Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 102/ШШ2023/03202

 

 

 

 

 

 

 

 

 

2023 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 102/ШШ2023/03202

Улаанбаатар хот

 

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС   

                     

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Л.

Хариуцагч: Гч.

Гуравдагч этгээд: Г

Гуравдагч этгээд: С

Зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 63,690,000 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлийг 2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Х.Л, өмгөөлөгч Г.Г, хариуцагч Ш.Гч, өмгөөлөгч Н.Эр, гуравдагч этгээд Г.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Ат нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Х.Л нь хариуцагч Ш.Гчт холбогдуулж зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 63,690,000 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангах нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1. Нэхэмжлэгч Х.Л шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Хариуцагч Ш.Гчтэй 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр зээлийн гэрээ байгуулж 50,000,000 төгрөгийг 4 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлдүүлсэн. Зээлийн барьцаанд ... орон сууцыг барьцаалсан. Зээл,  хүүгийн хамт сар бүр 2,000,000 төгрөгийг миний Хаан банкны дансанд шилжүүлэхээр тохирсон. Гэрээгээр заасан хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцон төлөх нөхцөлтэйгээр зээлдэж, нотариатаар батлуулсан. Гэрээ байгуулснаас хойш нэг ч төгрөг төлөлгүй гэрээгээ зөрчсөн. Ш.Гч зээлийн гэрээ байгуулах үед согтуу байсан гэж ярьдаг боловч тийм биш. Бид тэр өдөр Сүхбаатар дүүрэгт байдаг нотариатын газраар орж Ш.Гчийн н.Бөд байр барьцаалсан 16,000,000 төгрөгний төлөлтийг хийж байрыг чөлөөлсөн. Тэндээсээ гарч Баянгол дүүргийн нотариатын газар ирж зээлийн гэрээ, барьцааны гэрээг байгуулсан. Гэрчээр асуугдсан нотариатч согтуу байсан гэдгийг нотлоогүй, мэдүүлгээ өгсөн. Нөгөө нотариатч нь харвачихсан бие нь муу гээд гэрчээр асуулгах боломжгүй болсон. Нотариатын газраас гараад нэг цэгийн үйлчилгээ хамт орсон. Гуравдагч этгээд Н.Гаас  байрыг барьцаанд тавьж зээл авах итгэмжлэлийг өгсөн байсан. Зээл өгсөн өдөр Ш.Гчийн барьцааны гэрээг 16,000,000 төгрөгөөр чөлөөлж, түүний дансанд 14,000,000 төгрөг шилжүүлсэн. Г.Стэй байгуулсан зээлийн гэрээний 20,000,000 төгрөгийг Ш.Гч төлнө гэж сайн дураараа 50,000,000 төгрөгийн гэрээнд гарын үсэг зурсан. Иймд хариуцагч Ш.Гчээс зээл 50,000,000 төгрөг, хүү 9,000,000 төгрөг, алданги 4,690,000 төгрөг нийт 63,690,000 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө  ... орон сууцаар хангуулна гэв.

2. Хариуцагч Ш.Гч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр намайг ажил дээрээ согтуу байхад Х.Л, Г.С хоёр ирээд чирэх шахам авч яваад баахан бичиг баримтад гарын үсэг зуруулсан. Би юун дээр гарын үсэг зураад байгаагаа ерөөсөө мэдээгүй. Энэ хоёр л мэдэж байсан. Анх Н.Гаас надад итгэмжлэлийг байрандаа засвар хийх зорилгоор  банкнаас зээл авах гэж хийж өгсөн. Тухайн үед би ажилтай байсан болохоор надад зээл гарах боломж байсан. н.Бөд байрыг барьцаалсан талаар Н.Г мэдэхгүй.  Х.Л 50,000,000 төгрөг хүлээж авлаа гэж хэлж бичүүлээд гарын үсэг зуруулсан болохоос би бэлнээр нэг ч төгрөг аваагүй. Харин 14,000,000 төгрөг миний данс руу шилжүүлээд, тэр дороо Г.Сгийн төлөх 20,000,000 төгрөгийн хүү гэж 1,000,000 төгрөгийг Х.Л авсан. 13,000,000 төгрөгийг Г.С өөрийн данс руугаа шилжүүлж авсан. Х.Л машин дотор өөрөө хэлж надаар 36,000,000 төгрөг бэлнээр хүлээж авсан гэж бичүүлсэн болохоос гар дээрээ би ямар ч мөнгө аваагүй гэв.

3. Гуравдагч этгээд Г.С шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Анх би Х.Лоос 20,000,000 төгрөг зээлдэж өр тавьсан. Хүүгээ төлж байсан. Гэтэл намайг жирэмсэн байхад гэрт ирж зээлээ төл гэж дарамталж эхэлсэн. Би аавынхаа байрыг барьцаанд тавья гэхээр аав зөвшөөрөхгүй тул аавын утас холбогддоггүйг далимдуулан хэлэлгүй ээжид очоод согтуу байхад нь аав байраа барьцаанд тавь гэсэн гэж хэлээд Х.Л бид хоёр ээжийг дагуулаад нотариат орсон. Энэ 50,000,000 төгрөгийн 20,000,000 төгрөг нь миний өмнө нь авсан зээл, 16,000,000 төгрөг нь н.Бөд тавьсан зээлээ чөлөөлүүлсэн. Үлдэх 14,000,000 төгрөгийг ээжийн данс руу шилжүүлсэн. Түүнээсээ миний 20,000,000 төгрөгийн хүүнд төлөх 1,000,000 төгрөгийг Х.Л аваад үлдэх 13,000,000 төгрөгийг нь би авсан. Миний зээлсэн мөнгийг надаас нэхэхгүй, яагаад ээжээс нэхээд байгаа юм мэдэхгүй гэв.  

4. Нэхэмжлэгчээс 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн Ш.Гчтэй байгуулсан зээлийн гэрээ, 36,000,000 төгрөг хүлээж авсан тухай Ш.Гчийн тодорхойлолт, Ш.Гчт хүргүүлсэн мэдэгдэл, 2021 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн Барьцааны гэрээ,  Улсын бүртгэлийн гэрчилгээ, 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн Үүрэг дуусгавар болсон тухай гэрээ, 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн  Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ, 2020 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн итгэмжлэл, 

5. Хариуцагчаас Хаан банкны дансны хуулга,

6. Нэхэмжлэгчийн хүсэлтээр СД үзлэг хийж, нотариатч О.Ма, Ц.Э нараас гэрчийн мэдүүлэг авч, хариуцагчийн хүсэлтээр Н.Г, Г.С нарыг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр татан оролцуулах зэрэг ажиллагааг хийж, баримтуудыг шүүх бүрдүүлсэн байна.

 

                                         ҮНДЭСЛЭХ нь:

 

            1. Нэхэмжлэгч Х.Лийн нэхэмжлэлийн шаардлагаас 37,200,000 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, үлдэх 26,490,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

            2. Нэхэмжлэгч “хариуцагч нь Г.Сгийн зээлсэн 20,000,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч нийт 50,000,000 төгрөгийн зээлийн  гэрээнд гарын үсэг зурсан” гэсэн үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон,

            3. Хариуцагч нь “намайг согтуу байхад гэрээнд гарын үсэг зуруулсан, зээлийн мөнгөнөөс би нэг ч төгрөг авч ашиглаагүй, 16,000,000 төгрөгөөр орон сууцны барьцааг чөлөөлж, 14,000,000 төгрөгийг миний данс руу шилжүүлсэн боловч мөнгийг Г.С авсан” гэсэн үндэслэлээр үгүйсгэсэн.

            4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

            4.1.1. Хариуцагч Ш.Гч, нэхэмжлэгч Х.Л нарын хооронд 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр 6 сарын хугацаатай, 4 хувийн хүүтэй 50,000,000 төгрөгний зээлийн гэрээ байгуулагдаж, зээлийн барьцаанд Н.Гийн өмчлөлийн ... 30 мкв талбайтай 2 өрөө орон сууцыг барьцаалсан зээл болон барьцааны гэрээ байгуулагдсан.

            Хариуцагч Ш.Гч нь 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Б.Бэй байгуулсан 1491 дугаартай зээлийн гэрээ, 2021 оны 10 дугаар сарын 02-ны өдөр байгуулсан 1491 дугаартай барьцааны гэрээний үүргийн биелэлтэд төлөх 16,000,000 төгрөгийг 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр нэхэмжлэгч Х.Лоор шилжүүлэн төлүүлж , барьцаа хөрөнгийг чөлөөлж зээлдэгч Б.Бэй Үүрэг дуусгавар болсон тухай гэрээ байгуулсан, мөн өдрөө үргэлжлүүлэн 2020 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Н.Гаас Ш.Гчт олгосон итгэмжлэлийг үндэслэн дээрх орон сууцыг барьцаалж Х.Лтой 50,000,000 төгрөгний зээлийн гэрээ байгуулж урьд авсан Г.Сгийн зээл 20,000,000 төгрөг, орон сууц чөлөөлсөн төлбөр 16,000,000 төгрөгийг нэмж, өөрийн дансаар 14,000,000 төгрөг шилжүүлэн авч нийт 50,000,000 төгрөгийн гэрээнд гарын үсэг зурсан болох үйл явдал хэрэгт авагдсан бичгийн баримт, талуудын тайлбараар тогтоогдож, энэ талаар хэн аль нь маргаагүй.

            4.1.2. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө шилжүүлэх, зээлдэгч нь мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ, 282.4-т мөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцохоор хуульчилсан.  

            Нэхэмжлэгч Х.Л, хариуцагч Ш.Гч нарын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т заасан 50,000,000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулагдсан боловч зээлдүүлэгчээс зээлдэгч Ш.Гчийн дансанд 14,000,000 төгрөг шилжүүлж, түүний Б.Бэй байгуулсан 2021 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээний орон сууцны барьцаалбарыг чөлөөлж 16,000,000 төгрөг төлсөн тул талуудын хооронд 30,000,000 төгрөгний зээлийн харилцаа үүссэн байна.

            Шүүх хуралдааны хэлэлцүүлгээр 20,000,000 төгрөг нь Х.Лоос Г.Сд зээлдүүлсэн зээл бөгөөд зээлийн хүү төлж байсан, хүүнд 1,000,000 төгрөгийг 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Г.С төлсөн тул Ш.Гчээс 20,000,000 төгрөгийг шаардах эрхгүй, хэрэгт баримтаар ирүүлсэн зээлийн 36,000,000 төгрөгийг бэлнээр хүлээж авсан гэх тодорхойлолт нь үзлэгээр мөнгө хүлээлцсэнг нотлоогүй болно.

            4.1.3. Хариуцагч Ш.Гч нь 2020 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Н.Гаас Ш.Гчт олгосон ... 2 өрөө орон сууцыг барьцаанд бариулах барьцааны гэрээ байгуулах гэрээнд төлөөлж гарын үсэг зурах, үүргийн гүйцэтгэл хангуулах зэрэг эрхийг 2 жилийн хугацаатай олгосон итгэмжлэлийг үндэслэн Б.Бтэй 2021 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг байгуулж, гэрээг 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр дуусгавар болгон гэрээний үүргийн төлөлт 16,000,000 төгрөгийг Х.Лоор энэ өдөр шилжүүлж төлүүлсэн тул  Ш.Гчийг Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т зааснаар зээлийн 16,000,000 төгрөгийг  зээлдүүлэгчээс шилжүүлэн авсан гэж үзнэ.

            5. Шүүх хуралдаанд хариуцагч Ш.Гч 14,000,000 төгрөгийг Х.Л дансаар шилжүүлж тэр дороо 1,000,000 төгрөгийг Г.Сгийн зээлийн хүүнд авсан тул зээлээс хасагдана гэж тайлбарладаг боловч  тайлбар нь үндэслэлгүй. Учир нь мөнгийг  шилжүүлж авснаар тэрээр мөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхтэй болдог бөгөөд зээлсэн мөнгөө бусдад дамжуулж өгч байгаа биш өөрийн өмчлөлийн мөнгийг захиран зарцуулж байгаа хэлбэр тул тайлбар нь үндэслэлгүй. 

            6. Нэхэмжлэгч нь барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангах шаардлага гаргасанг хангах үндэслэлтэй. Талуудын хооронд байгуулсан барьцааны гэрээ нь Иргэний хуулийн  156 дугаар зүйлийн  156.1, 156.2-т заасан шаардлагыг хангасан, хариуцагч нэхэмжлэлийн энэ шаардлагын хувьд маргаагүй тул хангах нь зүйтэй.

            7. Иймд хариуцагч Ш.Гчээс зээлийн гэрээний үүргийн биелэлтэд үндсэн зээл 30,000,000 төгрөг, хүү 7,200,000 төгрөг нийт 37,200,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Х.Лид олгож, үүргийн гүйцэтгэлийг ... 30 мкв талбайтай 2 өрөө орон сууцаар хангаж,  үлдэх 26,490,000 төгрөгний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь   зүйтэй.

            8. Нэхэмжлэгч нь 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж үүргийн биелэлтийг шаардсан, гэрээнд заасан хугацаа хэтрээгүй  тул алдангийг шаардах эрхгүй гэж дүгнэн хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн болно.

            9. Хариуцагч Ш.Гч барьцааны гэрээг дуусгавар болгож,  Х.Лтой зээл болон барьцааны гэрээ байгуулах үедээ согтуу байсан гэж тайлбарладаг боловч тайлбар нь гэрчийн мэдүүлгээр тогтоогдоогүй, шүүх хуралдаанд гэрч Г.Сгээс мэдүүлэг авахдаа Үндсэн хуулийн  16 дугаар зүйлийн 14-т заасан өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхийн талаар тайлбарлаж мэдүүлэг аваагүй тул мэдүүлэгт дүгнэлт өгөх шаардлагагүй.

            10. Хэргийг шийдвэрлэхтэй холбогдуулж нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төлбөрийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Ш.Гчээс хангасан үнийн дүнгийн хэмжээгээр улсын тэмдэгтийн хураамж гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй. 

           

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон                         

                                                                                                     

ТОГТООХ нь:

 

            1. Иргэний хуулийн  281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч Ш.Гчээс 37,200,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Х.Лид олгож, үлдэх 26,490,000 төгрөгний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

            2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-т зааснаар хариуцагч Ш.Гч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг ... 2 өрөө орон сууцны үнээс  хангасугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 546,600 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Ш.Гчээс 414,150 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Х.Лид олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн өмгөөлөгч нь шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны  шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Ж.КУЛЬДАНА