Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 10 сарын 31 өдөр

Дугаар 102/ШШ2023/03901

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

  

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, тоот хаягт оршин суух, Б ургийн овогтой Ц.С,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг,  тоот хаягт оршин суух, Ц ургийн овогтой Ц.Б нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, өөрийн байранд байрлах, “Я” ХХК-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: 4,904,460,665 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Ц.Б, Ц.С,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.С, хариуцагчийн өмгөөлөгч Д.Б, Т.У,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Оюунсайхан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Ц.С, Ц.Б нар хариуцагч “Я” ХХК-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 4,904,460,665 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан байна.

 

1.1.Нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн үндэслэл, агуулга: “Я” ХХК-ийг үүсгэн байгуулагч н.С гэх хүнийг мэднэ. Намайг танилцахаас өмнө миний хамтран нэхэмжлэгч Ц.Б 20 жил гаруй хугацаанд мэддэг байсан. Миний хувьд н.С-ийг 2012 оноос хойш мэддэг буюу ажил төрлийн харилцаатай хүмүүс юм. “Я” ХХК нь зам барилгын үйл ажиллагаа эрхэлдэг компани юм. Өмнө нь бид нарт хүсэлт тавьж, бизнесийнхээ хэрэгцээнд богино хугацаагаар зээл авах буюу иймэрхүү зээлийн харилцаанд олон удаа орж байсан. Тухайн үед Я ХХК нь өөрийн аж ахуйн бололцооноос хамаараад зээлийг бүрэн төлж барагдуулж байсан. Зарим үед дутуу төлж байсан үе байгаа. 2012 онд Чингис хаан боомттой холбоотойгоор тодорхой хэмжээнд том ажил авсан байдаг. Бүтээн байгуулалтад орж байна гэдэг үүднээс мөнгө авсан байдаг. Хугацааны явцад зээлдэгч маань үүргээ биелүүлээгүй учир бид нар Иргэний хулийн 282 дугаар зүйлийн 282.3 дэх хээгт заасны дагуу зээлийн гэрээгээ баримтжуулж 2014 оны 1 дүгээр сарын 08-ны өдөр албан ёсоор байгуулсан. 2014 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хоёр тал зээлийн үлдэгдлээ нийлээд гэрээ байгуулсан. Тухайн үед зээлдэгч “Я” ХХК нь маш том хэмжээний ажил авсан. Энэ ажлаа гүйцэтгэж дууссаныхаа дараа бид хоёрын мөнгийг өгнө гэж хэлсэн. Тухайн үед зээлийн гэрээг урт хугацаанд байгуулсан. Гэвч зээлийн гэрээний хугацаа дууссан. Зээлдэгч төлбөрөө төлөөгүй учир бид нарын зүгээс аргагүйн эрхэнд зээлийн гэрээг сунгасан. Зээлийн гэрээг сунгахад гэрээг бичгээр хийж мөн хоёр тал гарын үсгээ зурж, “Я” ХХК нь өөрийн компанийн тамга тэмдгийг дарж баталгаажуулсан байдаг. Зээлийн хугацаа явах тусам санхүүгийн байдал хүнд байна гэдгээ хариуцагч манайд мэдэгдэж байсан. Иймээс аргагүй нөхцөл байдал үүссэнтэй холбоотойгоор бид нарын зүгээс Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдөр нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийг гаргахдаа гэрээний заалтын дагуу үндсэн зээл, төлөх ёстой хүүгээс хийсэн төлбөрийг хасах мөн хугацаанд байсан тодорхой хэмжээний алданги торгуулийг нэхэмжилсэн. Тухайн үед хариуцагч тал тодорхой шалтгаанаар хэргийг хэлэлцэхэд хойшлуулах хүсэлт тавьж байсан учраас хурал хэлэлцүүлэгдээгүй удсан учир бид нар 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. Ингэж явсаар Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр бид нарын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан. Тухайн үед анхан шатны шүүх гэрээ болон хуулийг зөв тайлбарлаж зөв нотлох баримтыг үнэлсэн гэдэг үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлага зарим хэсэг нь биелсэн боловч бид нарын зүгээс Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаагүй. Хариуцагч тал Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж, дахин хэлэлцье гэж буцаасан байдаг. Бид нарын зүгээс өнгөрсөн хугацаанд зээлийн асуудлаар олон удаа уулзаж, эвлэрүүлэн зуучлагчийг ажиллуулсан. Өөрийн итгэлт түншээс бид нарын зээлийн хохирлыг барагдуулна гэж амласан боловч энэ нь өнөөдрийн байдлаар хэрэгжээгүй байна. Хариуцагч тал нь бид нараас авсан зээлээ хүлээн зөвшөөрдөг. Хуулийн шаардлагаар зээлийг төлөхгүй гэсэн хариуг өгдөг. Бид нарын зүгээс хамгийн сүүлд 2023 оны 08 дугаар сарын 23-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэнд хариуцагч тал хүлээн зөвшөөрөхгүй байна гэсэн хариу тайлбар гаргадаг. Бид нарын зүгээс хариуцагч нь хуулийн бус үндэслэлээр буюу санаатайгаар зайлсхийж байна гэж үзэж байгаа учир шүүгч та шударга иргэн бид хоёрын хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэлж хуулийн зохих заалтыг зөв хэрэглэж, шударга иргэний нэхэмжлэлийг хангаж, хохирлыг барагдуулж өгнө үү гэж хүсэж байна. Өнгөрсөн хугацаанд бид хоёр багагүй хэмжээний сэтгэл санаа болон эд материалын хохирол хүлээсэн байдаг. Энэ мөнгийг бизнесийн үйл ажиллагаа руу оруулсан бол тодорхой хэмжээний орлого ашиг нэмэгдүүлэх бололцоо байсан боловч үүнийгээ алдсан. Иймд бид нар гэрээний заалтын дагуу аргагүйн эрхэнд торгуулийн үнэ нэхэмжилж, нэхэмжлэлийн үнийн дүнг нэмэгдүүлсэн юм. Бид нар нэхэмжлэлийн үнийн дүнг хууль болон гэрээнд заасны дагуу зөв тооцож нэмэгдүүлсэн гэж үзэж байгаа. Иймд үндсэн хариуцагч “Я” ХХК-аас зээл 530,000 ам.доллар, зээлийн хүү 413,595 ам.доллар, алданги 471,392 ам.доллар нийт 1,415,392 ам.доллар буюу 4,904,460,665 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын агуулга: Манай компани анх 2012 оны 5 дугаар сарын 04-ний өдөр Ц.Баас 500,000,000 төгрөг, 2015 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Ц.С-ээс 400,000,000 төгрөг нийт 900,000,000 төгрөгийг аман хэлэлцлээр авч хүүтэйгээр тохиролцсон. 900,000,000 төгрөгийг 2014 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр зээлийн гэрээ байгуулж баталгаажуулсан. Зээлийн гэрээг баталгаажуулахдаа 900,000,000 төгрөгийг тухайн үеийн ханшаар буюу 1,700 төгрөгөөр тооцож, 530 ам.доллар болох юм байна. Зээлийг сарын 1.3 хувиар хүү бодож, зээлийн хугацааг 60 сар хүртэлх хугацаа байна гэж тохиролцсон. 2014 онд хийсэн зээлийн гэрээг 2017 оны 03 дугаар сарын 21-ний өдөр зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан. 2014 оны зээлийн гэрээг хийхэд “Я” ХХК-ийн захирал н.С нь аж ахуйн нэгжийн тамга тэмдгээ дарсан. 2017 он 03 дугаар сарын 21-ний өдрийн зээлийн гэрээг хийхдээ мөн “Я” ХХК-ийн тамга тэмдгийг дарсан. Гэрээг улс орны эдийн засгийн хүндрэлтэй байдал болон ам.доллар өссөнтэй холбоотойгоор зээлдэгч болон зээлдүүлэгчийн хоёр талын эрх ашгийг бодолцон зээлийн гэрээнд дараах өөрчлөлтийг оруулахаар хоёр тал хэлэлцэн тохиролцсон. Үүнд үндсэн зээлийг төлөх ам.долларын ханшийг 1,700 төгрөгөөр тооцож, зээлийн хүүг 1.3 хувиар тооцох, зээлийн хүүг тухайн жилийн дундаж ам.долларын ханшаар тооцох, зээлийн төлбөрт хийсэн төлөлтийг эхлээд үндсэн зээлээс хасаж тооцох, хүүг нь дараа нь төлөх гэсэн 4 зүйлээр тохиролцсон. Нэмэлт өөрчлөлт оруулаад гэрээний хугацаа 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрөөр дуусах байсан. 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрөөр сунгалт хийсэн. Сунгалт хийхдээ 36 сарын хугацаатай үндсэн зээлийн нөхцөлтэй гэж хийсэн. Анх нэхэмжлэл гаргахдаа зээлийн үндсэн гэрээгээр 530,000 ам.доллар зээлдүүлсэн. Бид нар 900,000,000 төгрөг зээлдүүлээгүй гэсэн асуудал яригдсан боловч Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн магадлал болон Баянгол дүүргийн анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэл, шүүх хуралдаан зэргээс Ц.С Ц.Б нар нь 900,000,000 төгрөг зээлсэн юм байна. Түүнийгээ 2014 оны 1 дүгээр сарын 08-ны өдөр баталгаажуулж 530,000 ам.доллар болгосон юм байна. Мөн зээлийн хугацааг сунгасан юм байна гэж дүгнэсэн. Гэхдээ 2017 оны 03 дугаар сарын 21-ний өдөр зээлийн нэмэлт өөрчлөлтөөр мөнгө төлөгдөөгүй, түүнийг Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн магадлалд тодорхой тусгасан байдаг. Манай компанийн зүгээс үндсэн зээл 900,000,000 төгрөгөөс зохих ёсны төлбөр мөнгө болон хүү төлөөд явж байсан. Нэмэгдүүлсэн шаардлага 4,900,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэжээ.

 

3.Хэрэгт нэхэмжлэгчээс Ц.С-ийн иргэний үнэмлэхний нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-ийн5/, Ц.Б-н иргэний үнэмлэхний нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-ийн 6/, Монгол банкнаас зарласан ханшийн лавлагаа /хх-ийн 7/, 2014 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн зээлийн гэрээ /хх-ийн 8-10/, 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн зээлийн гэрээний сунгалт /хх-ийн 11/, Монгол банкнаас зарласан ханшийн лавлагаа /хх-ийн 70/, Монгол банкнаас зарласан ханшийн лавлагаа /хх-ийн 206/ хариуцагчаас “Я” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-ийн 19/, компанийн дүрмийн нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-ийн 20,21/, Ц.С, Ц.Б нарын зээлийн тооцоолол /хх-ийн 30/, 2017 оны 03 дугаар сарын 21-ны өдрийн зээлийн гэрээнд оруулсан нэмэлт өөрчлөлтийн нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-ийн 34/, 2014 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн зээлийн гэрээний нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-ийн 35-37, 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн зээлийн гэрээний сунгалтын нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-ийн 38/, зарлагын баримтуудын нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-ийн 39-41/, 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн төлбөрийн даалгаварын нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-ийн 42/, зарлагын баримтуудын нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-ийн 43-46, 48/, бүртгэлийн дэвтрийн нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-ийн 47, 49/, зарлагын баримтуудын нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-ийн 50-59/, зарлагын баримтуудын нотариатаар баталгаажуулсан хуулбар  /хх-ийн 78-96/, хуулийн этгээдийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчийн тухай лавлагаа /хх-ийн 97/, шүүхээс Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн тэмдэглэл /хх-ийн 153,154/ зэрэг баримтууд нотлох баримтаар бүрдүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэл тогтоогдож байна гэж үзэв.

             

2.Нэхэмжлэгч Ц.С, Ц.Б нар хариуцагч “Я” ХХК-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт зээл 530,000 ам.доллар, зээлийн хүү 413,595 ам.доллар, алданги 471,392 ам.доллар нийт 1,415,392 ам.доллар буюу 4,904,460,665 төгрөг гаргуулахаар нэхэмжилснээс хариуцагч 1,758,471,399 төгрөг төлөхийг зөвшөөрч, үлдэх хэсгийг эс зөвшөөрч маргасан.

 

3.Нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн үндэслэлээ “...Ц.С, Ц.Б нар “Я” ХХК-тай 2014 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр 530,000 ам.долларт зээлийн гэрээ байгуулсан. Гэрээгээр зээлийг сарын 1,3 хувиар хүү бодож, зээлийн хугацааг 60 сар хүртэлх хугацаанд төлөхөөр тохиролцсон. 2019 оны 01 сарын 07-ны өдөр зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж, гэрээний хугацааг 36 сараар сунгасан. ...Харин 2017 оны 03 сарын 21-ний өдрийн Зээлийн гэрээнд оруулсан нэмэлт өөрчлөлт нь хариуцагчтай байгуулсан гэрээ биш учир энэ гэрээнд хамааралгүй. Хувь хүнтэй байгуулсан гэрээ. Тиймээс “Я” ХХК-аас зээлийн гэрээний үүрэгт зээл 530,000 ам.доллар, зээлийн хүү 413,595 ам.доллар, алданги 471,392 ам.доллар нийт 1,415,392 ам.доллар буюу 4,904,460,665 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна” гэж тодорхойлсон.

 

4.Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг татгалзаж буй үндэслэлээ “...Нэхэмжлэгч Ц.Б-аас 900,000,000 төгрөг зээлж авсан. Ц.С-ээс мөнгө аваагүй. Ц.С, Ц.Б нартай 2014 оны 01 сарын 04-нд гэрээ байгуулж, тухайн үеийн ханшаар 530,000 ам.долларт зээлийн гэрээ байгуулсан. Гэрээний хугацаа 60 сар, зээлийн хүү 1.3 хувь гэж тохирсон. 2017 оны 03 сарын 21-ний өдөр зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан. Уг гэрээгээр анх зээлсэн 900,000,000 төгрөгийг хоёр талын эрхийг хангаж, үндсэн зээл 530,000 ам.долларыг төлөхдөө  1 ам.долларын ханшийг 1,700 төгрөгөөр, хүү 1.3 хувиар тухайн жилийн ам.долларын дундаж ханшаар тооцож, төлөлтийг үндсэн зээл, зээлийн хүү гэсэн дарааллаар төлөхөөр тохирсон. 2019 оны 07 сарын 04-ний өдөр гэрээний хугацаа дууссан учир гэрээний хугацааг сунгасан. 900,000,000 төгрөг буюу 530,000 ам.доллароос 593,800,000 төгрөгийг төлсөн. Үлдэгдэл 1,758,471,399 төрөг төлөхийг зөвшөөрч байна. Мөн нэхэмжлэгч Ц.Б нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөлгүй. Нэхэмжлэгч нар хэн нь хэдийг нэхэмжилж байгаа нь тодорхойгүй байна. 900,000,000 төгрөг зээлж авсан.  Ам.доллар аваагүй. Талуудын хооронд үүссэн харилцаа нь зээл олгох харилцаа болохоос зээлийн гэрээний харилцаа биш.” гэж тайлбарласан.

 

5.Нэхэмжлэгч Ц.С, Ц.Б болон хариуцагч “Я” ХХК-ийн хооронд 2014 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр зээлдүүлэгч Ц.С, Ц.Б нар нь 530,000 ам.долларыг сарын 1,3 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай зээлдүүлэх, зээлдэгч “Я” ХХК нь зээл, хүүгийн төлбөрийг тохиролцсоны дагуу төлөх үүргийг тус тус хүлээжээ. /хх-ийн 8-10/

            6.Зохигч талууд “Я” ХХК нь Ц.С, Ц.Бнараас 900,000,000 төгрөгийг авсан, 2014 оны 01 сарын 08-ны өдөр “Зээлийн гэрээ” бичгээр байгуулж, 900,000,000 төгрөгийг тухайн үеийн ам.долларын ханшаар 530,000 ам.долларын зээлд тооцож, сарын 1.3 хувийн хүүгийн хамт 60 сарын хугацаанд буцаан төлөхөөр харилцан тохиролцож уг гэрээг байгуулсан, гэрээний хугацаа 2019 оны 01 сарын 07-ны өдөр дуусахад “Зээлийн гэрээний сунгалт” гэрээг байгуулж, Зээлийн гэрээний хугацааг мөн өдрөөс 36 сараар сунгасан тухайд маргаагүй.

           

7.Талууд 2018 оны 01 сарын 07-ны өдөр 900,000,000 төгрөгийг тухайн үеийн ам.долларын ханшаар 530,000 ам.долларт тооцож, хүүгийн хамт төлөхөөр тохирсон байх бөгөөд гэрээг хэн аль нь хүсэл зоригийнхоо дагуу харилцан тохиролцож, бичгээр байгуулсан тул зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 282.3 дахь хэсгийг зөрчөөгүй, хүчин төгөлдөр байна гэж үзэв.

 

8.Ц.С, Ц.Б болон Л.С нар “Зээлийн гэрээнд оруулсан нэмэлт өөрчлөлт” гэх гэрээг 2017 оны 03 дугаар сарын 21-ний өдөр бичгээр байгуулсан байх бөгөөд уг гэрээгээр 2014 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн зээлийн гэрээгээр зээлж, зээлдүүлсэн 900,000,000 төгрөгийн зээлийн гэрээнд үндсэн зээлийг төлөх ам.долларын ханшийг 1,700 төгрөгөөр тооцож төлөх, зээлийн хүүг банкнуудын ам.долларын зээлийн хүүгийн дундаж ханшаар буюу сарын 1,3 хувиар тооцох, зээлийн хүүг хүү тооцогдсон тухайн жил, жилийн дундаж ам.долларын ханшаар тооцож төлөх, зээлийн төлбөрт хийсэн төлөлтийг эхлээд үндсэн зээлээс хасч тооцох, хүүг дараа нь төлөх, нөхцөлийг харилцан тохиролцсон. /хх-ийн 34/

 

9.Дээрх гэрээнд нэхэмжлэгч Ц.С, Ц.Б, хариуцагч “Я” ХХК-ийн захирал буюу итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд Л.С гарын үсэг зурж, “Я” ХХК тамга тэмдэг дарж баталгаажуулсан байх тул уг гэрээг хувь хүнтэй байгуулсан, 2014 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн зээлийн гэрээнд хамааралгүй хэлцэл гэж үзэх үндэслэлгүй байна.

 

10.Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 6.3-т зээл, хүүгийн төлбөрийг хуваарийн дагуу төлөөгүй бол хэтэрсэн хоног тутам төлөх төлбөрийн 0.1 хувьтай тэнцэх алдангийн тохиролцоо хийгдсэн байна.  

 

11.Иймээс нэхэмжлэгч нар нь хариуцагчаас Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, зээлийн гэрээнд 2017 оны 03 дугаар сарын 21-ний өдөр оруулсан өөрчлөлт, 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр зээлийн гэрээний хугацааг сунгасан хугацааны хүү, алдангийг гэрээ болон хуульд заасны дагуу шаардах эрхтэй.

 

12.Хариуцагч нь нэхэмжлэгч Ц.С мөнгө зээлээгүй гэж тайлбарласан боловч зээлийн гэрээний дагуу зээлийг хариуцагч хүлээн авч, гэрээний талуудад эрх, үүрэг үүссэн. Нэхэмжлэгч Ц.С болон Ц.Б нь Иргэний хуулийн 241 дүгээр зүйлийн 241.1-д зааснаар үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгчээс шаардах эрхтэй бөгөөд тэдгээрийг бүрэн эрх бүхий хамтран үүрэг гүйцэтгүүлэгчид гэж үзнэ. Мөн үүргийг хамтран эсхүл хэн нэг нь хэсэгчлэн, бүхэлд нь шаардах эрхтэй.

 

13.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэлийн бүрдүүлбэрт улсын тэмдэгтийн хураамж төлсөн байх шаардлага тавигдах боловч нэхэмжлэлийг хэд хэдэн этгээд хамтран гаргасан бол аль нэг нь тэмдэгтийн хураамж төлснөөр нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангах бөгөөд энэ нь хуульд заасан шаардах эрхийг үгүйсгэхгүй.

 

14.Мөн зээлийн гэрээг бичгээр байгуулахаас өмнө нь хариуцагч 900,000,000 төгрөгт амраар тохиролцсоны дагуу хүү төлсөн талаар маргаагүй тул үүнийг зээлийн төлбөрөөс хасах үндэслэлгүй. /ХХ-ийн 78-93/

15.Зээлийн гэрээ байгуулагдсанаас хойш нийт 593,800,000 төгрөгийг төлсөн талаар зохигч маргаагүй. Талууд гэрээнд 2017 оны 03 сарын 21-ний өдөр өөрчлөлт оруулсан тул энэ хүртэл хугацааны төлбөрийг үндсэн гэрээний дагуу тооцож, үүнээс хойш хугацаанд гэрээний өөрчлөлтөөр тохиролцсон нөхцөлөөр зээл, зээлийн хүүг тооцно гэх хариуцагчийн тайлбар үндэслэлтэй.

 

16.Энэ талаар хариуцагч талаас гаргасан тооцоолол, болон ам.долларын ханшийн талаараа гаргасан баримтыг үндэслэн гэрээний үүргийг тодорхойлбол төлөгдөөгүй зээл 309,501.36 ам.доллар буюу х 1,700 =526,152,312 төгрөг болно. 309,501.36 /хх-ийн 30-34/

Зээлийн хүүгийн тооцоолол:

2018 он ам.долларын дундаж ханш 2,472.67 төгрөг, тухайн жил дуустал хуримтлагдсан зээлийн хүү 292,144.41 ам.доллар буюу 722,376,719.15 төгрөг,

2019 он оны ам.долларын дундаж ханш 2,663.94 төгрөг, тухайн жилд хуримтлагдсан зээлийн хүү 82,257.75 ам.доллар буюу 219,129,719.60 төгрөг,

2020 он ам.долларын дундаж ханш 2,813.53 төгрөг, тухайн жилд хуримтлагдсан зээлийн хүү 50,796.16 ам.доллар буюу 142,916,521.03 төгрөг,

2021 он оны ам.долларын дундаж ханш 2,849.29 төгрөг, тухайн жилд хуримтлагдсан зээлийн хүү 33,651.35 ам.доллар буюу 95,882,441 төгрөг, зээлийн хүү нийт 458,849.67 ам.доллар буюу 1,180,305,401 төгрөг.  

 

17.Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т зааснаар алданги нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй.

Зээл, зээлийн хүү 1,706,457,713 төгрөг бөгөөд үүнээс тооцсон алданги 50 хувиас хэтэрсэн тул хуульд заасны дагуу  50 хувь 853,228,856 төгрөгийн алданги шаардах эрхтэй. Зээл, зээлийн хүү, алданги нийт 2,559,686,570 төгрөг болно.

 

            18.Иймд хариуцагч “Я” ХХК-аас 2,559,686,570 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.С, Ц.Б нарт олгож, нэхэмжлэлээс үлдэх 2,344,774,095 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь хуульд нийцнэ гэж дүгнэв.

 

19.Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлд заасны дагуу нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 24,680,252 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 12,956,383 төгрөг гаргуулан нэхэмжлэгч нарт олгохоор хуваарилав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.4-т заасны дагуу хариуцагч “Я” ХХК-аас 2,559,686,570 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.С, Ц.Б нарт олгож, нэхэмжлэлээс үлдэх 2,344,774,095 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасны дагуу нэхэмжлэгч Ц.С, Ц.Б нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 24,680,252 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч “Я” ХХК-аас 12,956,383 төгрөг гаргуулан нэхэмжлэгч нарт олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Б.АЗБАЯР