Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 183/ШШ2023/02262

 

 

 

 

 

2023 оны 7 сарын 05 өдөр Дугаар 183/ШШ2023/02262 Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гончигсумлаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, * дүгээр хороо, * гудамж, * байр, 20 тоотод оршин суух Б* овогт Б.Б /РД:**/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүрэг,* дүгээр хороо, * дүгээр хороолол, * чөлөө, өөрийн байранд байрлах **** ХХК /РД:*/-д холбогдох,

 

*** ХХК-ийн ерөнхийлөгчийн 2022 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн ** дугаартай хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалыг хүчингүй болгуулах, нэхэмжлэгчтэй тохиролцсоны үндсэн дээр адил чанарын өөр ажлын байранд ажиллуулахаар хөдөлмөрийн гэрээ шинээр байгуулахыг даалгах, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг даалгах тухай үндсэн, 16,520,834 төгрөг гаргуулах тухай нэмэгдүүлсэн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

 

Шүүх хуралдаанд:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т,

Гэрч О.Э,

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сувданчимэг оролцов.

 

Нэхэмжлэлийг 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авав.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Б.Б *** ХХК-ийн ерөнхийлөгчийн 2022 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн ** дугаартай хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалыг хүчингүй болгуулах, нэхэмжлэгчтэй тохиролцсоны үндсэн дээр адил чанарын өөр ажлын байранд ажиллуулахаар хөдөлмөрийн гэрээ шинээр байгуулахыг даалгах, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг даалгах тухай үндсэн, 16,520,834 төгрөг гаргуулах тухай нэмэгдүүлсэн шаардлага гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлээ дараах байдлаар үндэслэсэн. Үүнд: Б.Б нь 2008 онд *** ХХК дотоод хяналтын мэргэжилтэн ажлын байранд анх ажилд орсон бөгөөд шат дараалан тушаал дэвшиж 2016 оны 7 дугаар сард дотоод хяналт мэдээлэл технологийн газрыг захирлаар томилогдон ажиллаж байсан. 2021 оны 4 дүгээр сард манай ажиллаж байсан газрыг 2 хэсэг салгаж, дотоод хяналтын газар, мэдээлэл технологи аюулгүй байдлын газар гэж хуваасан. Ингээд мэдээлэл технологи аюулгүй байдлын газрын захирлаар 2021 оны 04 дүгээр сард томилогдон ажилласан. 2021 оны 12 дугаар сард ажил олгогчийн зүгээс цалингүй чөлөө авах хүсэлтэй ажилчдын судалгааг цахим хаягаар авсан. Тэр үед 2021 оны 01 дүгээр сарын 01-ны өдрөөс, 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл цалингүй чөлөө авахаар хүсэлтээ бичиж ажил олгогчид и-мэйл хаягаар илгээсэн. Цалингүй чөлөө олгох тушаал миний хүсэлтийн дагуу гарсан. Ингээд цалингүй чөлөөний хугацаа дуусаад эргээд ажилдаа орох гэтэл тухайн ажлын байр хасагдсан гэх тайлбарыг өгсөн бөгөөд маргаан бүхий албан тушаал гарах хүртэл хөдөлмөрийн тухай хуульд үндэслэл журамд нийцсэн шийдвэр гаргахыг хүлээж байсан. Миний хувьд тухайн компанид олон жил ажилласан компани цар тахлаас хамаарч хил гааль хаагдсан тул санхүүгийн байдал хүнд байсан учир компаниа бодож хүсэлтээ өгсөн. Хөдөлмөрийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.12-д Ажилтан ажил үүргээ гүйцэтгээгүй, дараах тохиолдолд ажлын байрыг нь хэвээр хадгална хувийн чөлөөтэй байх хугацаанд, 60.4-д Ажлын байр нь хадгалагдаж байгаа ажилтны ажлын байр хасагдсан, эсхүл орон тоо нь цөөрсөн бол ажил олгогч уг ажилтантай тохиролцсоны үндсэн дээр адил чанарын өөр ажлын байранд ажиллуулахаар хөдөлмөрийн гэрээ шинээр байгуулна гэж, зааснаар өөр ажлын байранд хөдөлмөрийн гэрээ байгуулна гэж хүлээж байсан. Гэтэл ** дугаар тушаалаар хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1, Хөдөлмөрийн дотоод журмын 2.1, 11.1.1, дэх заалт, Хүний нөөцийг бүрдүүлэх сонгон шалгаруулах журмын 5.3, дахь заалт, ажилтны гаргасан хүсэлтийг үндэслэн гаргасан байдаг. Миний бие хөдөлмөрийн гэрээг өөрийн санаачилгаар цуцлах хүсэлтээ хөдөлмөрийн тухай хуулийн 79.1-д зааснаар гаргаагүй. Гэтэл хуулийн дээрх заалтыг баримталж хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь үндэслэлгүй. Мөн тус хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа сургалтын зээлийн гэрээ, ажилтантай байгуулах зээлийн гэрээнүүдийг тус тус цуцалсан байх бөгөөд дээрх гэрээг цуцлах үндэслэл болох Хөдөлмөрийн гэрээг цуцлахаас өмнө өөрийн хүсэлтээр цуцалсан гэх нөхцөл үүсээгүй. Иймд зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар Хөдөлмөрийн тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2 дахь хэсэгт заасны дагуу тус шүүхэд хандан энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. Тус гомдлыг шүүхэд гаргаж байгаагийн учир Хөдөлмөрийн тухай / Шинэчилсэн найруулга/ хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2 дахь хэсэгт Хөдөлмөрийн эрхийн маргааныг маргалдагч тал эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш дараах хугацаанд хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй аж ахуйн нэгж, байгууллага болон иргэд хооронд үүссэн маргааныг сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус хандах эрхтэй гэж зааснаас үзвэл эрх нь зөрчигдсөн ажилтан тус хөдөлмөрийн маргаан таслах комисс болон маргаан зохицуулах гурван талт хороонд хандах нь тус ажилтны эрх байх бөгөөд хуульд ч тухайн байгууллагуудад хандахыг үүрэг болгоогүй байна. Үүнээс гадна хариуцагч *** ХХК-д маргаан таслах комисс байдаггүй бөгөөд миний хувьд тус компанийн маргаан таслах комиссоор асуудлаа шийдвэрлүүлэхийг хүссэн ч маргаан таслах комисс байдаггүй гэх хариуг амаар өгсөн. Дээрх асуудлыг хариуцагч байгууллагаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тодруулах бүрэн боломжтой байна. Мөн Хан-Уул дүүрэгт одоогоор хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороо байгуулагдаагүй тул тус газарт хандах боломжгүй нөхцөл байдал бий болсон. Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзсан үзэж, иргэний хэргийг хурдан хугацаанд үүсгэж, хөдөлмөрийн гэрээг хууль бусаар цуцалсан иргэн Б.Бийн зөрчигдсөн эрхийг сэргээж өгнө үү. гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Я шүүхэд гаргасан нэмэгдүүлсэн шаардлагадаа: Нэхэмжлэгч Б.Б нь 2008 онд *** ХХК-д ажилд орж, Дотоод хяналт, мэдээлэл технологийн газрын захирлаар ажиллаж байх хугацаандаа 2019 онд хяналт шалгалтын ажил гүйцэтгэж багаараа 3,3 тэрбум төгрөгийн төсөв хэмнэсэн. Үүнийг Хөдөлмөрийн дотоод журам болон дотоод хяналт мэдээллийн технологийн газрын үйл ажиллагааны журмын 4.1.10-т Газрын ажилтнууд нь гүйцэтгэсэн ажлын үр дүнгээс хамааран урамшууллыг жилд нэг удаа авах ба урамшууллын хэмжээ нь гэрээний төсөв болон гүйцэтгэлийн хяналтаас хэмнэсэн хэмнэлтийн үнийн дүнгийн хувьтай тэнцүү байна гэж зааснаар багийн гишүүдийн оролцооны хувь хэмжээгээр тооцож 3,3 тэрбум төгрөгийн 10 хувь буюу 330 сая төгрөгөөс өөрийн хэмнэлийн оролцсон хувь хэмжээгээр буюу 18 хувийн урамшууллын 59,4 сая төгрөгийг урамшуулалд тооцон гаргуулан авах хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Ийнхүү төсвийн хэмнэлтийн үнийн дүнгийн 10 хувиас өөрийн оролцсон хувь хэмжээгээр тооцох үндэслэл нь *** ХХК-ийн 2019 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн Б/687 дугаар ерөнхийлөгчийн Урамшуулал олгох тухай тушаалын үндэслэл Хөдөлмөрийн дотоод журмын 2.1 дэх хэсэг Дотоод хяналт, мэдээлэл технологийн газрын үйл ажиллагааны журмын 4.1.10 дахь хэсгийн дагуу урамшуулал тооцож байгаа юм. *** ХХК, 2021 оны 600-0921 тоот сургалтын зээлийн гэрээг байгуулсан бөгөөд тус гэрээний 4.2-т ажилласан хугацаанд хувь тэнцүүлэн хасалт хийж үлдэгдэл төлбөрийг төлөх талаар зохицуулсан байдаг. Хариуцагч нь 2022 оны 02 дугаар сард цалингүй чөлөө авсан байх үед сургалтын зээлийн гэрээний үлдэгдэл төлбөр 17,879,166 төгрөг байгаа талаар дурдаж төлж барагдуулах шаардлага тавьж тооцоо нийлсэн акт гэх зүйлийг гардуулсан. Уг төлбөрийг миний бие үргэлжлүүлэн ажиллана гэж бодож байсан тул төлөхгүй гэдгээ илэрхийлсэн. Мөн 2020 оны 286-0920 тоот ажилтантай байгуулах зээлийн гэрээний төлбөр 25,000,000 төгрөг тооцоо нийлсэн актад дурдсан бөгөөд дээрх 2 төлбөрийг 2019 оны урамшуулалт хөлснөөс хасаж тооцуулж үлдэх 6,520,834 төгрөгийг гаргуулах хүсэлтэй байна. Иймд *** ХХК-тай байгуулсан 2021 оны 600-0921 тоот сургалтын зээлийн гэрээний үлдэгдэл төлбөр 17,879,166 төгрөг, 2020 оны 286-0920 тоот ажилтантай байгуулах зээлийн гэрээний төлбөр 25,000,000 төгрөг нийт 42,879,166 төгрөгийг 2019 оны хийсэн ажлын урамшуулалт хөлс болох 59,400,000 төгрөгийн урамшууллаас суутгуулан тооцуулж үлдэх 16,520,834 төгрөгийг хариуцагч *** ХХК-иас гаргуулж өгнө үү. гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Үндсэн нэхэмжлэл нь *** ХХК-ийн ерөнхийлөгчийн 2022 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн ** дугаар хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалыг хүчингүй болгуулах, нэхэмжлэгчтэй тохиролцсоны үндсэн дээр адил чанарын өөр ажлын байранд ажиллуулахаар хөдөлмөрийн гэрээ шинээр байгуулахыг даалгах, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг даалгах нэхэмжлэлийн шаардлага дээр сүүлд нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага нь хөдөлмөрийг гэрээг цуцалсан тушаалтай холбоотой *** ХХК-тай байгуулсан 2021 оны 600-0921 тоот сургалтын зээлийн гэрээний үлдэгдэл төлбөр 17,879,166 төгрөг, 2022 оны 28609 тоот ажилтантай байгуулах зээлийн гэрээний төлбөр 25,000,000 төгрөг нийт 42,879,166 төгрөгийг 2019 оны хийсэн ажлын урамшуулалт хөлс болох 59,400,000 төгрөгийн урамшууллаас суутгуулан тооцуулж үлдэх 16,520,834 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Ажлаас чөлөөлсөн тушаалын үндэслэл нь өөрийн хүсэлтээр гэдэг үндэслэлтэй боловч Б.Б ажлаас чөлөөлөх хүсэлт өгөөгүй. Харин компанийн эдийн засгийн цар тахалтай холбоотой эдийн засгийн хүндрэлтэй байдлаас хамаарч ажил олгогчийн санаачилгаар цалингүй чөлөө авч эргээд ажилдаа орох гэтэл таны ажлын байр хасагдсан гэх үндэслэлээр аман байдлаар хэлж ажилд нь аваагүй. Харин сүүлд гарсан тушаалтай холбоотой 3 гэрээний маргааны орон сууц өмчлөх эрхтэй холбоотой орон сууц худалдах, худалдан авах гэрээг Хан-Уул дүүргийн шүүхэд шийдвэрлэгдэж, хөдөлмөрийн гэрээ цуцалсантай холбоотой зээлийн гэрээ болон сургалтын гэрээний асуудал яригдаж үлдсэн. Хэрэгт тооцоо нийцсэн акт авагдсан. Үүнд гэрээнд дурдагдаагүй үндэслэлээр алданги тооцох, хүү бодох, хөдөлмөрийн гэрээнд зааснаар ажилсан хугацаанд дүйцүүлээд хасах зохицуулалт байсныг оруулж төлбөр төлөх шаардлага тавьж Б.Бийг орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг гаргаж өгөхгүйгээр шантаачилж, хууль бус шаардлага тавих нөхцөл байдал үүссэнтэй холбоотойгоор нэхэмжлэлийн шаардлага дэмжиж оролцож байна. Урамшуулалт цалин хөлсний асуудал хамгийн чухал яригддаг. Урамшуулалт цалин хөлсийг журмаар баталсан боловч хариуцагч гаргаж өгдөггүй. н.Эрдэнэхүүд олгохоор шагналын хэмжээ 14,951,821 төгрөгөөс банкнаас авсан хуулгаас татвар хасан шилжүүлсэн 13,000,000 төгрөгийн баримтыг гаргаж өгсөн. Энэ баримт нь банк компанийн урамшуулалт хөлс олгодог байсан гэдгийг нотолж байна. Хариуцагчаас тайлбар хэлэхдээ нэхэмжлэгчийн цаашдын ажлын карерыг бодож ажилдаа ирээгүй учир өөрийн хүсэлтээр гэх үндэслэлээр тушаал гаргасан. Гэхдээ ямар ч байгууллага хөдөлмөрийн тухай хуульд нийцэх ёстой. Үндсэн нэхэмжлэлийн шаардлагад хөдөлмөрийн тухай хуульд зааснаар ажилтан ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан бол ямар үндэслэлээр чөлөөлөгдөж байгаа бичгээр гаргасан хүсэлтэд үндэслэж ажлаас чөлөөлөгдөх ёстой. Гэтэл бичгээр чөлөөлөгдөх хүсэлт нэхэмжлэгч гаргаж өгөөгүй. Энэ талаар хариуцагч нотлох баримт ирүүлээгүй хөдөлмөрийн дотоод журмаар ирүүлээгүй. Иймд тушаалыг хөдөлмөрийн дотоод журам байхгүй байсан ч хүчингүй болгох хуульд заасан үндэслэлтэй гэж үзэж байна. **-аас хөдөлмөрийн тухай журам өгөөгүй гэхдээ маргаан бүхий тушаал нь хөдөлмөрийн тухай хуулийн 79.1 дэх хэсгийг зөрчиж гарсан тушаал гэж үзэж байгаа учир нь маргаан бүхий тушаал дээр хөдөлмөрийн харилцааг ажилтны санаачилгаар цуцлах эрхтэй гэх заалтаар хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон байдаг. Гэтэл нэхэмжлэгч 79.1-д зааснаар ажлаас сайн дураар чөлөөлөгдөх хүсэлт огт гаргаагүй үүнтэй холбоотой баримт бичгийг хариуцагч талаас гаргаж өгөөгүй. Мөн нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагын хувьд тушаал шийдвэр, урамшуулалт цалин хөлс олгох тухай тушаал нотлох баримт хангасан байдлаар хэрэгт авагдаагүй гэхдээ Б.Бтэй холбоотой урамшуулал олгохоор *** ХХК-ийн 2019 оны 8 дугаар сарын 14-ны Б/687 дугаар тоот тушаал хавсралт нь хэрэгт авагдсан. Урамшуулалт цалин хөлс олгохоор үнийн дүнгийн тавьсан байдаг. Б.Баянмөнх хэдийгээр ажлаас чөлөөлсөн тушаал хүчингүй болж эргээд ажилдаа орсон тохиолдолд нэхэмжлэлд дурдсан сургалтын зээлийн гэрээ болон зээлийн гэрээний асуудал тухайн үед нь шийдвэрлээд явах боломжтой боловч компани зээлийн гэрээг зөрчсөн гэж үзэж байгаа учир нэхэмжлэгч эрхээ сэргээлгэсэн тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагыг дуусгавар болгох байр суурьтай байгаа үндэслэл нь урамшуулалт цалин хөлснөөс ажилсан хугацаанд дүйцүүлж хассан тооцоо нийлсэн акт дурдагдсан үнийн дүн болон зээлийн төлбөр 25,000,000 төгрөгийг урамшуулалт цалин хөлснөөс хасаж 16,520,000 гаргуулах хүсэлт гаргасан. Уг нь сургалтын гэрээний зээлийн 4.2-т заасан болон зээлийн гэрээнд заасан хөдөлмөрийн тухай хуулийг ноцтой зөрчсөн хөдөлмөрийн гэрээний харилцааг ажилтан зөрчил гаргасан тохиолдолд уг зээлийг буцаан авахаар заасан боловч тухайн зөрчлийг гаргаагүй ч гэсэн тухайн компанитай харилцаа таарамжгүй болсон учир урамшуулалт цалин хөлснөөс хасуулж гаргуулах хүсэлтэй байна. Орон сууцны маргаан шүүхээр шийдэгдсэн учир гол хоёр маргаан болох сургалтын зээлийн гэрээний 25,000,000 төгрөг, зээлийн гэрээний 17,879,166 төгрөгийн маргааныг хөдөлмөрийн маргаантай цуг шийдвэрлэх нь зүйтэй учир нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Мөн дотоод хяналт мэдээлэл технологийн газар ерөнхийлөгчид 2019 оны 12 дугаар сарын 12-нд өдөр 01283 тоот н.Эрдэнэхүүд аудитораар 15 хувийн урамшуулал тооцож албан бичгийг Б.Баянмөнх явуулж тухайн урамшуулал н.Эрдэнэхүүд олгогдож байсан гэдгийг үүгээр баталж байгаа. 2022 оны 3 сараас эхэлж учир нь 1,2 сараас өөрийн хүсэлтээр цалингүй чөлөөг олгосон. Тушаал гарсан үеэс биш ажил үүргээ гүйцэтгэх боломжгүй 2022 оноос хөдөлмөрлөх эрхийн зөрчсөн үеэс эхэлж тооцож өнөөдрийн шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны цалин хөлсийг сарын нийгмийн даатгал шимтгэл төлөлтийн дунджаар тооцож нэхэмжилж байна. Мөн өмнөх цалин хөлсний хэмжээ тооцсон хөдөлмөрийн гэрээг **-аас өнөөдрийг хүртэл аваагүй. гэжээ.

Хариуцагч **** ХХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Б.Бийн нэхэмжлэлтэй *** ХХК-д холбогдох иргэний хэрэг тус шүүхэд хянан шийдвэрлэгдэж байгаатай холбогдуулан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т би хууль болон итгэмжлэлээр олгогдсон эрхийнхээ хүрээнд энэхүү тайлбарыг шүүхэд гаргаж байна. Нэхэмжлэгч нэхэмжлэлийнхээ үндэслэлийг ажлын байр нь хадгалагдаж байх үед ажлаас чөлөөлсөн, адил чанарын өөр ажлын байранд ажиллуулаагүй, өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөөгүй тул хөдөлмөрийн гэрээ цуцалсан тушаалыг хүчингүй болгуулж, өөр төрлийн ажлын байранд шинээр гэрээ байгуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулна гэж тодорхойлж маргасан. Нэхэмжлэгч нь өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөхөөр өргөдлөө гаргасныг компанийг гүйцэтгэх захирал шийдвэрлэж цохолт хийж өөрт нь өгсөн. Тэрээр компанитай орон сууцны үнийн тооцоотой, сургалтын гэрээний тооцоотой, хувь зээл авсан тооцоотой байсан тул хөдөлмөрийн гэрээ цуцлах тушаалыг хойшлуулж эдгээр төлбөр тооцоогоо барагдуулах хүртэл хүлээж байгаад 2022 оны 7 дугаар сарын 28-ны өдөр тушаал гарсан. Б.Б нь өөрөө ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргаснаас гадна нэхэмжлэлдээ дурдсанчлан 2022 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдрийг хүртэлх хугацаанд цалингүй чөлөөтэй байсан, уг чөлөөний хугацаа дууссан боловч ажилдаа ирээгүй, цалингүй чөлөөгөө сунгахаар компанийн удирдлагатай уулзсан боловч удирдлагаас цалингүй чөлөөг сунгах боломжгүй гэсэн хариултыг өгсөн. Ийнхүү 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдрөөс хойш ажлаа тасалж, ажилдаа ирээгүй бөгөөд компанийн зүгээс ноцтой зөрчил гаргасан хэмээн халах сахилгын шийтгэл ногдуулж, хөдөлмөрийн гэрээг цуцалж болохоор байсан боловч ажилтныг бодож өмнө гаргаж байсан өргөдлийнх нь дагуу хөдөлмөрийн гэрээг нь цуцалсан. 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдрөөс хойш 2022 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн хөдөлмөрийн гэрээ цуцлах тушаал гарах хүртэл хугацаанд чөлөөгөө сунгуулахаар хандсанаас бусдаар ажилдаа буцаж орох, ажлын байранд орох зэрэг хүсэлтүүдийг гаргаагүй гэж хандаж байгаагүй. гэжээ.

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, итгэмжлэл, Хан-Уул дүүргийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн 2022 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 524 дугаартай тодорхойлолт, Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, *** ХХК-ийн Ерөнхийлөгчийн 2022 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн ** дугаартай тушаал, Ажилтантай байгуулах зээлийн гэрээ,

Хариуцагчаас улсын бүртгэлийн гэрчилгээ, *** ХХК-ийн итгэмжлэл, Б.Бөөс Б.Тд олгосон итгэмжлэл, хариу тайлбар, нотлох баримтад гаргасан тайлбар, *** ХХК-ийн Ерөнхийлөгчийн 2021 оны 08 дугаар сарын 9-ний өдрийн Тушаалд өөрчлөлт оруулж, бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай *** дугаартай тушаал, Мэдээлэл технологи, аюулгүй байдлын газрын бүтэц, орон тоо, Мэдээлэл технологи, аюулгүй байдлын газрын бүтэц, орон тооны албан тушаалын жагсаалт, ажилтантай байгуулах зээлийн гэрээ, *** ХХК-ийн Ерөнхийлөгчийн 2022 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн ** дугаартай Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаал, хөдөлмөрийн гэрээ, Орон сууц худалдах, худалдан авах гэрээ, зээлийн гэрээ, *** ХХК мэдээлэл технологи, аюулгүй байдлын газрын захирал Б.Бтэй тооцоо нийлсэн акт, үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг нотлох баримтыг шүүхэд ирүүлсэн.

Шүүхээс нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээс О.Эг гэрчээс асуув.

Шүүх хэрэгт авагдсан бичгэн нотлох баримт, зохигчийн талбарыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Б нь *** ХХК-ийн ерөнхийлөгчийн 2022 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн ** дугаартай хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалыг хүчингүй болгуулах, нэхэмжлэгчтэй тохиролцсоны үндсэн дээр адил чанарын өөр ажлын байранд ажиллуулахаар хөдөлмөрийн гэрээ шинээр байгуулахыг даалгах, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг даалгах тухай үндсэн, 16,520,834 төгрөг гаргуулах тухай нэмэгдүүлсэн шаардлага гаргажээ.

Хариуцагч **** ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид ХХК-д 2023 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн 13 цаг 30 минутад болох шүүх хурлын товыг 2023 оны 6 дугаар сарын 29-ний өдөр мэдэгдсэн болох нь шүүх хуралдааны тов мэдэгдсэн баримтаар тогтоогдож байх ба хариуцагч нь хүндэтгэн үзэх шалтгаагүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй. Мөн нэхэмжлэгчээс нэмэгдүүлсэн шаардлагаа 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдөр гаргасныг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид 2023 оны 3 дугаар сарын 02-ны өдөр гардуулсан байх ба хариуцагч талаас хариу тайлбар гаргах эрхээ хэрэгжүүлээгүй байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-д заасны дагуу хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэлээ.

Мөн Хан-Уул дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороо байгуулагдаагүй болох нь Нийслэлийн Хан-Уул дүүргийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн даргын 2022 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 524 тоот албан тоотоор тогтоогдож байх тул тухайн иргэний хэргийг шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх журам хэрэглэхгүйгээр хянан шийдвэрлэсэн болно.

1.Шүүх нэхэмжлэгчийн гаргасан үндсэн болон нэмэгдүүлсэн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж үзэв.

2.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: 2021 оны 12 дугаар сард ажил олгогчийн зүгээс цалингүй чөлөө авах хүсэлтэй гаргаж чөлөө авсан. Ингээд цалингүй чөлөөний хугацаа дуусаад эргээд ажилдаа орох гэтэл тухайн ажлын байр хасагдсан гэх тайлбарыг өгсөн. Би тус албан тушаал гарах хүртэл хөдөлмөрийн тухай хуульд үндэслэл журамд нийцсэн шийдвэр гаргахыг хүлээж байсан. Гэтэл ** дугаар тушаалаар хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1, Хөдөлмөрийн дотоод журмын 2.1, 11.1.1, дэх заалт, Хүний нөөцийг бүрдүүлэх сонгон шалгаруулах журмын 5.3, дахь заалт, ажилтны гаргасан хүсэлтийг үндэслэн. Миний бие хөдөлмөрийн гэрээг өөрийн санаачилгаар цуцлах хүсэлтээ хөдөлмөрийн тухай хуулийн 79.1-д зааснаар гаргаагүй. Мөн тус хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа сургалтын зээлийн гэрээ, ажилтантай байгуулах зээлийн гэрээнүүдийг тус тус цуцалсан байх бөгөөд дээрх гэрээг цуцлах үндэслэл болох Хөдөлмөрийн гэрээг цуцлахаас өмнө өөрийн хүсэлтээр цуцалсан гэх нөхцөл үүсээгүй. Урамшуулалт цалин хөлсийг журмаар баталсан боловч хариуцагч гаргаж өгдөггүй. Сургалтын гэрээний зээлийн 4.2-т заасан болон зээлийн гэрээнд заасан хөдөлмөрийн тухай хуулийг ноцтой зөрчсөн хөдөлмөрийн гэрээний харилцааг ажилтан зөрчил гаргасан тохиолдолд уг зээлийг буцаан авахаар заасан боловч тухайн зөрчлийг гаргаагүй. Тушаал гарсан үеэс биш ажил үүргээ гүйцэтгэх боломжгүй 2022 оноос хөдөлмөрлөх эрхийн зөрчсөн үеэс эхэлж тооцож өнөөдрийн шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны цалин хөлсийг сарын нийгмийн даатгал шимтгэл төлөлтийн дунджаар тооцож нэхэмжилж байна. гэв.

3.Хариуцагч дараах үндэслэлээр үндсэн нэхэмжлэлийг няцааж байна. Үүнд: Нэхэмжлэгч нь өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөхөөр өргөдлөө гаргасныг компанийн ерөнхийлөгч шийдвэрлэж цохолт хийж өөрт нь өгсөн. Сургалтын гэрээ, орон сууцны гэрээний тооцоотой байсан тул хөдөлмөрийн гэрээ цуцлах тушаалыг хойшлуулж 2022 оны 7 дугаар сарын 28-ны өдөр гаргасан. 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс 2022 оны 02 дугаар сарын 7-ний өдөр хүртэл хугацаанд цалингүй чөлөөтэй байсан. Уг чөлөөг сунгах хүсэлт гаргасныг сунгахаас татгалзсан. 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдрөөс хойш ажлаа тасалж, ажилдаа ирээгүй бөгөөд компаниас сахилгын шийтгэл ногдуулж болох байсан ч ажилтнаа бодож гаргасан өргөдлийнх нь дагуу хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Ажилтан нь чөлөөгөө сунгуулахаар хандсан, харин ажилдаа буцан орох, тохирох хүсэлт гаргаагүй. гэв.

4.Хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

5.**** ХХК болон Б.Б нар нь 2021 оны 01 дүгэр сарын 28-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулжээ. Тус гэрээгээр Б.Б нь **** ХХК-ийн Дотоод хяналт, мэдээлэл технологийн газрын захирлын албан тушаалд ажиллах ба талууд хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулсан.

6.Мөн Б.Бийг ажиллах хугацаанд талууд 2020 оны 8 дугаар сарын 13-ны өдөр 286-0920 дугаартай Ажилтантай байгуулах зээлийн гэрээг байгуулж, 25,000,000 төгрөгийг жилийн эцсээр олгодог үр дүнгийн урамшууллаас суутгуулан төлж, хүүгүй зээлэхээр тохиролцсон.

*** ХХК-ийн ерөнхийлөгчийн 2022 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн ** дугаартай тушаалаар Б.Бтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2022 оны 7 дугаар сарын 29-ний өдрөөр цуцалж, түүнтэй байгуулсан 286-0920 тоот Ажилтантай байгуулах зээлийн гэрээг мөн цуцалжээ.

7.*** ХХК-ийн ерөнхийлөгчийн 2022 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн ** дугаартай тус тушаалд ажилтны гаргасан өргөдлийн дагуу хөдөлмөрийн гэрээг цуцалсан байна.

Харин нэхэмжлэгчийн зүгээс ажлаас гарах тухай өргөдөл гаргаагүй гэж, хариуцагчаас ажилтнаа бодоод сахилгын шийтгэл ногдуулахгүйгээр хүсэлтээр нь чөлөөлсөн гэж талууд маргаж байна.

8.*** ХХК-ийн ерөнхийлөгчийн 2022 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн ** дугаартай тус тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажилтан санаачилж цуцлах эрхтэй. гэж заасныг үндэслэсэн байх боловч ажилтан Б.Б нь ажлаас чөлөөлөгдөх тухай хүсэлтийг ажил олгогчид өгсөн болох нь баримтаар тогтоогдохгүй байна.

Ажилтан сахилгын зөрчил гаргасан бол ажил олгогчийн зүгээс Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлд заасан хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулах журмын дагуу шийтгэлийг хүлээлгэх журамтай. Харин хуульд заасан журмын дагуу хариуцлага хүлээлгээгүй үйлдлийг сахилгын шийтгэл гэж үзэхгүй.

9.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа Б.Б нь цалингүй чөлөө авсан бөгөөд уг хугацаа дуусаж удирдлагаас чөлөөг сунгаагүй байхад ажилдаа ирээгүй буюу ажлаа тасалсан, компаниас энэ үйлдлийг нь ноцтой зөрчил гэж үзсэн гэж тайлбарлах боловч Б.Баярхүүгийн ажилдаа ирээгүй үйлдлийг тогтоосон, тухайн үйлдэлд сахилгын шийтгэл хүлээлгэсэн үйл баримт тогтоогдохгүй байна.

Иймд нэхэмжлэгч Б.Баярхүүг сахилгын зөрчил гаргасан, түүнд сахилгын шийтгэл хүлээлгэсэн гэж үзэх боломжгүй.

10.Мөн Б.Баярхүүгийн ажилдаа ирээгүй гэх үйлдлийг хуульд заасан журмын дагуу сахилгын шийтгэл ногдуулаагүй атлаа нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн хөдөлмөрийн гэрээг цуцалсан гэх гэх үндэслэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 73, 123 дугаар зүйлтэй нийцэхгүй байна.

11.Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журмын 2.3-т ажилтны сүүлийн 3 сарын цалин хөлсөөр тооцохоор заасан. Нэхэмжлэгч нь 2021 оны 10 дугаар сард 8,661,399 төгрөг, 11 дүгээр сард 6,875,000 төгрөг, 12 дугаар сард 1,367,187 төгрөг буюу нийт 16,903,586 төгрөгийн цалин авсан ба дунджаар нэг сард 5,634,528.6 төгрөгийн цалин хөлс авч байжээ.

 

Дээрх журамд зааснаар нэхэмжлэгч Б.Бийн ажилгүй байсан 2023 оны 2 дугаар сарын 15-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах өдөр хүртэл хугацааг тооцвол Б.Баярхүүд 80,076,632 төгрөгийн нөхөн олговор олговол зохино.

12.Түүнчлэн Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т Ажил олгогчийн буруугаас нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй даатгуулагчид учирсан хохирлыг ажил олгогч бүрэн хариуцаж төлнө гэж заасан тул нэхэмжлэгч Б.Бийн 2022 оны 2 дугар сарын 15-ны өдрөөс 2023 оны 7 дугаар сарын 05-ний өдрийг хүртэлх хугацаанд төлбөл зохих нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хариуцагч байгууллагаар төлүүлэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч нь 2019 оны ажлын урамшуулалт хөлсний үлдэгдэл 16,520,834 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн боловч шаардлагаа баримтаар нотлоогүй.

Тодруулбал нэхэмжлэгч нь 2019 оны урамшуулалт хөлс 59,400,000 төгрөг авах ёстой боловч сургалтын гэрээ, зээлийн гэрээний үлдэгдлийг суутгуулаад үлдэх 16,520,834 төгрөгийг шаардсан. Харин хэрэгт авагдсан баримтаар Б.Б нь 2019 оны урамшуулал цалин 59,400,000 төгрөг авах ёстой байсан, хөдөлмөрийн гэрээг цуцалснаас шалтгаалан уг урамшууллыг авч чадаагүй болох нь тогтоогдохгүй байна.

Нэхэмжлэгчээс уг урамшууллыг авсан гэх хамт ажиллаж байсан О.Эгийн дансны хуулгыг хэрэгт авахуулж, гэрчээр асуусан боловч уг баримт, мэдүүлэг нь Б.Бөд уг урамшууллыг олговол зохих эсэхийг тогтооход хамааралгүй байна.

Иймд нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Бийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, нэхэмжлэгч Б.Бийг урьд эрхэлж байсан **** ХХК-ийн Дотоод хяналт, мэдээлэл технологийн газрын захирлын албан тушаалд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин олговорт хариуцагч **** ХХК-иас 80,076,632 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, Б.Бийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр суутган төлж, шимтгэл хураамж төлсөн тухай нөхөн бичилт хийхийг хариуцагч **** ХХК-д даалгаж, үлдэх 16,520,834 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Ажилтны ажлын байр хасагдсан, эсхүл орон тоо нь цөөрсөн бол ажил олгогч уг ажилтантай тохиролцсоны үндсэн дээр адил чанарын өөр ажлын байранд ажиллуулахаар хөдөлмөрийн гэрээ шинээр байгуулахыг дурдсугай.

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх болохыг дурдаж, хариуцагчаас 558,333 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ Б.ГОНЧИГСУМЛАА