Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 09 сарын 01 өдөр

Дугаар 181/ШШ2023/02663

 

 

 

 

 

 

 

   2023      09       01                                            181/ШШ2023/02663                         

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Түмэнцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ... тоот хаягт оршин суух Х овогт Жын Э /РД:.../-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: С, өөрийн байранд байрлах Нт холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Үнэлгээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.О,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.А,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ариунтунгалаг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Ж.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэл, тайлбартаа:

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн дугаар 43 тоот шийдвэрээр нэхэмжлэгч Ж.Эс 44,879,950 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн. Уг шийдвэрийн дагуу хариуцагчийн захиалсан “Виннэр Вэй” ХХК-ийн үнэлгээчин барьцаа хөрөнгө болох ... дүүргийн 20-р хороо, ... 22-р гудамж, ... тоотод байрлах 84 м.кв хувийн сууц, 700 м.кв газар, 60 м.кв гаражийг нийт 60,174,000 төгрөгөөр 2020 оны 2 дугаар сарын 19-ний өдөр үнэлсэн. 2020 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр анхны дуудлага худалдаа, 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдөр хоёр дахь дуудлага худалдаанд тус тус ороод худалдан борлогдоогүй. Үүнээс хойш хариуцагч тал 3 жилийн дараа буюу 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үргэлжлүүлэн явуулсан. Нэхэмжлэгч миний бие 2023 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55.5-д “Үнэ ханшийн өөрчлөлтөөс шалтгаалан тогтоосон хөрөнгийн үнэлгээнд анх тогтоосон үнийн гуравны нэгээс багагүй хэмжээний өөрчлөлт орсон гэх үндэслэлтэй тохиолдолд талуудын хүсэлтээр шийдвэр гүйцэтгэгч анхны үнэлгээг тогтоосноос 6 сараас багагүй хугацааны дараа дахин үнэлгээ тогтоолгож болно” гэж заасны дагуу Шийдвэр гүйцэтгэх албанд дахин үнэлгээ тогтоолгох хүсэлт гаргахад Шийдвэр гүйцэтгэх албанаас шийдвэрлэх боломжгүй гэх хариу ирсэн. Бидний зүгээс уг хөрөнгийг үл хөдлөх, хөрөнгө үнэлгээ, зөвлөх үйлчилгээний “Хөрөнгө-Эстимэйт” ХХК-иар үнэлгээг тогтоолгоход одоогийн зах зээлийн үнэлгээ нь 80,914,500 төгрөг болохыг тогтоосон болно.

Иймд Нийслэлийн ... дүүргийн 20-р хороо , ... 22-р гудамж , ... тоотод байрлах 84 м.кв хувийн сууц, 700 м.кв газар, 60 м.кв гаражийг нийт 60,174,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судалсны дараа нэхэмжлэлийн шаардлагыг дэмжих нь зөв гэж үзэж байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5 дахь хэсэгт зааснаар энэ хүмүүс хүсэлт гаргаад Виннер Вэй ХХК-иар хөрөнгийг үнэлүүлсний үндсэн дээр 20,000,000 төгрөгийн зөрүү байгаа учраас дахин үнэлгээ хийж өгнө үү гэсэн саналыг гаргасан. Хоёр үнэлгээ зөрүүтэй болоод ирж байгаа юм. Энэ хоёр үнэлгээний алийг нь чухам баримтлах юм бэ? Мэргэшсэн үнэлгээчин энэ үнэлгээг хийсэн. Шүүхээр эрх хэмжээний хүрээнд хүчингүй болгуулаад дараагаар нь хэдэн төгрөг дээр тогтох вэ, манайх зөрүүг нь нэмж өгч болно, эсвэл зөрүүг нь буцааж авч болно. Ийм учраас төлбөр төлөгч болон төлбөр авагчийн эрх зүйн байдалд эрх тэгш анхаараад Үндсэн хуульд заасны дагуу өмчлөх эрхтэй. Нөгөө хүндээ ч гэсэн амар болох юм. Хоёр дахь дуудлага худалдаа явагдаад ирэхэд авъя гэдэг хүсэлтээ сүүлд өгсөн байсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэлээс өмгөөлөгчид үзүүлэхгүй гээд надад үзүүлээгүй. Үндсэн хуульд өмчлөх эрхийг тунхаглаад өгсөн. Манайх өөрсдөө үнэлгээн дээр ч юм уу шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаан дээр ойлголцоод явчих юм бол Б.Баттулга энэ хүний үл хөдлөх хөрөнгийг авъя гэсэн ойлголт байхгүй юм байна лээ. Би байр суурийг нь ч гэсэн өөрсдөөс нь асуусан. Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны авагдсан материалд байгаа юм. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийгдэх үедээ хийгдэж байсан. Хоёр жилийн өмнө зөрүү мөнгөө байршуулах боломжтой байсан. Хоёр жилийн дараагаар зөрүү мөнгийг нь авчихаад зөрүү мөнгийг хийсэн гэдэг асуудал байж болохгүй. Хувь хүний харах өнцгөөс нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулаад байна гэдгийг би ойлгосон. Дахин давтан хэлэхэд хүн унаж болно, өсөж болно, яаж ч ядарч явж болно шүү дээ. Ж.Э энэ байдалд ингэж ханддаг ч гэдэг юм уу, ийм асуудлаар хандаад байгаа нь үнэхээр харамсалтай байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны ажлын ёс зүйн асуудалд анхаармаар санагдаж байна. Шүүх хуралдаан дээр зөвхөн нэхэмжлэлийн хүрээнд яригдах асуудал байтал энэ хүний хувийн асуудлыг ярьж байгаа нь энэ хүнийг харж байгаа өнцгөө өөрсдөө илэрхийлээд байгаа юм. Энэ бол үнэхээр харамсалтай байна. Эвлэрэх талаар хариуцагч талыг ямар нэгэн саналтай орж ирэх байх гэж бодсон. Эвлэрээд эвлэрлийн хүрээнд энэ асуудлыг шийдэхээр бол яг үнэн зөв, хэн хэнийх нь эрх зүйн байдал дордохгүй ийм асуудлыг төрийн байгууллага шийдээд ороод ирэх байх гэж би харж байсан. Энэ асуудал дээр шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага хэзээ ч уян зөөлөн ханддаггүй юм байна. Өнөөдөр би энэ хүнийг өөрийг нь байлцуулж байж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаар цагаан дээр хараар бичсэн зүйлийг илүү их хэрэглэдэг мэдлэгтэй учраас би төлөөлөх боломж байгаагүй бараг загнуулаад гараад ирсэн. Болохгүй гэвэл бид нар Б.Баттулгатай уулзаад гэрээ хийгээд түр ч гэсэн буцаагаад авах бүрэн боломж байгаад байна. Иймэрхүү ажиллагаа хийхгүйгээр зөвхөн танайх өгөх ёстой гэдэг асуудлыг яриад байгаа юм. Үнэхээр учир дутагдалтай байгаа учраас энэ хүн эрхээ зөрчүүлэхгүйн тулд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд холбогдуулан үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасныг дэмжиж байна гэв.

2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч Ж.Эийн Нт холбогдуулан гаргасан нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 43 дугаар шийдвэрээр Ж.Эс 44,879,950 төгрөгийг гаргуулж Б.Баттулгад олгохоор шийдвэрлэсэн.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуудсыг 2019 оны 5 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэн төлбөр төлөгчид төлбөр төлөх талаар мэдэгдлийг удаа дараа хүлээлгэн өгөхөд төлбөрийг төлж барагдуулаагүй.

Иймд төлбөр төлөгч Ж.Эийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан эрхийн улсын ... дугаарт бүртгэлтэй ... дүүрэг 20 дугаар хороо, ... 22 дугаар гудамж, ... тоотод байрлах 84 м.кв талбайтай хувийн сууц, мөн хаягт байрлах эрхийн улсын Ү-2204072288 дугаарт бүртгэлтэй 60 м.кв талбайтай граж, нэгж талбарын ... дугаарт бүртгэлтэй 700 м.кв талбайтай эзэмших эрхтэй газрын хамт битүүмжлэн, хурааж талуудаас үнийн санал авахад харилцан тохиролцоогүй тул Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-т заасны дагуу хөндлөнгийн шинжээчээр “Виннэр вэй” ХХК-ийг томилж үнэлгээ тогтоолгоход 60,174,000 төгрөгөөр зах зээлийн үнэлгээг тогтоосныг талуудад мэдэгдсэн.

Төлбөр төлөгч Ж.Э нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зүйлд заасны дагуу бие даан худалдан борлуулах хүсэлт гаргасныг хүлээн авч өөрөө худалдан борлуулах 1 сарын хугацаа өгсөн боловч худалдан борлуулаагүй тул тус газраас зохион байгуулсан хоёр удаагийн албадан дуудлага худалдаанд оруулахад үнийн санал ирээгүй.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73 дугаар зүйлд заасны дагуу төлбөр авагчид санал болгоход төлбөр авагч Б.Баттулга нь барьцаа хөрөнгийн үнэлсэн үнэлгээний зөрүү мөнгийг байршуулан төлбөртөө авах тухай хүсэлт гарган зөрүү мөнгө болох 14,959,050 төгрөгийг тус газрын дансанд байршуулсан.

Төлбөр төлөгч Э.Эд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8-д заасны дагуу барьцаа хөрөнгийг сайн дураар султган чөлөөлж өгөх тухай мэдэгдэлийг удаа дараа өгсөн боловч одоог хүртэл биелүүлээгүй.

Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3, 55.7-д заасны дагуу үнэлгээтэй холбоотой гомдол гаргах хугацаа дуусгавар болсон мөн тус хуулийн 73 дугаар зүйлийн 73.3-д заасны дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

3.Нэхэмжлэгч шүүхэд нотлох баримтаар: улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлсөн баримт, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023.01.06-ны өдрийн 4-180/479 тоот мэдэгдэл, Шийдвэр гүйцэтгэх газрын 2023.01.20-ны өдрийн 03/197 тоот “гомдолд хариу өгөх тухай” албан бичиг, Д.Эт олгосон итгэмжлэл, эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, “Виннэр вэй” ХХК-ийн 2020.02.19-ний өдрийн Ш-02/10 дугаартай Хөрөнгө үнэлгээний тайлан, “Хөрөнгө-Эстимэйт” ХХК-ийн 2023.01.26-ны өдрийн Хөрөнгө үнэлгээний тайлан зэрэг баримтуудыг гаргаж өгсөн./1хх-2, 5-58 хуу/

4.Хариуцагч шүүхэд нотлох баримтаар: Итгэмжлэл, бичгээр гаргасан тайлбар, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны хувийн хэргийг бүхэлд нь хуульд заасан шаардлага хангасан хэлбэрээр ирүүлсэн. /1хх-ийн 60, 66, 68-137 хуу/

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

            Нэхэмжлэгч Ж.Э нь хариуцагч Нт холбогдуулан ... дүүргийн 20 дугаар хороо, ... 22 дугаар гудамж, 33Б тоотод байрлах 84 мкв талбайтай хувийн орон сууц, 700 мкв талбайтай газар, 60 мкв талбайтай гаражийг нийт 60,174,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Н нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуулийн дагуу явуулсан, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар хөрөнгийн үнэлгээг хөндлөнгийн шинжээчээр тогтоолгож, үнэлгээг танилцуулсан, үнэлгээтэй холбоотой гомдол гаргах хугацаа дуусгавар болсон, тус хуулийн 73 дугаар зүйлийн 73.3-д заасны дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж маргасан.

Ж.Э нь Д.Эт 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 3 жилийн хугацаатай итгэмжлэлээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эрх, үүргийг олгосон. /хх-ийн 7 хуу/

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 181/ШШ2019/00043 дугаар захирамжаар Ж.Эс 44,500,000 төгрөг гаргуулах, төлбөрийг төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Ж.Эын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн ... дугаарт бүртгэлтэй, ... дүүргийн 20 дүгээр хороо, ... 22 дугаар гудамж, 33Б тоотод байрлах, 84 мкв талбайтай хувийн орон сууц, 60 мкв талбайтай гаражийн зориулалттай хөрөнгө, нэгж талбарын ... дугаарт бүртгэлтэй мөн хаягт байрлах Ж.Эын эзэмшлийн газраас тус тус үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэж, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болжээ./хх-ийн 69-70 хуу/

Төлбөр төлөгч нь төлбөрийг төлөөгүй үндэслэлээр дээрхи шүүхийн шийдвэрт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 185 дугаар зүйлд зааснаар 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдөр шүүхийн гүйцэтгэх хуудас бичигдсэн байна.

Нэхэмжлэгч Ж.Э нь миний өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгүүдийг 60,174,000 төгрөгөөр 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдөр үнэлсэн, 2020 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр анхны дуудлага худалдаа, 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдөр хоёр дахь дуудлага худалдаанд тус тус ороод худалдан борлогдоогүй. Үүнээс хойш хариуцагч тал 3 жилийн дараа буюу 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үргэлжлүүлэн явуулсан, миний бие 2023 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55.5-д заасны дагуу Шийдвэр гүйцэтгэх албанд дахин үнэлгээ тогтоолгох хүсэлт гаргахад Шийдвэр гүйцэтгэх албанаас шийдвэрлэх боломжгүй гэх хариу ирсэн, уг хөрөнгийг үл хөдлөх, хөрөнгө үнэлгээний “Хөрөнгө-Эстимэйт” ХХК-иар үнэлгээг тогтоолгоход одоогийн зах зээлийн үнэлгээг 80,914,500 төгрөгөөр үнэлсэн тул 60,174,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчин төгөлдөр бусад тооцуулна гэж маргасан боловч доорхи баримтуудаар үгүйсгэгдэж байна.

2019 оны 05 дугаар сарын 23-ны өдөр 19280678 дугаартай шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоолоор төлбөр төлөгч Ж.Эд холбогдох шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа үүсжээ./хх-ийн 71 хуу/

Н Шүүхийн гүйцэтгэх хуудасны дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулж, Ж.Эын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн ... дугаарт бүртгэлтэй, ... дүүргийн 20 дугаар хороо, ... 22 дугаар гудамж, 33Б тоотод байрлах, 84 мкв талбайтай хувийн орон сууц, 60 мкв талбайтай гарашийн зориулалттай хөрөнгө, нэгж талбарын ... дугаарт бүртгэлтэй мөн хаягт байрлах Ж.Эын эзэмшлийн газар зэргийг 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 20280976/04 дугаар тогтоолоор битүүмжилж, 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 20280976/06 дугаар тогтоолоор хурааж, шийдвэр гүйцэтгэгч тэмдэглэл үйлдэн уг хувийн орон сууц, гараж, эзэмшлийн газар зэргийг төлбөр төлөгч буюу өмчлөгч Ж.Эд хариуцуулан өгөөд, ...хураасан эд хөрөнгийн үнэлгээгээ бичиж өгнө үү гэхэд, зах зээлийн үнийг судална өдрөөс өдөрт үнэ нэмэгдэж байна гэснийг тэмдэглэлд тусгаж гарын үсэг зуруулжээ. /хх-ийн 76-79 хуу/

Төлбөр төлөгч Ж.Э нь өөрийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн ... дугаарт бүртгэлтэй, ... дүүргийн 20 дүгээр хороо, ... 22 дугаар гудамж, 33Б тоотод байрлах, 84 мкв талбайтай хувийн орон сууцаа 35,000,000 төгрөгөөр, 60 мкв талбайтай гаражийг 20,000,000 төгрөгөөр, нэгж талбарын ... дугаарт бүртгэлтэй мөн хаягт байрлах эзэмшлийн газраа 35,000,000 төгрөгөөр буюу нийт 90,000,000 төгрөгөөр үнэлсэн бичгийн хүсэлтээ 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Нт гаргаж өгчээ. /хх-ийн 80 хуу/

Төлбөр авагч Д.Баттулга нь ...барьцаа хөрөнгүүдийн хувийн сууцыг 6,000,000 төгрөг, гаражийг 2,000,000 төгрөг, газрыг 2,000,000 төгрөг, нийт 10,000,000/арван сая/ төгрөгөөр үнэлж, үнийн санал өгсөн талаар баримт авагджээ./хх-81 хуу/

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т зааснаар талууд Иргэний хуулийн 177.1-д заасны дагуу тохиролцоогүй хөрөнгийг шинжээчээр үнэлүүлэхээр заасан тул Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас битүүмжлэн, хураагдсан төлбөр төлөгч Ж.Эын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгөнд үнэлгээ хийлгэхээр 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Шинжээч томилох тухай тогтоол гаргаж, шинжээчээр Виннэр Вэй ХХК-ийг томилж, шинжээч О.Бат-Эрдэнэ, М.Ган-Очир нарт хуульд заасан эрх, үүрэг тайлбарлан өгч баримт үйлдсэн байна./хх-82-85 хуу/

Шинжээчээр томилогдсон Виннэр Вэй ХХК нь 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдөр эрхийн улсын бүртгэлийн ... дугаарт бүртгэлтэй, ... дүүргийн 20 дүгээр хороо, ... 22 дугаар гудамж, 33Б тоотод байрлах, 84 мкв талбайтай хувийн орон сууц, 60 мкв талбайтай гараж, нэгж талбарын ... дугаарт бүртгэлтэй мөн хаягт байрлах Ж.Эын эзэмшлийн газар зэрэг хөрөнгүүдийг 60,174,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ гаргаад, мөн өдрөө шийдвэр гүйцэтгэх газарт хүлээлгэн өгчээ./хх-86-108 хуу/

Шийдвэр гүйцэтгэгч нь 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдөр төлбөр төлөгч Ж.Эын оршин суудаг ... дүүргийн 20-р хороо, ... 22-33б тоот хаягт очиж, Ж.Эд эрх, үүрэг тайлбарлан өгч, тэмдэглэл үйлдээд, шинжээчийн гаргасан хөрөнгийн үнэлгээний тайланг танилцуулж, тус үнэлгээний тайлангийн хуулбар хувийг хүлээлгэн өгсөн ба 2020.02.20-ны өдрийн 4/5889 тоот мэдэгдлийг гардуулан өгч, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл үйлдэж, Ж.Эр гарын үсэг зуруулсан байна./хх-109-111 хуу/

Ж.Э нь 2020.02.21-ний өдөр Нт “...төлбөрийн үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан хөрөнгө болох эрхийн улсын бүртгэлийн ... дугаарт бүртгэлтэй, ... дүүргийн 20 дүгээр хороо, ... 22 дугаар гудамж, 33Б тоотод байрлах, 84 мкв хувийн орон сууц, 60 мкв гаражийн зориулалттай хөрөнгө, мөн хаягт байрлах нэгж талбарын ... дугаарт бүртгэлтэй 700 мкв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газрын шинжээчийн үнэлсэн үнэлгээ болох 60 сая 174 мянган төгрөгний үнэлгээг хүлээн зөвшөөрч байх тул ШШГТХуулийн 62-р зүйлд заасан нэг сарын хугацааг олгож өгнө үү” гэсэн хүсэлтийг гараар бичиж өгчээ./хх-112 хуу/

Шийдвэр гүйцэтгэгч нь 2020.02.21-ний өдөр төлбөр төлөгч Ж.Эын гаргасан хүсэлтийг хүлээн аваад Шззхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1-т заасны дагуу ...2020.02.21-ний өдрөөс 2020.03.21-ний дотор бие даан худалдан борлуулах 1 сарын хугацааг олгосон талаар тэмдэглэл үйлдэж, Ж.Эр гарын үсэг зуруулсан баримтууд авагджээ./хх-103 хуу/

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д талууд эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж хуульчилсан.

Гэтэл Ж.Э нь үл хөдлөх эд хөрөнгүүдийг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулахаар анх тус шүүхэд 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр нэхэмжлэл гаргасан ба уг нэхэмжлэлийг нь шүүгчийн 181/ШЗ2023/02640 дүгээр захирамжаар  хүлээн авахаас татгалзсан ба нэхэмжлэгч 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдөр энэхүү нэхэмжлэлээ дахин гаргасан үйл баримт нотлогдож байна./хх-1-4 хуу/

Иймээс, дээрх үйл баримтаар нэхэмжлэгч Ж.Э нь шинжээчийн хөрөнгө үнэлсэн үнэлгээг 2020.02.21-ний өдөр мэдсэн бөгөөд гардан авсан байх тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д ...мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гомдол гаргаж болно гэж хуульчилсан заалтыг хэтрүүлсэн учир түүний гомдлыг шүүх хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.3-т Шийдвэр гүйцэтгэгч дуудлага худалдаа явуулах тухай ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолыг улсын бүртгэлийн байгууллагад болон төлбөр төлөгчид хүргүүлнэ. Мөн хуулийн 70 дугаар зүйлийн 70.1-д Дуудлага худалдааг эрхлэн хөтлөгч нь дуудлага худалдаа эхлэхээс 14 хоногийн өмнө хэвлэл, мэдээллийн хэрэгслээр энэ тухай нийтэд мэдээлнэ. гэж тус тус хуульчилсан.

Шийдвэр гүйцэтгэх газар нь Ж.Эд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1-т заасны дагуу ...2020.02.21-ний өдрөөс 2020.03.21-ний дотор бие даан худалдан борлуулах 1 сарын хугацааг олгосон байхад уг хөрөнгөө худалдан борлуулаагүйн улмаас 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Анхны албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай 4\34 дүгээр тогтоол үйлдэж, ...хөрөнгүүдийг шинжээчийн үнэлсэн үнэ болох 60,174,000 төгрөгийн 70 хувиар тооцон 42,121,800 төгрөгөөр албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоон ...2020.04.17-ны өдрийн 10:00 цагт анхны албадан дуудлага худалдаанд оруулахаар болсныг 2020.04.06-ны өдрийн 4/11534 тоот мэдэгдлээр Ж.Эд мэдэгдэж, хаягаар нь шуудангаар хүргүүлсэн ба Өнөөдөр сонины 2020.04.02-ны өдрийн 066 (6868) дугаарт албадан дуудлага худалдааны зарыг нийтэлж, 2020.04.17-ны өдөр анхны албадан дуудлага худалдааг зохион байгуулахад үнийн санал ирээгүйн улмаас 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай 5/21 дүгээр тогтоол үйлдэж, ...2020.05.15-ны өдрийн 10:00 цагт хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулахаар болсныг 2020.05.04-ний өдрийн 4/16501 тоот мэдэгдлээр Ж.Эд мэдэгдэж, хаягаар нь шуудангаар хүргүүлсэн ба Өнөөдөр сонины 2020.04.30-ны өдрийн 086 (6888) дугаарт албадан дуудлага худалдааны зарыг нийтэлж, 2020.05.15-ны өдөр хоёр дахь албадан дуудлага худалдааг зохион байгуулахад мөн үнийн санал ирээгүй болох нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байна./хх-114-123 хуу/

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73 дугаар зүйлд Худалдан борлогдоогүй хөрөнгийг төлбөр авагчид санал болгохоор заасан ба 73.1-д Энэ хуулийн 72.1, 72.2-т заасны дагуу дуудлага худалдаагаар худалдан борлогдоогүй хөрөнгийг төлбөр авагчид иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахад гарсан зардлыг хасаж төлбөртөө суутган авахыг санал болгоно. Хэрэв төлбөр авагч авахаас татгалзсан, эсхүл хуульд заасан хугацаанд хариу ирүүлээгүй бол худалдан борлогдоогүй эд хөрөнгийг төлбөр төлөгчид, гүйцэтгэх баримт бичгийг төлбөр авагчид буцаана. гэж заасны дагуух ажиллагааг хийхээр Шийдвэр гүйцэтгэх газар нь 2020.06.03-ны өдрийн 4/20215 тоот, 2020.06.12-ны өдрийн 4-150/23232 тоот мэдэгдлийг Ж.Эын хаягаар тус тус шуудангаар хүргүүлэхэд Ж.Э нь шийдвэр гүйцэтгэх газарт хүрэлцэн ирээгүй болох нь тогтоогдож байна./хх-124-125 хуу/

Хариуцагч нь “Төлбөр авагчид санал болгоод төлбөр төлөгчид санал болгох хурал болно гэдгийг төлбөр төлөгчид удаа дараа мэдэгдсэн боловч тухайн хугацаанд ирээгүй. Төлбөр авагч нь энэ хөрөнгийг авахгүй талаар ямар нэгэн хүсэлт тайлбар өгөөгүй. Авахгүй гэсэн байхад шийдвэр гүйцэтгэх ажиллагаа зогсоогүй яваад байна гэдгийг нотлох баримтыг нэхэмжлэгч шүүхэд гаргаж өгөөгүй хэр нь амаараа ярьж байгааг зөвшөөрөхгүй, тиймээс шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болохгүй, буцаахгүй үргэлжлээд явна гэсэн үг. Санал болгох хурал гэдэг нь төлбөр төлөгч, авагч хоёр мэдэгдлийн дагуу шийдвэр гүйцэтгэгчийн дуудсан цагт хүрэлцэн ирээд түүнийгээ бичгээр авах, авахгүй талаар харилцан тохиролцож хүсэлт гаргаж өгснөөр тэр хурал явагдсанд тооцно. Мэдэгдлээр төлбөр төлөгч болон төлбөр авагчид мэдэгдсэн боловч төлбөр төлөгч нь хүрэлцэн ирээгүй. Буцаагдаагүй шийдвэр гүйцэтгэх ажиллагаа шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр манай байгууллага дээр явагдаж байгаа тул буцаагдах боломжгүй” гэсэн тайлбар гаргасныг хуулийн дагуу ажиллагаа хийгдсэн, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болоогүй гэж үзнэ.

Төлбөр авагч Б.Баттулгад 2022.10.11-ний өдрийн 4-150/19008 тоот мэдэгдлээр “...худалдан борлогдоогүй үл хөдлөх эд хөрөнгийг төлбөр авагч Б.Баттулга үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнэ болох 60,174,000 төгрөгт тооцон авахыг санал болгож байгаа тул 2022.10.14-ний өдрийн дотор хариу ирүүлэхийг мэдэгдэж” уг мэдэгдлийг гардуулан өгч, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл үйлдсэн ба төлбөр авагч Б.Баттулга нь 2022.10.14-ний өдөр Нт ...Ж.Эын үл хөдлөх эд хөрөнгийг (зах зээлийн үнэ 60,174,000) Б.Баттулга миний бие авах хүсэлтийг минь хүлээн авна уу гэжээ./хх-126-128/

Төлбөр авагч Б.Баттулгаас 2022.10.25-ны өдөр Голомт банкны харилцах дансаар 14,959,050 төгрөг орж ирсэн талаархи тодорхойлолтыг ахлах нягтлан бодогч, ахмад Д.Оджаргал үйлдсэн баримт хэрэгт авагдсан ба 2022.10.27-ны өдрийн 4-150/20340 тоот мэдэгдлээр Ж.Эд ...худалдан борлогдоогүй тул хуульд заасны дагуу төлбөр авагчид санал болгож шийдвэрлэсэн тул 2022.11.03-ны өдрийн дотор сайн дураар султган чөлөөлөхийг мэдэгдэж, мөн өдөр шийдвэр гүйцэтгэгч тэмдэглэл үйлдэж, ээж З.Дариймаад нь албан бичгийг үлдээж, гарын үсэг зуруулсан байна./хх-130-131 хуу/

Төлбөр төлөгч Ж.Э нь 2022 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр Д.Эт 3 жилийн хугацаатай итгэмжлэлийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1 дэх хэсэгт заасан эрх, үүргийг олгосон байна./хх-ийн 135 хуу/

Хариуцагч нь хуульд заасан журмын дагуу ажиллагааг хийсэн гэж шүүх үзэв.

Дээрхийг нэгтгэн дүгнэхэд, нэхэмжлэгч Ж.Э нь хуульд заасан хугацаанд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо шүүхэд гаргаагүй болох нь тогтоогдож байх тул шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Ж.Эын 2023.02.16-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлого болгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлд заасанд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт зааснаар хариуцагч Нт холбогдох ... дүүргийн 20 дугаар хороо, ... 22 дугаар гудамж, ... тоотод байрлах 84 м.кв хувийн сууц, 700 м.кв газар, 60 м.кв гаражийг нийт 60,174,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Ж.Эын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.5, 119.7 дахь заалтад зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй, зохигчийн оролцоогүйгээр шийдвэрлэсэн талд шүүх шийдвэрийг энэ хуулийн 119.4-т заасан хугацаанд зохигчид гардуулах ба ийнхүү гардуулах боломжгүй бол шүүх уг хугацаа өнгөрснөөс хойш 7 хоногийн дотор зохигчийн оршин суугаа /оршин байгаа/ газар болон ажилладаг байгууллагын аль нэг хаягаар баталгаат шуудангаар, эсхүл шүүхийн ажилтнаар хүргүүлэх бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.ТҮМЭНЦЭЦЭГ