Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 183/ШШ2023/02260

 

 

 

 

 

 

2023 оны 7 сарын 05 өдөр Дугаар 183/ШШ2023/02260 Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Гончигсумлаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, ** дүгээр хороо, **р байрны ** тоотод оршин суух, У* овогт Н.Х /РД:****/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянзүрх дүүрэг * хороо, * хороолол, ** байр, 15 тоотод оршин суух Я* овогт С.З /РД:МЭ88061406/-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг нэхэмжлэгчид шилжүүлэхийг хариуцагчид даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Нэхэмжлэлийг 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авсан. 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Н.Х,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Г,  

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А

Хариуцагчийн өмгөөлөгч Г.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сувданчимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

           Нэхэмжлэгч Н.Х нь хариуцагч С.Зд  холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг нэхэмжлэгчид шилжүүлэхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Н.Х миний бие 2022 оны 11 дүгээр сарын 29-нд иргэн С.З, С.О нар надтай утсаар холбогдсоны дагуу ** хорооллын ***ийн 5 давхарт * тоотод очиж тэдэнтэй уулзсан юм. Энэ 5 давхар байрны 5 дугаар давхар миний нэр дээр үл хөдлөхийн гэрчилгээтэй газар юм. Урд өдөр нь энэ 2 эмэгтэй хотын болон зуслангийн гэрт маань очиж миний нөхөр болох Х.Гыг эрж хайсан гэдгээ хэлсэн юм. Тэгээд юу болсныг асуухад тэд Х.Г баахан хүмүүсийг БНСУ-ын ** хотруу аяллаар явуулна гэж хэлээд 50 хүний гадаад паспорт болон нийт 347.460.000 төгрөг аваад сүүлийн хэд хоног утас нь холбогдохгүй байна гэсэн. Би энэ тухай анх удаа сонсоод маш хүнд цохилтод орсон. Учир нь Х.Г гэрээсээ 2022 оны 11 дүгээр сарын 26-нд Бодлоо цэгцлээд ирье гэж гараад холбоо барьсан ч гэртээ ирэхгүй, олдохгүй байсан учир миний хувьд давхар цохилт болсон юм. С.З, С.О нар Танай нөхөр залилангийн хэргээр шоронд орно, мөнгөө нэхсэн бүх хүнд бид нар одоо танай гэрийг зааж өгнө гэж хэлэхэд би маш их айж сандарч гүн шоконд орлоо. Би хамгийн түрүүнд яаж тэр олон хүний хохирлыг барагдуулах вэ л гэж бодсон. Тэгээд С.З, С.О нарт Энэ 5 давхар үл хөдлөх эд хөрөнгө миний нэр дээр байдаг энийг хурдан зарж хүмүүсийн мөнгийг өгье гэж хэлэхэд тэд Зарагдахыг хүлээвэл удна. Энэ хүмүүс тэгж хүлээхгүй, цагдаад хандана. Тийм учраас хамгийн хурдан мөнгөтэй болох арга бол ББСБ-аас зээл авч болно. Банкны зээл бол удна. Мөнгийг нь өгөхгүй удах тусам танай нөхөр болон танай гэр бүл маш хүнд хэцүү байдалд орно. Одоохондоо бид 2 торгоож байна. Бид 2 ямар нэг зар тавилгүй дандаа танил тал, хамаатан садны хүмүүсээ цуглуулсан тулдаа торгоож байна. Гэхдээ бид 2 тэр хүмүүсээс мөнгө авч Ганбаа ах руу шилжүүлсэн болохоор бид хоёртой тэр хүмүүс уулзаж дарамтлаад байна. Тэгэхээр одооноос та тэр хүмүүстэй уулзаж манай нөхөр авсан гээд уулзаж өг эс бөгөөс бид 2-г тэр мөнгийг нь дундаас нь авсан гэж бодоод байна. Та уулзахгүй бол танай гэрийг тэр бүх хүмүүст зааж өгнө гэсэн юм. Гэртээ хүмүүс ирж хэрүүл тэмцэл хийхээс нь айж би зөвшөөрөөд дуудсан үед нь ** хорооллын 501 тоот Шангрила гэх мэт газар очиж уулзаад улам их сэтгэл санааны гүн дарамтанд орсон юм. Учир нь гэрт 84 настай ээж маань цуг амьдардаг. 2020 оны 4 дүгээр сард зүрхний шигдээс болж байсан тул ээжийгээ тэр хүмүүсийн дарамтыг бие нь дийлэхгүй байх гэдгээс их айсан. Хүмүүс утсаар дарамталж гэрт ирж хонх дардаг болсон, гэр орныг чинь будаа болгоно, охины чинь ажлыг олж очоод айлгана шүү гэх мэтээр хэлэх хэлэхгүй үгээр дайрч доромжилж байсан. 2022 оны 11 дүгээр сарын 30-нд хүүгийн төрсөн өдөр гээд орой 20 цаг 00 минутын үед гэртээ ирээд хүүдээ баяр хүргээд сууж байтал надад Эгч ээ, яалтачгүй гэрийг чинь зааж өгсөн шүү, одоо хүмүүс очно хаалгаа битгий тайлж өгөөрэй гэж С.Згаас мессеж ирсэн. Хүмүүс ирсэн ч би хаалгаа тайлж өгөөгүй. Хүмүүсийн хохирлыг хурдан барагдуулья гэж шийдээд ББСБ-д хөрөнгөө барьцаалахаар хандсан боловч Танд зээл гаргах боломжгүй юм байна. Учир нь, банкны орон сууцны зээл чинь Хар данс-нд орсон байна гэсэн. Банк, ББСБ миний нэр дээр зээл өгөхгүй нь тодорхой болсон учир 5 давхрын үл хөдлөх эд хөрөнгөө Ремакс зуучлалын газраар зарагдахыг нь хүлээе гэтэл С.З, С.О нар Энэ олон хүмүүсийг яаж дарамталж байгааг та харж байгаа биз дээ? Хэн ч тэгж хүлээхгүй гээд С.З Та ерөөсөө миний нэр дээр шилжүүлчих. Би банк болон ББСБ-т ямарч асуудалгүй. Дээр нь машин угаалгын том газартай. Тэрнийхээ зээлийг цаг тухайд нь төлдөг тийм учир 5 давхрыг зарагдтал зээл авч хүмүүсээ түр ч болов намжааж байгаад зээлийг нь хамтарч төлье. Цагдаа шүүхгүй шийдье гэвэл танд өөр арга байхгүй, би танд тэгж тусалъя. Тэгэхгүй бол хүмүүс мөнгөө нэхээд бид 2-т ч бас тайван амьдрахад хэцүү байна гэсээр С.Згийн нэр дээр шилжүүлэхээр 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдөр цайз захын ойролцоох нотариат руу С.З, С.О бид С.Згийн машинд сууж очоод гэрээ байгуулж шилжүүлсэн юм. Шилжүүлэхээс өмнө С.З Худалдах худалдан авахаар шилжүүлнэ шүү, Та нотариатад бага мөнгө төлөхийн тулд 150,000,000 төгрөгөөр зарж байгаа гэж хэлээрэй гэсний дагуу хэлээд 108,000 төгрөгийг би нотариатад төлсөн юм. 2022 оны 12 дугаар сарын 06-ны өглөө С.З ганцаараа Мишээл экспод байрлах танил эгчрүүгээ яриад Нэг хоногийн дотор үл хөдлөхийн гэрчилгээ гаргах хүн олж өгөөч гэхэд эгч нь Хан-Уул дүүргийн үл хөдлөхөд ажилладаг таньдаг хүнээ зааж өгсөн. С.З, С.О бид нар Хан-Уул дүүрэг дээр 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 9-10 цагийн үед уулзаж тэр эгч нь 1 цагийн дотор үл хөдлөхийн гэрчилгээг С.Згийн нэр дээр гаргаж өгсөн юм. Тэгэхэд С.З Нэг сая төгрөгөөр хийдэг юмыг харин 200,000 төгрөгөөр хийлгэлээ шүү гээд надад дансны дугаар өгөөд С.Згаас гээд 200,000 төгрөг шилжүүлчих гэсний дагуу би мөнгийг шилжүүлсэн юм. 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдөр би зээл гаргах боломжтой гэж томоохон ББСБ-ийн нэрсийг С.Зд мессежээр явуулсан. С.З тэдгээр газар луу надтай байхдаа л лав хандаагүй. Мөн тэр өдрийн орой цуг 501 тоотод сууж байхад С.З Миний утас маргааш хаагдах гээд байна. Би энэ дугаарыг зээлээр авсан, өнөөдөр төлөхгүй бол хаагдлаа гэхээр нь би Хэдийг төлөх ёстой юм бэ? гэсэн чинь С.З 1,200,000 төгрөг төлөх ёстой. Надад 200,000 төгрөг байна гэхээр нь үл хөдлөхөө шилжүүлсэн өдрийн маргаашнаас энэ хүнтэй холбоо барьж болохгүй болох нь гэж сандраад өөрт байсан 1,000,000 төгрөгийг шилжүүлж өгсөн юм. 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдөр С.З Танай нөхрөөс болж хүүхдүүд минь хоолгүй өлсөж сүйд болж байна гэхээр нь би С.Зд 100,000 төгрөг мөн шилжүүлсэн. Үл хөдлөхөө шилжүүлсний дараагаар энэ мэтчилэн улам дарамталж эхэлсэн. С.З миний хөрөнгийг өөрийн нэр дээр шилжүүлж авангуутаа Би ББСБ байгуулах эрхээ удахгүй авах гэж байгаа найзаасаа зээл авах гэж хөөцөлдөж байна. Зээл бүтэж байна. Удахгүй мөнгөтэй болно. гэх мэтчилэн намайг маш олон удаа аргалсаар байсан юм. Зээл бүтэж байгаа эсэх талаар асуухаар Танай нөхрийг, гэр бүлийг аврахын тулд ингэж байна гэж хэлдэг болсон. Сүүлдээ бүр хохирогчдын хохирлыг төлбөр хөрөнгийг чинь буцааж шилжүүлнэ гэж тулгах болсон юм. Энэ хугацаанд би өөрийн найз нөхөд, хамаатан садангаас мөнгө зээлж иргэдийн хохирлыг барагдуулсаар байсан юм. Сүүлдээ С.З утасдахаар утсаа авахгүй, мессеж бичихээр хариулахгүй надтай харьцахаа больсон. Миний бие С.Зд анхнаасаа өөрийн өндөр үнэтэй үл хөдлөх эд хөрөнгийг худалдах хүсэл зориг байгаагүй бөгөөд бид зөвхөн зээлийн барьцаанд тавих зорилгоор худалдах худалдан авах гэрээ хийсэн юм. Иймд шүүхэд би дараах шаардлагыг гаргаж байна. Миний бие Н.Х болон иргэн С.З нарын хооронд 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан *** бүртгэлийн дугаартай үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-д Дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэсэн үндэслэлээр хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, Иргэний хуулийн 56.5, 56.6 дахь хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагавар болох үл хөдлөх эд хөрөнгийн 0000750708 бүртгэлийн дугаартай, Баянзүрх дүүргийн ** хороо, ** хорооллын ***ийн ** дугаартай байрны, 5 давхар хаягтай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг нэхэмжлэгчид шилжүүлэхийг хариуцагчид даалгаж өгнө үү. гэжээ.

2.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие тус шүүхэд хянагдаж байгаа Н.Хгийн нэхэмжлэлтэй С.Зд холбогдох хэлцлийг хүчин төгөлдөр бус байхыг тогтоолгож, өөрийн үл хөдлөх эд хөрөнгөө буцаан шаардаж буй иргэний хэрэгт нэхэмжлэгч Н.Хгийн өмгөөлөгчөөр ажиллаж байгаа юм. Өнөөдрийн шүүх хуралдаанд талуудын гаргасан тайлбар, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд дараах дүгнэлтийг хийж байна. Юуны түрүүнд хариуцагч С.З болж өнгөрсөн үйл явдал, үйл баримтыг нэг их хазайлгалгүйгээр үнэн зөвөөр шүүхэд мэдүүлж, тайлбарлаж байгаад талархаж байна. С.З ямар нөхцөл байдалд, хэрхэн, яаж маргаж буй ул хөдлөх хөрөнгийг миний үйлчлүүлэгч Н.Хгаас шилжүүлж өөртөө авсан талаар шүүхэд гаргасан тайлбартаа тодорхой бичсэн байна. Үйл баримтын хүрээнд зарим нэг залруулгыг хийхэд үл хөдлөх эд хөрөнгийг Н.Х гуйж биш, харин С.З өөрөө санал болгож шахалт үзүүлж шилжүүлж авсан болохыг тэмдэглэж байна. Хамгийн гол бидний анхаарлаа хандуулах зүйл бол өнөөгийн зохигчид буюу тухайн үеийн гэрээний талууд гэрээ байгуулахдаа чин сэтгэлээсээ тухайн үл хөдлөх эд хөрөнгийг нэг тал нь худалдах, нөгөө тал нь худалдан авах хүсэл зорилгыг агуулсан эсэх явдал юм. Бодит байдал дээр нэг тал нь өөрийн үл хөдлөх эд хөрөнгөө худалдах, нөгөө тал ул хөдлөх эд хөрөнгийн үнийг төлж худалдан авч өөрийн өмч болгох хүсэл зориг аль ч талд байгаагүй болох нь тогтоогдож байна. Үүнийг нэхэмжлэгч ч ярьж байна. Хариуцагч ч тайлбарлаж байна. Тодруулбал, Н.Х өөрөө бусдад барьцаалж зээл авах боломжгүй Монгол банкны зээлдэгчдийн хар дансанд орсон тул хариуцагч С.З нэхэмжлэгч Н.Хгийн өмч болох үл хөдлөх эд хөрөнгийг түр хугацаагаар С.Згийн нэр дээр шилжүүлж банк болон банк бус санхүүгийн байгууллагад барьцаанд байршуулж тодорхой хэмжээний мөнгөн хөрөнгийн зээл авч иргэн Х.Г, С.З, С.О нарын гэрээний үндсэн дээр бусдаас авсан мөнгийг төлж барагдуулах зорилготой байснаа тайлбарлан ярьж байгаа нь үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулсан хүсэл зоригийн хувьд талууд маргаангүй байна гэж дүгнэж байна. Нэгэнтээ талууд худалдах, худалдан авах зорилгоор бус харин нэр шилжүүлж зээл авах зорилгоор гэрээ байгуулж байгаа нь худалдах, худалдан авах ажиллагаанаас үүсэх эрх зүйн үр дагаврыг бий болгох бус харин үл хөдлөх эд хөрөнгө худалдсан мэт дүр зургийг бий болгож барьцаалж зээл авах зорилгоор хэлцэл хийсэн нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дах хэсэгт заасан дүр үзүүлэн хийсэн хэлцэл мөн байна гэж дүгнэж байна. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дах хэсэгт заасан дүр үзүүлэн хийсэн хэлцэл нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзнэ. Улсын дээд шүүхийн 2010 оны 17 дугаар тогтоолын Тавдугаар зүйлийн 5.2-т Энэ зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлэн хийсэн хэлцэл нь тодорхой үр дүнд хүрэх зорилгоор бус, тухайн хэлцлийг хийх хүсэл зориг, эрмэлзэлгүйгээр, хэлцэл хийсэн зөвхөн гадаад илэрхийллийг бий болгохын тулд хийгддэг болно гэж тайлбарласныг тэмдэглэж байна. Н.Х, С.З нарын хийсэн гэрээ энэ тайлбарын тодорхойлолт яг нийцэж байна. Иргэний хуулийн 56 дугаар 56.1 дэх хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдвол Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д Энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй гэж заасан байдаг юм байна. Иймд шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдож буй нөхцөл байдал, нотлох баримтыг шинжлэн судалсны үндсэн дээр, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.5, 56.6 дах хэсгүүдэд зааснаар Н.Х, С.З нарын хооронд 2022 оны 12 дугаар сарын 5-ны өдөр байгуулсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах тухай *** дугаартай гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож, хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагавар болох үл хөдлөх эд хөрөнгийн 0000750708 бүртгэлийн дугаартай, Баянзүрх дүүргийн ** хороо, ** хорооллын ***ийн 5 давхарт тоот хаягтай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг нэхэмжлэгчид шилжүүлэхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэх хууль зүйн бүрэн үндэслэлтэй байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү. гэв.

Хариуцагч С.З шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: С.З миний бие нэхэмжлэгч Н.Хгийн нөхөр Х.Гтай 2022 оны 6 дугаар сард ажил хэргийн шугамаар танилцсан. Х.Г нь өөрийгөө Америкийн виз гаргадаг, мөн Азийн орнууд руу аялал зохион байгуулдаг М тоур гэдэг компанитай, энэ компаниараа үйл ажиллагаа явуулж байгаа, би одоо БНСУ-ын ** хот руу 7 шөнө 8 өдрийн аялал зохион байгуулах гэж байгаа юм аа, аяллын компани болохоор яг аялал зохион байгуулах үедээ ажилтан хөлслөөд үйл ажиллагаа явуулдаг юм аа, чи энэ аяллын бүртгэл дээр ажиллаад өгөх үү, тэгээд олсон ашгаасаа хувь өгье хэлсний дагуу түүний бизнесийн үйл ажиллагаанд тусалж, аяллын бүртгэл хийх буюу БНСУ-ын ** хотын аялалд хамрагдах иргэдийг бүртгэж, төлбөрийг дансаар хүлээн авч, Х.Гын Голомт банкны 2409022342 тоот дансанд аялалд бүртгэгдсэн иргэдийн төлбөрийг шилжүүлэх байдлаар ажилласан. Х.Г нь дээрх үйл ажиллагаанд зориулж, тухайн үед өөрийн өмчлөлийн гэж хэлсэн Баянзүрх дүүргийн, ** хороо, ** хорооллын ***ийн 5 давхарт байх үйлчилгээний зориулалттай талбайдаа оффисын өрөө гаргаж өгсөн ба миний бие тухайн оффист 2022 оны 09 дүгээр сараас 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэл ажиллаж, энэ хугацаанд нийт 48 иргэдийг БНСУ-ын ** хотын аялалд бүртгэж, эдгээр аялагч нарын төлбөрт тушаасан 364,810,000 төгрөгөөс 346,920,000 төгрөгийг Х.Гын Голомт банкны 2409022342 тоот данс руу шилжүүлсэн байдаг. Гэтэл Х.Г нь 48 иргэний их хэмжээний буюу 346,920,000 төгрөгийг аваад, 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөс хойш өөрийн 9911** дугаартай гар утсаа авахаа больж, хаана байгаа нь мэдэгдэхгүй алга болсон. Ингээд миний бие арга буюу анх Х.Г гэх хүнтэй танилцуулж байсан танил ахдаа хандаж, Х.Гын эхнэр Н.Хгийн гар утасны 990* дугаараар холбогдоход Х.Г нь 2022 оны 11 дүгээр сарын 26-ны өдрөөс хойш хаана байгаа нь мэдэгдэхгүй алга болсон гэж хэлсэн ба Н.Хтай 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Х.Гын надад оффис нээж өгсөн Баянзүрх дүүргийн, ** хороо, ** хорооллын ***ийн 5 давхарт оффисын өрөөнд уулзсан. Тухайн үед миний бие Н.Хд түүний нөхөр Х.Гын талаар асуудлыг хэлж, Х.Г луу 346,920,000 төгрөгийг шилжүүлсэн дансны хуулга зэргээ үзүүлэхэд Н.Х нь Манай нөхөр одоо хаана байгаа нь мэдэгдэхгүй байна, Х.Г нь Катар улс руу хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд зориулж аялал зохион байгуулна гээд олон хүнээс мөнгө авчихсан, нөгөө хүмүүс нь над руу залгаад дарамтлаад байна, би танай БНСУ-ын аялалтай холбоотой асуудлыг огт мэдэхгүй юм байна, манай нөхөрт туслаачээ, битгий цагдаад өгөөч, байгаа боломжтой байдлаараа хүмүүсийн хохирлыг төлж өгнө гэж хэлсэн. Ингээд Н.Хгийн зүгээс Баянзүрх дүүргийн, ** хороо, ** хорооллын ***ийн 5 давхрын 280 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө миний нэр дээр байдаг, манай нөхөр Монгол банкны хар дансанд найдваргүй зээлдэгчээр орсон учраас миний нэр дээр зээл гарахгүй, энийг зарна гэвэл маш их хугацаа зарцуулна, энэ объектоо таны нэр дээр шилжүүлээд өгчихье, энийг зараад, эсхүл барьцаалж зээл аваад наад хүмүүсээ хохиролгүй болгоод өгөөч гэж хэлэхээр нь Х.Г нь хаана байгаа нь мэдэгдэхгүй, түүнээс бодитоор мөнгөө олж авах эсэх нь эргэлзээтэй байсан учраас эхнэрийнх нь хэлсний дагуу тухайн объектыг нь аваад, бусдад зарж борлуулах байдлаар хүмүүсээс авсан мөнгийг төлж, хохиролгүй болгоод, хэрэв үнэтэй зарагдвал үлдэгдэл мөнгийг нь өөрсдөд нь өгнө гэж ярилцаад зөвшөөрсөн. Ингээд миний бие Н.Хтай 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулаад, 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлж, Баянзүрх дүүргийн, ** хороо, ** хорооллын ***ийн 5 давхарт байрлах 280 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай объектын өмчлөгчөөр тогтоогдсон. Х.Гын эхнэр Н.Х нь нөхөр Х.Гынхаа бусдад төлөх өрийг төлөх зорилгоор, тухайн үл хөдлөх эд хөрөнгөө худалдан борлуулах зорилгоор миний нэр дээр өмчлөх эрхийг шилжүүлж өгсөн боловч тухайн үл хөдлөх эд хөрөнгө нь зарагдахгүй байсан ба аялал захиалсан хүмүүс өдөр шөнөгүй мөнгөө нэхэж, дарамталж байсан ба Х.Г нь өөрийн дансаар авсан 346,920,000 төгрөгөөс Х.Г 13,890,000 төгрөг, эхнэр Н.Х нь 63,550,000 төгрөгийг төлсөн бөгөөд үлдэгдэл 269,480,000 төгрөгөөс нь С.З миний бие 145,900,000 төгрөгийг төлж барагдуулсан, нэр бүхий 11 хүний хохирол 123,580,000 төгрөг одоог хүртэл төлөгдөөгүй байна. С.З миний бие яагаад өөрийн төлөх ёсгүй, Х.Гын төлөх ёстой байсан мөнгийг төлөх болсон бэ гэвэл Н.Х нь нөхрийнхөө өрийг төлөх зорилгоор, Баянзүрх дүүргийн, ** хороо, ** хорооллын ***ийн 5 давхарт байрлах 280 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлийн үнээр нь худалдан борлуулж, Х.Гын төлөөгүй өрийг төлөхийг зөвшөөрсөн байсан учир тухайн объектыг зарах үедээ өөрөөсөө гаргасан мөнгөө буцаан авна гэж ойлгож байсан ба тухайн хохирогч нар нь надаар дамжуулж мөнгө өгсөн учраас надаас мөнгөө нэхээд байсан юм. Гэтэл Н.Х нь одоо шүүхэд хандаж, үл хөдлөх эд хөрөнгөө буцаан авна гэсэн байгаагаас үзэхэд Н.Х нь нөхөр Х.Гтайгаа үгсэн хуувилдаж, С.З надаар бусдад төлөх их хэмжээний өрөө төлүүлэх зорилгоор хууран мэхэлж, объектыг зарж борлуулж, их хэмжээний өрийг төлөхийг зөвшөөрсөн гэж итгүүлж, өөрсдийн бусдыг хуурч залилан мэхэлсэн хууль бус үйлдлээ үргэлжлүүлж байсан гэж үзэхээр байна. Иймд хариуцагч С.З би нэхэмжлэгч Н.Х, түүний нөхөр Х.Г нарын намайг болон бусдыг хуурч мэхлэн, зохиомол байдлыг зориудаар бий болгож, залилан мэхэлсэн хууль бус үйлдлийг шалган шийдвэрлүүлэхээр цагдаагийн байгууллагад гомдол гаргасан байгаа болно. Миний бие Н.Хгийн нөхөр Х.Гынхаа өөрийг төлүүлэх зорилгоор Баянзүрх дүүргийн, ** хороо, ** хорооллын ***ийн 5 давхарт байрлах 280 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлсэн гэж итгэн, Н.Хгийн нөхөр Х.Гын бусдыг залилан мэхэлж учруулсан хохирлоос 145,900,000 төгрөгийг төлж барагдуулсан байгаа тул тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг буцаан шилжүүлэн өгөх боломжгүй байна. гэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Г.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Н.Хгийн өмчлөлийн хөрөнгийн үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлсэн зорилго нь цааш нь худалдан борлуулах зорилгоор тайлбарлаж байгаа нь бодит байдалд нийцэхгүй байна. Хэрвээ Н.Х тухай үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулах байсан бол өөрөө шууд худалдаж борлуулах боломжтой байсан. Харин өмнөх гэрээний үүргийг биелүүлээгүйн улмаас хар дансанд нэр орсон байсан. Хар дансанд орсон этгээд дахин шинээр банк болон санхүүгийн байдлаас хөрөнгө барьцаалж зээл авах боломжгүй нөхцөл байдал үүссэн байдаг. Тухайн хөрөнгийг С.Зд шилжүүлээд банк болон санхүүгийн байгууллагад барьцаалж зээл авч С.З, Х.Г нарын үүсгэсэн өр төлбөрийг төлөх зорилгыг агуулсан. Түүнээс биш С.Зд шилжүүлж худалдан борлуулах асуудал биш юм. Хэрвээ борлуулах байсан бол Н.Х өөрөө борлуулах бүрэн боломжтой байсан. Хариуцагч гэрээ хийх үед болсон үйл явцыг үнэн зөв тайлбарлаж байна. гэв.

4.Нэхэмжлэгчээс шүүхэд улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн *** дугаартай үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, 2023 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ зэрэг бичгийн баримтуудыг тус тус ирүүлсэн байна.

Хариуцагчаас хариу тайлбар, итгэмжлэл, Төрийн мэдээллийн сангийн зээлийн мэдээллийн лавлагаа, Н.Хгийн дансны хуулга, Ремакс.мн сайтад оффисын талбай худалдах зар болон зурагнууд, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, С.Згийн оршин суугаа газрын бүртгэлийн лавлагаа, банк хоорондын шилжүүлгийн баримтууд зэрэг бичгийн баримтуудыг ирүүлсэн байна.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Н.Х нь хариуцагч С.Зд холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг нэхэмжлэгчид шилжүүлэхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж үзэв.

2.Нэхэмжлэгч дараах байдлаар нэхэмжлэлийн шаардлагаа үндэслэсэн. Үүнд: Үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулах хүсэлт зориг байгаагүй, зөвхөн дүр үзүүлэн гэрээг хийсэн. Н.Х өөрөө бусдад барьцаалж зээл авах боломжгүй Монголбанкны зээлдэгчдийн хар дансанд орсон тул хариуцагч С.З нэхэмжлэгч Н.Хгийн өмч болох үл хөдлөх эд хөрөнгийг түр хугацаагаар С.Згийн нэр дээр шилжүүлж банк болон банк бус санхүүгийн байгууллагад барьцаанд байршуулж тодорхой хэмжээний мөнгөн хөрөнгийн зээл авч иргэн Х.Г, С.З, С.О нарын бусдаас авсан мөнгийг төлж барагдуулах зорилготой байсан. Нэгэнтээ талууд худалдах, худалдан авах зорилгоор бус харин нэр шилжүүлж зээл авах зорилгоор гэрээ байгуулж байгаа нь худалдах, худалдан авах ажиллагаанаас үүсэх эрх зүйн үр дагаврыг бий болгох бус харин үл хөдлөх эд хөрөнгө худалдсан мэт дүр зургийг бий болгож барьцаалж зээл авах зорилгоор хэлцэл хийсэн нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дах хэсэгт заасан дүр үзүүлэн хийсэн хэлцэл мөн тул гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож, үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгчид шилжүүлж өгнө үү. гэжээ.

3.Хариуцагч дараах үндэслэлээр нэхэмжлэлийг няцааж байна. Үүнд: Н.Хгийн зүгээс Баянзүрх дүүргийн, ** хороо, ** хорооллын ***ийн 5 давхрын 280 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө миний нэр дээр байдаг, манай нөхөр Монгол банкны хар дансанд найдваргүй зээлдэгчээр орсон учраас миний нэр дээр зээл гарахгүй, энийг зарна гэвэл маш их хугацаа зарцуулна, энэ объектоо таны нэр дээр шилжүүлээд өгчихье, энийг зараад, эсхүл барьцаалж зээл аваад наад хүмүүсээ хохиролгүй болгоод өгөөч гэсэн тул тухайн объектыг нь аваад, бусдад зарж борлуулах байдлаар хүмүүсээс авсан мөнгийг төлж, хохиролгүй болгоод, хэрэв үнэтэй зарагдвал үлдэгдэл мөнгийг нь өөрсдөд нь өгнө гэж ярилцаад зөвшөөрсөн. Тухайн объектыг зарах үедээ өөрөөсөө гаргасан мөнгөө буцаан авна гэж ойлгож байсан ба тухайн хохирогч нар нь надаар дамжуулж мөнгө өгсөн учраас надаас мөнгөө нэхээд байсан. Би Н.Хгийн нөхөр Х.Гын бусдыг залилан мэхэлж учруулсан хохирлоос 145,900,000 төгрөгийг төлж барагдуулсан байгаа тул тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг буцаан шилжүүлэн өгөх боломжгүй. гэжээ.

4.Хэрэгт авагдсан нотлох баримт болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтуудаар дараахь үйл баримт тогтоогдож байна.

Талууд 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдөр *** дугаартай үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээ байгуулж, Баянзүрх дүүргийн ** хороо, ** хороолол /13370/, ** гудамж, ** байр, 5-р давхар тоот 280 м.кв талбайтай, улсын бүртгэлийн ** дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг Н.Хгаас С.Зд шилжүүлжээ.

Талуудын хооронд үл хөдлөх эд хөрөнгийг худалдсан үнийн дүн, гэрээний үндсэн дээр үл хөдлөх эд хөрөнгө шилжсэн эсэх, одоо С.З эзэмшиж байгаа эсэх талаар маргаагүй.

Харин үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээг байгуулах хүсэл зориг талуудад байсан эсэх буюу гэрээ хүчин төгөлдөр эсэх талаар маргаж байна.

5.Н.Х болон С.З нарын хооронд байгуулагдсан гэрээний зүйл, талуудын хүлээх эрх үүргээс үзвэл талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагджээ.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ. гэж заасан бөгөөд нэхэмжлэгчээс тус орон сууцыг хариуцагчид шилжүүлэн өгсөн байна.

5.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1Дараахь хэлцэл хүчин төгөлдөр бус байна: 56.1.2.дүр үзүүлэн хийсэн хэлцэл; гэжээ.

Нэхэмжлэгч нь Баянзүрх дүүргийн ** хороо, ** хороолол /13370/, ** гудамж, ** байр, 5-р давхар тоот 280 м.кв талбайтай, улсын бүртгэлийн ** дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг худалдах хүсэл зориг байгаагүй бөгөөд бусдын өрийг барагдуулахын тулд зээл авах зорилгоор С.Зд шилжүүлсэн гэж, хариуцагч С.З нь Н.Х тус үл хөдлөх эд хөрөнгө миний нэр дээр байдаг, манай нөхөр Монгол банкны хар дансанд найдваргүй зээлдэгчээр орсон учраас миний нэр дээр зээл гарахгүй, энийг зарна гэвэл маш их хугацаа зарцуулна, энэ объектоо таны нэр дээр шилжүүлээд өгчихье, энийг зараад, эсхүл барьцаалж зээл аваад наад хүмүүсээ хохиролгүй болгоод өгөөч гэсэн тул тухайн объектыг нь аваад, бусдад зарж борлуулах байдлаар хүмүүсээс авсан мөнгийг төлж, хохиролгүй болгоод, хэрэв үнэтэй зарагдвал үлдэгдэл мөнгийг нь өөрсдөд нь өгнө гэж ярилцаад зөвшөөрсөн гэх тайлбаруудыг гаргаж байна.

 

Талуудын тайлбараас үзэхэд Н.Х нь бусдын өр төлбөрийг төлөх зорилгоор өөрийн үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалахын тулд С.Зд шилүүлсэн, хариуцагч зээл авч өгөх зорилгоор худалдах худалдан авах гэрээг Н.Хтай байгуулжээ. Өөрөөр хэлбэл тухайн эд хөрөнгийг худалдсаны дараа хэрхэн зарцуулахыг талууд тохиролцсон талаар тайлбарлаж байгаагаас үзэхэд тухайн эд хөрөнгийг зөвхөн барьцаанд тавих, улмаар буцаан шилжүүлэх хүсэл зориг агуулагдаж байсан гэж дүгнэх үндэслэлтэй байна.

 

Иймд талууд худалдах худалдан авах гэрээ байгуулах хүсэл зориг агуулаагүй байх тул тэдний хооронд байгуулагдсан 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдөр *** дугаартай үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээг дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэж үзэж хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцох нь зүйтэй.

7.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5Энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй. гэж, 492 дугаар зүйлийн 492.1Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараахь тохиолдолд буцаан шаардах эрхтэй: 492.1.1.хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон; гэж тус тус заасан байх тул хүчин төгөлдөр бус гэрээний үндсэн дээр шилжсэн Баянзүрх дүүргийн ** хороо, ** хороолол /13370/, ** гудамж, ** байр, 5-р давхар тоот 280 м.кв талбайтай, улсын бүртгэлийн ** дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг нэхэмжлэгч Н.Хд буцаан шилжүүлэхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэв.

Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1** зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56 дугаар зүйлийн 56.5, 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Н.Х болон хариуцагч С.З нарын хооронд байгуулсан 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн *** дугаартай үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, Баянзүрх дүүргийн ** хороо, ** хороолол /13370/, ** гудамж, ** байр, 5-р давхар тоот 280 м.кв талбайтай, улсын бүртгэлийн ** дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг Н.Хд шилжүүлэн өгөхийг хариуцагч С.Зд даалгасугай

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Н.Хгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 907,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Згаас 907,950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Н.Хд олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ   Б.ГОНЧИГСУМЛАА