Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 210/МА2023/01993

 

 

 

2023 оны 11 сарын 15 өдөр Дугаар 210/МА2023/01993

 

Ж.Э....ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 181/ШШ2023/02663 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Ж.Э...гын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Н...т холбогдох,

Үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ш.Оюунханд илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.А.., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Со... нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн дугаар 43 тоот шийдвэрээр Ж.Э...аас 44,879,950 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн.

1.2. Уг шийдвэрийг биелүүлэх ажиллагааны хүрээнд В... ХХК-ийн үнэлгээчин барьцаа хөрөнгө болох Баянзүрх дүүргийн ...-р хороо, Баяндөхөм .-р... гудамж, ... тоотод байрлах 84 м.кв хувийн сууц, 700 м.кв газар, 60 м.кв гаражийг нийт 60,174,000 төгрөгөөр 2020 оны 2 дугаар сарын 19-ний өдөр үнэлсэн.

Уг хөрөнгө 2020 онд 2 удаагийн дуудлага худалдаагаар худалдан борлогдоогүй. Үүнээс хойш хариуцагч тал 3 жилийн дараа буюу 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үргэлжлүүлэн явуулсан.

1.3. Нэхэмжлэгч нь 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55.5 дахь хэсэгт зааснаар үнэ ханшийн өөрчлөлтөөс шалтгаалан тогтоосон хөрөнгийн үнэлгээнд анх тогтоосон үнийн гуравны нэгээс багагүй хэмжээний өөрчлөлт орсон гэх үндэслэлтэй тохиолдолд талуудын хүсэлтээр шийдвэр гүйцэтгэгч анхны үнэлгээг тогтоосноос 6 сараас багагүй хугацааны дараа дахин үнэлгээ тогтоолгож болно гэж заасны дагуу Шийдвэр гүйцэтгэх албанд дахин үнэлгээ тогтоолгох хүсэлт гаргахад уг албанаас шийдвэрлэх боломжгүй гэх хариу ирсэн.

1.4. Бидний зүгээс уг хөрөнгийг үл хөдлөх, хөрөнгө үнэлгээ, зөвлөх үйлчилгээний Х... ХХК-иар үнэлгээг тогтоолгоход одоогийн зах зээлийн үнэлгээ нь 80,914,500 төгрөг болохыг тогтоосон болно.

Иймд Нийслэлийн Баянзүрх дүүргийн... дугаар хороо, Баяндөхөм ....-р гудамж , ... тоотод байрлах 84м.кв хувийн сууц, 700 м.кв газар, 60 м.кв гаражийг нийт 60,174,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 43 дугаар шийдвэрээр Ж.Энхтулгаас 44,879,950 төгрөгийг гаргуулж Б.Баттулгад олгохоор шийдвэрлэсэн.

2.2. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуудсыг 2019 оны 5 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэн Ж.Э...ын үүргийн гүйцэтгэлд барьцаалсан эрхийн улсын Ү-220....дугаарт бүртгэлтэй Баянзүрх дүүрэг ... дугаар хороо, Баяндөхөм .... дугаар гудамж, ЗЗБ тоотод байрлах 84 м.кв талбайтай хувийн сууц, мөн хаягт байрлах эрхийн улсын Ү-2204... дугаарт бүртгэлтэй 60 м.кв талбайтай гараж, нэгж талбарын 18660... дугаарт бүртгэлтэй 700 м.кв талбайтай эзэмших эрхтэй газрын хамт битүүмжлэн, хурааж талуудаас үнийн санал авахад талууд харилцан тохиролцоогүй.

2.3. Иймд Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-т заасны дагуу хөндлөнгийн шинжээчээр В... ХХК-ийг томилж үнэлгээ тогтоолгоход 60,174,000 төгрөгөөр зах зээлийн үнэлгээг тогтоосныг талуудад мэдэгдсэн.

2.4. Төлбөр төлөгч Ж.Э... нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зүйлд заасны дагуу бие даан худалдан борлуулах хүсэлт гаргасныг хүлээн авч өөрөө худалдан борлуулах 1 сарын хугацаа өгсөн боловч худалдан борлуулаагүй тул тус газраас зохион байгуулсан хоёр удаагийн албадан дуудлага худалдаанд оруулахад үнийн санал ирээгүй.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73 дугаар зүйлд заасны дагуу төлбөр авагчид санал болгоход төлбөр авагч Б.Б... нь барьцаа хөрөнгийн үнэлсэн үнэлгээний зөрүү мөнгийг байршуулан төлбөртөө авах тухай хүсэлт гарган зөрүү мөнгө болох 14,959,050 төгрөгийг тус газрын дансанд байршуулсан.

2.5. Төлбөр төлөгч Ж.Э...д Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8-д заасны дагуу барьцаа хөрөнгийг сайн дураар чөлөөлж өгөх тухай мэдэгдэлийг удаа дараа өгсөн боловч одоог хүртэл биелүүлээгүй.

Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3, 55.7 дахь хэсэгт заасны дагуу үнэлгээтэй холбоотой гомдол гаргах хугацаа дуусгавар болсон мөн тус хуулийн 73 дугаар зүйлийн 73.3-д заасны дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт зааснаар хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох Баянзүрх дүүргийн .... дугаар хороо, Баяндөхөм ... дугаар гудамж,... тоотод байрлах 84 м.кв хувийн сууц, 700 м.кв газар, 60 м.кв гаражийг нийт 60,174,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Ж.Э...ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээжээ.

4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Д.Э... нь Ж.Э...ын итгэмжлэлийн дагуу Н...т холбогдуулан үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд өгсөн байна. Энэхүү итгэмжлэлээс харахад нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан гэж үзэж байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт зааснаар иргэн нь төлөөлөгчөөрөө дамжуулан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож болох боловч төлөөлөгчийн бүрэн эрхийг итгэмжлэлийн дагуу тодорхойлохоор Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.3 дахь хэсэгт заасан. Иймд Ж.Э... нь өөрийгөө төлөөлүүлж шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг Д.Э...т олгоогүй байна.

4.2. Шүүх хуралдааны явцад Д.Э... нь нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөх болон нэмэгдүүлэх талаар хүсэлт гаргасан гэх боловч хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхой бус байна. Иймд анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд хариуцагчийн гаргасан тайлбарын агуулга:

5.1. Нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн. Анхан шатны шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан гэх гомдол үндэслэлтэй гэж дүгнэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч Ж.Э... нь Н..т холбогдуулан эрхийн улсын Ү-22040... дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг ... дугаар хороо, Баяндөхөм ... дугаар гудамж, ... тоотод байрлах 84 м.кв талбайтай хувийн сууц, мөн хаягт байрлах эрхийн улсын Ү-2204... дугаарт бүртгэлтэй 60 м.кв талбайтай гараж, нэгж талбарын 18660313... дугаарт бүртгэлтэй 700 м.кв талбайтай эзэмших эрхтэй газрын үнэлгээ хүчингүй болгуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж маргажээ. /1-р хх 1, 66/

3. Хэргийн үйл баримт, шүүхийн шийдвэрийн талаар:

3.а. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 181/ШШ2019/00043 дугаар захирамжаар Ж.Э...аас 44,879,950 төгрөгийг гаргуулж Б.Б...д олгохоор шийдвэрлэсэн байна. /1-р хх 69/

3.б. Дээрх хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийн дагуу гүйцэтгэх баримт бичгийг 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдөр олгож, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэн төлбөр төлөгчид мэдэгдэл хүлээлгэн өгөх, эд хөрөнгийг битүүмжлэн, хураах, үнэлгээ хийлгэх, албадан дуудлага худалдааг явуулах зэрэг ажиллагаа хийгдэж байгаа баримт авагджээ. /1-р хх 70, 75, 77/

4. Нэхэмжлэгч Ж.Э...аас Д.Э...т 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 3 жилийн хугацаатай итгэмжлэл олгосон. Тус итгэмжлэлийг үндэслэн Д.Э... шүүхэд 2023 оны 02 дугаар сарын 16-ы өдөр нэхэмжлэл гаргасныг шүүх хүлээн авч, иргэний хэрэг үүсгэн, хэргийг хянан шийдвэрлэжээ.

Дээрх итгэмжлэлээр төлөөлүүлэгч нь Д.Э...т нэхэмжлэгчийн эдэлдэг бүх эрхийг эдлэх, мөн нэхэмжлэлийн зарим хэсгээс буюу бүхэлд нь татгалзах, нэхэмжлэлийн зүйлийг өөрчлөх, эвлэрэх, шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эрхийг олгосон боловч шүүхэд нэхэмжлэл гаргах, нэхэмжлэлд гарын үсэг зурах эрхийг олгоогүй гэж үзэхээр байна.

5. Иймд анхан шатны шүүх нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй этгээдийн гаргасан нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэн хянан шийдвэрлэсэн гэж үзэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

6. Дээрхи үндэслэлээр нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 181/ШШ2023/02663 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар Ж.Э...ын нэхэмжлэлтэй Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгч талаас төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.  

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  С.ЭНХБАЯР

  ШҮҮГЧИД  Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

Ш.ОЮУНХАНД