Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 221/МА2017/0405

 

 

 

 

Б.Мөнхзаяагийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Лхагвасүрэн даргалж, шүүгч Н.Хонинхүү, шүүгч С.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй хийж, Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 24 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлоор, Б.Мөнхзаяагийн нэхэмжлэлтэй, Увс аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч С.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн шийдвэрээр Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, мөн хуулийн 36 дугаар зүйлийн 36.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Мөнхзаяагийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Увс аймгийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Цогт-Очирын 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн “Б.Мөнхзаяад тэтгэлэг олгох тухай” Б/34 дүгээр тушаалыг илт хууль бус болохыг тогтоон хүчингүй болгож, нэхэмжлэгч Б.Мөнхзаяаг тус газарт адил чанарын ажил албан тушаалд томилохыг хариуцагчид даалгаж, нэхэмжлэлийн үлдэх шаардлага болох “Увс аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл, хөтөлбөр хариуцсан мэргэжилтний ажлын байранд эгүүлэн тогтоолгох тухай” шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хариуцагч давж заалдах гомдолдоо: “…Нэхэмжлэгч Б.Мөнхзаяа нь “Увс аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн Б/34 тоот тушаалыг илт хууль бус болохыг тогтоож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох тухай” шаардлага бүхий нэхэмжлэлийн шүүхэд гаргасан байдаг. Гэтэл шүүхээс Увс аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын Б/34 тоот тушаалыг илт хууль бус гэж үзэж, нэхэмжлэгч Б.Мөнхзаяад тус газарт адил чанарын ажил албан тушаалд томилохыг хариуцагчид даалгасан нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг зөрчсөн гэж үзэж байна. Учир нь:

1. Шүүхээс Увс аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2016 оны Б/34 тоот шийдвэрийг илт хууль бус гэж шийдвэрлэжээ. Энэхүү шийдвэр нь нэхэмжлэгчид тэтгэмж олгосон агуулгатай шийдвэр бөгөөд тус шийдвэрийг үндэслэн нэхэмжлэгч ажлаас чөлөөлөгдсөний тэтгэмжээ авсан байдаг. Захиргааны байгууллагаас гаргасан захиргааны актыг илт хууль бус гэж үзэх үндэслэлийг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд тоочин заасан байна. Өөрөөр хэлбэл зөвхөн Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд заасан үндэслэлийн аль нэг нь буюу хэд хэдэн үндэслэл нэгэн зэрэг хангагдсан тохиолдолд аливаа захиргааны актыг илт хууль бус гэж үзэх ёстой. Гэтэл шүүхээс Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын Б/34 тоот шийдвэрийг хуулийн чухам ямар үндэслэлээр илт хууль бус гэж үзсэн үндэслэлээ тодорхой тайлбарлахгүйгээр ажилтанд ажлаас чөлөөлөгдсөний тэтгэмж авах эрх үүсгэсэн захиргааны байгууллагын хүчин төгөлдөр үйлчилж буй захиргааны актыг илт хууль бусад тооцож шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангахгүй байна.

2. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт нэхэмжлэгчийн ажлын байр болох Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл, хөтөлбөр хариуцсан мэргэжилтний ажлын байрны орон тоо цөөрсөн болохыг хүлээн зөвшөөрсөн ба тус ажлын байранд гуравдагч этгээд С.Дэлгэрноминг томилсон хариуцагчийн шийдвэрийг буруутгах боломжгүй гэж үзсэн (шийдвэрийн 14 дэх нүүр) атлаа Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2-т заасныг үндэслэн нэхэмжлэгчийг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт адил чанарын ажил албан тушаалд томилохыг хариуцагчид даалгасан байна. Төрийн байгууллагын бүтэц, орон тоо нь эрх бүхий байгууллагын шийдвэрээр тогтоогддог бөгөөд төрийн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн сайн хангаж буй иргэнийг сонгон шалгаруулалтын үндсэн дээр төрийн захиргааны албан тушаалд томилох нь төрийн албаны үндсэн зарчим юм. Тус газрын бүтцэд байгаа ажлын байр бүрийн зорилго, зорилт, гүйцэтгэх чиг үүрэг нь харилцан адилгүй, ажлын байр бүрт тавигдах ерөнхий болон тусгай шаардлага нь өөр өөр тодорхойлогддог бөгөөд тухайн албан тушаалд хуулийн дагуу томилогдсон төрийн жинхэнэ албан хаагчид албан үүргээ гүйцэтгэдэг. Өөрөөр хэлбэл тус газрын бүтцэд байгаа нэхэмжлэгчийн эрхэлж байсан албан тушаал болох “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл, хөтөлбөр хариуцсан мэргэжилтэний ажлын байранд ажлын байрны шаардлагыг хамгийн сайн хангасан иргэнийг шалгаруулж авсан ба үүнийг хууль зөрчсөн гэж дүгнээгүй, ажлын байр бүрт тавигдах ерөнхий болон тусгай шаардлага өөр учраас “адил чанарын албан тушаал” байгууллагын бүтэц  байхгүй, гол нь шүүхийн шийдвэрийг биелүүлэх нь албан үүргээ хэвийн гүйцэтгэж буй бусад төрийн жинхэнэ албан хаагчийн хууль ёсны эрх, хуулиар тогтоосон төрийн албан хаагчийн баталгааг хөндөхөд хүргэж байна. Мөн түүнчлэн Төрийн албаны тухай хуульд заасан иргэнийг төрийн жинхэнэ албаны албан тушаалд сонгон шалгаруулах, нэр дэвшүүлэх, томилохтой холбоотой журмыг зөрчиж, хууль бус үйлдэл хийхийг хариуцагчид даалгаж байгаа тул нэхэмжлэгч Б.Мөнхзаяаг тус газарт адил чанарын албан тушаалд томилохыг даалгасан шийдвэр нь шүүхийн шийдвэр хууль ёсны байх шинжийг зөрчсөн гэж үзэж байна.

Иймд Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 24 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

            Анхан шатны шүүх нотлох баримтыг бүрэн цуглуулж, нэхэмжлэлийн зарим хэсгийг хангасан нь үндэслэлтэй боловч Төрийн албаны болон Хөдөлмөрийн тухай хуулийн зарим заалтыг буруу хэрэглэсэн байх тул шийдвэрт зөвтгөсөн өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхив.

Хариуцагч Увс аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтсийн даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо “... шүүх Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн аль үндэслэлээр тэтгэмж олгосон Б/34 дүгээр шийдвэрийг илт хууль бус гэж үзсэнээ тайлбарлахгүйгээр ... шийдвэрлэсэн... мөн нэхэмжлэгчийн ажиллаж байсан орон тоонд хамгийн сайн ажилтныг шалгаруулж авсныг хууль зөрчсөн гэж дүгнээгүй атлаа адил чанарын албан тушаал байгууллагын бүтцэд байхгүй, шийдвэрийг биелүүлэхэд албан үүргээ хэвийн гүйцэтгэж байгаа бусад албан хаагчийн эрхийг зөрчсөн, хууль бус үйлдэл хийхийг хариуцагчид даалгасан нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй ...” гэжээ.

 Нэхэмжлэгч Б.Мөнхзаяагийн ажиллаж байсан Увс аймгийн Хөдөлмөрийн хэлтэс татан буугдсан ч тухайн байгууллагын чиг үүрэг аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтэст шилжсэн байх тул төрийн байгууллага татан буугдсан гэж үзэхээргүй байна.

Нэхэмжлэгчийн ажиллаж байсан Хөдөлмөрийн хэлтсийн Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл, хөтөлбөр хариуцсан мэргэжилтний орон тоо 3 байснаа цөөрч, Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтэст 1 болсонтой холбоотой хариуцагч нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д зааснаар хамгийн сайн ажиллаж байсан С.Дэлгэрноминг томилсон байх тул Б.Мөнхзаяагийн хувьд ажиллаж байсан “орон тоо” нь хасагдсан гэж үзэх бөгөөд мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-д заасан төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгааг эдлэхээр байна.

Төрийн байгууллагын бүтэц, орон тоо өөрчлөгдөх үед нэхэмжлэгч Б.Мөнхзаяа нь хүүхэд асрах чөлөөтэй байхад хариуцагч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д “Ажил олгогч нь жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эхийг аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсан болон энэ хуулийн 40.1.4, 40.1.5-д зааснаас бусад тохиолдолд ажлаас халахыг хориглоно” гэж заасныг зөрчиж, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-д заасан төрийн жинхэнэ албан хаагчид эдлүүлэх нэмэгдэл баталгааны сонгох боломжуудаас “тэтгэмж олгох”-ыг сонгож хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон нь нэхэмжлэгчийн эмэгтэй хүний /хүүхдийн эрх/ хувьд хамгаалагддаг хөдөлмөрлөх эрхэд халджээ. Иймд Увс аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтсийн даргын 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн Б/34 дүгээр тушаалыг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан “иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” гэх үндэслэлээр “илт хууль бус” захиргааны акт гэж үзсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг буруу гэж үзэхээргүй байна.

Төрийн албаны тухай хуулийн 27.2.4-д “орон тоо хасагдсан” тохиолдолд төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгааг эдлэх сонгох боломжийг заасан тул хариуцагч нь мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6-д заасан төрийн албан хаагчаас бүрэн эрхээ хэрэгжүүлэх баталгааг төр хангах зарчимд нийцүүлж, 11 дүгээр зүйлийн 11.6-д энэ хуулиар зохицуулаагүй харилцааг Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулахаар заасныг баримтлан Б.Мөнхзаяаг хүүхэд асрах чөлөөтэй байсныг харгалзан тэтгэмж өгч хөдөлмөрийн харилцааг дуусгавар болголгүй “цалин хөлсийг бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр албан тушаалд шилжүүлэх” боломжийг сонгож уг баталгаагаар хангагдах эрхийг эдлүүлэх үүрэгтэй. Хариуцагч нь дээрх хуулиудад заасан төрийн албан хаагч, ажилтны эрхийг хангасны дараа бусад албан хаагчийн нэмэгдэл баталгааг зохих журмын дагуу хангах үүрэгтэй тул “бусад албан хаагчийн эрхийг зөрчсөн шийдвэр” гэж үзэхгүй бөгөөд уг шүүхийн шийдвэрийг биелүүлэх боломжтой байна. 

Төрийн байгууллагын бүтэц, орон тоо өөрчлөгдсөн үед төрийн жинхэнэ албан хаагчийн эдэлдэг нэмэгдэл баталгааны талаарх нарийвчилсан зохицуулалтыг Хөдөлмөрийн тухай хуулийн эмэгтэй хүний хөдөлмөрийн онцлогийг зохицуулсан заалттай уялдуулан хэрэглэх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийг хэрэглэх шаардлагагүй.

Иймд хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж анхан шатны шүүхийн шийдвэрт дээрх агуулгаар зөвтгөсөн өөрчлөлт орууллаа.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар  зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 24 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6, 11 дүгээр зүйлийн 11.6, 27 дугаар зүйлийн 27.2.3, 27.2.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д заасныг баримтлан Б.Мөнхзаяагийн нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, Увс аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн Б/34 дүгээр тушаалыг илт хууль бус болохыг тогтоож, Б.Мөнхзаяагийн цалин хөлсийг бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгааг хангахыг даалгаж, нэхэмжлэлийн үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, мөн шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

ШҮҮГЧ                                                          Э.ЛХАГВАСҮРЭН

ШҮҮГЧ                                                           Н.ХОНИНХҮҮ

ШҮҮГЧ                                                           С.МӨНХЖАРГАЛ