хуурцагт буулгаж авсан тухай тэмдэглэл, мөрдөгчийн эд мөрийн баримтаар тооцох тогтоол /хх-ийн 29-31/,

-Хохирогч А.Сын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт  өгсөн: “Миний бие Баян-Өлгий аймгийн “А” ХХК-д мал нядлагчаар ажилладаг ба өнөөдөр буюу 2020 оны 12 дугаар сарын 06-ны орой 19 цагийн үед ажлаас буугаад хамт ажилладаг Д.Еы хамт гэрлүүгээ явахаар би Еы мотоциклд сундлаад Бугат сум руу явах 3 замын уулзварын хажуугаар чигээрээ явж байхад Бугат сум талаас ирэх замаас нэг машин хурдтай ирээд бидний мотоциклийн баруун талаас миний баруун хөл талаас гупер хэсгээрээ буюу баруун гэрэл талаараа мөргөх үед мотоцикл газар унасан. Тэр үед миний баруун хөл хүчтэй өвдсөн юм. Биднийг мөргөсөн залуу машинаасаа бууж ирээд зүгээр үү гэхэд нь би босох гэхэд баруун хөл хугарсан байсан. Тэгээд жолооч Н намайг эмнэлэгт хүргэж өгснөөр эмчилгээ эхэлсэн юм. Тухайн үед би хамгаалалтын малгай өмсөөгүй байсан ба харин жолооч Е хамгаалалтын малгайтай байсан. Би аймгийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад 2020 оны 12 сарын 18-ны өдөр Улаанбаатар хот явж гэмтлийн эмнэлэгт эмчлүүлж байгаад 2020 оны 12 сарын 22-ны өдөр шилбэний ясандаа хагалгаа хийлгэж төмөр тавиулж, 12 сарын 27-ны өдөр хотоос ирсэн. Намайг мөргөсөн жолооч Н эмчилгээний зардал болох Улаанбаатар хотод явж ирэх унааны зардлыг төлж өгсөн ба хот руу явах үед миний дансанд 550000 төгрөг хийсэн. Хагалгаанд орсны дараа 300000 төгрөг өгсөн.  Дараа нь унааны мөнгө гэж 200000 төгрөг өгсөн. Эмчилгээний зардалтай холбоотой маргаан байхгүй. М.Н надад чадлаараа тусалж, хохирол төлбөрийг минь төлж өгч байгаа учраас түүнд ямар нэгэн гомдол санал байхгүй. Харин энэ гэмт хэрэгт өртөөд 3 сар ажилгүй байсан учраас ажилгүй байсан хугацааны цалингаа гаргуулж авмаар   байна. Би мал нядалгааны газарт сард 800.000 төгрөг авдаг байсан. Мөн би удахгүй Улаанбаатар хот явж хугарсан хөлөндөө тавьсан төмрийг авхуулах шаардлагатай байгаа бөгөөд гарсан зардлыг тухайн   үед нь нэхэмжилнэ. Миний ажилгүй байсан хугацааны цалин 800.000 төгрөгийг төлж өгвөл өөр гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг/хх-ийн 34-37, 38-39/,

Гэрч Х.А-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:”...Тэр өдөр намайг гэртээ байж байтал 21 цагийн үед хүргэн А.С надруу залгаж “ би эмнэлэгт ирсэн байна, орой ажлаас тараад харьж яваад машинд мөргүүлчихлээ” гэж хэлсэн. Тэгэхээр нь би эмнэлэг дээр шууд ирээд Соос юу болсон талаар асуухад хамт ажилладаг хүний мотоциклд суугаад харьж яваад Бугат сумын 3 замын уулзвар дээр машинд мөргүүлчихлээ гэж хэлсэн. Тэгээд би цагдаагийн байгууллагад залгаж манай хүргэн Бугат сум явах 3 замын уулзварт машинд мөргүүлж хөл нь хугарсан байна гэж мэдэгдсэн юм” гэх мэдүүлэг /хх-ийн 40-рх/,

Гэрч Н.Т-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:”Өлгий сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Бугат сум руу явах 3 замын уулзвар нь зохицуулдаггүй уулзвар юм. Учир нь ямар нэгэн тэмдэг тэмдэглэгээ байхгүй, замын хөдөлгөөний дүрмийн 15-д заасан “Уулзвар нэвтрэх” гэсэн дүрмээр жолооч нар замын хөдөлгөөнд оролцдог юм. Уг Бугат сум руу явах ирэх 3 замын уулзвар нь зохицуулдаггүй уулзвар учраас Замын хөдөлгөөний дүрмийн 15.9-д “Гол ба туслах замын уулзварт туслах замаас ирж яваа жолооч гол замаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтыг Бугат сум талаас буюу туслах замаас ирж байгаа жолооч зөрчсөн тул Бугат сумаас ирж байсан жолоочийн буруу” гэх мэдүүлэг /хх-ийн 43-рх/,

Гэрч Д Еы мөрдөн байцаалтын шатанд өгсөн:  “... Тухайн өдөр би ажил дээр очиж нядалгаа хийгээд орой 19 цагийн үед ажлаасаа тараад мотоциклоо асаагаад гэрлүүгээ явах гэж байхад хамт ажилладаг С  би хамт суугаад гэртээ дөхөөд бууя гэхээр нь би сундлаад “А” ХХК-ны хашаанаас гараад чигээрээ төв замаар явж Бугат сум руу эргэх 3 замын уулзвараар өнгөрөх гэж байхад Бугат сумаас буюу туслах замаас нэг машин зүүн гар тийш эргэх үйлдэл хийсэн ба би сигнал дарж дохио өгөөд  явж байтал тухайн машин миний мотоциклийн арын хажуу хэсгээс мөргөх үед би тэнцвэр алдаж унасан юм. Тэр үед миний ард сууж явсан С газар унахдаа орилж хөл өвдөж байна гэж хэлсэн.Тэгээд нөгөө машины жолооч бид хоёр Сыг босгоод мөргөсөн машинд суулгаад нэгдсэн эмнэлэгт авч ирж үзүүлээд мэс заслын тасагт хэвтүүлэн эмчлүүлсэн.Тухайн үед би гол замаар явж байсан. Ослын улмаас миний биед ямар нэгэн гэмтэл учраагүй” гэх мэдүүлэг /хх-ийн 45-46/,

 Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч, цагдаагийн ахмад К.Х-ын 2020 онь 12 дугаар сарын 08-ны өдрийн “...иргэн А.Сын биед тархины доргилттой, тархинд хавантай. Баруун талын нарийн болон бүдүүн шилбэний ясны хугаралттай, баруун талын гайморын хөндийд бага зэрэг цөмөрч хугарсан, баруун хацарт шалбарсан, хамрын таславч зүүн тийш мурийсан, баруун өвдөгний хэсэгт өнгөц зулгарсан, баруун гуяны дунд хэсэгт шалбарсан гэмтэл тогтоогдоо. ...Иргэн А.Сын дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан сарниулах, гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1 дэх заалтыг агуулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарах гэмтэл болно.” гэх №531 дугаартай дүгнэлт /хх-ийн 72-73-рх/,

-Техникийн шинжээч, тус аймгийн Авто тээврийн төвийн авто тээврийн Техникийн хяналтын үзлэгийн инженер Е.Жанатханы 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 22,  23 дугаартай дүгнэлтүүд /хх-ийн 78-79, 83-84/,

-Хохирогч А.Сын Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн мэс заслын тасагт 2020 оны 12 сарын 06-ны өдрөөс 12 сарын 18-ны хооронд хэвтэн эмчлүүлэн тухай “Өвчний түүх”-ийн хуулбар /хх-ийн 111-120-рх/,

                 -Хохирлын талаарх баримтууд /хх-ийн 123-132-рх/,

                 Шүүгдэгч М.Нийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би анх удаа ийм хэрэгт холбогдож байна. Гэм буруугаа бүрэн зөвшөөрч байгаа тул маргахгүй, үйлдсэн хэрэгтээ маш их гэмшиж байгаа. А.Сын биед учирсан гэмтлийн бодит хохирлыг бүрэн барагдуулж өгсөн. Улаанбаатар хот руу эмчлүүлэхээр явахад нь ирж очих замын зардал, эм тариа, эмчилгээний зардалд нийт 2.060.960 төгрөг төлж хохирлыг бүрэн барагдуулж өгсөн. Мөн баримтгүй ойр зуурын өмсөх хувцас, мах, шөл, гурил гэх зэрэг шаардлагатай зүйлүүдийг нь авч өгч  тусалж, А.Соос уучлалт гуйсан байгаа. Одоо бидний дунд эмчилгээтэй холбоотой зардал мөнгө гомдол санал байхгүй. А.С нь надаас ажилгүй байсан хугацааны цалин 800.000 төгрөг нэхэмжилж байгаа. Би өөрөө цалингийн зээлтэй, болохоор төлөх бололцоо боломж хэцүү байна. Гэхдээ шүүхээс төлөх ёстой талаар шийдвэр гаргавал төлж барагдуулна. Мөн цаашид эмчилгээ хийлгэх шаардлага гарвал би зардлыг тухайн үед төлнө” гэх мэдүүлэг /хх-ийн 95-96 болон шүүх хуралдааны тэмдэглэл/, зэрэг нотлох баримтуудыг,

            Шүүгдэгч М.Нийн хувийн байдлын талаар:

            -Баян-Өлгий аймгийн Ө сумын 2 дугаар багийн засаг даргын 2021 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн 02/07 дугаартай “Тус багийн оршин суугч Майлаш овогтой Н /******/ нь ам бүл 6, эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг. Даруу төлөв зантай, урьд нь гэмт хэрэгт холбогдож, ял эдэлж байгаагүй болохыг тодорхойлов” гэх тодорхойлолт /хх-ийн 97-р тал/,

            -Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2021 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн 01/90 дугаартай “Иргэн М.Нийн нэр дээр өнөөдрийн байдлаар манай цахим мэдээллийн санд ямар нэгэн үл хөдлөх хөрөнгө бүртгэгдээгүй” гэх лавлагаа /хх-ийн 100-р тал/,

            -Гэрлэлтийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, жолооны үнэмлэхийн хуулбар /хх-ийн 101-102, 110-р тал/,

            -Жолоочийн согтуурал шалгасан магадалгаа /Согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй болох нь тогтоогдсон/ хх-ийн 5-р тал,

            -М.Н нь гэмт хэрэгт холбогдох үедээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй болохыг цусны шинжилгээгээр тогтоосон тухай тусгай мэдлэг бүхий шинжээчийн гаргасан дүгнэлт /хх-ийн 60-61-р тал/,

            -Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 103-р тал/ зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

Гурав : Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал:

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч М.Нийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Шүүгдэгч М.Нийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:

Шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Б.Нийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч Б.Н нь шүүх хуралдаанд “Гэм буруугийн талаар маргахгүй, хэргийн зүйлчлэлийг зөвшөөрч байна” гэсэн тайлбар гаргасныг түүний өмгөөлөгч С.Н дэмжин оролцож, гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар улсын яллагчтай маргаж мэтгэлцээгүй болно.

Шүүгдэгч М.Н нь 2020 оны 12 сарын 06-ны орой 19 цагийн үед өөрийн эзэмшлийн **** ХОҮ улсын дугаартай, “Honda civik” маркийн тээврийн хэрэгсэл жолоодон Бугат сумын чиглэлээс Баян-Өлгий аймгийн Ө сумын чиглэл рүү зорчин замын хөдөлгөөнд оролцон явж байхдаа Бугат сумын 3 замын уулзвар болох зохицуулдаггүй уулзвар дээр Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 15.9-д заасан “Гол ба туслах замын уулзварт туслах замаас яваа жолооч гол замаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчиж, гол замаар зорчиж явсан жолооч Д.Еы **** БӨБ улсын дугаартай, “Иж-планета-5” мотоциклийг анзаарч харахгүйгээр мөргөж, зам тээврийн осол гаргасны улмаас уг мотоциклийн ард талд сундалдаж явсан иргэн А.Сын баруун хөл хугарч хүндэвтэр гэмтэл учруулсан гэх үйл баримт хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар   нотлогдон тогтоогдсон байна.

 Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай, яллагдагч, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг гэдэг нь авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, техник ашиглалтын журам, хүний амьд явах эрх, эрүүл мэндийн халдашгүй байдал, бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн холимог хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүй юм.

Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм нь хуульд нийцүүлэн, Засгийн газраас баталж гаргасан, бүх нийтээр дагаж мөрдөх, захиргааны хэм хэмжээний акт бөгөөд шүүгдэгч М.Н нь энэ дүрмийг зөрчсөний улмаас хохирогч А.Сын биед хүндэвтэр гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.

М.Нийн  хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч А.Сын баруун хөлийн нарийн болон бүдүүн шилбэний яс зүүн хөлийн дунд чөмгөний яс гуя хэсгээрээ хугарсан гэмтэл учирсан ба энэ нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3 дахь хэсэгт хамаарах хүндэвтэр гэмтэл болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Баян-Өлгий аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч, цагдаагийн ахмад К.Хайратын 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн  531 дугаартай шинжээчийн дүгнэлтээр нотлогдсон байна. 

Энэ гэмт хэрэг нь гэм буруугийн холимог хэлбэрээр үйлдэгддэг ба шүүгдэгч М.Н нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн үйлдэлдээ санаатай хандсан байх бөгөөд харин Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас бусдын эрүүл мэндэд болгоомжгүйгээр хүндэвтэр хохирол учруулсан байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгчийн Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн идэвхтэй үйлдэл, хохирогч А.Сын биед учирсан хүндэвтэр гэмтлийн хооронд шалтгаант холбоо байна гэж шүүх  үзлээ.

Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.11 дүгээр зүйлийн 1-д “Мөрдөгч энэ хуулийн 27.1 дүгээр зүйлд заасан шинжилгээг шинжээч томилж хийлгэх шаардлагагүй, мөрдөн шалгах ажиллагаа явуулж тогтоох боломжтой, эсхүл өөрийн эзэмшсэн тусгай мэдлэгийн хүрээнд тогтоох боломжтой гэж үзвэл магадалгаа гаргаж болно” гэж заасныг баримтлан Баян-Өлгий аймгийн Цагдаагийн газрын мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн ахмад Б.Үнэнзоригт нь 2021 оны 1 дүгээр сарын 05-ны өдөр хэрэгт авагдсан зам тээврийн осол, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон нөхцөл байдал, хэмжилтийн бүдүүвч зураг, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хяналтын камерын бичлэг, техникийн шинжээч Е.Ж-ы гаргасан дүгнэлт,  хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч М.Нийг “Замын хөдөлгөөний дүрмийн зохицуулдаггүй уулзвар нэвтрэх 15.9-д заасан “Гол ба туслах замын уулзварт туслах замаас яваа жолооч гол замаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө “ гэснийг зөрчсөн ба энэ нь зам тээврийн осол гарах шууд шалтгаан нөхцөл болсон байна. Харин **** БӨБ улсын дугаартай “Иж планета-5” маркийн мотоцикл жолоодож явсан Д- овогтой Е нь Замын хөдөлгөөний дүрмийн 3.4в/ буюу жолоочийн үүрэгт заасан “мотоцикл мопед жолоодохдоо хамгаалах малгайг зааврын дагуу өмсөх, хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх, 3.7а-д заасан “ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд) , эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох гэснийг зөрчсөн бөгөөд Д.Еы замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн үйлдэл нь осол гарах шалтгаан нөхцөл болоогүй, харин Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 3.1,  5-д заасан зөрчлийн шинжтэй байх тул Замын цагдаагийн тасагт шалгуулахаар шилжүүлэх нь зүйтэй” гэх магадалгаа гаргасан байна.

Мөрдөгчийн гаргасан дээрх магадалгаа нь хэлбэр болон агуулгын хувьд хуульд заасан нотлох баримтын шаардлага хангасан, хэргийн бодит байдалтай нийцэж байх тул уг магадалгааг үндэслэлтэй гэж үзэн, нотлох баримтаар үнэлж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох боломжтой гэж үзэв.

Иймд шүүгдэгч М.Нэд холбогдуулан үйлдсэн прокурорын эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол, яллах дүгнэлт үндэслэлтэй байх тул шүүгдэгч М.Нийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгч М.Нийн анхаарал болгоомжгүй байдал нөлөөлсөн гэж үзлээ.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай

Гэмт хэргийн нийгмийн хор аюулын хэр хэмжээг тодорхойлох гол шинж нь гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг юм. Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1-д зааснаар гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол, хор уршигт тооцдог.

Шүүгдэгч М.Нийн үйлдлийн улмаас хохирогч А.Сын баруун хөл хугарч хүндэвтэр хохирол учирсан байх бөгөөд шүүгдэгч М.Н нь хохирогчийн Улаанбаатар хотод очиж эмчлүүлсэн зардал, ирж очих унааны зардал зэрэгт нийт 2.060.960 төгрөгийг төлж барагдуулсан тухай тайлбар гаргасныг хохирогч А.С хүлээн зөвшөөрч, үнийн дүнгийн талаар маргахгүй гэдгээ илэрхийлсэн тул шүүгдэгчийг гэмт хэргийн улмаас учирсан бодит хохиролд 2.060.960 төгрөг төлсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

Харин хохирогч А.С нь мөрдөн байцаалтын шатан болон шүүхийн шатанд ажилгүй байсан үеийн 3 сарын цалин нэхэмжилснийг шүүх хуралдаанаар хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэв.

Хохирогч А.С нь мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч М.Нээс ажилгүй байсан хугацааны цалин нэхэмжилсэнтэй холбоотой дараах нотлох баримтууд хэрэгт авагдсан байна. Үүнд:

-Баян-Өлгий аймгийн Ө сумын 13 дугаар багт байрлах “А” ХХК-ийн захирал Х.Бын 2021 оны 2 сарын 01-ний өдөр гаргасан 09 дугаартай “Манай компанид А овогтой С /******/ нь үйлдвэрийн туслах ажилтнаар 2020 оноос хойш 800.000 төгрөгөөр цалинжаад ажиллаж байсан нь үнэн болно” гэх тодорхойлолт /хх-ийн 134-р тал/,

-“А” ХХК-ийн менежер М овогтой М болон хохирогч А.С нарын хооронд 2018 оны 12 сарын 11-ний өдөр байгуулсан 79 дугаартай хөдөлмөрийн гэрээний хуулбар /гэрээгээр хугацаа тохироогүй ба уг гэрээний 1.5-д А.Сын сарын цалингийн хэмжээг 450.000 төгрөг гэж тэмдэглэсэн/ хх-ийн 138-139-р тал,

-Гэрч М.МаХы мөрдөн байцаалтын шатанд өгсөн :Манай А ХХК-нь мал мах бэлддэг үйлдвэр юм. Манай компанийн ажил байнгын идэвхтэй ажиллаад байдаггүй. Намар 10 сард ажлаа эхэлж, он гараад 1 сарын 20-ыг хүртэл мал нядалж мах бэлтгэдэг. Түүнээс хойш манай ажилчид хувиараа өөрсдөө ажил хийгээд явдаг: А.Сын хувьд намар 2020 оны 10 сараас өвөл 2020 оны 12 сарын 06 хүртэл ажиллаж байсан бөгөөд 10 сараас 11 сарын 16-ыг хүртэл өдрийн 23000 төгрөгөөр бодож гэдэс дотор цэвэрлэх ажил хийж байсан ба өдрөөр цалинждаг байсан бөгөөд зарим өдрүүдэд ажилдаа ирэхгүй тасалсан бол нэг өдрийн цалин болох 23000 төгрөг хасаад цалинжуулдаг. Энэ хугацаанд А.С нь нийт 928.500 төгрөгийн цалин авсан байна. Тэгээд 11 сарын 17-ны өдрөөс 12 сарын 06-ны өдөр хүртэл А.С нь нядлагчаар ажиллаж эхэлсэн бөгөөд энэ хугацаанд 3900 бог малыг нядалсан ба нэг мал нядлахад 1500 төгрөгөөр цалинг нь боддог юм. Мал нядалгаанд 5 залуу ажилладаг бөгөөд нэг нядлагч дунджаар 780 бог малыг нядалсан байна. А.Сын хувьд 11 сарын 17-ны өдрөөс 12 сарын 06 хүртэл мал нядлагчаар ажиллахдаа 1.170.000 төгрөгийн цалин авч байсан. Мал нядалгаа 2021 оны 1 сарын 15-ныг хүртэл ажиллаад дууссан. Надаас А.С сард 800.000 төгрөгийн цалинтай талаар тодорхойлолт авч явсан нь үнэн. Тогтмол цалин байхгүй, нядалсан малын тооноос хамаарч цалинждаг. А ХХК-нь А.Сын нийгмийн даатгалын шимтгэл төлж байгаагүй” гэх мэдүүлэг /хх-ийн 135-136-рх/,

- Хохирогч А.Сын Х банк дахь ******тоот дансанд 2020 оны 10 сарын 18-ны өдөр “А” ХХК-аас хагас сарын цалинд 314.500 төгрөг шилжүүлсэн тухай шилжүүлгийн баримт /хх-ийн 142-р тал/,

-Хохирогч А.Сын Х банк дахь ******тоот дансанд 2020 оны 11 сарын 04-ний өдөр “А” ХХК-аас хагас сарын цалинд 345.000 төгрөг шилжүүлсэн тухай шилжүүлгийн баримт /хх-ийн 141-р тал/ зэрэг нотлох баримтууд авагдсан байна.

 Ажил олгогч “А” ХХК-ийн захирал нь хохирогч А.Сыг сард 800.000 төгрөгөөр цалинждаг гэх тодорхойлолтыг гаргасан. Гэтэл “А” ХХК болон А.С нарын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээгээр тусгайлан тохирсон цалинг 450.000 төгрөг гэж бичсэн байх ба А.С нь 2020 оны 10 дугаар сард хагас сарын цалинд 345.000 төгрөг, 11 дүгээр сард хагас сарын цалинд 314.500 төгрөг тус тус авсан нь мөнгөн шилжүүлгийн баримтуудаар нотлогдож байгаа, гэрч М.М нь мөрдөн байцаалтын шатанд ”А.С нь 2020 оны  10 сараас 11 сарын 16-ыг хүртэл нийт 928.500 төгрөг, 11 сарын 17-ны өдрөөс 12 сарын 06-ны өдөр хүртэл мал нядлагчаар ажиллахдаа 1.170.000 төгрөгийн цалин авч байсан” гэж мэдүүлсэн зэргээс үзэхэд А.Сын урьд авч байсан цалин хөлсний хэмжээг нотлох баримтууд өөр хоорондоо зөрүүтэй, гэрч М.М-ы мэдүүлгийг нотлох баримт болох дансны хуулга, цалингийн цэс гэх мэт баримтууд хэрэгт авагдаагүй, мөн хохирогч А.С нь хөдөлмөрийн чадвараа түр алдсаны тэтгэмж тогтоолгосон эсэх талаарх баримтууд хэрэгт авагдаагүй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5-д шүүх гэмт хэргийн хохирол хор уршгийг тодорхойлж, бодит хор уршгийг нөхөн төлүүлэх хор уршгийг арилгахад гарах зардлын мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг тогтооно гэж заасан боловч хэрэгт авагдсан баримтуудаар хохирогч А.Сын 2020 оны 10, 11, 12 саруудад сард авч байсан  цалингийн хэмжээг тодорхойлох боломжгүй байх тул түүний дундаж цалин хөлсийг тооцож гаргах боломжгүй байна.

Түүнчлэн хохирогч А.С нь шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэргийн улмаас хохирч, 3 сарын хугацаанд хугацаанд ажилгүй байсан үеийн цалингаа нэхэмжилсэн ба “А” ХХК-нь өвлийн улиралд мах бэлтгэх зорилгоор 2020 оны 10 дугаар сараас 2021 оны 1 сарын 20 хүртэл ажиллаад үйл ажиллагаагаа зогсоосон талаар гэрч М.М- мэдүүлсэн тул хохирогч А.Сын ажилгүй байсан хугацааны цалин нэхэмжилсэн цаг хугацаанд “А” ХХК үйл ажиллагаагаа явуулж байсан эсэх, А.С нь тухайн хугацааны цалингаа бүрэн авсан эсэхийг тодруулах шаардлагатай байх тул хохирогчийн ажилгүй байсан 3 сарын хугацааны цалингаа нэхэмжилсэн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхих нь зүйтэй байна.

Мөн хохирогч А.С шүүх хуралдаанд “Миний бие Улаанбаатар хотод гэмтлийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж, хагалгаанд орж хөлөндөө төмөр тавиулсан ба удахгүй дахин очиж хагалгаанд орж төмрөө авхуулах шаардлагатай байгаа. Цаашид гарах эмчилгээний зардлыг тухайн үед нь нэхэмжлэх хүсэлтэй байна” гэж мэдүүлсэн тул хохирогч А.Сын цаашид гарах эмчилгээний зардал болон ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах нэхэмжлэлээ нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээх нь зүйтэй байх бөгөөд энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч М.Нээс гаргуулах хохирол төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ “Гэмт хэрэг гарахад хохирогчийн Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн буруутай үйл ажиллагаа нөлөөлсөн учраас мотоциклийн жолооч Д.Еаас мөн ялгаагүй хохирол гаргуулах нь зүйтэй” гэж тайлбарласан ба хэрэгт авагдсан мөрдөгчийн магадалгаагаар **** БӨБ улсын дугаартай “Иж планета-5” маркийн мотоцикл жолоодож явсан Д- овогтой Е нь Замын хөдөлгөөний дүрмийн 3.4в/ буюу жолоочийн үүрэгт заасан “мотоцикль мопед жолоодохдоо хамгаалах малгайг зааврын дагуу өмсөх, хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх, 3.7а-д заасан “ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд) , эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн нь тогтоогдсон боловч Д.Еы замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн үйлдэл нь осол гарах шалтгаан нөхцөл болоогүй, харин шүүгдэгч М.Н нь туслах замаас ирж байгаа жолоочийн хувьд гол замаас ирж байсан мотоциклийн жолооч Д.Ед зам тавьж өгөөгүйгээс зам тээврийн осол гарсан, нөгөө талаар шүүгдэгч М.Нийг энэ гэмт хэрэгт холбогдуулан гэм буруутайд тооцсон тул хохирогч А.Сыг сундалж явсан мотоциклийн жолооч Д.Еаас хохирол гаргуулах үндэслэлгүй гэж үзэв.

 

Шүүгдэгч М.Нэд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д”Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 5.1 дүгээр зүйлийн 1-д ”Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж тус тус заажээ.

Шүүгдэгч М.Н нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлд заасан хэрэг хариуцах чадвартай тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч М.Нийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2-д заасан хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.

Шүүгдэгч М.Н нь хувийн байдлын хувьд ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт Баян-Өлгий аймгийн Ө сумын 6 дугаар багт оршин суудаг, Хилийн цэргийн ****** дугаар ангид жолоочоор ажилладаг гэх нөхцөл байдал тогтоогдож байна.

Түүнчлэн шүүгдэгч М.Нэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-д заасан” гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн тусламж үзүүлсэн, учруулсан бодит хохирлыг нөхөн төлсөн” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон гэж үзэж үзлээ.

Учир нь шүүгдэгч М.Н нь  урьдаас төлөвлөөгүй, гэнэт бий болсон хүчин зүйлд автаж, Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийг анх удаа үйлдсэн байна. Хэрэгт авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар М.Н нь урьд гэмт хэрэгт холбогдож байгаагүй болох нь нотлогджээ.

Мөн тэрээр зам тээврийн ослын дараа хохирогч А.Сд шууд эмнэлгийн тусламж үзүүлсэн, гэмт хэргийн улмаас учирсан бодит хохиролд 2.060.960 төгрөг төлсөн нь тус тус нотлогдож байх тул эдгээрийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов.

Иймд шүүгдэгч М.Нийн үйлдсэн гэмт хэргийн шинж, учруулсан хохирлын хэр хэмжээ болон тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн ангиллын хэрэгт холбогдсон, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид эмнэлгийн туслалцаа үзүүлсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч учирсан бодит хохирлыг төлсөн зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгч нь гэмт хэрэгт холбогдох үедээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан зэрэг нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч М.Нэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан түүнд оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 5 сарын хугацаанд боломжит хэмжээгээр хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч С.Н-  “Шүүгдэгч М.Нэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д зааснаар  450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэн багасгаж өгнө үү” гэх дүгнэлтийг гаргасан ба хохирогчийн биед учирсан хүндэвтэр гэмтэл бүрэн эдгэрээгүй, дахин Улаанбаатар хотод очиж хагалгаанд орох шаардлагатай зэргээс үзэхэд гэмт хэргийн хор уршиг арилаагүй байх тул М.Нэд ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх шаардлагагүй гэж үзэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Н  нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй ялын арван таван нэгж буюу 15000 төгрөгийг  1 хоногоор тооцож,  хорих ялаар солихыг сануулах нь зүйтэй байна.

Дөрөв: Бусад асуудлаар

Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Б.Н нь цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн CD-1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч М.Нээс хохирол, төлбөр гаргуулахаар шийдвэрлээгүй тул түүний эзэмшлийн ХОҮ **** улсын дугаартай, 2004 онд үйлдвэрлэгдсэн, 2010 онд Монголд орж ирсэн, 2.500.000 төгрөгийн албан ёсны үнэлгээ бүхий, “Нonda civic” маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн Баян-Өлгий аймгийн прокурорын газрын хяналтын прокурорын 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 02 дугаартай тогтоолыг хүчингүй болгож, уг тээврийн хэрэгслийг хууль ёсны эзэмшигч,  М.Нэд буцаан олгох нь зүйтэй гэж үзлээ.

Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч М.Нэд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ш овогтой М-ийн Нийг авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Нийг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Нэд оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 5 сарын хугацаанд боломжит хэмжээгээр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Н нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хохирол төлбөр, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн CD-1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.

6. Шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учирсан бодит хохиролд 2.060.960 /хоёр сая жаран мянга есөн зуун жар/ төгрөгийг хохирогч А.Сд төлж барагдуулсныг дурдаж, хохирогч А.С нь мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт ажилгүй байсан хугацаанд олох байсан орлого нэхэмжилснийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч А.Сын гэмт хэргийн улмаас учирсан үр дагавар болох олох байсан орлого, цаашид гарах эмчилгээний зардал зэргээ нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

7. Шүүгдэгч М.Нээс энэ шийтгэх тогтоолоор хохирол төлбөр гаргуулж олгохоор шийдвэрлээгүй тул түүний эзэмшлийн ХОҮ **** улсын дугаартай, 2004 онд үйлдвэрлэгдсэн, 2010 онд Монголд орж ирсэн, 2.500.000 төгрөгийн албан ёсны үнэлгээ бүхий, “Нonda civic” маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн Баян-Өлгий аймгийн прокурорын газрын хяналтын прокурорын 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 02 дугаартай тогтоолыг хүчингүй болгож, уг тээврийн хэрэгслийг шүүгдэгч М.Нэд буцаан олгосугай.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч М.Нэд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч өөрөө гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Б.Б