Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 102/ШШ2023/04068

 

 

 

 

 

 

 

 

 

2023 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 102/ШШ2023/04068

Улаанбаатар хот

 

 

                       

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж, шүүгч З.Доржнамжин, А.Сарантуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: А

Хариуцагч: ТЗ

Гэм хорын хохиролд 40,755,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг 2021 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч М.Э, хариуцагчийн төлөөлөгч Х.Э, иргэдийн төлөөлөгч Ш.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Б нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Б.А нь ТЗд холбогдуулан гэм хорын хохиролд 40,755,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан боловч шүүх хуралдаанд нэхэмжлэлийн үнийн дүнг багасгаж 28,834,467 төгрөг шаардсан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Энхтуяа шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Б.А гэр бүлийн хамт аймгийн төвд амьдарч ...сумын энгэр шанд багийн нутаг ...гэх газарт мал хөрөнгө нь байдаг бөгөөд айлд малаа тавьж маллуулдаг. ...т хамт нутагладаг малчин Ц.Быд үхэр, ямаа, Б.Цынд адуу, хонио тавьж малуулдаг, мал тэдний нэр дээр тоологддог. 2012 оны 04 дүгээр сарын 22, 23-ны өдрүүдэд үргэлжлэн гал түймэр гарч баруун талаасаа их хүчтэй салхитай байсан тул гал түймэрт өртөж мал, хашаа саравч, гэр, гэрийн тавилга галд өртөж юу ч үгүй болсон. Уг түймэр нь ТЗ-ын харъяа Б тасгийн ажилчид Хавирга өртөөнөөс баруун тийш цурам тавьж, түймрийн цаг эхэлж байгаатай холбогдуулан урьдчилан сэргийлэх зорилготойгоор цурам тавьж гал алдсанаас 145 дугаар км-ын 7 дугаар зуутын орчим гал алдсанаас эхлэж олон айл өрх эд мал, хөрөнгөө галд алдсан. Тухайн гал ...багийн дагуу айлуудын малыг бүгдийг шатаасан. Түймэр өмнөх өдөр нь ассан учраас маш хүчтэй шороон шуурга, харанхуйлсан ширүүн салхитай түймэр байсан учир тэр хэвийн айлын малын саравч, гэр зарим мал галд шатаж, эд хөрөнгөө аварч чадаагүй. Хариуцагч н.Огийн тавьсан түймэртэй нийлж гал гарсан мэт тайлбарладаг боловч н.Огийн түймэр 2012 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр гарч 04 дүгээр сарын 20 нь гэхэд унтарсан. Тэгээд Б тасгийн ажилчидын тавьсан цурам 04 дүгээр сарын 22-ны өдөр хойш чиглэлд шатаж Чойбалсан, Гурванзагал сум түүнээсээ дамжаад Дашбалбар, Чулуунхороот сум руу хүрсэн байдаг. Ажлын хэсэг гарч тухайн түймрийг цурам тавьж унтраагаад эргэтэл ар талд нь н.Огийн хоёр хоногийн өмнө шатсан түймэрийн өтөг бууцнаас түймэр гарсан. Тэр түймэр өөдөөс нь дамжиж аваад Төмөр замын тавьсан түймрийг унтраасан тэр цурмандаа оруулж унтраасан үйл баримт тогтоогддог. Хариуцагч Хөлсөөр ажиллах гэрээний үндсэн дээр нэхэмжлэх талаар ярьсан боловч тэдгээр хүмүүс өөрсдийн хариуцлагагүйгээс болоод түймэр тавиад мал, гэр орон шатаасан зүйл байхгүй. Төмөр замын ажилчдын тавьсан цурамтай холбоотой гал гарсан үйл баримт тогтоогдсон. Гэр, эд хөрөнгийг Б.А малчдын ая тухтай байдлыг бүрдүүлж өгч байгаа болохоос цалин хөлсөнд тооцож авч өгсөн асуудал байхгүй. Хоёр малчин хоёулаа мал бол биднийх биш Б.Аын мал гэж хүлээн мэдүүлж тайлбарласан. Б.А Чойбалсан суманд харъяалалгүй, бүртгэлгүй учир тэнд амьдардаг малчин Ц.Б, Б.Ц нарын нэр дээр малаа тоолуулдаг шалтгаан нь ийм юм. Гал алдсантай холбоотой Б.Аын 220 хонь, 203 толгой ямаа нийт нийт 423 толгой мал, 7 ханатай гэр, тавилга, малын саравч хашаа бүгд шатсан. Малыг тухайн үед үнэлэхдээ хурга, ишгийг тооцохгүй хасаж үнэлсэн. Нийт хөрөнгийг тухайн үед 40,750,000 төгрөгний хохирол учирсан гэж үнэлсэн боловч нэхэмжлэгч шүүхийн шатанд Итгэлт Эстимэйт ХХК-ийн Хөрөнгийн үнэлгээний тайланг үндэслэн нийт учирсан хохиролд 28,834,4678 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилж, үнийн дүнг багасгаж байна. Б.А нь хоёр малчиндаа 7 ханатай, хоёр бүрээстэй иж бүрэн ашиглах гэр барьж өгч гэрийн дотор ор, шүүгээ, хувцасны шүүгээ, модон авдар, ширээ сандал, орос хулдаас, деван ор зэрэг тавилга авч тохижуулсан байсан. 24м х 8м харьцаатай малын саравч барьсан байсан. Эдгээр хөрөнгийн үнийг шинжээчийн үнэлсэн үнэлгээгээр нэхэмжилсэн. Иймд хариуцагч ТЗаас гэм хорын хохиролд 28,834,467 төгрөг гаргуулж өгнө үү гэв.

2. Хариуцагч ТЗ шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Энхсүх шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Иргэний хуулийн 497, 510 дугаар зүйлд зааснаар гэм хорын хохирол нэхэмжилж байна гэж ойлгосон. Хэргийн материалаас харахад нэхэмжлэгч нь иргэн Ц.Б, Б.Ц нартай мал маллуулах тохиролцоо байгуулсан ба Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д заасан Хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн байна. Нэхэмжлэгчийн малыг тухайн ажиллагч иргэн маллах, тарга тэвээр авахуулах, тоо толгойг нь бүрэн бүтэн байлгах үүрэг хүлээсэн гэж үзэж байна. Хөлсөөр ажиллах гэрээний хариу төлбөрт Ц.Б, Б.Ц нарт хашаа хороо, гэр, доторх тавилга эд зүйлсийг авч өгсөн онцлог байдал харагддаг. Хөлсөөр ажиллах гэрээний талууд ажиллуулагч, ажиллагч нар ажил үүргийн дагуу тухайн ажил үүрэг, түүнээс үүсэх эрх үүргийг хүлээх ёстой. Тиймээс мал маллаж байгаа ажиллагч иргэн Ц.Б, Б.Ц нар гэрээгээр хүлээсэн зүйлийг эвдэх, устах, гэмтээх зүйлд хариуцлага хүлээх субьект гэж үзэж байна. Тиймээс хариуцагч нь ТЗ биш иргэн Ц.Б, Б.Ц нар. Иргэний хуулийн 219 дүгээр зүйлд зааснаар үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй. Хэдийгээр Б.А эд хөрөнгөөрөө хохирсон гэдгээр шаардах эрхтэй байж болох ч тэрхүү шаардах эрхээ хэнд хандаж гаргах вэ гэдэг нь маргааны зүйл. 2010-2012 оны хооронд гарсан түймэр нь дан ганц ТЗ-ын ажилтны цурам тавьсан үйлдлээс болсон гэдэг нь тодорхойгүй. Энэ нэхэмжлэлээс өмнө иргэн н.Огийн үйлдлийн улмаас гарсан түймрийн хэргийг шийдвэрлэж, шийтгэх тогтоолыг хэрэгт өгсөн. Энэ шийтгэх тогтоол нь 2012 оны 04 дүгээр сарын 17-ны өдрөөс тухайн бүсэд ой хээрийн түймэр гарч тэр түймрээс учирсан хохиролыг шийдвэрлэсэн тогтоол юм. Энэ ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлж ТЗ нь холбооны шугам зэргийг хамгаалж Б тасгийн ажилчид цурам тавих буюу хамгаалах ажиллагааг хийсэн. Бодит байдал дээр энэ хоёр түймэр хоорондоо нийлж унтраад, унтарсан байсан цог 2012 оны 04 дүгээр сарын 22-ноос 23-ны өдөр салхины хүчин нөлөөгөөр дахин асаж нэхэмжлэгч нарын эд хөрөнгийг шатаасан үйл баримт байгаа. Тухайн өдөр харахын аргагүй салхитай, шороон шуурга шуурч байсан гэж нэхэмжлэгчийн төлөөлөгч ярьлаа. Энэ нь өөрөө байгалийн давагдашгүй хүчин нөхцөл бөгөөд хүний хүсэл зоригоос гадуур урьдчилан таамаглах боломжгүй нөхцөл байдлаас үүссэнг шүүх анхаарна биз. Нөгөөтэйгүүр Хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн тул хохирлоо Ц.Б, Б.Ц нараас шаардах эрх нь нээлттэй. Тиймээс манайх хариуцагч биш. Нэхэмжлэгч 7 ханатай гэр нэхэмжилдэг боловч Ц.Б, Б.Ц нар 6 ханатай гэр гэж мэдүүлдэг, Мөн тухайн гэр эд хогшил Б.Аын өөрийнх нь өмчлөлийн зүйл биш, нэхэмжлэлээр малаа маллуулж гэр иж бүрэн тавилга, малын саравч авч өгсөн гэж тайлбарладаг. Иймд Ц.Б, Б.Ц нарын өмнөөс нэхэмжлэгч Б.А шаардах эрхгүй гэв.

3. Нэхэмжлэгчээс 2012 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн дугаар А-16 ТЗ-ын Б тасгийн даргын Хамгаалалтын зурвас татах тухай тушаал, 2012 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн Зөвшөөрөл хүсэх тухай албан бичиг, 2012 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн Галын аюултай ажил явуулахад олгох зөвшөөрлийн хуудас, 2015 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн иргэний хариуцагчаар ТЗыг татах тухай тогтоол, иргэний хариуцагчаар байцаасан тэмдэглэл, Б.Цын 2011 оны жилийн эцсийн мал тооллогын нэгтгэлийн А данс, 2012 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн Хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл, ...сумын Энгэр шанд баг Хавирга гэх газарт гарсан хээрийн түймрийн шалтгаан нөхцөлийг шалгасан тухай танилцуулга, 2012 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн Галын шинжээчийн дүгнэлт, 2013 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Галын шинжээчийн нэмэлт дүгнэлт, 2014 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн дугаар 09 Шинжээчийн дүгнэлт, 2013 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн Хохиогчийг дахин байцаасан тэмдэглэл, 2013 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн гэрчээр Х.Ч, Р.О, Б.Ц, Д.О, Г.Б, Д.М нараас авсан мэдүүлэг, 2013 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн Яллагдагчаар татах тогтоол, 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн Дорнод аймгийн Прокурорын газрын Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоол, 2012 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн Б.Аыг хохирогчоор асуусан тэмдэглэл, Эд зүйлийн үнэлгээ, Б.Ц, Г.Б нарыг гэрчээр асуусан тэмдэглэл, Ой хээрийн түймрийн хохирлын акт,

4. Хариуцагчаас 2013 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн Дорнод аймаг дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол,

5. Хариуцагчийн хүсэлтээр Ц.Бы нэр дээр тоологдсон 2011, 2012 оны мал тооллогын А дансыг Дорнод аймгийн Архивын газраас, нэхэмжлэлийн шаардлага мал болон эд хөрөнгийн зах зээлийн үнэлгээг Итгэлт Эстимэйт ХХК-ийг шинжээчээр томилж гаргуулсан дүгнэлт, Нэхэмжлэгчийн хүсэлтээр Г.Ц, н.Х, Г.Б, Б.Ц нарыг гэрчээр асуусан тэмдэглэл гэсэн баримтыг шүүх бүрдүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч Б.Аын нэхэмжлэлээс 21,390,420 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, үлдэх 7,444,046 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

2. Нэхэмжлэгч нь Б тасгийн ажилчдын цурам тавих ажлын үед гал алдаж түймэр 4 сум дамжин шатаж зам зуур ...багийн айлуудын мал хөрөнгийг шатааж их хэмжээний хохирол учруулсан. Нэхэмжлэгчийн 423 толгой мал шатсан, малчин Б.Ц, Ц.Б нарын мэдүүлгээр Б.Аын тавьж маллуулж байгаа мал болохыг мэдүүлсэн. Галд өртсөн гэр, тавилга, малын саравч бусад хогшил эд хөрөнгө нь нэхэмжлэгчийнх тул хохирлоо нэхэмжилнэ гэсэн үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон.

3. Хариуцагч нь хүний хүсэл зоригоос гадуур урьдчилан таамаглах боломжгүй нөхцөл байдлаас гал гарсан. Мөн хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн тул хохирлоо Ц.Б, Б.Ц нараас шаардах эрх нь нээлттэй. Манайх хариуцагч биш гэсэн үндэслэлээр үгүйсгэсэн

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримт, талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

4.1.1. Улаанбаатар төмөр замын Б тасгийн даргын 2012 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн А-16 тушаалаар хаврын хуурайшилтын үе эхэлж байгаатай холбогдуулан Эрээнцав-Б хоорондын замыг хээрийн түймрээс хамгаалах зорилгоор замын хоёр талаар хамгаалах зурвас хагалж цурав тавих ажлыг зохион байгуулан ажиллахаар 2012 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Дорнод аймгийн Онцгой байдлын хэлтэст Зөвшөөрөл хүсэх албан бичиг хүргүүлж, 2012 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн Галын аюултай ажил явуулахад олгох зөвшөөрлийн хуудсаар Б тасгийг 04 дүгээр сарын 18-25-ны өдөр хүртэл хугацаанд ...с Чингис бал, 103 дугаар км-ээс хавирга, Хавиргаас 180 дугаар км хүртэл цурав тавих ажил явуулах зөвшөөрөл олгосон байна. /хх-65-68/

...ын Б тасаг 2012 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр Хэрлэн өртөө, 160 км-ийн замын 8 дахь хэсэг, Хавирга өртөө гэсэн чиглэлээр явж 10.00 цагийн орчмоос 142 дахь км-ийн 1 дүгээр зуутаас троссон шүүрт тостой даавуу ороож хагалсан газрын дотор талын шороо төмөр зам хоёрын хоорондох өвсийг 5 үе шаттай шатааж цурав тавих ажлыг эхлүүлсэн байна. Цурав тавьж байгаа бүлгийг 300 метр газарт явсны дараа багийн ахлагч Ш.Энхтүвшин 12.05 цагийн орчим цурав тавьсан газраас утаа гарч байгааг харснаар хээрийн түймэр гарсныг илрүүлсэн, хагалсан газрын ирмэгээс 40 см, цуравны захаас 5.6 метрийн зайнаас гал анх үүсвэрлэн гарсан бөгөөд уг газарт үхрийн аргал, адууны хомоол ихтэй, өвс ихээр ургасан, төмөр замыг түймрээс хамгаалах зорилгоор цурав тавьж байгаад цуравнаас оч хийсч гал түймэр үүсвэрлэн гарсан болох нь 2012 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн ...сумын энгэр шанд баг хавирга гэх газарт гарсан хээрийн түймрийн шалтгаан нөхцөлийг шалгасан тухай танилцуулга, Хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл, Хээрийн түймрийн шалтгаан нөхцөлийг шалгасан тухай танилцуулга, 2012 оны 04 дүгээр сарын 22-нд гарсан хээрийн гал түймрийн эхлэлийн цэгийн байршлын схем, 2012 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн Галын шинжээчийн дүгнэлт, Галын шинжээчийн нэмэлт дүгнэлт, 2014 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 09 дугаартай шинжээчийн дүгнэлт гэсэн баримтуудаар нотлогджээ. /хх-21-31/

Дээрх галын шинжээчдийн дүгнэлтээр тухайн өдөр салхины хурд 12-14 мсек хүрч байсан нь Дорнод аймгийн ус цаг уур орчны шинжилгээний албаны гаргасан тодорхойлолтоор нотлогдож, гал үүсвэрлэн гарсан газар орны байдал нь тал хээрийн өвс ургамал ихтэй, аргал адууны хомоол ихтэй, цаг агаарын байдал салхины хурд их, хуурайшилт өндөртэй байсан, газар орны болон салхины хурд ихтэй хээрийн түймэр гарах эрсдэлтэй үед цурав тавих ажлыг зохион явуулсан, Гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагчийн олгосон галын аюултай ажил явуулахад олгосон зөвшөөрлийн салхины хүч тогтмол үед цуравдах, салхи 5 мсек-ээс их үед цурав тавихгүй байх гэсэн заалтыг зөрчсөн нь гал гарахад хүргэсэн болох нь тогтоогдсон байна.

4.1.2. 2012 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Улаанбаатар төмөр замын Б тасгийн Хавирга өртөөнөөс баруун тийш төмөр замын 145 км-ийн 7 дугаар зуутын шонгийн орчмоос төмөр замын ажилчид цурам тавьж яваад гал түймэр алдсаны улмаас онц их хэмжээний хохирол учирсан нь хохирогч, гэрч, сэжигтэн нарын мэдүүлэг, бусад нотлох баримтуудаар нотлогдсон гэх үндэслэлээр тасгийн дарга Л.Э, Ш.Э нарт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж яллагдагчаар татан, ТЗыг иргэний хариуцагчаар татсан боловч Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.2 дахь хэсэгт заасанаар Дорнод аймгийн прокурорын газрын 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай дугаар 5/38 прокурорын тогтоолоор хэргийг хэрэгсэхгүй болгосон байна. /хх-50/

4.1.3. ...сумын Энгэр шанд багийн нутагт байрлах Улаанбаатар төмөр замын Б тасгийн Хавирга өртөөнөөс баруун тийш төмөр замын 145 км-ийн 7 дугаар зуутын шонгийн орчим Б тасгийн ажилчидийн тавьсан цуравнаас оч үсэрч гал үүсвэрлэн гарч түймэр хурдтай тархаж Чойбалсан сумын Энгэр шанд багийн ...гэх газарт нутаглах Б.Ц, Ц.Б нарын амьдарч байсан нутагт хүрч, энэ түймэрт мал, эд хөрөнгөөр нэрвэгдсэн болох нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, Ой хээрийн түймрийн хохиролын акт №002 гэсэн баримтаар тогтоогдож байгаа тул хариуцагчийн төлөөлөгчийн тайлбарласан манайх хариуцагч биш гэсэн тайлбар үндэслэлгүй.

Хэрэгт цугларсан баримтууд, шинжээчийн дүгнэлтээр хариуцагч ТЗ буруутай болох нь тогтоогдсон тул бусдын эд хөрөнгөд болгоомжгүй үйлдлээр учруулсан гэм хорын хохиролыг хариуцан арилгах үүрэгтэй.

4.1.4. Хариуцагч тал хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн тул хохирлоо Ц.Б, Б.Ц нараас шаардах эрхтэй гэж тайлбарладаг боловч хэрэгт цугларсан нотлох баримтаар Улаанбаатар төмөр замын Б тасгийн ажилчдын болгоомжгүй үйлдлийн улмаас хээрийн гал түймэр гарсан, үүний улмаас нэхэмжлэгчийн эд хөрөнгөнд хохирол учирсан, тэдгээр нь хоорондоо шалтгаант холбоотой болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэгч өөрт учирсан гэм хорын хохиролыг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас шаардах эрхтэй.

4.1.5. Нэхэмжлэгч Б.А нь Чойбалсан сумын Энгэр шанд багийн ...т нутаглах малчин Ц.Быд ямаа, Б.Цынд хонио тавьж маллуулдаг болох нь 2012 оны 07 дугаар сарын 07-ны өдөр гэрчээр Ц.Б 2012 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр гэртээ байж байтал баруун урд зүгээс гал ороод ирсэн. Манай найз Б.Цын 7 ханатай гэр болоод малын саравч нь шатаж, 423 тооны хонь, ямаа шатсан. Уг хонь, ямаа нь Б.А гэдэг хүнийх. Мал тоолуулахдаа ямаа, үхэр нь миний нэр дээр, адуу хонь нь Б.Цын нэр дээр тоолуулсан, гэрч Б.Ц Чойбалсан сумын Энгэр шанд баг ...ын баруун талд нутаглаж байхад баруун талаас гал түймэр өндөр хурдтай салхины хүч ихтэйгээр орж ирээд манай мал, хашаа саравч, гэрийн эд зүйлсийг шатаасан. Ц.Б манай хоёр нийлээд Б.А гэдэг хүний малыг малладаг. Б.Аынх надад жилийн эцсийн мал тооллогоор малаа тоолуулдаг бөгөөд хонь, адуу нь миний нэр дээр, үхэр ямаа нь Ц.Бы нэр дээр тооллогддог. Шатсан малыг сумаас ирсэн хүмүүс биечлэн ирж харж малыг түүж нүх ухаж хаясан гэсэн мэдүүлэг,

Малчин Ц.Бы 2011 оны малын А дансанд ямаа 573 толгой, 2012 оны тооллогоор 282 толгой ямаа, малчин Б.Цын 2011 оны жилийн эцсийн мал тооллогын А дансанд хонь 514 гэж тоологдсон, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ Б.Ц би өөрөө Чойбалсан сумын харьяат хүн, Б.А миний хүргэн ах аймгийн төвд ажиллаж амьдардаг, анхнаасаа миний нэр дээр малаа тоолуулдаг байсан, малын эмчээр ажиллаж байсан Г.Ц Б.Аын хонь шатсан, тоо толгойг нь мэдэхгүй мал эмнэлгийн мэргэжилтэн Ц.Х Б.Аыг танина, манай суманд мал нь байдаг, одоо ч байгаа. Б.Аын хонь, хурга шатсан. Хичнээн тооны гэдгийг мэдэхгүй гэсэн мэдүүлэг, баримтаар түймэрт өртөж шатаж устсан 423 толгой мал нь Б.Аынх болох нь тогтоогдсон тул тэрээр хохирлоо шаардах эрхтэй. Харин нэхэмжлэлийн шаардлагаас 7 ханатай гэр, диван ор, төмөр ор, гал тогооны шүүгээ, хувцасны модон шүүгээ, модон авдар, орос хулдаас, хашаа саравч, банз шургааг, шон гэсэн хөрөнгө нэхэмжлэгчийнх болох нь гэрчийн мэдүүлэг, бусад баримтаар тогтоогдохгүй байгаа тул хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

5. Шүүх хуралдаанд нэхэмжлэгч нь Хөрөнгийн үнэлгээний Итгэлт Эстимэйт ХХК-иас Б.Аын мал, эд хөрөнгийг үнэлсэн 28,834,467 төгрөгний үнэлгээг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг багасгаж нэхэмжилсэн, шинжээчийн дүгнэлтээр 423 толгой малын үнийг 21,390,420 төгрөг болохыг тогтоосон тул хариуцагч ТЗаас гэм хорын хохиролд 21,390,420 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Ат олгож, 7,444,046 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

6. Иргэдийн төлөөлөгчийн гал тавьсан хүмүүс буруутай, гал түймэр гараагүй байсан бол иргэд хохирол амсахгүй байсан гэж үзэж байна гэсэн дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзэв.

7. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 361,725 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас хангасан үнийн дүнд тооцож улсын тэмдэгтийн хураамжид 264,902 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.

8. Хариуцагаас 2013 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн Дорнод аймаг дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоолийг баримтаар ирүүлсэн нь гэм хор нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй тул дүгнэлт өгөх шаардлагагүй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар хариуцагч ТЗаас 21,390,420 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Ат олгож, үлдэх 7,444,046 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 361,725 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч ТЗаас 264,902 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Ат олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд, нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч нь шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА

 

ШҮҮГЧИД З.ДОРЖНАМЖИН

 

А.САРАНТУЯА