Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 12 сарын 11 өдөр

Дугаар 210/МА2023/02133

 

 

 

Г.Мын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч Т.Бадрах, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 181/ШШ2023/03298 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч: Г.М

Хариуцагч: Ө ХХК

 

Нэхэмжлэлийн шаардлага: Хан-Уул дүүрэг, 0 дүгээр хороо, Яармаг /0000/, Наадамчдын зам гудамж, 000 дугаар байр, 0000 тоот хаягт байрлах, 62,75 м.кв талбайтай орон сууцны үнэ 102,000,000 төгрөг гаргуулах, б ТББ дахь барилга угсралтын тусгай зөвшөөрөлтэй байгууллагуудын бүртгэлээс Г.Мын дипломын мэдээллийг хасуулах, бакалаврын дипломын эх хувийг Ө ХХК-аас гаргуулахыг даалгах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалангийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрдэнэчимэг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Дарьсүрэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Ганхүү, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гүррагчаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

 

1.1 Г.М нь Ө ХХК-д 2019 оны 02 дугаар сард ерөнхий инженерээр ажилд орсон. Тус компаниас Г.Мыг ажил үйлс, амжилт бүтээлээрээ хамт олноо хошуучлан ажилласныг үнэлж, 2019 оны Шилдэг ажилтан- аар тодруулж, 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Батламж олгож, 3 өрөө орон сууцаар урамшуулсан. Г.М нь урамшуулалд өгсөн Хан-Уул дүүрэг, 0 дүгээр хороо, Яармаг /0000/, наадамчдын зам гудамж, 000 дугаар байр, 1407 тоот хаягт байрлах орон сууцад 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс хойш гэр бүлийн хамт 1 жил, 10 сар амьдарсан.

 

1.2 Г.М эрүүл мэндийн шалтгааны улмаас ажил үүргээ гүйцэтгэх боломжгүй болсон тул өөрийн хүсэлтээр 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр ажлаас чөлөөлөгдсөн.

 

1.3 Ө ХХК нь Г.Мд урамшуулалд өгсөн орон сууцыг буцаан олгохыг шаардаж 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр цоожны голыг сольсон. Г.Мд Батламж олгосноор орон сууцыг бэлэглэсэн бөгөөд энэ талаар гэрээ байгуулаагүй. Ө ХХК орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг өөрийн компанийн нэр дээр гаргуулан авч, улмаар орон сууцыг 102,000,000 төгрөгөөр Б.Оюунбилэгт худалдсан. Г.М орон сууцыг шилжүүлэн авах боломжгүй болсон. Иймд орон сууцны үнэ 102,000,000 төгрөг гаргуулна.

 

1.4 Барилга угсралтын тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж байгууллагууд боловсон хүчний буюу инженерийнхээ дипломны мэдээллийг б ТББ-д бүртгүүлдэг. Ө ХХК Г.Мыг тус компанид инженерээр ажиллаж байх үед б ТББ-д бүртгүүлсэн боловч өөрийн компанийн мэдээллээс Г.Мын дипломын мэдээллийг хасаагүй байна. Г.М бусад байгууллагад инженерээр ажиллах тохиолдолд б ТББ-д бүртгэлээ хийлгэх шаардлага үүснэ. Гэтэл Ө ХХК нь бүртгэлээс хасаагүй тул б ТББ дахь барилга угсралтын тусгай зөвшөөрөлтэй байгууллагуудын бүртгэлээс Г.Мын дипломын мэдээллийг хасуулна. Мөн Г.Мын Техник-технологийн коллежийн D201118946 дугаар мэргэжлийн дипломын эх хувийг Ө ХХК-ийг гаргуулна гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

 

2.1 Г.М Ө ХХК-д 2019 оноос ерөнхий инженерээр ажилласан байсан бөгөөд ажилтаны таатай нөхцөлийг хангах, тогтвор суурилтай ажиллуулах зорилгоор орон сууцад гэр бүлийн хамт амьдрахыг зөвшөөрсөн.

 

2.2 Г.М өөрийн санаачилгаар ажлаас чөлөөлөгдсөн тул ажил олгогчтой төлбөр тооцоо нийлж компаниас өгсөн орон сууц, автомашиныг буцаан өгөх ёстой. Учир нь, компани дараагийн ажилтаныхаа нийгмийн асуудлыг боломжтой болно. Г.М ажлаас гарсан атлаа орон сууцыг хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүй. Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болсноос хойш орон сууцыг ашиглаж байсан ч Ө ХХК түүнээс төлбөр шаардаагүй. Г.Мд Батламж олгосон нь ажилчдын хөдөлмөрийн бүтээмжийг сайжруулах зорилготой. Г.Мд орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлээгүй тул бэлэглэлийн гэрээний шаардлагыг хангахгүй.

 

2.3 б ТББ-ын бүртгэлтэй холбоотой асуудлыг тухайн байгууллагад холбогдуулан шаардлага гаргах ёстой. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

 

3.1. Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.1, 276.2, 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт заасныг баримтлан Ө ХХК-аас 102,000,000 төгрөг гаргуулан Г.Мд олгож, б ТББ дахь барилга угсралтын тусгай зөвшөөрөлтэй байгууллагуудын бүртгэл дэх Ө ХХК-ийн бүртгэлээс Г.М /рд:ЙВ88120411/-ын бүртгэл, дипломын мэдээллийг хасуулахыг Ө ХХК-д даалгаж, Г.Мын Ц дугаар барилгын инженер мэргэжлийн бакалаврын дипломын эх хувийг Ө ХХК-аас гаргуулахыг даалгах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 863,100 төгрөгийг улсын орлого болгож, Ө ХХК-аас нийт 738,150 төгрөг гаргуулж Г.Мд олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

 

4.1 Анхан шатны шүүх үндэслэлгүйгээр сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. Мөн гэрч асуулгах хүсэлт хангаагүй.

 

4.2 Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.4 дэх хэсэгт зааснаар орон сууц бэлэглэхээр амласан амлалтыг нотариатаар гэрчлүүлсэн бол хариуцагчид үүрэг үүснэ. Г.Мд орон сууц өгөхөөр амласан боловч тухайн амьдруулж байсан орон сууцыг өгөхөөр тохиролцоогүй. Харин хамгийн эхэнд засвар нь дууссан орон сууцад оруулсныг өөрийн орон сууц мэт тайлбарлан нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй.

 

4.3 Г.М нь б ТББ-ын бүртгэлээс өөрийн мэдээллийг хасуулах эрхтэй байхад шүүх хэрэгт авагдаагүй баримтад үндэслэн шийдвэр гаргасан.

 

4.4 Г.М нь компанийн их хэмжээний эд хөрөнгийг хувьдаа завшсан үйлдэл нь илэрсэн тул ажлаас гарсан. Ажлаас гарсан үедээ орон сууцыг чөлөөлж өгөөгүй тул хөндлөнгийн гэрч байлцуулж орон сууцыг чөлөөлсөн. Г.М орон сууцад зөвшөөрөлгүй нэвтэрсэн, эд зүйл устгаж гэмтээсэн гэж цагдаагийн газарт гомдол гаргасан боловч уг мэдээлэл нь үндэслэлгүй болохыг тогтоож хэргийг хааж шийдвэрлэсэн. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд оролцоогүйгээс дээрх баримтыг хэрэгт өгч чадаагүй.

Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэс Г.Мыг компанийн хөрөнгийг хувьдаа завшсан үйлдэлд хэрэг үүсгэн шалгаж байгаа. Г.Мын энэ үйлдэл нь бэлэглэгчийг ноцтой гомдоосон үндэслэлээр хүчин төгөлдөр буст тооцуулах, түүний хулгай хийсэн үйлдлийг нотлох гэрчээр асуулгах, холбогдох баримтад үзлэг хийлгэх талаарх хүсэлт гаргасныг анхан шатны шүүх хангахаас татгалзаж шийдвэрлэсний улмаас компанийн эрх ашиг хөндөгдөж байна.

 

4.5 Г.М Ө ХХК-д 2019 оны 07 дугаар сараас 2022 оны 10 дугаар сарыг хүртэл хугацаанд ажиллах хугацаанд Ковид-19 цар тахал гарч, барилгын салбар бүхэлдээ зогссон, түүнд сар бүр цалин олгож, орон сууцад үнэгүй амьдруулсан. Г.Мыг тогтвортой ажиллуулах зорилгоор орон сууц бэлэглэхээр амласан.

 

4.6 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хурал давхацсан тул шүүх хурал хойшлуулах хүсэлт өгснийг анхан шатны шүүх хангахаас татгалзаж, хуралдаанд биечлэн оролцох, тайлбар өгөх, нотлох баримт гаргах эрхийг зөрчсөн.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын тайлбарын агуулга:

 

5.1 Нэхэмжлэл гаргаснаас хойш 11 сарын дараа шүүх хэргийг хянан шийдвэрлэсэн бөгөөд хариуцагч татгалзлаа нотлох хугацаа байсан. Өөрөөр хэлбэл, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 38 дугаар зүйлд заасан үүргээ хариуцагч тал биелүүлээгүй.

 

5.2 Хариуцагч 3 удаа сөрөг нэхэмжлэл гаргасан. Тухай бүрт шүүгчийн захирамжаар хүлээн авахаас татгалзсан. Учир нь, анх сөрөг нэхэмжлэл гаргахад Ө ХХК-ийн гүйцэтгэх захирал н.Ганжигүүр байсан. н.Ганжигүүр нь н.Гантуяа гэх хүнд итгэмжлэл олгосон. Гэтэл 2023 оны 05 дугаар сарын 02-ны өдөр хариуцагч байгууллагын гүйцэтгэх удирдлага өөрчлөгдөж н.Анар-Эрдэнэ нь н.Ганхүүд итгэмжлэл олгосон байхад н.Гантуяа сөрөг нэхэмжлэл гаргасан. 2 дахь сөрөг нэхэмжлэлээ бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр буст тооцуулах үндэслэл шаардлагаа Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1.1-д зааснаар бэлэглэлийн гэрээг хүчингүй болгуулахаар тодорхойлсон. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэлийн шаардлага үндэслэл тодорхойгүй байсан. 3 дахь удаа сөрөг нэхэмжлэл гаргахдаа бэлэглэлийн гэрээ байгуулаагүй гэх агуулгаар гаргасан атлаа Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1.1-д заасныг үндэслэсэн. Шүүх сөрөг нэхэмжлэлийг үндэслэлгүйгээр хүлээж аваагүй асуудал байхгүй. Бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр гэдгийг хариуцагч зөвшөөрсөн.

 

5.3 б ТББ нь Ө ХХК-ийг админ эрхтэй болохыг тодорхойлсон. Өөрөөр хэлбэл, Ө ХХК Г.Мын мэдээллийг хасах эрхтэй.

 

5.4 Ө ХХК-ийн төлөөлөгч Г.Анар-Эрдэнэ 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Ч.Гантуяад итгэмжлэл олгосон. Анхан шатны шүүх хурал эхлэхэд хүсэлт байгаа эсэхийг тодруулахад тэрээр хүсэлт байхгүй гэж хэлсэн ба хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд оролцсон. Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй. Хариуцагч талын гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянаад, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаав.

 

1. Нэхэмжлэгч Г.М нь хариуцагч Ө ХХК-д холбогдуулан, Хан-Уул дүүрэг, 0 дүгээр хороо, Наадамчдын зам гудамж, 000 дугаар байр, 0000 тоот хаягт байрлах, 62,75 м.кв талбайтай орон сууцны үнэ 102,000,000 төгрөг гаргуулах, б ТББ дахь барилга угсралтын тусгай зөвшөөрөлтэй байгууллагуудын бүртгэлээс Г.Мын дипломын мэдээллийг хасуулах, бакалаврын дипломын эх хувийг гаргуулахыг тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

2. Нэхэмжлэгч нь орон сууцны үнэ 102,000,000 төгрөг гаргуулах шаардлагын үндэслэлээ ...Ө ХХК нь Г.Мыг 2019 оны шилдэг ажилтнаар тодруулж, 3 өрөө орон сууцаар шагнаж Батламж олгосон боловч орон сууцыг буцаан авсан тул бэлэглэлийн гэрээний үр дагавар буюу орон сууцны үнэ 102,000,000 төгрөг гаргуулах гэж тодорхойлсон, хариуцагч шаардлагын үндэслэлийг ...Г.Мыг хөдөлмөрийн таатай нөхцөлөөр хангаж тогтвортой ажиллуулах зорилгоор гэр бүлийн хамт амьдрах орон сууц олгосон боловч тогтвортой ажилаагүй гэж үгүйсгэн маргасан.

 

2.1 Хариуцагч Ө ХХК нь нэхэмжлэгч Г.Мд холбогдуулан бэлэглэлийн гэрээг хүчингүй болгуулахаар сөрөг шаардлага гаргасныг анхан шатны шүүх ...хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох гэж тодорхойлсон атлаа уг шаардлагынхаа төгсгөл бэлэглэлийн гэрээг хүчингүй болгуулах гэж зөрүүтэй бичсэн гэж дүгнэн хүлээн авахаас татгалзсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1 дэх хэсэгт заасантай нийцээгүй байна. /хх 174-177/ Өөрөөр хэлбэл, хариуцагч нь сөрөг шаардлагаа бэлэглэлийн гэрээг хүчингүй болгуулах гэж тодорхойлж, үндэслэлээ ...бэлэглэгчийг гомдоосон ноцтой үйлдэл хийсэн гэж тайлбарласан. Уг шаардлага нь үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай тооцогдохоор байна. Энэ тохиолдолд гэрч асуулгах болон үзлэг хийлгэх хүсэлтийг хэрэгт хамааралгүй, ач холбогдолгүй гэж үзэх боломжгүй. Иймд энэ талаарх хариуцагчийн төлөөлөгчийн гомдол үндэслэлтэй.

 

2.2 Түүнчлэн, нэхэмжлэгч нь шаардлагын үндэслэлээ ...ажиллаж байх хугацаанд хариуцагчаас нэхэмжлэгчийг ажил үйлс, амжилт бүтээлээрээ хамт олноо хошуучлан ажилласныг өндрөөр үнэлж ...3 өрөө орон байраар урамшуулан шагнасан гэж тодорхойлсон, энэ талаар хариуцагч маргаагүй. Өөрөөр хэлбэл, шаардлагын үндэслэл нь талуудын хооронд үүссэн хөдөлмөрийн эрх зүйн харилцаатай холбоотой эсэхийг анхан шатны шүүх тодруулаагүй, хэрэгт энэ талаар баримт авагдаагүй, талууд мэтгэлцээгүй байхад хариуцагчийг нотлох үүргээ хэрэгжүүлээгүй гэж дүгнэсэн нь учир дутагдалтай болжээ. Шүүх дээрх тодорхой бус үйл баримтын талаар талуудаас тодруулан, мэтгэлцүүлэх замаар хэргийн үйл баримтыг тогтоох учиртай.

 

3. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Ч.Гантуяа, Ч.Ганхүү нар оролцсон. Шүүгчийн 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 181/ШЗ2023/17378 дугаар захирамжаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч нарын ...шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Ганхүүг оролцуулах үндэслэлээр хойшлуулах тухай хүсэлтийг ...өнөөдрийн шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч нар хүрэлцэн ирсэн, биечлэн оролцож байна гэх үндэслэлээр хангахаас татгалзаж шийдвэрлэсэн /хх 193-195/ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.1 дэх хэсгийг зөрчөөгүй байх тул энэ талаарх хариуцагчийн төлөөлөгчийн гомдол үндэслэлгүй.

 

4. Иймд хэрэгт авагдсан баримтаар маргааны үйл баримт тогтоогдоогүй, талууд маргааны зүйлд бүрэн мэтгэлцээгүй, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой баримт авагдаагүй, үүнийг давж заалдах шатны шүүхээс нөхөн бүрдүүлэх, хэрэгт авагдсан баримтын хүрээнд эрх зүйн дүгнэлт хийж, маргааныг шийдвэрлэх боломжгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.3-т заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168.1.1, 168.1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 181/ШШ2023/03298 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 738,150 төгрөгийг буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЦЭНД

 

ШҮҮГЧИД Т.БАДРАХ

 

М.БАЯСГАЛАН