Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 08 сарын 25 өдөр

Дугаар 181/ШШ2023/02617

 

 

 

 

 

 2023      08        25                                            181/ШШ2023/02617                         

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Түмэнцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ... тоот хаягт байрлах “А” ХХК /рд:.../-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ... тоот хаягт оршин суух, ... овогт ...гийн С /рд:.../-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт нийт 128,279,333 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах үндсэн,

2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн ЗГ/2020/08 дугаартай зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд болохыг тогтоолгох сөрөг нэхэмжлэл бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ж,

Хариуцагч Ш.С,

Хариуцагчийн өмгөөлөгч Г.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ариунтунгалаг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “А” ХХК нь хариуцагч Ш.Сд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 128,279,333 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: 

“Зээлдэгч М овогт ... С /РД:.../ нь зээл авах тухай хүсэлт гаргаж, 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн ЗГ/2020/08 дугаартай зээлийн гэрээ байгуулж 46,000,000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай зээлийг зээлийн эргэн төлөх хуваарийг хүлээн зөвшөөрч зээлийг хугацаандаа төлж барагдуулах үүрэг хүлээж зээл авсан.

Гэтэл зээлдэгч Ш.С нь зээлийн гэрээгээр хүлээн үүргээ биелүүлэхгүй, зээлийн эргэн төлөх хуваарийг зөрчиж, зээлийн ноцтой зөрчил үүсгэж 664 хоногоор зээлийн хугацааг хэтрүүлж, зээлдүүлэгчийн хууль ёсны шаардлагыг биелүүлэхгүй, зээлдүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолыг ноцтой зөрчиж байгаад маш ихээр гомдолтой байна.

Зээлдэгч М овогт ... С /РД:.../-ээс 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн ЗГ/2020/08 дугаартай зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 46,600,000 төгрөг, зээлийн хүү 46,108,333 төгрөг, нийт зээлийн үлдэгдэл 92,708,333 төгрөгийг гаргуулах, 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн БГ/2020/08 дугаартай барьцааны гэрээний дагуу барьцаа хөрөнгө болох 11-50 УБК улсын дугаартай /АД:JTEEV73HO013341/ “ТОҮОТА LAND CRUISER 70” маркын цагаан өнгийн суудлын автомашинаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч шүүхэд хэрэг маргааныг шийдвэрлүүлэхгүй хариуцагч тал удаашруулснаас уг нэхэмжлэлээ манайх 2023 оны 02 дугаар сарын 09, мөн оны 8 дугаар сарын 09-ний өдрүүдэд тус тус нэмэгдүүлсэн.

Хариуцагч Ш.С /РД:.../ нь 2023 оны 08 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл зээл болон зээлийн хүүгийн төлбөрийг огт төлөөгүй байх тул Иргэний хууль, БЭБХЭМХМХШЗҮАТухай хууль, холбогдох дүрэм, журам болон зээлийн гэрээний дагуу нэхэмжлэлийн шаардлагыг 35,571,000 төгрөгөөр нэмэгдүүлж, нийт 128,279,333 төгрөгийг нэхэмжилж байгаа хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Хариуцагч хариу тайлбартаа: ...гийн С /РД:.../ миний бие 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Ази капитал ББСБ ХХК-аас 45,000,000.00 төгрөгийг өөрийн нэр дээр байдаг автомашиныг барьцаалан нэг л удаа зээл авсан.

Тухайн зээлийн гэрээг 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдөр намайг дарамталж байгаа уг гэрээнд гарын үсэг зуруулсан

Миний удирддаг байгууллага Сүхбаатар дүүргийн 3-р хороо Тээвэрчдийн гудамж, Нарны зам-53 Саруул төв 105 тоотод ажлын байр түрээслэдэг, Ази капитал ББСБ ХХК нь Сүхбаатар дүүргийн 3-р хороо Тээвэрчдийн гудамж, Нарны зам-53 Саруул төв 210 тоотод ажлын байр түрээслэдэг нэг барилгад ажлын байр байдаг нь ямар нэгэн байдлаар зээлээ төлөхгүй зайлсхийх холбоо барихад саадгүйг баталж байна. Би уул уурхайн ашиглалт, олборлолтын үйл ажиллагаа явуулдаг. 2020, 2021, 2022 онуудад дэлхий нийтийг хамарсан цар тахалын улмаас хил хаагдаж түүхий эд тээвэрлэгдэхгүй үйл ажиллагаа зогсонги байдалд байснаас үндсэн зээлийг төлөөгүй.

2020 оны 03 дугаар сарын 10-ны өдөр тус байгууллагаас албан ёсоор зээл аваагүй учир энэ зээлийн гэрээний үүрэгт шаардаж байгаа нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Харин 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн зээлээс одоогийн байдлаар 48,670,240 төгрөгийг төлж барагдуулсан тул уг гэрээний үүрэгт төлөгдөөгүй үндсэн зээлийг төлөх боломжтой” гэжээ.

Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа:

А ХХК тус шүүхэд 2022 оны 04 дүгээр сарын 5-ны өдөр Ш.Сгээс 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн ЗГ/2020/08 дугаартай зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 46,600,000 төгрөг, зээлийн хүү 46,108,333 төгрөг, нийт зээлийн үлдэгдэл 92,708,333 төгрөгийг гаргуулах, 2020 оны 03 сарын 10-ны өдрийн БГ/2020/08 дугаартай барьцааны гэрээний дагуу барьцаа хөрөнгө болох 11-50 УБК улсын дугаартай /АД:JTEEV73HO013341/ “ТОҮОТА LAND CRUISER 70” маркийн цагаан өнгийн суудлын автомашинаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэл гаргасан.

Хэрэг хянан шийдвэрлэгдэх хугацаанд 2022 оны 07 дугаар сарын 18-ны өдөр
Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн
181/Ш32022/09447 дугаар шүүгчийн захирамж гарсан. Тус захирамжаар ...2019 оны
02 дугаар сарын 02-ны өдрийн ЗГ/2019/11 дугаар Зээлийн гэрээний дагуу хариуцагч
Ш.Сгийн төлсөн төлбөрийн баримтууд болон мөн 2020 оны 3 дугаар сарын
10-ны өдөр иргэн Ш.Стэй зээлийн гэрээ байгуулж, 46,600,000 төгрөг олгосон
талаар баримтуудыг тус тус хуульд заасан нотлох баримтын шаардлага хангуулж,
2022 оны 08 дугаар сарын 10-ны дотор А ХХК-иас гаргуулсугай... гэж захирамжилсан.

2022 оны 08 дугаар сарын 05-ны өдөр А ХХК-иас шүүхийн захирамжинд заасны дагуу 2020 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн
ЗГ/2020/08 дугаартай Зээлийн гэрээний дагуу 46,600,000 төгрөгийг хариуцагч
Ш.Сд олгоогүй. Харин 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн ЗГ/2019/11
дугаар Зээлийн гэрээний дагуу 45,000,000 төгрөгийг олгосон ба энэ мөнгөний талаараа тайлбар бичиж 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 04 дугаар төлбөрийн даалгавраар 45,000,000 төгрөг зээлдүүлсэн баримт ирүүлсэн байдаг.

Үүнээс гадна 2022 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ...Тийм, мөнгө авчихаад төлөөгүй явж байхад нь зээлийн гэрээний хугацаа дуусаад 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Ш.С хүсэлт гарган хугацааг шинэчлэн сунгаж гэрээ хийсэн. Мөнгө төлөгдөөгүй байгаа учраас үүнтэй холбоотой баримт байхгүй. Өмнөх зээлээ хаагаагүй байгаа. Өөрөө хүсэлт гаргасан учраас гэрээг шинэчлэн хийгээд явж байгаа юм. 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Ш.Сд дахин 46,000,000 гаруй төгрөг олгосон зүйл байхгүй. Өмнө 2019 онд 50,000,000 гаруй төгрөг олгосон тэр л байгаа юм... гэж шүүхэд мэдүүлсэн байдаг.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйл 281.1-т ...Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ... 282 дугаар зүйл 282.4-т ...Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно... гэж тус тус хуульчилсан.

2020 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн ЗГ/2020/08 дугаартай Зээлийн гэрээний дагуу 46,600,000 төгрөгийг хариуцагч Ш.Сд А ХХК-иас зээлийн гэрээний дагуу шилжүүлээгүй тул хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна” гэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа:

“А” ХХК нь хариуцагч Ш.Сгийн зээлийн гэрээг сунгах, шинээр гэрээ байгуулах тухай хүсэлт гаргасныг харгалзан үзэж хүлээн авч, гэрээний талууд сайн дурын үндсэн дээр сайн дураар харилцан тохиролцож гэрээний эргэн төлөх хуваарийг хариуцагч Ш.С /зээлдэгч/ нь хүлээн зөвшөөрч /зээлийн гэрээний үнийн дүнг/ өөрөө гарын үсэг зурж 2 тал байлцаж зээлийн болон барьцааны гэрээг нотариатаар баталгаажуулсан байдаг.

Ш.С нь А ХХК-иас 2019 онд зээл авснаа хүлээн зөвшөөрч байгаа. Тэр зээлийн гэрээ нь 3 сарын хугацаатай байсан. Дээрх зээлийн гэрээний хугацаа дуусмагц зээлдэгч Ш.С нь 45 сая төгрөгийг зээлийн хугацаа хэтрүүлж төлж явахгүй байсаар төлсөн мөнгө нь зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүнд төлөгдөөд явсан. Энэ гэрээ бол Иргэний хуульд зааснаар хүү, нэмэгдүүлсэн хүүг аваад явж байсан. Гэтэл энэ хүн өөрөө одоо зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй өмнөх 2019 оныхоо зээлийн хүүг төлж чадахгүй хугацаа нь дуусчихсан, шинэчилж гэрээ хийе гээд шинэчлээд гэрээ хийсэн процесс юм. Сая өмгөөлөгч нь хуулийн заалт уншиж байна. А ХХК энэ хүнд мөнгийг дансанд нь шилжүүлээд өгсөн шүү дээ. Хэрэв үнэхээр тэгж үзэж байгаа бол 45,000,000 төгрөгийн 2019 оны зээлийг хаасан, мөнгө төлсөн баримтыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч талаас гаргаж өгсөн зүйл байхгүй. Энэ хүн 2019 оныхоо зээлийг төлж барагдуулаагүй зээлийн гэрээ төлбөр төлснөөр дуусгавар болоогүй учраас 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Ш.Сгийн хүсэлтийн дагуу шийдээд зээлийн гэрээг шинэчилж байгуулсан. Бид нар үүнд маргаагүй. Энэ гэрээнд Ш.С гарын үсэг зурсан эсэх дээр маргасан зүйл байхгүй. 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн гэрээнд Ш.С гарын үсэг зураад нотариатаар батлуулсан нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдоно. Барьцаанд автомашиныг тавьсан өдөр нотариатын он, сар, өдөр нь тухайн өдрөөр байгаа. Өөрөө хүсэл зоригоо илэрхийлээд 46,600,000 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй гэдгийг энэ хүн хүлээн зөвшөөрсөн. Зөвшөөрөөд гэрээгээ сайн дурын үндсэн дээр байгуулаад эргэн төлөгдөх хуваарийг нь 3 сарын хугацаагаар төлнө гээд эргэн төлөх хуваарь дээрээ гарын үсгээ зураад нотариатаар батлуулсан. Үүргийн гүйцэтгэлийг хангуулъя гэсэн автомашин нь А ХХК-ийн өмчлөлд байгаа боловч бүтэн 3 жилийн хугацаанд Ш.С өөрөө эзэмшиж ашиглаад явж байгаа. Энэ компанид эрсдэл учрах зүйл байна. Ш.С энэ машиныг эзэмшиж ашиглаж байгаагаар машины элэгдэл хорогдол, эвдрэл засварын асуудлыг энэ машины тухайн үеийн зээл судлахдаа олгосон үнийн дүн өнөөдрийн үнийн дүн хоёр харьцангуй өөр байгаа. Автомашин удах тусмаа л үнэ буурна уу гэхээс үнэ нь өсдөг үл хөдлөх эд хөрөнгө шиг зүйл биш юм. Тийм учраас хариуцагчийн өмгөөлөгч Иргэний хуулийн 281, 282 дугаар зүйлд зааснаар мөнгөн дүнг өгснөөр энэ гэрээг хүчинтэй байна гэж тайлбарлаад байна. Хэрвээ тийм бол Иргэний хуулийн 283, 453, 451, 452 дугаар зүйлд зааснаар Ш.С нь 2019 онд авсан зээлийг төлж дуусгаагүй нь үнэн, өөрөө ч гэсэн төлөөгүй гэдгийг хүлээн зөвшөөрч байна. Гэтэл өөрөө бэлэн мөнгө аваад захиран зарцуулчихаад гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй хэр нь гэрээнд байгаа гарын үсэг минийх мөн эсэх тал дээр маргаагүй. Тиймээс хууль зүйн үндэслэлгүй өөрөө гэрээгээр хүлээсэн зээлийн гэрээний үүргээ болон хуульд заасан үүргээ биелүүлээгүй хэрнээ хууль бус сөрөг нэхэмжлэл гаргаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Иймд хариуцагч Ш.Сгийн 2020.03.10-ны өдрийн ЗГ/2020/08 дугаартай зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох тухай хууль бус сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгч талаас нотлох баримтаар: Улсын тэмдэгтийн хураамжид /621,500+70,200+265,130+228,625/ нийт 1,185,455 төгрөг төлсөн баримтууд, Азикапитал корпорэйшн ББСБ ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Санхүүгийн зохицуулах хорооны 1/436 дугаартай тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар, Д.Жд олгосон итгэмжлэл, 2020.03.10-ны өдрийн ЗГ/2020/08 дугаартай Зээлийн гэрээ, 2020.03.10-ны өдрийн БГ/2020/08 дугаартай Барьцааны гэрээ, 2020.12.09-ний өдрийн 78 дугаартай Зээлийн гэрээний үүрэг биелүүлэх тухай мэдэгдэл, Ш.Сгээс Азикапитал корпорэйшн ББСБ ХХК-д 2021-10-27-ны өдөр мэдэгдлийн хариу хүргүүлсэн тухай зэргийг гаргаж өгсөн.

Хариуцагч талаас нотлох баримтаар: Улсын тэмдэгтийн хураамжид 390,950 төгрөг төлсөн баримт, 2019.02.02-ны өдрийн ЗГ/2019/11 дугаартай Зээлийн гэрээ, Эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, тооцоо нийлсэн акт зэргийг гаргаж өгсөн.

Шүүхийн журмаар бүрдүүлсэн баримтаар: хариуцагчийн хүсэлтээр нэхэмжлэгч талаас 2020.12.15-ны өдөр Ш.Сгийн А ХХК-д гаргасан хүсэлт, 2019.02.02-ны өдрийн Төлбөрийн даалгавар №4 зэргийг гаргуулсан байна.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх, үндсэн болон сөрөг нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй гэж үзэв.

Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

Зээлдэгч Ш.Сгээс 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн ЗГ/2020/08 дугаартай зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 46,600,000 төгрөг, зээлийн хүү 81,679,333 төгрөг, нийт зээлийн үлдэгдэл 128,279,333 төгрөгийг гаргуулах, 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн БГ/2020/08 дугаартай барьцааны гэрээний дагуу барьцаа хөрөнгө болох 11-50 УБК улсын дугаартай /АД:JTEEV73HO013341/ “Тoyota land cruiser 70” маркийн цагаан өнгийн суудлын автомашинаар үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд:

2019 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн зээлээс одоогийн байдлаар 48,670,240 төгрөгийг төлж барагдуулсан, 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдөр тус байгууллагаас албан ёсоор зээл аваагүй тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

Хариуцагч сөрөг шаардлагыг дараах үндэслэлээр тодорхойлсон. Үүнд:

Нэхэмжлэгч А ХХК-иас 2020 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн ЗГ/2020/08 дугаартай Зээлийн гэрээний дагуу 46,600,000 төгрөгийг хариуцагч Ш.Сд шилжүүлж өгөөгүй тул хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгоно гэжээ.

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд:

“А” ХХК нь хариуцагч Ш.Сгийн зээлийн гэрээг сунгах, шинээр гэрээ байгуулах тухай хүсэлт гаргасныг хүлээн авч, гэрээний талууд сайн дурын үндсэн дээр сайн дураар харилцан тохиролцож зээлийн гэрээний үнийн дүн, гэрээний эргэн төлөх хуваарийг хүлээн зөвшөөрч өөрөө гарын үсэг зурж 2 тал байлцаж зээлийн болон барьцааны гэрээг нотариатаар баталгаажуулсан хууль зөрчөөгүй тул хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

А” ХХК, Ш.С нарын хооронд 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдөр байгуулсан ЗГ/2020/08 дугаар зээлийн гэрээгээр, 46,600,000 төгрөгийг, сарын 5 хувийн хүүтэй, гурван сарын хугацаатай, бизнесийн зориулалтаар олгогдсон талаар бичигдэж, талууд гарын үсэг зуржээ./хх-10-11/

Мөн “А” ХХК, Ш.С нарын хооронд 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдөр БГ/2020/08 дугаар барьцааны гэрээ байгуулагдаж, 11-50 УБК улсын дугаартай Тoyota land cruiser 70 маркийн автомашиныг үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцаалжээ./хх-12/

Дээрх зээлийн гэрээг үндэслэн нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж, зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 46,600,000 төгрөг, зээлийн хүү 81,679,333 төгрөг, нийт 128,279,333 төгрөгийг гаргуулах, 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн БГ/2020/08 дугаартай барьцааны гэрээний дагуу барьцаа хөрөнгө болох 11-50 УБК улсын дугаартай Тoyota land cruiser 70 маркийн автомашинаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардсан.

Хариуцагч тал нь “А” ХХК, Ш.С нарын хооронд 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдөр байгуулагдсан ЗГ/2019/11 дүгээр зээлийн гэрээгээр, 45,000,000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй, гурван сарын хугацаатай, бизнесийн зориулалтаар олгогдсон гэрээний дагуу мөнгө авсан учир энэ гэрээний дагуу үүрэг хүлээх учиртай тул үндсэн нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж марган, уг гэрээг болон мөн өдөр байгуулсан БГ/2019/11 дугаартай барьцааны гэрээг тус тус нотлох баримтаар шүүхэд гаргаж өгчээ./хх-50-52/

Гэтэл хариуцагч тал дээрх гэрээг нэхэмжлэгч тал дарамталж байж, 46,600,000 төгрөгийг надад мөнгөн хэлбэрээр өгөөгүй атлаа зээлийн гэрээ байгуулсан, улмаар их хэмжээний хүү нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй гэж эс зөвшөөрч марган, тус зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах сөрөг нэхэмжлэлийг гаргаж, харилцан маргасан.

Хэрэгт 2019.02.02-ны өдрийн Төлбөрийн даалгавар №4 баримтаар А ХХК нь Хаан банкны 5038045318 тоот данснаас Сгийн 5111038603 тоот дансанд 45,000,000/дөчин таван сая/ төгрөгийн зээлийг шилжүүлэн өгсөн, 2020.12.09-ний өдрийн 78 дугаартай Зээлийн гэрээний үүрэг биелүүлэх тухай мэдэгдэлийг А ХХК-иас Ш.Сд хүргүүлсэн, 2020.12.15-ны өдөр Ш.Сгийн А ХХК-д гаргасан хүсэлт тус тус баримтаар авагджээ./хх-65-66/

Зохигч талуудын хооронд 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Зээлийн гэрээ байгуулагдаж, 45,000,000 төгрөгийг хариуцагч Ш.С авсан, тус зээлийн гэрээний дагуу хүүнд хариуцагч өөрийгөө 48,670,240 төгрөг төлсөн гэж тайлбарласан боловч уг мөнгөн дүнг хэдийд хэрхэн, яаж төлсөн талаарх холбогдох нотлох баримтыг шүүхэд гаргаж нотлоогүй.

Нэхэмжлэгч талаас 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээний 45,000,000 төгрөгийг Ш.Сд шилжүүлэн өгсөн боловч гэрээнд заасан 3 сарын хугацаа дууссан учир 3 сараар, 3 удаа 9 сараар сунгасан боловч энэ хугацаанд үндсэн зээлээ төлөөгүй, хүүг төлж байсан боловч 2020 оны 3 дугаар сарын 10-ны өдөр анх авсан мөнгө нь 46,600,000 төгрөг болоод 1,600,000 төгрөгөөр нэмэгдсэн, Монгол банк, Санхүүгийн зохицуулах хорооны даргын хамтран гаргасан тушаалаар зээлийн гэрээг хоёр удаа сунгана гэсэн заалттай, тэр үедээ мөнгөө төлж чадахгүй зээлийн гэрээний хугацаа дуусчихсан нөхцөл байдлыг нь харгалзаж үзээд үндсэн 46,600,000 төгрөгийг өөрөө хүлээн зөвшөөрөөд гэрээг нь шинэчлээд байгуулсан тул уг гэрээ хүчин төгөлдөр гэж тайлбарласан хэдий ч Монгол банк, Санхүүгийн зохицуулах хорооны даргын хамтран гаргасан тушаал нь хэдний өдрийн, хэд дүгээртэй, ямар үйл ажиллагааг хэрхэн зохицуулсан болох нь тодорхойгүй, уг баримтыг гаргаж нотлоогүйг дурдах нь зүйтэй байна.

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно. гэж заасан байх тул нэхэмжлэгчээс хариуцагчтай 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдөр байгуулсан ЗГ/2020/08 дугаар зээлийн гэрээнд заасан 46,600,000 төгрөгийг Ш.Сд бодитоор шилжүүлэн өгөөгүй болох нь зохигч талуудын тайлбар, хэргийн үйл баримтаар тогтоогдож байх тул энэ өдөр зээлийн гэрээг байгуулагдсанд тооцох хууль зүйн үндэслэлгүй гэж үзлээ.

Иймээс 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдөр байгуулсан гэх ЗГ/2020/08 дугаар зээлийн гэрээний 46,600,000 төгрөгийг болон зээлийн хүүнд 81,679,333 төгрөг, нийт 128,279,333 төгрөг гаргуулахаар шаардаж буй нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хангах үндэслэлгүй байна.

Харин талуудын хооронд 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдөр байгуулагдсан ЗГ/2019/11 дүгээр зээлийн гэрээгээр, 45,000,000 төгрөгийг нэхэмжлэгч “А” ХХК нь хариуцагч Ш.Сд шилжүүлэн өгсөн үйл баримт тогтоогдож байх тул тус гэрээний дагуух үүргийн биелэлтийг зээлдэгч Ш.Сгээс шаардах эрхтэй тул энэхүү шүүхийн шийдвэр саад болохгүй.

Ийнхүү мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж заасан хуулийн заалтад нийцээгүй талаар шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагын хууль зүйн үндэслэлийг дүгнэж, уг нэхэмжлэлийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн учир хариуцагчийн гаргасан 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн ЗГ/2020/08 дугаартай зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох сөрөг нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй байна.

Хариуцагч тал сөрөг шаардлагаа Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл; мөн 56.1.3-т өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл; гэж заасанд хамааруулан тодорхойлсон боловч эдгээрт хамаарахгүй гэж шүүх үзлээ.

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч “А” ХХК-ийн гаргасан Зээлийн гэрээний үүрэгт нийт 128,279,333 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай үндсэн, хариуцагч Ш.Сгийн гаргасан 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн ЗГ/2020/08 дугаартай зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Шүүхээс үндсэн болон сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1, 7.1.2 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн /621,500+70,200+265,130+228,625/ нийт 1,185,455 төгрөг, хариуцагчаас төлсөн 390,950 төгрөгийг тус тус улсын орлого болгох нь зүйтэй байна.

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.3 дахь хэсэгт заасан үндэслэлгүй тул Ш.Сгээс 128,279,333 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах, А ХХК-ийн нэхэмжлэлийг болон Ш.Сгийн 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

           2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т заасныг баримтлан “А” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 1,185,455 төгрөг, хариуцагчаас төлсөн 390,950 төгрөгийг тус тус улсын орлого болгосугай.

           3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гаргасан гомдлыг хянан шийдвэрлэх хүртэл хугацаанд тус шүүхийн шүүгчийн 2023 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 181/ШЗ2022/05725 тоот захирамжаар авсан шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай арга хэмжээ хүчинтэй хэвээр байхыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.5, 119.7 дахь заалтад зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй, зохигчийн оролцоогүйгээр шийдвэрлэсэн талд шүүх шийдвэрийг энэ хуулийн 119.4-т заасан хугацаанд зохигчид гардуулах ба ийнхүү гардуулах боломжгүй бол шүүх уг хугацаа өнгөрснөөс хойш 7 хоногийн дотор зохигчийн оршин суугаа /оршин байгаа/ газар болон ажилладаг байгууллагын аль нэг хаягаар баталгаат шуудангаар, эсхүл шүүхийн ажилтнаар хүргүүлэх бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.ТҮМЭНЦЭЦЭГ