Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 496

 

Н.Э, Э.Э, Х.Н нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Оюунгэрэл, шүүгдэгч Э.Э-ын өмгөөлөгч О.Сарантуул, нарийн бичгийн дарга М.Билгүтэй нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 226 дугаар шийтгэх тогтоол, Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 69 дүгээр магадлалтай, Н.Э, Э.Э, Х.Н нарт холбогдох 1825002810205 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Э.Э-ын өмгөөлөгч О.Сарантуулын гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Ганзоригийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

1. Монгол Улсын иргэн, 2000 онд төрсөн, эрэгтэй, 2014 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил хорих ял шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан И овогт Н-ийн Э,

2. Монгол Улсын иргэн, 1996 онд төрсөн, эрэгтэй, 2011 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан, 2013 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сар баривчлах ял шийтгүүлж байсан Б овогт Х-ийн Н,

3. Монгол Улсын иргэн, 1997 онд төрсөн, эрэгтэй, 2013 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 01 сар хорих ял шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан, 2014 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 06 сар хорих ял, 2017 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 06 сар хорих ял шийтгүүлж, уг ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, И овогт Э-ийн Э нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “Бүлэглэж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч авсан” гэмт хэрэгт холбогджээ.

Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Н.Э, Э.Э, Х.Н нарыг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Н.Э, Э.Э, Х.Н нарыг тус бүр 2 жил хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Э-т энэ тогтоолоор оногдуулсан 2 жил хорих ял дээр 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 105 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жил 06 сар хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 4 жил 06 сар хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Э, Э.Э, Х.Н нарын эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Э.Э-ын өмгөөлөгч О.Сарантуулын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Э.Э-ын өмгөөлөгч О.Сарантуул гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “...Шүүхийн хэлэлцүүлгээр “Х.Н “Анд” хүнсний дэлгүүрийн цонхоор нэвтэрч орсон Н.Э-ийн авч өгсөн зүйлийг зөөсөн, харин Э.Э нь согтуу тасраад үлдсэн” гэх үйл баримт хэлэлцэгдсэн. Энэ талаар Х.Н “Э.Э тасраад үлдсэн, Н.Э бид 2 дэлгүүрт орсон” гэж мэдүүлдэг, мөн давж заалдах шатны шүүх хуралд Х.Н мэдүүлэхдээ “Н.Э яваагүй, Н байсан, Н бид 2 орсон, Э.Э нэвтэрч ороогүй, тасраад үлдсэн” гэсэн мэдүүлгээр “Анд” дэлгүүр рүү Э.Э нэвтэрч ороогүй болох нь тогтоогдож байна. Эдгээр мэдүүлгүүдийг шүүх хэрхэн үнэлж, ямар нотлох баримтаар няцааж “Э.Э нь бусадтай бүлэглэн “Анд” дэлгүүрийн цонхоор нэвтэрсэн” гэсэн дүгнэлт хийж байгаа нь ойлгомжгүй, бодит байдалтай нийцэхгүй байна. Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх “Э.Э-ыг ...орон байр, ...агуулахад нэвтэрч хулгай хийсэн” гэм буруутай гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хэргийн шинжтэй үйлдэл мөн гэж дүгнэсэн нь ойлгомжгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн шаардлагыг хангахгүй байна. Тодруулбал, шүүх шийдвэртээ “шүүгдэгч тус бүрийн оролцоо, хамтран оролцсон хэлбэр, гэм буруутайд тооцсон шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтын агуулга, өмгөөлөгчийн саналын үндэслэл болгосон баримт, өмгөөлөгчийн дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн үндэслэлийг тусгах” шаардлагыг хангаагүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянах эрх хэмжээгээ бүрэн хэрэгжүүлээгүй, хэргийн бодит байдалд нийцээгүй “Э.Э оролцоогүй, гэрч Н оролцсон гэж үзэх нотлох баримт хэрэгт авагдаагүй, хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар үгүйсгэгдсэн” гэсэн дүгнэлт хийсэн байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан хэргийн хүндэрч буй гол шинж нь “ ...байр, агуулахад нэвтэрч” гэсэн обьектив талын шинжийг шууд зааж өгсөн. Гэтэл Э.Э огт нэвтрээгүй болохыг Н.Э, Х.Н нар хэлж буйг яагаад үнэлэх үндэслэлгүй байгаагаа шүүх огт дүгнээгүй, шүүгдэгч нар хэн дэлгүүрийн цонхоор нэвтэрч орсноо хэлсэн. Дэлгүүрт нэвтрээгүй хүнийг нэвтэрч хулгай хийсэн гэж дүгнэн Эрүүгийн хуулийн зүйл, хэсгийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна. Хэрвээ Э.Э-ыг бүлэглэж үйлдсэн гэж үзэж байгаа бол ямар нотлох баримтаар тогтоогдож байгаа нь ойлгомжгүй байна. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт тавигдах шаардлагыг хангаагүй. Ийм учраас анхан шатны шүүх эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зөрчсөн. Үүнийг давж заалдах шатны шүүх өөрийн эрх хэмжээг хэрэгжүүлэн хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах ёстой байтал анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн. Тиймээс шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцааж өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд прокурор А.Оюунгэрэл гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “...Шүүгдэгч нар энэ гэмт хэргийг үйлдэхдээ үйлдэл, санаа зорилгоороо нэгдсэн байх ба анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Н.Э, Э.Э, Х.Н нар нь бүлэглэн 2018 оны 04 дүгээр сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын Шанд багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Анд” хүнсний дэлгүүрийн цонхоор нэвтэрч “Делл” загварын зөөврийн компьютер, 50,000 төгрөг, 0.75 литрийн “Соёмбо” архи, “Болор” архи, 2 литрийн “Органик” жүүс зэрэг эд хөрөнгө хулгайлж, нийт 511,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанд хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаар анхан болон давж заалдах шатны шүүх хууль ёсны бөгөөд үндэслэлтэй дүгнэлт хийжээ.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Н.Э, Э.Э, Х.Н нарын гэм бурууг хэлэлцэж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн тэдний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан гэмт хэргээр зүйлчилж, гэм буруутайд тооцон хуульд заасан төрөл, хэмжээний дотор хорих ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байна.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал бүхий зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Э.Э-ын өмгөөлөгч О.Сарантуулын гаргасан “Э.Э дэлгүүрт нэвтрээгүй” талаарх гомдол нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон хэргийн нөхцөл байдал, үйл баримтыг зөвшөөрөхгүй байгаа агуулгыг тусгаж, үйл баримтыг өөрчлүүлэн тогтоолгох хүсэлт гаргасан нь хяналтын шатны шүүхийн эрх хэмжээнд хамаарахгүй байна.

Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хяналтын шатны шүүхийн эрх хэмжээг “...анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрээр тогтоогдоогүй, эсхүл үгүйсгэгдсэн нөхцөл байдлыг тогтоох, түүнийг нотлогдсон гэж үзэх, ямар нэг нотлох баримтыг нөгөөгөөс нь ач холбогдолтойд тооцох ...эрхгүй” хэмээн тодорхой заасан тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй гэж үзнэ.

Иймд шүүгдэгч Э.Э-ын өмгөөлөгч О.Сарантуулын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх хуралдаанаас шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 226 дугаар шийтгэх тогтоол, Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 69 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгч Э.Э-ын өмгөөлөгч О.Сарантуулын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                        ДАРГАЛАГЧ                                                  Б.ЦОГТ

                        ШҮҮГЧ                                                           Б.БАТЦЭРЭН

                                                                                               Д.ГАНЗОРИГ

                                                                                               Ч.ХОСБАЯР

                                                                                              Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН