Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 181/ШШ2023/03298

 

 

 

 

 

                           

 

 

                                      

         2023      10        17 

                       181/ШШ2023/03298

 

 

 

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Түмэнцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: ... тоотод оршин суух Гын М /РД:.../-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ... байрлах С ХХК /РД:.../-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Улсын бүртгэлийн ... дугаартай, Улаанбаатар хот, ... дүүрэг, 4 дүгээр хороо, ... /.../, наадамчдын зам гудамж, 763 байр, 1470 тоот хаягт байрлах орон сууцны зориулалттай, 62,75 м.кв талбайтай, үл хөдлөх эд хөрөнгийн үнэ болох 102,000,000 /нэг зуун хоёр сая/ төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Д

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Г,

Хариуцагчийн өмгөөлөгч С.С

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Болорчимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г.М нь хариуцагч “С” ХХК-д холбогдуулан Улсын бүртгэлийн ... дугаартай, Улаанбаатар хот, ... дүүрэг, 4 дүгээр хороо, ... /.../, наадамчдын зам гудамж, 763 байр, 1470 тоот хаягт байрлах орон сууцны зориулалттай, 62,75 м.кв талбайтай, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоол шаардлагын анх гаргасан боловч уг шаардлагаа өөрчилж уг орон сууцны үнэ болох 102,000,000 /нэг зуун хоёр сая/ төгрөгийг гаргуулахаар шаардсан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

“Г.М нь 2019 оны 02 дугаар сард “С” ХХК-д ерөнхий инженерээр ажилд орсон бөгөөд ийнхүү ажиллаж байх хугацаанд “С” ХХК-аас Г.Мыг ажил үйлс, амжилт бүтээлээрээ хамт олноо хошуучлан ажилласныг өндрөөр үнэлж 2019 оны “Шилдэг ажилтан”-аар тодруулж, 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр “Батламж” олгож, 3 өрөө байраар урамшуулан шагнасан юм.

Ингээд, хариуцагч компаниас нэхэмжлэгчийн эзэмшилд Улсын бүртгэлийн Ү- 2206097877 дугаартай, Улаанбаатар хот, ... дүүрэг, 4 дүгээр хороо, ... /.../, наадамчдын зам гудамж, 763 байр, 1407 тоот хаягт байрлах орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр шилжүүлэн өгч, энэ хугацаанаас хойш нэхэмжлэгч нь гэр бүлийн хамтаар тус орон сууцанд амьдарч ирсэн болно.

Г.Мын хувьд эрүүл мэндийн шалтгаанаар буюу нуруу, хөл, гар нь өвдөх болж ажил үүргээ гүйцэтгэх боломжгүй болсон тул 2022 оны 08 дугаар сарын 28-ны өдөр ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөний дагуу “С” ХХК-ийн ерөнхий захирлын 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 09/16 дугаар тушаалаар Г.Мыг ажлаас нь чөлөөлсөн байдаг.

Ажлаас чөлөөлсний дараа С ХХК-ийн зүгээс Г.Мд шагнал болгож өгсөн Улсын бүртгэлийн ... дугаартай, 3 өрөө орон сууцыг суллаж, тус компанид буцаан шилжүүлж өгөхийг шаардаж, улмаар 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр орон сууцны хаалганы голыг сольж, нэхэмжлэгчийг орох боломжгүй болгосон хууль бус үйлдэл гаргаад байна.

Энэхүү үйлдлийн улмаас, нэхэмжлэгч нь өвлийн хүйтэнд гэр бүлийн хамтаар очих газаргүй болж, амьдарч байсан гэр дотроо байгаа эд зүйлсээ буюу амьдралын наад захын хэрэглээ болох хувцас, хоол хүнсээ ч авах боломжгүй болсон. Хариуцагчийн зүгээс, нэхэмжлэгчид 2019 оны шилдэг ажилтан болсон тул ажлын амжилтыг нь үнэлж тус орон сууцыг бэлэглэсэн бөгөөд ийнхүү бэлэглэхдээ ямар нэгэн бичгэн хэлбэрийн гэрээ, хэлцэл байгуулаагүй, зөвхөн “Батламж” олгосон ба нэхэмжлэгч нь тус орон сууцыг өөрт нь бэлэглэсэн гэсэн итгэлтэйгээр 2021 оны 01 дүгээр сараас хойш 2022 оны 11 дүгээр сард хариуцагчаас хаалганы гол солих хүртэл 1 жил 10 сарын хугацаанд амьдарч байсан юм.

Гэтэл, хариуцагч нь нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөгдсөн гэх үндэслэлээр орон сууцаа буцаан шаардаад зогсохгүй, тус Улсын бүртгэлийн ... дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг “С” ХХК-ийн нэр дээр 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдөр гаргуулан авсан болохоо мэдэгдсэн тул Улсын бүртгэлийн ... дугаартай, Улаанбаатар хот, ... дүүрэг, 4 дүгээр хороо, ... /.../, наадамчдын зам гудамж, 763 байр, 1407 тоот хаягт байрлах орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан юм.

Шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш Улсын бүртгэлийн ерөнхий газраас шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн ... дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн хувийн хэргээс үзвэл, 2022.11.30-ны өдрийн 2864 бүртгэлийн дугаартай Худалдах, худалдан авах гэрээгээр С ХХК-аас иргэн Б.Оюунбилэгт тус орон сууцыг 102,000,000 төгрөгрөөр худалдаж, орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэн өгсөн байна.

Иймд, нэхэмжлэгч нь орон сууцыг бодитоор хүлээн авах боломжгүй болсон тул С ХХК-аас Улсын бүртгэлийн ... дугаартай, Улаанбаатар хот, ... дүүрэг, 4 дүгээр хороо, ... /.../, наадамчдын зам гудамж, 763 байр, 1407 тоот хаягт байрлах, 62,75 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн үнэ болох 102,000,000 /нэг зуун хоёр сая/ төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага болгож, өөрчилсөн энэхүү шаардлагаа дэмжиж байна.

Мөн 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдөр гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг дараах байдлаар ихэсгэсэн. Үүнд:

1.Г.Мын мэргэжлийн диплом буюу “Техник-технологийн коллеж”- ийн №D201118946 дугаар мэргэжлийн дипломны эх хувийг гаргуулахыг даалгах,

Нэхэмжлэгч Г.М нь 2011 онд “Техник-технологийн коллеж”-д “Сантехник, инженерийн байгууламж” мэргэжлээр суралцан төгсөж, №D201118946 дугаар барилгын инженер мэргэжлийн бакалаврын дипломыг гардаж авсан байдаг. Тус бакалаврын мэргэжлийн дипломны эх хувийг хариуцагч “С” ХХК нь Г.Мыг ажилд орох үед шаардан авсан боловч өнөөдрийг хүртэл /2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 09/16 дугаар тушаалаар Г.Мыг ажлаас нь чөлөөлсөн/ буцааж өгөхгүй байгаа болно.

2.Монголын барилгын үндэсний ассоциаци ТББ дахь барилга угсралтын тусгай зөвшөөрөлтэй байгууллагуудын бүртгэл дэх “С” ХХК-ийн бүртгэлээс Г.Мын бүртгэл, дипломны мэдээллийг хасуулахыг даалгах тухай.

Барилга угсралтын тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж байгууллагууд нь өөрсдийн боловсон хүчний буюу инженерийнхээ дипломны мэдээллийг Монголын барилгын үндэсний ассоциаци ТББ-д албан ёсоор бүртгүүлдэг бөгөөд ийнхүү бүртгүүлэх нь тусгай зөвшөөрөл шинээр авах, тусгай зөвшөөрлийнхөө хугацааг сунгуулахад ихээхэн ач холбогдолтой байдаг.

“С” ХХК-ийн хувьд Г.Мыг тус компанид инженерээр ажиллаж байх үед Монголын барилгын үндэсний ассоциаци ТББ-д бүртгүүлсэн боловч өнөөдрийг хүртэл өөрийн компанийн мэдээллээс Г.Мын дипломны мэдээллийг хасаагүй байна.

Нэхэмжлэгчийн хувьд, өөрийн мэргэжлээрээ бусад байгууллагад ажиллах зайлшгүй шаардлагатай бөгөөд ийнхүү инженерээр ажиллах тохиолдолд мөн л адил тухайн компани нь Монголын барилгын үндэсний ассоциаци ТББ-д бүртгэлээ хийлгэх учиртай боловч хариуцагчийн үйлдлээс шалтгаалан ийнхүү бүртгүүлэх боломжгүй болоод байна. Мөн, нэхэмжлэгч нь Монголын барилгын үндэсний ассоциаци ТББ дахь “С” ХХК-ийн мэдээллээс өөрийн дипломны мэдээллийг, бүртгэлийг хасуулахаар хандсан боловч эхлээд бүртгэлтэй хуулийн этгээд нь цахимаар хүсэлтээ илгээж, үүний дараа тус ТББ хүсэлтийг шийдвэрлэж бүртгэлийн мэдээллийг хасах боломжтой гэсэн хариуг өгсөн болно.

Иймд, “С” ХХК-аас Улсын бүртгэлийн ... дугаартай, Улаанбаатар хот, ... дүүрэг, 4 дүгээр хороо, ... /.../, наадамчдын зам гудамж, 763 байр, 1407 тоот хаягт байрлах, 62,75 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн үнэ болох 102,000,000 /нэг зуун хоёр сая/ төгрөгийг гаргуулах, Г.Мын мэргэжлийн диплом буюу “Техник-технологийн коллеж”-ийн №D201118946 дугаар мэргэжлийн дипломны эх хувийг гаргуулахыг даалгах, Монголын барилгын үндэсний ассоциаци ТББ дахь барилга угсралтын тусгай зөвшөөрөлтэй байгууллагуудын бүртгэл дэх “С” ХХК-ийн бүртгэлээс Г.Мын бүртгэл, дипломны мэдээллийг хасуулахыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгааг хянан шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Г.М нь тус шүүхэд хандаж нэхэмжлэл гаргасан. Гадаа хүйтэн байхад гэнэт нэг өдөр гэрийнх нь цоож солигдсон. Нэхэмжлэгч нь эхнэр хүүхдийн хамт амьдардаг бөгөөд хувцасаа солиогүй, манай ажил дээр ирсэн. Манай нэхэмжлэлийн шаардлагад дурдаж байгаа гурван өрөө байрыг С ХХК нь нэхэмжлэгчид бэлэглэсэн. Нэг л өдөр мэдэгдэхгүйгээр хаалганы голыг нь сольсон. С ХХК нь маш олон барилгын төсөл хэрэгжүүлдэг атлаа яагаад нэхэмжлэгчид ингэж хандсан талаар гайхаж байна. Манай оффист хүүхдээ хоол идүүлээд явж байсан. Холбогдох материалыг харахад 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Г.М С ХХК-ийн ерөнхий инженерээр сайн ажилласны хувьд гурван өрөө байраар шагнасан талаарх нөхцөлүүд үзлэгийн тэмдэглэлээр баталгаажигдсан. Өөрийнхөө ажиллаж байгаа төслөөс аваарай гээд байрыг өгсөн. 09 сарын эхний долоо хоногт барилгачдын баярыг тэмдэглэсэн. Энэ баяр дээрээ албан ёсоор гардуулж өгсөн байдаг. 2021 онд барилгын ажил нь дуусаад тухайн байр нь эзэмшил, ашиглалтанд орох боломжтой болсон. Бэлэглэлийн гэрээ хүчин төгөлдөр байсан. Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.1, 276.2-т заасны дагуу шаардаж байна. Эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулагдсан. Хариуцагчийн шүүхэд хандаж өгсөн сөрөг нэхэмжлэл бэлэглэлийн гэрээ хүчин төгөлдөр байсан гэдгийг нотолдог. Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.2-т зааснаар бодитоор шилжүүлсэн. Иргэний хуулийн 420 дугаар зүйлд шагналтай холбоотой зохицуулалт байгаа. Тодорхой үйлдэл хийсэн гэдгээ батламж дээрээ тодорхойлсон. Сайн ажилласан учраас байрыг өгсөн. Түүнээс биш олон жил ажилласан гэдгээр байрыг олгоогүй. Хүчин төгөлдөр гэрээний дагуу орон сууцыг шилжүүлэн өгсөн. Цахим мэдээллийг одоо хүртэл С ХХК-иас явуулаагүй. Одоо хүртэл барилгын нэгдсэн системийн бүртгэлд байдаг тул нэхэмжлэлийг хангах өгнө үү гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч Г.М нь манай компанид ерөнхий инженер албан тушаалд 2019 оноос ажилласан байсан бөгөөд ажилтныхаа ажил хөдөлмөр эрхлэх тавтай, тухтай нөхцөлийг ажил олгогчоос бүрдүүлэхийн тулд нэхэмжлэлд дурьдсан компанийн мэдлийн орон сууцыг зохих ёсоор ашиглах буюу түүнд гэр бүлийнхээ хамт амьдрахыг 2021 онд зөвшөөрсөн байдаг.

Хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байх хугацаанд нь амьдрах орон сууцаар хангаж, ашиглуулж буй нь нэг талаас ажилтнаа бодсон, хөдөлмөрийн илүү таатай нөхцөлөөр хангах гэсэн ажил олгогчийн санаачлага мөн боловч нөгөө талаас энэ нь ажилтнаа удаан хугацаанд, тогтвор суурьшилтай ажиллуулах гэсэн ажил олгогчийн хүсэл, сонирхолтой шууд холбоотой юм.

Аливаа ажилтан нь өөрийн санаачлагаар хөдөлмөр эрхлэлтийн харилцаагаа цуцалсан бол ажил олгогчтой төлбөр тооцоогоо нийлж, компаниас ашиглуулахаар шилжүүлсэн тээврийн хэрэгсэл, орон сууц болон аливаа бусад эд хөрөнгийг ашиглахаа зогсоож, биет байдлаар нь буцааж өгөх ёстой. Ингэснээр дараа дараагийн ажилтнуудын нийгмийн асуудлыг шийдвэрлэх боломжтой болно.

Тогтвор суурьшилтай ажиллуулахын тулд ажил олгогчийн санаачлагаар ашиглуулж байсан орон сууцыг хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа хүлээлгэж өгөх үүргээ биелүүлээгүй, тодорхой хугацаанд амьдарсаар байснаа нэхэмжлэгч нэхэмжлэлдээ дурьджээ. Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болсноос хойших хугацаанд орон сууцыг үндэслэлгүйгээр ашиглаж байсан хугацааны төлбөрийг иргэн Г.Маас бид шаардаагүй байтал нэхэмжлэгч нь ямар хууль, эсхүл гэрээгээр “Улсын бүртгэлийн ... дугаартай, Улаанбаатар хот, ... дүүрэг, 4 дүгээр хороо, ... /.../, Наадамчдын гудамж, 763 байр, 1407 тоот хаягт байрлах орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох” шаардлага гаргаснаа тайлбарлах ёстой.

Бидний зүгээс үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгоно гэх нэхэмжлэлийн шаардпагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Шагнал, бэлэглэл эсэх нь тодорхойгүй байж нэхэмжлэл гаргаад байгаа нь утгагүй. Шагнал нь нийтэд амлаж, зарлаж байгаа үйлдэл. Өрсөлдүүлэх маягаар явж байгаа үйлдэл. Тухайн Г.Мд хандаж байгаа үйл явдал. Энэ хүрээнд өмчлөл шилжээгүй, хуулийн шаардлага хангаагүй гэдэг нь Иргэний хуулийн 276 дугаар зүйлд заасан шаардлага биш. Нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөх эсэх эрх нь нэхэмжлэгчид байгаа. Өмчлөгчөөр тогтоолгох шаардлагаасаа татгалзаж байгаа бол ажилгүй байсан хугацааны цалин олгох эсэх асуудал яригдана. Улсын бүртгэлд бүртгэгдээд өмч үүснэ. Өмчлөлд шилжүүлсэн асуудал байхгүй. Тодорхой хөрөнгийн асуудал яригдаагүй. Нэхэмжлэлийн шаардлага нэгэнт тодорхойгүй байгаа учраас бид нар үүнийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Батламжийг Г.Анар-Эрдэнэ олгосон бөгөөд тэрээр гүйцэтгэх захирал албан тушаалтай. Түүнээс биш төлөөлөх эрхгүй этгээд болох О.Ганжигүүрийн хэлсэн үгээр явж болохгүй. Дипломыг манайд өгөөгүй учраас энэ талаархи шаардлага биелэх боломжгүй. Тусгай зөвшөөрөлтэй хөдөлмөрийн эрхийн маргаан байсан бол Барилгын хөгжлийн ассоциацид холбогдуулан шаардлага гаргах ёстой. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Нэхэмжлэгчээс нотлох баримтаар: Улсын тэдмэгтийн хураамжид /722,700+140,400/ нийт 863,100 төгрөг төлсөн баримт, Г.Мын иргэний үнэмлэхийн лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, Батламж, 001030099 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, С ХХК-ийн захиргаанд гаргасан өргөдөл, С ХХК-ийн ерөнхий захирлын 2022.09.16-ны өдрийн 09/16 тоот тушаал, С ХХК-ийн 2022.11.08-ны өдрийн итгэмжлэл олгох тухай албан бичиг, 2023.04.04-ний өдрийн 23/04-04 дугаартай хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, D201118946 дугаартай дипломын хуулбар зэргийг гаргаж өгсөн.\хх-ийн 6-29\

Хариуцагчаас нотлох баримтаар: Ч.Гд олгосон итгэмжлэл, Ч.Ганхүүд олгосон итгэмжлэл, С ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, компанийн дүрмийн хуулбар зэргийг гаргаж өгсөн.

Шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримтаар: 2019 оны 09 дүгээр  сарын 06-ны өдрийн 20190906-Video-001 нэртэй 01 минут 42 секунтын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, эрхийн улсын бүртгэлийн ... дугаартай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хувийн хэргийн баримтууд авагджээ.

ҮНДЭСЛЭХ нь:

   Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

   Нэхэмжлэгч Г.М нь хариуцагч С ХХК-д холбогдуулан анх Улсын бүртгэлийн ... дугаартай, Улаанбаатар хот, ... дүүрэг, 4 дүгээр хороо, ... /.../, наадамчдын зам гудамж, 763 байр, 1407 тоот хаягт байрлах орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа “Улсын бүртгэлийн ... дугаартай, Улаанбаатар хот, ... дүүрэг, 4 дүгээр хороо, ... /.../, наадамчдын зам гудамж, 763 байр, 1407 тоот хаягт байрлах, 62,75 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн үнэ болох 102,000,000 төгрөгийг гаргуулах болгож өөрчилсөн бөгөөд мөн Г.Мын мэргэжлийн диплом буюу Техник-технологийн коллеж-ийн №D201118946 дугаар мэргэжлийн дипломны эх хувийг гаргуулахыг даалгах, Монголын барилгын үндэсний ассоциаци ТББ дахь барилга угсралтын тусгай зөвшөөрөлтэй байгууллагуудын бүртгэл дэх С ХХК-ийн бүртгэлээс Г.Мын бүртгэл, дипломйн мэдээллийг хасуулахыг даалгахаар нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэсэн, эдгээр нэхэмжлэлийн шаардлагыг нэхэмжлэгчийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын зүгээс шүүх хуралдаанд дэмжиж оролцсон бол хариуцагчийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын зүгээс бүхэлд нь эс зөвшөөрч маргасан.

Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ ...1.Эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулагдсан, Бэлэглэлийн гэрээ хүчин төгөлдөр Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.1, 276.2-т заасны дагуу шаардаж байна.

2.Г.М нь 2011 онд Техник-технологийн коллеж-д “Сантехник, инженерийн байгууламж” мэргэжлээр суралцан төгсөж, №D201118946 дугаар барилгын инженер мэргэжлийн бакалаврын дипломыг гардаж авсан, уг дипломны эх хувийг хариуцагч “С” ХХК-д ажилд ороход шаардан авсан боловч өнөөдрийг хүртэл буцааж өгөхгүй байгаа тул өмчлөгчийн хувьд энэхүү дипломоо гаргуулахыг даалгахаар шаардаж байна.

3.Тус компанид инженерээр ажиллаж байх үед Монголын барилгын үндэсний ассоциаци ТББ-д бүртгүүлсэн боловч өнөөдрийг хүртэл өөрийн компанийн мэдээллээс Г.Мын дипломын мэдээллийг хасаагүй байх тул хасуулахыг даалгахыг шаардах эрхтэй гэсэн.

Хариуцагч татгалзлын үндэслэлээ ...Улсын бүртгэлд бүртгэгдээд өмч үүснэ. Г.Мын өмчлөлд орон сууц шилжүүлсэн асуудал байхгүй, тодорхой хөрөнгийн асуудал яригдаагүй, нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй байгаа учраас хүлээн зөвшөөрөх боломжгүй. Батламжийг Г.Анар-Эрдэнэ олгосон, тэрээр гүйцэтгэх захирал албан тушаалтай, төлөөлөх эрхгүй этгээд О.Ганжигүүрийн хэлсэн үгээр явж болохгүй. Дипломыг манайд өгөөгүй учраас энэ талаархи шаардлага биелэх боломжгүй. Тусгай зөвшөөрөлтэй хөдөлмөрийн эрхийн маргаан байсан бол Барилгын хөгжлийн ассоциацид холбогдуулан шаардлага гаргах ёстой тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэстэй гэв.

Хэрэгт авагдсан баримт, зохигчдын маргаангүй тайлбараар дараах үйл баримтууд тогтоогдсон. Үүнд:

1.Улсын бүртгэлийн ... дугаартай, Улаанбаатар хот, ... дүүрэг, 4 дүгээр хороо, ... /.../, наадамчдын зам гудамж, 763 байр, 1407 тоот хаягт байрлах, 62,75 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн үнэ болох 102,000,000 төгрөгийг гаргуулах шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч Г.М нь хариуцагч С ХХК-д 2019 оны 2 дугаар сараас эхлэн тус компанийн ерөнхий инженерээр ажилд орсон бөгөөд 2022 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэлх хугацаанд ажиллаж, ерөнхий инженерийн ажил үүргийг гүйцэтгэж байсан болох нь зохигч талуудын тайлбар, Г.Мын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, хариуцагчийн маргаагүй тайлбар зэргээр тогтоогдож байна.

Нэхэмжлэгч талаас Г.Мыг хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байсан гэж тайлбарласан боловч хөдөлмөрийн гэрээ хэрэгт авагдаагүй бөгөөд ажлаас чөлөөлсөнтэй холбоотой асуудал уг маргаанд хамааралгүй гэж шүүх үзэв.

Хариуцагч С ХХК-д нэхэмжлэгч Г.Мыг ажиллаж байх хугацаанд буюу 2019 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр тус компаниас “Эрхэм хүндэт Г.М танаа Ажил үйлс, амжилт бүтээлээрэй хамт олноо хошуучилан ажилласныг тань өндрөөр үнэлж 2019 оны “Шилдэг ажилтан”-аар тодруулж “Батламж” 3 өрөө байраар урамшуулан шагнав. “С” ХХК-ийн захирал Г.Анар-Эрдэнэ 2019.09.06” гэж бичигдсэн батламжийг Г.Мд гардуулан өгсөн гэж нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ болгож, тус батламжийг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн бөгөөд уг батламжийг гардуулан өгсөн өдөр 20190906-Video-001 нэртэй 01 минут 42 секундын бичлэг хийснийгээ шүүхээр үзлэг хийлгэж баталгаажуулах хүсэлт гаргасныг нь хангаад, 2023.03.10-ны өдөр үйлдсэн үзлэгийн тэмдэглэлд: “...С ХХК-ийн ажилчид ширээ тойрон суусан байх бөгөөд С ХХК-ийн гүйцэтгэх захирал О.Ганжигүүр дараах үгсийг хэлжээ. Үүнд: “Олон жил хамтдаа хамтраад ажиллацгаая. Манай ерөнхий инженер М, инженер байна. Энэ жил шинэ хүнээ өлгийдөж авах гэж байгаа, гэр бүлдээ шинэ хүнээ өлгийдөж авах гэж байгаа, анхныхаа хүүхдийг хүлээж байгаа, энэ инженерээ манай хамт олны зүгээс өөрийнх нь сүндэрлүүлж босгож байгаа, өөрийнх нь ахалж хийж байгаа Тоёота Мөнххадаагийн төсөл дээрх манай компаний нэр дээр байгаа бартерийн байруудаас тухайн байрыг гардаж авах эрхээр шагнаж байгаа юм./ажилчид алга ташиж байгаа үйл баримт харагдсан/ Дээрх нь М инженертээ бидэнтэйгээ, бид бүхэнтэйгээ, хамт олонтойгоо он удаан жил хамтдаа хичээж зүтгээрэй, хүн нэмэгдвэл хүнс нэмэгдэнэ гэдэг, ар гэрт хүүхэд нэмэгдэхэд дагаад заавал эд баялаг нэмэгдэж байдаг. Ийм учраас шинэ хүнийх нь ч бэлэг болог, шинэ хамт олноос нь ч өгч байгаа бэлэг болог, хамт олных нь зүгээс иймд барилгачдын баярын бэлэг болгож өглөө. Өөрөө дуртай байраа сонгоод аваарай, тэгээд дараагийн хүн маань Анар-Эрдэнэ” гэж хэлснийг нь бэхжүүлжээ./хх-32-35/

Түүнчлэн, хариуцагч С ХХК-иас Улсын бүртгэлийн ... дугаартай, Улаанбаатар хот, ... дүүрэг, 4 дүгээр хороо, ... /.../, наадамчдын зам гудамж, 763 дугаар байрны 1407 тоот хаягт байрлах орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгч Г.Мын эзэмшилд 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр шилжүүлэн өгсөн бөгөөд энэ өдрөөс хойш 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд уг орон сууцанд Г.М нь гэр бүлийнхээ хамтаар амьдарч байсан үйл баримт нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбар болон хариуцагчийн тайлбар, хэргийн үйл баримтаар нотлогдож байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.1-д заасан бэлэглэлийн гэрээ байгуулагдсан, орон сууцыг Г.Мд шилжүүлэн өгсөн тул шаардах эрхтэй гэж тодорхойлсон.

 Хариуцагч нь Г.Мыг 2019 оны 02 сард ажилд орсон, тухайн байгууллага нь ажилтны нийгмийн баталгааг хангах эрх, үүргийн хүрээнд нэхэмжлэгчийг аятай тухтай орчинд ажиллуулах хэрэгцээ байсан учраас батламж өгсөн. Батламжийн хүрээнд байрыг шилжүүлээд ашигласан, Батламж өгснөөр үл хөдлөх хөрөнгийг шаардах эрх үүсэх хууль зүйн үндэслэлгүй, үүрэг үүсээгүй гэж маргасныг шүүх дараах үндэслэлээр хүлээн авах боломжгүй гэж үзэв.

Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д Иргэний эрх, үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн иргэн, хуулийн этгээдийн үйлдэл /эс үйлдэхүй/-г хэлцэл гэнэ., 39.2-т Нэг этгээд хүсэл зоригоо илэрхийлэн хэлцэл хийж болно., 40 дүгээр зүйлд Хүсэл зоригийн илэрхийлэл хүчин төгөлдөр байх, 40.1-д Хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно. гэж заасан тул зохигч талуудын хооронд хэлцэл хийгдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д Хууль буюу гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нь ямар нэгэн үйлдэл хийх, эсхүл тодорхой үйлдэл хийхээс татгалзах үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч нь түүнээс уг үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй гэж заасны дагуу Г.Мд Улсын бүртгэлийн ... дугаартай, Улаанбаатар хот, ... дүүрэг, 4 дүгээр хороо, ... /.../, наадамчдын зам гудамж, 763 дугаар байрны 1407 тоот хаягт байрлах орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг С ХХК-иас шилжүүлэн өгөх үүрэг хууль болон гэрээгээр үүссэн бөгөөд уг үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд Г.Мд шаардах эрх үүснэ.

С ХХК нь 2019 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр “Эрхэм хүндэт Г.М танаа Ажил үйлс, амжилт бүтээлээрэй хамт олноо хошуучилан ажилласныг тань өндрөөр үнэлж 2019 оны “Шилдэг ажилтан”-аар тодруулж “Батламж” 3 өрөө байраар урамшуулан шагнав. “С” ХХК-ийн захирал Г.Анар-Эрдэнэ 2019.09.06” гэж бичигдсэн батламжийг Г.Мд гардуулан өгсөн нь 3 өрөө байраар урамшуулан шагнахаар амласан болох нь уг батламж, 2023.03.10-ны өдөр үйлдсэн үзлэгийн тэмдэглэлээр зэргээр нотлогдсон тул Г.М шаардах эрхтэй.

Дээрхээс дүгнэхэд, талуудын хооронд Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.1-д Бэлэглэлийн гэрээгээр бэлэглэгч нь бэлэг хүлээн авагчийн зөвшөөрснөөр түүний өмчлөлд тодорхой хөрөнгө хариу төлбөргүй шилжүүлнэ., 276.2-т Эд хөрөнгө шилжүүлснээр бэлэглэлийн гэрээг байгуулсанд тооцохоор заасан шаардлагыг хангасан бэлэглэлийн гэрээ байгуулагдсан, тухайн гэрээ хүчин төгөлдөр байна гэж шүүх дүгнэлээ.

Хариуцагчийн өмгөөлөгч “...Батламжийг Г.Анар-Эрдэнэ олгосон, тэрээр гүйцэтгэх захирал албан тушаалтай, компанийг төлөөлөх эрхгүй этгээд О.Ганжигүүрийн хэлсэн үгээр явж болохгүй...” гэж тайлбарласан боловч хэрэгт авагдсан С ХХК-ийн шүүхэд өгсөн болон Улсын бүртгэлийн Ерөнхий газраас ирүүлсэн баримтууд болох хэргийн 55-56, 75-76 дахь талууд авагдсан хариуцагч компанийн улсын бүртгэлийн гэрчилгээнд О.Ганжигүүрийг гүйцэтгэх захирлаар томилсныг 2019.12.13-ны өдөр бүртгэсэн байх тул О.Ганжигүүрийг С ХХК-ийн гүйцэтгэх захирал, тус компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд гэж үзэх үндэслэлтэй байна.

Харин хариуцагч талаас сүүлд гаргаж өгсөн хэргийн 141-146 дахь талд авагдсан баримтаар С ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Г.Анар-Эрдэнийг томилсныг 2023.05.02-ны өдөр улсын бүртгэлд бүртгэсэн болох нь тогтоогдож байгаа энэ тохиолдолд нэхэмжлэгч Г.Мд 2019.09.06-ны өдөр хариуцагч компаниас батламжийг олгоход тус компанийн гүйцэтгэх захирал О.Ганжигүүр байсан, 2023.05.02-ны өдөр гүйцэтгэх захирал Г.Анар-Эрдэнэ болсон үйл баримт тогтоогдож байна.

Иймээс, С ХХК-ийн гүйцэтгэх захирал О.Ганжигүүрийн хэлсэн үгсийг үзлэгийн тэмдэглэлээр бэхжүүлсэн нотлох баримтыг хариуцагчийн өмгөөлөгч компанийг төлөөлөх эрхгүй этгээд О.Ганжигүүрийн хэлсэн үгээр явж болохгүй гэх тайлбар үгүйсгэх үндэслэл болохгүй гэж үзнэ.

Хариуцагч нь “ажилтныг удаан тогтвортой ажиллуулах хүсэл ажил олгогчид байсан, тэр нь хэрэгжээгүй” гэх үндэслэлээр татгалзсан боловч удаан тогтвортой хугацаагаар ажиллаагүй тохиолдолд бэлэг болгон өгсөн орон сууцыг ажилтнаас буцаан авах талаар зохицуулсан байгууллагын ямар нэг дүрэм, журам хэрэгт авагдаагүй бөгөөд хариуцагч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасны дагуу татгалзлаа нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байна.

Маргааны зүйл болсон Улсын бүртгэлийн ... дугаарт бүртгэлтэй, Нийслэлийн ... дүүрэг, 4 дүгээр хороо, ... /.../, наадамчдын зам гудамж, 763 байр 1407 тоот хаягт байршилтай гурван өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр С ХХК-ийг 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдөр бүртгэж 001030099 дугаар үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ олгогдсон бөгөөд 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдөр тус үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн хууль ёсны өмчлөгчөөр Б.Оюунбилэг бүртгэгдэж, гэрчилгээ олгогдсон, 2023.01.18-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээгээр Б.Оюунбилэгээс П.Саранхүүгийн өмчлөлд шилжиж 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр 001063429 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ олгогдсон талаархи бичгийн баримтууд тус тус хэрэгт авагджээ./хх-43-99/

Нэхэмжлэгч нэхэмжлэлээр шаардаж буй 102,000,000 төгрөг гаргуулах шаардлагаа Нийслэлийн ... дүүрэг, 4 дүгээр хороо, ... /.../, наадамчдын зам гудамж, 763 байр 1407 тоот хаягт байршилтай гурван өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 102,000,000 төгрөгөөр С ХХК нь Б.Оюунбилэгт худалдсан тул тус үнийн дүнг гаргуулна гэж тодорхойлсон нь хэргийн 72-73 дахь талд авагдсан Худалдах худалдан авах гэрээгээр нотлогдож байна.

Дээрх үндэслэлээр хариуцагч С ХХК-иас 102,000,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Г.Мд олгох нь зүйтэй гэж үзэв.

2.Г.Мын Техник-технологийн коллежийн №D201118946 дугаар барилгын инженер мэргэжлийн бакалаврын дипломын эх хувийг гаргуулахыг хариуцагчид даалгах шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч нь ажилд анх орохдоо хариуцагч компанид мэргэжлийн дипломоо өгсөн гэж уг дипломыг гаргуулахаар шаардсан бол хариуцагч нь мэргэжлийн дипломтой гэж хэлсэн атлаа эх хувиар нь өгөөгүй, хуулбар хувийг манайд өгсөн, хэдийд, хэнд өгсөн болохоо нотлоогүй тул зөвшөөрөхгүй гэх тайлбар гаргаж харилцан маргаж байна.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ Техник-технологийн коллежийн №D201118946 дугаар бакалаврын дипломын хуулбарыг хавсаргаж өгсөн ба өөрийн гэх тус дипломыг хариуцагч С ХХК-ийн хэн гэдэг, ямар албан тушаалтанд, хэдийд хэрхэн өгсөн болох нь бичгийн баримтаар нотлогдоогүй Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасны дагуу нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байх тул шүүх уг шаардлагыг хангах хууль зүйн үндэслэлгүй гэж үзэв.

3.Монголын барилгын үндэсний ассоциаци ТББ дахь барилга угсралтын тусгай зөвшөөрөлтэй байгууллагуудын бүртгэл дэх С ХХК-ийн бүртгэлээс Г.Мын бүртгэл, дипломын мэдээллийг хасуулахыг даалгах шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч Г.М нь хариуцагч С ХХК-д 2019 оны 2 дугаар сараас эхлэн тус компанийн ерөнхий инженерээр ажилд ороод 2022 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэлх хугацаанд ажиллаж байсан үйл баримт тогтоогдсон, уг үйл баримттай талууд маргаагүй.

Хэргийн 179 дэх талд авагдсан Монголын барилгын үндэсний ассоциаци ТББ-ын 2023.06.13-ны өдрийн 23/376/13 тоот иргэн Г.М танаа хариу хүргүүлэх тухай албан бичигт: /РД:.../-тай Га овогтой М нь “Барилгын салбарын нэгдсэн систем”-д 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн байдлаар С ХХК-д “админ” бүртгэлээр бүртгэлтэй байна” гэжээ.

Мөн нэхэмжлэгч бүртгэлийг хасуулахаар хандсан боловч эхлээд бүртгэлтэй хуулийн этгээд нь цахимаар хүсэлтээ илгээж, үүний дараа тус ТББ хүсэлтийг шийдвэрлэж бүртгэлийн мэдээллийг хасах боломжтой гэсэн хариуг өгсөн гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлж байна.

Хариуцагч нь тусгай зөвшөөрөлтэй хөдөлмөрийн эрхийн маргаан байсан бол Барилгын хөгжлийн ассоциацид холбогдуулан шаардлага гаргах ёстой, Толгой бүртгэл нь Г.Мд өөрт нь байгаа гэх тайлбар гарган маргасан боловч Монголын барилгын үндэсний ассоциаци ТББ-ын 23/376/13 тоот албан бичгээр Г.М нь “Барилгын салбарын нэгдсэн систем”-д 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн байдлаар С ХХК-д “админ” бүртгэлээр бүртгэлтэй байгаа болох нь тогтоогдож байна гэж шүүх үзлээ.

Иймээс нэхэмжлэгч Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-д зааснаар Монголын барилгын үндэсний ассоциаци ТББ дахь барилга угсралтын тусгай зөвшөөрөлтэй байгууллагуудын бүртгэл дэх С ХХК-ийн бүртгэлээс Г.Мын бүртгэл, дипломын мэдээллийг хасуулахыг хариуцагчид даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч нь Батламжийн хуулбар, 001030099 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, С ХХК-ийн захиргаанд гаргасан өргөдөл, С ХХК-ийн ерөнхий захирлын 2022.09.16-ны өдрийн 09/16 тоот тушаал, С ХХК-ийн 2022.11.08-ны өдрийн итгэмжлэл олгох тухай албан бичиг, D201118946 дугаартай дипломын хуулбар зэрэг баримтуудын хуулбар хувийг шүүхэд өгсөн нь Иргэний хэрэг хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан шаардлагыг хангаагүй тул шүүх нотлох баримтаар үнэлээгүй болно.

Хариуцагч компаниас Г.Мд гардуулан өгсөн Батламжийг шүүхэд биет байдлаар нь гаргаж өгснийг шүүх нотлох баримтаар үнэлэв.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн /722,700+140,400/ нийт 863,100 төгрөгийг улсын орлого болгох бөгөөд шүүхээс нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид /667,950+70,200/ нийт 738,150 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дэх хэсэгт заасантай нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.1, 276.2, 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт заасныг баримтлан С ХХК-иас 102,000,000 /нэг зуун хоёр сая/ төгрөг гаргуулан Г.Мд олгож, Монголын барилгын үндэсний ассоциаци ТББ дахь барилга угсралтын тусгай зөвшөөрөлтэй байгууллагуудын бүртгэл дэх С ХХК-ийн бүртгэлээс Г.М /рд:.../-ын бүртгэл, дипломын мэдээллийг хасуулахыг С ХХК-д даалгаж, Г.Мын Техник-технологийн коллежийн №D201118946 дугаар барилгын инженер мэргэжлийн бакалаврын дипломын эх хувийг С ХХК-иас гаргуулахыг даалгах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 863,100 төгрөгийг улсын орлого болгож, С ХХК-аас нийт 738,150 төгрөг гаргуулж, Г.Мд олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.5, 119.7 дахь заалтад зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй, зохигчийн оролцоогүйгээр шийдвэрлэсэн талд шүүх шийдвэрийг энэ хуулийн 119.4-т заасан хугацаанд зохигчид гардуулах ба ийнхүү гардуулах боломжгүй бол шүүх уг хугацаа өнгөрснөөс хойш 7 хоногийн дотор зохигчийн оршин суугаа /оршин байгаа/ газар болон ажилладаг байгууллагын аль нэг хаягаар баталгаат шуудангаар, эсхүл шүүхийн ажилтнаар хүргүүлэх бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Б.ТҮМЭНЦЭЦЭГ