Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2023/02040

 

 

 

 2023 оны 11 сарын 22 өдөр Дугаар 210/МА2023/02040

 

Б.Б...ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр даргалж, шүүгч Э.Энэбиш, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 183/ШШ2023/02262 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Б.Б....ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: М... ХХК-д холбогдох,

М... ХХК-ийн Ерөнхийлөгчийн 2022 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн б/685 дугаартай хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалыг хүчингүй болгуулах, нэхэмжлэгчтэй тохиролцсоны үндсэн дээр адил чанарын өөр ажлын байранд ажиллуулахаар хөдөлмөрийн гэрээ шинээр байгуулахыг даалгах, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлж баталгаажуулах, дэвтэрт бичилт хийхийг даалгах, 16,520,834 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т..., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т...., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Х... нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. М.... ХХК-д 2008 онд дотоод хяналтын мэргэжилтнээр анх ажилд орсон бөгөөд шат дараалан дэвшиж, 2016 оны 07 дугаар сард Дотоод хяналт мэдээлэл технологийн газрын захирлаар томилогдон ажилласан.

Улмаар 2021 оны 04 дүгээр сард манай газрыг дотоод хяналтын газар, мэдээлэл технологи аюулгүй байдлын газар гэж хуваасан. Мэдээлэл технологи аюулгүй байдлын газрын захирлаар 2021 оны 04 дүгээр сард томилогдон ажилласан.

1.2. Ажил олгогчийн зүгээс 2021 оны 12 дугаар сард цалингүй чөлөө авах хүсэлтэй ажилчдын судалгааг цахим хаягаар авсан. Ингээд 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс, 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл цалингүй чөлөө авахаар хүсэлтээ бичиж, ажил олгогчид и-мэйл хаягаар илгээж, хүсэлтийн дагуу тушаал гарсан.

1.3. Цалингүй чөлөөний хугацаа дуусаад эргээд ажилдаа орох гэтэл тухайн ажлын байр хасагдсан гэх тайлбарыг өгсөн бөгөөд Хөдөлмөрийн тухай хуульд заасан үндэслэл журамд нийцсэн шийдвэр гаргахыг хүлээж байсан. Миний хувьд тухайн компанид олон жил ажилласан компани цар тахлаас хамаарч хил гааль хаагдсан санхүүгийн байдал хүнд байсан учир компаниа бодож хүсэлтээ өгсөн.

1.5. Хөдөлмөрийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.12-д Ажилтан ажил үүргээ гүйцэтгээгүй, дараах тохиолдолд ажлын байрыг нь хэвээр хадгална хувийн чөлөөтэй байх хугацаанд гэж заасан. 60.4-д Ажлын байр нь хадгалагдаж байгаа ажилтны ажлын байр хасагдсан, эсхүл орон тоо нь цөөрсөн бол ажил олгогч уг ажилтантай тохиролцсоны үндсэн дээр адил чанарын өөр ажлын байранд ажиллуулахаар хөдөлмөрийн гэрээ шинээр байгуулна гэж тус тус зааснаар өөр ажлын байранд хөдөлмөрийн гэрээ байгуулна гэж хүлээсэн.

Гэтэл Б/685 дугаар тушаалаар хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1, Хөдөлмөрийн дотоод журмын 2.1, 11.1.1, дэх заалт, Хүний нөөцийг бүрдүүлэх сонгон шалгаруулах журмын 5.3, дахь заалт, ажилтны гаргасан хүсэлтийг үндэслэн гаргасан. Миний бие хөдөлмөрийн гэрээг өөрийн санаачилгаар цуцлах хүсэлтээ Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д зааснаар гаргаагүй.

Ажилтан хөдөлмөрийн маргаан таслах комисс болон маргаан зохицуулах гурван талт хороонд хандах нь тус ажилтны эрх байх бөгөөд хуульд ч тухайн байгууллагуудад хандахыг үүрэг болгоогүй байна. Хан-Уул дүүрэгт одоогоор хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороо байгуулагдаагүй тул тус газарт хандах боломжгүй нөхцөл байдал бий болсон.

1.6. Б.Б... нь 2008 онд М... ХХК-д ажилд орж, Дотоод хяналт, мэдээлэл технологийн газрын захирлаар ажиллаж байх хугацаандаа 2019 онд хяналт шалгалтын ажил гүйцэтгэж багаараа 3,3 тэрбум төгрөгийн төсөв хэмнэсэн. Үүнийг Хөдөлмөрийн дотоод журам болон дотоод хяналт мэдээллийн технологийн газрын үйл ажиллагааны журмын 4.1.10-т Газрын ажилтнууд нь гүйцэтгэсэн ажлын үр дүнгээс хамааран урамшууллыг жилд нэг удаа авах ба урамшууллын хэмжээ нь гэрээний төсөв болон гүйцэтгэлийн хяналтаас хэмнэсэн хэмнэлтийн үнийн дүнгийн хувьтай тэнцүү байна гэж зааснаар багийн гишүүдийн оролцооны хувь хэмжээгээр тооцож 3,3 тэрбум төгрөгийн 10 хувь буюу 330 сая төгрөгөөс өөрийн хэмнэлийн оролцсон хувь хэмжээгээр буюу 18 хувийн урамшууллын 59,400,000 төгрөгийг урамшуулалд тооцон гаргуулан авах үндэслэлтэй гэж үзэж байна.

Ийнхүү төсвийн хэмнэлтийн үнийн дүнгийн 10 хувиас өөрийн оролцсон хувь хэмжээгээр тооцох үндэслэл нь М... ХХК-ийн 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн Б/687 дугаар ерөнхийлөгчийн Урамшуулал олгох тухай тушаалын үндэслэл Хөдөлмөрийн дотоод журмын 2.1 дэх хэсэг Дотоод хяналт, мэдээлэл технологийн газрын үйл ажиллагааны журмын 4.1.10 дахь хэсгийн дагуу урамшуулал тооцож байгаа юм.

2021 оны 600-0921 тоот сургалтын зээлийн гэрээг байгуулсан бөгөөд тус гэрээний 4.2-т ажилласан хугацаанд хувь тэнцүүлэн хасалт хийж үлдэгдэл төлбөрийг төлөх талаар зохицуулсан байдаг.

Хариуцагч нь 2022 оны 02 дугаар сард цалингүй чөлөө авсан байх үед сургалтын зээлийн гэрээний үлдэгдэл төлбөр 17,879,166 төгрөг байгаа талаар дурдаж төлж барагдуулах шаардлага тавьж тооцоо нийлсэн акт гэх зүйлийг гардуулсан. Үргэлжлүүлэн ажиллана гэж бодож байсан тул Уг төлбөрийг төлөхгүй гэдгээ илэрхийлсэн.

2020 оны 286-0920 тоот ажилтантай байгуулах зээлийн гэрээний төлбөр 25,000,000 төгрөг тооцоо нийлсэн актад дурдсан бөгөөд дээрх 2 төлбөрийг 2019 оны урамшуулалт хөлснөөс хасаж тооцуулж үлдэх 16,520,834 төгрөгийг гаргуулах хүсэлтэй байна.

Иймд М... ХХК-тай байгуулсан 2021 оны 600-0921 тоот сургалтын зээлийн гэрээний үлдэгдэл төлбөр 17,879,166 төгрөг, 2020 оны 286-0920 тоот ажилтантай байгуулах зээлийн гэрээний төлбөр 25,000,000 төгрөг, нийт 42,879,166 төгрөгийг 2019 оны хийсэн ажлын урамшуулалт хөлс болох 59,400,000 төгрөгийн урамшууллаас суутгуулан тооцуулж үлдэх 16,520,834 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1. Нэхэмжлэгч нь өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөхөөр өргөдөл гаргасныг компанийг гүйцэтгэх захирал шийдвэрлэж, өөрт нь өгсөн.

2.2. Тэрээр компанитай орон сууцны, сургалтын, зээлийн гэрээний тооцоотой байсан тул хөдөлмөрийн гэрээ цуцлах тушаалыг хойшлуулж, эдгээр төлбөр тооцоогоо барагдуулах хүртэл хүлээж байгаад 2022 оны 07 дугаар сарын 28-ны өдөр тушаал гарсан.

2.3. Б.Б.... нь өөрөө ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргаснаас гадна 2022 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдрийг хүртэлх хугацаанд цалингүй чөлөөтэй байсан, уг чөлөөний хугацаа дууссан боловч ажилдаа ирээгүй, цалингүй чөлөөгөө сунгахаар компанийн удирдлагатай уулзсан боловч удирдлагаас цалингүй чөлөөг сунгах боломжгүй гэсэн хариултыг өгсөн.

2.4. Тэрээр 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдрөөс хойш ажлаа тасалж, ажилдаа ирээгүй бөгөөд компанийн зүгээс ноцтой зөрчил гаргасан хэмээн халах сахилгын шийтгэл ногдуулж, хөдөлмөрийн гэрээг цуцалж болохоор байсан боловч ажилтныг бодож өмнө гаргаж байсан өргөдлийнх нь дагуу хөдөлмөрийн гэрээг нь цуцалсан.

2022 оны 02 дугаар сарын 07-ны өдрөөс хойш 2022 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн хөдөлмөрийн гэрээ цуцлах тушаал гарах хүртэл хугацаанд чөлөөгөө сунгуулахаар хандсанаас бусдаар ажилдаа буцаж орох хүсэлтийг гаргаагүй гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Б...ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, нэхэмжлэгч Б.Б...ийг урьд эрхэлж байсан М... ХХК-ийн Дотоод хяналт, мэдээлэл технологийн газрын захирлын албан тушаалд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин олговорт хариуцагч М... ХХК-иас 80,076,632 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, Б.Б...ийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр суутган төлж, шимтгэл хураамж төлсөн тухай нөхөн бичилт хийхийг хариуцагч М... ХХК-д даалгаж, үлдэх 16,520,834 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Ажилтны ажлын байр хасагдсан, эсхүл орон тоо нь цөөрсөн бол ажил олгогч уг ажилтантай тохиролцсоны үндсэн дээр адил чанарын өөр ажлын байранд ажиллуулахаар хөдөлмөрийн гэрээ шинээр байгуулахыг дурдаж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх болохыг дурдаж, хариуцагчаас 558,333 төгрөг гаргуулан улсын орлого болгож, шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Шүүх хэргийн оролцогчийн эрхийг хангаагүй. Шүүхээс шүүх хуралдааны товыг хуулийн хугацаанд мэдэгдээгүй, хэргийн материалд 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдөр хариуцагчийн утас руу мэдэгдсэн гэж тэмдэглэсэн нь үндэслэлгүй. Харин 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдөр 3 удаа залгасан байсан.

Энэ өдөр нь Улаанбаатар хотын хэмжээнд үерийн асуудал үүссэн. Энэ нь нийтэд илэрхий үйл баримт бөгөөд тус өдөр Улаанбаатар хотын 3-5 том замыг хааж, онцгой байдлын түвшинд шилжсэн байсан тул ажиллах, ажилдаа явах бололцоо байгаагүй. Дараа нь шүүх рүү ярихад шүүх хуралдаан болсон гэж мэдэгдсэн. Ийнхүү шүүх хурлын товыг албан ёсоор буюу мэдэгдэх хуудсаар мэдэгдээгүй, тодорхой хугацааны өмнө утсаар мэдэгдээгүй буюу тухайн өдрөө утсаар залгасан зэрэг нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.1.2-т заасан шүүх хуралдаанд оролцох хэргийн оролцогчийн эрхийг ноцтой зөрчсөн, мөн хуулийн 76.1.2-т заасны дагуу хурлын товыг мэдэгдээгүй нь шүүх хуулийн дагуу ажиллагааг хийгээгүй болохыг илтгэдэг.

Сүүлд шинээр ирсэн нотлох баримтуудтай хариуцагч танилцаж, тэдгээр баримтуудтай холбогдуулан тайлбар, баримтаа гаргаж өгөх хариуцагчийн эрхийг зөрчигдөхөд хүргэсэн.

4.2. Шүүх хэргийн нөхцөл байдлыг бүрэн тогтоогоогүй. Нэхэмжлэгч нь ажлаас өөрийн хүсэлтээр гарсан. Хүсэлтээрээ гарсан болох нь нэхэмжлэгч 2022 оны 02 дугаар сараас хойш албан ёсоор чөлөө, зөвшөөрөл авалгүйгээр ажлаа хийхгүй байж байгаад 2023 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн хөдөлмөрийн гэрээ цуцалсан тушаалыг гардуулмагц эрх нь хөндөгдсөн мэтээр тайлбарладаг.

Эрх нь хөндөгдсөн хугацаа нь 2022 оны 02 дугаар сар гэтэл 2023 оны 9 дүгээр сард шүүхэд хандаж байгаа нь Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1-д заасны дагуу эрхээ зөрчигдсөнийг мэдсэнээс хойш 30 хоногийн дотор маргаан шийдвэрлэх байгууллагад хандах тухай хуулийн заалттай зөрчилддөг.

Шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн гаргасан тайлбарын агуулга:

5.1. Анхан шатны шүүхээс шүүх хуралдааны товыг мэдэгдсэн баримт хэрэгт авагдсан. Үүнийг шүүхийн шийдвэр дээрээ тодорхой дурдсан. Өөрөөр хэлбэл шүүх хуралдаан эхлэхээс өмнө хариуцагчид боломжит хугацааны өмнө шүүх хуралдааны нарийн бичгийн дарга залгасан боловч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч утсаа аваагүй.

Хариуцагч хэд хэдэн удаагийн нотлох баримт гаргуулахаар шаардсан, шүүхэд дуудсан, шүүх хуралдааны товыг мэдэгдэж байхад хөдөлмөрийн дотоод журам гаргаж өгдөггүй, шүүх хуралдаанд ирдэггүй, шинээр ирсэн нотлох баримтуудтай танилцдаггүй.

Шүүх хуралдааны тов лавлаж асуух нь хэргийн оролцогчийн үүрэг юм.

5.2. Ажилтанг сахилгын шийтгэл авах үндэслэлтэй байхад байгууллагын зүгээс харж үзэж сайн дураар ажлаас чөлөөлсөн гэж, мөн ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтийг нь дарга буцаагаад цохож өгсөн гэж хоёр өөр агуулгыг зөрчилтэй тайлбар өгсөн.

5.3. Нэхэмжлэгч талаас хариуцагч байгууллагыг орон тоо цомхотгосон тушаалыг анхан шатны шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн. Нэхэмжлэгч 02 дугаар сарын 15-ны өдрөөс хойш яагаад ажилдаа орж чадаагүй вэ гэвэл хариуцагч орон тоо хасагдсан гэдэг үндэслэлээр ажилд нь авдаггүй, ажиллах боломжоор хангаагүй.

5.4. Нэхэмжлэгч энэ байгууллагад удаан хугацааны турш ажилласан юм чинь өөр ажлын байранд ажиллуулах байх гэж хүлээж байтал 7 дугаар сард ажлаас чөлөөлсөн тушаал гаргаж, амьдарч байгаа орон сууцаа буцаан хураалга гэдэг шаардлага тавьсан.

Тухайн орон сууц нь нэхэмжлэгчийг хариуцагч байгууллагад ажиллаж байх үед урамшуулал маягаар олгох, мөн олон зээлийн гэрээтэй зэрэг асуудлууд байсан учраас маргаан бүхий орон сууцын өмчлөгчөөр тогтоолгох, хөдөлмөрийн маргаан нь хоёр тусдаа шийдвэрлэгдэж байгаа юм.

5.5. Хариуцагч орон тоо хасагдсан учраас таныг одоохондоо ажилд авах боломжгүй гээд тодорхой шийдвэр гаргахгүй байсан. Ямар нэгэн шийдвэр гараагүй байхад өөрийнхөө эрхийг зөрчигдсөн гэж үзэж хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст хандах боломж байхгүй. Хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй юм.

Маргаан бүхий тушаал хэдийгээр 07 дугаар сард гарсан ч гэсэн нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх эрх 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс эхэлж зөрчигдсөн байна гэж үзэж анхан шатны шүүхийн шийдвэрээр дундаж цалин хөлс тооцсон. Үүнийг нэхэмжлэгч талаас үндэслэлтэй гэж үзэж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин хянан шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаав.

2. Нэхэмжлэгч Б.Б... нь хариуцагч М... ХХК-д холбогдуулан тус компанийн Ерөнхийлөгчийн 2022 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн б/685 дугаартай хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалыг хүчингүй болгуулах, нэхэмжлэгчтэй тохиролцсоны үндсэн дээр адил чанарын өөр ажлын байранд ажиллуулахаар хөдөлмөрийн гэрээг шинээр байгуулахыг даалгах, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлж баталгаажуулах, дэвтэрт бичилт хийхийг даалгах, 16,520,834 төгрөг гаргуулах шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ. /1-р хх. 1-2, 38/

3. Нэхэмжлэгч өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн эсэх нь маргааны зүйл болжээ.

 

4. Хэрэгт авагдсан М... ХХК болон Б.Баярмөнх нарын хооронд 2020 оны 08 дугаар сарын 13-ны өдөр байгуулагдсан Ажилтантай байгуулах зээлийн гэрээ, 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн Хөдөлмөрийн гэрээ, 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн Орон сууц худалдах, худалдан авах гэрээ, 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн Зээлийн гэрээ, М... ХХК-ийн Ерөнхийлөгчийн 2022 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн б/685 тушаал, 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн тооцоо нийлсэн акт зэрэгт Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Архивын хуулбар үнэн дарсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэгт заасанд нийцээгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дах хэсэгт зааснаар нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн бол тэдгээр нь нотлох чадвараа алдах бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй юм.

Анхан шатны шүүх өөрийн гаргасан эрхийн акт биш хариуцагч М... ХХК-аас гаргасан тушаал, гэрээ, тооцоо нийлсэн актад шүүхийн архивын хуулбар үнэн дарсан нь хуулийн дээрх заалтад нийцэхгүй. Өөрөөр хэлбэл тухайн шүүхээс гаргасан эрхийн актад л зөвхөн тус шүүхийн архивын хуулбар үнэн дарж баталгаажуулах юм.

4.а. Түүнчлэн М... ХХК-ийн Ерөнхийлөгчийн 2022 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн б/685 дугаар тушаалын үндэслэл болсон хариуцагч байгууллагын Хөдөлмөрийн дотоод журам, Хүний нөөцийг бүрдүүлэх, сонгон шалгаруулах журам хэрэгт авагдаагүй байна.

5. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн Анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн Шүүх хуралдааны тов мэдэгдэх тухай хуудсаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид шүүх хуралдааны тов мэдэгдсэн болох нь нотлогдож байх тул энэ талаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй.

6. Дээрх нөхцөл байдлыг залруулахгүйгээр давж заалдах шатны шүүхээс нөхцөл байдлыг дүгнэх, хэргийн үйл баримтыг бүрэн тогтоох, нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн, 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 183/ШШ2023/02262 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагч М... ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 558,334 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  С.ЭНХБАЯР

  ШҮҮГЧИД  Э.ЭНЭБИШ

Ш.ОЮУНХАНД