Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 10 сарын 11 өдөр

Дугаар 210/МА2023/01851

 

2023 оны 10 сарын 11 өдөр

Дугаар 210/МА2023/01851

 

Н.Хгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Н.Батзориг, Э.З нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 183/ШШ2023/02260 дугаар шийдвэртэй,

 

Н.Хгийн нэхэмжлэлтэй,

С.Зд холбогдох,

 

Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг нэхэмжлэгчид шилжүүлэхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч, түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.З илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Н.Х, түүний өмгөөлөгч Л.Нинжбат, хариуцагчийн өмгөөлөгч М.Ариунболд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Минжээ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. Н.Х анхнаасаа өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг худалдах хүсэл зориг байгаагүй, зөвхөн зээлийн барьцаанд тавьж, нөхөр Х.Г болон С.З, С.О нарын гэрээний үндсэн дээр бусдаас авсан мөнгийг төлж барагдуулах зорилгоор С.Зтай 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулж түүний өмчлөлд үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлсэн.  

1.2. Иймд Н.Х болон С.З нарын 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан 5368 бүртгэлийн дугаартай үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т зааснаар дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэсэн үндэслэлээр хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, мөн зүйлийн 56.5, 56.6 дахь хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагавар болох үл хөдлөх эд хөрөнгийн - бүртгэлийн дугаартай, Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, 13 дугаар хорооллын Престиж төвийн - дугаартай байрны, 5 давхар хаягтай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг нэхэмжлэгчид шилжүүлэхийг хариуцагчид даалгаж өгнө үү.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. Н.Хгийн зүгээс “Баянзүрх дүүргийн, 15 дугаар хороо, 13 дугаар хорооллын Престиж төвийн 5 давхрын 280 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө миний нэр дээр байдаг, манай нөхөр Монгол банкны хар дансанд найдваргүй зээлдэгчээр орсон учраас миний нэр дээр зээл гарахгүй, энийг зарна гэвэл маш их хугацаа зарцуулна, энэ объектоо таны нэр дээр шилжүүлээд өгчихье, энийг зараад, эсхүл барьцаалж зээл аваад наад хүмүүсээ хохиролгүй болгоод өгөөч” гэж хэлсэн учраас тухайн объектыг нь аваад, бусдад зарж борлуулах байдлаар хүмүүсээс авсан мөнгийг төлж, хохиролгүй болгоод, хэрэв үнэтэй зарагдвал үлдэгдэл мөнгийг нь өөрсдөд нь өгөхөөр ярилцаад зөвшөөрсөн. Ингээд миний бие Н.Хтай 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулаад, 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлж, Баянзүрх дүүргийн, 15 дугаар хороо, 13 дугаар хорооллын Престиж төвийн 5 давхарт байрлах 280 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай объектын өмчлөгч болсон.

2.2. Миний бие Н.Хгийн нөхөр Х.Гын бусдыг залилан мэхэлж учруулсан хохирлоос 145,900,000 төгрөгийг төлж барагдуулсан байгаа тул тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг буцаан шилжүүлэн өгөх боломжгүй.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56 дугаар зүйлийн 56.5, 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Н.Х болон хариуцагч С.З нарын хооронд байгуулсан 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 5368 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, Баянзүрх дүүргийн 15-р хороо, 13-р хороолол /13370/, Энхтайваны өргөн чөлөө гудамж, - байр, 5-р давхар тоот 280 м.кв талбайтай, улсын бүртгэлийн - дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг Н.Хд шилжүүлэн өгөхийг хариуцагч С.Зд даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Н.Хгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 907,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Згаас 907,950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Н.Хд олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагч, түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Хариуцагч С.З нь Х.Гын 100 хувийн хувьцаа эзэмшигч "М тур" ХХК-ны ажилтан бөгөөд БНСУ-ын Янь Янь хот руу 7 шөнө, 8 өдрийн аялалын урьдчилгаа төлбөрийг С.З өөрийн дансаараа авч, захирал Х.Гын Голомт банкны - тоот дансанд нийт 346,920,000 төгрөг шилжүүлсэн. Аялал зохион байгуулагдаагүй, Х.Г алга болсон тул аялагчид төлсөн төлбөрөө С.Згаас нэхэмжилж, зодож, айлган сүрдүүлсний улмаас С.З нь Х.Гын өмнөөс нийт 269,480,000 төгрөгийг аялагч нарт буцаан төлж барагдуулсан.

С.З нь Х.Гаас авах авлага үүссэн бөгөөд энэхүү авлагаа авч чадахгүй болсон тул Х.Г болон нэхэмжлэгч Н.Х нартай холбогдож, тохиролцсоны дагуу Х.Гаас авах авлагад тооцож, маргааны зүйл болсон үл хөдлөх эд хөрөнгийг худалдах, худалдан авах гэрээ байгуулан шилжүүлэн авсан.

4.1. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэснийг хэрэглэхдээ үл хөдлөх эд хөрөнгөний нэрийг шилжүүлж зээл авах зорилготой байсан гэж үйл баримтыг буруу дүгнэсэн, Х.Гын бусдад төлөх төлбөрийг С.З төлсөн, Х.Г нь С.Зд төлөх төлбөртөө тооцож, энэхүү үл хөдлөх эд хөрөнгийг худалдах, худалдан авах гэрээгээр шилжүүлсэн юм. Энэхүү үйл баримтыг тогтооход Х.Гыг гэрчээр асуух, шаардлагатай тохиолдолд гуравдагч этгээдээр оролцуулах ёстой байсан, хүсэлт гаргасан боловч шүүх хангаагүй. Нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар мэдүүлэг зөрүүтэй байхад гэрчийг асуугаагүй, тайлбарын зөрүүг гаргах баримтгүйгээр зөвхөн нэхэмжлэгчийн гаргасан тайлбарын үндэслэлээр хэргийг шийдвэрлэсэн үндэслэлгүй байна.

4.2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Баянзүрх дүүргийн цагдаагийн байгууллагад С.Згаас гаргасан гомдлыг хэрхэн шийдвэрлэж байгаа талаар баримтыг шүүхийн журмаар авах хүсэлтийг 2 удаа гаргасан боловч эхний хүсэлтийг шүүгчийн захирмжаар хангаагүй, 2023 оны 07 дугаар сарын 04-ны өдөр дахин гаргахад хэрхэн шийдвэрлэсэн талаарх баримтгүй, өмгөөлөгч М.Ариунболд миний бие 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр хэрэгтэй танилцахад хурлын тэмдэглэл болон захирамж байхгүй, хүсэлтийг хэрхэн шийдвэрлэсэн талаарх баримтгүй байгаа нь хэргийн оролцогчийн эрх ноцтойгоор зөрчигдсөн гэж үзэхээр байна.

Мөн Х.Гыг гэрчээр асуух хүсэлтийг гаргахад анхан шатны шүүх хангаагүй, улмаар хэргийн бодит нөхцөл байдлыг тогтоогоогүй, талуудын хүсэл зоригийн илэрхийллийг бусад нотлох баримтууд дээр тулгуурлан шийдвэрлээгүй нь хариуцагчийн хууль ёсны эрхийг ноцтой зөрчжээ. Х.Гыг гэрчээр асуух, шүүхийн үзлэг хийх, тухайн үед харилцан чат, мэссэж зэрэг бусад нотлох баримтуудыг авах боломжоор хангахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн байна.

4.3. Шүүх худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцоод Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, 13 дугаар хорооллын Престиж төвийн - дугаартай байрны 5 давхарт байрлах үл хөдлөх эд хөрөнгийг Н.Хд буцаан шилжүүлэх шийдвэр гаргасан. Ингэхдээ уг үл хөдлөх эд хөрөнгө хэрэг шийдвэрлэх үед буцаан шилжүүлэх боломжтой эсэх, С.Згийн нэр дээр байгаа эсэх, эрхийн хувьд хязгаарлагдаагүй эсэх, барьцаанд тавигдаагүй эсэхийг тодруулан нотлох баримтаар тогтоогоогүй байж хэргийг шийдвэрлэсэн байна. Анхан шатны шүүх хуралдаан болох цаг хугацаанд уг үл хөдлөх эд хөрөнгө аль хэдийн бусдад шилжсэн, банкны барьцаанд тавигдсан байсан.

4.4. Дээрх үйл баримтыг тодруулахгүйгээр, хүсэлтүүдийг удаа дараа хангахгүйгээр, чухал ач холбогдолтой нотлох баримтыг бүрдүүлэлгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зөрчин шүүх хуралдааныг явуулсан нь хариуцагчийн хууль ёсны ашиг сонирхлыг ноцтойгоор зөрчсөн тул анхан шатны шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү.

 

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

5.1. С.З нь Х.Гт холбогдуулан хууль хяналтын байгууллага, шүүхэд хандаж асуудлаа шийдвэрлүүлэх эрх нь нээлттэй. Маргаан бүхий үл хөдлөх хөрөнгө нь зөвхөн нэг хүний буюу Н.Хгийн өмч болох нь хэрэгт авагдсан үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөлийн гэрчилгээ, худалдах, худалдан авах гэрээгээр тогтоогдсон.

5.2. Х.Г нь зохигчид хоорондоо гэрээ байгуулж байх үед Монгол Улсад байгаагүй тул түүнийг гэрчээр асуулгах хариуцагчийн хүсэлтийг шүүх хүлээн аваагүй.

5.3. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч тал цагдаагийн байгууллагаас нотлох баримт гаргуулах хүсэлт гаргаж байсан. Гэвч хүсэлтүүд нь тус иргэний хэрэгт ямар хамааралтай, нэхэмжлэгч Н.Хд хамаатуулан нотолгооны ямар ач холбогдолтой талаар хангалттай тайлбарлаж, нотолж чадаагүй тул шүүхээс хүсэлтийг хүлээн аваагүй.

5.4. Хариуцагч талаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой буюу үзлэг хийлгэх, чат, мессеж зэрэг нотлох баримтуудыг авах зэрэг хүсэлт гаргаж байгаагүй.

5.5. Энэ хэргийг хянан шийдвэрлэх явцад буюу тус шүүхийн шүүгчийн 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 101/ШЗ2023/03547 дугаар захирамжаар маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжилж, өмчлөх эрхийн шилжилт, хөдөлгөөнийг зогсоож, шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулсан.

5.6. Иймд дээрх дурдсан үндэслэлүүдийн хүрээнд хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хэргийг хариуцагч, түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын хүрээнд хянаад, гомдлын зарим хэсгийг хангаж, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж дүгнэв.

 

2. Нэхэмжлэгч Н.Х нь хариуцагч С.Зд холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг нэхэмжлэгчид шилжүүлэхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3.1. Н.Х болон С.З нар 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээгээр Н.Хгийн өмчлөлийн, Баянзүрх дүүрэг, 15 дугаар хороо, 13 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, - байр, 5 дугаар давхар, 280 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг С.З 150,000,000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцож, уг орон сууцны өмчлөх эрхийг С.Згийн нэр дээр бүртгэж, гэрчилгээ олгогдсон талаар талууд маргаагүй боловч хэрэгт энэ талаар баримтгүй.

3.2. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 101/ШЗ2023/03547 дугаар захирамжаар маргааны зүйл болох дээр дурдсан үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжилж, өмчлөх эрхийн шилжилт хөдөлгөөнийг зогсоож, шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг хангуулахаар шийдвэрлэсэн байх бөгөөд уг захирамжийн дагуу хийсэн ажиллагаа тодорхойгүй байна.

3.3. Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэхийг даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагчид даалгуулах нэхэмжлэлийн хүрээнд уг үл хөдлөх эд хөрөнгө нь хариуцагчийн өмчлөлд байгаа эсэхийг тодруулах учиртай.

 

4. Хэргийн нөхцөл байдал тодорхойгүй тохиолдолд давж заалдах шатны шүүх алдааг залруулж хэргийг шийдвэрлэх боломжгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 183/ШШ2023/02260 шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч С.Згаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 907,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Г.ДАВААДОРЖ

 

  ШҮҮГЧИД                                         Н.БАТЗОРИГ

 

Э.З