Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 10 сарын 23 өдөр

Дугаар 102/ШШ2023/03785

 

 

 

Баянгол дүүргийн Иргэнийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

  

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, өөрийн байранд байрлах хаягтай, И ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянгол дүүрэг,  тоотод оршин суух, С ургийн овогтой Б Т-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: 9,074,283 төгрөг гаргуулах тухай,

Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: 15,000,000 төгрөг гаргуулах тухай иргэнийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.С,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Оюунсайхан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч И ХХК нь хариуцагч Б.Т д холбогдуулан зээлийн гэрээнийн үүрэгт 9,074,283 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан байна.

 

1.1.Нэхэмжлэлийн үндэслэл, агуулга: И ХХК нь барьцаалан зээлдэх газрын үйлчилгээ үзүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Б.Т тэй 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдөр харилцан тохиролцож барьцаат зээлийн дугаар гэрээг байгуулсан. Б.Т-ийн хувийн хэрэгцээнд 5,000,000 төгрөгийг 12 сарын хугацаатай, 1 сарын 4 хувийн хүүтэйгээр зээлдүүлэхээр харилцан тохиролцсон бөгөөд манай компанийн зүгээс 5,000,000 төгрөгийг Б.Т-ийн данс руу шилжүүлсэн. Б.Т нь барьцаат зээлийн гэрээнийн хуваарийн дагуу төлөх төлбөрөө өнөөдрийг хүртэлх хугацаанд төлөөгүй. Зээлдэгч Б.Т зээлийн гэрээнийн дагуу төлбөрөө төлөөгүй. Б.Т нь гэрээнийн дагуу 2019 оны 09 сарын 05-ны өдөр зээл, зээлийн хүү 623,333 төгрөг төлөх байсан боловч төлөлгүй хугацаа хэтрүүлж, 2019 оны 09 сарын 30-ны өдөр 300,000 төгрөг төлсөн. Үүнээс 15 хоногийн алданги 46,750 төгрөг, хүүгийн төлбөрт 253,250 төгрөгийн тооцсон. 2019 оны 10 сарын 05-аас 2020 оны 04 сарын 05-ны өдөр хүртэл зээл 2,916,669 төгрөг, хүү 946,664 төгрөг нийт 3,863,333 төгрөг төлөх ёстой байсан. Хариуцагч 2020 оны 04 сарын 20-ны өдөр 1,494,000 төгрөг төлсөн. Хугацаа хэтрүүлсэн 183 хоногийн алданги 3,534,950 төгрөг болсон. Төлсөн 1,494,000 төгрөгийг алдангид суутгасан. Иймд үндсэн зээл 5,000,000 төгрөг, хүү 1,368,801 төгрөг, алданги 2,705,482 төгрөг нийт 9,074,283 төгрөг нэхэмжилж байна гэжээ.

 

2.Хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын агуулга: Г.Б гэдэг хүн өөрийн таньдаг барьцаалуулан зээлдүүлэх үйлчилгээ үзүүлэх газар болох И ХХК-аас зээл аваад өгөөч гэсэн хүсэлтийг Б.Т д тавьсан. Б.Т зөвшөөрч туслахаар болж 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдөр И ХХК-тай зээлийн гэрээ байгуулан өөрийн 1908 дугаартай автомашиныг барьцаалан зээлийн гэрээг байгуулж, гэрээнд гарын үсэг зурсан. Гэвч Г.Б нь тухайн зээлийн гэрээнийн дагуу эргэн төлөлт хийгээгүй, зээлийн төлөлт хийнэ гэсэн амлалтдаа хүрээгүй. Зээлдүүлэгчийн зүгээс шүүхэд гаргасан нь гомдолтой байна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

3.Хариуцагч Б.Т нь нэхэмжлэгч И ХХК-д холбогдуулан үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 15,000,000 төгрөг буцаан гаргуулах сөрөг нэхэмжлэл гаргасан байна.

 

3.1.Сөрөг нэхэмжлэлийн үндэслэл, агуулга: Сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй хөрөнгөжсөнийн хувьд 15,000,000 төгрөг гаргуулах байгаа. Г.Б нь өөрийн таньдаг И ХХК-д Б.Т ийн автомашиныг барьцаанд тавьж, зээл авхуулсан. Нэхэмжлэгч И ХХК нь барьцаа хөрөнгийг Б.Т ийн зөвшөөрөлгүйгээр бусдад шилжүүлсэн буюу худалдан борлуулж, үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэж байгаа. Манай зүгээс Приус 20 маркийн, УНД улсын дугаартай, 2007 онд үйлдвэрлэгдсэн, 2015 онд орж ирсэн автомашиныг 15,000,000 төгрөгөөр үнэлсэн. Иймд үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 15,000,000 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулахаар шаардлага гаргасан гэжээ.

 

4.Нэхэмжлэгчийн сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбар, татгалзлын агуулга: 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдөр барьцаат зээлийн гэрээг Б.Т тэй байгуулсан. Барьцаат зээлийн гэрээнийн дагуу барьцаанд хариуцагчийн Приус 20 маркийн автомашиныг барьцаалсан. Тухайн авто машиныг 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдөр фидуцийн гэрээнийн дагуу нэр дээрээ шилжүүлж авсан. 14 хоногийн дараа Б.Т ийн хүсэлтээр уг тээврийн хэрэгслийг н.Б-д шилжүүлж өгсөн. Маргаан бүхийн автомашиныг Б.Т ийн зөвшөөрөлгүй шилжүүлж өгсөн зүйл байхгүй. Хавтаст хэргийн тодорхой баримтаар тогтоогдоно гэж үзэж байгаа. Хариуцагч 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 300,000 төгрөг, 2020 оны 04 дүгээр сарын 20-нд 1,494,000 төгрөгийг төлсөн. Үүнээс харахад И ХХК нь Б.Т ийн тээврийн хэрэгслийг зөвшөөрөлтэй худалдан борлуулсан нь нотлогдож байна. Тэгээгүй бол Б.Т энэ хугацаанд хоёр удаагийн төлөлтийг манай компанид төлсөн юм. Энэ үйл баримтыг анхаарч үзээсэй гэж хүсэж байна. 15,000,000 төгрөгөөр үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэж байгаа бол энэ талаарх нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөх байсан боловч өнөөдрийг хүртэл шүүхэд гаргаж өгөөгүй байна. Тийм учраас сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өнгө үү гэжээ.

 

5.Хэрэгт нэхэмжлэгчээс И ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээнийн нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-ийн 4/, 2019 оны 8 дугаар сарын 5-ны өдрийн барьцаат зээлийн гэрээ /хх-ийн 6-9/, 2019 оны 8 дугаар сарын 5-ны өдрийн шилжүүлгийн баримт /хх-ийн 10/, И ХХК-ийн 2019 оны 8 дугаар сарын 19-нийн өдрийн албан бичиг /хх-ийн 19/, хариуцагчаас Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 35/, шүүхээс Авто тээврийн үндэснийн төвийн 2023 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 314 тоот албан бичиг /хх-ийн 45/, тээврийн хэрэгслийн бүртгэл /хх-ийн 46/ зэрэг баримтууд нотлох баримтаар бүрдүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэл тогтоогдож байна гэж үзэв.

 

2.Нэхэмжлэгч И ХХК нь хариуцагч Б.Т д холбогдуулан зээлийн гэрээнийн үүрэгт 9,074,283 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, нэхэмжлэгч И ХХК-аас үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 15,000,000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 

3.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ ...И ХХК болон Б.Т нарын хооронд 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдөр 190802 дугаартай, Барьцаат зээлийн гэрээ, Эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/ байгуулж, 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдөр зээл 5,000,000 төгрөгийг Б.Т д дансаар шилжүүлэн өгсөн. Зээлдэгч Б.Т зээлийн гэрээнийн дагуу төлбөрөө төлөөгүй. ...Б.Т нь гэрээнийн дагуу 2019 оны 09 сарын 05-ны өдөр зээл, зээлийн хүү 623,333 төгрөг төлөх байсан боловч 15 хоног хугацаа хэтрүүлж, 2019 оны 09 сарын 30-ны өдөр 300,000 төгрөг төлсөн. Үүнээс 15 хоногийн алданги 46,750 төгрөг, хүүгийн төлбөрт 253,250 төгрөгийг тооцсон. 2019 оны 10 сарын 05-аас 2020 оны 04 сарын 05-ны өдөр хүртэл зээл 2,916,669 төгрөг, хүү 946,664 төгрөг нийт 3,863,333 төгрөг төлөх ёстой байсан. Хариуцагч 2020 оны 04 сарын 20-ны өдөр 1,494,000 төгрөг төлсөн. Хугацаа хэтрүүлсэн 183 хоногийн алданги 3,534,950 төгрөг болсон. Төлсөн 1,494,000 төгрөгийг алдангид суутгасан. Иймд үндсэн зээл 5,000,000 төгрөг, хүү 1,368,801 төгрөг, алданги 2,705,482 төгрөг нийт 9,074,283 төгрөг нэхэмжилж байна гэж тодорхойлсон.

 

4.Хариуцагч нэхэмжлэлийг татгалзаж буй үндэслэлээ ...Би Г.Б гэж хүнийн хүсэлтээр И ХХК-аас 2019 оны 08 сарын 05-ны өдөр 5,000,000 төгрөгийг зээлийн гэрээ байгуулан авч Г.Б д өгсөн. Г.Б нь зээлийг өөрөө төлнө гэсэн боловч төлөөгүй. Иймээс нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж тайлбарласан.

 

5.Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ ...И ХХК-тай 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдөр 190802 дугаартай, Барьцаат зээлийн гэрээ, Эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/ байгуулж, өөрийн Приус 20 маркийн, УНД улсын дугаартай, 2007 онд үйлдвэрлэгдсэн, 2015 онд орж ирсэн автомашиныг барьцаалсан. Гэвч автомашиныг минийн зөвшөөрөлгүй Г.Б гэх хүнийн нэр дээр шилжүүлсэн. Би автомашинаа 15,000,000 төгрөгөөр үнэлж байгаа бөгөөд нэхэмжлэгчийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэж машины үнэ 15,000,000 төгрөгийг нэхэмжилсэн гэж тодорхойлсон.

 

6.Нэхэмжлэгч нь хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй татгалзаж байгаа үндэслэлээ ...И ХХК нь Б.Т тэй 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдөр 190802 дугаартай, Барьцаат зээлийн гэрээ, Эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /Фидуци/ байгуулж, Приус 20 маркийн, УНД улсын дугаартай, автомашиныг нэр дээрээ шилжүүлэн авсан. Харин бодитоор ашиглалт нь Б.Т д байсан бөгөөд манайх шилжүүлж аваагүй. Тус автомашины гэрчилгээг Б.Т ийн хүсэлтээр 2019 оны 08 сарын 19-нийн өдөр Г.Б гэх хүнийн нэр дээр шилжүүлсэн. Зөвшөөрөлгүй шилжүүлсэн гэх тайлбар үндэслэлгүй. Учир автомашиныг шилжүүлснээс хойш хариуцагч зээлээ төлж байсан. Хэрэв автомашиныг өөрийнх нь зөвшөөрөлгүй шилжүүлсэн бол зээлээ төлөхгүй байх байсан. Манайд мөн энэ талаар гомдол гаргаж байгаагүй гэж тайлбарласан.

 

7.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн тухайд

 

8.Нэхэмжлэгч И ХХК болон Б.Т нарын хооронд 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдөр дугаартай, Барьцаат зээлийн гэрээ бичгээр байгуулагдсан байна./хх-ийн 6-8/

 

8.1.Иргэнийн хуулийн 286 дугаар зүйлийн 286.1-д барьцаалан зээлдэх газар нь зээлийн гэрээнийн үүргийг хангуулахаар зээлдэгчээс хөдлөх эд хөрөнгийг барьцаанд бариулахыг шаардах эрхтэй гэж, хуулийн 286.2-т барьцаалан зээлдэх газраас олгох зээлийн хүүг талууд тохиролцон тогтооно гэж, 286.5-д хуульд өөрөөр заагаагүй бол барьцаалан зээлдэх газраас олгох зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна гэж заасан. Энэ төрлийн гэрээг талууд байгуулсан бол мөн хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан гэрээнийн эрх, үүрэг үүсэх бөгөөд зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээнийн эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээдэг.

 

8.2.Зохигчдын хооронд байгуулсан 190802 дугаартай Барьцаат зээлийн гэрээ нь Иргэнийн хуулийн 286 дугаар зүйлийн 286.1, 286.2-т заасан шаардлагыг хангасан байх ба талууд хүсэл зоригоо илэрхийлэн хуульд заасан хэлбэрээр гэрээг байгуулсан, зээлдэгчийн өмчлөлд гэрээнийн зүйл болох 5,000,000 төгрөг шилжсэн гэх үйл баримтын талаар зохигчид маргаагүй тул тэдгээрийн хооронд Иргэнийн хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээнийн харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр байна гэж үзэв.

 

8.3.Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээнийн 2.2-т зээлийн хэмжээ 5,000,000 төгрөг, 2.3-т зээлийн хүү 4 хувь, 2.4-т гэрээнийн хугацаа 12 сар, 2.15-д гэрээнийн хугацаа дуусахад үндсэн зээл болон зээлийн хүүгийн төлбөрийг тогтоосон хугацаанд буцаан төлөөгүй тохиолдолд хугацаа дууссан өдрөөс эхлэн хугацаа хэтрүүлсэн хоног тутамд зээлийн нийт үлдэгдлээс 0.5 хувтай тэнцэх хэмжээнийн алдангийг зээлдэгч зээлдүүлэгчид үл маргах журмаар төлнө гэж тусгасан байна.

 

8.4.Гэрээнийн тохиролцоо, Иргэнийн хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасны дагуу нэхэмжлэгч нь хариуцагчаас зээлийг зээлийн хүү хамт төлөхийг, хугацаандаа үүргээ гүйцэтгээгүй бол алданги төлүүлэхээр шаардах эрхтэй.

 

8.5.Харин гэрээнийн 2.16-д заасан алдангийн тохиролцоо нь Иргэнийн хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т заасан гүйцэтгээгүй үүргээс алданги тооцох хуулийн зохицуулалтад нийцэхгүй.

 

8.6.Хариуцагч Б.Т нь зээлийг Г.Б төлөөгүй гэх үндэслэлээр нэхэмжлэгч И ХХК-тай байгуулсан гэрээнийн үүргийг гүйцэтгэхээс татгалзах үндэслэлгүй. Тодруулбал хариуцагч нь нэхэмжлэгчтэй байгуулсан гэрээнийн үүргийг өөрөө хариуцна.

 

9.Зээлдэгч зээл төлөх хуваарийн дагуу 2019 оны 09 сарын 05-ны өдрөөс 2020 оны 08 сарын 05-ны өдөр хүртэл зээл, зээлийн хүүг хуваарийн дагуу төлөх үүрэг хүлээсэн боловч хугацаа хэтрүүлж, 2019 оны 09 сарын 30-ны өдөр 300,000 төгрөг, 2020 оны 04 сарын 20-ны өдөр 1,494,000 төгрөг төлсөн болохыг үгүйсгэж маргаагүй.

 

  9.1.Хэдийгээр нэхэмжлэгч хуульд зааснаар зээл, зээлийн хүүг, алдангийн хамт шаардах эрхтэй боловч хариуцагч 2 удаагийн төлөлтөөр 1,794,000 төгрөг төлснийг зээлдүүлэгч хүү, алдангийн төлбөрт тооцож авсан нь Иргэнийн хуулийн 216 дугаар зүйлийн 216.4-т заасан Үүргийн гүйцэтгэл нь төлөх хугацаа болсон бүх өрийг төлөхөд хүрэлцэхгүй бол тэргүүн ээлжид шүүхийн зардал, дараа нь үндсэн үүрэг, эцэст нь хүүг төлүүлнэ гэх зохицуулалтад нийцэхгүй.

 

9.2.Гэрээнийн хуваарьт төлөлт хожимдуулсан ч төлсөн 1,794,000 төлбөрийг Иргэнийн хуулийн 216 дугаар зүйлийн 216.4-т заасныг баримтлан үндсэн зээлээс хасаж, үлдэх дүнгээс зээл, зээлийн хүү, алдангийг тооцох нь зүйтэй.

Тооцоолол: 2019.09.03-ны өдөр төлсөн 300,000 төгрөг үндсэн зээлээс хасаж, зээл 4,700,000 төгрөг, энэ хугацаанд бодогдсон зээлийн хүү 400,000 төгрөг, 2020.04.20-ны өдөр төлсөн 1,494,000 төгрөгийг үндсэн зээлээс хасаж, үндсэн зээлийн үлдэгдэл 3,206,000 төгрөг, 2019.09.30-2020.4.20 энэ хугацаанд бодогдсон зээлийн хүү 1,350,000 төгрөг, 2020.04.20-2020.08.05-ны өдөр хүртэл бодогдсон зээлийн хүү 448,840 төгрөг буюу 400,000+1,350,000+448,840=2,198,840 зээлийн хүү + зээл 3,206,000 төгрөг= 5,404,840 төгрөг. Алданги гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувь 2,702,420 төгрөг нийт 8,107,260 төгрөг.

 

10.Иймд хариуцагч Б.Т ээс зээлийн гэрээнийн үүрэгт 8,107,260 төгрөг гаргуулан нэхэмжлэгч И ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 967,023 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь хуульд нийцнэ.

 

11.Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн тухайд

 

12.Нэхэмжлэгч И ХХК, хариуцагч Б.Т нар Барьцаат зээлийн гэрээнийн үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх /фидуци/ гэрээг бичгээр байгуулсан байна. /хх-ийн 8-9/

 

13.Талууд дээрх гэрээнийн дагуу зээлдэгч Б.Т ийн өмчлөлийн Тоёота Приус 20 маркийн, УНД улсын дугаартай автомашины эзэмшигчээр зээлдүүлэгч И ХХК Авто тээврийн улсын бүртгэлд бүртгүүлсэн байх бөгөөд Барьцаат зээлийн гэрээнийн 2.1-т тохиролцсон нөхцөлийн дагуу Б.Т ийн автомашинаа өөрөө эзэмшиж, ашиглалтдаа үлдээсэн байна.

 

14.И ХХК нь 2019 оны 08 сарын 19-нийн өдөр 190821 тоот албан бичгээр Авто тээврийн үндэснийн төвд УНД улсын дугаартай Тоёота Приус маркийн автомашины эзэмшигчээр Г.Б ыг бүртгүүлэхээр хүссэн хүсэлт гаргаж, эзэмшигчийг сольж бүртгэсэн үйл баримтад хэн аль нь маргаагүй. /хх-ийн 19/

 

15.Иргэнийн хуулийн 235 дугаар зүйлийн 235.2-т Шилжүүлсэн эд хөрөнгийг үүрэг хүлээгч ашиглах эрхтэй байхаар гэрээнд зааж болно, 235.3-т Гэрээнийн дагуу шилжүүлсэн эд хөрөнгийг үндсэн үүргийг гүйцэтгэх хугацаа болохоос өмнө үүрэг гүйцэтгүүлэгч захиран зарцуулсан бол үүргээ гүйцэтгэсэн үүрэг хүлээгч учирсан хохирлоо шаардах эрхтэй гэж тус тус заасан.

 

15.1.Хариуцагч фидуцийн зүйл болох эд хөрөнгөө буюу автомашинаа өөрөө ашиглаж, эзэмшилдээ байлгаж байсан байх бөгөөд нэхэмжлэгчид гэрээнийн зүйлийг үүргийн гүйцэтгэлд шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байна.

 

15.2.Түүнчлэн 2019 оны 08 сарын 19-нийн өдөр эзэмшигч этгээдийн бүртгэл солигдсоноос хойш зээлийн төлөлт хийсэн, автомашины шилжүүлсэн гэх гомдол гаргаж байгаагүй зэргээс үзвэл нэхэмжлэгч нь хариуцагчийн зөвшөөрөлгүй фидуцийн зүйлийг бусдад шилжүүлсэн гэх хариуцагчийн тайлбар үгүйсгэгдэж байна.

 

16.Иргэнийн хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон бол бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг  уг зүйлийг олж авсан этгээдээс буцаан шаардах эрхтэй.

 

17.Нэхэмжлэгч Авто тээврийн үндэснийн төвд хүсэлт гарган автомашины эзэмшигчийн нэр шилжүүлсэн боловч энэ нь хариуцагчийн зөвшөөрөлгүй автомашиныг шилжүүлэн авсан, бусдад худалдаж үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

 

18.Иймд нэхэмжлэгч И ХХК-д холбогдох 15,000,000 төгрөг гаргуулах тухай хариуцагч Б.Т ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

 

19.Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэсэн тул Иргэнийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлд заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 160,139 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 233,000 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 146,666 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор хуваарилав.

 

Иргэнийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэнийн хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.4-т заасны дагуу хариуцагч Б.Т ээс 8,107,260 төгрөг гаргуулан нэхэмжлэгч И ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 967,023 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэнийн хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасан үндэслэлгүй байх тул нэхэмжлэгч И ХХК-аас 15,000,000 төгрөг гаргуулах тухай хариуцагч Б.Т ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

3.Иргэнийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасны дагуу нэхэмжлэгч И ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 160,139 төгрөг, хариуцагч Б.Тээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 233,000 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 146,666 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

4.Иргэнийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэнийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.АЗБАЯР