Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 10 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2023/01883

 

2023 оны 10 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2023/01883

 

“- ББСБ” ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүхийн шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, шүүгч Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 181/ШШ2023/02617 дугаар шийдвэртэй,

 

“- ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Ш.Сд холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт нийт 128,279,333 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй,

Зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Жамъяндагва, хариуцагч Ш.С, хариуцагчийн өмгөөлөгч Г.Баяржаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Золтуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. “- ББСБ” ХХК нь Ш.Стэй 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн ЗГ/2020/08 дугаартай зээлийн гэрээ байгуулж, 46,000,000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай зээлдүүлж, зээлдэгч зээлийн эргэн төлөх хуваарийг хүлээн зөвшөөрч зээл авсан.

1.2. Гэтэл Ш.С нь зээлийн эргэн төлөх хуваарийг зөрчиж, 664 хоногоор зээлийн хугацааг хэтрүүлж, зээлдүүлэгчийн хууль ёсны шаардлагыг биелүүлэхгүй, зээлдүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолыг ноцтой зөрчиж байна.

1.3. Зээлдэгч Ш.Сгээс 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн ЗГ/2020/08 дугаартай зээлийн гэрээний дагуу зээл 46,600,000 төгрөг, хүү 81,679,333 төгрөг, нийт 128,279,333 төгрөгийг гаргуулах, 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн БГ/2020/08 дугаартай барьцааны гэрээний дагуу барьцаа хөрөнгө болох - УБК улсын дугаартай Тоёота ланд круизер 70 маркийн, цагаан өнгийн суудлын автомашинаар үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. Ш.С нь 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдөр “- ББСБ” ХХК-аас 45,000,000 төгрөгийг өөрийн нэр дээр байдаг автомашиныг барьцаалан зээлсэн. 2020, 2021, 2022 онуудад дэлхий нийтийг хамарсан цар тахалын улмаас хил хаагдаж түүхий эд тээвэрлэгдэхгүй үйл ажиллагаа зогсонги байдалд байснаас үндсэн зээлийг төлөөгүй, хүүд 48,670,9240 төгрөгг төлсөн. Үндсэн зээлийг төлөх боломжтой.

2.2. 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдөр шинэ гэрээ үйлдэж гарын үсэг зуруулсан боловч зээл аваагүй учир энэ зээлийн гэрээний үүрэгт шаардаж байгаа нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй.

 

3. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн агуулга:

2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн ЗГ/2020/08 дугаартай Зээлийн гэрээний дагуу 46,600,000 төгрөгийг нэхэмжлэгч “- ББСБ” ХХК-аас хариуцагч Ш.Сд шилжүүлээгүй тул хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох сөрөг нэхэмжлэл гаргаж байна.

 

4. Нэхэмжлэгчийн сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбарын агуулга: “- ББСБ” ХХК нь хариуцагч Ш.Сгийн гаргасан зээлийн гэрээг сунгах, шинээр гэрээ байгуулах тухай хүсэлтийг хүлээн авч, гэрээний талууд сайн дурын үндсэн харилцан тохиролцож гэрээний эргэн төлөх хуваарийг хариуцагч Ш.С нь хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан, 2 тал байлцаж зээлийн болон барьцааны гэрээг нотариатаар баталгаажуулсан.

 

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.3 дахь хэсэгт заасан үндэслэлгүй тул Ш.Сгээс 128,279,333 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах, “- ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлийг болон Ш.Сгийн 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т заасныг баримтлан “- ББСБ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 1,185,455 төгрөг, хариуцагчаас төлсөн 390,950 төгрөгийг тус тус улсын орлого болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гаргасан гомдлыг хянан шийдвэрлэх хүртэл хугацаанд тус шүүхийн шүүгчийн 2023 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 181/ШЗ2022/05725 тоот захирамжаар авсан шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай арга хэмжээ хүчинтэй хэвээр байхыг дурдаж шийдвэрлэжээ.

 

6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

6.1. Зээлдүүлэгч, зээлдэгч нар нь сайн дурын үндсэн дээр 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн ЗГ/2020/08 дугаартай зээл болон барьцааны гэрээг хуульд заасны дагуу бичгээр үйлдэж, 2 тал гарын үсэг зурж, зээлийн болон барьцааны гэрээг үнэн зөв болохыг баталгаажуулж, нотариатчаар гэрчлүүлж, өөрсдийн эдлэх эрх, хүлээх хариуцлага, хуулийг тодорхой тайлбарлуулж гэрээг байгуулсан.

Гэтэл анхан шатны шүүх нь хүчин төгөлдөр зээлийн гэрээ болон Иргэний хууль, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн тодорхой зүйл заалтыг хэрэглэхгүй, хуулийг буруу хэрэглэж, буруу үнэлэлт, дүгнэлт хийж, илт хууль бус шийдвэр гаргаж, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолыг ноцтой зөрчсөнд гомдолтой байна.

6.2. Мөн анхан шатны шүүхийн шийдвэр нь эргэлзээгүй, хэргийг тал бүрээс нь үнэн зөв, бодит байдлыг тогтоосон, хуульд заасан үндэслэл бүхий байх ёстой атал анхан шатны шүүх нь хуулиар хүлээсэн үндсэн үүргээ биелүүлэхгүй, хоёр утга санаа бүхий хууль бус шийдвэр гаргасанд гомдолтой байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, зээлдэгч Ш.Сгээс 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн ЗГ/2020/08 дугаартай зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 46,600,000 төгрөг, зээлийн хүү 81,679,333 төгрөг, нийт зээлийн үлдэгдэл 128,279,333 төгрөгийг гаргуулах, 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн БГ/2020/08 дугаартай барьцааны гэрээний дагуу барьцаа хөрөнгө болох - УБК улсын дугаартай Тоёота ланд круизер 70 маркийн, цагаан өнгийн суудлын автомашинаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү.

 

7. Хариуцагч талын давж заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга:. Нэхэмжлэгч нь 2019 оны зээлийн гэрээний үүргийг шаардах эрхтэй. Гэтэл 2020 онд байгуулсан гэрээгээр зээлийн мөнгөн хөрөнгийг шилжүүлээгүй байж 2020 оны гэрээний үүрэг шаардаж байгаа нь үндэслэлгүй. Анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг зөв дүгнэж шийдвэрлэсэн.

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийн дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаав.

 

2. Нэхэмжлэгч “- ББСБ” ХХК нь хариуцагч Ш.Сд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 128,279,333 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч 2020 оны 03 дугар сарын 10-ны өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэл гаргаж маргажээ.

 

3. “- ББСБ” ХХК болон Ш.С нарын хооронд 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдөр ЗГ/2019/11 дугаар зээлийн гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр зээлдүүлэгч 45,000,000 төгрөгийг 30 хоногт 5 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай зээлдүүлэх, зээлдэгч хэлэлцэн тохиролцсон хуваарийн дагуу төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээсэн байна. /хх50-51/

 

4. Хариуцагч Ш.С нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрч тайлбарлахдаа тэдгээрийн хооронд 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, энэ гэрээгээр 45,000,000 төгрөгийг зээлж авсан, 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн зээлийн гэрээгээр мөнгөн хөрөнгө шилжүүлж аваагүй гэжээ.

 

5. Талуудын тайлбар зөрүүтэй байгаа тохиолдолд тэдгээрийн хооронд байгуулагдсан гэх 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн зээлийн гэрээ өмнөх буюу 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн зээлийн гэрээнд өөрчлөлт оруулсан эсхүл шинээр байгуулагдсан эсэхийг шүүх дүгнэж, хэргийг шийдвэрлэх учиртай. 

 

6. Хэрэгт 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн болон 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн барьцааны гэрээ тус тус авагдсан, тус барьцааны гэрээнүүдийн зүйл болох - УБК улсын дугаартай, Тоёото ланд круизер маркийн автомашины гэрчилгээ баримтаар авагдаагүй тохиолдолд уг эд хөрөнгө хэний өмчлөл, эзэмшилд байгаа эсэх, үүргийн гүйцэтгэлийг бодитойгоор хэрэгжүүлэх боломжтой эсэх тодорхойгүй байна. 

 

7. Дээрх ажиллагааг давж заалдах шатны шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1, 167 дугаар зүйлийн 167.1.5-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 181/ШШ2023/02617 дугаар шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 799,350 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Ш.ОЮУНХАНД

 

                                         ШҮҮГЧИД                                      Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

                                                                                                Э.ЗОЛЗАЯА