Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Базаррагчаагийн Түмэнцэцэг |
Хэргийн индекс | 131/2023/00098/И |
Дугаар | 181/ШШ2023/03299 |
Огноо | 2023-10-17 |
Маргааны төрөл | Хөлсөөр ажиллах, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 10 сарын 17 өдөр
Дугаар 181/ШШ2023/03299
2023 10 17 | 181/ШШ2023/03299 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Түмэнцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: ... тоот хаягт оршин байрлах М ХХК /рд:.../-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ... тоот хаягт оршин байрлах, И ХХК /рд:.../-д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Харуул хамгаалалтын гэрээний үүрэгт 64,735,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н,
Хариуцагчийн өмгөөлөгч Б.Г,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Болорчимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч М ХХК нь хариуцагч И ХХК-д холбогдуулан Харуул хамгаалалтын гэрээний үүрэгт 64,735,000 төгрөг гаргуулахаар шаардсан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
“М ХХК-ийн дэргэдэх Шонхор гэрээт харуул хамгаалалтын алба нь 2014 оноос хойш Цагдаагийн Ерөнхий газрын даргын 2008 оны 384-р тушаалын хавсралтаар Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газрын даргын олгосон тусгай зөвшөөрлөөр гэрээт харуул хамгаалалтын үйл ажиллагаа явуулах эрх авч, радио давтамж ашиглах 120516 тоот эрхийн бичигтэйгээр Баянхонгор аймагт үйл ажиллагаа явуулж байна.
Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын нутагт орших И ХХК-тай
2022 оны 08 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн объектийн харуул хамгаалалтын
гэрээг байгуулан ажилласан.
Э.Үйтүмэн нь М ХХК-ийн дэргэдэх Шонхор гэрээт харуул
хамгаалалтын албыг төлөөлж Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын нутагт үйл
ажиллагаа явуулж буй И ХХК-ийг төлөөлж Д.Энхтайван нар 2022 оны
08 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн объектийн харуул хамгаалалтын гэрээг
байгуулан ажилласан.
Объектийн харуул хамгаалалтын гэрээний 2.6-д Үйлчлүүлэгч нь үйлчлэгчид гэрээнд заасан харуул хамгаалалтын ажлын гүйцэтгэлийн төлбөрийн 100% буюу 7’700’000 төгрөгийг /НӨАТ ороогүй дүн/ дараагийн ээлж солихоос өмнөх
7 хоногт төлөх, гэрээний 2.7-д Гэрээгээр тогтоосон хугацаанд төлбөрөө хийгээгүй бол хугацаа хэтрүүлсэн ажлын 3-5 хоног тутамд нийт төлбөрийн 3%-тай тэнцэх хэмжээний алдангийг үйлчлэгчид нэмж төлнө гэж тус тус заасан.
И ХХК-тай гэрээ байгуулан ажилласнаас хойш 19, 23, 24, 31, 34, 37, 38 дугаар албан бичгээр тус тус төлбөр болон төлбөрийн алданги тооцон нэхэмжлэх хүргүүлсэн боловч одоог хүртэл төлбөр болон төлбөрийн алдангиа хугацаандаа төлөхгүй байгууллагын үйл ажиллагааг хохироосон тул И ХХК-ийн захирал Д.Энхтайвангаас үндсэн гэрээний төлбөр 26’500’000 төгрөг, төлбөрийн алданги 38’235’000 төгрөг, нийт 64’735’000 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа хариуцагч сайн дураар гэрээний үндсэн төлбөр буюу ажилчдын үндсэн цалин болох 26,500,000 төгрөгийн төлсөн.
Иймд манайх гэрээний 2.7, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т зааснаар алдангиа үндсэн төлбөрийн 50 хувиар 13,250,000 төгрөг нэхэмжилж байна гэв.
2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн зүгээс үндсэн төлбөрийг төлсөн гэж үзээд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиар гээд нэхэмжлэлийн шаардлагыг багасгасан. Талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-т зааснаар хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн гэж үзэж байна. Мөн хуулийн 359.2-т бүх төрлийн ажил үйлчилгээ байна гэж хуульчилсан. Талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл харуул хамгаалалтын нэг гэрээ, 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэл хоёр дахь гэрээ байгуулагдсан. Дээрх гэрээний ажлын хөлс нь эхний гэрээ нь нийт таван ажилтантай, ажлын хөлс нь 7,700,000 төгрөг, хоёр дахь гэрээн дээр ажилтны хөлс багасаад 4,700,000 төгрөг болсон. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1-т анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Мөн хуулийн 232.6-д “Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ.” гэж заасан. Талууд гэрээ байгуулахдаа гэрээний 2.7-д анз, алдангийн хэмжээг 3 хувиар тогтоосон. Гэрээгээр тогтоосон хугацаанд төлбөр хийгээгүй бол хугацаа хэтрүүлсэн ажлын 3-5 хоногт хоног тутам нийт төлбөрийн 3 хувьтай тэнцэх алдангийг үйлчлүүлэгчдээ төлнө гэж заасан. Энэ нь Иргэний хуулийн 232.4, 232.6 дахь заалтад нийцэхгүй. Анз буюу алданги нь үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгэгч хариуцлага хүлээлгэж байгаа, үүргээ бүрэн гүйцэтгэх хууль зүйн хөшүүрэг нь болдог. Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.6-д “хууль болон гэрээнд заасан анз төлүүлэх” гэж заасан ч гэсэн 232.6, 232.4-т энэ эрхийг хязгаарласан. Нэхэмжлэлийн шаардлагыг хангахын тулд хуульд заасан журмыг хангасан байх ёстой. Иргэний хуулийн 220 дугаар зүйлийн 220.1-т “Стандарт нөхцөлийг гэрээнд тусгасан ч тэр нь харилцан итгэлцэл, шударга ёсны зарчимд харш, уг нөхцөлийг хүлээн зөвшөөрөгч нөгөө талдаа хохиролтой бол уг нөхцөл хүчин төгөлдөр бус байна. Энэ тохиолдолд стандарт нөхцөлийг гэрээнд тусгах болсон нөхцөл байдал, талуудын ашиг сонирхол болон бусад нөхцөл байдлыг харгалзан үзнэ.” гэж заасныг зөрчсөн. Иргэний хуулийн 232.4, 232.6-т зааснаар мөнгөн дүнгээр төлөх анзийн хэмжээний хязгаарыг хэтрүүлж болохгүй. Иргэний хуулийн 232.4, 232.6-т заасан анзийн хэмжээнээс давж тогтоосон алдангийг Иргэний хуулийн 56.1.1-т зааснаар хууль зөрчиж хийсэн хэлцэл тул хүчингүй болох үр дагавартай байна. Тиймээс алдангийг шаардах хууль зүйн үндэслэл байхгүй гэв.
3.Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Үндсэн гэрээний гол нөхцөлд маргаагүй. Аливаа хариуцлага нь хуульд заасан хэмжээ, хязгаарт захирагдах ёстой. Бид нар гэрээний стандарт нөхцөлтэй танилцаад гарын үсэг зурсан байна. Гэрээний 2.7 дахь заалт нь хууль зөрчсөн учраас манай байгууллага нь алдангийг төлөхгүй байх эрхтэй. Ажилчдын цалинг олгохын тулд хүнээс хүүтэй зээлсэн мөнгөө хэрвээ шаардсан бол бидний хувьд зөвшөөрөх байсан. Алдангийг шаардаж байгаа гэрээний 2.7 дахь заалт нь хүчингүй юм. Шүүх хуульд заасан 0.5 гэсэн хувь хэмжээнд шийдэх боломжгүй. Бид нар гэрээгээр 3 хувь гэж тохирсон учраас 3 хувийг 0.5 хувь болгож бууруулах боломжгүй. Анзын хэмжээ нь их бол шүүх бууруулж болно гэсэн зохицуулалт байдаг. Иргэний хуулийн 232.4, 232.6-д заасан хэм хэмжээнээс хэтрэхгүй байх ёстой. Үндсэн төлбөрийн 50 хувиар алдангийг тооцож байгаа нь хэтэрхий их байна. Жишээ нь: нэхэмжлэгч нь үндсэн төлбөрт 1 тэрбум төгрөг шаардсан байлаа гэж бодоход алдангид 500,000,000 төгрөг шаардна гэсэн үг юм. Тиймээс, эд хөрөнгө, санхүүгийн байдлыг харгалзах бөгөөд шүүх алдангийг тооцохдоо хөндлөнгийн байх ёстой гэв.
4.Нэхэмжлэгчээс нотлох баримтаар: М ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, улсын тэмдэгтийн хураамжид 481,625 төгрөг төлсөн баримт, М ХХК-ийн 2022.09.26-ны өдрийн 19, 2022.10.06-ны өдрийн 23, 2022.10.12-ны өдрийн 24, 2022.11.07-ны өдрийн 31, 2022.11.23-ны өдрийн 34, 2022.12.13-ны өдрийн 37, 2022.12.14-ний өдрийн 38 дугаартай И ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Энхтайванд хүргүүлсэн мэдэгдэл, 2022.09.26, 2022.10.06, 2022.10.12, 2022.11.06-ны өдрийн нэхэмжлэх, И ХХК-ийн 2022.10.10-ны өдрийн 22/46, 2022.12.14-ний өдрийн 22/56 дугаартай хариу албан бичиг, Объектийн харуул хамгаалалтын гэрээний төлбөр болон төлбөрийн алданги тооцоо, 2023.01.01-ний өдрийн Объектын харуул хамгаалалтын гэрээ, 2022.08.17-ны өдрийн Объектын харуул хамгаалалтын гэрээ, Ц.Мд олгосон итгэмжлэл зэргийг гаргаж өгсөн.
Хариуцагчаас нотлох баримтаар: Б.Нт олгосон итгэмжлэл, Авлага өглөгийн тайлан, Б.Гийг өмгөөлөгчөөр оролцуулах тухай хүсэлт зэргийг гаргаж өгсөн.
Шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримтаар И ХХК /РД:.../-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа авагдсан.
ҮНДЭСЛЭХ нь:
5.Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.
Нэхэмжлэгч М ХХК нь И ХХК-д холбогдуулан харуул хамгаалалтын гэрээний төлбөрт нийт 64,735,000 төгрөг гаргуулахаар анх нэхэмжлэлээр шаардсан боловч хариуцагчаас гэрээний үндсэн төлбөр 26,500,000 төгрөгийг төлсөн, алданги 38,235,000 төгрөгийг төлөөгүй, алдангийн хэмжээг багасгаж 13,250,000 төгрөг гаргуулна гэж тодорхойлсон. Хариуцагч нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч маргав.
6.Нэхэмжлэгч шаардах эрхийн үндэслэлээ: тус компантай харуул хамгаалалтын гэрээг байгуулан ажилласан, гэрээний 2.6-д харуул хамгаалалтын ажлын гүйцэтгэлийн төлбөрийн 100% буюу 7’700’000 төгрөгийг дараагийн ээлж солихоос өмнөх 7 хоногт төлөхөөр, 2.7-д Гэрээгээр тогтоосон хугацаанд төлбөрөө хийгээгүй бол хугацаа хэтрүүлсэн ажлын 3-5 хоног тутамд нийт төлбөрийн 3%-тай тэнцэх хэмжээний алдангийг үйлчлэгчид нэмж төлнө гэж заасан тул үндсэн гэрээний төлбөр 26’500’000 төгрөг, төлбөрийн алданги 38’235’000 төгрөг, нийт 64’735’000 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа хариуцагч сайн дураар гэрээний үндсэн төлбөр 26,500,000 төгрөгийг төлсөн тул анх гаргасан алдангийн хэмжээг багасгаж 13,250,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулна гэж тайлбарлав.
7.Хариуцагч татгалзлын үндэслэлээ ...гэрээгээр тохирсон үндсэн төлбөрийг бүрэн төлсөн, Гэрээний 2.7 дахь заалт нь хууль зөрчсөн учраас алдангийг төлөхгүй байх эрхтэй гэж тайлбарлав.
8.Хэрэгт авагдсан баримт, зохигчдын маргаангүй тайлбараар дараах үйл баримтууд тогтоогдсон. Үүнд:
8.1.2022 оны 08 дугаар сарын 17-ны өдөр нэг талаас М ХХК, нөгөө талаас И ХХК нар харилцан тохирч, үйлчлүүлэгч байгууллагын хариуцсан обьектын харуул хамгаалалтыг 5 ажилтнаар хамгаалуулж /харуулын дарга-1, хамгаалагч-4/ харуулын даргын нэг сарын төлбөрийн хэмжээ 1,700,000 төгрөг, нэг хамгаалагчийн нэг сарын төлбөрийн хэмжээг 1,500,000 төгрөг, нийт 7,700,000 төгрөгөөр тооцох, 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хугацаатайгаар тус тус тохирч Обьектын харуул хамгаалалтын гэрээ-г байгуулжээ. /хх 24-27/
8.2.Мөн зохигч талууд нь 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Обьектын харуул хамгаалалтын гэрээ байгуулж, харуул хамгаалалтыг 3 ажилтнаар хамгаалуулж /харуулын дарга-1, хамгаалагч-4/ харуулын даргын нэг сарын төлбөрийн хэмжээ 1,700,000 төгрөг, нэг хамгаалагчийн нэг сарын төлбөрийн хэмжээг 1,500,000 төгрөг, нийт 4,700,000 төгрөгөөр тооцох, 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хүртэл хугацаатайгаар тохиролцжээ./хх-20-23/
Зохигч талуудын хооронд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д зааснаар хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүсчээ.
Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д зааснаар хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч хөлс төлөх үүрэг хүлээнэ.
8.3.Нэхэмжлэгч компани нь дээрх 2 гэрээнд зааснаар 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын нутагт үйл
ажиллагаа явуулж буй И ХХК-ийн обьектийн харуул хамгаалалтыг 5 ажилтнаар хамгаалуулж 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэл хугацаанд хариуцан ажилласан болон энэ хугацааны ажилтнуудын цалин хөлс болох 2022.08.18-2022.09.18 төлбөр 7,700,000 төгрөг, 2022.09.18-2022.10.18 төлбөр 4,700,000 төгрөг, 2022.10.18-2022.11.18 төлбөр 4,700,000 төгрөг, 2022.11.18-2022.12.18 төлбөр 4,700,000 төгрөг, 2022.12.18-2023.01.18 төлбөр 4,700,000 төгрөг, нийт 26,500,000 төгрөгийг төлөөгүй байсан үйл баримтад маргаагүй.
Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д зааснаар гэрээнд оролцогч талууд гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэх үүрэгтэй бөгөөд гэрээний нэг тал үүргээ биелүүлээгүй, зөрчсөн тохиолдолд нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй байхаар мөн хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д зохицуулжээ.
Хэрэгт авагдсан гэрээний 2.6-д Үйлчлүүлэгч нь үйлчлэгчид гэрээнд заасан харуул хамгаалалтын ажлын гүйцэтгэлийн төлбөрийн 100% буюу 7’700’000 төгрөгийг дараагийн ээлж солихоос өмнөх 7 хоногт төлөх-өөр тохирсон хэдий ч ажиллуулагч болох И ХХК гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, хөлсийг олгоогүйгээс нэхэмжлэгч гэрээг дуусгавар болгох мэдэгдэлийг өгсөн явдал хуулийн дээрх зохицуулалттай нийцнэ. Иймд ажиллуулагч тал гэрээ цуцлах хүртэл хугацааны хөлсийг төлөх үүргийг Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д зааснаар хүлээнэ.
8.4.Нэхэмжлэгчийн 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэл хугацаанд хариуцан ажилласан ажилтнуудын цалин хөлс болох 2022.08.18-2022.09.18 төлбөр 7,700,000 төгрөг, 2022.09.18-2022.10.18 төлбөр 4,700,000 төгрөг, 2022.10.18-2022.11.18 төлбөр 4,700,000 төгрөг, 2022.11.18-2022.12.18 төлбөр 4,700,000 төгрөг, 2022.12.18-2023.01.18 төлбөр 4,700,000 төгрөг, нийт 26,500,000 төгрөгийг хариуцагч тал зөвшөөрч, шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш 2023 оны 2 дугаар сарын 20-ны өдөр 6,500,000 төгрөг, 3 дугаар сарын 17-ны өдөр 10,000,000 төгрөг, 4 дүгээр сарын 06-ны өдөр 10,000,000 төгрөг, нийт 26,500,000 төгрөгийн үндсэн төлбөр төлсөн үйл баримтад талууд маргаангүй байна./хх-57/
8.5.Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч анх шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болох үндсэн төлбөр 26,500,000 төгрөг, алдангид 38,235,000 төгрөг нийт 64,735,000 төгрөг гаргуулахаар тодорхойлсныхоо 26,500,000 төгрөгийг хариуцагчийг сайн дураар төлсөн гэж, алдангийн 24,985,000 төгрөг, нийлээд 51,485,000 төгрөгнөөс татгалзаж, алдангид 13,250,000 төгрөг гаргуулна гэж нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасанд нийцнэ.
8.6.Хариуцагч тал нэхэмжлэгчийн шаардаж буй алданги 13,250,000 төгрөгийг эс зөвшөөрсөн үндэслэлээ ...алданги шаардаж байгаа гэрээний 2.7 дахь заалт Иргэний хуулийн 232.4, 232.6-т заасан анзийн хэмжээнээс давж тогтоосон байх тул мөн хуулийн 56.1.1-т зааснаар хууль зөрчиж хийсэн хэлцэл тул хүчингүй болох үр дагавартай, тиймээс алданги шаардах эрхгүй гэж маргасан.
Зохигч талуудын хооронд байгуулагдсан 2 гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй боловч хариуцагч нь гэрээний 2.7 дахь заалтыг хүчин төгөлдөр бус гэж маргасан хэдий ч уг гэрээг талууд өөрсдийн хүсэл зоригоо илэрхийлж, харилцан тохиролцож байгуулсан тус гэрээ хүчин төгөлдөр байх тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй. байхаар заасанд нийцүүлэн нэхэмжлэгч нэхэмжлэлээр шаардаж буй алдангийг гэрээний төлөгдөөгүй үндсэн төлбөр 26,500,000 төгрөгөөс тооцож 13,250,000 төгрөг гэж тодорхойлсныг буруутгах үндэслэлгүй гэж шүүх үзэв
Нэхэмжлэгч талаас хариуцагч компанийн захирал Д.Энхтайванд хүргүүлсэн 2022.09.26-ны өдрийн 19 тоот мэдэгдэл, нэхэмжлэхийн хамт, мөн 2022.10.06-ны өдрийн 23 тоот мэдэгдэл, нэхэмжлэхийн хамт, 2022.10.12-ны өдрийн 24 тоот гэрээ цуцлах тухай албан бичиг, нэхэмжлэхийн хамт, 2022.11.07-ны өдрийн 31 тоот мэдэгдэл, нэхэмжлэх, 2022.11.23-ны өдрийн 34 тоот мэдэгдэл, 2022.12.13-ны өдрийн 37 тоот мэдэгдэл, 2022.12.14-ний өдрийн 38 тоот албан бичгийн хариу, Обьектийн харуул хамгаалалтын гэрээний төлбөр болон төлбөрийн алданги тооцоог тус тус хүргүүлсэн талаархи бичгийн баримтууд хэргийн 6-19 дэх талд авагдсанаар хариуцагчийг гэрээний үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардаж байсан болох нь тогтоогдож байх бөгөөд хариуцагч эдгээр баримтыг няцаагаагүй./хх-6-9, 11-16, 18/
8.7.Гэрээний 2.7-д Гэрээгээр тогтоосон хугацаанд төлбөрөө хийгээгүй бол хугацаа хэтрүүлсэн ажлын 3-5 хоног тутамд нийт төлбөрийн 3%-тай тэнцэх хэмжээний алдангийг үйлчлэгчид нэмж төлнө гэж зааж тохиролцсон боловч нэхэмжлэгч гэрээний үндсэн төлбөр 26,500,000 төгрөгийг тохирсон хугацаанд төлөлгүй хугацаа хэтрүүлсэн байх тул хуульд зааснаар төлөөгүй үнийн дүнгийн 50 хувь болох 13,250,000 төгрөгийг хариуцагчаас шаардаж буй шаардлага нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т ...Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй. гэж заасанд нийцсэн байна.
Иймд гэрээний үүргийг хугацаанд нь биелүүлээгүйгээс хугацаа хэтэрсэн алданги 13,250,000 төгрөгийг хариуцагч И ХХК-иас гаргуулж, нэхэмжлэгч М ХХК-д олгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгч талаас И ХХК-иас М ХХК-д ирүүлсэн гэх 2022.10.10-ны өдрийн 22/46, 2022.12.14-ний өдрийн 22/56 дугаартай хариу албан бичгийн баримтыг шүүхэд гаргаж өгсөн, хэргийн 10, 17 дах талд авагдсан ба эдгээр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан нотлох баримтын шаардлага хангаагүй, хуулбар тул шүүх нотлох баримтаар үнэлээгүйг дурдав.
9.Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 232 дугаар зүйлийн 232.4-т заасныг баримтлан И ХХК-аас 13,250,000 төгрөг гаргуулан М ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагын багасгасан хэмжээ 51,485,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 481,625 төгрөгийг улсын орлого болгож, И ХХК-аас 356,700 төгрөг гаргуулж, М ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.5, 119.7 дахь заалтад зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй, зохигчийн оролцоогүйгээр шийдвэрлэсэн талд шүүх шийдвэрийг энэ хуулийн 119.4-т заасан хугацаанд зохигчид гардуулах ба ийнхүү гардуулах боломжгүй бол шүүх уг хугацаа өнгөрснөөс хойш 7 хоногийн дотор зохигчийн оршин суугаа /оршин байгаа/ газар болон ажилладаг байгууллагын аль нэг хаягаар баталгаат шуудангаар, эсхүл шүүхийн ажилтнаар хүргүүлэх бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ТҮМЭНЦЭЦЭГ